Categories
мэдээ спорт цаг-үе

Ц.Цогбадрах ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ DNN.mn

Албани улсын Тирана хотноо чөлөөт, сонгомол бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 61 кг-д өрсөлдсөн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Цогбадрах хүрэл медаль хүртлээ.

Монгол Улсын шигшээ баг тамирчид энэ тэмцээнийг 1 мөнгө, 1 хүрэл медаль, 2 тамирчин шагналт тавдугаар байрын эзэн болж өндөрлүүлж байна гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийгмийн сэтгэл судлаач Н.Оюундалай: Хүмүүс сэтгэлгээний хэт их доройтолд орсон учраас нийгэм бухимдалтай байна DNN.mn

Боловсрол, сэтгэл судлалын академийн захирал, нийгмийн сэтгэл судлаач Н.Оюундалайтай ярилцлаа.


-Нийгмийн сэтгэл судлал гэж юуг хэлдэг вэ?

-Нийгмийн сэтгэл судлал бол сэтгэл судлалын шинжлэх ухаан, социологийн шинжлэх ухаанаас салбарлан бий болсон биеэ даасан шинжлэх ухаан юм. Улс орнуудын нийгмийн уур амьсгалын өөрчлөлт нь энэхүү шинжлэх ухааны үүслийн суурь болсон. Тухайлбал, Дэлхийн нэг болон хоёдугаар дайны жилүүд, АНУ-ын их хямралын жилийн, улс орон бүрд л бий болоод байсан хэлмэгдүүлэлт, өлсгөлөн, ядуурал, баялгийн тэгш бус хуваарилалт гэх мэт олон хүчин зүйлсийг дурдаж болно. Нийгмийн сэтгэл судлал бол хүмүүсийн бодол санаа ямар байгаа, тэд бие биедээ хэрхэн нөлөөлж буй байдал, мөн бие биедээ хэрхэн ханддагийг шинжлэх ухааны үүднээс судалдаг шинжлэх ухаан юм.

Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэл судлал нь хувь хүмүүсийн ялгаатай байдал, хувь хүмүүсийн үнэлгээ, үнэлэмж, нийгэм ахуйн нөхцөл байдал эдгээр нь хүмүүсийн зан үйлд хэрхэн яаж нөлөөлж буйг олж илрүүлээд засаж сайжруулах арга ухааныг бий болгодог.

-Нийгэм их бухимдалтай байна гэж хүмүүс ярьдаг. Үүнийг хэрхэн тодорхойлдог юм бэ?

-Тийм ээ, нийгэм их бухимдалтай байна. Энэ бол их өргөн хүрээний асуудал юм. Яг одоо бид нийгмийн бухимдлын талаар яривал дуусашгүй их хугацаа орно. Нийгмийн бухимдлыг тодорхойлох, ил болгох олон арга аргачлал байна. Энэ нь ил тод шүү дээ. Нийгмийн стресс, байгууллагын стресс, гэр бүлийн стрессийн түвшинг тодорхойлоод байна л даа. Одоо бид манай нийгмийн стрессийн түвшин ямар байгааг бүхий л судлаач, хэн бүхэн ойлгож байгаа. Массын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй болжээ. Үүнийг л эерэг болгох үүднээс манай байгууллага 10 гаруй жил иргэдийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж, олон нийгмийн сэтгэл судлаачийг мэргэшүүлэн сургаж байна. Иргэдийг соён гэгээрүүлэх ажил өнөөдөр их дутагдалтай байна. Хүмүүсийн танин мэдэхүйн хөгжил нэлээд хаалттай байна. Зарим нэгэн иргэд маань юм мэдэхгүйгээсээ болж амьдралдаа алдаа гаргах, боломжоо олж харахгүй байх, өөрийн үнэлэмж бага байх зэргээс л бухимдал үүсээд байгаа юм.

-Нийгмээс авсан бухимдлаа гэр бүлдээ гаргадаг асуудал бий. Тэгэхээр энэ нь эргээд гэр бүлийн уур амьсгал, харилцаанд нөлөөлдөг байх.

