Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Г.Ундармаа: Тяньжин боомт дахь чингэлгийн бөөгнөрөл улам ихэсч байна DNN.mn

Сүүлийн хоёр сарын хугацаанд Монгол руу хаягласан Тяньжин боомтод байгаа чингэлгийн тоо хоёр, гурав дахин өсч, бөөгнөрөл үүсгээд байна. Энэ нь цар тахлын үетэй адилхан боллоо гэж үзэх хүмүүс ч байна. Энэхүү чингэлгийн бөөгнөрөл хэзээ багасч, иргэд чирэгдэлгүйгээр ачаа бараагаа хүлээж авдаг болох нь тодорхойгүй байна.

Энэ талаар Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Ундармаатай ярилцлаа.


-Тяньжин боомт дээр дахиад чингэлгийн бөөгнөрөл үүсээд байна. Энэ нь ямар учир шалтгаантай байна вэ?

-Тавдугаар сарын 1-нээс 31-ний хооронд нийтдээ БНХАУ-аас Монгол руу импортын чиглэлтэй 27 галт тэрэг гарсан мэдээлэл байна. Яг өчигдрийн /уржигдрын/ байдлаар Тяньжин дээр 5450 чингэлэг Монгол руу гарахаар хүлээгдэж байна.

Тяньжин боомтоос Монгол улс руу нийт чингэлгүүд дунджаар 70-85 хоногийн дараа ачигдаж байна. Ачаа тээвэр хамгийн багадаа 70 хоног Тяньжин боомт дээр хүлээгдэж байгаа. Эрээнээс нааш хэвийн тохиолдолд гурван өдөрт ачаа тээврүүд гардаг байсан бол одоо ес, арван хоногт гардаг боллоо. Зам тээврийн яаманд тусгай зөвшөөрөлтэй 120 гаруй олон улсын тээвэр хийх зөвшөөрөлтэй компани байдаг.

Түүнээс 77 компани нь Тээвэр зуучийн холбооны гишүүн юм. Бид Мэргэжлийн холбооныхоо зүгээс энэ асуудлыг нэлээд тодруулах гэж Хятадын төрийн байгууллагуудтай Зам тээврийн хөгжлийн яам болон Гадаад хэргийн яамаар дамжуулж харьцаж байгаа. БНХАУ-ын Зам тээврийн яам болон Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн мэдээгээр Хятадын талаас ямар нэгэн албан ёсны тодорхой хариу өгөх боломжгүй гэсэн. Тиймээс Тяньжин боомтын асуудал тодорхойгүй нөхцөл байдалтай байна.

-Тяньжинд хэзээ ирсэн чингэлгүүд байгаа бол?

-Гуравдугаар сарын эхээр Тяньжинд орж ирсэн чингэлгүүд хуримтлагдаад байна. Ард иргэдийн ачаа тээврийг түргэн шуурхай үзүүлэх ёстой байдаг. Түүн дотор хүнсний түргэн мууддаг бүтээгдэхүүнүүд бий. Эм, эмнэлгийн хэрэгслүүд байна. Чингэлгийн жагсаалтуудыг гишүүн байгууллагуудаасаа албан ёсоор хүлээж аваад, шуурхай татах хэрэгцээтэй чингэлгүүдээ Гадаад харилцааны яамаараа дамжуулаад Хятадын талд илгээсэн байгаа.

-Яаралтайгаар захиалсан тохиолдолд чингэлгүүд хурдан орж байгаа гэсэн яриа байна?

-Тяньжинаас түлхүү авто машинууд гаалийн горим сольж орж ирж байгаа. Улсын баяр наадмаас өмнө ачигдах шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүд мөн орж ирж байна.

Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл ч юмуу зарим ачаа тээвэр горим сольж орж ирж байгаатай холбоотойгоор Замын-Үүд дээр нэмэлт гаалийн хяналтын талбай гаргаж өгөх саналыг холбогдох байгууллагуудад илгээсэн. Ачаа тээврийн урсгал хэзээ сайжрах нь түрүүн хэлсэнчлэн тодорхойгүй. Наашаа гарч байгаа галт тэрэгний тоо багасч, өнжөөд нэг гарч байна.

-Нэг галт тэргэнд хэдэн чингэлэг ачигддаг вэ?

-Нийт 50 чингэлэг нэг галт тэргэнд ачигддаг. Ковидын үеэр чингэлгийн ачаалал 9000 хүрч байсан. Гол нь энэ удаагийн чингэлгийн бөөгнөрөл ихсэх магадлал өндөр байна гэв.

