Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоногуудад Алтайн салбар уулсаар салхитай, ихэнх нутгаар дулаан байна DNN.mn

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад Алтайн салбар уулсаар салхитай, ихэнх нутгаар дулаан байна.


2024 оны 09 сарын 25-наас 2024 оны 09 сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 25-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно. Салхи 25-нд нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм,өдөртөө 13-18 хэм дулаан байна. 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдлээ DNN.mn

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлаар ​хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд мэдээлэл өглөө.

Өмгөөлөгч Б.Баатарсайхан “МСНЭ-ийн хүсэлтээр өнөөдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийн явцын талаар тодорхой мэдээлэл өгөөч гэсний дагуу бид энэхүү хуралд оролцож байна. Бидний өгсөн мэдээлэл  аливаа нэг этгээдэд нөлөөлөх гэсэн оролдлого биш гэдгийг тодотгоё. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Энэ хүрээнд иргэн бүр хууль зүйн туслалцааг саад бэрхшээлгүй авах ёстой. Шүүх хуралдааны талаар өөрийн байр суурийг ямар нэг хэлбэрээр илэрхийлээгүй. Өнөөдөр албан ёсоор илэрхийлж байна.

2024 оны долдугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр гарч сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сар хорих ял оногдуулж шийдсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхээс шүүхийн тойм мэдээг албан ёсоор олон нийтэд тухайн өдөр мэдээлсэн. Тухайн өдөр Н.Өнөрцэцэгийн асуудлаар шүүхийн мэдээ гаргахдаа өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулан гэх асуулга бүхий мэдээлэл гаргасан. Өнөөдрийн хэвлэлийн хуралд өмгөөлөгч нар энэ хэрэгт аливаа хэлбэрээр саад учруулаагүй болохыг албан ёсоор хэлье. Миний хувьд хоёр ч шүүх хурал байсан давхацсан тул шүүх хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгч анх удаагаа шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ илэрхийлсэн ч шүүх түүний хүсэлтийг хүлээж аваагүй, шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулсан. Миний бие Эрүүгийн хуулийн 19.11 буюу төрийн нууц тай холбоотой асуудлыг дагнан өмгөөлж байгаа. Д.Оросоо өмгөөлөгч намайг орлох боломжгүй, тийм практик ч байхгүй. Өнөрцэцэгийн хувьд өнөөдөр 135 хоног хоригдож байна. Өмгөөлөгчдийнх нь зүгээс  2024 оны наймдугаар сарын 19-ний өдөр давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан. Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа, тийм учраас давж заалдах гомдлоо гаргасан” гэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д үг хэллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Ирээдүйн асуудлаарх энэхүү дээд түвшний уулзалт нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн “Бидний нийтлэг зорилго” илтгэлдээ дурдсан энх тайван, тогтвортой, хүртээмжтэй, дасан зохицсон, цэцэглэн хөгжсөн ирээдүйд хүрэх арга замыг тодорхойлох энэ цаг үеийн нэгэн чухал арга хэмжээ болж байна.

Энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хариуцан, зохицуулагчийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн Намиби Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Байнгын төлөөлөгч нарт гүн талархал илэрхийлье.

“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг дүгнэн цэгнэж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шинэ эрч хүч өгч, үйл ажиллагаагааг нь улам эрчимжүүлэх зорилгоор өнөөдрийн энэхүү “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг санаачлан зохион байгуулж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Танд гүн талархал илэрхийлье.

“Ирээдүйн төлөө гэрээ”, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” баримт бичгийг олон удаагийн хэлэлцээ, зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэн батaлсан нь ээдрээ төвөгтэй энэ цаг үед Та бидний хамтын зорилго, улс төрийн хүсэл эрмэлзлийг бататгасан чухал алхам болж байна.

Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.

Мөн манай улс олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийг дээдэлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гол арга зам хэмээн үздэг бөгөөд түүний дотор яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь хэмээн үздэг.

Энх тайвныг тогтоох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн тэгш буc байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоох, шинжлэх ухаан, технологи, инновац, залуучууд, засаглалын шинэчлэл зэрэг тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд энэхүү “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт” нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

Манай улс энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-тай хамтран олон арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг баталсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Энэхүү Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гарсан тунхаглалын гол үзэл санаа өнөөдрийн дээд түвшний уулзалтаар батлах баримт бичгүүдэд тусгалаа олж байгаад баяртай байна.

