Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс сэргээлээ DNN.mn

Иргэдийн шилжилт хөдөлгөөний зохицуулалт өнөөдрөөс дуусгавар болж, хэвийн горимд шилжүүллээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдрөөс түр хугацаанд зогсоосон юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын бүртгэлд бүртгэгдсэн жоргүй олгох эмийн жагсаалт DNN.mn

Энэ сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан бүх эмийг жороор олгоно гэх ташаа мэдээлэл тархсан. Үүнээс улбаалж зарим эмийн сан жоргүй олгодог эмээс жор нэхэх тохиолдол цөөнгүй гарч байна.

Монгол Улсын эмийн бүртгэлд өнөөдрийн байдлаар 4110 эм бүртгэлтэй байгаагаас 2870 нэрийн эмийг жороор, 1154 жоргүй, 78 эмийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэхээр байна.

Жоргүй олгодог эмийн жагсаалтыг  Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас гаргасаныг та бүхэнд хүргэж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Л.Сосорбарам Абу Дабигийн их дуулгаас мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Абу Дабигийн их дуулга Эмират улсад боллоо. Тэмцээнд Монголын хоёр жүдоч оролцсоноос Лхагвасүрэнгийн Сосорбарам эмэгтэй -52 кг жинд мөнгөн медаль хүртлээ. Бразилын Аманда Лима, Унгарын Роза Гертяс нарыг ялж финалд шалгарсан тэрээр финалд АНЭУ-ын тугийн дор барилдаж буй Бишрэлтийн Хорлоодойд ялагдсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дараах 6 байршилд авто зам засварын ажил үргэлжилж байна DNN.mn

Дараах 6 байршилд авто замыг хааж, шинэчилнэ.

  • Налайхын авто замаас “Скай ресорт” хүртэлх авто замыг аравдугаар сарын 11-ний өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Хурдны замаас Архивын ерөнхий газар хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
  • Гадаад харилцааны яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • “Хоме плаза”-гийн уулзвараас “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  • Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замын баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Улаанбаатар төмөр замын өртөөнөөс “Барс” захын уулзвар хүртэлх авто замын урд хэсгийн эгнээг аравдугаар сарын 11-ний өдрийн 22:00 цагаас 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж шинэчилнэ. Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах юм.

Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: “Цахилгааны үнэ нэмэгдвэл бид улам сөхөрч туйлдана” гэж иргэд бухимдаж байна DNN.mn

“Монгол Улс 2025 он гэхэд тарифын шинэчлэл хийхгүй бол цахилгаан эрчим хүчний салбарт 825 тэрбум төгрөгийн санхүүгийн алдагдал хүлээхээр байна” гэж Дэлхийн банк мэдээлсэн. Иймд ирэх сарын нэгнээс цахилгааны үнийг 30 хувь, дулааны үнийг 50 хувиар нэмэхээр болсон тухай яригдаж байна. Хэрэв энэ шийдвэр хүчин төгөлдөр болбол та сард тогны мөнгөнд 50 мянган төгрөг төлдөг байсан бол 65 мянган төгрөг төлнө. Дулаанд 200 мянган төгрөг төлдөг байсан бол 300 мянгыг төлдөг болох нь. Энэ асуудлаар гэр хорооллын айл өрхүүдээс сурвалжилга бэлтгэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны иргэн Б.Ганчимэгийн гэрт очлоо. Тэрээр тог цахилгааны үнэ нэмэгдэнэ гэх мэдээллийг хэдийнэ авчээ. “Ард иргэд бид чинь үнийн өсөлтөд сөхөрч туйлдлаа. Яасан иргэдээ боддоггүй хатуу харгис төр засаг вэ. Юм л бол татвар нэмнэ, юмны үнэ нэмнэ гэж иргэдээ чангалж байх юм. Ийм төр засагтай байгаадаа гутарч байна.

Энэ өвөл өмнөх жилүүдээс хүйтэн болох байдал мэдрэгдээд байна. Намрын сэрүүн их эрт унасан. Хүйтэн өвөл айсуй энэ баргар өдрүүдэд цахилгааныхаа үнийг бүр 30 хувиар нэмнэ гэж ярьж байгаа нь яс янгинамаар санагдаж байна” хэмээн ихэд бухимдан угтсан юм. Тэднийх хоёр өрөө байшинтай. Байшинд ороход гал түлсэн, дулаахан байлаа. Цаад талынх нь өрөө рүү ороход дээрээ хоёр ширэмтэй халдаг плитка, мөн та бидний нэрлэж заншсанаар тень буюу цахилгаан халаагуур хоёрыг өрөөний голд зэрэгцүүлэн тавьжээ.

Өмнөх жилүүдэд тэднийх гал түлэхгүйгээр плитка, тень хоёроо залгаад л өвлийг өнтэй давдаг байж. Эднийх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 135, арванхоёрдугаар сард 180, энэ оны нэгдүгээр сард 170, хоёрдугаар сард 125 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт төлжээ. Эдгээр мөнгөн дүн нь Засгийн газрын зүгээс үзүүлдэг цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтийг хасаж тооцсон дүн гэдгийг хэлэх нь зүйтэй.

