Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 26 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 26 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 91 иргэний аюулгүй байдлыг ханган, 2 тэрбум 960 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.

Алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэхдээ 1367 иргэнд гол усны ослоос урьдчилан сэргийлэх анхааруулга сэрэмжлүүлэг хүргэлээ.

Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийг буулгасан талбайд далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ DNN.mn

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан. Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.

Улмаар бүтээн байгуулалтын тендерийг гуравдугаар сард зарлаж, “Бодь пропертийз” компани гүйцэтгэгчээр шалгарч, өнгөрсөн баасан гарагт гэрээгээ байгуулан, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Гүйцэтгэгч компанийн зүгээс энэ ондоо газар доорх зогсоолын ажлыг бүрэн дуусгаж, ирэх хавраас цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг дуусгана гэв.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Хотын төвийн нягтаршил ихтэй бүс учраас бүтээн байгуулалтын ажил хийхдээ замын хөдөлгөөнд саад учруулахгүй аюулгүй байдлыг сайтар хангаж, чанартай бүтээн байгуулалт хийх нь чухал” гэдгийг онцолж байв.

Categories
мэдээ нийгэм

Хувийн хэвшил, үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэсэн ч нидэр дээрээ боомилж байна DNN.mn

Үе, үеийн дарга, удирдлагуудын амнаас тарни мэт гарч байсан, одоо ч байгаа үг бол үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ. Хувийн хэвшлийнхнээ хөл дээр нь босгоно гэсэн зүйл байсаар ирэв. Харамсалтай нь энэ бүхэн зөвхөн аман яриа хэлбэртэй, үйлдэл болдоггүй байдалтай байсаар байна. Сүүлийн жилүүдэд энэ нь “Төр-Хувийн хэвшлийн түншлэл” гэсэн нэр томъёотой болсон. “Алсын хараа-2050” болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч энэ тухай тодорхой дурдсан байгаа. Гэвч бодит амьдрал дээр дарга нар үргэлжид хувийн хэвшлийнхнээ боомилж, үндэсний хэдхэн үйлдвэрлэгчдээ татвар болоод хүчний байгууллагуудаар дарамталсаар ирэв. Ойрын өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг ид хэлэлцэж байна. Ингэхдээ мөнгө дутсанаас бус 2.9 их наяд төгрөгийн орлого давж орж ирсэн учраас түүнийг хэрхэх, хааш нь хуваарилах вэ гэдгийг шийдэх гэж байгаа. Өнгөц харвал үнэхээр сайхан хэрэг. Гэвч илүү орж ирээд байгаа орлого болох 2.9 их наяд төгрөгийн 1.7 нь зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрдсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл аж ахуйн нэгжүүдийнхээ татварыг нэмэгдүүлсэн хэрэг үү гэдэг асуулт ургаж гарна. Хэрэв ингэсэн бол татварын дарамтаас болж үүд хаалгаа барьж байгаа хувийн хэвшлийнхний тоо улам л нэмэгдсэн байж таарна. Аж үйлдвэрлэлээ хөгжүүлж энэ зэргийн орлого олсон бол түүнийгээ дагаад хувийн хэвшлийнхэн өндийж, дундаж давхаргынхны тоо нэмэгдэх байв. Гэвч дэмжинэ гэсэн ч нидэр дээрээ боомилж байгаа үйлдэл нь энэ мэт байдлаас харагдаж байгаа юм.

Төр бизнес эрхэлдэг байдлыг халж, төрийн өмчит үйлдвэр, компанийн тоог бууруулах тухай бас л амаа чилтэл ярьцгаасан. Гэвч өнөөдөр бууруулах нь бүү хэл яам, тамгын газар, агентлагуудынхаа тоог улам нэмчихээд л сууж байна. Төр нь бүхий л салбарын бизнест гар, хөлөө бүрэн дүрж, жижиг, том гэж ялгалгүй хувийн хэвшилтэйгээ өрсөлдсөөр байгаа. Мэдээж төрд хууль хүчний болоод татварын байгууллага нь байгаа учраас өрсөлдөгч гэж харсан томоохон компаниудаа ч гэсэн нухчин дардаг бололтой.

