Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: 04-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 07-нд Хэнтийн уулархаг нутгаар, 08-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 09-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хэсгээр хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 09-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10,11-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -25…-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28….-33 градус, өдөртөө -18….-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна. 10-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 07-нд ялимгүй цас, 11-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 07, 11-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -24…-29 градус, бусад хэсгээр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна. 10-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -29…-34 градус, бусад хэсгээр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ DNN.mn

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд Согоот багийн Устын хоолой гэдэг газар 2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна. Энэ талаар Багануур дүүргийн Онцгой байдлын газарт 2025 оны нэгдүгээр сарын 02-нд 17:05 цагт дуудлага өгчээ.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Sonata” загварын автомашин, “Land Cruiser Prado” загварын автомашинууд мөргөлдсөн байжээ. “Sonata” загварын автомашины жолооч “А” 40 настай, эрэгтэй нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган, Багануур дүүргийн ЯТТ-ийн их эмчид хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монголын 80 тамирчин оролцоно DNN.mn

Хятадын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам 2025 оны хоёрдугаар сарын 7-14 нд зохиогдоно.

Энэ удаагийн наадамд зургаан спортын 11 төрөл 64 зай ангилалд 34 орны баг тамирчид өрсөлдөнө. Монгол Улсаа төлөөлж спортын 9 төрөлд буюу биатлон, тэшүүр, шорт трек, уран гулгалт, кёрлинг, цана, уулын цана, снөүборд гэсэн ангилалд 80 гаруй тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна. Харин хоккейчид энэ удаагийн наадмыг өнжих юм хэмээн Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хувьсал” продакшны “Аминч” киноны гол дүрд реппер ThunderZ тогложээ DNN.mn

“Хувьсал” продакшн дэлгэцийн ес дэх уран бүтээл болох “Аминч” уран сайхны кино гуравдугаар сарын 7-ноос кино театруудаар гарч эхлэхээр болжээ. Уг киноны зохиолыг Бямбасүрэн, Б.Баатар нар хамтран бичсэн бол ерөнхий продюсероор Ц.Анударь, ерөнхий найруулагчаар Г.Бямбасүрэн ажилласан байна. Харин энэхүү уран бүтээлийн гол дүрд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал тогложээ.

Энэ нь реппер ThunderZ Б.Өлзий-Учралын гол дүрд нь тоглосон дэлгэцийн анхны уран бүтээл юм. Тэрээр өмнө“ Хувьсал” продакшны “Ноён эмэгтэй” дууг дуулсан билээ.


Эх сурвалж:www.zms.mn

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэлийг энэ сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна DNN.mn

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв E-Mongolia системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харах боломжтой юм байна. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана DNN.mn

УИХ-ын намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана. Хуульд зааснаар УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдах ёстой.

126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулганаар УИХ 2025 оны төсвөө хоёр удаа хэлэлцэн баталсан. Эхний баталсан төсөв дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээн авсан. Ингэснээр Засгийн газар дахин 2025 оны төсвийг дахин өргөн барьж, УИХ баталсан нь түүхэндээ анх удаа хоёр удаа төсөв баталсан тохиолдолд болов. Үндсэндээ намрын чуулганы ихэнх хугацаанд УИХ төсөв хэлэлцлээ.

Түүнчлэн энэ удаагийн намрын чуулганаар УИХ олон жил гацсан уран болон Гашуунсухай-Ганмодны төмөр замыг холбох ажлыг эхлүүлэх УИХ-ын тогтоолыг баталсан юм. Ингэснээр Засгийн газар дээрх хоёр төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхтэй болсон гэж хэлж болно.

 

Эх сурвалж:www.polit.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ жил 16, 25, 45 нас хүрч буй иргэд иргэний үнэмлэхээ 30 хоногийн дотор сунгуулах ёстой DNN.mn

Иргэд 25, 45 насандаа иргэний үнэмлэхний хугацаагаа сунгуулдаг. Энэ дагуу 2025 онд 16 нас хүрч буй 2009 оны иргэд шинээр иргэний үнэмлэх авна.

Энэ жил 1980, 2000 онд төрсөн буюу 25, 45 настай иргэд үнэмлэхний хугацаагаа сунгуулна. Иргэн та хуульд заасан хугацаанд буюу 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ сунгуулж эсвэл шинээр захиалж аваагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байна DNN.mn

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж гаргадаг зудын эрсдэлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үнэлэхэд нийт нутгийн 40 гаруй хувьд их, 20 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 20 орчим хувьд эрсдэлгүй гарсан байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй.

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын одоогийн байдлыг үнэлэхэд 4 аймгийн 10 сум цагаан зудын, 10 аймгийн 40 сум цагаанаар зудархуу нөхцөлд байгаа юм.

Цаашид буюу энэ нэгдүгээр сарын урьдчилсан мэдээгээр нутгийн төв болон баруун хагаст буюу зудын эрсдэл ихтэй бүс нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, харин зүүн хагаст дунджийн орчим, хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа тул цаашид өвөлжилт улам хүндэрч болзошгүй бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа.

“Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах бөгөөд үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд үүрэг болголоо.

Мөн зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг дэмжиж, шинэлэг шийдэл, инноваци, технологи шингээсэн, стандартад нийцсэн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нийгмийн хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон юм.

 

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт электрон тамхи худалдаалахгүй DNN.mn

Судалгаагаар Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 1120 орчим хүүхэд вэйп буюу электрон тамхийг байнга хэрэглэдэг бөгөөд тэдний 20 хүүхэд нь уушгины өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хяналт шалгалт хийхэд өдөрт 100 гаруй электрон тамхийг тогтмол хураан авч байгаа бөгөөд 2024 онд эцэг эхчүүдээс электрон тамхитай холбоотой 50 гаруй гомдол мэдээлэл сургуулийн захиргаа болон сум, аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлжээ.

Эцэг, эх асран хамгаалагчид, ерөнхий боловсролын сургуулиудын захиргаанаас вэйп буюу электрон тамхийг худалдан борлуулахыг хориглох талаар удаа дараа хүсэлт гаргасан тул аймаг, сумын Засаг даргын Тамгын газраас 27 суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр болон супер маркет, сүлжээ дэлгүүрүүдтэй харилцан зөвшилцөж, вэйп буюу электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй болсон байна.