-Тэгэлгүй яахав. Байгууллага хамт олны сөрөг уур амьсгал, найз нөхдийн сөрөг харилцаа хандлага гээд олон зүйл хувь хүний зан чанарт хүчтэй нөлөөлж байдаг. Гаднаас орж ирээд л гэр бүлийн хэн нэгэндээ байж боломгүй, зохисгүй харилцаа үүсгэдэг. Гэр бүлийн харилцааны олон асуудалд нийгмийн сэтгэл зүйн уур амьсгал хүчтэй нөлөөлж байгаагийн илэрхийллийн нэг жишээ энэ. Улс орон, нийгмийн зорилго нь юу юм бэ. Ердөө л эрүүл нийгмийг байгуулахад оршиж байгаа. Гэтэл одоогоор эрүүл бус нийгмийг байгуулчихаад үүнээсээ гарч чадахгүй сандарч тэвдээд байгаа ажиглагддаг. Тэгвэл эрүүл нийгэм гэж юуг хэлдэг юм бэ. Эрүүл нийгэм бол эдийн засгийн хямралгүй, нийгмийн гаж үзэгдэлгүй, нийгэм, улс төрийн байдал нь тогтвортой, иргэдийн олонхынх нь сэтгэл санаа амар амгалан байх. Хамгийн гол нь хүн ам нь эрүүл энх байхыг л хэлээд байгаа.

-Иргэдийг нийтээр нь бухимдуулаад байгаа өнөөгийн гол хүчин зүйл юу вэ. Замын түгжрэл, утаа зэрэг мөн үү?

-Миний бодлоор бол замын түгжрэл, утааны асуудал үүнд орно. Гэхдээ иргэдийн массын хэрэгцээ дутмаг байна. Сэтгэлгээний хэт их доройтолд орсон байна. Энэ нь улс орны ядууралтай холбоотой. Материаллаг баялгийн ядуурлаас илүүтэй сэтгэлгээний ядууралд их оржээ гэж харж байна. Оюун ухаан болон сэтгэлгээний ядуурал хэрээс хэтэрсэн. Үүнийг л арилгах гэж бид нийгмийн хөгжилд нэмэр болох үүднээс хандаад байгаа юм. Улс орныг ядуурлаас гаргах нэг том алхам бол яах аргагүй боловсролын шинэчлэл юм шүү. Манай боловсролд олон ч шинэчлэл хийлээ. Олон ч төсөл хэрэгжүүлэх гэж оролдсон, оролдсоор л байх юм. Харамсалтай нь үүний үр дүн яагаад гарахгүй байна вэ гэдгийг л судлаачид маань анхаарах хэрэгтэй. Эрс өөрчлөлт, ялангуяа чанарын өөрчлөлт хийх цаг нь аль эрт болсон.

-Олон улсад нийгмийн сэтгэл зүйг хэрхэн яаж үнэлж дүгнэдэг вэ?

-Өнөөдөр олон улс яг үүн дээр анхаарлаа хандуулж байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн дорвитой эерэг өөрчлөлт хувь хүний хөгжилд эерэгээр нөлөөлнө. Өнөөдөр олон улс орон нийгмийн хөгжлийн явц зогсонги байдалд орсон. Удаашралтай, буруу голдирол руу орсныг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн хөгжлийн гаж тогтолцооноос залхаж эхэлсэн. Одоо иргэдээ хөгжүүлж, боловсролд онцгойлон анхаармаар байна. Тэгэхээр нийгмийн сэтгэл зүйг судлаач бид үнэлбэл их л сул үнэлгээ тавина. Үүнийг өөрчлөх нэг гарц нь бидний хийгээд байгаа иргэдийг соён гэгээрүүлэх ажил юм шүү дээ.

-Тэгвэл нийгмийн стресс бухимдал эцсийн дүндээ ямар үр дүнд хүргэх вэ?