Сонгуулиас хэдхэн хоногийн өмнө үндэсний томоохон бүтээн байгуулагч, ТОП-100 татвар төлөгчийн нэгээр тогтмол шалгарч ирсэн Монполимет группын үйл ажиллагааг зогсоож, АТГ-аас гэнэтийн шалгалт оруулсан. Ингээд зогсолгүй үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд баривчлан хорьж байв. Ингэхдээ Хөгжлийн банкны зээл авахдаа хатгагчаар оролцсон гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн ч хатгуулсан гэмт хэрэгтнийг тодорхойлоогүй, хэнийг хатгаж, юунд нөлөөлсөн нь тодорхойгүй, нотлох баримтгүй, учирсан хохирол, хохирсон хохирогч тогтоогдоогүй, хохирол үнэлэх ажиллагаа явуулаагүй байж огт хамааралгүй Тосон үйлдвэрийг Хөгжлийн банкнаас учирсан хор хохирлыг арилгуулна гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь битүүмжилсэн. Зээлийн харилцаанаас 10 жилийн дараа гэнэт гарч ирэн нотлох баримт устгаж болзошгүй гэж үзэн хойшлуулашгүй ажиллагаа явуулсан. Хэрэг үүсгэхээсээ өмнө тодорхой нотлох баримтад тулгуурлан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татах ёстой. Гэвч нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа явуулж байна гэж прокурорын байгууллагаас мэдэгдсэн нь ирээдүйд ямар нэгэн байдлаар баримт олж буруутан болгох санаа зорилготой байна гэх тайлбарыг тус компанийн албан тушаалтнууд, өмгөөлөгчид нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан байдаг. Олон нийтийн зүгээс ч эдгээр нөхцлүүдийг харгалзан үзэж, улс төр геополитикийн шалтгааны улмаас энэ үйл явдлууд өрнөж байна гэж хардаж байгаа.

Хөгжлийн банкны зээлийн асуудлаар шалгаж байгаа гэж анх мэдээлсэн боловч одоо сэдвээсээ хазайж өөр үндэслэлүүд бий болгон хэрэг нь байвал эзэн нь олдоно гэгчээр шалгаж буй гэх мэдээлэл байгаа юм. Уг нь Хөгжлийн банкны асуудал босч байх үед 80 гаруй холбогдогчтой том шүүх хурал болсон. Үүнд Монполимет групп хэргийн оролцогч байгаагүй харин ч УИХ-аас зохион байгуулагдсан Хянан шалгах түр хорооны сонсголуудад сайн дураараа төслөө хамгаалж, хийж бүтээснээ олон нийтэд маш дэлгэрэнгүй танилцуулж байсан . Учир нь Засгийн газрын тогтоолын дагуу авсан 126 тэрбум төгрөгийн зээлээ 260 тэрбум болгон төлж, ханшийн зөрүүнд 100 гаруй тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн юм билээ. Ганц Монполимет ч биш ижил цаг хугацаанд цементийн үйлдвэр барихаар МАК, Хөтөл бүгд л Хөгжлийн банкнаас зээл авсан. Импортоос цементээр хараат байсан эх орноо бие даасан болгож, эдийн засгийн тусгаар тогтносон байдалд ихээхэн хувь нэмрийг Монцемент түүчээтэй эдгээр үйлдвэрүүд оруулсан. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банкны зээлтэй нь огт хамааралгүй Төв аймагт орших Тосон үйлдвэрийг нь үндсэн үйл ажиллагааны данстай нь хамт хааж битүүмжлээд 80 гаруй хоног болж өдгөө тун хүнд нөхцөл байдалтай буюу 400 гаруй ажилтан нь ажлын байргүй болж, хамгийн чухал капитал болох хүний нөөцөө алдсаар байгаа аж. Тэгэхээр энэ хэрээрээ удаан үргэлжилбэл цаашид оршин тогтноход хэцүү болно гэсэн үг. Энэ мэт асуудал захаас аваад л байгаа. Ерөөс, хууль хүчний байгууллагыг хэн нэгэн эрх мэдэлтэн нь өрсөлдөгч, таалагдаагүй нэгнээ намнах зэвсэг болгон ашиглаж, юм л бол төрд авна, хурааж авна гэдэг энэ технологи нэгэнт жишиг болон тогтоод удаж байна. Нэг сэдвээр малгайлан сүр дуулиантайгаар хэрэг үүсгэж хамаг бичиг баримтыг нь хурааж авч байгаад хэрэг үүсгэж болох сэжим хайж, анхны сэдвээсээ өөр зүйл рүү чиглүүлдэг энэ арга технологи ч гэсэн Монполимет дээр яваад байна гэсэн хардлага бий. Бүр геополитикийн шинжтэй асуудлаас болж хэрэг тохох гэж чармайж байгаа талаар ч учир мэдэх хүмүүс ярьж байна. Өнөөдөртөө олон нийтийн анхаарлыг татаж байгаа, хамгийн том нь л эднийх болохоос биш түрээсийн байр, подвальд үйл ажиллагаагаа явуулдаг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хэчнээн нь үүдээ барьж, цөөхөн ч гэсэн ажлын байраа байхгүй болгож байгааг тоолох аргагүй.

