Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хоногт Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн. Энэ хугацаанд Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр зам, Монгол Улс, Франц улс хамтран хэрэгжүүлэх “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэх шатанд орлоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ярилаа.
Ерөнхий сайдын албан даалгавар гарч дараагийн төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Эдгээрт Газрын тос боловсруулах цогцолбор, Зэс боловсруулах болон Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Гангийн үйлдвэр, Тавантолгойн дулааны станц, Говийг усжуулах төсөл, Атрын IV аяныг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.
Мөн 2025 оныг  “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Богдхан уулын туннель, Туулын хурдны зам, Ган татлагат гүүрийн төслийг хэрэгжүүлэхээр эрэмбэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг “Монгол Улсын гавьяат тамирчин” цол хүртлээ DNn.mn

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын Сургалт хариуцсан ахлах, мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг энэ оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын гавьяат тамирчин” цол, тэмдгээр шагнагдлаа.

Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг нь цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 24 жил тулааны спортоор хичээллэж байгаа Олон улсын хэмжээний мастер, Киокушин Каратегийн Хар бүс 2 дантай тамирчин юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 онд 57.6 сая толгой мал тоологдлоо DNN.mn

Улсын хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоологдлоо.

Малын тоо өмнөх оноос 7.0 сая толгойгоор буюу 10.9 хувиар буурсан байна.

Малын тоог төрлөөр нь авч үзвэл:

Адуу 4.7 сая болж 3.1 хувиар буурсан,

Үхэр 5.1 сая болж 5.2 хувиар буурсан,

Тэмээ 480.6 мянга болж 1.4 хувиар өссөн,

Хонь 24.5 сая болж 16.7 хувиар буурсан,

Ямаа 22.9 сая болж 6.9 хувиар буурсан байна.

2024 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүрэгт:

Хонь 42.5 хувь,

Ямаа 39.8 хувь,

Үхэр 8.8 хувь,

Адуу 8.1 хувь,

Тэмээ 0.8 хувийг тус, тус эзэлж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:

Хөвсгөл аймаг 5.2 сая толгой мал,

Өвөрхангай аймаг 5.1 сая толгой мал,

Төв аймаг 4.2 сая толгой мал,

Архангай аймаг 4.1 сая толгой мал,

Баянхонгор аймаг 4.0 сая толгой мал тоолуулсан байна.

2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Өвөрхангай аймаг хонины тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, 221 тэрбумыг зарцуулахаар болов DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2024.12.30/ ээлжит бус хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж 2500 төгрөг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 6000-6300 төгрөг болгон тогтоосныг Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдлээ.

Энэ онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлснээс гадна үдийн хоол, дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэмж, 221 тэрбум төгрөг зарцуулахаар 2025 оны улсын төсөвт тусгалаа.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлчилгээнд 343,289 сурагч хамрагдаж, дотуур байранд 38,871 хүүхэд амьдарч байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Онгоцны осол олон улсын асуудал болж хувирав DNN.mn

Хуваарийн дагуу нислэг үйлдэж байсан Азербайжаны зорчигч тээврийн “Em­braer 190” онгоц энэ сарын 25-ны лхагва гаригийн өглөө ОХУ-ын Грозный хотын нисэх онгоцны буудалд өтгөн манантай байснаас удаа дараа газардах гэж оролдсон ч чадалгүй Казакстаны Актау хотын нисэх онгоцны буудалд газардах гэж байгаад гурван километрийн зайд осолдсон билээ.

Онгоцонд байсан 67 хүнээс 38 нь нас барж, 29 нь эсэн мэнд үлдсэн юм. Зорчигч тээврийн энэ онгоц Оросын агаарын долгионы эсрэг зэвсгийн нөлөөгөөр Махачкала хотоос Каспийн тэнгисийн дунд хүртэл Грозный хотын нисэх буудлаас бусад газартай холбоо барих ямар ч боломжгүй болсон байжээ. Азербайжаны агаарын тээврийн “AZAL” компанийн төлөөлөгч маргааш өглөө нь “Казахстанд осолдсон манай онгоц гадны нөлөөнөөс болсон” хэмээн мэдэгдэж “Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгч Зулфугар Асадов, Айдан Рахимли нар Грозный дээгүүр нисэх үеэр онгоцны гадна гурван удаа дэлбэрэлт болсныг мэдээлсэн.