Т.Дорж: Анх ачаа бараа захиалснаасаа хойш гурван сар хамаг мөнгөө түгжүүлчихээд сууж байна

Ачаа тээвэр захиалсан иргэн Т.Доржоос тодрууллаа.


-Таны ачаа яг одоо хаана байна вэ?

-Би гуравдугаар сарын 15-нд ачаагаа захиалсан. Тяньжин боомт дээр ачаа маань дөрөвдүгээр сарын 16-нд ирсэн. Олон улсын ганц том боомт болох Тяньжин нь ачааллаа дийлэхгүй байгаагаас шалтгаалаад байна. Ковидоос хойш л ийм асуудалтай болсон. Хятадын талд, эсвэл манайд уу гээд яг хаанаа асуудал байгааг сайн мэдэхгүй байна. Хүмүүсийн ачаа таваарыг яагаад хурдан шуурхай татаж болдоггүй юм.

-Нэг чингэлэг ачааг та хэдэн ам.доллараар захиалсан бэ?

-Энгийн тээвэрлэлт нь 3300, 3400 ам.доллараар ирдэг. Хэрэв хурдан татуулбал 4100 ам.доллар, бүр яаралтайгаар 5000 ам.доллар гэж тээвэр зуучаас үнэ санал болгодог. Бид энгийнээр ачаагаа захиалсан. Хэзээ наашаа ачигдахыг хэлж мэдэхгүй байна. Мөнгө нэмж төлөхгүй болохоор ачихгүй байлгаад байна уу гээд л үнэхээр гайхаж байна. Удаашралтай болохоос ачаа тээвэрт одоогоор үнийн хувьд өөрчлөлт ороогүй байгаа. Яаралтайгаар бид 14 хоногт ачаагаа авах тохиолдолд 5200 ам.доллар төлөх шаардлагатай юм билээ.

-Та сүүлд нэмж ачаа захиалсан уу?

-Бид одоо энэ захиалсан ачаа бараагаа ирсний дараа дахин захиална. Анх захиалснаасаа хойш гурван сар хамаг мөнгөө түгжүүлчихээд сууж байна. Барааны хомсдолд орлоо. Гарч байгаа сөрөг үр дагаврууд нь асар өндөр. Банкны мөнгөө төлж чадахгүйд хүрэх нь. Ковидоос өмнө 21 хоногт ачаа ирдэг байсан. Уг нь 45 хоногтоо ирээд байвал асуудалгүй л дээ. Тээвэр зуучийн компаниас асуухаар таных мөдгүй юм байна. Та яаралтайгаар авах юм бол 1500 ам.доллар нэмж төлнө гэсэн. Энэ нь монгол мөнгөөр таван сая төгрөг болно. Мөнгө нэмээд авчихаар эргээд худалдан борлуулахад үнэ нь нэмэгдэх болдог. Худалдан авагчдад л хүнд тусна даа хэмээсэн юм.

Т.Баяр: Бараагаа авах гэж банк бусаар хүү өндөртэй зээл авчихсан болохоор хүндрэлтэй байна

Захиалагч иргэн Т.Баяраас тодрууллаа.


-Тяньжин боомт дээр таны ачаа хэр удаж байна вэ?

-Би 2024 оны гуравдугаар сард бараагаа захиалж үйлдвэрлүүлээд, дөрөвдүгээр сарын 12 гэхэд Тяньжин дээр ирээд одоо хүртэл ачигдахгүй хоёр сарын хугацаанд гацсан байдалтай байна. Ачаагаа энгийнээр захиалсан. Сураг сонсоход дөрвөөс таван мянган чингэлэг Тяньжин боомт дээр овоорсон гэсэн. Шахаад явуулъя гэхээр манай монголчууд ачааллаа дийлэхгүй, боомтоороо гаргаж чадахгүй, явж байгаа галт тэрэг нь ч бага байгаа гэж сонссон.

-Зуучлагч тээвэр зуучийн компаниас танд юу гэж хэлж байна вэ?

