“Дуу хөгжмийн Баяраа багш” гэхээр Төв аймгийнхан, Зуунмод сумынхан түүнийг андахгүй. Дуу хөгжимд, бүжигт дуртай, авьяастай хэн боловч Баярсайхан багшийн удирдлага дор дөр сууж урлагийн том тайз руу хөтлүүлдэг. Аймгийн төв дээр болдог урлаг соёлын бүхий л арга хэмжээний тайзны ард энэ л багш олон жил ажиллаж шавь нараа их урлагт хөтөлсөн гавьяатай нэгэн. Урлаг, дуу хөгжим, бүжигт бүхий л насаа зориулж яваа тэрбээр одоо ч олон нийтийн дунд урлаг уран сайхны арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хөтөлж, найруулдаг. Дуу хөгжмийн багш Жамъянсамбуугийн Баярсайхантай ярилцлаа.
-Та ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?
-1980 онд цэргээс халагдаж ирээд аймгийн Соёлын ордонд дагалдан бүжигчнээр ажлын гараагаа эхэлж байлаа. Урлаг соёлын сургууль төгсөлгүйцэргээс халагдаад л шууд Соёлын ордон руу шилжиж билээ.
-Урлагийн авьяас бол ихэнхдээ өвлөгдөж ирдэг. Таны удамд дуу хөгжмийн авьяастай, дуу хууртай хүмүүс байсан нь тодорхой. Ер нь урлагтай амьдралаа холбоход тань юу ихээр нөлөөлсөн байдаг юм бол оо?
-Минийээж дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг хүн байсан. “Бөмбөгөр ногоон” театрт тэр үеийн жүжигчидтэй, Цэнд комиссарт тоглож дуулж, бүжиглэж явсан гэдэг юм. Ээжийн минь тэр авьяас надад өвлөгдөн ирж соёл урлагтайамьдралаа холбоход нөлөөлсөн гэж бодож явдаг даа.
-Хүүхэд бүр багадаа дуучин, бүжигчин байдаг. Цэцэрлэг, сургуульд байхдаа дуулж, бүжиглэдэг байсан хүүхдүүд том болоод өөр мэргэжил эзэмшлээ ч урлагийн хүн хэвээрээ үлддэг юм уу даа гэж анзаарагддаг юм?
-Дуулдаггүй, бүжиглэдэггүйхүүхэд гэж байдаггүй. Том болоод сургууль соёл төгсөөд өөр мэргэжил эзэмшсэн байлаа ч гэсэн авьяас нь уусч алга болно гэж байхгүй. Соёл урлагт дуртай, гоо зүйн мэдрэмжтэй, урлагийн авьяастан хэвээрээ л цааш явдаг.
8Òүрүүч íü I í¿¿ðò8
-Урлаг, дуу, хөгжимд ойр өссөн, урлагаар хүмүүжсэн хүмүүс бусдаас арай л өөр байгаад байдаг шүү?
-Дуу, хөгжим, бүжиг урлагийн амьдралд ойр өсч торнисон хүүхэд өрөвч, зөөлөн хүнлэг ариун сэтгэлтэй, шударга, тусч зан чанартай болж өсдөг. Нийгмийн сөрөг хүчин зүйлтэй эвлэрдэггүй, оюунлаг, соёлч боловсон хүн болон төлөвшдөг гэж боддог юм.
-Дуугаар, бүжгээр хүүхдийн хүмүүжлийг, сэтгэл зүйг, ааш авирыг засдаг гэж сонсож л байсан. Танд ийм сонирхолтой үүх түүх, жишээ олон л байгаа байх даа?
-Дуу, хөгжим, бүжиг бол угаасаа хүүхдүүдийн оюун санаа ухаанд нь асар их үзэл суртал хүмүүжлийн хувь нэмэр оруулдаг зүйл л дээ. Сүүлийн үеийн янз бүрийн урлагийн гаж буруу урсгал Монголд орж ирж, түүнийг дэмжин дэлгэрүүлснээс болж хүүхдүүдийн хүмүүжилд маш муухайгаар нөлөөлж байна. Ганцхан жишээ хэлэхэд хип хоп гээд ёстой урлаг соёл уран сайхныг яргалж тарааж байгааг хараад үнэндээ сэтгэл эмзэглэж харамсаж явдаг даа.
