Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хол биш”

Асуудлыг маш энгийнээр дэвшүүлэх Чадраабалын Ганжавхлангийн “Хол биш” номын талаар ярьж өгье. Шууд утгаараа ч, хийсвэр утгаараа ч Эверест биднээс хол биш…

Номын эхний хэсэг Эверест бейс кэмп буюу EBC 5364 руу гарсан адал явдлын талаар өгүүлнэ. Яг тухайн мөчид мэдэрсэн эмоци, үйл явдлаа бичсэн болохоор ч тэр үү Эверестийн оргил руу өөрийн биеэр мацсан мэт сэтгэл догдлуулсан, түгшсэн, бахархсан мэдрэмж төрүүлнэ.

Долоо хоногийн өмнө эмнэлэгт хэвтэж байсан хүн Эверест явна гээд Инчеоны онгоцны буудал дээр американо уугаад суух энэ хэсгээс зорих л юм бол зорилго ойрхон гэдгийг мэдэж болох юм. Эндээс л түүний Гималайн уулс дунд ядарч туйлдаж, даарсан ч бүхий л үйл явдлыг тухайн орчинд очоод ямар мэдрэмжтэй байсан тухай бичвэр эхэлнэ. Тэрбээр аав, эхнэр, дүү, хүргэн, найзуудынхаа хамт явжээ. Эверест бейс кэмп дөхөх тусам улам л ядарч, өндрийн нөлөөнд автжээ. Тэгээд хоноглох газартаа ирээд гар нь бээрсэн ч бичвэрээ бичих аж. Хүүхдийнхээ угаагаагүй хувцаснаас албаар үнэртэй, жижигхэн хиртэй цамцыг аваад гарсан юм. Яг хүүхдийн маань үнэр ханхийж, хүүхдээ тэвэрсэн юм шиг санагдаж, тайвшраад унтаад өгчээ. Хүн гэдэг нээрээ л сэтгэлийн амьтан юм.

Тэд өгссөөр л… Замд нь олон жилийн өмнө уул руу авирч яваад хөл алдаж унаад, амь насаа алдсан уулчдын цогцос ч харагдах аж. Өөр өөр улсынх ч гэлээ ядарч, ухаан алдсан нэгэндээ туслах, хүн байхын талаар өгүүлнэ. Хэцүү бэрх замуудад ядарч, даарсан ч аяллын тэмдэглэлээ кофетой хослуулан эморч, инээлдэж ядарсан мэдрэмжээ баяслаар дүүргэж өнгөрүүлжээ. Ингэж бартаат замуудаа давсаар нэг л мэдэхэд хүссэн газартаа иржээ. Тэр бол Эверест бейс кэмп буюу EBC 5364 юм. Бүгд л өөрсдийгөө ялж, зорилгодоо хүрчээ. Эхэлж чадвал төгсгөл хол биш гэдгийг энд харуулдаг.

Гэхдээ аяллын багийнхнаас дөрөв нь 6197 метр Лобучэ хайрхны оргил руу авирахаар шийдэж, үхсэн ч гомдолгүй гэсэн цаасан дээр гарын үсэг зурах аж. Нэг л эвгүй гишгэхэд үхэх аюултай замыг сонгосон ч зорилгодоо хүрчихээд буцаад ирсэн байна. Ийм л адал явдлын тухай тус номд өгүүлнэ.

“Эверест хол биш”-ийг магадгүй уулнаасаа бууж, нутагтаа ирсний дараа бодоод бичсэн бол тухайн үеийн агшинг хэзээ ч мэдэрч уншихгүй байсан болов уу.

Эндээс өөр онцлох маш олон эшлэл бий. Тодруулбал, “Аавынх манайхаас хол биш” хэмээх эссээ олон хүнийг “Энэ чинь юу билээ, нээрээ тийм шүү дээ” гэх бодол руу хөтлөх байх.

“…Алхаад очвол 20 минут, машинаар явбал 5 минут. Ийм л зайд аав, ээж хоёр байдаг. Засмал замын нөгөө талд бараг манай гэрийн тагнаас гараа сайн даллавал дүү маань олоод харчихна. Дүүгийндээ би жилдээ нэг юм уу хоёр удаа л очдог. Ер нь яагаад очиж байснаа ч сайн санахгүй байна. Гэхдээ түүний хаагуур аялж, ямар ажлууд хийж, юу бодож сэтгэж байгааг өдөр бүр шахуу утсан дээрээсээ цахим ертөнцөөс олж хардаг…” гэх хэсэг хүн бүрийн сэтгэлд ойр буух биз ээ.