-Таны ачааг ачуулахаар хөөцөлдөж байгаа. Нэмж мөнгө төлөх юм бол ачааг тань нааш нь хурдан татах талаар ярьж байгаа гэсэн ч тэр нь бүтэлтэй болохгүй л байх шиг. Тяньжин дээр хүлээгдэх хугацаа нь 60-80 хоног болсон гэсэн. Галт тэргээ сайн явуулаад байсан бол ийм хүндрэл учруулахгүй л дээ. Бараагаа авах гэж банк бусаар хүү өндөртэй зээл авчихсан болохоор хүндрэлтэй байна. Би зуны дугуй захиалсан байсан юм. Ирэхгүй байсаар байтал улирал нь дуусах нь. Хүмүүс ч зуны дугуйгаа аваад дууслаа. Хадгалахаас авахуулаад агуулах хэрэгтэй болно. Хэзээ ачаа маань ачигдах нь тодорхойгүй байна хэмээв.

Дээрх асуудлаар Улаанбаатар Төмөр замаас тодруулахад “Тяньжинаас Эрээн хүртэлх ачаа тээврийн галт тэргийг Хятадын тал хариуцдаг. Өнгөрсөн тавдугаар сард Тяньжинаас Эрээн рүү явах галт тэрэгний тоо багасч, чингэлгийн бөөгнөрөл үүссэн шалтгааныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Бидний зүгээс Тяньжинаас Эрээн рүү яаралтай чингэлгүүдээ татан авах саналыг Хятадын төмөр замд удаа дараа тавьж, хүсэлт илгээгээд байна. Тэдний зүгээс зургадугаар сард хэвийн горимоор буюу хоногт нэгээс хоёр галт тэрэг аялуулах тухайгаа мэдэгдсэн” гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.

ЛХАГВА ГАРАГ /2024.06.05/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дүгнэлт

·     “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Ганболд нарын 6 гишүүн 2024.05.17-ны өдөр өдөр мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 4 гишүүнээс 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·       “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

·        Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·    Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 4 гишүүн 2024.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·       Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·       Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 4 гишүүн 2024.05.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·     “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·     “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны  тайлан, санал, дүгнэлт

·   Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл

10.00

“Их Эзэн Чингис хаан”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булганы нутаг, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, аялагчидын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны зургаадугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Туул голын хөндийгөөр 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.


2024 оны зургаадугаар сарын 06-наас 2024 оны зургаадугаар сарын 10-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

06-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 07-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 09-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 07, 08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 06-нд нутгийн хойд хэсгээр, 07, 08-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 9-нөөс ихэнх нутгаар хална.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь DNN.mn

2024 оны зургадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХҮЕГ)-аас танилцууллаа.

Хуваарь ёсоор хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг зургадугаар сарын 20-нд, нийгмийн халамжийн тэтгэвэр, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, асаргааны тэтгэмж, насны хишиг, хүнсний талон зэргийг зургаадугаар сарын 13-нд олгоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХААИС-аас Яармагийн гүүр хүртэлх авто замыг түр хааж, засварлана DNN.mn

Богд уулын арын замыг хэсэгчлэн хааж засварлаж байна.

Энэ удаад Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Хөдөө Аж Ахуйн Их Сургууль(ХААИС)-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замыг зургаадугаар сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болов.

Тус ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийг асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс зөвлөлөө.

Өнгөрсөн удаад Маршалын гүүрний урд тал, Их тэнгэрийн амны уулзвараас Баянзүрхийн товчооны шинэ гүүрний уулзвар хүртэлх авто замыг хаан засварлаж байв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Судлаач Ц.Батсугар: Дарангуйлал бүрэлдэх тусам жагсаал, цуглаан ихэсдэг DNN.mn

Хараат бус судалгааны хүрээлэнгийн зөвлөх, судлаач Ц.Батсугартай жагсаал, цуглааны үеэрх хүний эрхийн зөрчил болон бусад асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд болсон жагсаал, цуглаануудад дүн шинжилгээ хийж судалсан гэсэн. Энэ судалгаанаас олны анхааралд хүргэх ямар дүгнэлтүүд гарч ирсэн бэ?

-Жагсаал, цуглааны тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Жагсаал нэмэгдэх тусам иргэдийн жагсаал цуглаан зохион байгуулах, оролцох эрх, үүрэг, эрх зүйн мэдээлэл дутмаг байгаа нь ажиглагдсан. Нөгөөтэйгүүр манай улсад жагсаал, цуглаан зохион байгуулах эрх зүйн орчин алдаа, дутагдалтай байна. Мөн жагсаал, цуглаанд оролцож байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллагуудын оролцоо, идэвх тааруу байгаагаас болж хүний эрхийн зөрчлүүд нэмэгдэж байна.

