Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэбат: Нийгмийн даатгалын асуудлыг засах ёстой ч шударгаар төлж байгаагаа шийтгэж болохгүй DNN.mn

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Таны хувьд Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэгэхээр гишүүн болоод ямар зүйл дээр түлхүү анхаарал хандуулж ажиллах зорилготой байгаа вэ?

-Шинэ парламент маань гишүүдийнхээ тоог нэмж, нийгмийн олон дуу хоолойг оруулж ирсэн. Ингэснээр УИХ-ын гаргаж байгаа шийдвэр маань илүү бодитой болно гэж бодож байгаа. Тиймээс хамт олон маань намайг дэвшүүлсэн. Үүнээс гадна МАН орж ирээч гэдэг боломжийг тавьж өгсөн. Энэ утгаараа парламент илүү мэргэжлийн болсон гэдэг нь харагдаж байна. Тухайлбал, миний хувьд байнгын хороо, ажлын хэсэг, хуулийн төсөлд өмнө нь ажиллаж байсан. Гэвч орж ирээд үг хэлэх эрх байдаггүй. Зөвхөн санал өгдөг. Тэр санал маань яаж тусаж байгааг мэдэх боломжгүй. Гэтэл Үйлдвэрчний эвлэл гэх том айл, миний ард маш олон хүн байдаг. Тэдний хүсэл, эрмэлзэл хуульчлагдаж гарч чадаж байна уу гэдэг эргэлзээтэй байсан. Хуулийн нэг үг, үсэгний ард хүний амьдрал байдаг шүү дээ. Тиймээс миний хувьд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ дуу хоолой болж түлхүү ажиллая гэдэг бодолтой байгаа. Мэдээж шинэ гишүүн учраас суралцах зүйл их байна. Харин хуулийн хувьд гэвэл Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад 20 гаруй жил багаас нь ажиллаад ирсэн учраас нэг их түүртээд байх зүйл алга.

-Тэгэхээр хуулийг чанартай гаргах тал дээр нэлээд анхаарч ажиллана гэсэн үг үү?

-Өмнө нь байнгын хороон дээр 3-4-хөн гишүүний саналаар бүхэл бүтэн хуулийн нэг заалт хасагддаг, эсвэл нэмэгддэг байсан. Тэр нь алдаатай байдаг. Одоо манай Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл яг шийдвэр гаргах түвшинд орж, дуу хоолойгоо гаргаж байгаа нь сайн хэрэг. Мэдээж миний бүх хэлсэн саналыг авна гэж байхгүй.

Зарим санал дээр цөөдөж байна. Одоо улсын төсөв ид хэлэлцэж байгаа. Энэ үед татвар, төлөгчид, баялаг бүтээгчдийн мөнгийг яаж жигд хүртээх вэ гэдэг асуултыг л би тавиад байгаа. Тийм учраас тендерийн хуулиа өөрчил. Энэ том төслийг авснаараа хэдэн жижиг дунд үйлдвэрлэлийг араасаа дагуулах юм. Үндэсний үйлдвэрлэгчдээ хэрхэн дэмжих юм гэдгийг нь асуудаг, харгалзан үздэг болох хэрэгтэй. Гадаадын улсууд ийм нийгмийн үнэлгээг хийдэг болсон. Ийм зүйлийг хийж өгөөч гэдгийг тавиад байгаа юм. Тендерийн хуулийн ажлын хэсэгт миний бие орсон. Тэгэхээр сүүлийн 10 жил хэн, хэн тендер авсан. Ямар гэр бүл, субьектын хооронд тендер явж байна. Үнэхээр мундагтаа аваад байна уу. Эсвэл танил тал, нам эвслийнхээ харьяаллаар аваад байна уу гэдгийг ил болгоно. Нэгхэн жишээ хэлэхэд, өнөөдөр манай улсын эмнэлгүүдийг мэс заслын бүх багаж, хэрэгслийг нэгхэн компани нийлүүлдэг юм билээ. Ийм монополь байж болохгүй. Манайд мундаг аж ахуйн нэгжүүд бий. Тэднийг бол хоёр гараа өргөөд дэмжинэ.

