Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагийн байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон, үүнээс хамгийн их нь Увс аймгийн Малчин сумын нутгаар 38.0 см, Хяргас сумын нутгаар 34.0 см, Баруунтуруун, Завхан аймгийн Тэс, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаар 30.0 см, Увс аймгийн Давст, Зүүнговь сумын нутгаар 27.0-28.0 см, Завхан аймгийн Баянтэс, Увс аймгийн Сагил сумын нутгаар 25.0-26.0 см, бусад нутгаар хэсгээр 0.0-23.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу үнэлгээ хийхэд 11 аймгийн 41 суманд “цагаан зуд”-ын, 11 аймгийн 48 суманд “цагаанаар зудархуу” нөхцөл байдал үүссэн.
Өнгөрсөн 7 хоногт буюу 12 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрүүдэд Монгол орны нийт нутгаар цас орсноос 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутгаар 8.9 мм, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутгаар 6.0мм, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Бат-Өлзий, Архангай аймгийн Булган, Цэцэрлэг, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Говь-Угтаал, Луус, Говьсүмбэр аймгийн нутаг, Дорноговь аймгийн Хатанбулаг, Хэнтий аймгийн Галшар сумын нутгаар 5.1-5.9 мм цас орсон байна. Мөн 12 дугаар сарын 12,13-ны өдөр говийн аймгуудын нутгаар, 15-ны өдөр зүүн аймгуудын нутгаар, 16-ны өдөр баруун аймгуудын нутгаар салхины хурд 13-15 м/с хүрч, цасан болон явган шуурга шуурсан байна.
Цаашид 18-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутаг /Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баянхонгор аймгийн хойд, Дархан-Уул, Орхон/, говийн аймгуудын нутгийн хойд /Дундговь/, зүүн аймгуудын нутгийн өмнөд /Сүхбаатар/ хэсгээр, 19-ний өдөр Хэнтийн уулархаг нутаг /Хэнтий, Төв/, Дорнод-Дарьгангын тал нутгаар /Дорнод, Сүхбаатар/, 21-ний өдөр баруун аймгуудын ихэнх нутаг /Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай/, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр /Дорнод аймгийн Халхгол/, 22-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн /Завхан/, төв болон говийн аймгуудын нутгийн баруун /Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн баруун/ хэсгээр, 23-ны өдөр Хөвсгөл, Хэнтийн /Хөвсгөл, Хэнтий, Төв/ уулархаг нутгаар, 24-ний өдөр Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 26-ны өдөр нутгийн хойд хэсгээр /Хөвсгөл, Булган, Сэлэнгэ/ цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 18, 19-ний өдөр Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 20-ны өдөр говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.
Энэ сарын 22-ны өдрөөс нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.