Бидний хийсэн энэхүү судалгааны гол зорилго бол жагсаал, цуглааны үеэр иргэд эрхээ зөрчүүлэхээс хэрхэн сэргийлэх вэ, өөрсдийнхөө аюулгүй байдлыг яаж хамгаалах вэ гэдгийг гаргаж ирж урьдчилан сануулах, мэдээжүүлэх агуулга дотор зангидагдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Хэчнээн жагсаал, цуглаан дээр яг ямар судалгаа хийсэн юм бэ?

-Өнгөрсөн 2020-2023 оны хооронд Монгол Улсад нийт 714 орчим жагсаал, цуглаан өрнөсөн байна. Хоёроос гуравхан жилийн дотор ийм өндөр тоо гарч байгаа бол үүнийг 10-15 жилээр нь тооцвол асар том тоо гарч ирэх нь тодорхой. Тэр бүрийг бүгдийг нь бүртгэх боломж бол хязгаарлагдмал. Жагсаал, цуглаан болгон өөр өөрийн гэсэн зорилго, хэлбэр агуулгатай байна. Тэр болгондоо өөрийн гэсэн хууль эрх зүйн зохицуулалт, эрсдлүүдийг дагуулдаг. Энэ олон агуулгыг багцалж тусгахын тулд өнгөрсөн 15 жилийн хугацаанд өрнөсөн 10 жагсаал дээр гол судалгаагаа явуулсан.

-Сонгож авсан 10 жагсаал нь ямар ямар жагсаалууд вэ?

-Мэдээж эрсдэл, хүний эрхийн зөрчил хамгийн өндөртэй болсон 2008 оны долдугаар сарын 1-ний жагсаал байна. Мөн “NO” тодотголтой жагсаалуудыг нэг багц болгосон. 2021 оны Ерөнхий сайдын огцорсон жагсаал. Дуучин С.Жавхлангийн зохион байгуулсан “Монголоо аваръя” нэртэй жагсаал. Эмнэлгийн ажилчдын суулт, “Монголдоо сайхан амьдаръя” буюу нөгөө “Ажлаа хийе” жагсаал гэх мэт 10 жагсаал дээр судалгаа хийгдсэн.

-Дээрх жагсаалуудыг судлаад үзэхээр ямар дүгнэлтүүд гарч ирж байна. Мэдээж хүний эрхийн зөрчил талдаа олон асуудлууд байгаа байх л даа…?

-Мэдээж жагсаал болгоны онцлог, агуулгаас хамаараад судалгааны дүн өөр өөр. Жагсаалын өмнөх үе шатанд ямар алдаа дутагдал гарч байна. Жагсаалыг зохион байгуулах үеэр ямар асуудал гарч байна. Жагсаалын дараахь үр дүнд хүрсэн байдал дээр ямар асуудал гарч байна зэрэг олон дүгнэлтүүд гарч ирсэн.

-Хамгийн түгээмэл гарч ирсэн асуудал нь юу байна вэ?

-Хамгийн түгээмэл гарч ирсэн асуудал бол жагсаал зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн орчин тааруу байна гэж гарч ирсэн. Тухайлбал, “Ажлаа хийе” болон нүүрсний хулгайн жагсаалыг аяндаа үүссэн жагсаал гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тодорхой үйл явцын дараа иргэд өөрсдөө үзэл бодлоороо нэгдэн нийлээд өрнөж байгаа жагсаалыг аяндаа үүссэн жагсаал гэж ойлгож болно. Ийм жагсаал дээр ямар эрсдэл үүсдэг вэ гэхээр нэгдүгээрт, урьдчилсан зохион байгуулалт хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. Мэдээж аяндаа үүссэн жагсаал болохоор ямар ч урьдчилсан зохион байгуулалтгүй байж таарна. Гэхдээ жагсаалын аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдгийг урьдчилсан зохион байгуулалтын үед авч хэрэгжүүлдэг. Тэгэхээр аяндаа үүссэн энэ мэт жагсаалуудын урьдчилсан аюулгүй байдлыг хангаж чаддаггүй гэж ойлгож болно. Хоёрдугаарт, жагсаалд хэрэглэж байгаа элдэв янзын материал байна. Уриа лоозон гээд. Энэ бүх материалын бэлтгэл, аюулгүй байдлыг хангах. Гуравдугаарт, жагсаалын өмнө болон жагсаалын үеэр иргэд, оролцогчид өөрсдийнхөө аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг асуудал. Эдгээр томоохон гурван асуудлын урьдчилсан бэлтгэл ажил хангагдаагүй болохоор тухайн жагсаал үр дүнд хүрдэггүй, сүүлдээ хүч хэрэглүүлэн тараах дээрээ тулдаг.