Сошиал хөгжсөнөөр хажуудах нэгнээ анзаарахгүй, ойрхон байж уулздаггүйн тод жишээ шүү дээ.

Нимгэн хуудастай ч гэсэн энэ номд “Өөрийгөө уучлах хол биш, аз жаргалыг түгээх хол биш, өтлөх үхэх хол биш, өндрөөс унах хол биш, хэл сурах хол биш, эх орон хол биш, эхэлж чадвал том зорилго хол биш, үүр цайтал хол биш, сайн хүмүүс хол биш гэх мэт жижиг хол биш сэдвүүд багтах юм. Ер нь л бидний хүсэж тэмүүлэх бүх зүйл хол биш байдаг билээ.

Чөлөөт уран бүтээлч Ч.Ганжавхлангийн өөрийн амьдралд олж мэдсэн, түүнээс авсан сургамжийг энэхүү номоос уншаарай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

2024 оны наймдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.


2024 оны наймдугаар сарын 12-ноос 2024 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажил 94 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажил 94 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-нд бүрэн дуусна. Уг ажилд нийгмийн хариуцлагын хүрээнд долоон ААН оролцож байгаа юм. Харин гэрээтээр 24 ААН Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж байна. Өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан нар ХУД-ийн 4 дүгээр хороо Яармагийн түр гүүр орчимд ажиллалаа.

Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Яармагийн түр гүүрийг ААН-үүд нийлж, 60 орчим сая төгрөгөөр барьсан. Үүнийг албажуулна гэж байсан ч стандартын бус түр гүүр учраас боломжгүй юм. Энэ зуны болон өнгөрсөн зуны борооноор түр гүүрийг сэтэлсэн боловч буцаагаад өөрсдөө хучаад, засварладаг.  Үүнээс болж ахуйн хог хаягдал түр гүүрэн доор бөөгнөрч, голын усыг  боож байна. Дунд голыг цэвэрлэж байгаа энэ үед эрсдэл үүсгэж байгаа байршил нь энэ түр гүүр юм. Гүүрийг нураах албан бичгийг нийслэлийн Замын Хөгжлийн газар болон Хотын стандарт, Хяналтын газар руу өгсөн” гэлээ.

Ирэх долоо хоногт стандартын шаардлага хангахгүй байгаа энэ гүүрийг буулгаж, албан шаардлагыг аж ахуй нэгжүүдэд өгнө. Яармагийн шинэ гүүрийг бүрэн дуусгаж үүгээр явах замыг нээн, дулааны шугамыг голын урсац боохгүйгээр дээгүүр нь явуулахаар зөвшилцөнө гэдгийг НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул хэлж байв.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: МУГТ П.Орхон шагналт 5 дугаар байрт шалгарлаа DNN.mn

МУГТ П.Орхон шагналт 5 дугаар байрт шалгарлаа.

“Парис 2024” зуны XXXIII Олимпийн наадамд Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд өрсөлдсөн П.Орхон хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт 5 дугаар байр эзэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МҮОХ: Олимпод оролцож буй шигшээ багийн тамирчид, арын албаны бүрэлдэхүүнийг танилцууллаа DNN.mn

МҮОХ-оос “Парис 2024” олимпийн наадамд оролцож буй Монголын шигшээ багийн тамирчид, арын албаны бүрэлдэхүүнийг танилцууллаа.


МҮОХ нь олимпын наадамд үндэсний шигшээ багийг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй, ОУОХ-ны гишүүн, төрийн бус байгууллага юм.