Улстөрчдийн богино зайн улс төр хийж, албан тушаал, эрх мэдлээ хадгалан

үлдэхийн тулд улайрсан шийдвэрүүдийнх нь балаг ч өнөөдөр үргэлжилсээр байна. Сонгуулийн өмнөхөн импортын цементийн татварыг таван хувь болгон бууруулах шийдвэрийг төрөөс гаргасан. Энэ үеэр дотоодын цемент үйлдвэрлэгчид эсэргүүцэж, хэвлэл мэдээллийнхэн болоод судлаачид хожим гарах үр днүг нь сануулж байв. Саяхан салбар яам болоод нийслэлээс чанаргүй цемент их хэмжээгээр орж ирж байгаа тухай мэдээлэл өгсөн. Мөн уг шийдвэрийг гаргахдаа амлаад байснаас нь эсрэгээр орон сууцны үнэ улам л өсөөд байна.

Үр дүнд нь дотоодын цемент үйлдвэрлэгчид дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байгаа нь хатуу үнэн. Үүнээс гадна орон нутгийн иргэд үнэтэй гурил идэж байна гэсээр байгаад импортын гурилыг мөн л татвараас чөлөөлж орхисон. Үгсэн хуйвалддаг гэж гурилын компаниудыг цоллож байгаад ийм шийдвэр гаргасан нь өнөөдөр мөн л буруугаад эргэчихээд сууж байна. Газар тариалангийн компаниуд нь амьд үлдэхийн тулд, ашигтай бизнес хийхийн тулд тосны ургамал тарьж эхэлсэн. Үүнээс үүдээд энэ жил улаанбуудайн дотоодын хэрэгцээг хангахад асуудал үүсч, гаднаас худалдан авах байдал гарч мэдэхээр байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Ер нь улаанбуудай, гурил, цемент гээд аль аль нь стратегийн бүтээгдэхүүнд ордог. Даанч увайгүй улстөрчдийн харалган шийдвэрээр энэ бүхнээ гаднаас авах болж, горыг нь үндэсний үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхэн амсаж байна. Төр засгаас сайхан сайхан шийдвэрүүд гаргаж байгаа талаараа ам хуурайгүй ярьчихаад амьдрал дээр

болохоор дандаа зүй бус шийдвэрүүд гаргаж байгааг тэд эсэргүүцэж байгаа ч хүчин мөхөсдөж байна.

УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуулийн үр дүнгээс шалтгаалан хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Сүүлийн найман жилийн туршид навс ялагдаад байсан Ардчилсан нам өдгөө засагт хамтрагч болсон. Энэ бол ард түмний шаардлага, хүсэлт, бодит амьдрал дээр тулгараад байгаа асуудал гэж ойлгож хүлээж авах хэрэгтэй. Учир нь Ардчилсан нам хувийн хэвшлийг дэмжинэ, төр бизнес эрхлэх ёсгүй гэж үздэг. Үүнийгээ ч байнга хэлж, ярьж ирсэн. Тийм болохоор сонгогчид, үйлдвэр эрхлэгчид, хувийн хэвшлийнхэний эцсийн найдвар нь тэд болчихоод байгаа юм. Одоо л ард түмнийхээ сонголтын хариуг барьж, хувийн хэвшлийг дэмжих, тэднийг боомилсон төрийн шийдвэрүүдийг хүчингүй болгох хэрэгтэй. Тэгж байж үйлдвэрлэл үүсч, хөрөнгө бий болж, татварын орлого сайжирч, ажлын байр нэмэгдэнэ. Татвар нэмэх бус, татвар төлөгч аж ахуйн нэгжээ олон болгох нь хамгийн зөв бодлого. Түүнээс биш одоогийнх шигээ төр нь нэг гараараа дэмжинэ гэчихээд нөгөө гараараа боомилоод байвал улс орон дампуурах тийшээгээ л явна. Ийн наанаа үйлдвэрлэгчид, хувийн хэвшлээ дэмжинэ гэж амны уншлага мэт яричихаад цаанаа яг улсын тусгаар тогтнолд нэн чухал стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд рүү хууль бус акцууд явуулж, төрд булаан авахаар санаархах эсхүл хэрэг тохох энэ бүгд аль талаас шидсэн чулуу вэ, цаагуураа геополитикийн санаархал, том эрх ашиг байгаа юм биш биз?