-Жагсаал, цуглаан зохион байгуулахын тулд заавал холбогдох байгууллагад нь мэдэгдэх, бүртгүүлэх ёстой гэсэн зохицуулалт байдаг шүү дээ. Тэгэхээр гэнэт үүссэн жагсаалын бүртгэлийг яаж хийх ёстой вэ?

-Аяндаа үүссэн жагсаал дээр бүртгэл хийх боломжгүй байдаг. Бүртгүүлж байгаа суурь зарчим нь юу юм бэ гэдгээ манайхан аль аль талдаа ойлголтгүй байна. Юу гэхээр үндсэндээ жагсаалд оролцож байгаа иргэдийг хамгаалах, хэв журам сахиулах үүргийг тухайн жагсаал болж байгаа нутаг дэвсгэрийн холбогдох засаг захиргаа хариуцах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ эрх олголт руу шилжүүлж ойлгочихдог эрсдэл их бий. Юу гэхээр жагсаал зохион байгуулах асуудал дээр заавал зөвшөөрөл авах ёстой гэж ойлгодог. Нөгөө бүртгэх үүрэг нь зөвшөөрөл болчихсон явдаг. Улмаар зөвшөөрөл олгогдоогүй жагсаал гэж үзээд цагдаагийнхан тухайн жагсаалыг албадан тараах үйл ажиллагаа авагддаг. Үүнээс болоод цагдаа жагсагчдын хооронд зөрчил бий болж байна. Нөгөөтэйгүүр Монголд жагсаал цуглааны элдэв хэлбэрүүдийг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчин байхгүй байна. Тиймээс нэг ижил журмыг бүх жагсаалтад тулгах, түүгээрээ зохицуулах гэж оролддог. Тухайлбал, ганц эсвэл хоёр хүн лоозон бариад үзэл бодлоо илэрхийлж болно, тийм үү. Гэтэл энэ хоёр хүн дээр хэдэн мянган хүн цугларсан жагсаалын үеэр авдаг хуулийн зохицуулалтыг ашиглаж, ижил түвшний шаардлага, шахалтыг эрх зүйн талдаа үзүүлдэг нь хамгийн том дутагдал. Энэ нь өөрөө хүний эрхийн зөрчлийг үүсгэдэг гол суурь хандлага болж байна.

-Өөр ямар онцлог илэрсэн бэ?

-Иргэдийн жагсаал цуглаанд оролцох хандлага өөрчлөгдсөн нь тогтоогдсон. 2013 онд явагдсан Үндэсний хэмжээний санал асуулгын дүн бий. Хэрэв төр засаг ард түмний эрх ашигт нийцсэн, улс орны хөгжлийг тодорхойлсон зөв бодлого шийдвэрүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол иргэн та яаж тэмцэх вэ гэдэг санал асуулга 2013 онд явагдсан. Тэр үед иргэдийн 4.7 орчим хувь нь жагсаал, цуглаанд оролцож гудамжнаас тэмцэнэ гэж хариулсан байна. 20.2 хувь нь иргэний нийгмээр дамжина гэсэн байна. Харин энэ тоо арван жилийн дараа буюу 2023 онд огцом өөрчлөгдсөн нь бидний хийсэн судалгаагаар гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, 13.3 хувь нь жагсаал, цуглааны хэлбэрээр хариу арга хэмжээ авч тэмцэнэ гэж өссөн бол 16.6 хувь иргэний нийгмээр дамжина гээд буурсан байна. Үүнээс юу харагдаж байна вэ. Жагсаал цуглаан гэдэг бол иргэдийн оролцооны олон талбаруудын зөвхөн нэг нь. Харин иргэдийн хувьд энэхүү тэмцлээ улс төрийн намаар дамжуулна гэсэн нь ердөө нэг хувийг эзэлсэн. Үүнээс юу харагдаж байна гэхээр иргэдийн хувьд улс төрийн нам болон иргэний нийгмийн байгууллагуудад итгэх итгэл алдарсан байгааг харж болно. Тиймээс энэ чиглэлдээ итгэл нь алдарчихсан болохоор өөрсдөө буюу жагсаал цуглаанд оролцох замаар төр засгийн гаргасан шийдвэр явуулж буй буруу гэж үзсэн үйл ажиллагаатай тэмцэх нь нэмэгдсэн байна. Нөгөөтэйгүүр хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхийг уриалсан жагсаалуудад иргэдийн хувьд тааламжгүй ханддаг болсон байна. Илүү тайван, илүү үр дүнтэй жагсахыг эрмэлздэг болсон нь судалгааны дүнгээс тодорхой болсон.