“Парис 2024” Олимпын наадамд оролцсон шигшээ багийн тамирчид, албаны бүрэлдэхүүнд олгогдсон мандатын мэдээллийг нээлттэйгээр танилцуулж байна.
1. Нийт эрх авсан тамирчдын 50%-тай тэнцэх квотын дагуу албаны хүмүүст мандат олгогддог. Дасгалжуулагчид болон бусад албаны хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс ОУОХ-ны журамд зөвшөөрөгдсөн хэмжээнд мандатыг сэлгэх (transferable) байдлаар зохицуулалт хийснийг * -аар тэмдэглэв.
2. Үндэсний шигшээ багийн тамирчид болон квотод багтсан үндсэн багийн албаны хүмүүс, дасгалжуулагчдын зардлыг БТСУХ-оос гаргасан.
3. “Р” буюу “Personal Trainer” ангиллын мандатыг зарим спортын төрөлд хувийн дасгалжуулагч, бэлтгэл хангагч болон бусад дэмжих албан тушаалтнуудад олгодог. Энэ ангилал нь ОУОХ-ын журмын дагуу албан ёсны багийн бүрэлдэхүүний тоонд багтдаггүй. Мөн зөвхөн бэлтгэлийн заал танхимд нэвтрэх боломжтой бөгөөд тамирчдын тосгон, уралдаан тэмцээний цэнгэлдэхэд нэвтрэх эрхгүй байдаг онцлогтой. “Р” мандатыг эзэмшигчдийн зардлыг спорт холбоод өөрсдөө бүрэн хариуцсан.
4. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд нь “NOC Guest” мандатыг ээлжлэн сэлгэх байдлаар ажилласан бөгөөд бүх зардлаа хувиасаа гаргасан.
5. Олимпын наадмын үеэр байгуулагдсан МҮОХ-ны төв штабын ажилтнуудын зардал нь МҮОХ-оос гарсан бөгөөд улсын төсвөөс хамааралгүй.
6. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нь ОУОХ-ны гишүүний хувьд “IOC” ангиллын мандат олгогдсон бөгөөд ОУОХ-ны журмын дагуу гэр бүлийн гишүүд, дагалдах зочны мандатыг сэлгэн ашигласан болно. Үүнтэй холбоотой зардал ОУОХ болон хувиасаа гарсан.

7. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын зардлыг Олимпын эв нэгдлийн сангаас гаргадаг бөгөөд ОУОХ-ны журмын дагуу гэр бүлийн гишүүнийг урьдаг. Гэр бүлийн гишүүний зардал нь хувиасаа гардаг.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл утга-зоxиол

МЗЭ-ийн шагналт Д.Хүдэрмөнх: Миний багш чинь алдарт “Хүрэн морь”-ны Чойжилжавын Лхамсүрэн юм DNN.mn

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваасүрэнгийн Хүдэрмөнхтэй ярилцлаа.


-Та утга зохиолд хэзээ хөл тавьсан бэ. Таны багш, мөн утга зохиолд дурлуулсан хүн гэвэл хэн байна?

-Байна аа байна, байлгүй яахав. Миний багш төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн. Алдарт “Хүрэн морь”-ны Лхамсүрэн. Харин намайг утга зохиолд хөтөлж оруулсан хүн гэвэл Шаравын Сүрэнжав, Пүрэвжавын Пүрэвсүрэн хэмээх хоёр их найрагч. Ийм л хүмүүсийн ачаар би утга зохиолд хөл тавьж, оюуны их мастеруудын дунд орж ирж, өөрийн гэх өргөө гэрийнхээ буурийг тамгалж чадсан гэж боддог. Энэ хүмүүс намайг таньж, татаж авсан. 1974 онд Лхамсүрэн багш Дорнодод очлоо. Тэгэхэд би Дорнодын цахилгаан станцад нягтлан, аймгийн Утга зохиолын нэгдлийн дарга байлаа. Аймгийн намын хороон дээр Лхамсүрэн багш очоод энэ зохиолчдын нэгдлийн дарга гэж ямар хүүхэд байна, тэр хүүтэй уулзъя гэж хэлсэн байгаа юм. Ер нь бол Баянхонгорын нэг залуу байгаа гэдгийг улс амьтны амнаас мэдчихсэн байсан юм билээ. Ингээд манайд очсон. Манайд байж байгаад Матадын сумын нэгдлийн ойд уригдсан юм. Үндсэндээ Дорнодод нэг сар болсон. Энэ хугацаанд л тэр аварга зохиолчтой би ойртож танилцах, “юм”-ыг зөөж өгөх ийм боломж тохиож байгаа юм чинь. Ганц нэг юм ойртуулж өгнө үү гэхээс тэр том зохиолчтой чинь зиндаархаж ярьж хөөрнө гэж байхгүй байлаа даа. Жудаг журамтай, ахас ихсээсээ айж, хүндэтгэдэг байж дээ.

Багш маань манайд гурилтай шөл идээд л мөн хээ шаагүй хүн байсан. Би шүлгээ уншина. Тэр үед яах вэ бас залуу ч байж, амихандаа цагаан шүлэг бичихгүй юм, арай өөр юм бичих юм шүү гэж үздэг байсан. Янз бүрийн дүрслэлтэй юмнууд бичнэ. Лхамсүрэн багш “За наадах чинь болж байна, чамд юм байна шүү, хүүхээ” гэнэ. Би нягтлангийн ажил албатай ч юм бичихийн хүслэнд автсан хүн чинь аймгийнхаа сонинд их юм бичдэг, Дорнодын сониныг бараг эзлээд авчихсан байсан. Сонинд юм бичнэ гэдэг шүлэг найраг оролдож байгаа хүнд маш том сургууль болдог. Их цэгцэрч өгдгийг би өөрөөрөө мэдэрсэн хүн. Сонины хадаас мэдээ сайн хийгээд байхад шүлэг аяндаа сайжраад ирдэг, арга байхгүй холбоотой эд.