Бид цаашид дэлхийн нийтийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг болон НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүх талаар тууштай дэмжин ажиллах болно.

Дээд түвшний уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Чулуун нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 26.8 хувиар өсчээ DNN.mn

Гаалийн байгууллагаас чулуун нүүрсний экспортын мэдээллийг дараах байдлаар танилцуулав.

Чулуун нүүрс

  • есдүгээр сарын 22-ны өдөр 27,000 тонн
  • Энэ оны эхнээс 57.7 сая тонн экспортолсон.

Уг үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.8 хувиар өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

“Мод тарих үндэсний өдөр” ирэх сард болно DNN.mn

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны намрын улирлын мод тарих арга хэмжээг 10 дугаар сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал зохион байгуулна.

Эдгээр өдрүүдэд төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зуслан, талбайдаа болон бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн орчинд мод тарих ажлыг зохион байгуулж болох бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн талбайн 20 хувьд ногоон байгууламж бий болгохыг Нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 40.651 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд   40.651 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 364 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 114, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Өмчлөх эрхийн эсрэг 147, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 61, бусад 8 хэрэг бүртгэгджээ.

Зөрчлийн шинжтэй 98.149 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 98.242 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 97.248 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэрлэж, 994 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2.493, танхайрах 128, хүний биед халдах 311, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 140, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 93.668, бусад 1.502 зөрчил гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн шуудангийн холбооны Стратегийн форум болж байна DNN.mn

Дэлхийн Шуудангийн холбооны (ДШХ) Ази Номхон Далайн орнуудын стратегийн форум Улаанбаатар хотноо болж байна. Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг форумыг Монгол Шуудан ХК зохион байгуулж буй бөгөөд Ази номхон далайн бүс нутгийн 32 орны 100 орчим хүндэт зочид төлөөлөгчид оролцож буйгаараа онцлог юм. Форумд ДШХ-ны Ерөнхий захирал ноён Масахико Метоки болоод бусад улс орнуудын үндэсний шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид, зохицуулагчид, бодлого боловсруулагчид оролцож байна. ДШХ-ны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форум нь бүс нутгийн шуудангийн операторууд болон оролцогч талуудад тулгарч буй өвөрмөц сорилт, боломжуудыг шийдвэрлэх зорилгоор ДШХ-оос зохион байгуулдаг гол платформ юм. Энэхүү форумд үндэсний шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид, зохицуулагчид, бодлого боловсруулагчид, салбарын мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож, ялангуяа цахим худалдаа, дижитал өөрчлөлтийн хүрээнд шуудангийн үйлчилгээг сайжруулах, хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн эрэлтэд дасан зохицох стратегийн талаар ярилцдаг. ДШХньШвейцарынБернхотодтөвтэй бөгөөд олон улсын шуудангийн үйлчилгээг зохицуулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. 1874 оноос хойш 150 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй уг байгууллага нь өөрийн гишүүн 192 орны хооронд үр ашигтай, найдвартай хил дамнасан шуудангийн солилцоог хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. ДШХ нь дэлхийн харилцаа холбоо, худалдаа, цахим худалдааг дэмжих зорилгоор шуудангийн стандартыг тогтоож, хамтын ажиллагааг дэмжиж, шуудангийн системийг шинэчлэхэд тусалдаг. Ингэснээр олон улсын шуудангийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг ахиулахад голлох үүрэг хүлээнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 5 байршилд авто зам шинэчилж, хөдөлгөөнийг өнөөдөр нээв DNN.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатар хотын таван байршилд авто зам шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ. Тодруулбал, Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх авто зам, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто зам, “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсэг, Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто зам, “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээв. Зам засварын ажлын хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг мөн гүйцэтгэлээ.

Дараах 5 байршилд авто зам шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.

• Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн.

• Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн.

• Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсгийг засварлаж, хөдөлгөөнийг нээсэн.

• Хонхны гудамж буюу Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн.

• Их тойруугийн авто зам буюу “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн.

Замын ажил хийж буй байршлууд:

• Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж байна. Тус замыг есдүгээр сарын 26-нд нээнэ.

• Баянзүрх дүүрэг, 13, 37, 42 дугаар хороо, Нарны зам, Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийг хийж байна. Тус замыг есдүгээр сарын 24-ний 06:00 цагт нээнэ.

