Энэ жил Улаанбаатар хотын 92 гудамж цэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт, арчлалт хамгаалалтын ажлыг хийнэ. Энэхүү ажилд 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Хаврын улиас хэлбэржүүлэлтийн ажил гуравдугаар сарын 10-наас эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр дүгээр сарын 1-нээс цэцэг усалж, зүлэгт талбайг самнаж цэвэрлэн, 10-наас мод бут, сөөг, ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарих ажил хийгдэнэ. Хотын гудамж талбайд энэ жил нийт 500-гаад мянган мод сөөг тарихаар төлөвлөж байна. Харин дөрөвдүгээр сарын 20-ноос гудамж талбайн модыг шохойдож, тав дугаар сарын 1-нээс ногоон байгууламжийн хөрсийг ариутгах ажлыг хийсний дараа зургадугаар сарын 1-нээс зүлэг тарьж, 5-наас цэцэг тарих юм. Ойролцоогоор 300-гаад мянган м2 зүлэг, 400-гаад мянган ширхэг цэцэг тарихаар төлөвлөж байна. Зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл хоёр сарын турш зэрлэг ургамлыг устгах ажлыг хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.