Харин энэ жил цахилгааны тариф нэмэгдэх гэж байгаа учраас гал түлэхээр шийдсэнээ гэрийн эзэгтэй хэлсэн юм. Тэднийх сургуулийн насны гурван хүүхэдтэй. Гэрийн эзэгтэй өвлийн улиралд 06:30 цагаас ажилдаа гардаг. Өмнө нь цахилгаанаар гэрээ халаагаад ажил руугаа явдаг байсан бол энэ жилээс эхлэн хүүхдүүдээ босохоос өмнө гал түлэх хэрэгтэй болж байна. Гэрээ цахилгаанаар халаадаг байхад хүүхдүүд маань гэртээ дулаахан байгаа гэж бодон санаа амар ажлаа хийдэг байсан. Харин энэ жил цахилгаан халаагуураа шаардлага гарсан үедээ л ашиглахгүй бол тогны мөнгийг нь төлж дийлэхгүй юм байна. Цахилгааны тарифаа сар бүрийн 25-наас өмнө төлөхгүй бол тог тасалчихна. Тасарсан тогоо тав, арван цаас төлөөд мэргэжлийн хүн ирж залгаж өгдөг хэмээн тэрээр ярьсан юм.

Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны иргэн Д.Амарсайхан “Цахилгааны тарифыг 30 хувиар нэмж байгаа нь туйлын буруу шийдэл. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар 10 мянган айлыг орон сууцжуулна, цахилгааны үнийг нэмэхгүй гэсэн ч юу ч хийгээгүй. Удахгүй аймаг, дүүрэг, сумдын ИТХ-ын сонгууль болох гэж байна. Цахилгааны асуудлыг хөндөж байгаа ганц ч хүн алга. Бүгд эрх мэдэл, албан тушаалын тухай л бодож байгаа. Дөрвөн жилийн дотор тэтгэвэр нэмснээс өөр дорвитой, бодитой ажил бага хийлээ. Цахилгаан, дулааны үнэ нэмэгдчихвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бензин шатахууны үнэ бүгдээрээ өснө. Энэ нь нэг талаараа хувийн компани, ААН-үүдэд хүнд цохилт болно. Засгийн газар цахилгааны үнийг нэмэхгүй байх тал дээр нөөц бололцоогоо дайчилж ажиллаасай гэж хүсэх байна” гэсэн юм. Мөн гал түлэхийн тулд сайжруулсан түлш, түлээ худалдаж авах хэрэгтэй болно. Нэг өрхөд долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш өгдөг. Нэг шуудай түлш 3750 төгрөг. Нэг шуудай нүүрс нэг өдөртөө л дуусчихдаг. Идэр есийн үеэр долоо хоногт зургаан шуудай нүүрс хаанаа ч хүрдэггүй гэж иргэд ярьж байсан юм. Үүнээс гадна түлээний үнэ хүйтрэх тусам нэмэгддэг талаар иргэн н.Арилды хэлэв. Тэрээр “Энэ зун Хангай захаас нэг шуудай модыг 7000 төгрөгөөр авсан. Гэтэл 14 хоногийн өмнө 7500, долоо хоногийн өмнө 8000 төгрөг болж нэмэгдсэн. Өвлийн улиралд түлээний үнэ 15000 хүрдэг. Нэг шуудай мод өвлийн улиралд ихдээ 2-3 хоног л хэрэглэгддэг. Эндээс нэг тооцоолол гарч байгаа юм. Нэг айл сарын хэрэгцээндээ зориулан 24 шуудай сайжруулсан түлшийг 90 мянган төгрөг, 15 шуудай модыг нэг бүрийн үнийг 15 мянган төгрөгөөр тооцож авбал 225 мянган төгрөг, нийт 315 мянган төгрөгөөр худалдан авна. Энэ мөнгө айл өрх бүрийн хувьд харилцан адилгүй хэмээн өгүүллээ.

Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны ахмад настан Б.Оролзод “Энэ шийдвэрийг би огт зөвшөөрөхгүй байна. Энэ асуудлаар ард түмнээс санал асуулга авбал нэм гэх хүн ховор л байх. Амьдрал хэцүү байна шүү дээ. Манайх өвөлдөө галладаг. Сард 45 мянга гаруй төгрөгийг цахилгааны төлбөрт төлдөг. Хэрэв үүнийг 30 хувиар нэмбэл сард 60, 70-аад мянган төгрөгийг төлнө гэсэн үг. Манайд хөгшин бид хоёр л амьдардаг. Тэтгэврийн зээл авах хэрэгцээ шаардлага гардаг ч огт авалгүй өдийг хүрсэн. Баяр наадмын үеэр тэтгэврийн мөнгө маань хаанаа ч хүрэлцдэггүй. Цагаан сар тэмдэглэх гэж үйлээ үздэг. Бид чинь үр хүүхдээ зулгааж чадахгүй юм байна шүү дээ. Хөгшин бид хоёр тэтгэвэр буухаар 25 кг-ын нэг шуудай гурил авчихдаг. Тэр гурилаараа талх, боорцогоо хийгээд идэхээр ядаж л талханд мөнгө үрэхгүй юм даа. Би ходоодны шархтай учраас аргагүйн эрхэнд энэ сард 14 хоног эмнэлэгт хэвтлээ. Эмчлүүлээд гарахад эмч 316 мянган төгрөгийн эм бичиж өгсөн. Энэ мөнгөө жаахан ч болов хөнгөлүүлэх санаатай өрхийн эмч дээрээ очиход ганцхан эм нь л хөнгөлөлттэй байсан. Манай ард түмэн дэндүү номхон юм даа” гэсэн юм.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Ариунаа “Цалингаас хуримтлал үүсэхгүй байна. Саяхан миний цалин буулаа. Ингээд би лизинг, тог, телевиз гээд бүх төлбөрөө төлчихөөд дэлгүүр ороод охиныхоо дуртай “Өгөөж”-ийн Жимст боорцогийг авах гэтэл 7500 төгрөг байсан боорцог найман мянга хэдэн зуу болчихсон байсан.

