Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр орой 2 байршилд авто зам хааж, шинэчилнэ DNN.mn

Өнөөдөр орой дараах 2 байршилд авто зам хааж, шинэчилнэ.

  • Кино үйлдвэрийн баруун талаас Доржийн гудамж хүртэлх авто замыг аравдугаар сарын 16-ны өдрийн 22:00 цагаас 19-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Баянгол дүүрэг, Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 16-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Авлига, албан тушаалын хэрэг 5.3 хувиар өсчээ DNN.mn

Прокурорын байгууллага энэ оны III улиралд авлига, албан тушаалын 1543 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.3 хувиар өсчээ.

Үүнээс 206 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал,
– Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 142,
– Хахууль авах, өгөх 134,
– Үндэслэлгүйгээр хөрөнгөжих 2,
– Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаад зарцуулах 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах зорилгоор гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн 43 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилж, 1.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авчээ.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн 66.7 хувь нь нийслэлд, 33.3 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт авлига, албан тушаалын хэргийн 78.3 хувийг эзэлж байгаа бол Хахууль авах гэмт хэрэг 16.8 хувь, Хахууль өгөх гэмт хэрэг 10 хувь, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг 4.6 хувийг эзэлж байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо DNN.mn

НӨАТ-ын  урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2024 оны есдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 44,614,553 баримтыг оролцуулсан юм.

Тохирлын дүнд:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 39,952
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 4,019
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 381
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 51 азтан тодорчээ.
  • 7орон таарсан: 3 азтан
  • 8 орон таарсан 1 супер азтан шалгарч бүртгүүлсэн баримтын тооноосоо хамаарч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо.
Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Энэ оны Нобелийн Эдийн засгийн салбарын шагналыг АНУ-ын эрдэмтэн Дарон Асемоглу, Жеймс Робинсон, Саймон Жонсон нар хүртэв DNN.mn

Нобелийн Эдийн засгийн салбарын энэ оны шагналыг АНУ-ын эрдэмтэн Дарон Асемоглу, Жеймс Робинсон, Саймон Жонсон нар “Институциуд хэрхэн бий болж, хөгжил цэцэглэлтэд хэрхэн нөлөөлдгийг судалсныхаа төлөө” хүртэв.

Шведийн Шинжлэх ухааны академийн мэдэгдэлд “Тэд өөрсдийн судалгаагаар улс орнууд хөгжиж цэцэглэхэд олон нийтийн байгууллагууд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг харуулсан.

Хууль дээдлэх ёс төлөвшөөгүй, эрх баригчид нь иргэдээ мөлждөг нийгэм хөгждөггүй, сайн тал руугаа өөрчлөгддөггүй. Харин эдгээр эрдэмтдийн судалгаа яагаад гэдгийг ойлгоход бидэнд тусалсан” гэж онцолжээ. Акемоглу, Робинсон нар 12 жилийн өмнө “Яагаад зарим улс баян, зарим нь ядуу байдаг юм” хэмээх бестселлер болсон ном хэвлүүлсэн бол эдгээр эрдэмтэд өнгөрсөн жил хамтран “Үндэстнүүдийн бүтэлгүйтэл: Хүч чадал, хөгжил цэцэглэлт, ядуурлын үүсэл” ном хэвлүүлсэн юм байна. Уламжлал ёсоор 10 дугаар сарын эхээр болдог “Нобелийн долоо хоног” гэгддэг шагналтан тодруулах ажиллагаа эдийн засгийн салбарын шагналтнуудыг тодруулснаар өндөрлөдөг билээ.

 

Г.АМАРСАНАА

 

Categories
мэдээ улс-төр

Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотод ажиллаж байна. Өнөөдөр (2024.10.16) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар уулзлаа.

Монгол, Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалтыг ийнхүү зохион байгуулж буй нь талууд гурван талт хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйн илрэл юм. Засгийн газрын тэргүүн нар гурван улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Эдийн засгийн коридор”-ын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван улсын хамтын ажиллагааг дэд бүтцээр харилцан холбох бүтээн байгуулалтыг бодитоор урагшлуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг гурван талын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх, эрчим хүчний реформын хүрээнд гурван тал хамтран ногоон, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын жишиг бүс байгуулах, улсын хил дамнасан цахим худалдааны платформыг бий болгох, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг, гамшигтай тэмцэх зэрэг чиглэлд гурван тал илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.  Мөн Монгол Улсын “Талын зам” хөтөлбөр, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг харилцан уялдуулж, Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулахад Монголын тал бэлэн байна. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хамруулах 33 төслийн жагсаалтыг Монголын  холбогдох байгууллагууд тохиролцсон. Энэ жагсаалтын нэгдүгээр заалтад тусгагдсан Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн шинэ төмөр зам барих төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх  нь гурван улсын эдийн засгийн коридор үүсгэхэд нэн чухал эхлэл цэг болно гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян гурван улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтран хэрэгжүүлэх төслүүдийг урагшлуулахын төлөө байгаагаа хэллээ.  Мөн Монгол Улсын Засгийн газрын бодлого тогтвортой байгаа нь хамтын ажиллагааны төслүүд хэрэгжихэд  чухал нөлөөтэйг дурдаад гурван улсын хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглал гаргах санал дэвшүүлэв. ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин эдийн засгийн коридор байгуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг Оросын тал дэмжиж буйг хэлээд бодит ажил хэрэг болгоход анхаарахаа онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улстай эрчим хүчний төслүүдийг хамтран  хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.

Энэхүү уулзалтыг тогтмолжуулах нь гурван талын бодит хамтын ажиллагааг идэвхжүүлж, гурван талын стратегийн томоохон төслүүдийг урагшлуулахад чухал ач холбогдолтой төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжил, Ази тивийн нийтлэг эрх ашигт нийцнэ гэдэгт талууд санал нэгдэв. Гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын дараагийн уулзалтыг 2025  онд зохион байгуулахаар тохиролцов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх онд “Алдарт эх”-ийн II зэргийн одонд 200 мянган төгрөг, I зэргийн одонд 400 мянган төгрөг олгоно DNN.mn

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Эхийн алдар I зэргийн одонтой ээжид олгох мөнгөн тэтгэлгийг 400 мянга, Эхийн алдар II зэргийн одонтой ээжид 200 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлэхээр тусгажээ.

Ирэх оноос Алдарт эхийн одонтой ээжүүдэд олгох мөнгөн урамшуулал хоёр дахин нэмэгдэж хүрэх юм. Ингэхдээ Эхийн алдар II зэргийн одонд 100 мянган төгрөг авдаг бол Эхийн алдар I зэргийн одонтой ээжид 200 мянган төгрөг олгож байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс Монгол Улсад хүрэлцэн ирлээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит нар албаны бусад хүмүүсийн хамт угтан авлаа.Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийх юм.

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхэлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

МУГТ Э.Цэндбаатарын 11 дэх тулаан маргааш болно DNN.mn

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын мэргэжлийн бокст 11 дэх тулаан маргааш буюу аравдугаар сарын 17-ны өдөр болно.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч 15:1-ийн амжилттай яваа Доминикан боксчин Френси Фортунато байх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баян-Өлгийн баруун, Увс, Завханы зүүн хэсгээр 0.0-8.0см цасан бүрхүүл тогтжээ DNN.mn

Баян-Өлгийн баруун, Увс, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр 0.0-8.0см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Завханы Түдэвтэйд 8.0 см, Тосонцэнгэлд 7.0 см, Нөмрөг, Сонгинод 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0см цасан бүрхүүл тогтсон байна.

