Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Он гарсаар төмөр замаар 3 сая.тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

“Тавантолгой төмөр зам” ХХК төмөр замын суурь бүтцээрээ 2024 оны эхний есөн сарын байдлаар өссөн дүнгээр 3 сая.тонн ачаа тээвэрлэлээ.

Энэхүү тээвэрлэлтийн хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл 2.2 дахин өссөн үзүүлэлт юм.

Тээвэрлэсэн ачааг чиглэлээр нь ангилбал, Тавантолгой-Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд 1.3 сая тонн, Тавантолгой-Цогтцэций-Тавантолгой чиглэлд 1.7 сая тонн ачааг тус тус тээвэрлээд байна.

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хангаж үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж байна гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ээлжит хуралдаанаа өнөөдөр /2024.10.04/ хийлээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ахалж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Б.Жаргалан, Б.Найдалаа, С.Цэнгүүн, Д.Энхтуяа нар гишүүнээр ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанд ажлын хэсгийн гишүүдээс гадна  Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах газар, Улаанбаатар дулааны цахилгаан станц, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Дулааны цахилгаан станцуудын цахилгааны болон дулааны инженерүүд, эдийн засагч, хуульчид оролцов. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиудын шинэчлэлийг хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, түүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. Гишүүд ажлын хэсэгт хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулах, эрчим хүчний дата мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн.

Ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг, Эрчим хүчний сайдын удирдсан баг УИХ-ын ажлын хэсэгт зөвлөн ажиллана гэдгийг мэдэгдээд зөвлөх багийн ажлын хуваарь, дэмжин туслах чиглэлийг хэрхэн тодорхойлсон талаар танилцуулсан юм. Энэхүү багт хувийн хэвшлийнхний оролцоог хангаж ажиллана гэдгийг мөн тодотголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа болно DNN.mn

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа энэ сарын 08-ны өдөр цахимаар явагдах тухай Автотээврийн үндэсний төвөөс мэдээлжээ.

Та бүхэн дараах зөвлөмжийн дагуу тус дуудлага худалдаанд оролцох юм.

Үүнд:

– Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.

– Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.

– Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.

– Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.

– Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн данс руу ажлын 7-10 хоногт буцаж орно.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 1210 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 12:30 цагийн байдлаар нийтийн тээврийн 1210 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Түйн гол дээрх 64.75 метр гүүрийг ашиглалтад орууллаа DNN.mn

Баянхонгор аймгийн Богд сумын Түйн гол дээрх 64.75 у/метр гүүрийг Их богд зам ХХК гүйцэтгэж, байнгын ашиглалтад орууллаа.

Төслийн техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллалаа.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалаа DNN.mn

“Төрийн хүндэт харуулын анги” хэмээн түмэн олонд алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх тус ангид ажиллаж, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмад дайчид болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Тэрбээр, Төрийн хүндэт харуул бол Монгол Улсын сүр хүч, ард түмний бахархал, бүрэн эрхт тусгаар улсын бэлгэ тэмдэг бөгөөд бие бүрэлдэхүүний цог жавхаа, тэсвэр хатуужил, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэл, чанд сахилга бат нь цэргийн алба хаагчид төдийгүй хүүхэд, залуучуудын үлгэр дуурайлал мөн гэдгийг онцоллоо.

Алба хаагчид цэргийн сүр жавхааг улам өндөрт өргөж, төрийн цэргийн байгууллагуудыг үлгэрлэн манлайлж явна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Цаашид Төрийн хүндэт харуулын нэр төр, ур чадвар, хувцас хэрэглэл, ахуй хангамж өндөр түвшинд байж, энэ албанд залуучууд тогтвортой алба хаах, өсөн дэвжих боломжтой орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Алба хаагчдын цалингийн шатлалыг нэмэгдүүлэх, хүндэт харуулын сургалт бэлтгэл, ахуй хангалтыг олон улсын жишигт хүргэх, бие бүрэлдэхүүний нөхөн хангалтыг ойрын хугацаанд бүрэн шийдвэрлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны дараа Нийслэл хүрээний цэргийн комендантаас Улаанбаатар хотын комендант болсон нь 032 дугаар ангийн түүхэн замналын эхлэл юм.

Тус анги цэргийн ёс журам сахиулах, Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг гүйцэтгэх, Төрийн их сүлд шүтээнийг сахин хамгаалах үүргээ нэгэн зууны турш нэр төртэй гүйцэтгэж байна.

Манай улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо идэвхтэй явуулж, гадаадын өндөр, дээд түвшний айлчлал эрс нэмэгдэж байна.

Энэ онд гэхэд л Төрийн хүндэт харуул долоон улсын төрийн тэргүүн, 12 улсын Элчин сайдыг хүлээн авч, 200 гаруй төрийн болон цэргийн ёслолын үүрэг гүйцэтгэсэн нь 2020 онтой харьцуулахад гурав дахин өсжээ.

