Categories
гадаад мэдээ

Арина Сабаленка АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүллээ DNN.mn

Беларусийн теннисчин Арина Сабаленка бямба гарагт АНУ-ын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн финалд Америкийн тамирчин Жессика Пегулаг 7:5, 7:5-аар хожсоноор “Их дуулга”-ын гурав дахь цомоо өргөлөө.

Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй 26 настай А.Сабаленка 2023, 2024 оны Австралийн нээлттэй тэмцээнүүдэд түрүүлж байсан бөгөөд АНУ-ын нээлттэй тэмцээнд анх удаа түрүүлсэн нь энэ юм. Тэрбээр 3.6 сая ам.долларын мөнгөн шагнал хүртэх бөгөөд энэ нь 2023 оны ялагчийн шагналаас /3 сая доллар/ 20 хувиар өссөн байна.

Харин ганцаарчилсан төрлийн хагас шигшээд шалгарсан дөрвөн тамирчин бүгд нэг сая долларын шагнал тус тус авна. Ташрамд дурдахад, энэ жил АНУ-ын нээлттэй тэмцээний эрэгтэй, эмэгтэй оролцогчдод эн тэнцүү шагнал хүртээж эхэлсний 50 жилийн ой тохиож байгаа юм.

Эцэг эх нь Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ “Буффало Биллс”, Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Буффало Сабрес” багийг эзэмшдэг Нью-Йоркийн уугуул Ж.Пегулагийн хувьд анх удаагаа томоохон тэмцээний финалд шалгарлаа. Тэрбээр сүүлийн нэг сарын хугацаанд хийсэн 17 тоглолтынхоо 15-д нь хожсон боловч тэмцээний финалд А.Сабаленкад хожигджээ. Дэлхийн чансааны зургаадугаарт бичигдэж буй Ж.Пегула энэ жил дэд байрын шагналын эзэн болсноор 1.8 сая долларын шагнал авах ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Парис 2024” олимпийн наадмын марк гарлаа DNN.mn

“Парис 2024” олимпын наадмын марк гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн албаны тусгай шалгалт энэ сарын 10-нд болно DNN.mn

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын 40 сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

Сонгон шалгаруулалтын бүртгэл өнгөрсөн сарын 16-ны өдрийн 09:00 цагт эхэлж, энэ сарын 29-ний өдрийн 17:00 цагт дууссан. Шалгалтад 23 сул орон тоонд 31 албан хаагч, иргэн бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2024 оны 201 дүгээр тогтоолоор байгуулсан комисс хуралдаж, Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын 14 сул орон тоонд 15 иргэний, удирдах албан тушаалын 4 сул орон тоонд 4 албан хаагч, иргэний бүртгэлийг хянан баталгаажууллаа. Бүртгэл нь баталгаажсан 19 албан хаагч, иргэн Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу тусгай шалгалт өгнө.

Шалгалт Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт 9 дүгээр сарын 09:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Санал асуулгад оролцсон иргэдийн 59 хувь нь тээврийн хэрэгслийн тэгш, сондгойгийн хязгаарлалтыг дэмжихгүй гэжээ

Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор түр хугацаанд тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах санал асуулга эхлүүлсэн.

Одоогийн байдлаар 3,988 хүн үүнд хамрагдаж, 59 хувь нь дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ.

Санал асуулга өнөөдөр дуусах бөгөөд энэхүү холбоос дээр дарж, утасны дугаар эсвэл ДАН системээр нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батсуурь: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөс 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд нэмж санхүүжүүлнэ DNN.mn

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа.


-Өнөөдөр “Барилгачдын өдөр” тохиож байна. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байна вэ?

-Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хугацааны 70-аад жилд нь төвлөрсөн төлөвлөгөөт, Оросын барилгын стандартаар явж ирсэн. Нэг хэсэг хятад барилгачид ч ажиллаж л байсан. Харин социалист нийгмээс ардчилсан нийгэмд ороход системийн ялгаанд барилгын салбар жаахан бүдгэрсэн. Учир нь тэр үед хувийн өмч гэж байсангүй. Одоо бол бараг бүхий л зүйл хувийнх болсон. Орон сууц гэхэд 1997 оны гуравдугаар с ард анхны хувийн гэрчилгээг авч байсан түүх байдаг. Ингээд харахаар хот байгуулалт, барилга, нийтийн ахуйн салбар яалт ч байхгүй уналт босолт, хөгжил дэвшлийг туулж ирсэн. Одоо гэтэл барилга гэхээр зөвхөн салбар төдий биш бүх хүн мэддэг зүйл болсон байна. Дээрээс нь манай улсад дэлхийн бүхий л улсад үйлдвэрлэж байгаа барилгын материал бараг бүгд байна. Хуучин нэг загвараар л барилга баригддаг байсан бол дэлхийн хаана ч байдаг орчин үеийн барилгууд баригддаг болсон.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Танай салбарт ямар бодлого баримталж ажиллахаар болж байна вэ?

-Хамтарсан Засгийн газар байгуулаад Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам гэж байгуулсан. Өнөөдөр манай улсын хүн амын бараг тэн хагас нь улсынхаа нийслэлд амьдарч байна. Тэгэхээр шинэ хот барихаас өөр аргагүй болсон. Хамгийн ойрхон гэвэл олон улсын нисэх онгоцны буудлаа тойруулаад “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод” хот байгуулахаар болж байгаа. Ингэж хотыг задалж өгөхгүй бол хот дотроо дахин төлөвлөлт хийгээд л байвал төвлөрөл нэмэгдсээр байна. Мэдээж Улаанбаатар хот дотроо дахин төлөвлөлтийг хийсээр байх болно. Гэсэн хэдий ч үүнийхээ хажуугаар хотоо задалж, шинэ хот байгуулах зайлшгүй шаардлага бий болсон.

Тэгэхээр манай яамнаас шинээр хот барьж нийслэлийнхээ төвлөрөл, түгжрэл, утааг задлах бодлогыг барина. Мөн гаднын орнуудын энэ талын туршлагыг давхар судалж байна. Саяхан л Хөх хот утаатай, түгжрэлтэй байсан бол одоо энэ бүхнээ шийдчихсэн байгаа. Тэгэхээр бодлоготой, төлөвлөлттэй байх юм бол богино хугацаанд эдгээр асуудлуудыг шийдэж болдог юм байна гэдгийг эндээс харах хэрэгтэй. Үүнээс гадна сум, аймгийн төв, хотод амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанарыг ижил түвшинд аваад ирэх юм бол хүмүүс хот хүрээ газарт тэр бүр амьдрахыг хүсэхээ больчихсон. Тийм болохоор энэ талын бодлогыг барина. Хөдөөг хөгжүүлэхийн тулд хамгийн чухал нь инженерийн шугам сүлжээний асуудлыг л шийдэх хэрэгтэй. Ингэсэн байхад тухайн хүн өөрийн хүссэн байдлаар амьдрах орчноо бүрдүүлээд амьдарч чадна. Тиймээс төрөөс инженерийн шугам сүлжээг нь хийж өгнө. Харин та өөрийнхөө хүссэнээр байшин, орон сууцаа бариад амьдар гэдэг бодлогыг хөдөөд барьж ажиллана. Мэдээж ингэхдээ зохион байгуулалт, төлөвлөлтийг нь сайтар хийх ёстой.

-Иргэдээ орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийг санаачилж хэрэгжүүлсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд зогсч, сүүлдээ бага хэмжээтэйгээр гарч эхэлсэн. Үүнийгээ дагаад хээл хахуулийн асуудал ч яригдах болсон. Тэгэхээр салбар яамны зүгээс ипотекийн зээл дээр ямар ажил хйихээр төлөвлөж байна вэ?

