Categories
мэдээ нийгэм

Жолооны эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Тээврийн прокурорын газраас 2024 оны 8 сарын байдлаар Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн жолооны эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн 242 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Согтуугаар автомашин жолоодож эрхээ хасуулсан хүн дахин согтуу автомашин жолоодсон тохиолдол Чингэлтэй дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна. Тодруулбал, Нийслэлийн Налайх Багахангай дүүрэгт 15, Сүхбаатар дүүрэгт 32, Багануур дүүрэгт 50, Хан-Уул дүүрэгт 51, Баянгол дүүрэгт 60, Сонгинохайрхан дүүрэгт 67, Баянзүрх дүүрэгт 94 байгаа бол Чингэлтэй дүүрэгт 103 хэрэг бүртгэгджээ.

Өмнөх оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн дахин автомашин жолоодсон тохиолдол 1029 гарч байсан бол хуулийн хариуцлагыг чангаруулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсонтой холбоотойгоор 2 дахин буурсан байна.

Categories
мэдээ спорт

Монголын боксчид эх орондоо болсон Дэлхийн цомд тэргүүллээ DNN.mn

Монгол Улсад сонирхогчдын боксын “Улаанбаатар-2024” Дэлхийн цомын тэмцээн есдүгээр сарын 23-26-нд болов.

“UG Arena” ордонд болсон тус тэмцээнд 12 орны нийт 170 ширэн бээлийтэн өрсөлдөхөд багийн нийлбэр дүнгээр Монгол Улсын баг (4 алт, 4 мөнгө, 10 хүрэл медаль) тэргүүлж, Япон (4 алт, 1 мөнгөн медаль), БНХАУ (2 алт, 3 мөнгөн медаль)-ын баг удаалав. Дэлхийн цомын тэмцээн Ази тивд анх удаа болсон нь онцгой содон үйл явдал юм.

Монголын шилдэг ширэн бээлийтнүүдээс ДАШТ-ийн мөнгөн медальт Л.Алтанцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын оролцогч О.Есүгэн нар өрсөлдсөн юм.

Энэ тэмцээнийг залгуулаад АНУ-д аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 3-нд болох залуучуудын ДАШТ-д Монголын тамирчид өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын 15-наас зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг 5 сая төгрөгөөр торгоно DNN.mn

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авахаар хуульчилсан.

Энэ дагуу зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулжээ.

Аравдугаар сарын 15-наас такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл авч үйлчилгээ эрхэлдэг болох юм. Ингэснээр зөвшөөрөлгүй буюу энгийн хүмүүс такси үйлчилгээ эрхэлж, түүнтэй холбоотой гэмт хэрэг, осол гарвал зохицуулалт хийх аж.

Түүнчлэн Зөрчлийн, Автотээврийн, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт орсон.

Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн зургаадугаар зүйлд

  • 30.4. Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мөн Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд

  • 29.1.14. Орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3,000,000-10,000,000 төгрөг.
Categories
мэдээ нийгэм

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ DNN.mn

Монгол улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний:

  • 4206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү,
  • 3579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн,
  • 2437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна.

Хэрэв та эрсдэлтэй алхам хийсэн бол аймаг дүүргийн Эрүүл мэндийн төвийн ДОХ/ БЗДХ-ын кабинетад  хандах юмуу ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлгийн зөвлөгөө мэдээлэл өгөх утас болох 72779090 дугаараар холбогдохыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын 1-нээс Монгол-Хятадын авто замын хилийн боомт түр хаагдана DNN.mn

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 онд байгуулсан Хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу БНХАУ-ын “Улс тунхагласны баяр”-ын өдрүүд 10 дугаар сарын 1-7-нд тохиож байгаа тул Монгол-Хятадын авто замын хилийн боомт түр хаагдана.

Иймд Гаалийн харилцаанд оролцогч, гадаад худалдаа эрхлэгч та бүхэнд БНХАУ-ын хилийн цаанаас бараагаа хурдан шуурхай татан авахыг зөвлөж байна.

No description available.

Монголын Гаалийн байгууллагын ХЯНАЛТ, БҮРДҮҮЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН үргэлжлэх болно.