Харин Оросууд үүнийг шувууны сүрэгтэй мөргөлдсөн гэж зарласан” гэсэн юм. Бас “Евроньюс” телевизийн суваг “Азербайжаны засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, онгоцны осол Оросын “газар-агаар” ангиллын пуужингийн улмаас болсон байна” гэж мэдээлэв. Ройтерс агентлаг “Азербайжаны “AZAL” компанийн “Embraer 190” онгоцыг Грозный руу ойртож байх үед Оросын агаарын довтолгооноос хамгаалах “Панцер-С” системээр буудсан байна” гэж мэдээлсэн. Мөн Цагаан ордны АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Жон Кирби сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр “АНУ-ын албаны хүмүүс энэ онгоцыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах системээр буудаж унагасан байх магадлалтай гэж үзэж байна. АНУ-ын зүгээс ослын мөрдөн байцаалтад тусламж үзүүлэхээ санал болгосон” гэж хэлсэн. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Азербайжаны иргэний агаарын тээврийн онгоц сүйрсэнтэй холбогдуулан Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев болон Азербайжаны ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Хэрвээ Оросууд Малайзын “MH17” нислэгтэй адил худал мэдээлэл тарааж байгаа бол бид үнэнийг олж тогтоохын тулд Москвад олон улсын хамтын шахалт үзүүлж, буруутай этгээдүүдийг шүүхэд өгөх хэрэгтэй” гэж мэдэгдсэн. Эдгээр мэдээллийн дараа Азербайжаны эрх баригчдыг төлөөлж, Дижитал хөгжил, тээврийн сайд Рашад Набиев “Баку-Грозный чиглэлд ниссэн Азербайжаны агаарын тээврийн “AZAL” компаний зорчигч тээврийн онгоц Казахстанд сүйрснийг эхлээд онгоц шувууны сүрэгтэй мөргөлдсөн гэж үзэж байсан ч онгоцны үлдэгдэл, амьд үлдсэн гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нь уг онгоц гадны нөлөөтэй сөнөсөн болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын явцад энэ хөндлөнгийн нөлөө ямар зэвсгээр хийгдсэн болохыг тогтооно. Оросын Грозный хотын орчим дэлбэрэлт болж онгоц гэмтсэн байна. Энэ үеэр шархадсан зорчигчид болон амьд үлдсэн онгоцны үйлчлэгчид дэлбэрэлт болсныг нотолсон. Онгоцны үйлчлэгч нарын нэг нь энэ үеэр гартаа шарх авсан байна. Мөн олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан видео бичлэгээс харахад бас нэгэн эмэгтэй зорчигчийн гар, хөл шархадсан байна. Мөн гадна талд болсон дэлбэрэлтээс үүдэж уг онгоцны их биед янз бүрийн хэмжээтэй нүхнүүд үүссэн байна. Иймээс Ростов хотын диспетчер уг онгоцонд хүчилтөрөгчийн баллон дэлбэрсэн тухай мэдээлэл ямар учраас тараасныг бид юуны түрүүнд шалгах шаардлагатай гэж үзэж байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл энэхүү эмгэнэлт явдлын гурав дахь өдөр буюу энэ сарын 28-ны бямба гаригт Кремлийн цахим хуудсанд Путин Азербайжаны ерөнхийлөгч нарын ярианы тухай мэдээлэл гарч “Хуваарийн дагуу нисэж байсан Азербайжаны зорчигч тээврийн онгоц Грозный хотын нисэх онгоцны буудалд удаа дараа газардах гэж оролдсон. Энэ үед Грозный, Моздок, Владикавказ хотууд Украины байлдааны дроны довтолгоонд өртөж, Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд эдгээр довтолгоог няцаасан. Энэ нь манай агаарын довтолгооноос хамгаалах хүчин болон Азербайжаны нисэх онгоцны сүйрлийн