-Иргэдээ орон сууцжуулах асуудлыг шийдэх гол зүйл бол ипотекийн зээл. Одоо энэ зээлийн эргэн төлөлт нь 500-600 орчим тэрбум төгрөг байгаа юм. Дээрээс нь энэ зээлийг Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлээд ахиад энэ хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг нэмэхээр болсон. Тэгэхээр жилд ийм хэмжээний хөрөнгөөр и потекийн зээлийн асуудлыг шийдээд ирэхээр таны яриад байгаа наад асуудлууд чинь харьцангуй багасна. Нэг ёсондоо нийлүүлэлт ихсэхээр үнэ буурна. Нийлүүлж чадахгүй болохоор л үнэ өсөөд, маргаан мэтгэлцээн, хээл хахуулийн асуудал гарч ирээд байгаа юм. Үүнээс гадна гадна, дотны нэн хөнгөлөлттэй зээл, тусламжаар инженерийн шугам сүлжээг өргөтгөх асуудал байна. Ирэх жил Хятадын буцалтгүй тусламж, Мянганы сорилын сангийн санхүүжилтээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна. Мөн Шинэ Зуунмод хотод дээрээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад гаргасан алдааг дахин гаргахгүй байх нь л манай яамны гол зорилго. Зах зээлийн нийгмийн хүнд үед орон сууцнууддаа өргөтгөл барьчихсан. Тэр нь хувийн өмч болчихсон учраас өнөөдөр замаа өргөтгөж чадахаа байсан. Өнөөдөр Яармагийн зам хэт нарийхан, шахаад өндөр барилгууд барьчихсан. Тийм болохоор өргөтгөж болдоггүй. Ингээд шинэ хот руугаа очихын тулд Богд уулыг 15.7 км хонгил гаргаж, хоёр урсгал, зургаан эгнээ замтай байхаар төлөвлөж байна. Цаана нь өнөө яриад байгаа шинэ хот маань байх юм. Гэтэл бас тунель барьчихлаа гэхэд тийшээгээ очих гэж түгжирнэ. Тийм болохоор тунель рүүгээ очдог Ган татлагат гүүр барина. Ингэсний дараагаар бүх яам, тамгын газар буюу гүйцэтгэх засаглал нь хотоосоо гаръя гэж байгаа юм. Манай яам бол бодлогын яам. Тийм болохоор хотоо задалъя, шинэ хот барья, харин шинэ хотдоо алдаагаа давтахгүй байя гэсэн бодлого гаргаж байгаа юм. Түгжрэлгүй болчихвол нөгөө “20 минутын хот” чинь аяндаа бий болно. Гэвч бүх зүйл мөнгөөр хэмжигдэнэ. Ган татлагат гүүр, тунель, Засгийн газрыг гаргах, Туул гол дагуух хурдны зам гээд төслүүдийг хийхэд 100 гаруй их наяд төгрөг хэрэгтэй. Тийм болохоор төрөөс инженерийн шугам сүлжээг нь хийгээд хүмүүсээ сэдэлжүүлье. Дээрээс нь дэлхий нийт хүлэмжийн хийг бууруулах зорилгоор асар их эх үүсвэрийг хүүгүйгээр өгч байна. Энэ мэт олон арга замыг л хайж байгаа. Өнгөрсөн жилүүдийн алдаа дутагдал нэг л өдөр бүгд засагдахгүй. Гэхдээ үүнээс цааш түгжрэл, утааг нэмэхгүй байх хэрэгтэй. Ингээд нааш нь багасгасаар байхгүй болгох хэрэгтэй л гэж үзээд байгаа юм.

-Гоё нэртэй, том төслүүдийг бид анх удаа ярьж, сонсож байгаа юм биш. Өмнө ч ярьж байсан олон гоё төсөл тэгсгээд зогссон тохиолдол бий. Тийм болохоор иргэдийн итгэл алдарсан гэж болно. Тэгэхээр энэ том төслүүдээ бүрэн дуусгахын тулд хэрхэн ажиллах вэ?