 

Т.ХӨВСГӨЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Гансүх: Улсын орлогыг нэмэгдүүлэх хэмжээний төсөл ховор байна DNN.mn

Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Төрийн удирдлагын доктор Н.Гансүхтэй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.


-Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж байна. Олон том төсөл багтаж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд 120 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн мэдээлэл явж байгаа. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Монгол Улсын ес дэх удаагийн парламентын сонгууль амжилттай болж өндөрлөсөн. Түүхэндээ анх удаа 126 гишүүн сонгогдож, олон намын төлөөлөл парламентад орсон онцлогтой сонгууль болсон.

 

Үүний үр дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулагдаад, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэсэн гэрээг намын дарга нар байгуулж, одоо 45 хоног л болж байна. Ингээд ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулахаар чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж байна. Энэ үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн дөрвөн чиглэлийг тодорхойлж, дөрвөн зорилго, нийт 593 үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж тусгасан байгаа юм билээ. Хамтарсан Засгийн газрын гэрээг намын дарга нар байгуулсан ч парламентад сууж байгаа гишүүд нь бүрэн танилцаж чадаагүй. Цаг хугацаагаар маш их шахаж байна гэдгийг гишүүд нь хэлээд байна. Нэг нам дангаараа бус хамтарсан засаг байгуулагдсан учраас томоохон мега төслүүдийг хөдөлгөх бүрэн боломжтой гэж миний хувьд харж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн маань найман жилийн туршид дөрвөн мянган ам.доллар байж байгаад сонгуулйин өмнөхөн таван мянга болж нэмэгдсэн. Гэтэл үүнийг 10 мянган ам.доллар хүргэнэ гэсэн том зорилт тавьсан. Харин үүнийг одоогийн эдийн засгийн хурдаар авч үзвэл төдийлөн нийцэхгүй саналуудыг оруулж ирсэн гэж судлаач хүний хувьд үзэж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийт 149 төслийг хэрэгжүүлэхэд 120 их наяд төгрөг хэрэгтэй гээд байгаа. Ингэхдээ нийт төслийн 54.1 хувь нь дэд бүтцийг хөгжүүлэх, эдийн засгийг нэмэгдүүлэх, 18 хувь нь аж үйлдвэрийг хөгжүүлэх, 27.8 хувь нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийн төслүүд багтсан. Гэхдээ эдгээр дотор шүүмжлэлтэй хандах маш олон төсөл бий.

-Тухайлбал?

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд асар их мөнгө зарж байж боссон Дарханы замын төсөлд 131.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад 110 тэрбум, Хөшигтийн хөндийн тунельд 55.3 тэрбум, аль хэдийн ашиглалтад орчихсон байх учиртай Газрын тос боловсруулах үйлдвэрт 25.7 тэрбум, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд 256.8 тэрбум гээд өндөр, өндөр дүн тавигдсан байгаа юм. Гэтэл эдгээр төслүүд өмнөх санхүүжилтээр хангалттай хийж болох байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөн хил холболтын шугам, боомтын сэргэлт зэрэг төслүүдэд зөвхөн ТЭЗҮ боловсруулах, зураг төсөв хийлгэх, гаднын улсаас зөвлөх үйлчилгээ авах зэрэг маш их хэмжээний мөнгө тусгасан байна.