Манай тогны мөнгө дулааны улиралд 50 мянга гаруй төгрөг, хүйтний улиралд 70 мянган төгрөг болдог. Хэрэв нэмэгдвэл 100 мянга хүрэх нь байна шүү дээ. Охин маань ханиадтай байгаа. Өвөл эхлээгүй байхад л нөхцөл байдал ийм байна шүү дээ. Би хүүхдээ эмнэлэгт ч үзүүлж чадахгүй байна. Хэвт гэх юм болов уу гэж айгаад. Хэрэв эмнэлэгт хэвтвэл ажил тасалдаад цалин мөнгөө бүтэн авч чадахгүй. Тиймээс гэрээр эмчлээд л байж байна. Нэг хүүхэд ханиад хүрвэл бусад нь бас ханиад авчихна. Эмийн сангаас нэг хүүхдэд ханиадны эм авахад багадаа л 30 мянган төгрөг болдог. Манайх амралтын өдрүүдээр байранд амьдардаг эгчийндээ очиж усанд орж, хувцсаа угаадаг. Гэтэл одоо цахилгаан, дулааны мөнгө нэмэгдчихээр очихоосоо ч санаа зовж байна. Гэр хорооллын хүмүүс яг үнэндээ амьжиргаагаа яая даа гэж байгаа хүмүүс байдаг. Хоолгүй хонож байгаа хүмүүс олон байгаа. Цахилгааны үнэ нэмэгдвэл ард иргэдийн нуруун дээр ямар их ачаалал ирэхийг шийдвэр гаргагчид доторлох битгий хэл гадарлах ч үгүй байна гэж харж байна” гэсэн юм.

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Доржхүү “Манайх Баянхошуунд хоёр давхар амины орон сууцтай. Өвөлд байшиндаа галлагаа хийхгүйгээр цахилгаанаар халаадаг. Тэгэхэд 400 мянга гаруй төгрөгийг тогны мөнгөнд төлдөг. Ажил хийж байгаа юм хойно өвчин зовлонд өгөхгүй байгаа юм байна гэж бодоод нүдээ аниад л төлдөг. Гэтэл энэ өвлөөс 500 мянга гаруй төгрөг төлөх шаардлагатай болох юм байна” гэв.

Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны иргэн Б.Болдбаяр “Цахилгааны тариф хямдхан байдаг бол халаалтаа тогоор шийдмээр байна. Тогны мөнгө нэмэгдээд

халаалтаа цахилгаанаар шийддэг болбол амь зуух мөнгө үлдэх юм уу. Манайх зургаан ам бүлтэй. Өрхийн нийт орлогоо ам бүлийн тоондоо хуваавал нэг хүнд үнэндээ тураалд орохоор мөнгө оногдож байна. Сарын өмнө дэлгүүрээс 100 мянган төгрөгөнд хүнс авахад тор дүүрдэг байсан бол одоо тор дүүрэхгүй байна. Байгууллагууд ч ажилчдадаа хугацаанд нь цалинг нь өгч чадахааргүй нөхцөл байдал үүсэхэд ойрхон байна. Ийм нөхцөлд цалингаа нэм гэж хэлэх арга алга. Цалин нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихдөг болохоор нэмэгдээд ч нэмэргүй дээ. Манай гэрийн ойролцоох дэлгүүрүүд талх хувааж зараад эхэлчихсэн байна лээ” гэсэн юм.

Бидний уулзсан хүмүүс дотор баяртай байгаа хүн ганц ч байсангүй. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлбэл олон айл өрх цахилгаан халаагуураа хэрэглэхээ больж сайжруулсан түлшээ түлж эхлэх нь мэдээж. Үүнийг дагаад хүүхэд гэлтгүй ханиад томууны дэгдэлт өснө. Мөн тог, дулаан ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэрүүд урсгал зардлаа нөхөхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ үнэ өртгийг нэмэх нь гарцаагүй. Нийгмийн

бүх хэсэгт ачаалал очно. Энэхүү хүнд нөхцөлд энэ шийдвэрээ дулааны улиралд хэрэгжүүлээд өвөлд нь цахилгаан, дулааны тарифаа нэмэхгүй байж болдоггүй юм болов уу гэж цөхөрсөн иргэд ам асууж байлаа.

Гэр хороололд гурван хүүхдийнхээ хүүхдийн мөнгө болох 300 мянган төгрөг, “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50 мянга, нийт 350 мянган төгрөгөөр амьдардаг өрх толгойлсон ээжтэй таарлаа. Нөхөр нь сар хагасын өмнө салаад явчихсан. Түүнийг хөдөлмөрийн чадвартай гэж үзээд төрөөс хүнсний талон өгөхөө больчихсон гэнэ. Дөрвөн сартай хүүхдээ хараад гэртээ суудаг энэхүү ээж сард 315 мянган төгрөгөөр түлш, түлээгээ аваад үлдсэн 35 мянган төгрөгөөр нь яаж амьдрах юм бэ гээд хоолой нь зангирч байсан юм.

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Д.Ганболд: Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд боловсролын салбартаа анхаарах ёстой. Боловсролтой иргэд л баялаг бүтээнэ шүү дээ DNN.mn

МУБИС-ийн Багшийн сургуулийн МХНУ-ны тэнхимийн багш, доктор Д.Ганболдтой багш мэргэжлийн талаар ярилцлаа.