хооронд шууд холбоо байна гэсэн үг биш юм” гэж бичжээ. Харин Кремлийн хэвлэлийн алба “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиеваас Оросын агаарын орон зайд эмгэнэлт явдал болсонд уучлалт гуйсан. Тэрээр Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчний ажлыг дурдсан боловч энэ нь нисэх онгоц сүйрсэн шалтгаан болсныг хүлээн зөвшөөрөөгүй байна. Үүний дараа ерөнхийлөгч Путин Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай утсаар ярьсан. Болсон явдлын бүх нарийн ширийнийг судалж буй Казахстаны Засгийн газрын комисс ослын газраас олдсон нислэгийн бичлэгийн кодыг тайлахад Орос, Азербайжан, Бразилийн мэргэжилтнүүдийг оролцуулж байгаа бөгөөд Казахстаны нутаг дэвсгэр дээр хийгдэх энэ ажил бодитой, ил тод байх болно гэж мэдэгдэв” гэж мэдээлэв. Тэгвэл Азербайжаны ерөнхийлөгчийн хэвлэлийн алба “Ерөнхийлөгч Алиев энэхүү ярианы үеэр Азербайжаны агаарын тээврийн онгоцны их биед олон цоорхой үүссэн байна. Зорчигчид болон багийн гишүүд гадны дэлбэрэлтийн хэлтэрхийнүүдээс болж онгоц гэмтсэн болохыг баталж байна. Зөвхөн нисгэгчдийн эр зориг, мэргэжлийн ур чадварын ачаар уг онгоц буулт хийж чадсан. Азербайжаны санаачилгаар “Em­braer190” зорчигч тээврийн онгоцны ослыг мөрдөн шалгах олон улсын шинжээчдийн бүлэг байгуулагдсан. Тэд аль хэдийнэ ажилдаа орсон гэж Путинд хэлсэн” гэж мэдээлжээ. Энэхүү Кремлийн мэдэгдлийн дараа Их Британийн Гадаад хэргийн яам “Ерөнхийлөгч Путины мэдэгдэл Оросын төрийн бодлогогүй, хариуцлагагүй үйлдэл бусад улсын ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд асар том бөгөөд шууд аюул учруулж байгааг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Иймээс бид энэ явдалд олон улсын бүрэн, хараат бус мөрдөн шалгалт хийхийг уриалж байна” гэж мэдэгдэв. Ийнхүү Кремль “Азербайжаны зорчигч тээврийн онгоцыг Украины дрон сөнөөсөн” гэж хэлэхийн тулд уг онгоцыг агаарт устгах гэж гурван удаа буудсан ч амжилт олоогүй учир өөрийн гэмт хэргийг нуухын тулд ойр байсан буудлуудад буулгалгүй хаа байсан Казакстан руу нисгэж, энэ онгоцыг Каспийн тэнгист унагах гэж оролдсон нь тодорхой болов. Хэрэв энэ онгоц Оросын нутагт сөнөж, бүх зорчигчид нь амь үрэгдсэн бол Кремлийн эрх баригчид Евгений Пригожин тэргүүнтэй “Вагнер”-ын удирдагчдын онгоц шиг тэр дор нь юу ч үлдээхгүй, цэвэрлэх байсан биз ээ. Үүнийхээ дараа тэд “Бид юу гэж өөрийн иргэдийн сууж явсан онгоцыг сөнөөх билээ” гэх байв. Учир нь Кремль урьд нь “Бид юу гэж өөрсдийн иргэдийн орон сууцыг дэлбэлэх билээ. Чеченьчүүд л дэлбэлсэн байж таарна” хэмээн Чечень рүү дайрч, “Бид мэдэж байсан бол иргэдийнхээ эсрэг хийх террорист ажиллагааг таслан зогсоох ёстой биз дээ” гэж нэг бус удаа болсон халдлагын дараа Путины эрх мэдлийг улам нэмэгдүүлж, ардчиллыг хумьж ирсэн билээ. Энэ осолтой холбогдуулан гадны агаарын тээврийн компаниуд ОХУ-ын чиглэлд нислэг үйлдэхээ зогсоож эхлэв. Азербайжаны агаарын тээврийн “AZAL” компани Оросын найман хот руу нислэг үйлдэхгүй болов. Мөн Казахстаны “Qazaq Air” агаарын тээврийн компани Астана-Екатеринбург чиглэлийн нислэгээ нэг сараар зогсоож, үүнийгээ “эрсдэлийн үнэлгээ” гэж тайлбарлав.