-Сүүлийн жилүүдэд том, том мөнгөн дүнтэй төсөл, хөтөлбөрүүд ярьж, уул уурхайн бүтээгдэхүүнийг асар ихээр худалдаалж, Дотоодын нийт бүтээгдэхүүн өслөө гээд байгаа. Гэтэл яг амьдрал дээрээ тогтвортой ажлын байр хомс, цалин бага, худалдан авах чадвар муудсан, татварын дарамт ихэссэн гэдгийг иргэд хэлж байна. Энэ тал дээр юу хийвэл болох вэ?

-Өчигдөр (уржигдар) манай Нийгмийн бодлогын байнгын хороо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхантайгаа уулзсан. Би өөрөө хөдөлмөрийн эдийн засагч хүн. Улстөрчид хөдөлмөрийн эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг маш сайн мэддэг байх ёстой. Одоо чинь эсрэгээрээ ажиллах хүч олдохгүй байна гээд байгаа. Гэтэл энэ чинь зөвхөн манайд ингээд байгаа зүйл биш. Сүүлийн үеийн залуучууд харьцангуй хүнд гэж хэлдэг, биеийн ачаалал шаардсан ажил хийх дургүй байна. Бүгд чөлөөтэй, цагт баригддаггүй ажил хийхийг хүсдэг болчихсон. Харин үүний эсрэг ажил олгогчид ажилтнаа өөрсдөө бэлтгэж, дэмжиж явах гэсэн зарчмыг барьж байна. Гэтэл манайд болохоор шууд гадны ажиллах хүчийг оруулж ирье гэж байна. Гэтэл иргэдээ гадагш нь явуулчихаад гадаадын хүмүүс оруулж ирэх гээд байгаа нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Улсын хар хайрцагны бодлого, ажиллах хүчний бодлого гэж байх ёстой. Сүүлийн үед бид багшийн хомсдолд орсон.

Яагаад ийм болсон гэхээр байрны мөнгө хийхээр гадагшаа явсан. Гэтэл мөрөөдөл нь байр байж болохгүй байхгүй юу. Уг нь бол тогтвор суурьшилтай ажиллах юм бол байртай болно гэдэг итгэл үнэмшлийг нь өгөх хэрэгтэй. Гэтэл судалгаагаар 1-5 дахь жил дээрээ ажлаасаа гарах нь их байна гэж гарсан. Тиймээс энэ тал дээр бид бодлого гаргаж ажиллах ёстой.

-Цалин хөлсийг нэмэх тал дээр та юу хэлэх вэ?

-Миний хувьд өнгөрсөн Засгийн газартай, Үйлдвэрчний эвлэлд байхдаа нэлээд ажиллаж байж цалин нэмүүлсэн. Хөдөө орон нутгийн нэмэгдэл 40 хувь гэдгийг оруулж өгсөн. Үүний үр дүнд одоо хүмүүс орон нутагт их очиж ажиллаж байна. Үүнээс гадна гадаадад “Тархины гоожилт” гэж ярьдаг. Нэг үгээр сувилагчийг бэлдэхэд асар их цаг хугацаа, зардал гардаг. Тийм болохоор ганц хоёрхон мянган ам.доллар өгөөд бэлэн сувилагчийг манайхаас авч байна. Одоо манай бүх эмнэлэг сувилагчийн дутагдалтай. Үүнийгээ дагаад үйлчилгээ нь унана. Багш яг адилхан. Дээрээс нь чадвартай төрийн албан хаагчид ч цалин, төрийн дарамтаас болоод зугтаж байна. Тийм болохоор сая би Засгийн газрын хөтөлбөрт хэд хэдэн зүйлийг оруулж чадсан. Төр өөрөө дархлаатай байх үүднээс төрийн албан хаагчид өөрсдийгөө хамгаалдаг институци байх ёстой. Ямар ч том сайд, намын дарга байгаад төрийн албан хаагчийг шууд халах ёсгүй болгосон. Дээрээс нь улс төрийн хатуу гишүүнчлэлийг байхгүй болгоё гэсэн.