-Гоц гойд хоолой, сонсголтой, бусдаас өөр, төрмөл авьяастай сурагч тантай үе үед таарч л байсан байх. Олон сайн шавь төрүүлсэн гэж таныг ярилцдаг юм билээ. МУГЖ Г.Ариунбаатарыг таны шавь гэж сонссон?
-Дуу хөгжмийн багш бол хүүхдүүдийн авьяасыг нээж хөгжүүлэх цаашдаа урлагийн их зам руу явах үүд хаалгыг нь нээж өгдөг чиглүүлэгчид нь шүү дээ. Багш бол тэр хүүхдийн авьяас билгийн анхан шатны суурийг нь тавьж өгдөг. Хүүхдүүд өөрсдөө цаашаа үргэлжлүүлээд мэргэжлийн сургуульд орж, мэргэжлийн багш нараар хичээл сургуулиа заалгаад суралцаад явдаг. Хүүхдүүдийг тэр нь сайн, энэ нь сайн гэж дүгнэж цэгнэх боломжгүй. Гагцхүү тэр хүүхэд хэр авьяастай, уран чадвартай байх вэ гэдэг нь өөрөөс нь л шалтгаална. Өөрт нэг хувийн авьяас байгаа бол 99 хувийг нь өөрөө уйгагүй хөдөлмөрлөж ажиллаж байж, уран бүтээл хийж байж олж авдаг. Багшилж байхдаа олон сайхан шавьтайгаа олон олон уралдаан тэмцээнүүд, урлаг соёлын арга хэмжээнүүдэд оролцож байлаа. Уртын дуучин Н.Нансалмаа, уртын дуучин Б.Алтанжаргал, Universe best songs – 2013 оны уралдааны шилдэг оролцогч дуучин Б.Эрдэнэбаяр, Бүх цэргийн дуу бүжгийн гоцлол дуучин н.Түвшинжаргал, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Н.Цэндбаяр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Г.Энхнаран, МУГЖ дуучин Г.Ариунбаатар гээд шавь нар маань улс эх орныхоо болон дэлхийн тайзнаа уран бүтээлүүдээ туурвиж яваад багш хүний хувьд баярлаж явдаг даа.
Шавь нараас маань театр чуулгуудад бүжигчин бүжгийн багшаар ажиллаж байгаа нь ч бий. Бүжгийн багш Л.Алтанчимэг , Б.Батсайхан, Д.Отгонтунгалаг, Б.Баярмаа гээд мэргэжлээрээ ажиллаж байгаа шавь нар байна.
1990 онд Аймгийн Хүүхэд Залуучуудын Соёлын төвд ажиллаж байхдаа цэнгээнт бүжгийн “Хүслийн жигүүр” хамтлагийг байгуулж, 1990 оны 12 дугаар сарын 05-нд Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордноос зарласан Латин Америкийн Ламбада бүжгийн улсын анхдугаар уралдаанд “Хүслийн жигүүр” хамтлагаа оролцуулан Улаанбаатар хотын их, дээд сургуулиудын бүжгийн хамтлагууд болон Дархан, Эрдэнэт хотын нийт 44 хамтлагуудас тавдугаар байр эзэлж байлаа. “Хүслийн жигүүр” хамтлаг маань 1990 оноос хойшхи хугацаанд өнөөдрийг хүртэл “Хүслийн жигүүр” 1, 2, 3, 4, 5, 6, 7 хамтлаг болон өргөжин тэлсээр улс аймгуудын чанартай уралдаан тэмцээнүүдэд байнгын дээгүүр байрт шалгаран амжилттай оролцсоор явна.
-Та энэ салбарт нийт хэдэн жил ажиллаад гавьяаны амралтдаа гарсан бэ?
-1980 оноос 2018 он хүртэл соёл урлаг, боловсролын байгууллагад нийт 38 жил ажиллаад 2018 онд тэтгэвэрт гарсан.
