Элсэлтийн чанарыг сайжруулах зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилд өмчийн хэлбэр харгалзахгүй их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх үндэсний хэмжээний босго /хэмжээст/ оноог тухайн бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт 400 байхаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарчээ.
Энэхүү босго оноог тогтоохдоо өнгөрсөн жилүүдэд их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлсэн байдалд Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн судалгааг үндэслэсэн байна. Боловсролын үнэлгээний төв нь 2005 оноос хойш улсын хэмжээнд нэгдсэн байдлаар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахдаа үнэлгээний олон улсын туршлагыг хэрэгжүүлж, хэмжээст онооны ойлголтыг оруулж ирсэн бөгөөд түүн дээр үндэслэн элсэгчдийн шалгалтын онооны жагсаалтыг гаргажээ. Босго онооны 50 хувьтай тэнцэх гүйцэтгэл нь 450 оноотой тэнцэж байгаа боловч энэ хичээлийн жилийн хувьд босго онооны хэмжээг тогтоохдоо өнгөрсөн оны элсэлтийн судалгааг үндэслэн 85 хувь нь элсэх боломжтой байхаар тооцож 400 гэсэн босго тоог гаргасан байна. Тодруулбал элсэгч та хийх ёстой ажлынхаа 50 хувийг хийсэн байхад л 400 оноо авч их, дээд сургууль, коллежид элсэх эрхээ олж авлаа гэсэн үг.
Өнөөдрийн практикаас харахад сургуулиуд хэдийгээр элсэлтийн журамдаа босго оноо тавьдагч түүнийгээ мөрддөггүй, чөлөөтэй элсүүлсээр ирсэн. Энэ нь чанаргүй элсэгчдийн тоог жилээс жилд нэмэгдүүлж эргээд нийгэмд дипломтой ажилгүйчүүдийн эгнээг нэмэгдүүлэх сөрөг тал үүсгээд байгаа юм. Тиймээс чанартай мэргэжилтэн бэлтгэх нэг чухал эх сурвалж нь элсэгчдийн чанар сайн байх явдал юм. Ийм нөхцөл байдлыг тооцож үндэсний хэмжээнд босго оноо тавьж, мөрдүүлэх нь зүйтэй гэж БШУЯ-наас үзжээ.
Босго оноог жил бүр шинэчлэн тогтоож болох бөгөөд өмнөх жилийн шалгалтын материалыг харьцуулан судалж, онооны хэмжээг өөрчлөх замаар уян хатан зохицуулалт хийх боломжтой гэдгийг албаны хүмүүс хэлж байна.