Categories
мэдээ нийгэм цаг-үе

Худгийн гудамжнаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг маргааш 06:00 цагт нээнэ DNN.mn

Худгийн гудамжнаас “Хангай” хотхон хүртэлх 600 метр замыг шинэчилж буй. Тодруулбал, авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан бөгөөд маргааш буюу аравдугаар сарын 4-ний 06:00 цагт нээхээр ажиллаж байна.

Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлалаа DNN.mn

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг товлосон хугацаандаа буюу өнөөдөр зарлалаа. Хамгийн сүүлд метро барих төслийн ажлын хэсгийн хуралдаан есдүгээр сарын 30-нд болж, метроны техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүлээд байсан юм. Харин их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” компани үзүүлж байгаа билээ.

Улаанбаатар метроны шугам ойролцоогоор 17.7км урттай. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх бөгөөд нийт аяллын хугацаа 27 минут байна. Өргөгдсөн болон газар доорх 14 өртөө зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 км. Зорчигч тээвэрлэх чадвар оргил ачааллын үед нэг цагт нэг чигт 17 мянгаас 26 мянган хүн тээвэрлэнэ. Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 өртөө зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Метроны барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Т.Нямдорж: Бид Монголын кино урлагийг олон улсад гаргах зорилготой DNN.mn

“Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Дугаарын зочин”-оор “OI” энтертайнментын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Т.Нямдоржийг урьж ярилцлаа.


-“OI” энтертайнмент “Гурав дахь цохилт” шинэхэн уран бүтээлээ өлгийдөн аваад удаагүй байна. Энэ кино бүтэх болсон түүхээс яриагаа эхлэх үү?

– “OI” энтертайнмент байгуулагдсан цагаасаа өөрсдийгөө шинээр сорьж, сайн уран бүтээл хүргэхийг зорьж байгаа. Тиймдээ ч нийгмийн ямар нэгэн асуудлыг хөндөж, үзэгчдэд ухаарал өгөхийг хүсдэг. Орчин үед  цахим мөрийтэй тоглоом газар авч, хялбар аргаар мөнгө олох хүсэл, гадаадын улс орнуудад очиж амьдаръя гэсэн сонирхол Монголын нийгэмд нэмэгдэж байна. Үүнийг дэргэдээс нь харж суугаа залуусын хувьд энэ асуудлыг хөндсөн кино хийх хэрэгтэй гэж дүгнээд “Nomadia pictures”-ийнхэнтэй хоёр талаасаа ярилцсан. Үр дүнд энэ сэдвээр кино хийхээр сэтгэл шулуудаж, ханцуй шамлан ажилдаа орсон доо. “Гурав дахь цохилт” уран сайхны кино бол “Nomadia pictures”-тэй хамтарсан хоёр дахь бүтээл. Харин “OI” энтертайнментын маань 15 дахь кино.

-Та мэдээж дүр болгоноо амьд байлгахыг хичээдэг байх. Энэ удаагийн дүр юугаараа онцлог байв. Т.Нямдорж гэх хувь уран бүтээлчийн хэд дэх уран бүтээл болж байна?

-Миний хувьд бүтээсэн дүр болгоныхоо ялгаа, онцлогийг нь гаргаж ирэхийг хичээдэг. Энэ удаа цахим мөрийтэй тоглоомд донтсон залуугийн дүрийг бүтээсэн. Мөрийтэй тоглоомд донтсоноороо ганц өөрийгөө төдийгүй  гэр бүлээ хэрхэн сүйрүүлж, ямар шалбаагт унадагийг харуулахыг зорилоо. Мэдээж бүтээж байгаа дүрээ маш сайн судалж, тэр мэргэжлийн хүмүүстэй зорьж уулзах, адилхан тохиолдлыг хайх, эрэл хайгуулын ажил их хийдэг. Харин энэ удаа холоос хайгаад байх шаардлага гараагүй. Бидний эргэн тойронд дэлгүүрийн худалдагч, таксины жолоочоос эхлээд найз нөхөд хүртэл цахим мөрийтэй тоглоомыг тоглож байна шүү дээ. “Цохь цохиоч” гэж орилоод л янз бүрийн байдлаар тоглож байна. Тэр хүмүүсийг харж судлахаас гадна өөрөө тоглож үзлээ. Цаашлаад хууль бус газрыг нь хайж очоод, биеэрээ мэдрэхийг хичээж, дүр дээрээ ажилласан. Нарийн тоог нь гаргаагүй ч ойролцоогоор 20-оод кинонд дүр бүтээж байна.