-Дорнодын утга зохиолын нэгдлийг та олон жил удирдсан, тэрхүү он жилүүдээ дурсахгүй юу. Цэндийн Дамдинсүрэн гуай, дараахан нь Далантайн Тарваа гуай, Санжмятавын Дашдэндэв гуай гээд луугарууд Дорнодоос төрсөн?

-Миний үе чинь 1972-1982 он хүртэлх юм. Үндсэндээ наян хоёр онд санхүүгийн сургуульд суралцахаар хүрээд ирсэн. Миний үеийнхэн, аймгийн утга зохиолын нэгдлийн нөхөд минь гэхээр Дандарын Эльбрус байна. Кино үйлдвэрт байсан, мөн “Дөл” сонинд байлаа. Манай нэгдлийн гишүүн. Чойбалсанд тоглоод байдаг Амар гэж жүжигчин, дуурийн дуучин байна. Бас их шүлэг бичнэ, түүндээ өөрөө хөгжим хийгээд дуулна. Сайханбаяр гээд сүүлд “Утга зохиол” сонинд гэрэл зурагчин байсан тэр хэд минь манай гишүүд. Сүхбаатарын Ш.Долгорлхям байна. “Хос мөр” гээд номтой, бас манайд байсан. Гэлэнхүү гээд аймгийн үйлдвэрчний хороонд эвлэлийн дарга байсан. Сүүл үеийнхнээс миний шавь, соёлын гавьяат нэртэй орчуулагч Ж.Нэргүй байна. Монголын үндэсний телевизийн спортын сэтгүүлч Д.Батжаргал байна. Яруу найрагч Д.Ган-Очир байна. Энэ хоёр бол миний шавь сурагчид. Энэ хэд маань өнөөдөр нас нь тавь руу дөхчихөөд л байна, тэгэхээр би бол яалт ч үгүй эртний хүн болох гээд байна.

-Хүдэрмөнх ах, Та Нямсүрэнгээ их сайхан ярьдаг даа. Нямсүрэнтэйгээ манаргаж явснаа яриач?

-Нямсүрэн далаад оны эхээр Дорнодод очсон юм. Төрсөн ах нь Данзангийн Батсүх Эрээнцав өртөөний дарга байсан. Дүүгээ татаад авсан байхгүй юу. Дорнодын төмөр замд нягтлан байхад Нямсүрэн гэж намхан шар залуу намайг эрж сураад, хүн амьтнаас асуугаад анх ирж байсан. Өөрийгөө Эрээнцав өртөөний хүн гэж танилцуулж байж билээ. Намайг аймгийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч гэдгийг мэдээд уулзах гэж ирсэн нь тэр юм билээ. Би бол мундаг найрагч гэж ч мэдэхгүй, мөнгө цаасны ажилтай Эрээнцаваас явж байгаа юм байна гэж бодоод жаахан дөлсхийж уулзсаныг яана. Ингэж анх танилцаж байсан. Тэр чинь далан хоёр байна уу, далан гурван он байна уу. Нямсүрэн минь ингэж над дээр анх ирж байсан бол сүүлдээ би чинь Эрээнцав руу, Нямсүрэн рүүгээ өөрөө явдаг болсон. Вагонд суугаад л очно. Нямсүрэн хэдийд ч хүлээж л сууна. Манайх аймгийн төвд шинэ байранд байхад мань хүн Эрээнцаваасаа хүрээд ирнэ. Нямсүрэнг маллана гэдэг амаргүй. Ажилдаа явчихаад ирье, чи байж байна шүү гэж захиж үлдээгээд ажлаасаа ирэхэд байхгүй байна. Хаана байгаа нь мэдэгдэхгүй. Зохиолч залуучуудтайгаа дарвиад алга болно. Тэр үед Ж.Нэргүй Ус сувгийн ерөнхий инженер байсан, тэр хэдээс баривчилж авна даа. Ингэж л бид хоёр Эрээнцав, Дорнодын хооронд хоёр биен рүүгээ хориод жил явсан юм. Олон сайхан шүлгээ тэнд бичиж, тэр нутгийг алдаршуулж, өөрөө ч тэр нутагтаа амь сэтгэлээ өгсөн юм. “Хаврын урсгал” ном нь гарахад хоёулаа ярилцаж байгаад Пүрэвжавын Пүрэвсүрэн найрагчаар редакторлуулж байлаа.