-Бүх зүйл нэг цэгээс эхэлдэг. Тийм ч болохоор хамтарсан Засгийн газар энэ эргэлтийн цэгийг эхлүүлж байна. Ер нь бол өнөөдөр бид өмнөхөө муулаад байж болохгүй. Алдаа дутагдал байгаа бол засах ёстой. Учир нь өнгөрсөн 30 жил ингээд яваад ирсэн. Дараагийн 30 жилд ямар байх нь хамаагүй гэж бодож болохгүй биз дээ. Өмнөх Засгийн газрууд дангаараа засаглахыг оролдоод, бусад нь сөрөг хүчин учраас гээд эсэргүүцдэг, нийгэмтэйгээ зөвшилцөж чаддаггүй байсан гэж үзэж байгаа юм. Дандаа ахуйтай зууралдаж байсан. Тийм болохоор одоо парламентад суудалтай байгаа нам, эвслүүд нэг ойлголттойгоор хамтраад зүтгэвэл энэ том төслүүдийг хэрэгжүүлж чадна гэж бодож байгаа. Бидэнд одоо өөр арга байхгүй. Энэ нийгэмд би, чи гэж талцаад байх хэрэггүй. Миний, чиний хүүхэд өснө. Өөрийн гэсэн орон сууцтай, машинтай байхыг, тав тухтай амьдрахыг л хүснэ. Тэгэхээр бид ямар ч байсан эхлүүлж байгаа юм. Харин муулах, өөлөх бол амархан.

-Том төслүүд бол цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардана. Тэгвэл ойрын хугацаанд нийслэлийнхээ асуудлыг бага багаар ч болов шийдэх төсөл хөтөлбөрүүд юу байна вэ?

-Байлгүй яах вэ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, 1008 айлын орон сууц, Солонго-1, 2, Залуус-1, 2 гээд хийж байна. Нийслэлтэй бид маш сайн ойлголцож, хамтарч ажиллаж байгаа. бүх ажлуудыг бодлогоор дэмжих ёстой. Мөн барилгын стандартуудаа шинэчлэх том ажил байна. Ажиллах хүчний хомсдол энэ салбарт том асуудал болсон. Ажлын байрны нэгж өртөгийг нэмэгдүүлэхгүй бол ажиллах хүн олдохоо байсан. Солонгос, Австралид барилга дээр ажиллахаар 3-5 дахин, магадгүй 10 дахин их мөнгө аваад байгаа учраас тийшээ яваад байна. Тийм ч болохоор энэ мэт асуудлуудад онцгой анхаарч ажиллаж байгаа.

-Ипотекийн зээлээс гадна өөр арга замуудаар иргэдээ орон сууцжуулах асуудал яригдаж байгаа юу?

-Дэлхий дээр ер нь хэдхэн янзын л арга зам байдаг юм байна. Ипотек, түрээс, түрээслэх замаар өмчлөх гэж бий. Эдгээрийг зэрэгцүүлээд хийгээд явна. Мэдээж хамгийн чухал нь урт хугацаатай, бага зүйтэй зээл болох ипотек шүү дээ.

-Сонгуулийн өмнөхөн импортын цементийн татварыг таван хувь болгосон. Ингэснээр орон сууцны үнэ буурна гэж байсан ч эсрэгээрээ улам нэмэгдчихсэн. Дээрээс нь орж ирж байгаа цементийн чанар муу зэрэг асуудлууд үүссэн. Та салбарын сайдын хувьд энэ бодлогыг эргэж харах уу?

-Аливаа асуудлыг хэлэлцүүлгийн замаар шийдэх ёстой. Тийм ч болохоор салбарын сайдаар томилогдоод салбарынхаа ахмадууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан. Эндээс ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Ажлын хэсгээс дүгнэлт гаргаад, манай цементийн хэрэглээ хэр байна, гаднаас оруулахаар бол яах юм гээд олон зүйл тодорхой болно. Харин үүнээс үл хамаараад чанар болон жингийн асуудал байгаа юм. Гол нь хэрэглэгч хохирдоггүй л байх ёстой. Энэ тал дээр үүрэг чиглэл өгнө. Эдийн засагт нөлөөлөх гол шийдвэрийг нь үйлдвэрлэгч, импортлогч, хэрэглэгч гурвын олон талын хэлэлцүүлгээс дундын хувилбар гаргаад явна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Бусдад төвөг удахгүй амьдрах нь хамгийн том буян DNN.mn