-Насаараа багшаар ажилласан хүмүүс хичээлийн шинэ жилийн өдөр, есдүгээр сарын нэгэнд сэтгэл нь хөдөлдөг гэж ярьж байхыг олон сонссон л доо. Таны хувьд бүр ч илүү дурсамжтай байх. Яагаад вэ гэвэл та бүх л баяр ёслол, нээлт, хаалтын ажиллагаа, дурсгалт мөчүүдэд хөгжим, дуу хуурыг нь хариуцдаг хүн шүү дээ?
-Есдүгээр сарын нэгэн бол багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, хүүхэд багачууд эцэг эхчүүд бүх хүний баярын өдөр болдог. Маргааш, хичээлийн шинэ жилийнхээ нээлтэд оролцоно гээд л догдлоод нойргүй шахам хонодог. Тэр тусмаа надад маш том хариуцлага ирдэг. Нээлтийн үеэр хөгжим, техник хэрэгслийг зөв чанартай ажиллуулах, ямар нэгэн алдаа гаргахгүй байх, урлагийн мэндчилгээний номеруудаа сурагчдаараа дуулуулах, бүжиглүүлэх гээд чухал ажил гарч ирдэг.
-Таныг Төв аймгийн театрын тайзнаа “Хилчний уянга” дууг дуулж байхыг нэг удаа сонссон?
-1980 оноос 1990 он хүртэл аймгийнхаа Соёлын ордон, Хөгжимт драмын театрт бүжигчнээр 10 жил ажиллаж байлаа. Энэ том байгууллагад ажиллаад урлаг соёл гэж ямар аугаа гайхамшигтай мэргэжил, алба гэдгийг олж мэдэрсэн. Маш их юм сурсан. Олон арван уран бүтээл тоглолтод оролцож, мэргэжлийн түвшинд хүртлээ ажилласан. Энэ маань надад цаашдаа хүүхэд залуучуудтай, иргэд, хөдөлмөрчидтэй, мөн багшаар ажиллах үндэс суурийн эхлэл болсон гэж боддог юм.
-Ингэхэд таны хөдөлмөр зүтгэлийг төрөөс хэрхэн үнэлэв дээ?
-Урлаг, соёл, боловсролын байгууллагад 38 жил ажилласан. 1999 оны есдүгээр сарын 9-нд МУСТА цол тэмдгээр, 2015 оны дөрөвдүгээр сарын 25-нд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. 2012 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан.
-СТА гэх тэмдэггүйгээр хорвоогоос буцсан алдартай, авьяаслаг дуучин, жүжигчин олон. Уран бүтээлч хүн СТА гэх тэмдэг аваад нулимс дуслуулдаг байсан үе Монголын урлагт байсан. Гэтэл одоо энэ тэмдгийг дуртай нь зүүх болж, ганц хоёр тоглолт хийгээд л Гавьяатын тэмдэг аваад зүүчихдэг болжээ. Энэ байдлыг хэрхэн цэгцлэх ёстой гэж та үздэг вэ?
-Хийсэн, бүтээсэн ажилтай хүнд өгөх ёстой шагналыг нь өгөх цаг хугацаанд нь олгож байх нь зөв болов уу. Шагнал одон медаль бол тухайн хүний хөдөлмөрийг үнэлж байгаа үнэлэмж мөн. Тухайн хүн цаашид улам их ажиллах урам зориг эрч хүчийг авч улс эх орондоо ихийг л бүтээхийг зорино. Урлагийн салбарт хавтгайрсан шагнал өгөөд байгаа юм биш гэж бодож байгаа. Бүх л салбарын ажилдаа амжилт, бүтээл гаргасан хүмүүсийг шагнаж байгаа шүү дээ. Хамгийн гол нь урлагийн хүмүүс гэдэг чинь бүхний нүдэнд танил, амьдрал нь хүртэл ил байдаг болохоор арай илүү шагнал хүртээд байгаа юм шиг харагдаад байгаа болов уу гэж бодох юм. Хүнийг ажил хөдөлмөр хийж амжилт бүтээл гаргаж байгаа үед нь шагнаж урамшуулах нь зөв. 80 хүрсэн хойно нь одон медаль өгөөд яахав дээ, тэр бол үнэ хүндгүй л шагнал.