-Энэ чигээрээ төрийн нэгдсэн бодлогогүй, эмх цэгцгүй, зарчимгүй байгаад л байх юм бол дээр ярьсан эрүүл бус нийгмээ байгуулаад иргэд нь харанхуй бүдүүлэг, арчаагүй, сул дорой болж мөхөлд хүрнэ. Манайхан хэт ашгийн төлөө яваад байгаа нь энэ шүү дээ. Бидний өвөг дээдсийн эрхэм чанар алдагдаж, улс орноо тонон дээрэмдээд, ард иргэдээ үгүйрүүлэн хоосруулаад байгаа нь эмгэнэл. Энэ бүхнээс залхаж байгаа олон залуус минь сайн сайхан нийгмээ байгуулна гэдэг ойлголтоо умартаад харь орон руу боолын хөдөлмөр хийгээд ч хамаагүй амьдаръя гээд явж байна. Тэднийг буруутгах арга алга.

-Энэ байдлаас хэрхэн сэргийлэх вэ?

-Бид хувь хүний хөгжил, эрүүл мэндийн хөгжил, бие бялдрын хөгжил, нийгмийн хөгжил, улс төрийн хөгжил гээд маш олон хөгжил яриад л байгаа. Гэхдээ энэ бүхэнд өнөөдөр ухамсрын хөгжил яригдахгүй байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Ухамсрын хөгжил гэсэн сургалт байна уу. Алсын хараатай, нийгмийн сайн сайхныхаа төлөө ажиллаж байгаа олон залуус байна. Эдгээрийг дэмжих төрийн цэгцтэй бодлого үнэхээр үгүйлэгдэж байна. Хүний ухамсар сайжрах тусам алсын хараа сайжирч, цэгцтэй бодож тунгааж, өөрийгөө болон бусдыг үнэлж, хөгжинө, сэтгэнэ, төлөвлөнө. Ийм л иргэдийг бий болгох нь бидний зорилго. Энэ бүхнийг өөрчлөхийн төлөө манай Боловсрол сэтгэл судлалын академи төгсөгчдөөсөө бүрдсэн нийгмийн сэтгэл судлаачдын холбоог өнгөрсөн хавар байгуулсан. Мөн 21 аймагт салбар холбоогоо байгуулан ажиллаж байна. Иргэдийн ухамсар сэргэсэн цагт л амьдралын чанар өөрчлөгдөнө.

-Нийгмийг бухимдал, стресстэй байлгах нь улстөрчид, улс төрийн намд ашигтай байдаг уу?

-Энэ чинь бидний доройтлыг батлаад байна. Энэ олон намууд чинь хүмүүсийн хэрэгцээн дээр нь тоглолт хийгээд байгааг харж байгаа биз дээ. Тиймээс улстөрчид, намууд ч мөн улс орноо манлайлъя, удирдъя гэж л байгаа бол өөрсдөө нийгмийн сэтгэл судлаачаар мэргэшин суралцаж, сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй. Манай академийн уриа болон биднийг урагш тэмүүлэхэд ташуур болж байдаг их эзэн Чингэс хааны хэлсэн үг байдаг. Тэр бол “Улсаа аваръя гэвэл үндсээ авар, Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авар” гэсэн үг. Энэ үгийн мөн чанарыг төрд суусан түшээд минь ойлгон ухамсарлах хэрэгтэй. Манай нийгмийн ирээдүйг гэрэл гэгээтэй болгоход хүн бүрийн хичээл зүтгэл, шударга байх, хүндэтгэл, хайр, найдвартай байдал зэрэг олон зан чанар хэрэг болно гэж бодож байна.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Батсуурь: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг ирэх онд 1.2 их наяд төгрөг болгож, цаашлаад 2-3 их наяд төгрөгт хүргэнэ DNN.mn

УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Барилга хот байгуулалтын яам гэж байгаад саяхнаас орон сууцжуулалт гэдэг үг нэмэгдсэн. Тэгэхээр бүтцийн хувьд ямар байдлаар өөрчлөгдөж байна гэсэн үг вэ. Хамрах салбар хүрээлэл илүү тэлж байна гэсэн үг үү?

-Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн. Ингэснээр иргэн бүр хувийн өмчтэй болох эрх зүйн орчин бүрдэж, иргэд чөлөөтэй, тэгш эрхтэйгээр өөрийн өмч хөрөнгө, газар, үл хөдлөх хөрөнгийг олж авах боломжтой болсон. Орон сууц хувьчлах тухай хуулийг 1996 онд баталж, төрийн өмчийн орон сууцыг тухайн орон сууцанд амьдарч байсан иргэд өмчилж авч байсан нь өнгөрсөн 30 жилийн нэгэн томоохон түүхэн үйл явцад тооцогддог. Орон сууц гэдэг бол бидний зөвхөн амьдран суух байр гэхээс илүү хариуцлагатай, хамтдаа аж төрөхийн үндэс суурийг бүрдүүлдэг, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох Үндсэн суурь үзүүлэлт юм. Энэ утгаараа салбарын асуудал өргөн хүрээнд орж ирсэн гэсэн үг.

-Яг өнөөдрийн байдлаар иргэдийн хувьд хэдэн хувь нь орон сууцанд, хэд нь гэр хороололд амьдардаг юм бол. Нөгөөтэйгүүр цөөхөн хүн амтай улсын хувьд иргэдийнхээ ихэнхийг орон сууцжуулах боломж угтаа хангалтай байх юм биш үү?

-Хүн ам, орон сууцны 2023 оны тооллогын дүнгээр нийт өрхийн 31 хувь нь нийтийн зориулалттай орон сууц, 29 хувь нь өөрсдөө барьсан амины орон сууц, 38 хувь нь уламжлалт гэр сууц, хоёр хувь нь инженерийн бүрэн шийдэлтэй амины орон сууцанд амьдарч байна гэсэн тоон дүн саяхан гарсан.

Өнгөрсөн 30 жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 300 дахин нэмэгдэн эдийн засаг тэлж байгаа ч хотын төвлөрөл, агаар, хөрсний бохирдол, түгжрэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал зэрэг асуудлаас шалтгаалан иргэдээ орон сууцжуулах үйл ажиллагаа удаашралтай явж ирсэн нь үнэн. Тиймээс ирээдүйд бий болох үр өгөөжийг эдийн засгийн өсөлттэй уялдуулан оновчтой төлөвлөж, бусад орны сайн туршлага, санхүүжилтийн зөв загварыг олон улсын байгууллагуудаас гаргасан үр ашигтай зөвлөмжийн дагуу хамтран нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг даалгавар бидний өмнө үүсээд байгаа юм.

-Иргэдээ орон сууцжуулах тал дээр яг ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг орон сууцжуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан. Тухайлбал, Үндэсний баялгийн сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг өрхийн орлогын түвшинтэй уялдуулах, Үндэсний орон сууцны корпораци байгуулж, нэгдсэн бодлого, шийдвэрээр орон сууцжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, дасан зохицох чадвартай амины орон сууцыг нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй зээл, урамшууллын механизмыг нэвтрүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор “Шинэ Зуунмод”, “Шинэ Хархорум” зэрэг хотуудыг шинээр байгуулах, аймаг, сум, орон нутагт орон сууцжуулалтын үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжих зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн. Тэгэхээр эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах “Миний анхны орон сууц”, “Миний түрээсийн орон сууц”, “Миний амины орон сууц”, “Миний сонголт орон нутаг”, “Миний сонголт нийтийн алба” зэрэг ТАВАН багц арга хэмжээг авч хэрэгжүүлэн, 150 мянган айлын орон сууцыг ирэх дөрвөн жилд ашиглалтад оруулна.