Мөн Туркменистаны агаарын тээврийн “Туркменистан” компани энэ сарын 30-наас эхлэн Ашхабад-Москва-Ашхабад чиглэлийн ээлжит нислэгээ ямар ч тайлбаргүйгээр сарын турш цуцалжээ.

Мөн Израилийн “El Al” болон АНЭУ-ын “Flydubai” агаарын тээврийн компаниуд Орос руу нислэг үйлдэхээ зогсоож буйгаа зарлав. Эцэст нь Азербайжаны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Айхан Хажизаде “ОХУ-ын иргэдийг тус улсад визгүй зорчих журамд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна” гэж мэдэгдэв. Харин манай МИАТ яах бол, Европын нислэг орос улсын дээгүүр явагддаг цөөхөн улсын нэг. Азиас Хятад манайх хоёр л Орос дээгүүр явж байгаа байх. Ер нь эрсдэлтэй гэдэг нь мэдэгдээд л байна. Бага Азиар явсан нь хамаагүй дээр бололтой харагдаад удаж байгаа. Улаанбаатараас нисээд Шинжаан Казахстан гээд урдуур ниссээр Европт буумаар харагддаг юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ерөнхийлөгч шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа хүртээж, баяр хүргэлээ. 

  • Уламжлалт анагаах ухааны салбарт хэрэглэж байгаа ургамал, амьтан, эрдсийн түүхий эдээс шинэ эмийн бэлдмэл гарган авах технологи боловсруулах, уламжлалт эм найрлагын шинжлэх ухааны мөн чанарыг тогтоох, эмийн шинэ эх үүсвэрийг эрэлхийлсэн судалгааны ажил гүйцэтгэж, хүдрийн заарын түүхий эд, уламжлалт Ноцог-6, технологийн шинэчлэл бүхий Халифорте, Колсаурин эмийн технологийн судалгаа хийж, инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон чанар, аюулгүй байдлыг судлан тогтоож эмнэлзүйн практикт нэвтрүүлэн, эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмэр оруулсан Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Уртнасангийн Мядагбадам,
  • Монгол оронд газрын гүний дулааны нөөцийг үнэлэх, хэрэглээнд нэвтрүүлэх судалгааг анх удаа цахилгаан соронзон онолын арга зүй, практик хэмжилтийн шинэлэг технологиудыг хослуулан гүйцэтгэж, галт уулын бүс нутагт геотермаль системийн гүний тогтоцыг тодорхойлсон геосудлалын шинэ үр дүн гаргаж, газрын ховор элемент, газрын тос болон ашигт малтмалын ордуудын геофизикийн хайгуулын шинэлэг арга зүйг эх орондоо хөгжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлж, геофизикийн салбарт бодит хувь нэмэр оруулсан ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн соронзон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Эрдэнэчимэгийн Батмагнай,
  • Анагаах ухааны салбарт хэрэглэдэг эм, эмийн бүтээгдэхүүн, түүний эмчилгээний үр нөлөө, өвчний эмгэг жамын механизмыг тайлж шинэ эмчилгээний арга, аргачлал боловсруулахад нөлөө бүхий суурь судалгааны чиглэлүүдийн нэг хэсэг болох яс болон мэдрэлийн эдийн эмгэгүүдийн шалтгааныг тогтоох чиглэлээр үр дүнтэй судалгаа хийж, олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд 10 гаруй бүтээл хэвлүүлж, бүтээлүүд нь олон улсад 230 удаа эшлэгдэн, судлаачийн чансааг илэрхийлэх h-index нь 8-д хүрсэн амжилт үзүүлсэн АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн физиологийн тэнхимийн багш, доктор Эрхэмбаатарын Мөнхсоёл нар шилдэг залуу эрдэмтэнд олгох Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг залуу эрдэмтэд болон тэдний гэр бүл, хамт олонд амжилт хүсэж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын мэндийг хүргэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Categories
мэдээ нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана DNN.mn

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням алба хаагчдад баяр амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх үеийн бэлтгэл бэлэн байдал, аюулгүй ажиллагааг хангах талаар үүрэг чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баярын өдрүүдэд ажиллах зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарь DNN.mn

Шинэ жилийн баярын өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллаж, амрах цагийн хуваарийн мэдээллийг хүргэж байна.

Нарантуул зах

12-р сарын 31-нд амрахгүй. 1-р сарын 1-3-нд амарч, 4-нөөс хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

Амгалан зах

12-р сарын 30,31-нд 10-20 цагийн хооронд ажиллана. 1-р сарын 1, 2-нд амарч, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.