-Хамаг мөнгөө нэг зэрэг баахан төслүүдэд тараах бус эрэмбэлээд хамгийн чухал, эдийн засгийн ач холбогдолтойгоос нь эхлээд хийх хэрэгтэй гэсэн шүүмжлэл гарч байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүдийг хугацаагаар шахаад, тэд нар мэдээлэлтэй танилцаж ерөөсөө амжихгүй байна. Хоёрдугаарт, гишүүдийн бүрэн эрхээ эдлэх боломжийг нь олгохгүй, үг хэлэх хугацаагаар хангаж өгөхгүй байгаа юм. Ийм байхад төсвийн тодотголыг дагаж 13 хуулийн төсөл, хоёр тогтоолын төсөл орж ирсэн. Шинэ гишүүд маань яг юу баталж байгаагаа ч сайн ойлгохгүй байх шиг байна. Монгол Улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлаад 10 жил болж байна. Манай улсын зарлага 2013 онд 6.2 их наяд байсан бол 2023 онд 22.5 их наяд буюу дөрөв дахин нэмэгдсэн. Гэтэл хэмнэлт хийх талаар ярих ёстой байтал төсвийн тодотгол дээр 3.1 их наяд төгрөгийн зарлага нэмээд л ороод ирлээ. Өөрөөр хэлбэл, маш үрэлгэн, эргээд санхүүгийн ямар ч ач холбогдол байхгүй, зардал нэмсэн, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт дээр суурилсан байдлаар хандаж байна. Энэ олон төсөл дунд улсын орлогыг нэмэгдүүлэх хэмжээний төсөл маш ховор байна гэж харж байгаа. Мөн хуулийн хулгай гэгддэг байдлаар хуулийн төслийг оруулж ирсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хамгийн чухал заалт болох 6.1.3-ийг өөр томъёоллоор тодотгосон. Үүнийгээ тэгээд хүч түрээд батлах гэж оролдож байна.

-Энэ удаагийн парламентад олон намын төлөөлөл орсон учраас хяналт сайжрах байх гэсэн хүлээлт байсан. Гэтэл гурван нам хамтарсан Засгийн газар байгуулснаар хяналт суларчихлаа гэх хүмүүс байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Тэгэлгүй яах вэ. Ардчилсан нам, ХҮН зэрэг намууд бүгд л сонгуулийн үеэр данхайсан төр хэрэггүй. Энэ олон яамыг цөөлж, 10 дотор оруулна гэж ярьсан. Гэтэл хамтарсан засагт орсноор эсрэгээрээ төрийг улам л данхар болголоо. Энэ нь зарчмаасаа ухарсан үйлдэл гэж харж байгаа. Одоогийн байдлаар төсвийн тодотгол, мега төслүүдтэй холбоотой ямар нэгэн хэлэлцүүлэг ч явахгүй байна шүү дээ.

-Та нэлээд үрэлгэн байдалтай төсвийн тодотгол болж байна гэсэн. Тэгвэл бид тэвчиж, танаж болох зардлууд юу байна вэ?

-Нийт 149 төслийг хэрэгжүүлэхэд манай дотоодын компаниуд мэргэжлийн түвшинд хийж, тендер нь үнэн шударгаар явах болов уу гэдэг маш том эргэлзээ байна. Хоёрдугаарт, нүүрсний экспортыг ирэх жил 80 сая тонн болгоно гэж оруулж ирсэн. Манайх уул уурхайгаас олж байгаа орлогоо инноваци бүтээх, орлого олдог, экспортыг нэмэгдүүлдэг төслүүддээ зарцуулахгүй байна. Жишээлбэл, одоо 24 суманд 100 тэрбум төгрөгөөр Соёлын төв барина гээд байгаа. Халамж дээр л гэхэд 84 тэрбумыг төсөвлөсөн. Дээрээс нь олон нийт тэрбум, их наяд гэдэг тоог сонссоор байгаад одоо бүр дөжирчихлөө. Хэрэгжүүлж байгаа төслүүд нь хугацаандаа дуусдаггүй, төсвийн тодотголоор дахиад л мөнгө нэмж оруулж ирдэг. Төсвийн ямар ч хяналт, хариуцлага байхгүй. Хэн ч хариуцлага хүлээдэггүй, олж ирсэн мөнгөөрөө тоглоод байна. Энэ олон төслийг хэн хийх юм гээд хүний нөөцөө ч тодорхойлж чадахгүй л сууж байна. Энэ удаагийн Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд шууд халдсан. Давхар дээлтэй сайд нар томилсон. Эрх мэдлийн төвлөрөл хэт нэг талдаа гарсан. Парламент нь өөрөө мэтгэлцдэг, олон ургалч үзэл гардаг суурь зарчмаасаа ухарсан.