-“Гурав дахь цохилт” кинонд жүжигчин О.Дөлгөөн шинэ дүр төрхөөр гарч ирлээ. Та хоёрын анхны хамтрал байхаа, хэрхэн гар нийлэв?

Дөлгөөнөө өмнө нь гүнжлэг, хайр булаам сайхан эмэгтэйн дүрийг бүтээдэг байсан. Манай Жульетта шүү дээ. Бүрнээ, Чука, Дөлгөөн эд нар маань нэг анги. Бүрнээ маань киноныхоо тухай танилцуулаад, санал тавьсан. Дөлгөөн маань саналыг их уриалгахан сайхнаар хүлээж авсан. Миний хувьд анх удаа нэг уран бүтээлд ажиллалаа. Оюутан байхад нөгөө ангийн охин л гэж мэддэг байсан болохоос яг ингэж ойр дотно харьцаж, ярилцаж үзээгүй байсан. Хувь хүний зан байдал нь зөөлөн, харьцахад амар хүн шиг санагдсан. Жүжигчний уран чадвар дээр ч ямар асуудалгүй, сайхан гар нийллээ. Кинонд маань үнэхээр өнгө, хүч нэмж орж ирсэн.

 -“OI” энтертайнментын үндэс суурь хэзээнээс тавигдсан бэ. Нөхөрлөлд суурилсан ажлын хамтрагчид гэж ойлгосон зөв үү?

-Хоёрдугаар курсийнхээ зун Бүрнээ бид хоёр “Сүүлчийн хичээл” гээд анхны богино хэмжээний киногоо хийж байлаа. Хэдийгээр телевиз, дэлгэцээр цацагдаагүй ч хүсэл тэмүүлэл дүүрэн насны анхны хамтрал минь сайхан дурсамж болон сэтгэлд үлдсэн. Чука, Бүрнээ хоёр маань СУИС-ийн нэг анги, хамтлаг байгуулаад дуулж явсан үе ч бий. Харин Чука бид хоёр нэг нутаг. Дорнод аймагт арван жилийн сурагч байхаасаа л найзалсан. Ингээд харахаар бид өнгө мөнгө, ашиг сонирхол харалгүй, гэнэн томоогүй хүүхэд наснаасаа найзалж нөхөрлөснөөрөө азтай. Ингээд хамтдаа амжилттай уран бүтээлээ туурвиад явж байгаа нь үүнтэй л холбоотой. Нэгнийхээ сайн мууг мэдэлцээд, сайхан муухай дурсамжийг нь бүтээлцээд л явж байна. СУИС-аа төгсөөд хоёр жил тусдаа уран бүтээл хийсний дараа сэтгэл шулуудаж, хамтдаа нийлж уран бүтээл хийх болсон ч үндэс суурь нь оюутны ширээнээс тавигдсан. Манай “OI” энтертайнмент одоо үндсэн, албан ёсны гэвэл таван гишүүнтэй. Болорчулуун, Эрхэмбүрэн, туслах найруулагч Г.Төмөртогоо, эвлүүлэгч Эрдэнэсайхан болон миний бие байна даа. Одоо бидний ажил, амьдрал бараг нэг цул болсон.

-Танай энтертайнментын  онцлог, эрхэм зорилго юунд оршиж байна?