Categories
мэдээ улс-төр

ИТХ-ын сонгуульд нийслэлд 10 нам, 1 эвслээс нийт 282 нэр дэвшигч өрсөлдөнө DNN.mn

Улсын хэмжээнд 2393 тойрогт нэр дэвшигчид 8031 мандатын төлөө өрсөлдөхөөр байна

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлд 10 нам, 1 эвслээс нийт 282 нэр дэвшигч өрсөлдөнө. Энэ удаагийн орон нутгийн сонгууль мажоритар системээр явагдана. Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулсан. Мөн 2393 тойрогт нэр дэвшигчид 8031 мандатын төлөө өрсөлдөнө гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ. Нийслэлд МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас 45, Үндэсний эвслээс 27, Иргэний зориг ногоон намаас 45 нэр дэвшигч өрсөлдөнө.

Улаанбаатар хотын 2024 оны төсвөөс харахад нийт 2.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх бол урсгал зардалд нийт 1.1 их наяд төгрөгийг төсөвлөсөн байна. Мөн улсын төсөвт 230.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр батлагдсан. Төлөвлөсөн орлогын хэмжээ нь 2023 онтой харьцуулахад 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 29.9 хувиар өссөн дүн болж байгаа юм.

 

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГЕГ: Он гарсаар 73.3 мянган ам.долларын малын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолжээ DNN.mn

2024 оны эхний 8 сарын байдлаар 20.3 мян.тн, 73.3 мян.ам долларын малын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна.

May be an image of text

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын чуулганы Ерөнхий санал, шүүмжлэл эхлэв DNN.mn

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулган Нью-Йорк хотноо үргэлжилж, Ерөнхий санал шүүмжлэл эхлэн 88 улсын төрийн тэргүүн, гурван улсын дэд ерөнхийлөгч, 35 улсын Засгийн газрын тэргүүн, зургаан улсын Шадар сайд зэрэг дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна. Энэ үеэр дэлхийн зарим удирдагчид ямар асуудлыг онцлон, үг хэлснийг хураангуйлан хүргэе.


НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Газын зурвас, Украин, Судан болон бусад газар нутагт ширүүн мөргөлдөөн үргэлжилж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тодорхойгүй байдал нэмэгдсэн, ядуурал, хиймэл оюун ухаан ноёрхож буй цаг үед дэлхийн удирдагчид чуулж байна. Манай дэлхий шуурган дунд байна. Бид зоримог өөрчлөлтийн эрин үед ирээд байна. Урьд өмнө байгаагүй сорилтууд бидний өмнө тулгарав. Чуулганд оролцож буй төр, засгийн тэргүүнүүдэд хоёр чухал үнэнийг хэлмээр байна. Нэгдүгээрт, дэлхий ертөнц тогтворгүй байна. Хоёрдугаарт, бидний өмнө тулгараад байгаа сорилтууд шийдэгдэх боломжтой. Ирээдүйн дээд хэмжээний уулзалтын үеэр НҮБ-ын гишүүн орнууд Ирээдүйн гэрээ гэгддэг хэтийн төлөвийн тунхаглалыг хүлээн зөвшөөрсөн нь үүний эхний алхам байлаа. Бидний өмнө тулгарч буй гурван гол хүчин зүйл байна. Эдгээр нь шийтгэл хүлээдэггүй ертөнц, тэгш бус ертөнц, тодорхойгүй ертөнц гурав юм. Ойрхи Дорнод, Европ, Африкт энэ ял шийтгэлгүй байдал илт харагдаж байна. Ливан дайны ирмэгт байна. Дэлхий дахин Ливаныг Газын зурвас болгохыг тэвчих ёсгүй” гэсэн юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхийлөгч Филемон Ян “Дэлхийн хэмжээнд тулгамдаж буй улам хурцдаж буй цаг уурын онцгой байдлын эсрэг нэгдсэн фронт байгуулах хэрэгтэй байна. Мөн Ойрхи Дорнод, Украин, Гаити, Суданд үргэлжилж буй мөргөлдөөний галыг нэн даруй зогсоож, олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөхийг уриалъя. Хамас ба Израилийн хоорондох хүчирхийллийг зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг болзолгүйгээр суллах, палестин болон израильчуудын энх тайвныг хангахын тулд шийдэлд хүрэхийг уриалж байна. Боломжит нөөцийг дайнд зориулж буй нь хүйтэн дайны үеийг санагдуулж, урьд өмнө байгаагүй зэвсгийн уралдааныг өдөөж байна. Хуучин өрөөсгөл үзэл болон шинэ хуваагдал нь мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд саад болж байна. Байнгын яриа хэлэлцээ бол бидний хүчирхэг зэвсэг юм. Хүйсийн тэгш байдал ба хүний эрхийн асуудал ч дэлхий даяар хөндөгдөж байна. Мөн албадан хөдөлмөр эрхлэлт, орчин үеийн боолчлолыг буруушааж байна. Үүнтэй тэмцэхийн тулд дэлхий нийтээр тууштай байх хэрэгтэй байна. Мөн маш олон улс орон өрийн дарамтад орж байгаа тул олон улсын санхүүгийн системд яаралтай шинэчлэл хийх шаардлагатай. Саяхан болсон “Ирээдүйн дээд хэмжээний уулзалт” болон саяхан батлагдсан “Ирээдүйн гэрээ” нь хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийн сорилтыг даван туулахын тулд олон талт байгууллагуудыг сэргээх зорилготой юм.

Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва: НҮБ өнөөгийн дэлхийн нөхцөл байдалд тохирсон хангалттай арга хэмжээ авахгүй байгаа мэт санагдаж байна. Энэ нь яриа хэлэлцээр хийх хамтын чадавх суларч буйг харуулж байна. Тухайлбал, НҮБ-аас саяхан баталсан “Ирээдүйн гэрээ” нь ойрын жилүүдийн олон талт харилцааны чиг хандлагыг тодорхойлох зорилготой боловч хамрах хүрээний хувьд хязгаарлагдмал байна. Бид улам л зовлон, бухимдал, хурцадмал байдал, айдас түгшүүртэй цаг үед амьдрах боллоо. Цэргийн төсөв, мөргөлдөөн нэмэгдэх болов. Олон улсын эрх зүйн дэмжлэггүйгээр хүч хэрэглэх нь хэвийн үзэгдэл болжээ. Украин дахь дайныг Хятадтай хамтран санал болгож буй зургаан зүйлт төлөвлөгөөгөөр дамжуулан бүтээлч яриа хэлэлцээгээр шийдэхийг бид эрмэлзэж байна. Газын зурвас болон Баруун эрэг дэх хүмүүнлэгийн хямрал нь сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн том хүмүүнлэгийн хямралын нэг юм. Ливан дахь нөхцөл байдлыг “Батлан хамгаалах эрх нь өс хонзон авах эрх болсон” гэж бид тодорхойлж байна. Дэлхийн санхүүгийн системийг шинэчлэхийг уриалж байна. Бага, дунд орлоготой орнуудын гачигдалтай байдал нь хамгийн ядуу нь хамгийн баянаа санхүүжүүлдэг “Маршаллын урвуу төлөвлөгөө”-нд хүргэдэг. Африкийн орнууд болон чинээлэг орнуудын зээлийн хүү эрс ялгаатай байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагуудад хөгжиж буй орнуудын төлөөллийг нэмэгдүүлэхийг уриалъя. Эцэст нь НҮБ-ын дүрмийг иж бүрэн хянан үзэж, яаралтай шинэчлэл хийхийг уриалж байна” гэв.