-Саяхан бүсчилсэн хөгжлийн анхдугаар форум болсон. Энэ утгаараа салбар яамны бодлого бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтайгаа цаашид хэрхэн уялдан явахаар байгаа вэ?

-Өргөн уудам газар нутагт орших 21 аймаг, 330 сумыг зургаан бүсэд хуваан бүсчлэн хөгжүүлэх төлөвлөгөө Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болж байна. Бүс нутагт стратегийн 90 төв, бүлэг сууринг байгуулж, хөрөнгө оруулалтыг чиглүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах урсгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа. Бусад сум суурин газруудыг ч орхигдуулахгүйгээр кластержуулан хөгжүүлэх боломжийг эрэлхийлэн холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил, судлаачидтай хамтран ажиллаж байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан эдийн засгийн бүсүүдэд бий болох ажлын байрыг даган орон сууцны эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэхээр байгаа тул ипотекийн зээлийн санхүүжилтийн 50-иас дээш хувийг орон нутагт олгохоор төлөвлөж байна. Энэхүү эх үүсвэрийг 2025 онд 1.2 их наяд төгрөгт хүргэнэ. Мөн жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлж, ирэх дөрвөн жилд 60 мянган айл өрхийг ипотекийн зээлд хамруулна гэж зорьж байгаа.

-Байшин, сууцаа дулаан алдагдалгүй болгосон иргэдэд 30 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн. Энэ талаар та тодорхой тайлбар өгөхгүй юу?

-“Монголын Ногоон Санхүүгийн Корпораци”-тай хамтран Уур амьсгалын ногоон сан болон бусад олон улсын санхүүгийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт босгож, амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгох, дэд бүтцээ бүрэн шийдвэрлэсэн өрхөд төрөөс 30 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Цаашлаад өрхийн орлогын түвшинтэй уялдуулан бага, дунд орлоготой өрх болон залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ түрээсийн орон сууцаар хангах бодлогыг үе шаттай эрчимжүүлнэ. Тухайлбал, орон сууцжуулалтыг дэмжих хүрээнд орон нутагт нийтийн зориулалттай орон сууц шинээр барьж, борлуулсан аж ахуйн нэгжийн орлогын татварыг 90 хүртэлх хувиар, нийтийн зориулалттай орон сууц түрээслүүлсэн аж ахуйн нэгж, иргэний орлогыг 90 хүртэлх хувиар үе шаттайгаар хөнгөлөх татварын дэмжлэг энэ оноос хэрэгжиж эхлээд байгаа.

-Шинэ орон сууц Улаанбаатар хотод болон бусад хотуудад бий. Гол нь тэрийг худалдаж авах иргэдийн орлогын чадамж сул байна. Тэгэхээр хүн бүр ипотекийн зээл рүү орох сонирхолтой байгаа гэсэн үг. Үүнийг цаашид ямар байдлаар зохицуулах ёстой юм бэ?

-Хүн амаа чанартай, хүртээмжтэй хямд орон сууцаар хангах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. Төрөөс газар, дэд бүтцийн асуудлыг шийдсэнээр орон сууцны үнийн өсөлтийг тогтвортой байлгана гэж тооцоолж байгаа. Үүний нэг жишээ бол, Улаанбаатар хот болон Дархан хотод төрөөс газар, дэд бүтцийг шийдэж, 15 мянган айлыг орон сууцтай болгох Залуус хорооллын төсөл юм. Энэ төсөл бусад аймаг сумын төвд жишиг болон хэрэгжинэ. Нөгөөтэйгүүр иргэд өөрсдийн өмчлөл, эзэмшлийн газартаа ая тухтай, стандартын шаардлага хангасан амины орон сууц барихад ипотекийн зээл олгох боломжийг бүрдүүлэхээр Монголбанк, Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Иргэдийг орон сууцжуулах онцгой нэг хүчин зүйл нь хууль эрх, зүйн орчны шинэчлэл. Тиймээс Барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулан, УИХ-ын намрын чуулганаар өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна. Эрх зүйн шинэчлэл хийгдсэнээр ипотекийн зээлийг зорилтот бүлэгт оновчтой олгох зохицуулалт хийгдэж, Үндэсний орон сууцны корпораци байгуулах, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрээр төлбөрийн чадварт нийцсэн, стандартын шалгуурыг хангасан, байгаль орчинд ээлтэй, чанартай орон сууцыг нэмэгдүүлэх цогц боломж бүрдэх юм.

-Ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар та тодорхой тайлбар өгөхгүй юу. Цаашид ер нь уг зээлийн эх үүсвэр нэмэгдэх үү?

-Юуны өмнө орон сууцтай болж амьдрах хэдхэн арга л бий шүү дээ. Бизнес хийдэг, санхүүгийн боломжтой хүмүүс бол хэдэн давхар хаус барих нь чөлөөтэй. Үүнийг нь хот төлөвлөлтдөө тааруулаад төрөөс бодлогоор дэмжчих л ёстой. Нөгөөх нь орлогод таарсан орон сууц гэвэл ерөөсөө л ипотек. Ипотекийн зээл 2013 оноос эхэлж өнөөдрийг хүртэл явж байна. Гэхдээ жилдээ 500-600 тэрбум төгрөгийн л эх үүсвэр байдаг. Тиймээс авъя, өгье гэсэн хүмүүсийн оочер их болсон. Ипотек хүссэн хүн болгонд өгөх санхүүгийн боломж манай улсад байхгүй л дээ. Тэгэхээр уг асуудлыг том зургаар нь шийдэх хэд хэдэн шинэчлэлийг хамтарсан Засгийн газар авч хэрэгжүүлэх гэж байна.

-Тухайлбал юу хийхээр төлөвлөж байгаа юм бэ?

-Жишээ нь, ипотекийн зээлийг 118 мянга гаруй өрх авсан байгаа. Үүн дотор нэг хүн хэд хэдэн удаа зээл авсан тохиолдол цөөнгүй бий. Энэ нь хүртээмжийг багасгаж байгаа гэсэн үг. Тиймээс бидний хувьд үүнийг болиулж, анх удаагаа байр авч байгаа хүн нэг л удаа ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр олон хүн уг зээлийг авах боломж нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр болсон. Ирэх онд уг зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөг болгох гэж байна. Энэ дүнг цаашдаа хоёр, гурван их наяд болгон шат дараатай нэмэгдүүлнэ. Ипотекээс гадна түрээсийн байр буюу түрээс төлж яваад тодорхой хугацааны дараа өмчилдөг байх боломжийг сайжруулна.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад гурван сар гаруй хугацаа болж байна. Засгийн газраас 14 мега төслийг танилцуулсан. Эдгээр том төслүүдийн ач холбогдлыг та юу гэж харж байгаа вэ?

-Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн үр өгөөж нь эдийн засгийг тэлж, орон сууцжуулах үйл ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, мега төслүүдийн үр ашиг нь айл өрхөд хямд үнэтэй, хүртээмжтэй орон сууц, орон сууцжуулалтад олгох бага хүүтэй ипотекийн зээл, зорилтот бүлэгт чиглэсэн түрээсийн орон сууц байх болно.

-Мега төсөлд орсон Шинэ Зуунмод хотын төлөвлөлт ирэх дөрвөн жилд ямар байдлаар бүтээн байгуулалтын ажил хийгдэх бол. Засгийн газар бүхэлдээ нүүнэ гэдэг зүйлийг хэлсэн шүү дээ?