-Та түрүүн хэллээ, намайг утга зохиолд хөтөлсөн хүмүүс бол Шаравын Сүрэнжав, Пүрэвжавын Пүрэвсүрэн гэж…?

-Пүрэвсүрэн намайг Баянхонгорын 10 жилийн сургуульд 5 дугаар ангийн сурагч байхад 10 дугаар анги төгсөж байсан. Манай дугуйлангийн дарга хүүхдийн зохиолч Р.Ядмаа гэж хүн байсан. Олон роман тууж бичсэн, орос хэл заадаг лут хүн байлаа. Пүрэвсүрэн 10 дугаар ангийн сурагч байхдаа манай сургуулийн утга зохиолын бүлгэмийн дарга. Сурагч байхын бие биенээ мэддэг маань ийм учиртай. Би Пүрэвсүрэнгээ багшаа гэж хүндэтгэнэ. Пүүжээ багш минь намайг Сүрэнжав найрагчтай танилцуулсан. Үндсэндээ найздаа намайг аваачиж өгсөн байхгүй юу. Зохиолчдын амьдрал үзүүлнэ гээд малчид руу явуулдаг. Пүрэвсүрэн Чойбалсан сумын малчинтай ойр байж, малчныдаа очно. Уран бүтээлийн ажлаа хийдэг байсан. Хүний хувьд их сайхан хүн байсан. Ноён нуруутай нэг сайхан хүн аваад ирээч гэвэл яалт ч үгүй Пүүжээг л аваад очно. Эрүүлдээ, согтуудаа нэг л зангаараа ийм л бодь амгалан хүн. Пүрэвсүрэн, Сүрэнжав хоёр огт салахгүй, дандаа цуг явна, ерөнхийдөө халамцуухан явна, их зовлонтой. Хотод Пүүжээгийнхээрээ их очсон. Баянхонгороос Ванхүүгийн Батбаяр ирнэ. Би Дорнодоос ирнэ. Бид хоёр нэг нэг шөлний юм чирээд багшийндаа очно доо. Батбаяр бид хоёр чинь Зохиолчдын эвлэлд хамт элсэж байсан юм. Би чинь бүр сүүлд 1992 онд Зохиолчдын хорооныхоо босгыг алхсан хүн. Дүгэржавын Маам дарга байлаа.Бавуугийн Лхагвасүрэн орлогч байлуу даа. Эрх мэдлийн хүн байсан юмдаг. Цэндийн Чимиддоржийн багш Дундговийн Гүндсамбуугийн Төмөр гуай бид хамт элссэн юмдаг.

Тэгэхэд Сүрэнжав депутат байсан. Хурлын завсарлагаанаар ирж баяр хүргэж байсан. Сүрэнжавтай анх Дорнодод Халх голын ялалтын 40 жилийн ойгоор “Ерэн баатрын дууль”-аа уншиж байхад нь танилцаж байлаа. “Ерэн баатрын дууль”-ийг анх найрагчаас өөрөөс нь сонсчихоод энэ дууль шиг дууль бичнэ гэж бодож байлаа даа. 40 жилийн ойгоор Д.Урианхай, дипломатч Дамдины Бямбаа гуай энэ хэд очиж байсан юм. Сүрэнжав 40 жилийн ойн тухай радио нэвтрүүлэг хийсэн. Аймгаас намайг хамт хий гэж хэлсэн. 40 жилийн баяр эхлэхэд бидний бэлдсэн нэвтрүүлэг Улаанбаатараас Монголын радиогоор нэвтэрч байсан. Ингэж уран бүтээлийн нөхөд болсон. Дорнодын утга зохиолын нэгдлийн дарга байхад Сүрэнжав энд яруу найргийн зөвлөлийн даргын том албатай байсан, үндсэндээ төв аппаратын гол хүн. Пэрэнлэйн Лувсанцэрэн зохиолч томилолтоор очихдоо манайд очиж байсан. “Нар шингээгүй” өгүүллэг нь гарчихсан ид бичиж байсан үе нь. Сүрэнжав намайг захиж явуулсан юм билээ. Аймгийн намын хорооны товчоогоор оруулж утга зохиолын нэгдлийн эрхлэгчийг баталж байсан үе. Тэгэхээр намайгаа утга зохиолын луугаруудтай, Зохиолчдын хорооны эрх мэдлийн хүмүүстэй ойртуулж байсан юм билээ.