-Худалдан авах ажиллагааны хуульд өөрчлөлт оруулах гэсэн гэдэг шүүмжлэл гарсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Өмнөх Засгийн газар цар тахлыг далимдуулаад шууд худалдан авалтыг маш их хийсэн. Нийтдээ 2-3 жил ийм байдалтай явж ирсэн. Үүн дээр ямар нэгэн аудит хийсэн, хяналт шалгалт огт байхгүй. Яг үүнтэй адилхан Засгийн газар шаардлагатай гэж үзвэл тендергүй явах, өөрсдөдөө хэт өндөр эрх авах гэсэн заалт оруулж ирээд явж байна л даа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
story-news

Н.Гансүх: Улсын орлогыг нэмэгдүүлэх хэмжээний төсөл ховор байна

Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Төрийн удирдлагын доктор Н.Гансүхтэй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эх нялхас, Хавдрын эмнэлгийн үүдээр явж үзчихээд 200 тэрбум төгрөгөөр соёлын төв барих эсэхээ шийднэ үү, гишүүд ээ DNN.mn

УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголыг угтаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Гэвч гол агуулгаасаа хальсан төсвийн тодотгол болж байгааг эдийн засагчид анхааруулан хэлсээр байна. Үүний нэг жишээ нь 200 тэрбум төгрөгөөр сумдуудад соёлын төв шинээр барихтай холбоотой санал юм. Энэхүү саналыг зарим гишүүд дэмжиж зарим нь эрс эсэргүүцэж байна. Улмаар нийгмийн хүрээнд маргаан, шүүмжлэл дагуулж байгаа гол сэдвийн нэг боллоо. Нийгмийн энэ маргаанаас харахад ард түмний ихэнх нь шинэ соёлын төв барихыг үгүйсгэж байгаа юм.

Харин нөгөө талдаа соёлын төв шинээр барьж сонгогдсон тойрогтоо ажил хийсэн хүн мэтээр харагдах гэсэн хэдэн улстөрчид энэхүү саналаа улс оронд тулгамдаад байгаа нэн тэргүүний ажил мэтээр олон нийтэд ойлгуулах гэж улайрсаар. Яах вэ, чухал газартаа, чухал хүмүүстээ шинэ соёлын төв хэрэгтэй л байх. Гэвч энэ нь улс орны өмнө тулгамдаад байгаа ард түмний аминд тулсан асуудал гэж үзэхгүй. Шинэ б арилга, байгууламж ус, агаар мэт дутагдаж байгаа салбар Монгол Улсад цөөнгүй бий. Тэр бол эрүүл мэндийн салбар. Ёстой ард түмний аминд тулчихаад шийдэлгүй олон жил болсон асуудал бол эмнэлгийн шинэ байр, өргөтгөл, шинэчлэлт. Жишээ нь ЭХЭМҮТ-ийн өглөөний оочер байна. Уйлсан, өвдсөн, шаналсан бяцхан хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүдийн бараан царайтай, хөл гишгэх зайгүй бүгчим энэ орчинд үнэхээр зай талбайтай орчин үеийн шинэ эмнэлэг хэрэгтэй байна. Ийм чихэлдсэн орчинд бага зэрэг бүлээрсэн хүүхдээ авч ороод өвчнийг нь бүр хүндрүүлэх тохиолдол ч их гардаг.

