Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно.

2024 оны аравдугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.


2024 оны аравдугаар сарын 30-наас 2024 оны арвэннэгдүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 11-р сарын 01-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 31-нд Алтайн салбар уулсаар, 2-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн хойд хэсгээр, 11-р сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев энэ сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 

Ерөнхийлөгч К.Токаевыг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев болон албаны бусад хүн угтаж авлаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа болж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улс оронд дээд эрэмбэ, доод эрэмбийн юм гэж байх ёстой DNN.mn

Аливаа юманд үнэ цэнэ, ач холбогдол, үйл ажиллагаа, үр нөлөөгөөрөө дээд доод эрэмбэ гэж байх ёстой. “Юм эрэмбэтэй нь дээр” гэж өвгөдийн хэлдэг зүгээр нэг зуугуул үг биш. Алт, чулуу хоёрыг адилхан гэж үзэх нь дээд зэргийн тэнэглэл болохыг хэн хүнгүй мэднэ. Чулууг яаж ч зүлгээд алтны өчүүхэн үнэ цэнэд хүрэхгүй. Тэгвэл үүнтэй адилхан улс орны үйл ажиллагаа, хөгжил дэвшилд дээд, доод эрэмбэ гэж байх учиртай.

Сүүлийн үеийн нийгмийн шуугианаас монголчууд бид юмны дээд, доод эрэмбэ гэдгийг мэдэхээ байсан, ялгаж салгаж чадахаа байсан тийм харанхуй бүдүүлэг харалган улс болжээ гэдэг нь анзаарагдах юм. Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болно гэсэн сургаар нийтээрээ эсэргүүцэж, 328 сая еврогоор хиймэл дагуул хөөргөнө гэнэ, үүн шиг хэрэггүй юм байхгүй гээд амтай бүхэн дайрцгааж байна.

Бүр сүүлдээ Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд эмэгтэйчүүдийн дэвсгэр хүрэлцдэггүй, хогны уут дэвсдэг, үзлэгийн бээлий байхгүй гэх асуудлыг хиймэл дагуултай холболоо. Үндсэндээ Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болохын оронд дүүргийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн ор дэвсгэрийг бэлдэх ёстой юм байх. Ийм шүүмжлэл нийгэмд битүү явж байна. Ямар харамсмаар, ямар харалган болчих нь энэ вэ. Амьдрал дээр дүүргийн эмнэлгийн ор дэвсгэрийг солих, сансрын технологи хиймэл дагуултай болох гэдэг бол үнэндээ зүйрлээд байхаар юм биш л дээ.

Ёстой тэнгэр, газар шиг хоёр өөр ойлголт. Дүүргийн Эрүүл мэндийн төвд ор дэвсгэр байхгүй байгаа, үзлэгээ хийж чадахгүй байгаа, лаборатори нь ажиллаагүй, эм тариа дутагдалтай байгаа зэрэг нь манайхны өнөөдрийн үндсэн төрх мөн. Дарга удирдлагуудад нь зохих ёсны шийтгэл, хариуцлагыг нь хүлээлгэдэг юм байгаа биз. Харин эмнэлгийнхээ үзлэгийн бүх орны дэвсгэрийг хангачихаад дараа нь хиймэл дагуулаа ярья гэж байгаа нь туйлын буруу. Хүн төрөлхтөн ардахаа хаяад урагшаа зүтгэдэг.

Ардахтайгаа зууралдаад, үндсэндээ тогоо шанага, ор дэртэйгээ зууралдаад байсан цагт улс орны хөгжил хэзээ ч урагшилдаггүй. Энэ бол хууль. Тиймээс энийгээ сайхан болгочихоод дараа нь тэр том зүйлээ хийж бүтээнэ хэмээн хойш нь тавих бол тэгээд л үлгэр болоод дуусч байна. Амьдралын үнэнийг, аж ахуйн байдлыг мэддэг хүний “Тэгж өөрийгөө хуураад яахав” гэж хэлдэг нь цаанаа учиртай. Цээж нь сайжирч байж, томорч байж, чадал сууж байж хойдохоо авч явдаг ийм л хуультай хүний нийгэмд бид амьдарч байгаа. Хойдохоо сайжруулчихаад урдахаа сайжруулна гэх ойлголт түүхэнд байхгүй.