• Өнөөдөр орой 23:00 цагаас Нийслэл хүрээ буюу “И-март”-ын уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг 4 хоног хааж, шинэчилнэ.

Categories
гадаад мэдээ

Перу улсад дэгдээд буй ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлаад байна DNN.mn

Перу улсын Иргэний хамгаалалтын үндэсний хүрээлэнгээс баасан гарагт мэдээлснээр ой, хээрийн түймэрт нийт 2000 орчим га газар тариалангийн талбай өртжээ. Түүнчлэн гал түймрийн улмаас 18 иргэн амь насаа алдааж, 165 иргэн түлэгдэлтийн улмаас бэртэж, гэмтсэн байна.

Өргөн тархсан ой, хээрийн түймрийн улмаас Амазонас, Сан Мартин, Укаяли мужуудад өнгөрсөн лхагва гаригт тус улсын Засгийн газраас онц байдал зарласан.

Перу улсын нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь халуун орны ой модоор бүрхэгдсэн байдаг ба газар тариалангийн гарцыг сайжруулах зориулалтаар хуурай талбайг шатаах зэрэг хүний буруутай үйл ажиллагаа, мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэн тус улсад ой, хэрийн түймэр ойр, ойрхон гарах болсон байна.

 

 

Орчуулсан Б.Гэрэлзаяа

Categories
мэдээ нийгэм

Шатрын олимпиадад эмэгтэй шигшээ баг 183 орноос 16-р байр эзэлжээ DNN.mn

FIDE (The International Chess Federation)-аас зохиодог 45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын нийслэл Будапешт хотод боллоо. Шатрын спортын багийн төрлийн хамгийн том тэмцээнд тооцогддог уг олимпиадын эмэгтэй төрөлд 183 орны баг тамирчид өрсөлдсөнөөс Монголын эмэгтэй шигшээ баг 16-р байр эзлэв. Эмэгтэй шигшээ баг нийт 11 өрөг тоглож 7 хожиж, 1 тэнцэж 3 хожигдсоноор 15 (TieBreak1: 332.5 TB2: 27.5 TB3: 147) оноо цуглуулсан юм. Улмаар эмэгтэй багийн төрөлд Энэтхэгийн шигшээ баг 19 оноотой (TB1: 432 TB2: 31 TB3: 159) түрүүлсэн. Харин монголын эрэгтэй шигшээ баг 197 орноос 5 хожил, 2 тэнцэж, 4 хожигдож 12 оноотой (TB1: 267.5 TB2: 27 TB3: 126) 62-р байр эзлээд буй. Эрэгтэй төрөлд мөн Энэтхэгийн шигшээ баг 21 оноотой (TB1: 476.5 TB2: 35 TB3: 156) түрүүлсэн талаар Монголын шатрын холбооноос мэдээллээ.

Эмэгтэй багийн тоглолтын үр дүнгүүд:

  • Монгол 4-0 Гватемал. 2 оноо
  • Монгол 3-1 Монако. 2 оноо
  • Монгол 2.5-1.5 Перу. 2 оноо
  • Монгол 2.5-1.5 Испани. 2 оноо
  • Монгол 2.5-1.5 АНУ. 2 оноо
  • Монгол 1.5-2.5 Гүрж. 0 оноо
  • Монгол 2-2 Герман. 1 оноо
  • Монгол 0.5-3.5 Армени. 0 оноо
  • Монгол 4-0 Австри. 2 оноо
  • Монгол 1.5-2.5 Азербайжан. 0 оноо
  • Монгол 3.5-0.5 Швед. 2 оноо

Эрэгтэй багийн тоглолтын үр дүнгүүд:

  • Монгол 4-0 Мавритани. 2 оноо
  • Монгол 2-2 Чех. 1 оноо
  • Монгол 2-2 Израил. 1 оноо
  • Монгол 0.5-3.5 Герман. 0 оноо
  • Монгол 4-0 Судан. 2 оноо
  • Монгол 1-3 Болгар. 0 оноо
  • Монгол 3-1 Ливан. 2 оноо
  • Монгол 4-0 Панам. 2 оноо
  • Монгол 1-3 Казахстан. 0 оноо
  • Монгол 1.5-2.5 Швейцар. 0 оноо
  • Монгол 4-0 Доминикан. 2 оноо