Суурин иргэншилд чиний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ тэрийг ойлгож, ухамсарлаж, хэрэгжүүлдэг нь тун цөөн. Та бидний алхам тутамд энэ байдал анзаарагдаж байгаа биз дээ. Жишээлбэл, явган хүний зам дээр машинаа дамнуулж тавьчихаад хээвнэг дотор нь утсаа ухаад хэвтэж байдаг улс бий. Алхаж яваа хүмүүс тэр машиныг тойрч авто замаар алхах болдог. Хурдтай давхиж байгаа машинд мөргүүлж гэмтвэл явган зорчигчийн замыг булаасан жолооч хариуцах уу. Мөргөсөн жолооч, мөргүүлсэн хүн хоёр л хохирно. Явган хүний зам дээр машинаа хөндөлсүүлбэл гэмгүй иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд том хохирол учруулна гэдгийг манай жолооч нар үргэлж санаж явдаг байгаасай. Бас зорчиж байгаа эгнээ нь түгжрээд байхаар урсгал сөрөөд давхидаг жолооч нар бишгүй байдаг даа. Хэдхэн минут хүлээж чадахгүй урсгал сөрөн урагшилж байгаад урдах, хойдох эгнээгээ явуулахгүй таг түгждэг. Түүнээс болж тэр зам дээр зорчигч олон хүний ажил амьдрал саатаж байгааг мэддэг болов уу. Магадгүй жирэмсэн ээжийн тэсэхийн аргагүй өвдөлт, шалгалтнаасаа хоцорсон оюутны шаналал, түргэн аваад явж буй хэн нэгний харуусалд тэр жолооч буруутай.

Заримдаа томоохон дэлгүүрийн урсдаг шатаар яаран алхах гэхээр урд таглаад зогсчихдог хүмүүсийг өнхрүүлээд уначихмаар санагдах үе танд байдаг уу. Уг нь урсдаг шатан дээр баруун гар талын хэсэг рүү шахаж зогсоод нэг талаа чөлөөлөх ёстой гэдэг ойлголтыг бүгд ухамсарладаг болчихвол хэн хэндээ төвөг удахгүй шүү дээ. Чөлөөтэй хэсгээр нь яарч сандарсан хүмүүс алхана гэж яагаад боддоггүй юм бол. Энэ мэтчилэн бидний энгийн үйлдлүүд хэн нэгэнд төвөг болохгүй байвал нийгмийн стресс нимгэрэх сэн. Ер нь бусдад төвөг удахгүй амьдрах нь хамгийн том буян юм даа.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн: Амбасэлмаа эгчид би ганцхан удаа магтуулсан байдаг юм DNN.mn

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Малчин” телевизийн сэтгүүлч Дамбын Шагдарсүрэнтэй ярилцлаа.


-Монголын Үндэсний Радиогийн 90 жилийн ой тохиож байна. Та анх Монголын радиод орж ажилласан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Миний Монголын үндэсний радиод орсон шалтгаан бол би цаг уурын мэргэжлийн хүн байсантай холбоотой. Цаг уур дотроо олон янз. Сенотикч буюу цаг агаарын урьдчилсан мэдээг гаргаад үйлдвэрлэлд явуулдаг мэргэжил юм. Нийтлэг ард түмэн цаг агаарын прогноз гаргадаг гээд ойлгочихдог. Би яг энэ чиглэлийн инженер.

Их сургууль төгсөөд цаг агаарын прогноз гаргадаг байхдаа аав, ээж хоёрыгоо боддог байсан. Үүнийг яаж тэдэнд ойлгомжтой хүргэх вэ. Тэр үед Гончигжавын Чулуунбат, Батмөнхийн Чулуунбат, Доржийн Билгээ гээд Монголын үндэсний радиогийн аварга нэвтрүүлэгчид байлаа.