-Та боловсролын салбарт хэчнээн жил ажиллаж байна вэ. Анх багш болсон үеэ дурсан ярьж болох уу?

-Би 1990 онд МУБИС-ийн Багшийн сургуулийг төгссөн. Тэр цагаас эхлээд боловсролын салбарт 34 жил ажиллаж байна. Ингэхдээ боловсролын бүх шатны байгууллагуудад ажилласан. Сургуулиа төгсчихөөд хөдөө орон нутагт бага ангийн багшаар очсон. 1990 онд төрийн бичгийг монгол бичиг болгох нь зүйтэй юм байна гэж үзээд сурагчдад 1 дүгээр ангиас нь эхлээд монгол бичиг заах шийдвэр гарсан. Монгол бичиг заах шийдвэр гэнэт гарсан учраас багш нар бэлтгэгдээгүй байсан. Тухайн үед Багшийн сургуулийн оюутнуудаас шалгалт аваад хамгийн өндөр оноотой 30 оюутныг нэг бүлэг болгоод нэг жил түргэвчилсэн байдлаар монгол бичгийн багш бэлдсэн. Тэдний нэг нь би байсан. Ингээд дөнгөж сургуулиа төгссөн оюутан монгол бичгийн хичээл заах арга зүйн туршлагыг түгээн зуны гурван сар ахмад багш нарт хичээл заасан. Тэгээд 9 дүгээр сарын 1-нээс эхлэн сурагчдад хичээл заахад хүүхдүүд монгол бичгийг маш их сонирхож байсан. Залуу хүний хувьд ахмад багш нарт эхлээд хичээл заасан гэдэг маань нэр төрийн хэрэг байсан.

-Багш мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу байв?

-Би суманд сурдаг байсан. 1986 оны үед 8 дугаар анги төгссөн хүүхдүүдийг Тусгай мэргэжлийн сургуулиудад оноогоор нь жагсааж оруулдаг байсан.

Өндөр оноотой хүүхдүүд энэ сургуулийг сонгох эрхтэй байдаг. Намайг ороход Багшийн сургууль, Анагаахын сургууль, Барилгын техникум зэрэг сургуулиуд байсан. Багш маань чиний сурлага энэ сургуулиудад тэнцэж байна, алийг нь сонгох вэ гэж асууж байж билээ. Энэ сургуулиудаас Багшийн сургууль нь л Улаанбаатар хотод байсан. Ингээд би ямар ч байсан багш болъё гэж бодоод Бадрангуй алдарт Багшийн сургуулийг сонгосон. Энэ нь оносон. Багшийн сургууль бол 104 жилийн түүхтэй суутнуудыг төрүүлдэг эрдмийн өргөө юм. 10 жил бага боловсролын салбарт багш, хичээлийн эрхлэгч хийж байгаад дараа нь МУБИС-ийн Монгол судлалын сургуулийг төгссөн. Энэ нь бас өөрийгөө нээх, хөгжүүлэх боломжийг надад өгсөн.

-Таныхаар багш мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ. Таны сэтгэлд тод үлдсэн нандин дурсамж бий юу?

-Би бага ангийн багшаар 10, дунд ангийн багшаар мөн 10 жил ажилласан. Энэ хугацаанд олон шавьтай болсон байна. Шавь нар маань одоо нийгмийн бүх салбарт ажиллаж байна. Үүнийг нь хараад шавь нараараа маш их бахархдаг. Сүүлийн жилүүдэд би багш бэлтгэх сургуульд ажиллаж байна. Анхны шавь нар маань одоо багш болчихсон байгаа. Багш хүний хамгийн гол бахархал бол шавь нарынх нь амжилт байдаг. Хаана ч явсан багш аа гэж дуудуулж явах сайхан. Багш хүний үндсэн үүргүүдийн нэг нь нийгмийг соён гэгээрүүлэх явдал. Тиймээс сайн сайхан нийгмийг бүтээхийн төлөө ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байдаг.

-Та шавь нараа тоолж үзэж байв уу. Ер нь ойролцоогоор хэд орчим шавьтай вэ?

-Тийм ээ. Одоогоос 3 жилийн өмнө бага, дунд, их сургуулийн 4500 орчим шавьтай юм байна гэсэн тооцоо гаргаж байсан. ЕБС-ийн багшаар ажиллахдаа 3000 гаруй хүүхдэд Монгол хэл, уран зохиолын хичээл заасан. Багш бэлтгэх сургуульд ирээд 3000 гаруй оюутанд хичээл заасан байна. Ингээд барагцаагаар 6030-аад шавьтай болсон байна, гэхдээ нарийн тоолж үзээгүй.

-Багш хүнд байх ёстой хамгийн эрхэм чанарын тухайд та юу гэж боддог вэ?

