Categories
мэдээ улс-төр

5,3 тэрбумын Ноот бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар өнөөдөр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 тэрбум 200 сая төгрөгийн үнийн дүн бүхий “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл Нарийвчилсан зураг боловсруулах төсөл”, мөн 3 тэрбум 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий Төслийн бус буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурлаа.

Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж, байгуулах төслийг хэрэгжүүлснээр олон улсын өндөр стандартын эмнэлгийг түүнд ажиллах өндөр түвшний боловсон хүчний хамт цогцоор нь шийдвэрлэж байгаагаараа онцлог бөгөөд манай улсын иргэд эмнэлгийн өндөр түвшний үйлчилгээг дотооддоо авах боломжтой болно. Уг эмнэлэг баригдсанаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламж Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжихэд учирсан хүндрэл бэрхшээлийг даван туулах, манай орны эдийн засгийн бүтцийг сайжруулах, гадаад худалдааны алдагдлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн байна.

Энэ удаагийн тусламжаар Монгол Улсын ШУТИС-ын харъяа японы “Коосэн” загварын Технологийн Дээд Сургуулийн сургалтад шаардлагатай хичээлийн тоног төхөөрөмж авахаар төлөвлөж байна. Ингэснээр манай улсын инженерийн салбарын шинэчлэлийг түргэтгэх, оюутнуудын сурах нөхцлийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад ач холбогдолтой болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *