2023 оны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 9.8 хувийг ахмадууд эзэлж байна. Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм.

2023 оны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 9.8 хувийг ахмадууд эзэлж байна. Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм.
Дорноговь аймгийн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замд нойтон цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй байгаа тул иргэд, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой зорчино уу.
Энэ онд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл шалгарсан. Тэгвэл аравдугаар сарын 3-нд метро барих барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатыг зарлах юм.
Мөн Улаанбаатар хотын метро Толгойтоос Амгалан хүртэл 18 орчим км үргэлжлэх бөгөөд 14 зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 км. Цагт 17500 зорчигч тээвэрлэнэ. Нийт аяллын хугацаа 27 минут байхаар төлөвлөгдсөн. Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэх эхний ээлжийн техникийн тодорхойлолтыг гаргажээ. Улмаар барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх юм.
Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд барилдаж явсан Монголын бөх Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол Кокүгикан ордонд боллоо.
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүтэй 250 хүн оролцож, үсэнд нь хайч хүргэсэн байна. Мөн ёслолын өмнө Азүмарюүгийн сүүлийн барилдаан болсон бөгөөд тэрбээр 12 настай ууган хүүтэйгээ маваши углан, золгожээ.
Баруун өвдгөө хүнд гэмтээснээс хойш тэрбээр бэлтгэл сургууль, жирийн амьдралдаа ч зөвхөн зүүн хөлөө л ашигладаг байснаа хэвлэлийн хурлын үеэр ярьж байжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын тэмцээний эхний өдөр зүүн өвдгөө гэмтээсэн тэрбээр зодог тайлахаар шийдсэн юм.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ.
• Худгийн гудамжны авто замаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
• Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийслэлийн прокурорын газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд “нүүрсний” хэргээр 91 хүнийг шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлжээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах хууль бус үйл ажиллагаатай холбоотой 16 хэргийг шүүхээс хянан хэлэлцээд Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих, торгох, нийтийн албанд томилогдох эрхийг хасах зэрэг ял шийтгэлийг оногдуулсан байна.
Одоо Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээс 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд УИХ гишүүн, гишүүн асан 5, яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан зэрэг 43 албан тушаалтан яллагдагчаар татагдан шалгагдаж байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2024.10.01) 10 цаг 09 минутад 100 гишүүн буюу 79.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Чуулганы нээлтэд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллага болон нийслэлийн удирдлагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ /
Тэрбээр хэлсэн үгэндээ, намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж, солонгоруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай хэмээн онцлон тэмдэглэв.
Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжууд нь ирэх дөрвөн жилийн хөгжлийн ерөнхий хандлага, эдийн засгийн өсөлтийг тодорхойлох тул Улсын Их Хурлын зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнг нарийвчлан судалж, өмнөх алдаа сургамжаа эргэн санаж, ирээдүйд болох эрсдэлийг урьдчилан тооцож ул суурьтай хандах нь зүйтэйг сануулсан.
Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1-д заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 54 ажлын хэсэг ажилдаа эрчимтэй ороод байгааг мэдэгдээд, цаашид хуулийн чанарт онцгой анхаарал хандуулж, батлагдсан хууль тогтоомж хүн бүрд адил, тэгш үйлчилдэг, хэн нэгэнд зүй бус давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстойг гишүүдэд анхаарууллаа.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, намрын чуулганы нээлт Олон Улсын ахмадын өдөр тохиож буй тул төр улсынхаа түшиг, түмэн олон залуусынхаа нөмөр нөөлөг болсон нийт ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөв.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 1579 иргэн угаарын хийн хордлогод өртжэн.
Үүнээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буцсан 1360, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эдгэрч гарсан 188, нас барсан 31 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэн байна.
2024 оны есдүгээр сарын 1-7-ны өдөр угаарын хийн хордлогод өртсөн дөрвөн хүн (хүүхэд-2, насанд хүрэгчид-2) хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Байршлаар авч үзвэл БЗД, СХД, ЧД-т зонхилон бүртгэгджээ.
Зам засварын ажилтай холбоотойгоор зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орлоо. Тухайлбал,
Аравдугаар сарын 1, 4, 7, 10, 18, 21, 24, 28, 31, XI/04-ний өдрүүдэд Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн галт тэрэг 18:30 цагт хөдөлж, Замын-Үүдэд 10:35 цагт хүрнэ.
Аравдугаар сарын 13, 15-ны өдрийн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 16:40 цагт аялах галт тэргийг 20:22 цагт аялуулахаар боллоо.
Аравдугаар сарын 2-ны өдрийн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 10:35 цагт явах галт тэрэг, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 06:58 цагт явах галт тэрэг цуцлагдах болсныг мэдэгдье.
Энэ мэт зарим чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орсон тул та бүхэн галт тэрэгний цагийн хуваарьтай холбоотой болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1949, 1900-8899 лавлах утсаар авч, аяллаа төлөвлөөрэй гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.
Улаанбаатар хотод таксины олдоц тааруу, үйлчилгээ чанарын шаардлага хангадаггүй гэх шүүмжлэл байдаг. Тэгвэл нөгөө талдаа энэ бүхэн хувийн машинаараа “халтуур” хийдэг хүмүүсээс болдог гэх тайлбарыг ч такси үйлчилгээ эрхлэгчид хэлдэг. Тэгвэл ойрын өдрүүдэд нийслэлд такси үйлчилгээ эрхлэхийн тулд зөвшөөрөл авах ёстой болж, 3-10 сая төгрөгийн хураамж төлөхөөр хуульчлагдсан талаарх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар бид тодрууллаа.
Ноднин жилийн арванхоёрдугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдан хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ хууль батлагдсантай холбогдуулан хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Үүн дотор нийтийн тээвэр болон такси үйлчилгээг энэ оны аравдугаар сарын 15-ны өдрөөс зөвхөн хуулийн этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заасан байна. Харин тус зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгох бөгөөд зөвшөөрлийн үргэлжлэх хугацаа таван жил байхаар тусгасан гэдгийг албаны хүн хэлж байна. Мөн орон нутаг, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа 3-10 сая төгрөгийн хураамж төлөх аж.
Энэхүү хураамж нь Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрч, нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад зарцуулагдах гэнэ. Хэрэв зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол иргэнийг тав, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгоно. Энэ зөрчлийг цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч шалган шийдвэрлэнэ гэсэн олон нэмэлт, өөрчлөлт орчихсон байгааг албаныхан хэлж байгаа юм.
Хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах хүсэлтээ нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газарт ирүүлэх ёстой. Тус газраас томилогдсон ажлын хэсэг ирүүлсэн баримтуудыг нягтлан шалгаж, түүнд нь үндэслэн нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох юм байна. Ингэхдээ такси үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн тээврийн хэрэгсэлтэй, такси үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай, техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх, автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан, автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй, татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон, жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх, жолооны зөв хүрдтэй байх гэсэн арван нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох юм байна.
Тэгэхээр энэ сарын 15-наас эхлэн та зөвшөөрөлгүй таксигаар үйлчлүүлээд энэ талаар хэн нэгэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тохиолдолд зөрчлийг хянан шалгаж эхэлнэ. Ингээд жолооч зөвшөөрөлгүй байсан нь батлагдвал таван сая төгрөгөөр торгуулна. Энэ нь нэг талдаа хувин машинаараа таксинд явж, өрхийн орлогодоо нэмэрлэдэг, амьдралаа залгуулдаг хүмүүст хүнд тусна гэсэн гомдол ч гарч байгаа. Бид хувиараа такчинд явдаг зарим хүмүүсээс сэтгэгдлийг нь сонссон юм. Иргэн Ц “Таксины жолооч болгон бүтэн цагаар энэ ажлаа хийдэггүй. Зарим нь ажлынхаа хажуугаар давхар ажилладаг. Энэ хуулийн зохицуулалт бүтэн цагаар ажилладаг жолооч нарт л хүнд тусаж байх шиг байна. Би эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань хүүхдүүдээ хараад сүүлийн гурван жил эрхэлсэн ажилгүй байна. Би өдрийн цагаар түгээгч хийдэг. Гэвч дан ганц түгээгчийн цалин долоон хүнийг тэжээж хүрэлцэхгүй шүү дээ. Ингээд бага охиноо төрснөөс хойш шөнийн цагаар таксинд явдаг болсон. Гэтэл надад тэр яриад байгаа зөвшөөрлийг авах 3-10 сая төгрөгийг шууд гаргаад өгөх боломж үнэхээр алга. Тийм боломж байдаг байсан бол таксинд явж байхгүй л байлаа” гэсэн юм. Харин иргэн Г “Хувиараа такси үйлчилгээ явуулдаг хүмүүсийг багасгаж, бүр хориглож ч болно л доо. Таксины жолоочтой холбоотой янз бүрийн л юм сонсогдох юм байна шүү дээ. Гэхдээ ямар нийгэмд амьдарч байгаагаа бодох л хэрэгтэй. Нийгэмд баян хэсэг байхад ядуу хэсэг ч байгаа. Нийгмээ мэдэрч чаддаггүй хүмүүс хууль баталж байгаа нь харамсалтай. Энэ шийдвэр олон айл гэрийг хоногийн хоолноос нь салгаж байна. Миний таньдаг олон жолооч байгаа. Тэдний ихэнх нь яах учраа олохгүй явж байх шиг байна” хэмээв.