-Таныг МАН-ын жагсаалтаар ороод ирсэн гэж дургүйцэх хүмүүс бас байна?

-Анх санал тавихад нь би зөрүүлээд нөхцөлөө тавьсан. Би ямар нэгэн намын эрх ашигт үйлчлэхгүй. Цэвэр ажилчдынхаа дуу хоолой болно гэсэн. Харин намаас үүнийгээ чөлөөтэй тавь. Эсрэг санал өгч болно, асуудал тавьж болно гэсэн. Тийм ч болохоор би сая намрын чуулган дээр хамгийн олон үг хэлж, асуулт асуусан гишүүн болсон. Энэ нь попрох гээд байгаадаа биш. Надад маш олон хүн санал тавьдаг. Үүнийг хэлээд, асуугаад өгөөч гэдэг. Тийм болохоор тэдгээрийг нь багцлаад асуудалд ханддаг. Өмнө нь гишүүдийн асуултыг тэгсхийгээд аргалаад өнгөрдөг болсон бол одоо тийм юм байхгүй болсон. Салбар салбарын мэргэжилтнүүд ороод ирчихсэн учраас Засгийн газрын гишүүд маань маш их зүйлийг судалж, мэдэж байж орж ирэхгүй бол гишүүдийн асуултад унахаар болсон.

-Татварын дарамт их байна гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд хэлдэг. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Ер нь бол бага, дунд орлоготой иргэдийн татварыг чөлөөлөх, хөнгөлөх ёстой. Нэг хүнд оногдох амьжиргааны баталгаажих доод түвшин нь бүсээсээ хамаараад 450 орчим мянган төгрөг байна. Үүгээр нь тооцвол таван ам бүлээ тэжээдэг хүн наад захын хүнсний дутагдал, хомсдолд орохгүй байхын тулд 2.2 сая төгрөгийн орлоготой байх ёстой болж байна. Нэг гишүүнд ногдох орлого нь амьжиргааны баталагаажих доод түвшнээс доошоо орчихсон, эсвэл ойролцоо бол татварыг нь 50 хувь хөнгөлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангасан, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа дэмжсэн, нийгмийн сайн сайхны төлөө ажил хийсэн аж ахуйн нэгжүүдийг татварыг хөнгөлөх ёстой. Би бол үүнийг санаачилж, дэмжсэн гишүүдийн нэг. Ингэх юм бол компаниуд хариуцлагатай болоод ирнэ. Мөн өнөөдөр шударгаар нийгмийн даатгал төлж байгаа иргэд хохирч байна. Өнөөдөр хувиараа нийгмийн даатгалыг хамгийн багаар төлж байгаад сүүлийн таван жилээ өндөр төлдөг хуулийн цоорхой гаргаад ирчихсэн. Энэ чинь шударга бус шүү дээ. Улстөрчдийн поп амлалтуудаас болоод манай Нийгмийн даатгалын сан өнөөдөр тун хүнд нөхцөл байдалтай болсон. Энэ алдаагаа засах ёстой. Гэхдээ шударга төлж байгаагаа шийтгэх байдлаар засч болохгүй. Мөн татвар дээр өндөр орлоготой хүмүүсээс өндөр л авах ёстой. Өнөөдөр Богд уулын ам бүрд өндөр үнэтэй байшингууд байна. Тэнд хүмүүс амьдарч байна. Ингэж болно. Гэхдээ бусдаас онцгой эрхтэйгээр дархан цаазат ууланд амьдарч байгаа бол үл хөдлөхийнх нь татвар өндөр л байх ёстой. Бусдаас илүү лиценз эзэмшиж байгаагийнхаа хэрээр татвараа илүү төлдөг л байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдыг бол дэмжинэ. Гэхдээ манай улсад ашигтай л байх хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэгчид, компаниудаас нь давуу эрхтэй хөрөнгө оруулагч байж болохгүй.