-Нэгдүгээрт, онолын өндөр мэдлэгтэй. Хоёрдугаарт, арга зүйтэй. Гуравдугаарт, ёс зүйтэй байх. Багш хүнд хоёр далавч бий. Яг л шувуу шиг. Хэрвээ зөвхөн онолын мэдлэгтэй, эсвэл арга зүйтэй бол нэг л далавчтай шувуу гэсэн үг. Ийм шувуу нисэж чадна гэж үү. Тиймээс онол болон арга зүйн өндөр мэдлэгтэй байвал маш сайн багш болж чадна. Мөн үндэсний хэл соёлынхоо талаар өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Багш хүн соёлын өвийг тээгч байдаг учраас сурагчдадаа үргэлж түүх соёлоо сурталчилж байх шаардлагатай. Багш бүхэн шавь нарынхаа дунд амьдардаг, бүхий л үйл тэдний нүдний өмнө нээлттэй учраас сурагчид багшаасаа үлгэр дуурайл авч байдаг. Тиймээс багшид харилцааны болон ёс зүйн зөрчил гаргах эрхгүй. Багш хүн шавьдаа зайлшгүй байх ёстой мэдлэг, чадвар, хандлагыг цаг тухайд нь өгөх үүрэгтэй. Багшийн ажлаасаа гадна ажиллаж байгаа орон нутгийнхаа ард иргэдийг соён гэгээрүүлэх талаар төрөл бүрийн ажлууд зохион байгуулж болно шүү дээ. Би сургуульдаа номын клуб ажиллуулдаг. Учир нь оюутнууд ном уншсанаараа ихийг сурах хүсэл тэмүүлэлтэй болдог. Би өөрөө ч сэтгэл ханамжтай, шавь нар маань ч сэтгэл ханамжтай байвал сайхан шүү дээ.

-Танай сургуулийн оюутнуудын хүйсийн харьцаа ямар байдаг вэ. Ихэвчлэн эмэгтэй оюутнууд байна л даа.

-МУБИС-ийн хувьд авч үзвэл нийт оюутнуудын 27-30-аад хувь нь эрэгтэй. Харин бага ангийн багш мэргэжлээр сурч буй нийт оюутнуудын 6-7 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Энэ нь нэг талаар бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын ихэнх нь эмэгтэй багш байдагтай холбоотой байж магадгүй. Харин сүүлийн үед эрэгтэй оюутнуудын тоо нэмэгдэх хандлагатай байгаа.

-Бага боловсролын багш мэргэжлээр төгсөж буй оюутнуудын хэдэн хувь нь цаашид мэргэжлээрээ ажиллаж байгаа вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

-Сургуулийн хөтөлбөрийн албанаас “Мөшгих судалгаа”-г жил бүр хийдэг. Судалгааны дүнгээс харахад нийт төгсөгчдийн 90-ээс дээш хувь нь мэргэжлээрээ ажилладаг. Арваад хувь нь мэргэжил дээшлүүлэх болон бусад салбарт ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд манай улс багшийн хомсдолд орчихоод байна. Тийм учраас оюутнууд сурах явцдаа дадлагажигч багшаар ажиллаж байна. Төгсөгчдөд маань ажлын байрны хүртээмж маш сайн.

-Багш мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмж одоогоос хэдэн жилийн өмнөхийг бодоход багасчихав уу даа гэж хардаг. Та энэ талаар ямар байр суурьтай байна. Эсвэл хот хөдөөгөөрөө ялгаатай байна уу. Суманд багшийн мэргэжил нэр хүндтэй ажил хэвээрээ байгаа шүү дээ?

-Монголчууд багшийг үеийн үед хүндэлсээр ирсэн. Би багшийн нэр хүнд унаагүй гэж бодож байна. Яагаад гэвэл сошиал орчинд байгаа зүйл олон хүнийг хамарч чадахгүй байгаа. Би оюутнуудаа дагуулаад дадлагын сургуулиудаар явж байхад нийт эцэг эхчүүд багшид маш их дэмжлэг үзүүлдэг, багшийг хүндэлдэг гэдэг нь ажиглагддаг. Энэ олон мянган багш нар дунд алдаа гаргаж байгаа хүмүүс байж магадгүй. Үүнийг нь олон нийт бүх багш нар ёс зүйгүй болчихсон юм шиг хараад байна. Харин багш мэргэжлийг сонгож байгаа хүүхдийн тоо багассан. Энэ нь олон төрлийн шинэ мэргэжил гарч ирсэнтэй холбоотой байж магадгүй. Залуучууд багшийн мэргэжлийг одоохондоо сон-гохгүй байгаа ч ирээдүйд сонгоно гэдэгт итгэлтэй байна. Дэлхий дээр багшийн мэргэжил мөнхийн мөнхөд байх ёстой. Хүн багшаар л хичээл заалгаж, амьд харилцаа тогтоож байж сурдаг. Багш нар хичээл заахдаа техник технологийг 30 хувь л ашиглаж болно. 70 хувь нь багшийн оролцоо байдаг. Тиймээс багш мэргэжил аль ч цаг үед байх ёстой. Байх ч болно. Хүн төрөлхтөн хуримтлуулсан туршлагаа дараа үедээ өвлүүлэхэд багш хүн л хэрэгтэй.

-Багш нарт олон асуудал тулгамдаж байгаа нь мэдээж. Танай салбарын гол асуудлыг та юу гэж харж байна?