Тэдэнд бид цаг уурын прогнозоо бичээд өгчихдөг. Тэд Улаанбаатараас ярьж байна гэдэг шиг тийм гоё хоолойгоор уншдаг. Тэр гоё хоолойгоор ярих нь чухал биш. Зүгээр хүн хоорондоо ярьж байгаа юм шиг байвал аав, ээж минь илүү ойлгоно доо гэсэн бодол төрсөөр энэ тухайгаа 1985 онд ХАА-н редакцийн дарга байсан Мятавын Цагаан ахад ярьсан юм. М.Цагаан гуай намайг гурван ч удаагийн радиогийн томилолтоор нөгөө алдарт бүдүүн хоолойт сэтгүүлч Базарын Цэдэндамба, Дүгэрийн Амбасэлмаа, мал аж ахуйн чиглэлээр хамгийн олон жил ажилласан сэтгүүлч П.Галсан нартай хамт явуулсан.

Аав, ээждээ ойлгомжтойхон шиг цаг агаарын прогнозоо хүргэх юм сан гэсэн бодол, мэргэжлийн сэтгүүлчдийг дагаж гурван хавар хөдөө томилолтоор явахад л аяндаа радиод татагдсан. Тэр гуравтай явсан нэвтрүүлгүүдийг редакторлосон М.Цагаан гуай “Наашаа хүрээд ир” гэсэн. Би 1990 оны аравдугаар сарын 1нд Цаг уурын хүрээлэнгээс гарч, радиод орсон. Хоёр дахь нь амьдралын шалтгаантай. Гэр бүлийн хүн бид хоёулаа төсвийн байгууллагад ажилладаг байлаа. Тэр үед орон сууцтай болох УИХ-ын гишүүн болохоос хэцүү ажил байсан. Байгууллага бүрт орон сууцны оочерт нэр бичээстэй. Мөнгөөр худалдаж авдаггүй. Тухайн байгууллагад төрөөс орон сууцыг хуваарилдаг байв. Тэр үед МУСГЗ Мөнхийн Шийрэв гэж радиогийн захирал байсан хүн надад хоёр жилийн дараа байртай болгож өгнө гэж амласан юм. Гэхдээ би байрныхаа мөнгийг олж өгөөд байртай болсон. Яг тэр үед зах зээлд шилжсэнээр орон сууцыг хуваарилах бус мөнгөөр худалдаж авдаг зарчимд шилжсэн. М.Шийрэв дарга би чамд байр авч өгнө гээд авчирсан. Яаж мөнгө олох вэ гэлээ. Хамгийн мөнгөтэй газар нь Эрдэнэтийн “ГОК” байлаа. Миний дотны найз Ш.Отгонбилэг Эрдэнэтийн ГОКын захирлаар очсон байв. Эрхүүгийн Их сургуульд сурч байхдаа захидлаар танилцсан. Унаган багын найз маань танилцуулж байсан юм. Тэр найз дээрээ очиж үнэн учраа хэлсэн. Найз маань нэвтрүүлэг хийгээд өгчих, байр авч өгье гэсэн. “Эрдэнэтийн эрдэнэ” гэсэн цуврал 20 нэвтрүүлэг хийж өгөөд хоёр өрөө байртай болж байлаа. Би 2011 онд Монголын радиогоосоо тэтгэвэртээ гарсан. Одоо “Малчин” телевиздээ мөн 10 гаруй жил ажиллаж байна.

-Тантай хамт ажиллаж байсан эрхэм хүмүүсээ дурсвал?

-Мятавын Цагаан нь Говь-Алтай аймгийн Дарви сумын хүн. Аав нь улсын аварга малчин хүн байсан юм билээ. Үндсэн мэргэжил нь малын бага эмч. Радиод ХАА-н редакц гэж байсан. Түүний даргаар бурхан болтлоо ажилласан сэтгүүлчийн авьяастай хүн байлаа. Манай редакцид. алдарт Базарын Цэдэндамба, Д.Галсан, Дэлгэрийн Пэлдэн гээд домог болсон улсууд байлаа. Д.Пэлдэн гуай Хүүхэд залуучуудын редакцид байсан. Бямбажавын Хүрэлбаатар яруу найрагч, ЦэрэнжамцынДашдамба, Цэндийн Чимэддорж гээд бий. Манай Л.Мөнхтөр, Дан.Нямаа, санхүүч Д.Энхболд бид дөрөв үлдсэн байна. Жигжидийн Навч сүүлд орж ирсэн. Өндөр Баяраа гэгч нэрт зохиолч Пүрэвжавын Баярсайхан нь Завхан аймгийн Идэр сумын хүн. Үндсэн мэргэжил нь инженер. ХААн редакцид яг мэргэжлийн сэтгүүлч хүн бараг байгаагүй. Бүгд өөрийнхөө авьяасаар радиогийн сэтгүүлчийн хөдөлмөрт шамдсан. Тэр ч утгаараа амжилт бүтээл гаргасан хүмүүс юм.