-Далантайн Тарваа, С.Дашдэндэв гээд Дорнодын луугаруудыг танаас асуумар байна?

-Тарваа гуайг бол би мэдэхээс цаашгүй дээ. Дорнодод очиход нь мэдээж уулзалгүй яахав. Гэхдээ манайхаар очихгүй шүү дээ. Нутагтаа очиж байгаа хүн чинь хамаатан саднаараа очно. Дашдэндэв гуай 1974 онд Зохиолчдын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнд очиж байсан. Удвал дарга өөрөө очиж байсан юм. Сонин сонин хүмүүс очиж байж билээ. “Энэ чинь өнөө “Их буу” Дамдин шүү дээ” гэж Бааст гуай надад зааж байсан. Анчин, бөх судлаач, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн мундаг хүн байжээ. Ж.Дамдин гуайн “Үймээний жил” янзтай тууж шүү дээ. Зохиолч уншигчдын уулзалт дээр их л сонирхолтой юм яриад л, хүмүүс алга ташаад л сүйд байсан. Хожим мэдэх нь ээ, “Үймээний жил”-ээ л яриад байсан юм билээ. Утга зохиолд миний ойр явсан хүмүүсийн нэг СГЗ академич Хорлоогийн Сампилдэндэв. Уран зохиол судлалын гол ноён нуруу болсон энэ хүн намайг утга зохиолын дээд боловсрол эзэмшихэд минь багшилж байсан гол хүн юм. Миний үеийн олон шавь нартай даа. Надад их хайртай байсан. Аллдарт Барын Цэдэв, Ардын уран зохиолч С.Дашдооров энэ хэдтэй миний тухай ярьж байсныг Нэргүй хэлдэг юм. “Зандраабайды гуайн өрөөнд ороход тэр хэд байсан чамайг асуугаад яриад байсан” гэж хэлж байсан. Монголын уран зохиолын дээжис 108 ботийн эхний 8 боть гарах нь, шүлэг авч байна гэх яриа дуулдтал Сампил багш утас цохиод “Чи таван шүлэг товч намтартайгаа өгөөдөх” гэж билээ. Эхний 8 ботийн 2, 3 боть дамжуулаад миний шүлгүүд намтартайгаа гарсан нь Сампилдэндэв багшийн гавьяа. Хаа байгаа Дорнодын намайгаа мартаагүй байсан нь сайхан санагддаг.

-Тийм ээ, МУЗ-ын дээжис ботиос таны шүлгүүдийг уншаад цээжилж явлаа. Тэгж л хөдөөх сургуулийн сурагч таныг биширч байлаа. Сүүлд “Салхин бийрээр таталсан сарны сүү” номыг тань халуун сэтгэлийн үгтэй гардаж аваад уншиж бахдаж байлаа. Саяхан “Дуун хээтэй анир” гэж сайхан бүтээл гарчээ. Балжирын Догмид аваргаас аваад олон хүн үгээ хэлсэн байна. Ингэхэд таны анхны ном юу билээ?

-Дорнодод 1974 онд “Нялх айраг” гэсэн нэртэйгээр сэтгэлгээний шүлгүүдээ гаргасан. Улсын хэвлэлээр бол хэзээ хойно, залуу зохиолчдын анхны номын уралдаанд шалгарч “Хонгор толгод” ном гарсан. Энэ ном гарахад “Цадиг хууч” романы Готовын Нямаа гуайн тус байсан. Өмнөтгөлийг нь Пүрэвсүрэн багш бичсэн. Ванхүүгийн Батбаярын анхны ном “Цээжний морьд” бас гарсан. 2014 онд “Салхин бийрээр таталсан сарны сүү” гэж номоороо МЗЭ-ийн шагнал хүртсэн. Тэр үед би Дорнодоос ирээд “Улаанбаатар таймс” сонинд Баянтунгалаг, Цэрэнжамц, зураач Байды энэ хэдтэйгээ ажиллаж байсан. “Дуун хээтэй анир” ном миний уран бүтээлийн бас том тайлан гэж хэлж болно. Балжирын Догмид маань өмнөтгөлд нь сайхан үг бичсэн. Догмид, Заяатын Ядмаа, шог зохиолч Ишдоржийн Цэрэнжамц бид хэд чинь санхүүгийн сургуулийнхан юм. Уран бүтээлийн дүү нар гэвэл их олон байна. Нэргүйгээс аваад бүгдээрээ толгой дээр цахиур хагалчихлаа. Бат-Орших, Дүгиймаагийн Батжаргал, манай Жамсрангийн Баяржаргал гээд олон сайхан дүү нар минь байна. Би чинь 1969-2009 он хүртэл 40 жил Дорнодод суусан. Тэндээс насны ханиа олсон, ном бүтээлээ гаргасан. Миний амьдрал бий болсон газар. Тэгэхээр намайг чинь Дорнодын Хүдэрмөнх гэхгүй яах юм бэ. Зарим нь сүүлд “Чи чинь Баянхонгорынх, бүр Бууцагаан сумынх юм уу” гэж гайхаж билээ. Уран зохиол яруу найргийн буянд олон сайхан нөхөдтэй явж ирлээ. Нэг л мэдэхэд нас минь 80 гараад явчихсан байх юм. Он жил яах ийхийн зуургүй л цахилаад өнгөрөх юм даа.