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хөх бар өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 17, Бархасбадь гариг. Билгийн тооллын 15, Дэлгэрүүлэгч одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 07:15 цагт мандаж 18:00 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөрт 3 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1…-4 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Өдрийн сонинд Хямралын “нүхэн гарц” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Нийслэлийн Ардчилсан
намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Надаас гадна АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нар хамтдаа хариуцлагаа хүлээж ажлаа өгөх ёстой” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжүүлэн уншаарай.

Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

  • Ерөнхий сайд л.Оюун-эрдэнэ “Монгол улс шхаб-ын гишүүн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байна” гэлээ.
  • Сонголт нэгэнт хийгдсэн, төлөөлөгчийн ажлаа л сайн хийх ганцхан даалгавар үлдлээ
  • Дархан хотод томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагчийг сайд зоджээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хямралын “нүхэн гарц”” нийтлэл хэвлэгдлээ

  • ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч  Б.Бадамхатан “Зөвхөн цагдаагийн дүрэмт хувцас нь гоё гээд энэ ажилд орвол хүнд хэцүү бэрхшээлийг давж чадахгүй” хэмээснийг “Өөрөөс нь” нүүрээс уншаарай.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Марк Рютте: Путин юу гэж бодох нь хамаагүй зүйл

АРЫН НҮҮР: Алга дарам мэдэгдлээс чинь өөр зүйл хэрэгтэй байна, ЭМЯ-ныхаан


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Төрөлт 2023 онооc хойш 1.5-аар буурчээ DNN.mn

Улсын хэмжээнд 2024 оны эхний есдүгээр сард 43 116 эх амаржиж, 43 428 хүүхэд төрүүлсэн нь 2023 оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 5 616  буюу 11.5 хувь, төрсөн хүүхдийн тоо 5 605-аар цөөрсөн байна.  Мянган хүнд ногдох төрөлт 2023 оны мөн үетэй харьцуулахад 1.5-аар буурчээ. Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс, Орхон, Говьсүмбэр, Ховд, Дархан-Уул аймагт 1000 хүнд ногдох төрөлт улсын дунджаас 0.2-3.8-аар илүү бусад аймагт 0.3-6.6-аар доогуур гарчээ.

Энэ оны эхний есдүгээр сарын байдлаар нас баралт 13 219 болж 2023 оны мөн үеийнхээс 298-аар нэмэгджээ. Мянган хүнд ногдох төрөлт 12.5 хувь, нас баралт 3.8 хувь, ердийн цэвэр өсөлт 8.7 хувь байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 72.2 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар цэрэг татлагыг зохион байгуулах байранд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг цаг тухай бүр хурдан хугацаанд шийдвэрлэх асуудлаар хэлэлцлээ. Мөн хуралдааны үеэр төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс цэрэг татлагад хамрагдах эрчүүдийн эрүүл мэндийн асуудал болоод цаашид анхаарах шаардлагатай зарим зүйлсийн талаар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 72.2 хувьтай үргэлжилж байна.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнө нь бид цэргийн төв дамжин дээр давтан үзэж дахин онош тавьдаг байсан. Энэ удаагийн цэрэг татлагаар дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн дараагаар шууд цэргийн ангид хүргэгдэхээр зохион байгуулж байна. Мөн хугацаат цэргийн албан хаагчдыг алба хаах хугацаанд нь боловсролтой болгох гэсэн томоохон зорилт тавьж англи хэл, компьютерын мэдлэгийг дээшлүүлэх зарим хичээлийг хөтөлбөртөө тусгаад буй” гэлээ.