Өөрөөр хэлбэл, аюулгүй, халдваргүй орчин эмнэлгүүдэд байхгүй болсон гэсэн үг. Зай талбай бүхнээ өвчтөн хүлээн авах өрөө болгон ашиглаж байна. Зай болгондоо нэг ч гэсэн ор гаргаад өвчтөнөө хэвтүүлэн эмчилж байна. Эх, нялхсын эмнэлэгт хүүхдээ тэврээд очсон эцэг, эх болгоны толгойд “Монгол Улсын төр, засаг даан ч яав даа. Алгын чинээ хүүхдүүдийнхээ төлөө татвар төлөгч бидний мөнгөөр олигтой эмнэлэг бариад өгчихөж болдоггүй л юм байх даа. Ямар арчаагүй улс оронд бид амьдарч байна вэ” гэсэн ганцхан бодол орж ирдэг. Ийм бодол, тархи толгойнд орж ирдэггүй хүмүүс Монголд мөн олон байх шиг байна. Тэд нар нь магадгүй 200 тэрбумаар Соёлын төв барих гэсэн улстөрчид байх. Томчуудын хүүхдүүд өвдлөө гэхэд үнэтэй хувийн эмнэлгээр үйлчлүүлчихнэ. Хүндхэн өвдлөө гэхэд яаралтай гадагшаа аваад л нисчихэж байгаа. Ийм хүмүүс эгэл жирийн амьдралтай иргэдийн Монголын төрөөс хүсэж, шаардаж байгаа асуудлыг яаж ч ойлгох билээ. Учир нь тэд ард түмний зовлонг мэдрэхгүй, мэдэхгүй байна. Хавдрын эмнэлгийн үүдний өрөөнд болдог тэр зовсон, шаналсан хүмүүсийн эмнэлгийн үйлчилгээ авах гэсэн “алаан”-ыг энэ 126 гишүүн очиж үзэх хэрэгтэй. Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн барилга 1982 онд ашиглалтад ороход стандартын дагуу тоноглосон хагалгааны хоёрхон өрөө төлөвлөсөн учраас 2000 оноос дөрөв болгон өргөтгөж байж. Өрөөний хүлээгдлээс болж тухайн өдөрт төлөвлөсөн мэс заслаа дуусгахын тулд эмч нар наанадаж 21:00, цаад тал нь шөнө “Төрийн дуулал” эгшиглэхтэй зэрэгцэн ажлаа дуусгадаг.

Одоо Хавдрын эмнэлгийн ачаалал 10 биш 20 дахин нэмэгдсэн. 1982 онд ЗХУ-ын тусламжаар ашиглалтад орсон Монгол Улсын цорын ганц хавдрын эмнэлгийн одоогийн байрыг шинэчлэх, өргөтгөх зайлшгүй шаардлагатай гэдгийг олон жил ярьсан. Одоог хүртэл барих эсэх нь шийдэгдээгүй л явж байна. Бүр социализмын үеэс хойш Монгол Улсад нарийн мэргэжлийн эмнэлэг огт баригдаагүй гэж бодохоор дэндүү эмгэнэлтэй биш гэж үү. Эмнэлэг барихынхаа оронд энд тэндхийн сумдад соёлын төв шинээр болон байнгын шинэчлэлт засварыг нь хийсээр өдийг хүрч. Одоо бүр 200 тэрбум төгрөгөөр сумдуудад соёлын төв барина гэнэ. Өдөрт хагалгааны ор олдохгүйгээс болж хэдэн арван хүн үхэж байна. Эмчийн ур чадвар, хүрэлцээ тааруугаас бус өвчтөн хэвтэх ор, эмнэлгийн орчин байхгүйгээс болоод иргэдээ алдсаар байгаа нь харамсалтай. Энэ асуудлаар хавдрын эмч “Бидний эмчилгээг голсондоо ард түмэн гадагшаа явдаггүй. Бас бид муудаа өвчтөнөө алддаггүй. Гол асуудал нь манайд тэр хөгжилтэй орнууд шиг аятай, тухтай үйлчилгээ үзүүлэх орчин алга. Энэ орчинг шинэ эмнэлэг барьж шийднэ” гэж сонинд ярилцлага өгч.

Ойрын 20-30 жилд Монгол Улсад хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцоололтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч “гурван эрэгтэй тутмын нэг нь, таван эмэгтэй тутмын нэг нь хорт хавдраар өвдөнө” гэдэг таамаглал дэвшүүлжээ. Тэгвэл өнөөгийн “алаан” болоод байгаа эмнэлгийн хүрэлцээ өдөр ирэх тусам л улам ширүүсч, нэмэгдэнэ гэсэн үг. Сэтгэлээ баясгах гэж соёлын төв ордог байж болно. Сэхээнд ортлоо өвдчихсөн байхад соёлын төв хэрэггүй л болов уу.