 

Хөөрөлдсөн Н.Гантулга

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ус, агаар, нараар хүүхдээ чийрэгжүүлье DNN.mn

Урин дулааны улирал үргэлжилсээр. Хүүхдүүдийн хувьд хамгийн олон цагаар гадаа байх боломжтой, дархлаагаа дэмждэг улирал нь мэдээж зун.

“Агаар гэдэг бол хүүхдийн хамгийн сайн эмчилгээ, тархи, зүрх, бүх биеийн өсөлтөд хамгийн сайнаар нөлөөлдөг тул болж өгвөл гадаа сайн гаргаарай. Лагер гарчихаад л байшинд байлгаад, хөдөө оччихоод л гэрт суулгаад байвал ямар ч хэрэг байхгүй” гэж хүүхдийн эмч, Анагаах ухааны доктор, профессор Д.Одонтуяа зөвлөжээ. Түүний зөвлөснөөр бага насны хүүхдийг хэрхэн чийрэгжүүлэх талаарх бяцхан зөвлөгөөг хүргэе. Хүүхдийг усаар чийрэгжүүлэхдээ орой унтахын өмнө бүлээн усанд хөлийг нь дүрчихээд гадаа гаргахдаа эхлээд халуун элс, шороон дээр нүцгэн гүйлгэсний дараа зүлгэн дээр алхуулна. Орой хөлийг нь 20 градустай усанд дүрэхэд хүүхдийн хоолой нь өвдөхгүй байвал голын усанд оруулж болох нь.

Нараар чийрэгжүүлэхийн өмнө модны сүүдэрт гаргаж байх нь их сайн байдаг. Нараар чийрэгжүүлэхдээ нялх хүүхдийг эхлээд өгзөг, гуянаас нь нүцгэлээд өглөө, оройн наранд ээх нь зүйтэй. Өдрийн нар хортой туяатай болохоор энэ үед хүүхдийг гадаа гаргахгүй байх. 07:00-10:00, 16-20 цагийн нар зөөлөн ультрофилет гэдэг туяа ихтэй байдаг учир өглөө, оройн наранд Д витамин их үүсдэг аж. Энэ үед хүүхдийг гадаа гаргах нь агаараар чийрэгжихээс гадна Д витаминаа ч нөхөөд авах боломжтой аж.

Наранд хүүхдээ гаргахдаа биеийн тос, сүүлний тосоор тосолж гаргавал илүү үр дүнтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ж.Баярмаа: 21 настай амь хохирогчийн хэргээс үүдэж хүний эрхийн сонсгол хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй үйлдэл, хүний эрхийн зөрчлүүд болон хууль хүчний байгууллагуудын ажилдаа хайнга хариуцлагагүй хандаж байгаа асуудлуудыг нэгтгэн нээлттэй сонсгол явуулах болсон талаар мэдээлэл хийсэн. Тэд энэхүү хүсэлтээ албан ёсоор УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа.


-Саяхан 461 дүгээр ангид хоригдож байсан

21 настай залуу амиа алдсан. Энэ асуудлаар та бүхэн сонсгол явуулах санаачилга гаргав уу?

-Эрхээ хязгаарлуулаад байсан тэр залуу яг ямар учир шалтгаанаас болоод амь хохирсон талаарх мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа байх. Гэхдээ хохирогчийн хувьд аль эрт буюу энэ оны нэгдүгээр сард АТГ-т хандан “…намайг эрүүдэн шүүсэн. Цагдаагийн алба хаагчид надтай зүй бус, хэрцгий харьцсан” гэдэг байдлаар гомдол өгчихсөн байсан. Энэ гомдлын дагуу АТГ шалгалт хийж байгаа. Мөн АТГ-ын бичиг дээр нэг зүйл байсан. Тэр нь Баянгол дүүргийн мөрдөн байцаагч нарын өрөө бол камергүй байсан. Мөн тэр