-Хүн амын өсөлттэй холбоотойгоор сургуулиудын барилга байгууламж, орчны асуудлыг яаралтай шийдэж чадаагүйгээс болж хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байна, багшийн ачаалал их байна. Багш нь байгаа хэрнээ сургалтын орчин нь муу учраас сургалт явуулах ямар ч боломж байхгүй. Багшийг үе шаттайгаар бэлдэх нөөц боломж байгаа. Хамгийн гол нь сургуулийн барилга байгууламжийг орчин үеийн стандартын дагуу барих шаардлагатай. Дэлхийн хөгжсөн улс орнуудад сургууль нь нэг ээлжээр хичээллэж байна. Ийм тохиолдолд сурагчид өглөө нь хичээлдээ ирчихээд үдээс хойш нь хөгжүүлэх сургалтууддаа ороод явчихдаг. Тэгэхээр хүүхдүүд илүү хөгжиж байна. Гэтэл манай улсад хүүхдүүд хичээлээ дуусгаад л гэр лүүгээ явчихдаг. Орчин үеийн стандартын дагуу сургууль нь номын сан, урлаг заал, спорт заал, хөгжүүлэх төвүүдтэй иж бүрэн байх ёстой. Тэргэнцэртэй хүүхэд орж ирлээ гэж бодоход хаана ч чөлөөтэй явах боломжтой байх хэрэгтэй. Ингэснээр тэгш хүртээмжтэй байдал хангагдана. Ялгаатай байдал бий болчихсон байна. Нэг хэсэг нь дэлхийн жишигт нийцсэн хувийн сургуульд явж байхад нөгөө хэсэг нь багтаж ядсан сургуульд 50,60-аараа суугаад хоёр гуравхан цаг хичээллэчихээд явж байгаа нь харамсалтай. Энэ бүхний цаана хүүхэд хохирч үлдэж байна. Хүүхэд бол ирээдүйн Монгол орны ажиллах хүч, баялаг бүтээгч. Тийм байхад нэг хэсэг нь маш сайн бэлтгэгдээд, нэг хэсэг нь хохирч үлдээд байвал яваандаа улс орны эдийн засагт нөлөөлдөг. Тиймээс сургуулиудыг стандартын дагуу яаралтай барих хэрэгтэй байна.

-Нийгэмд багшийн хомсдол үүсчхээд байна шүү дээ. Та ер нь 45 хоногийн сургалтын талаар ямар байр суурьтай байна?

-45 хоногийн сургалт бүх мэргэжил дээр боломжгүй. Зарим мэргэжил дээр боломжтой байж магадгүй юм. Жишээлбэл, их сургуулийн химийн ангийг төгссөн хүн химийн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэгтэй байгаа. Хэрвээ тэр хүн дүнгийн голч өндөртэй, ёс зүйтэй, төлөвшилтэй бол тухайн хүнийг маш сайн судалж үзээд түргэвчилсэн багшлахуйн сургалтад хамруулаад багш болгох боломжтой. Энэ хүнд онолын мэдлэг нь байгаад байна шүү дээ. Арга зүйг нь МУБИС-д зааж өгөөд ажлын байранд гаргах боломжтой. Харин хугацаа нь тухайн мэргэжил болон хүнээсээ хамаараад өөр өөр байх магадлалтай. Сайн мэргэжилтнүүдийг багш болгодог туршлага гадны орнуудад байдаг. Их сургуулийн химийн анги төгссөн оюутан багш болох юмсан гэж мөрөөддөг байсан байж магадгүй шүү дээ. Тэр хүнд багшлах арга зүйг нь заагаад өгчихвөл багш болох бүрэн боломжтой. 45 хоног гэдэг бол олон боломжийн нэг нь.

-Багш нарын цалин хангамжийн асуудал үеийн үед л яригдаж ирлээ шүү дээ. Гэтэл дорвитой өөрчлөлт орохгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Төр засгаас багш нарын цалин хөлсийг нэмэхийг л бодож байгаа. Би энэ талаар судлаагүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ бүх салбарын ажилчдын цалин өндөр баймаар байна. Цалин хөлс хангалтгүй байгаа нь улс орны суурь эдийн засагтай л холбоотой байх гэж бодож байна. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд боловсролын салбартаа анхаарах ёстой. Боловсролтой иргэд л баялаг бүтээнэ шүү дээ.

-Ямар ч мэргэжлийнхэнд нийтлэг дутагдал байдаг шүү дээ. Тэгвэл багш нарт ямар дутагдалтай тал ажиглагдаж байна вэ?

-Нийт багш нарт ийм дутагдал байна гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Бүх хүнд дутагдал байгаа. Хамгийн гол нь ямар ч мэргэжлийн хүн өөрийнхөө алдааг эргэцүүлэн боддог, хувийн зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Ингэж чадвал алдаа дутагдал багасаж, ажлын чанар дээшлэх бүрэн боломжтой.

-Сурагчдаасаа бэлэг авчихлаа гэдэг зүйл яригддаг. Манай сонин багш, эмч нар шавь, өвчтөний өгсөн зүйлийг авч болно гэдэгт бат байр суурьтай байдаг. Баярласан сэтгэлээ илэрхийлээд яагаад юм өгч болохгүй гэж. Энэ чинь хүүхдийн сэтгэл шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Шавь нь багшдаа чин сэтгэлээсээ талархаад цэцэг, ном өгч болно гэж бодож байна. Харин сурагчид зохион байгуулалтад ороод, мөнгө төгрөг хураагаад багшдаа бэлэг өгч байгаа бол өөр хэрэг. Ингэж болохгүй. Чин сэтгэлээсээ өгч байгаа зүйл л бэлэг болж чаддаг. Бэлэг гэдэг хэн нэгнээс авч байгаа шан харамж биш шүү дээ. Багш нар сурагчдаасаа бэлэг авч байгааг хүмүүс цахимаар харчихаад бүх багш бэлэг авдаг юм шиг боддог. Монголын багш нарын сайн тал нь их. Үүнийг л олон нийтэд харуулмаар байна. Нэг багшийн алдааг л сэвээд байх нь нийгэмд аюултай.

-Шавь нартаа үргэлж захиж хэлдэг үг байдаг уу?