Үнэхээр ч түүний хэлсэн шиг таксины жолооч нартай холбоотой олон хэрэг өнгөрсөн хугацаанд гарсан. Энэ бүхэн нь ямар нэгэн бүтгэлгүй хувийн таксиг цэгцлэх ёстой гэсэн ойлголтыг олон нийтэд өгсөн. Гэвч аливаа бүхэн хоёр талтай байдгийн адилаар таксинд явж амьдралаа залгуулж байгаа олон хүн бий. Хууль гаргахаасаа өмнө энэ хүмүүсийн асуудлыг хэрхэх вэ гэдгийг ч давхар бодолцох ёстой байсан мэт санагдана. Зөвшөөрөл авахын тулд заавал аж ахуйн нэгж байх шаардлагатай гэж байгаа. Гэтэл энэ бүхнийг цэгцлээд, бичиг баримтыг нь бүрдүүлээд явдаг нь таксины жолооч нарын дунд ховор. Дээрээс нь шууд бэлэн гаргаад өгөх мөнгө байхгүй учраас цаашид хулгайгаар таксинд явах зэрэг асуудлууд гарах шинжтэй байгаа юм. Мөн хувийн унаагаараа ажлын газрынхаа хүмүүс, найз нөхдөө гэрт нь хүргэж яваа хүмүүсийг таксинд явсан гэж үзэх үү. Үүнийг нь хэнээр нотлуулах вэ гээд хариултгүй олон асуулт урган гарч байна.
Мөн тус хуулийн хүрээнд “Ubcab”, “Aba” гэх мэт дуудлагын такси үйлчилгээний газрууд нийслэлийн Засаг даргаас такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болж байгаа юм. Сонирхуулахад, нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар нь Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний нийт 31 аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажилладаг байна. Тэр дундаа үндсэн чиглэлийн 1364, буухиа үйлчилгээний 40, такси үйлчилгээний 253 нийт 1657 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгаа гэсэн тооцоо байдаг ажээ. Бид бүхэн сэтгэгдлийг нь сонссон дараагийн хүн бол сүүлийн 10 гаруй жил хувиараа таксинд явж байгаа иргэн С байлаа. Тэрбээр “Би амьдралын боломжоосоо болоод их, дээд сургууль төгсөөгүй. Ганц сурсан зүйл минь машин барих. Такси бол аль ч улсад байдаг л үйлчилгээ. Харин манай оронд төдийлөн сайн хөгжөөгүй байна. Хөгжүүлэх олон арга зам байгаа. Би олон жил такси барьж, янз янзын хүнтэй таарч явлаа. Гэтэл яагаад ийм ойлгомжгүй зохицуулалт хийж байгааг ойлгохгүй байна. Бид яагаад харсаар байж энэ хуулийг батлуулчихав аа гэж хожимдсон хойно нь боддог. Энгийн иргэн сайхан амьдрахад их л ээлгүй нийгэм дээ” хэмээн хэлсэн юм.
Нийгмийн сайн сайхны төлөө хууль тогтоомж гаргадаг. Тэгэх ч ёстой. Гэхдээ судалгаа тооцоог нь сайн хийж, амьдралд тохирсон, иргэдээ хохироодоггүй тийм л хуулийг гаргах нь шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүсийн үүрэг. Харин энэ хуулийг гаргахдаа тэд төдийлөн сайн тооцоо хийгээгүй, иргэдийнхээ амьдралыг сайтар судлаагүй юм уу даа гэсэн бодол төрж байлаа. Хувийн таксиг цэгцлэх амьдралын шаардлага гарсан. Гэхдээ шууд ингэж тулган шаардах байдлаар бус уян хатан байдлаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байсан гэдгийг ч жолооч нар хэлж байна.
Ө.АНХзАяА