May be a graphic of map and text

Categories
гадаад мэдээ

Владимир Зеленскийн гадаад айлчлал өндөрлөв DNN.mn

Төв Европын 14:25 цагт Германы канцлерийн байрны дэргэдэх зүлгэн дээр Холбооны цагдаагийн газрын цэнхэр нисдэг тэрэг газардав. Хэдхэн минутын дараа өөр нэг цэнхэр нисдэг тэрэг ирэв. Энэ бол төөрөлдүүлэх буюу урьдчилан сэргийлэх маневр байв. Учир нь арван минутын дараа гурав дахь нисдэг тэргээр Владимир Зеленский ирж газардсан юм.Украины ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-д ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Лондонд Их Британийн ерөнхий сайд, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргатай, Парист Францын ерөнхийлөгчтэй, Ромд Италийн Засгийн газрын тэргүүнтэй, Ватиканд Ромын Паптай уулзсаны дараа Берлинд ирж буй нь энэ юм.

Хэлэлцээр эхлэхийн өмнө Украины ерөнхийлөгч, Германы канцлер нар сэтгүүлчдэд товч мэдэгдэл хийлээ. Канцлер ОлафШольц Герман улс Украинд үзүүлж буй цэргийн тусламжаараа дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт, Европын орнуудаас нэгдүгээрт ордог гэдгийг онцлоод ХБНГУ-аас Украинд үзүүлэх тусламжийн шинэ багцаа зарлав. Тэрээр “Энэ оны эцэс гэхэд манай түншүүд болох Бельги, Дани, Норвеги улсуудын дэмжлэгтэйгээр бид Украинд 1.4 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэх болно. Үүнд “IRIS-T” болон “Skyn­ex”, “Gepard” зенитийн өөрөө явагч, гинжит болон дугуйт их буу, байлдааны танк, хуягт машин, байлдааны дрон, радар, их бууны сум багтаж байна” гэж хэлсэн юм.Канцлер мөн Швейцарийн Бургенсток хотноо болсон уулзалтын дараа Украины мөргөлдөөнийг зохицуулах олон улсын энхийн бага хурлыг энэ удаад ОХУ-ын оролцоотой зохион байгуулах шаардлагатай байгааг дурджээ. Гэхдээ энх тайвныг тогтоох нь зөвхөн олон улсын эрх зүйн үндсэн дээр явагдах ёстой гээд “Бид Оросын хүсч буй энх тайвныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэв. Харин Украины ерөнхийлөгч Зеленский “Орос улс шударга дипломат аргаас зайлсхийж, НҮБ-ын дүрмээс зөрж дайныг зогсоохыг оролдож байна. Иймээс Украин Оросын дайныг 2025 он гэхэд дуусгах, ирээдүйд ийм түрэмгийлэл давтахаас сэргийлэх Энхийн төлөвлөгөөгөө канцлерт танилцуулна” гэж мэдэгдэв.

Украины ерөнхийлөгчийн барууны голлох улсуудад хийсэн энэхүү айлчлалын үеэр Кремль ихээхэн мөнгө төлж барууны зарим хэвлэлүүдэд “Украин Оросын эзэлсэн нутгаар хиллэн энх тайван тогтоох гэж байна” гэх мэдээлэл нийтлүүлж байгаа билээ. Тухайлбал, энэ айлчлалын үеэр Германы “Bild” сонин, “Der Spiegel” сэтгүүл болон Италийн“Corriere della Sera” сонин “Зеленский Европт хийсэн айлчлалынхаа үеэр АНУ Украинд аюулгүй байдлын баталгаа өгсөн тохиолдолд өнөөдрийн фронтын шугамын дагуу эвлэрэл байгуулахад бэлэн гэдгээ анх удаа тодорхой ойлгуулсан байна. Үүний хариуд Украиныг Япон, Өмнөд Солонгос, Филиппин зэрэг улсуудын жишигт аваачиж, Европын Холбоонд элсүүлэх үйл явцыг хурдасгаж, тус улсын эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг мэдэгдэхүйц сайжруулна гэж найдаж байна.