Тус анги өнгөрсөн хугацаанд 5,900 гаруй төрийн болон цэргийн ёслолын үүргийг өндөр түвшинд гүйцэтгэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тус ангид ажиллах үеэрээ төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа, Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирснийг нь сайшааж, тус ангийн алба хаагчдын ажлын орчныг сайжруулахад зориулан “Ахуйн үйлчилгээний төв” байгуулах төсөл хэрэгжүүлэх болсныг батламжлав.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар авто замын борооны ус зайлуулах 400 гаруй худгийг засварлаад байна DNN.mn

Улаанбаатар хот авто замын борооны ус зайлуулах 4000 гаруй шүүрт худаг, үзлэгийн 3800 гаруй худагтай. Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 655 авто замын борооны ус зайлуулах үзлэгийн худаг, шүүрт худаг засварлахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 400 гаруй худгийг засварлаад байна. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан Буянт-Ухаа 1 хорооллын автобусны буудал орчимд ажиллалаа.

Тэрбээр “Буянт-Ухаа 1 хорооллын автобусны буудлын шүүрт худаг суулт өгч, цөмөрсөн тул засварлаж байна. Энэ мэтчилэн борооны ус зайлуулах үзлэгийн худаг, шүүрт худгийг шөнийн цагаар авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хоёр бригад гарч засварлаж байгаа юм. Төлөвлөсөн худгуудыг аравдугаар сарын 15 хүртэл засварлаж дуусгахаар ажиллаж байна” гэв.

Түүнчлэн ГУББГ нь авто замын борооны ус зайлуулах 4000 гаруй шүүрт худгийн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг бөгөөд жилд 2-3 удаагийн давтан цэвэрлэгээ хийдэг байна. Мөн Нэгдүгээр хорооллын арын гудамж, Дарь-Эх, Цайз зэрэг гэр хороололтой ойрхон байршлуудад гурваас ч олон удаагийн цэвэрлэгээ, үйлчилгээ үзүүлдэг аж. Учир нь шүүрт худгууд том оврын машинд дайруулан эвдрэх, хүний буруутай үйлдэл буюу хог хаягдлаар дүүрэн бөглөрөх, байнгын хөдөлгөөний нөхцөл байдлаас үүдэн эвдрэл, гэмтэл ихээр үүсдэг талаар тэрбээр онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манхан-Булган-Улсын хил чиглэлд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагджээ DNN.mn

Манхан-Булган-Улсын хил чиглэлд “Цахирын нуруу”-нд 130-136 км-т нойтон цас орж халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон байна.

Та бүхэн анхаарал болгоомжтой хурдаа тохируулан зорчино уу

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг танилцууллаа DNN.mn

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформ, нийслэлийн төвлөрлийг сааруулах том төслүүдийг эхлүүлэх зорилтын хүрээнд төсөвлөгдсөн байна.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурт нийцэж байгаа эсэхэд аудитаар дараах дүгнэлтийг  гаргажээ. Үүнд:

Нэг. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж байна.

Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 42.6 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаатай нийцэж байна.

Хоёр. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, Нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн ДНБ-ий хоёроос дээш хувийн ашигтай байх, Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн тусгай шаардлагуудыг хангасан байна.

Гурав. Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлалд нийцсэн боловч Улсын Их Хурлаас тухайн жилийн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлаагүйгээс түүнд чиглэсэн эсэхийг харьцуулан дүгнэх боломжгүй хэмээн дурдсан байлаа.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг дараах холбоосоор нэвтэрч танилцана уу. https://open.audit.mn/reportSingle/12176

Categories
мэдээ нийгэм

Булган, Дорнод, Сүхбаатар аймагт ой хээрийн түймэр гарчээ DNN.mn

Булган аймгийн Сэлэнгэ сум, Дорнод аймгийн Халхгол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт ой хээрийн түймэр гарчээ.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн баг “Сайрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 138 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км, Хялганат тосгоноос хойд 18 зүгт км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 02-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд, Хангал сумын Хялганат тосгоны сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид аравдугаар сарын 02-ны өдрийн 16:50 цагт ойн түймрийг цурамд оруулж, аравдугаар сарын 03-ны өдрийн  10:25 цагт ойн түймрийг бүрэн унтраажээ. Уг түймэрт 0,5 га ой шатсан байна.

Мөн Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр баг, “Цагааннуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 365км-т, сумын төвөөс урд зүгт 5км/-т хээрийн түймэр гарчээ. Түймрийг аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн  алба хаагчид ажиллаж, унтраасан байна. Уг түймэрт нийт 75 га талбай өртжээ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Бадрах баг, “Бор өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 235км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20км/-т гарсан хээрийн түйрийг аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, Орон нутгийн иргэд, 1:55 цаг ажиллаж бүрэн унтраасан байна. Уг  түймэрт нийт 80 га талбай өртжээ.