Үндэсний хиймэл дагуултай болох тухай ярихад нийтээрээ шүүмжилсэн хэрнээ сүүлдээ ор дэвсгэрээ янзалчихаад хиймэл дагуулаа ярь гэж байгаа нь хэтэрхий мунхаг, хэтэрхий улны байна. Ийм байж болохгүй ээ, нөхөд өө. Хиймэл дагуул улс орны ирээдүйд хамгийн хэрэгтэй. Дэлхийн улс орнууд хиймэл дагуултай байдаг нь үндэсний аюулгүй байдалтай нь холбоотой. Манай улсын интернэт харилцаа холбоо Хятад, Орос хоёроос хамааралтай. Энэ нь геополитикийн нөхцөл байдал талаас интернэтгүй болох эрсдэлтэйг судлаачид хэлдэг. Бид бусдаас хамааралгүй бие даасан, тусгаар улсын статус, харилцаа холбооны тусгаар байдлаа хадгалах цаг нь болсон.

Сансрын технологиор дэлхийн орнууд өрсөлддөг учир тусгаар улсын хувьд эдийн засгийн үр ашгаас илүү стратегийн ач холбогдолтой гэж үздэг. Мөн Монгол орны газар нутгийг бүрэн хамарсан харилцаа холбооны бие даасан сүлжээтэй болж интернэт суурьтай бүх төрлийн үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломжтой. Нийт газар нутгийн 23.8 хувьд газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн. Үлдсэн нутаг нь ямар ч сүлжээнд холбоогүй. Гамшгийн мэдээгээ гэхэд манайх гадны хиймэл дагуулаас авдаг.

Хэрвээ Үндэсний хиймэл дагуултай болсноор гамшгаас үүдэлтэй нас баралт 30 хувь, зудын болон ойн түймрийн гамшиг 10, алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн зардал 10, тээвэр холбооны зардал 10, боловсролын ялгаа буюу тоон хуваагдал 50 хувиар буурна гэх тоон үзүүлэлт гарсан. Үндэсний хиймэл дагуулын ач холбогдлын талаар цухас дурдахад иймэрхүү байна. Улс орны амин чухал энэ асуудлыг эмнэлгийн ор дэвсгэртэй хольж хутган, үр нөлөөллийн хувьд бага хэмээн үзэж хойш тавьж байгаа нь монголчууд бид үнэхээр тэнэглэж гүйцсэний илэрхийлэл гэлтэй.

Одоогоос 20 жилийн өмнө 2004 онд аялагч Г.Ганхүү “Улаанбаатар хот нэг сая дахь иргэнээ өлгийдөн авлаа. Монголын нийслэл дэлхийн метрополис хот боллоо. Метрополис хот заавал метротой байх ёстой” гэж хэлээд метро байгуулах бүх үндэслэлийг нь нарийвчлан гаргасан. Тэгтэл машины замаа ч олигтхон засч янзлаагүй байж юуны чинь метро вэ гээд яг өнөөдрийн хиймэл дагуулыг нийтээрээ шүүмжилж байгаа шиг орилолдсон. Дараа нь нийслэлээс метро байгуулах тухай зөндөө яригдсан ч ялих шалихгүй тогоо шанаганы хэрүүлээс болоод хамгийн гол ажил хойшлогдсоор өнөөдөр 20 жилийн нүүртэйгээ золгож байна.

Саяхан Г.Ганхүү “Үүргэвчтэй аялал”-ынхаа дундуур халаглан ярьж байна лээ. Намайг метро ярьж байхад дэлхийн олон хот метроны төслөө ярьж байсан. Бүгд метротой болсон байна. Бид л бахь байдгаараа байж байна гэж харамсаж байсан. Гэтэл одоо метро ярьтал Яармагийн нүхэн гарцаа яриад, ийм юм хийж байж юуны чинь метротой болох гээд орилолдоод уналаа. Метро байгуулах, манайхны барьсан нүхэн гарц хоёр бас л тэнгэр, газар шиг ялгаатай.