-Зундуйн Дорж гуайтай таныг ойр дотно байсан гэж сонссон?

-З.Дорж ахтай би хамт ажиллаж байгаагүй. Ах уран зохиолын редакцид байсан. Бид ойр дотно байсан. Агуу авьяастай гайхамшигтай хүн байв. 1990 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн наадмаар Сүрэнхорын хээр гэдэг гайхалтай хурдан азарга тасархай түрүүлсэн юм. Тэр орой нь автын осолд орж өнгөрсөн. Маргааш өглөө нь ажил цуглахад Ц.Дашдамба, би, Ц.Чимидорж бид гурав уйлалдан, бичгийн машин дээр нулимсаа гоожуулаад сууж байхад З.Дорж ах орж ирээд гараад явсан. Бид нэвтрүүлгээ хийгээд орой гартал З.Дорж ах тааралдаад ах нь юм хийнэ гээд л явсан. Маргааш нь мундаг том найраглал бичсэн байсан. Зөндөө ойр дотно хамт явсан. З.Дорж ахын “Нас тогтох сайхан” гээд шүлэг бий.

-Та түүнтэй нь адилханаар шүлэг бичсэн байдаг даа. Уран бүтээлийнх нь тоглолт дээр уншсан байдаг юм билээ?

-Уран бүтээлийн тоглолт дээрээ намайг дуудаж шүлгийг маань уншуулж байсан.Ш.Сүрэнжав ах бид ойрхон сууж байлаа. Намайг “Нас өтлөх сайхан”аа уншиж өг гэлээ. “Нас тогтох сайхан нь” өөрийнх нь шүлэг.

“Айлд уригдсан ч суудал доошлохгүй

Ах захын хүндлэлд өргөгдөөд

Агсам тавьсан ч хүн үнэмшихгүй

Алдар хүндийн мананд бүрхэгдээд нас ахих сайхан гэж” би “Нас өтлөх сайхан аа” адилхнаар бичиж байсан. Үеийнхнээсээ миний хамгийн ойр дотно явсан хүн бол Ч.Чимэддорж. Бид хоёулаа хүний ганц хүү. Сэтгэл их эмзэг. Байнга л хамт явдаг байлаа. Цэрэнжамын Дашдамба гэж гайхалтай сайхан авьяаслаг дэндүү сайхан сэтгэлтэй хүн байв. “Сумын заан” гээд шүлгээрээ алдаршсан Чимэдравдангийн Мягмарсүрэн гэж манай өрөөнд суудаг. Доржийн Гомбожовын шавь байлаа. Гайхамшигтай.

-Танд олон л хөгжилтэй зүйл тохиолдож байсан байх. Сүхбаатарын улсын аварга адуучныд очиж байсан түүхээ дурсвал?