Хавдраар үхэж байгаа иргэдээ бодоцгоо. Ханиаданд дарлуулж, өвчнөө эмчлүүлэх гэж үүднээсээ хоймор хүртлээ чихэлдэх Эх, нялхсын эмнэлгээ нэг харцгаа. Хоёрхон эмнэлгийн үүдээр ороод гарахад л 200 тэрбум төгрөгөөр соёлын төв барих нь чухал уу гэдгээ ойлгох байлгүй, та бүхэн. Тэгэхээр гишүүд минь энэ хоёр эмнэлгээ нэг үзчих. Ний нуулгүй хэлэхэд соёлын төв гэдэг бол Монгол Улсад яг одоохондоо арай л хээнцэрдэж байна. Эцсийн бүлэгтээ соёлын төв бол комминустын үзэл суртлын л үлдэгдэл.

Тиймээс ардчилсан улс оронд хөгжлийн гараагаа соёлын төв барьж эхлүүлдэг биш худалдааны гудамж байгуулснаар эхэлдэг гэж олон улс хүлээн зөвшөөрдөг. Жишиг нь ч тийм. Монгол шиг соёлын төв барьж хөгжлийн шинэ гучин жилээ эхлүүлье гэдэг улс дэлхийд хаана ч байхгүй болов уу. Япон улс гэхэд томоохон байгалийн гамшгийн дараа соёлын төв гэхээс илүүтэйгээр худалдааны гудамжаа нэн тэргүүнд сэргээн босгодог. Худалдааны гудамжаа сэргээснээр ард түмэн төрийн царай харахгүйгээр өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлдэг гэж үздэг байна. Энэ хандлага жишгээрээ Япон улс өнөөдөр эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийн эхний аравт жагсаж байна. Биднээс бусад нь улс нийгэмдээ юу чухал вэ, ямар асуудлыг нэн тэргүүнд тавьж эрэмбэлэх вэ гэдгээ мэдээд байна. Бид үнэхээр хөгжье гэж бодож байвал иймэрхүү хандлагаа засах хэрэгтэй.

Тулгамдсан асуудлаа зөв эрэмбэлж сурах шаардлагатай. Эрх ашгийн эрэмбэ гэхээс илүү улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулах уу, ямар ажлыг тэргүүнд эрэмбэлэх үү гэдгээ тодорхой зөв гаргадаг болъё. Иргэнийхээ амь насыг аварч, өвчнөөс нь салгах орчинг бүрдүүлэх нь чухал уу, эсвэл энд тэндхийн хэсэг хүмүүсийн уулзах, цэнгэх байрыг бэлдэх нь чухал уу гэдгээ бодоцгоо.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тоолл ы н наймдугаар сарын 26, Сумъяа гариг. Билгийн тооллын 22, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 06:03 цагт мандаж 19:45 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
story-news

ТОЙМ: “Гишүүд ээ, тендерийн маргаан гарахад 14 хоногт шийддэг хуультай болоход л асуудал дуусах биш үү” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай,Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, Хараа, Ерөө, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Гишүүд ээ, тендерийн маргаан гарахад 14 хоногт шийддэг хуультай болоход л асуудал дуусах биш үү” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Төрийн удирдлагын доктор Н.Гансүхтэй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.  Тэрбээр “Улсын орлогыг нэмэгдүүлэх хэмжээний төсөл ховор байна” хэмээн ярилаа.

  • Хуулийн хонгилд хэлмэгдсэн иргэд үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ерөнхийлөгчид хандав
  • Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Боловсролын салбарт багш, боловсон хүчний хомсдол жил ирэх бүр нэмэгдсээр. Энэ талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатартай ярилцлаа

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Гишүүд ээ, тендерийн маргаан гарахад 14 хоногт шийддэг хуультай болоход л асуудал дуусах биш үү” хэмээн өгүүллээ.

“Монголын улстөрчид хуваагдлаа албан ёсоор зарлах үлдлээ! ” гэснийг II нүүрээс уншаарай.

  • Хувийн хэвшил, үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэсэн ч нидэр дээрээ боомилж байна
  • Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвши “Эрүүл, боловсролтой хүүхдүүд Монгол Улсын ирээдүй” хэмээв.

ГАДААД МЭДЭЭ:  В.Зеленский: Курск мужид болсон ажиллагаа Орос улс иргэддээ яаж ханддагийг харууллаа

Арын нүүр : Нүдээ хайрлаарай


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