Энэ нь Киев Путинтэй хэлэлцээ хийхээс өмнө Украины нутаг дэвсгэрийг бүрэн чөлөөлнө гэсэн зорилгодоо баяртай гэж хэлж байна гэсэн үг” гэж бичсэн байна. Харин Украины ерөнхийлөгч, Германы канцлер нар “НҮБ-ийн дүрэм, олон улсын дэг журмын дагуу энх тайван тогтооно” гэж буй нь үнэндээ Оросын цэргийг Украины нутгаас бүрэн гаргана гэсэн үг билээ. Тухайлбал, энэхүү хэлэлцээний үеэр Бундестаг дахь Гадаад бодлогын шинжээч, чөлөөнд гарсан хурандаа Родеррих Кизэветтер Германы телевизийн нэгдүгээр сувагARD-д өгсөн ярилцлагадаа “Зеленскийн төлөвлөгөө нь бидний ихэнхийн ойлгож байгаа шиг ялалтын тухай яриа биш юм. Харин Украин улс газар нутгаа буцааж авах хэтийн төлөв бий болгох тухай баримт бичиг. Иймээс энэ бол шийдвэрлэх мөч мөн. Үүний тулд, юуны өмнө Орос цэргийн хангамжийн сүлжээг устгах шаардлагатай байна. Манай канцлер энэ асуудалд Европын бусад улсуудын удирдагчдаас ялгаатай хандаж байна. Тэр үүнийг эсэргүүцэж, үр дүнд нь Германыг эдгээр улсаас тусгаарлаж байна” гэж тайлбарлажээ. Үнэхээр ч Их Британийн Засгийн газрын эх сурвалжаас эш татан “The Guardian” сонин “Лондон Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхдөө “Storm Shadow” далавчит пуужин ашиглахыг Украинд зөвшөөрөх шийдвэр гаргасан байна. Ийм пуужингуудыг Их Британиас гадна Франц Украинд нийлүүлдэг бөгөөд энэ нь Оросын нутаг дэвсгэрт байгаа цэргийн объектуудад цохилт өгөх боломж бий болсон гэсэн үг” гэж мэдээлээд байгаа билээ. Гэхдээ эдгээр асуудлууд Владимир Зеленскийн ойрын өдрүүдэд танилцуулах түүний “ялалтын төлөвлөгөө”-ний дараа л бүрэн тодорхой болно. Тухайлбал, Европын Холбооны Гадаад харилцааны дээд төлөөлөгч Жозеп Боррел “Энэ сарын 17-18-ны өдрүүдэд Европын зөвлөлийн төр, засгийн тэргүүн нарын түвшний хуралдаанд Украины ерөнхийлөгч Зеленский “ялалтын төлөвлөгөө”-өө танилцуулна” гэсэн бол Ерөнхийлөгчийн ажлын албаны зөвлөх Сергей Лещенко “Энэ сарын 16-нд ерөнхийлөгч Украины Дээд Радад”ялалтын төлөвлөгөө”-өө танилцуулна” гэж мэдээлэв.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч энэ сарын 18-нд ирж Германы Рамштайн цэргийн баазад болох барууны улсуудын дээд хэмжээний уулзалтыг тэргүүлнэ. Гэхдээ Владимир Зеленскийд барууны улсуудаас өгөх дайсных нь нутгийн гүнд цохилт өгөх зэвсгээс гадна Оросын инфляци гэх өөр нэг маш хүчтэй, үнэнч холбоотон бий болоод байгаа билээ. Төв банк нь сүүлийн 12 сарын Оросын инфляцийг 8.52 хувь байна гэж зарласан.Харин мэргэжлийн эдийн засагчид сүүлийн 12 сарын Оросын бодит инфляци 17-17.5 хувь болсон гэжээ. Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын дүү, эдийн засагч Дмитрий Белоусовын удирддаг ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн урьдчилсан таамаглалын үндэсний хүрээлэн энэ хугацаанд Оросын иргэдийн өргөн хэрэглээний барааны үнийн инфляци 22 хувь хүрсэн гэж дүгнэжээ. Энэ нь инфляци Кремлийн дэглэмд Украин цэргүүдээс илүү хохирол учруулж эхэлсэн гэсэн үг юм. Учир нь рубль “цаас” болох аваас буутай цэргүүд нь 1916 он шиг фронтоо орхин нийслэлээ зорьж, Орос улс дахин задрахаас өөр аргагүй болно