-Базарын Цэдэндамба гуайтай хамт Дарьгангын алдарт адуучин шар Банди гэдэг айлд очсон юм. Хаврын хуйсагнуур дөрөвдүгээр сард л байсан. Б.Цэдэндамба, Шарбанди ах хоёр хуучин танил, найзууд тул дундаа нэг шил юм тавиад хуучиллаа. Тэр үед “R7” гэж байгаагүй. Том дөрвөлжин магнитофон буюу радиогийн дуу хураагч үүрч явдаг байсан. Түүнийгээ асаачихаад тэр хоёр хуучилж, шар Банди гуайн эхнэр ууцны тарган мах тогоон дээр үйсэн юм. Б.Цэдэндамба ах намайг “Шаагаа, миний хүү наадахаа унтраачих. Дараа нь матдаг золиг байгаа юм” гэсэн нь хамгийн инээдтэй нь. Яагаад гэхээр Б.Цэдэндамба ах өмнө нь хөдөө явж байгаад айлд буугаад, дуу хураагчаа асаагаад яриагаа аваад, нөгөө айл нь хүндэтгээд нэг шил юм гаргаад ууж суухдаа дуу хураагчаа унтраахаа мартсан байна лээ. Бүх яриа нь сайнтай муутайгаа хураагдчихсан. Томилолтоос ирээд монтажчинд хальсаа өгдөг байлаа. Монтажны хүн онцгүй байсан юм шиг байгаа юм. Б.Цэдэндамба гуай ингэж ярьсан гээд удирдлагад матчихсан. Тэгээд Радиогоос хөөгдөөд дараа нь буцаж орсон юм билээ. Энэ нь надад сануулга, сургамж болж, би ярилцлага аваад дуусахаараа шууд унтраадаг болсон.

Радиогийн хүн болоход гурван том хүн нөлөөлсөн. Галсан ах бол дэндүү хашир, хашрын хашир хүн. Айлд ороод ярилцлага аваад төгсгөлд нь за болно, та маш зөв ярилаа гэж хэлдэг, үүнийгээ нэвтрүүлгээсээ хасдаггүй байсан. Д.Амбасэлмаа эгч алдаа гаргана гэж байхгүй дээ. Би Д.Амбасэлмаа эгчид ганцхан удаа магтуулсан байдаг юм. Тэр жил Монголын зүүн хагаст нь их зудтай жил байсан. Төв аймгийн урд талаар явж байгаад Хэрлэн баян улаан ордог юм. Социализмын үед отрын бүс байлаа. “Хөх ам” гэдэг газар Төв аймгийн Баянцагааны нэг малчных байгаа гэж сонсоод очсон юм. Бүрэнхий болохоос өмнөхөн Д.Амбасэлмаа гуайг сугадаж аваад хамт явъя, хүйдсэн дээр хальтраад уначихна гэсэн чинь “Овоо ш дээ. Хүйдэс гэдэг нь тэс хөлдүү болсон үхрийн баасыг хэлдэг. Би чамайг чинь хүйдэс гэж мэддэггүй байх гэж бодсон” гэж намайг тоосон юм. Түүнээс хойш эгч, дүү шиг нөхөрлөж ирсэн дээ.

Л.МИНЖМАА

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр гахай өдөр DNN.mn

2024.09.08 / Ням гариг

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН
ХОЁР ХАР ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулвал: Эд,мал арвижна.
Наран ургах, шингэх: 06.20-19.19
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 9 сарын 8, Адъяа гараг. Билгийн тооллын 5, Хонгорцог одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:20-19:19. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +5…+10 градус, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Улаанбаатар кабель кар” төслийн талаар санал солилцов.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармагийн чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” төслийг хэрэгжүүлж, гүйцэтгэгчээр  Франц улсын “ПОМА” групп ажиллаж буй. Тодруулбал, Яармагийн Арцатын амнаас Сонгино хайрхан дүүргийн Өнөр хороолол хүртэл 4.2 км урт замыг 11 минутад туулан 98 кабин бүхий дүүжин замын тээврийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Эхлэл төгсөл хэсэг дэх зогсоолууд болон 19 тулгуур баганын барилга угсралтын ажлыг эхлүүлэх хүрээнд газар ашиглагч байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэж, нарийвчилсан зураг дизайныг Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгч Пома групп кабины үйлдвэрлэлийг эхлүүлээд байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Уг төсөл хэрэгжсэнээр оргил цагийн үед нэг чиглэлд нэг цагт 30 орчим  автобус дүүрэн зорчигчтой тэнцэх хэмжээний зорчигч тээвэрлэх бөгөөд Улаанбаатар хотын иргэд тэр дундаа Баянгол дүүргийн 29-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 4, 23 дугаар хорооны оршин суугчид үр нөлөөг нь хүртэнэ. Тиймээс “Улаанбаатар кабель кар” төслийг эрчимжүүлэх шаардлагатай” гэдгийг тодотгов.