Метро байгуулна гэдэг тусгай журамтай, хуультай, хянадаг шалгадаг газартай, бүх юм ном дүрмээрээ явна. Дэлхийн улс орнууд ийм л байдлаар метрогоо, үндэсний том бүтээн байгуулалтуудаа хийсэн. Тэгэхээр улс орны хөгжилд юун хэрэгтэй, юу нь чухал вэ гэдгээ ялгаж салгаж нийгмээрээ шуугьдаг болмоор байна. Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд гэж үг бий.

Юм болгон дээр ингэж харанхуй мунхаг, улны тэнэг жишээ ярьцгааж хамаа замбараагүй дайрцгаадгаа одоо больё оо. Улс орон чинь хөгжмөөр байна, урагшаа алхмаар байна. Бид энд хиймэл дагуулаа эсэргүүцэн тэнэглэцгээж байдаг. Тэгэхэд дэлхийн орнуудын зэр зэвсэг, техник технологи юу болж байна. Хойд хөрш дайнтай байна. Улс оронд ямар нэгэн аюул тулгарлаа гэж бодоход ингээд “хөмөрсөн тогоон” дотроо бахиралдаад сууж байх уу.

Манай “Монсат”, “DDSH” компаниуд Солонгосын хиймэл дагуулд жилд дунджаар 9.2 сая ам.доллар төлдөг. Энэ өртөг 2.5 дахин өсч 15 жилийн дараа гэхэд 150 сая ам.доллар, бусад зардалтайгаа бараг 300 сая ам.доллар төлж таарч байгааг Н.Учрал сайд хэлсэн. Ийм тооцооллоор ТЭЗҮ нь хийгдэж, 30 гаруй хиймэл дагуулыг бүтээсэн дэлхийд алдартай Францын “Таляс Аляна” групп монгол хиймэл дагуулыг бүтээхээр ажиллаж байгаа.

Эмнэлгийн ор дэвсгэрийн дэргэд үндэсний хиймэл дагуул гэдэг яаж ч бодсон дээд эрэмбийн юм байгаа биз дээ. Улс орны цаашдын хувь, үйл ажиллагаанд онцгой байр эзлэх дээд эрэмбийн ийм юмаа ингэж ялгаж салгаж ойлгож хөгжил дэвшилд зориг гарган, асуудалд зоригтойгоор хандаж, хариуцлагатай байх цаг болжээ. Эцэст нь давтаад хэлэхэд, улс оронд дээд эрэмбийн, доод эрэмбийн юм гэж байх ёстой.

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр улаан бар өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 29, Ангараг гариг. Билгийн тооллын 27, Харцага одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 7:33 цагт мандаж 17:39 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 02-нд нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зүүн хэсгээр, 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 11 дүгээр сарын 05, 06-нд Алтайн уулархан нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -4….-9 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -9….-14 градус хүйтэн, өдөртөө 0…-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус дулаан, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна. 11 дүгээр сарын 04-06-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 28, 30-нд ялимгүй хур тунадас, 11 дүгээр 02-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 30-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна. 04-нөөс өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Америкууд “Танай эрчим хүчийг шийдээд өгье” гэж удаа дараа мэдэгдлээ. УИХ анхаарч байна уу” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улсын Их хурлын гишүүн Ж.Баярмаа “Төсвөөс багадаа нэг их наяд төгрөгийг хэмнэх боломж байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурандаа Д.Цээсэд “Эрхийг нь зөрччихнө гээд аав, ээж нь ч хүүхдүүддээ үг хэлж чадахгүй болжээ” гэлээ.
  • Эдийн засагч Р.Шинэгэрэл “Ирэх онд Монгол Улс 5.5 их наяд төгрөгийн зээл гаднаас авах дүр зураг харагдаж байна” хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Америкууд “Танай эрчим хүчийг шийдээд өгье” гэж удаа дараа мэдэгдлээ. УИХ анхаарч байна уу” гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар 413 мянган тонн үр тариа хурааж аваад байна” хэмээн ярилаа.