Баянзүрх зах

12-р сарын 31, 1-р сарын 1, 2-нд амраад, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.

Нарантуул-2

Ердийн хуваарийн дагуу ажиллана

Сандэй худалдааны төв

1-р сарын 1, 2-нд амраад, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.

Хархорин зах

1-р сарын 1-нд амраад, 2-ноос ердийн хуваарийн дагуу ажиллана.

Хүчитшонхор зах

1-р сарын 1,2-нд амраад, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.

Шинэ Баянзүрх худалдааны төв

1-р сарын 1, 2-нд амраад, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.

Баялаг ундраа худалдааны төв

1-р сарын 1-3 хүртэл амраад, 4-нөөс хэвийн ажиллана.

Дүнжингарав худалдааны төв

12-р сарын 31-нд 10-16 цагийн хооронд ажиллана. 1-р сарын 1, 2-нд амраад, 3-наас хэвийн ажиллаж эхэлнэ.

Алтжин Бөмбөгөр

12-р сарын 31-нд 10-18 цагийн хооронд ажиллана. 1-р сарын 1-нд амраад, 2-ноос хэвийн ажиллана.

Шинэ Бөмбөгөр

1-р сарын 1, 2-нд амраад, 3-наас хэвийн ажиллана.

“И-март”-ын салбарууд

12-р сарын 31-нд 9-21 цагийн хооронд

1-р сарын 1-нд 12-21 цагийн хооронд ажиллана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бага насны хүүхдийн ойр орчимд ил гал, цахилгаан хэрэгслийг орхихгүй байхыг зөвлөж байна DNN.mn

Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан гэр, орон байрандаа цахилгааны аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг асран хамгаалагчтай байлгаж хараа хяналтаа сайжруулаарай.

Сүлд модны гэрлэн чимэглэлийг удаан хугацаагаар асаахгүй байх

Цахилгааны хязгаарлалт хийгдэж байгаа тул цахилгааны хэрэгслийг хүчдэлээс салгаж, шалгаж байх

Нэг залгуурт олон төрлийн цахилгааны хэрэгсэл залгахгүй байх

Бага насны хүүхдийн ойр орчимд ил гал, цахилгаан хэрэгслийг орхихгүй байхыг зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

БНСУ-д долоо хоногийн турш гашуудал зарлалаа DNN.mn

Өмнөд Солонгосын Чэжү Эйр компанийн Боинг 737-800 загварын зорчигч тээврийн онгоц өчигдөр өглөө улсын өмнөд эргийн Муаны олон улсын нисэх буудал дээр осолдож, харамсалтай үйл явдал боллоо. Тус компанийн 2216 дугаар нислэгийг үйлдсэн онгоцон дотор нислэгийн багийн зургаан гишүүн, 175 зорчигчийн хамт 181 хүн байсан. Онгоц нисэх буудалд газардахдаа дугуйгаа гаргаж чадалгүй элгээрээ гулсаж, нисэх буудлын хамгаалалтын хана хашаа мөргөж улмаар дэлбэрч осолдсон.

Осол гарсны дараа хоёр хүнийг аварсан ч үлдсэн 179 хүн амь насаа алдсан нь тодорхой боллоо. Ослын үеэр аврагдсан хоёр хүн 25, 33 настай онгоцны үйлчлэгчид байна.

Зорчигчдын 173 нь Өмнөд Солонгосын иргэд байсан бол Тайландын хоёр иргэн байжээ. Хамгийн бага нь гурван настай хүүхэд, хамгийн ахмад нь 78 настай байсан. Бусад зорчигчид ихэнх нь 40, 50, 60 насны хүмүүс байжээ.

Өмнөд Солонгос улс даяар өчигдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай гашуудал зарлалаа. Уг осол гарахаас өмнөхөн Өмнөд Солонгос улсад улс төрд огцом эргэлт гарч Ерөнхийлөгч байсан Юн Сок Ёл болон түүний оронд Ерөнхийлөгчийн үүргийг 14 хоног гүйцэтгэсэн Ерөнхий сайд асан Хан Дак Сү нар шалгагдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа. Ердөө өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Эдийн засаг, сангийн сайд Чой Сан Мок өчигдөр ослын газарт очсон байна. Тэрээр хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.