-Бидний өмнөө тавьсан зорилго том, явах зам хол байна. Тиймээс чанартай уран бүтээл хийхийг зорьдог. Ашиг харсан хямдхан кино хийхийг хүсдэггүй. Монголын зах зээл жижигхэн учраас кинонд хийгээд баяжаад байгаа юм бол байхгүй. Хамтдаа тавьсан зорилго, мөрөөдөлдөө хүрэхийн тулд алхам алхмаар хичээж явна. Монголын кино урлагийн зах зээлийг тэлэх, олон улсад гаргах зорилготой. Тиймдээ ч гадаад жүжигчидтэй хамтарч, өөр улс орнуудад зураг авалтаа хийж явна. “Гурав дахь цохилт” кинон дээр ч мөн ялгаагүй хятад уран бүтээлчидтэй хамтарч Чунчин хотод зураг авалтынхаа нэг хэсгийг хийсэн. Чунчин гэж тоймлоод байгаа боловч хоёроос гурван тосгонд бас зураг авсан. Тэр тосгоны нэг нь л гэхэд 180-200 км байдаг. Манай энтертайнмент одоогоор Турк, Вьетнам, Солонгос, Орос, Хятад улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллаад туршлага солилцоод явж байна. Цаашид илүү олон улсын үүд хаалга нээлттэй байгаа гэдэгт итгэж байна. Уран чадвар, гүйцэтгэлийн хувьд бусад улсаас дутахааргүй хөгжсөн. Харин эдийн засаг, санхүүгийн асуудал л олон улс руу хүч сориход тулгардаг. Есөн жилийн хугацаанд дөрвөн цуврал, 11 бүрэн хэмжээний кино  хийсэн байна. Тодорхой туршлага хуримтлуулаад, өөрсдийгөө бэлдээд л байна. Юуны тулд энэ бүхнийг туулж, хөдөлмөрлөснийг бурхан тэнгэр хараад, бид өөрсдөөрөө бахархаад сууж байх цаг ирнэ гэж итгэдэг.

-Сүүлийн үед үзэгчдээс хүлээлт үүсгэсэн шилдэг цувралуудыг хийх болсон. Шинэ киноныхоо зохиолыг хэрхэн олдог вэ?

– Манай найруулагч, зохиолч Эрхэмбүрэн ерөнхий санаагаа гаргадаг. Дараа нь уран бүтээл болох боломжтой эсэхийг  хоорондоо ярилцаад, олонхын саналаар шийддэг. Дүр хөгжүүлэлт, зохиол баяжуулахад бүгд оролцдог. Ер нь өөрийнхөө дүрийн судалгааг нарийн нягт, сайн хийхийг л хичээдэг. “Гурав дахь цохилт” уран сайхны кино ч мөн ялгаагүй, ингэж л ажилласан. Энэ намрын шинэ кинонуудаас гурав хоногийн дотор хамгийн их үзэлттэйгээр шалгарсан байна. Магадгүй хүмүүс нэгэн хэмнэлийн кино үзсээр байгаад тэрийгээ өгүүлээд байж болно. Тиймээс үзэгчдэд өөр мэдрэмж өгч байгаа болов уу.

-Бүрнээ найруулагчийн хувьд хэр шаардлага тавьж ажилладаг хүн бэ?

-Энэ хугацаанд манай уран бүтээлийг хүлээж үздэг үзэгчидтэй болж чадсан. Энэ бүхэн найруулагчтай хамгийн холбоотой зүйл. Бүрнээ маань чанартай уран бүтээл хийхийн тулд үнэхээр өндөр шаардлагыг тавьдаг. Гэвч бид мөнгө төгрөгийн бололцоогүй байдлаас болоод найзынхаа хүссэн зүйлийг хийж чаддаггүй. Төсөөлөл бодит байдал хоёр нь алд, дэлмээр зөрөх үе бий. Удахгүй зураг авалт, гүйцэтгэл, хөрөнгө оруулалт нь тэнцэж ирээд найзынхаа төсөөллийг 100 хувь биелүүлсэн уран бүтээл хийнэ гэж боддог.

-Танай энтертайнментын хувьд Фантастик продакшны ах нартайгаа ойр дотно санагддаг. Тэднээс үлгэр дуурайлал авдаг уу?