Аргентины ерөнхийлөгч Хавьер Майли Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы индэр дээрээс үг хэлэхдээ олон улсын тус байгууллагыг “олон тэмтрүүлтэй левиафан” гэж нэрлээд, байгуулах явцад тавьсан зорилтоо биелүүлж чадаагүй гэж зэмлэжээ. Тэрээр “Хүмүүсийн бий болгож буй ихэнх хүнд суртлын нэгэн адил энэ байгууллага үүсгэн байгуулагдахдаа дүрэмдээ заасан зарчмуудыг хамгаалахаа больж, мутацид орж эхэлсэн. Хэдхэн хаант улсыг хамгаалах бамбай болох зорилготой байгууллага болсон. Гишүүн улс бүр юу хийх ёстойг төдийгүй дэлхий дээрх бүх хүмүүс хэрхэн амьдрах ёстойг шийдэхийг хичээдэг олон тэмтрүүлтэй “Левиафан/олон толгойт галт могой/” болсон. НҮБ-ын гишүүд Ойрхи Дорнод дахь либерал ардчиллыг хамгаалдаг цорын ганц улс болох Израилийн эсрэг “терроризмын гамшиг”-ийг системтэйгээр дэмжиж саналаа өгдөг болсон. НҮБ гишүүдийнхээ нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг хамгаалах үүргээ биелүүлж чаддагүй” гэжээ.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган НҮБ-ыг шинэчлэхийг уриалж, тус байгууллага өнөөгийн байдлаар хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилт, хямралыг даван туулах чадваргүй байгааг тэмдэглэж, өнөөгийн Израилийг Гитлерийн Германтай харьцуулж, дайн өдөөгчийг няцаахыг хүн төрөлхтөнд уриалж, Украин газар нутгаа эргүүлэн авах ёстой гэв. Тэрээр “Сүүлийн жилүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллага үндсэн үүргээ хангалттай биелүүлээгүй бөгөөд улам бүр доголдолтой, эрч хүчгүй, идэвхгүй болж байна. Израилийн дайралтын үр дүнд Газа бүс нь дэлхийн хамгийн том хүүхэд, эмэгтэйчүүдийн оршуулгын газар болжээ. Украины дайн бараг гурван жил үргэлжилж байгаа ч бид энх тайвныг тогтоохоос хол байна. Зэвсэглэлийн уралдаан хурдсах тусам дипломат харилцааны орон зай аажмаар багасч байна. Бид Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдалд суурилсан дипломат харилцаа, яриа хэлэлцээний замаар дайныг зогсоох хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжих болно” гэж хэлэв.

Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан АНУ-ын ард түмэнд хандан “Иран танай улсын эсрэг хориг тавьж, дэлхийтэй харилцах харилцаанд чинь саад учруулаагүй. Иран та нарыг дэлхийн банк санхүүгийн системд нэвтрэх боломжийг хязгаарлаагүй. Иран Багдадын нисэх онгоцны буудалд АНУ-ын цэргийн удирдагчийн амь насанд халдаагүй. Иймээс Иран улс ирээдүйн сайн сайхан ертөнцийг бий болгохын тулд дэлхийн хүчирхэг гүрнүүд болон хөршүүдтэйгээ эдийн засаг, нийгэм, улс төр, аюулгүй байдлын талаар ач холбогдолтой түншлэлийг эрх тэгш байдлын үндсэн дээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна. Та нар бидэнд нэмэлт хориг арга хэмжээ авах нь Ираны энэ мессежийн зөв хариу үйлдэл биш юм. Исламын Бүгд Найрамдах Иран улс дайныг эсэргүүцэж, Украин дахь байлдааны ажиллагааг яаралтай зогсоох шаардлагатай байгааг онцолж байна. Бид энх тайвны бүх шийдлийг дэмжиж байгаа бөгөөд яриа хэлэлцээ нь энэ хямралыг шийдвэрлэх цорын ганц арга зам гэдэгт итгэлтэй байна. Тегераны цөмийн үйл ажиллагааг хязгаарлах зорилготой 2015 оны гэрээг сэргээхийн тулд Иран холбогдох улсуудтай хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ эдийн-засаг

“Эмээлт”-д үхэр 1.200.000-2.400.000 төгрөгийн ханштай байна DNN.mn

Эмээлт захын амьд малын үнэ ханшийн /2024.09.27/ мэдээллийг хүргэж байна.

Ямаа- 80.000-160.000 төгрөг

Хонь- 120.000-200.000 төгрөг

Үхэр- 1.200.000-2.400.000 төгрөг

Адуу- 800.000-1.300.000 төгрөг

Тэмээ-1.200.000-1.800.000 төгрөг

Сарлаг- 900.000-1.600.000 төгрөг байна.

 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах-109”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг 21 байршилд зохион байгуулж байна DNN.mn

Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдааг есөн дүүргийн 21 байршилд зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаагаар зарж байгаа хүнсний ногооны үнэ зах, худалдааны төвүүдийнхээс дунджаар 500 төгрөгөөр хямд байгаа аж.

Тодруулбал,

  • Төмс 1кг нь -1000 төгрөг
  • Байцаа 1кг нь- 1000 төгрөг
  • Лууван 1кг нь- 2000 төгрөг байна. Харин нарийн ногоо 6000-10000 төгрөгийн хооронд борлуулагдаж байна.