ГАДААД МЭДЭЭ: Болж өнгөрсөн сонгуулиудын бодит үр дүн

АРЫН НҮҮР: Бусдын сэтгэлийн илчинд дулаацна


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ өвөл улсын хэмжээнд 78 сая мал өвөлжинө DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийв.

Тэрбээр “Энэ өвөл 78 сая толгой мал өвөлжихөөр байна. Өвөлд бэлтгэж  аймаг сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд энэ сарын 21-ний өдрийн байдлаар 9.1 мянган тонн өвс, 4.2 мянган тонн тэжээл буюу өвсний нөөц бүрдүүлэлт 48.6 хувьтай, тэжээлийнх 44.1 хувьтай байна. Хадлангийн нөөц дутмаг говийн бүсийн аймгууд өвсний нөөц бүрдүүлэх худалдан авалтыг зохион байгуулж буй. Худалдан авалтыг ирэх сарын 15-ны дотор бүрэн дуусгана. Хүн амын махны хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж байгаа бөгөөд 2024 оны хүнсний хэрэгцээнд нийт 122.6 мянган тонн, 2025 оны хүнсний хэрэгцээнд 124.0 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн шаардлагатай боловч бодит хэрэглээ 2.7 дахин их байна. Монгол Улсын мал сүргийн тоо 2015-2023 онд дунджаар 2.6 хувиар өсөж 2023 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 64 сая толгой, 2024 онд 15.4 сая төл хүлээн авч бойжуулсан, малын зарлага, хорогдлыг хасаад энэ оны хагас жилд 66 сая мал тоолсон” гэжээ.

Categories
мэдээ спорт

Манай улсын баг жюү жицүгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ DNN.mn

Грек Улсад жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөх гэж байна.  Манай улсын баг тамирчид ДАШТ-ий  холимог багийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.  Энэ удаагийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид нэг мөнгө, нэг хүрэл, шагналт тавдугаар байрт гурван, шагналт долдугаар байрт хоёр тамирчин шалгарсан байна.

Холимог багийн “World Championship 2024”-д Израилийн баг алтан медаль, Германы баг мөнгөн медаль, Монгол, Франц Улсын баг хүрэл медаль хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн найрал дууны наадмын шилдгүүдийг тодрууллаа DNN.mn

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон.

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах наадам нь ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяас, чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Энэ жилийн наадмын анхан шатны шалгаруулалтад улс, нийслэлийн 85 сургуулийн 5780 сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 25 сургуулийн 1300 орчим хүүхэд оролцож, шилдгүүдээ тодруулсан юм. Тодруулбал,

  • Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн “Нарны дуулал” хамтлаг,
  • Дэд байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын 3-р сургуулийн “Рапсодия” хамтлаг,
  • Гутгаар байранд Баянгол дүүргийн Монгени сургуулийн “Одод” хамтлаг,
  • Тусгай байранд Хан-Уул дүүргийн Шинэ Монгол Харумафүжи сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг,
  • Тусгай байранд Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн “Аялгуу” хамтлаг,
  • Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг,
  • Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны нэрэмжит шагналаар Хан-Уул дүүргийн Монгол дахь Канад сургуулийн “Нарны үрс” хамтлаг,
  • “Шилдэг удирдаач багш” номинацийн эзнээр Орхон аймгийн “Уран эгшиг” сургуулийн хөгжмийн багш Ө.Байгалмаа,
  • “Шилдэг удирдлага” номинацийн эзнээр Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль тус тус шалгарлаа.
Categories
мэдээ нийгэм

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд “Их хааны цом”-ыг анх удаа гардуулна DNN.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг анх удаа гардуулна.

Барилдаан арваннэгдүгээр сарын 02-ны бямба гарагт 12:00 цагаас МБӨ-нд болно.

Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.