-Мэдлэг, чадвар, хандлага гурвыг оюутнууд маань эзэмших хэрэгтэй. Харин багш хүнд байх ёстой хамгийн чухал чанар бол сайн хүн байх явдал. Сайн мэргэжилтэн хэрнээ сайн хүн биш бол хэцүү. Мэдлэг, чадварыг эзэмших амархан. Харин хүнд хандлага төлөвшүүлэх л хэцүү. Өөрөөр хэлбэл, мөсөн уулын ёроол шиг. Хүний үнэт зүйл үйл ажиллагаан дээр л харагддаг. Тиймээс аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хүн олшрох чухал.

-Танд нэмж дэлгэрүүлэх зүйл байна уу?

-Мэргэжил бүхэн үнэ цэнэтэй. Хүн мэргэжлийнхээ үнэ цэнийг ухаараад түүгээрээ дамжуулан нийгэмдээ нөлөөлөх нь чухал. Сургалтын хөтөлбөрөө сайжруулах нь багш хүний хамгийн чухал зүйл. Судалгаа их хийгдсэн хөтөлбөр сайн байдаг. Сайн хөтөлбөр маш үнэ цэнэтэй байдаг. Тийм учраас л хөтөлбөрийг магадалдаг. Энэ хөтөлбөрөөр сураад төгссөн хүн маш сайн мэргэжилтэн болдог. Багш бол хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, сайжруулдаг, шинэчилдэг хүн. Хүүхэд 1 дүгээр ангид ордог биш 1 дүгээр ангийн хөтөлбөрт элсдэг.

-Багш нартаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Багш нартаа Дэлхийн багш нарын баярын мэнд хүргэе. Дэлхийн багш нар бүгдээрээ нэг зорилготой. Тэр нь хүнээр хүн хийх явдал шүү дээ. Шавь нар маань биднийг хайрлаж байна, монголчууд биднийг хүндэлж байна. Тиймээс бид боловсролын үйлчилгээгээ илүү сайжруулах ёстой. Ингэхийн тулд бүгдээрээ хүчээ нэгтгээд хамтарч ажиллая. Багш нартаа сайн сайхныг хүсье.

 

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Өмгөөлөгч М.Хандармаа: Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг заавал шүүхээр орж шийдэгддэг болсон DNN.mn

2024 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 32.492 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаагийн 87 хувийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэг эзэлжээ. Сүүлийн үед цахим сүлжээнд олон нийтийн газар танхайрч, бухимдлаа илэрхийлэх хүчирхийллийн үйлдлүүд ихээхэн тархаж байна. Энэ нь ямар шалтгаантай, нийгэмд хэрхэн нөлөөлж буй талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч М.Хандармаатай ярилцлаа.


-Сүүлийн үед бусдын биед танхайрах зэрэг хүчирхийллийн үйлдлүүд олон нийтийн сүлжээнд ихээхэн харагдах боллоо. Эдгээр үйлдлийг таслан зогсоох, бууруулахад хууль эрх зүйн тогтолцоо ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Зөрчлийн шинжтэй маргаан нийт гэмт хэргийн ихэнх хувийг эзэлдэг. Сүүлийн үед цагдаагийн газраас камержилтыг ихээхэн байрлуулж байгаа. Иргэд байнга утастай явж буй учраас нийгмийн болж бүтэхгүй, ёс суртахуунгүй асуудлыг шууд бичлэг хийж, цахим орчинд нийтэлдэг болсноороо энэ асуудалд хүмүүс илүү их анхаарч байгаа. Бусдаар бол зөрчлийн болон хөнгөн гэмт хэргийн шинжтэй маргаан байнга гарч байдаг. Хүмүүс уурласан үедээ сүүлд гарах үр дагаврыг тооцоолоогүйн улмаас бусдын биед халдах, ёс суртахуунгүй байдлаар өөрийгөө харуулах үйлдлүүдийг гаргаж байна. Хууль эрх зүйн хүрээнд хохирогчийн бие болоод сэтгэл санаад хэр их хохирол учирсан эсэхээс шалтгаалан зөрчлийн тухай хуулиар зохих хэмжээнд торгож, хэргийг хянан шийдвэрлэдэг.

-Зөрчлийн хуулиар шийдвэрлээд дахиж ийм асуудал гаргахгүй гэсэн үндэслэл байдаг уу?

-Тухайн хүний ухамсар, уураа барих чадвараас л шалтгаална. Дахиад хөнгөн гэмтэл, гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн үндэслэл байхгүй. Ухамсаргүйн үүднээс бие биедээ түргэн зуурын уур бухимдлаас болж гэмтэл учруулах нь тухайн хүний тэвчээр, ухамсраас шалтгаална.

-Хүний амар тайван, аюулгүй амьдрах эрхэд халдаж байгаа цаад шалтгаан нь юу вэ. Хүмүүсийн сэтгэл зүй, орчны стресс бухимдал нөлөөлж байна уу?

-Хүмүүс маш их ууртай байна. Хоёр машин хоорондоо шахалдсан байсан ч гарч ирээд зодолдох хэмжээний ийм бухимдалтай байна. Энэ бухимдлын үр дагавар өөрт нь хохирол учруулж байгаа учраас багахан хэмжээний уураа тэвчиж асуудлыг эергээр харж сурах хэрэгтэй. Мэдээж нийгмийн асуудал болох түгжрэл, утаа, хүмүүсийн хандлага нөлөөлж байгаа ч өөрийн эрхийн төлөө бусдыг эрхийг зөрчинө гэдэг бол хамгийн том анхаарах ёстой асуудал.