Нийслэлийн есөн дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль
  • Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль
  • Налайх дүүрэг Политехник коллеж
  • Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.
Categories
мэдээ спорт

О.Есүгэн Дэлхийн цомын финалын тэмцээнд зургадугаар байрт орлоо DNN.mn

Энэтхэг улсын Шинэ Дели хотод буудлага спортын Дэлхийн цомын финалын тэмцээн аравдугаар сарын 13-18-нд болж байна. Тэмцээнд манай улсаас урилгаар Үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөхөд финалын шатанд 418.1 оноогоор зургаадугаар байрт орлоо.

Энэ дасгалд Дани улсын тамирчин түрүүлж, Норвеги, БНХАУ-ын тамирчид удаалав. Дэлхийн цомын финалын тэмцээнд тухайн оны чансаа өндөр 10 тамирчин өрсөлддөг юм.

Дэлхийн цомын финалын тэмцээнд монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байв.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл хооллолт Эрүүл амьдрал” аян эхэллээ DNN.mn

Монгол Улсын засгийн газраас 2024 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан.  “Нийгмийн эрүүл мэндийн хуулыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс “Эрүүл хоололт Эрүүл амьдрал” сэдэвт аяныг эхлүүллээ.

Уг аяны хүрээнд Нийслэлийн болон Орон нутгийн Эрүүл Мэндийн төвүүд, ЕБС-ын сургуулиудад сургалт зөвлөгөө өгч эхлээд байгаа юм.

НЭМҮТ-ийн Хүнсний аюулгүйн албаны ахлах ажилтан Ж.Баясгалан “Эрүүл зөв хооллолт нь хүний биед хэрэгтэй нүүрс, өөх тос, уураг, ус, эрдэс бодис гэх зүйлсийг зөв зохистой  хэмжээнд авах ёстой ойлголт. Иймээс идэж буй хоол хүнснийхээ орц найрлагыг мэдэж байх нь зүйн хэрэг юм. Тиймээс бид энэхүү аяныг хэрэгжүүлж байгаа” гэлээ.

Энэхүү аянд хамрагдсанаар бараа бүтээгдэхүүний шошго уншиж таних, зөв  зохистой хооллолтын тухай ойлголтыг авах юм. Аяны хүрээнд 600 орчим албан байгууллага хамрагдаад буй бөгөөд сургалт зөвлөгөө авахыг хүссэн байгууллагуудад нээлттэй сургалт явуулахад бэлэн хэмээн мэдэгдлээ.

 

А.Мөнхбаатар

Ц.Норовжамбал

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Make up артист Ц.Ариунзаяа Дэлхийн гоо сайхны тэмцээнээс алтан цом хүртлээ DNN.mn

Дэлхийн хошой аварга make up артист Ц. Ариунзаяа Францын Парис хотноо зохион байгуулагдсан гоо сайхны олимп болох Дэлхийн аваргын тэмцээнээс Ази, Америк, Европ тивүүдийг дахин тэргүүлэн Алтан цом болон хоёр хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр ийнхүү Монгол Уулсынхаа далбааг дэлхийн гоо сайхны тавцанд дөрөв дэх удаагаа мандууллаа.

May be an image of 1 person and text

MakeUp artist Ц.Ариунзаяа нь:

  • Continental Cup Аваргын АЛТАН ЦОМ
  • Сontinental Cup Хүрэл медаль
  • 2021 оны ДЭЛХИЙН АВАРГА Неон Креатив нүүр будалтын Алтан медаль
  • 2022 оны ДЭЛХИЙН АВАРГА Хуримын нүүр будалтын Алтан медальтай билээ.
Categories
мэдээ улс-төр

Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянсыг хүндэтгэн угтан авлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.10.16) Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянсыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, эрхэмсэг хатагтай Сюзан Лаянс хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн гарын үсэг зурав.

Дараа нь Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянсын хамт дурсгалын зураг татуулав.

Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс нарын өргөтгөсөн уулзалт Төрийн ордонд эхэлснээр айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.