тасгийн давхар нь камергүй. Байсан камерынх нь өнцгийг өөрчилсөн байсан. Энэ нь эрүүдэн шүүх нөхцөл байдлыг бүрдүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаагаа АТГ тайлбар бичигтээ тодорхой дурдсан. Маш ноцтойгоор дүгнэсэн ийм бичиг байна. Өнгөрсөн долоо хоногт энэ бүхэн ил болсныг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Тиймээс энэхүү хэргээс үүдэж, АН-ын гишүүдийн зүгээс ер нь энэ хүний эрхийн зөрчлийн асуудлаар зайлшгүй сонсгол хийх шаардлагатай гэж үзсэн.

 

-Сонсгол ямар байдлаар явагдах вэ?

-Эхний ээлжинд бид эрхээ хязгаарлуулсан иргэдийн хүний эрхийн зөрчил буюу амь хохироод байгаа иргэдтэй холбоотой асуудлыг сонсголоор маш тодорхой хэлэлцэх шаардлагатай байна. Мөн арми дахь цэргийн дэглэлт, хорих ангид байгаа хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор сонсгол хийх шаардлагатай гэж бид дүгнэсэн.

-Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотойгоор яг ямар асуудал тавигдах вэ?

-Хүний эрхийн зөрчил зөвхөн цэрэг, цагдаа, хорих ангид зөрчигдөөд байгаа зүйл биш. Өнөөдөр Монголын нийгэмд хүний эрхийн зөрчилгүй салбар гэж алга. Тэр дундаа хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой зөрчлүүд их гарах болсон. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж буй үйлдэл дээр хүний эрхийн ямар зөрчил байгааг бид энэхүү сонсголоор нээлттэй ярих хэрэгтэй байна. Мөн иргэдийн эрх улс төрийн хувьд зөрчигдөж байгааг ч ярина. Тиймээс энэхүү сонсголыг хүний эрх талаасаа нэлээд өргөн хүрээнд хийх цаг нь болсон. Энэ сонсголыг УИХ хойшлуулашгүйгээр зайлшгүй хийх шаардлагатай байна. Ардчилсан намын гишүүдийн хувьд сонсгол хийх асуудлыг түрүү долоо хоногоос эхлүүлсэн.

-Сонсгол зохион байгуулах асуудлаар УИХ-ын хэчнээн гишүүн дэмжиж гарын үсэг зураад байгаа вэ?

-Яг одоогийн байдлаар УИХ-ын 20 гаруй гишүүн гарын үсэг зурчихсан байна. Тойрогтоо ажиллаагүй Улаанбаатар хотод байгаа АН-ын гишүүд бүгд гарын үсэг зурсан. Ардчилсан намын үзэл баримтлал бол хүний эрх нэн тэргүүнд гэсэн зарчимтай. Хүн бүх талаараа эрх чөлөөтэй байж сэднэ, сэтгэнэ. Яг энэ концепцийг бид гол зарчмаа болгож явдаг учраас АН-ын хувьд хүний эрхийн зөрчил дээр маш эмзэг ханддаг. Сонсгол зохион байгуулах асуудлаар гарын үсэг бүрдсэн учраас үүнийгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд АН-ын бүлгийн гишүүд гардуулан өгсөн.

Дараа нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан тайлбар өгөв. Тэрбээр “Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа томилогдсон. Зөвхөн тэрхүү гавтай нас барсан 21 настай амь хохирогчийн хүрээнд бус хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар энэхүү сонсголыг өргөн хүрээнд хийхээр болсон. Тухайлбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг ямар ч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцож, улмаар 4.9 жил хорих ял шийтгүүлэн шоронд хоригдож байна. Энэ асуудлыг нээлттэй хэлэлцэхээр энэхүү сонсголыг зохион байгуулахаар болсон. Сонсгол зохион байгуулах хуулийн нөхцөл, шаардлага бүрдсэн учраас албан бичгээ бид УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн. Хүний эрхтэй холбоотой нэлээд олон асуудал зөрчилтэй байгаа. Яг ямар хуулийн заалтаар хүний эрхийг зөрчсөн бэ гэдэг асуудлаар нарийвчлан авч үзнэ. Сонсгол хэзээ болохыг манай сэтгүүлчид УИХ-ын дарга Д.Амарбаясгалан даргаас асуугаарай, шаардаарай гэж хүсье” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын 8 сарын 11, Адъяа гараг. Билгийн тооллын 7, Салхины эх одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:42-20:12. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Модон хохимой өдөр.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 градус дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +20…+25 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +30…+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.