-Өнгөрсөн сард цахим орчинд тараад байсан Манлай уяач Т.Галбадрах олон нийтийн газар бусдыг зодсон гэх бичлэг цахим орчинд тархсан. Цагдаагийн байгууллагаас хохирогч иргэний биед гэмтэл учирсан гэж үзэн яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Энэхүү кейс гэхэд уур бухимдлаа тэвчиж чадалгүй, эцэст нь өөрт хохирол учрахыг мэдэхгүй бусдад гэмтэл учруулсан жишээ болж байна?

-Танхайрах зөрчил нь хариуцлагын хэмжээнд зөрчлийн тухай хуулиараа 100 нэгжээр торгодог. Зарим хүмүүст бол хэтэрхий бага мөнгө санагдаж байгаа. Гэхдээ энэ зөрчил нь бусдын биед гэмтэл учруулсан учраас хуулийн дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй. Энэхүү хэрэг юунаас үүдэлтэй вэ гэвэл тухайн хүний ухамсар, үг, үйлдлээ захирч чадахгүй байгаагийн үр дагавар болж байгаа юм. Зарим тохиолдолд хохирогчийн биед ямар нэгэн хохирол учирсан нь тодорхойгүй байдаг. Хохирогчийн биед гэмтэл учраагүй улмаас эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол гэж тооцож авах боломжгүй. Сэтгэл санааны хохирол бол гэмт хэргийн улмаас учирсан тохиолдолд хохиролд тооцдог. Зөрчлийн хэрэг дээр бол хохирогчид холбогдогчоос мөнгө авах хуулийн зохицуулалт байхгүй. Хуулиараа 100 нэгжээр торгоод, төрийн санд мөнгөө тушаагаад явчихаж байгаа.

-Энэ талаар иргэдийн анхан шатны хуулийн мэдлэг хэр байдаг вэ?

-Иргэд хуулийн мэдлэг маш багатай байдаг. Гэмт хэрэг, зөрчилд холбогдсоныхоо дараа хуулийн мэдлэггүйгээсээ боллоо гэж ямар ч маргаан дээр ярьдаг. Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс иргэдэд байнга хууль эрх зүйн боловсрол олгох аяныг зохиодог. Үүн дээр тухайлан иргэд анхаардаггүй. Орчин үетэйгээ хөл нийлүүлсэн байдлаар иргэдийн хууль эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа хөтөлбөрүүд хийвэл зүгээр байх. Төрийн байгууллага, Хууль зүйн яамнаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар үйл ажиллагаанууд хийгээд байгаа боловч иргэдэд дорвитой хүрэхгүй байна.

-Бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг заавал шүүхээр орж шийдэгддэг болсноороо цагдаагийн мэдээллийн санд бүртгэл үүсдэг болсон. Энэ нь тухайн хүний цаашдын хувийн амьдралд нөлөөлж байгаа байх?

-Өмнө нь цагдаа, прокурор дээрээ хаагддаг байсан бол одоо заавал шүүхээр орж шийдэгддэг болсон. Тэр утгаараа цагдаагийн мэдээллийн санд гэмт хэрэгт холбогдож байсан гэсэн бүртгэл үүсдэг болсон. Хэдийгээр торгуулийн ялтай ч тухайн хүний гэмт хэргийн мэдээлэл орж байгаа учраас дараа дараагийн эрх зүйн байдалд нөлөөлж байгаа. Төрийн албанд ажилд орох, визэнд орох, гадагшаа сурах гэх мэт хувийн байдал дээр маш их нөлөөлж байгаа. Тиймээс хүмүүс энэ төрлийн зөрчлийг аль болох гаргахгүй байх хэрэгтэй.

-Хамгийн их үйлдэгддэг зөрчил маргаан юу байдаг вэ?

-Гэмт хэргийн хувьд танхайрах, хөнгөн гэмтэл учруулах, машинаараа хүнийг шүргэх, гэр бүлийн маргаанууд их тохиолддог. Эдгээрээс хамгийн их ирж байгаа хэрэг нь гэр бүлийн маргаан, дараа нь хүний биед хөнгөн гэмтэл учруулах байдаг. Стресс, уур бухимдалтай байна гээд хүнд гэмтэл учруулж, бусдад халдаад байвал өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулаад “адгийн зарга арав хоног” гэдэг шиг шүүхээр явна.

Г.Балгармаа

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

2024.10.12 / Бямба гариг

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН
ДӨРВӨН НОГООН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
Наран ургах, шингэх: 07.07-18.10
Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 10 сарын 12, Санчир гараг. Билгийн тооллын 10, Булаагч одтой одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:07-18:10. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Идэр, Байдраг голын хөндийгөөр -10…-15 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, бусад нутгаар -4…+1 градус дулаан, өдөртөө нутгийн зүүн хэсгээр эрс хүйтэрч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

НИТХ-ын 45 мандатаас МАН-40, АН-5 суудал авлаа DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж дууслаа.

Сонгуулийн дүн мэдээгээр НИТХ-ын 45 мандатын 40-д нь МАН харин АН таван мандатыг авсан байна. Тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүрэгт МАН 10
  • Баянзүрх дүүрэгт МАН-9, АН-1
  • Баянгол дүүрэгт МАН-6
  • Хан-Уул дүүрэгт МАН-5, АН-1
  • Чингэлтэй дүүрэгт МАН-4
  • Сүхбаатар дүүрэгт МАН-2, АН-2
  • Багануур дүүрэгт МАН-2
  • Багахангай дүүрэгт АН-1
  • Налайх МАН-2 мандат авчээ.