-Ерөнхийдөө Богд уулаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж байгаа юм. Өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд Богд ууланд аялал жуулчлалын отог нэрээр хороолол баригдчихлаа. Одоо байгаа хоосон газрыг нь шүүгээд үзэхээр ямар нэгэн аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эзэмшилд хэдийнэ оччихсон байгаа юм. Тиймээс хотын төвлөрлийг сааруулахын тулд бид буюу Засгийн газар өөрсдөө манлайлагч нь байх хэрэгтэй. Энэ утгаараа Засгийн газрын аль нэг яам гэхгүйгээр бүтнээрээ шууд нүүе, Богд уулын Номтын аманд очъё гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр хот 20 минут гэх Үндэсний хороо байгуулагдчихсан явж байгаа, тийм үү. Тэгэхээр нэг асуултыг биднээс асуудаг. Засгийн газар бүхлээрээ Номтын аманд оччихлоо гэж бодъё. Тэгвэл тийшээгээ 20 минутын дотор очиж чадах уу гэдэг.

-Нээрээ очиж чадах уу?

-Мэдээж Яармагийн гүүрний түгжрэл ямар байгааг бид мэднэ. Тиймээс Богд уулыг Хүрхрээгийн амнаас Номтын ам руу хос тунель барья гэж байгаа. Тэгэхээр Хүрхрээгийн ам руугаа бас түгжирнэ. Тэгвэл яах вэ гэвэл Туул гол дээгүүрээ 700 метрийн өргөн ган татлагат гүүр барья гэж байгаа. Ингэвэл бүх хөл хөдөлгөөн дотогшоо биш гадагшаа чиглэнэ. Улмаар Улаанбаатар хот нь парламентын ордон нь байдаг, Ерөнхийлөгч нь байдаг бизнес хот болно. Ингэж Шинэ Зуунмод хотыг бид Дархан, Эрдэнэт хотын алдааг давтахгүйгээр эхнээс нь эмх цэгцтэй алсын, хараатай байгуулах хэрэгтэй. Шинэ Зуунмод хотод ирэх дөрвөн жил 15 мянган айлын орон сууц барина. Нөгөөтэйгүүр том төслүүдийг энэ хамтарсан Засгийн газар зоригтой эхлүүлж байгаа нь өнөөдөр байгаа эдийн засгийн өсөлтөө хэд дахин томруулъя гэж байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ДНБ зургаан мянган ам.доллар байгаа бол ирэх дөрвөн жилийн дараа 10 мянган ам.доллароос дээш болгоё. Ингэхийн тулд эдгээр том төслүүдийг эхлүүлэхээс өөр арга байхгүй гэдэг үзэл санаан дээр л хамтарсан Засгийн газар байгуулагдсан.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ

ЗУРХАЙ: Өнөөдөр шарагчин могой өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 1, Сугар гариг. Билгийн тооллын 30, Салхины эх одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 07:37 цагт мандаж 17:34 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12…-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор -9…-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12…-14 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -14…-16 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй цааш нь гүйцээнэ биз дээ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандтай эрчим хүчний шинэчлэлтэй холбоотой асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Популистуудын үгэнд итгэн, хоосон хайранд хууртаж 34 жил явсныхаа горыг өнөөдөр бид нийтээрээ амсаж байна”Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн

Нийгмийн сэтгэл судлаач Н.Оюундалай “Хүмүүс сэтгэлгээний хэт их доройтолд орсон учраас нийгэм бухимдалтай байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй цааш нь гүйцээнэ биз дээ” хэмээн өгүүллээ.

Цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр “Цахим залилагчдын
амлаад байгаа шиг амархан мөнгө олох арга хаана ч байхгүй” хэмээв.

Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор М.Саруул-Эрдэнэтэй ярилцлаа.Тэрээр Төрийн Департаментын Гадаад харилцааны дээд сургуулийн багш, Конгрессын номын сангийн Монгол номыг хариуцсан ажилтан, Монгол соёлын төвийн тэргүүн, “Өдрийн сонин”-ы Вашингтон дахь албан ёсны сурвалжлагч юм.

Зохиолч Ц.Ууганбаяр “Зохиолчийн гол ажил бол өрнөж байгаа үйл явцыг уншигчдад ойлгомжтой үгээр тайлбарлах эв дүй юм” гэв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: “Хог” гэдэг үг дахиад шуугиан тарив

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Тунгалаг тамир”


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