-Манай энтертайнментыг Фантастик продакшнаас ургаж, нахиалсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Найруулагч Бүрнээ маань Б.Тамираа ахын гарын шавь. Фантастикыг уран бүтээлээ хийж эхэлсэн цагаас л Бүрнээ туслах найруулагчаар ажилласан. Их ч зүйл сурсан. Энэ цаг үеийн Монголын номер нэг продакшн гэвэл хүн болгон Фантастикыг хэлэх болов уу. Уран бүтээл, биеэ авч яваа байдал, нөхөрлөл гэсэн бүхий л зүйлээрээ үлгэр дуурайлал болдог. Сайхан муухай, болж бүтэхгүй зүйлсээ нууж хаалгүй нээлттэй ярилцдаг. Бие биеийнхээ арыг даадаг. Ах нарын киноны нээлт ойртоод ажил нь амжихгүй байхад хамгийн түрүүнд, хэлээгүй байхад очиж тусалдаг. Манай кинонд асуудал тулгарахад ах нар шийдэж өгдөг. Бид ийм л харилцаатай. Энийгээ хувь тавилан гэж хардаг даа.

-Тайз амьд харилцаан дээр тогтдог учраас жүжигчнээс илүү уран чадвар шаарддаг гэдэг шүү дээ.  Таны хувьд төдийгүй энтертайнментын зүгээс тайзны уран бүтээлд хүч сорих бодол байна уу?

-Мэдээж байлгүй яах вэ. Гэхдээ одоо цаг нь биш. Сургуулиа төгсөөд би “Шилдэг өнгө” продакшнд, Чука маань “Мөрөөдлийн театр”-т ажилд орсон. Тэр хугацаанд тайзны жүжиг, хошин номеруудад оролцдог байлаа. Тайз суурьтай болохоор ирээдүйд энэ чиглэлийн бүтээл хийнэ гэсэн бодол бол байдаг.

-Та кино бүтээдэг хүний хувьд үзэж буй киноныхоо юунд ач холбогдол өгдөг вэ. Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?

-Өөрөө энэ салбарын хүн болохоор кино үзэх дуртай. Хэдийгээр кинондоо орж үзэж  байгаа боловч энэ хэсгийн зураг авалт гоё юм байна. Энэ дээр ингэсэн бол ч гэдэг юм уу мэргэжлийн хүний нүдээр хараад байх болсон байна лээ. Т.Нямдорж гэх хувь хүний  хүлээж үздэг, хүлээж байгаа Joker, Gladiator 2 кинонууд байна. Харин хамгийн сүүлд хүүхдүүдтэйгээ “Inside out” үзлээ.

-Жүжигчний амьдрал тогтсон цагийн хуваарьгүй. Ажлынхаа хажуугаар гэр бүлтэйгээ хэр цагийг өнгөрүүлж байна даа?

– Одоо энэ ярилцлагын дараа Дундговь, Өмнөговь аймаг руу киногоо гаргахаар хөдлөх гэж байна. Хөдөө орон нутгаар “Гурав дахь цохилт” киноныхоо нээлтийг хийгээд, үзэгчдэдээ цаг алдалгүй хүргэхийг зорьж байна. Солонгос, Япон, Австрали тэргүүтэй цаашлаад европын орнуудаар киногоо гаргах төлөвлөгөөтэй байна. Ингэхээр жүжигчний амьдрал тогтсон цагийн хуваарьгүй гэдэг үнэн. Гэр бүлдээ төдийлөн цаг гаргаж чадахгүй л байна. Тусгайлан долоо хоног амралт, сувилалд явдаг ч юм уу тэгж л хааяа анхаарал хандуулах юм даа. Чөлөөт цаг гарвал дасгал хийж, мишок цохихыг хичээдэг. Гэвч тэр цаг нь хомс олдох юм даа.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.03) нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 53 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудлыг хэлэлцэхээр товлолоо. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Д.Амарбаясгалан дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн талаар мэдээлсний дараа “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.8 хувь нь дэмжсэнээр батлагдав. Иймд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан эцсийн найруулгыг танилцуулсан. Энэхүү тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалааг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалааг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр баталлаа.

Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.

Төслийг хуулийн хугацаанд нь холбогдох баримт бичигт нийцүүлэн боловсруулж, өргөн мэдүүлсэн гэдгийг тэрбээр дурдаад “Хүнсний хувьсгал” хөтөлбөр, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, “Монголд зочлох жил”, “Залуучуудын жил”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин”, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлогын төсөл, арга хэмжээнүүдийг тусгасан гэлээ.

Хамтарсан Засгийн газрын “Хурдтай  хөгжлийн төлөөх зориг” гэрээг удирдлага болгон “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын гэсэн 4 үндсэн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах суурийг бэхжүүлэх” зорилгыг тодорхойлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбарын реформуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эдийн засгийн бодлогын хүрээнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэхээр төсөлд тусгасан байна. Макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засагт төрийн оролцоог бууруулах, салбаруудад бодлогын цогц реформ хийх ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх реформыг ирэх онд үргэлжлүүлэхийн зэрэгцээ олон улсын нэр хүнд бүхий банкны салбарыг дотоодын зах зээлд нэвтрүүлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, иргэд, хувийн хэвшилд олгох зээлийн хүүг бууруулах, зээл хүртээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулсан.

Эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарт бодлогын цогц шинэчлэл, реформ хийж, бүтээмж болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бол уул уурхайн салбарт тусгай зөвшөөрлүүдийг ил тод болгож, биржээр арилжаалдаг уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, ил тод тогтолцоог бэхжүүлэх зорилт тавьсан байна.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд байгалийн баялаг, нөөц, байршлын давуу талд тулгуурласан бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж, бүс бүрд ач холбогдолтой томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна гэлээ. Бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг 2025 оноос эхлэн хэрэгжүүлж, бүс орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, бүс бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ. Орон нутгийн төвлөрлийг дэмжих хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшиж буй иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотыг “20 минутын хот” буюу нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг зохистой түвшинд хүргэх бодлогын баримт бичгийг боловсруулж, түүнд суурилсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” болон бусад хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар төсөлд тусгажээ. Дагуул хотуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх юм байна. Мөн шинэ суурьшлын бүс байгуулах ажлыг эрчимжүүлж, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжин төвлөрлийг сааруулна. Улсын зэрэглэлтэй хотын дэд бүтцийг эрчимжүүлж, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даасан байх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Л.Гантөмөр сайд танилцуулав.

Хүний хөгжлийн бодлогын хүрээнд иргэн бүр нийгмийн суурь үйлчилгээнд тэгш хамрагдах, орлого олох, хөгжих боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцүүлсэн бодлогыг хэрэгжүүлэх бол хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд төрийн албаны реформыг хэрэгжүүлж, үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэн, чадварлаг, ухаалаг төрийн албаны тогтолцоог төлөвшүүлнэ. Төрийн үйлчилгээний цахимжилт, процессын дахин инженерчлэлийг үргэлжлүүлж, шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашиглан бүрдүүлж, иргэдэд ойр төрийн үйлчилгээг бий болгох юм байна.

Бодлогын тэргүүлэх 4 чиглэлийн хүрээнд төлөвлөсөн төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр улсын эдийн засаг 2025 онд 8 хувиар өсөж, экспорт 19.0 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын улсын нөөц нэмэгдэж, инфляц зорилтот түвшинд хадгалагдана хэмээн тооцжээ.

Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлд нийт 314 төсөл, арга хэмжээг 19.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5.2 их наяд төгрөг, гадаадын зээл, тусламжаар 4.2 их наяд төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.5 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц танилцуулав. Тус Байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн байна. Тогтоолын төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд, олон нийтийн саналыг авч байгааг тэрбээр дурдсан.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Тухайлбал, макро эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц Оюутолгойн бүтээн байгуулалт ирэх онд дуусах, мөн Монгол Улс хүн ам зүйн цонх үе дуусч байгааг улсын хөгжлийн төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа харгалзсан эсэхийг лавласан. Холбогдох тооцооллуудад үндэслэн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогын хүрээнд 5.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай Монгол, Францын хамтарсан Ураны төсөл тэргүүтэй 14 мега төслийг эхлүүлэх, эрчимжүүлэхээр тусгасан гэдгийг Л.Гантөмөр сайд онцлов. Эдгээрийн тал бүрийн үр өгөөж, ач холбогдлыг нийтээрээ ухамсарлаж, дэмжих шаардлага бий гэдэг тайлбарыг өгсөн. Ирээдүйн өв сан, Үндэсний баялгийн сан зэрэг нь Монгол Улс хүн ам зүйн өөрчлөлттэй уялдуулан хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ гэдэг хариултыг өгөв. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт ирэх оноос эхлэх бөгөөд энэ дагуу аймгийн төвүүд хотын статустай болох тул холбогдох бэлтгэлийг хангах, холбогдох төлөвлөлтийг ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг лавласан.

Ипотекийн зээлийн талаарх арга хэмжээний төлөвлөлтийг тодруулсан гишүүдийн асуултад хариулахдаа “Орлогод нийцсэн орон сууц худалдан авах иргэдийг дэмжих хүрээнд “Хуримтлалын сан” байгуулсан бөгөөд Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороо бодлогын түвшинд ажиллаж, энэ чиглэлийн тогтолцоог бий болгох юм. Хуримтлалын санд энэ онд 490 тэрбум төгрөг, ирэх жил 524 тэрбум төгрөгийн эх үүсвэр хуримтлагдана. Үүн дээр арилжааны банкууд болон Монголбанкнаас эх үүсвэр нэмснээр 2025 онд ипотекийн зээлийн 1.3 их наяд төгрөгийн эх үүсвэр бий болно” гэлээ. Амины орон сууцад ипотекийн зээл олгох боломжийг нээсэн хэдий ч холбогдох гэрчилгээжүүлэлт, стандартыг батлаагүй байгаа нь сорилт болоод байгаа, түүнчлэн зорилтот бүлэгтээ оновчтойгоор хуваарилах зэрэг асуудал байгаа бөгөөд эдгээрийг шийдвэрлэх арга хэмжээнүүдийг ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан гэдэг хариултыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өгсөн. Ипотекийн зээл олголтын 50 хувийг нийслэлд, гэхдээ төвөөс алслагдсан орон сууцуудад олгох, үлдсэн 50 хувийг орон нутагт олгох бодлого баримтална гэлээ. Мөн тэрбээр дотоодын хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний нөхцөл байдалтай холбогдуулан төрөөс авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Гишүүд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулсан. Ирэх оны төсвийн төслийг дагалдуулан төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ил тод байдлыг хангах чиглэлээрх бүх хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах шаардлагыг тавьж, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх болно хэмээн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулсан.

Ийнхүү “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийн явцад чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүлийн хяналтыг зогсоосон тул гол усны аюулаас сэрэмжлээрэй DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт Хэрлэн, Тэрэлж, Туул гол, голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор онцгой байдлын алба, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнтэй завьт болон хөдөлгөөнт эргүүлийг тодорхой байршлуудад ажиллуулсан.

Нийслэлийн Засаг даргын “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн А/656 дугаар захирамжаар 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хэрэгжсэн.

Энэхүү захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх голуудад завьт болон хөдөлгөөнт эргүүл, хяналтын үйл ажиллагааг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс бүрэн зогсоосон тул аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж хийлдэг завь болон зориулалтын бус хөвөгч хэрэгслийг голд тавьж ашиглахгүй байх, усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ DNN.mn

Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийн эгнээг  10 дугаар сарын 4-ний өдрийн 22:00 цагаас 6-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Ингэхдээ баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Израил улсад оршин суугаа Монгол иргэдийн анхааралд DNN.mn

Израил Улсад Монгол Улсын 80 гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд ГХЯ болон Анкара дахь ЭСЯ-наас тус улсад байгаа иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.

Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт зорчихдоо нөхцөл байдлыг урьдчилан сайтар судалж, анхаарал сэрэмжтэй байхыг иргэн Танд зөвлөж байна.

Тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд:

ГХЯ-ны +97683042222 дугаарын шуурхай утас;

consul@mfa.gov.mn цахим шуудан;

Анкара дахь ЭСЯ-ны +905340128408 /WhatsApp/ дугаарын шуурхай утас;

ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

Монголын шорт трекчид зүүн азийн цуврал тэмцээнээс 17 медаль хүртлээ DNN.mn

Филиппин улсын Манила хотод шорт трекийн Зүүн Азийн цуврал тэмцээн есдүгээр сарын 27-29-нд болж 10 орны нийт 90 тамирчин өрсөлдөв. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор оролцсон таван тамирчин нийт 17 медаль хүртсэн байна.

Тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлтуяа 1500 метрт мөнгө, 500 метрт алтан медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд Э.Мөнх-Эрдэнэ 1500, 1000, 500 метрийн зайд алт, залуучуудын ангилалд М.Борхүү 1500, 1000, 500 метрт мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ 1500 метрт мөнгө, 1000 метрт алт, Т.Тэмүүлэн 1500 метрт хүрэл, 1000 болон 500 метрт мөнгөн  медаль хүртжээ.

Мөн дээрх баг тамирчид холимог багийн 2000 метрийн зайн буухиа уралдаанд алтан медаль хүртсэнээр Филиппин улсад төрийн дууллаа эгшиглүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Орон нутгийн сонгуульд 17277 нэр дэвшигч бүртгүүлжээ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны 10-р сарын 11-ны өдөр явагдана.

Аймаг, нийслэлийн түвшинд 1,992 нэр дэвшигчийг, сум, дүүргийн түвшинд 15,285 нэр дэвшигчийг шат шатны сонгуулийн хороод бүртгэж баталгаажуулжээ\. Нийт 17,277 нэр дэвшигчийн 33.2% нь эмэгтэй нэр дэвшигчид байна.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангийн сурагчдын шүдийг ирэх сард үзнэ DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын шүдний эмгэгийг эрт илрүүлэх үзлэгийг нийслэлд арав, арваннэгдүгээр сард зохион байгуулахаар болжээ. Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн жилийн бүтцийг баталж, сурагчид бие даалтын хугацаанд музей, театр үзэх, зургаан настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулна гэж мэдээлсэн. Монгол Улсын 5-6 насны хүүхдийн 95 хувь нь шүдний өвчлөлтэй. Барагцаалбал, нэг ангийн 10 сурагч тутмын 8-9 нь шүд нь цоорсон гэх судалгаа бий.

Монгол таван настай хүүхдийн шүд цоорлын өвчин дэлхийн дунджаас хоёр дахин их байна гэдгийг албаныхан онцлов. Сүүн шүд цоорох өвчний тархалт таван настайдаа дээд цэгтээ хүрч, байнгын шүдэнд 20-24 насандаа хамгийн их байна. Хүнд хэлбэрийн өвчний тархалт 60-64 насанд дээд цэгтээ хүрч, шүдгүйдэл 85-89 нас хүртэл нэмэгдэж, дараа нь буурч байгааг мэргэжилтнүүд мэдээллээ. Орон нутгаар нь авч үзвэл, 0-5 насны хүүхдийн шүдний өвчлөл хамгийн өндөр аймаг Архангай 47 хувь, хамгийн бага нь Баян-Өлгий аймаг 21 хувьтай байгаа бол 6-17 насны хүүхдийн шүдний өвчлөл хамгийн өндөр аймгаар Завхан 74 хувь, хамгийн бага аймгаар Төв аймаг 40 хувьтай байгааг албаныхан мэдээлж байв.

 

Эх сурвалж: www.polit.mn