-Сүүлийн жилүүдэд жагсаал цуглааны тоо нэмэгдсэн гэсэн. Тэгвэл бусад орнуудтай харьцуулахад манайд яг ямар байна вэ?

-Яг ямар улстай харьцуулах вэ гэдэг чухал байх. Ерөнхийдөө томоохон удаан үргэлжилсэн жагсаал цуглаан ихэвчлэн ямар улсад болоод байна вэ гэдгийг бид ажигласан. Ингээд харвал ерөнхийдөө авторитар буюу дарангуйллын дэглэмтэй улс орнуудад томоохон жагсаал цуглаан болох нь их байна. Беларусь, Хонконг, Иран, Орос зэрэг орнуудад олон нийтийг хамарсан удаан үргэлжилсэн томоохон жагсаалууд их болж байна. Тэгэхээр дарангуйлал бүрэлдэх тусам жагсаал, цуглаан болох нь ихэсдэг юм байна гэсэн ойлголтыг энэ жишээнээс харж болохоор байгаа юм. Нөгөөтэйгүүр дэлхий нийтэд ардчиллын уналт гэх үү, ухралт 18 дахь жилдээ үргэлжилж байгаа. Манай улсын хувьд сүүлийн 10 орчим жил ардчиллаас ухарч байгаа. Үүнийг олон улсын индекс буурч байгаа үзүүлэлтээс харж болно. Ардчилал гэдэг бол иргэд төрийн хэрэгт оролцох олон талын боломж нээлттэй байхыг хэлдэг. Мэдээж ардчиллын индекс сайжрахын хэрээр жагсаал, цуглаан зохион байгуулагдах нөхцөл багасна. Эсрэгээрээ энэхүү индекс муудах тусам жагсаал, цуглаан болох нь мэдээж хэрэг. Жагсаалын гол бай бол төр засаг шүү дээ. Төр засгаа шүүмжилж л жагсдаг. Түрүүн би нэг тоо хэлсэн. Жагсаал цуглаанаар дамжуулан төр засагт дуу хоолойгоо хүргэх сонирхол, хандлагатай иргэдийн тоо өссөн гэж. Тэгэхээр цаашид бид ардчиллын индексээ сайжруулахгүй бол иргэдийн зүгээс хүссэн хүсээгүй жагсаал, цуглаанаар үзэл бодол, дуу хоолойгоо хүргэхээс өөр сонголтгүй болно.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ардчилсан орнуудад сонгогдох эрхийг хамгаалдаг бол манайд аль болох хааж, боож сонгогдохгүй болгохыг илүүд үздэг DNN.mn

Ардчилал гэдэг бол эрх чөлөө. Тэр дундаа сонгогдох, сонгох эрх эрэмбээрээ нэгдүгээрт бичигдэхийг хүний үндсэн эрх гэж ардчилсан орнууд үздэг. Энэ зарчмаа ч хатуу баримталдаг. Ардчилсан орнуудын үлгэр жишээ авдаг ардчилалтай хэмээгдэх улс бол Америк. Энэ улсад хүний үндсэн эрх буюу заяагдмал эрхүүдийг хууль гарган зөрчихийн эсрэг байдаг. Өөрөөр хэлбэл, ямар ч хууль санаачлахдаа хүний заяагдмал эрхийг зөрчихгүй байхаар баталдаг. Үүгээрээ хүний заяагдмал эрхүүдийг дархалж өгч байгаа юм.

Тиймээс ч энэ улсыг ардчиллын өлгий нутаг хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Америкт хүний үндсэн эрхийг хууль, шүүхийн байгууллага нь ч хүртэл хориглож, хааж болдоггүйн тод жишээг Дональд Трампын асуудлаас тодорхой харж болохоор байна. АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампыг эрүүгийн хэрэгт буруутгаж шүүж байгаа. Гол онцлог нь түүнд холбогдсон эрүүгийн хэргээс үл хамаарч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэйг дэлхийн хэвлэл дуу нэгтэйгээр зарлаж байна. Манайд бол эрүүгийн хэрэгт холбогдсон л бол сонгуульд нэр дэвших битгий хэл сонгох эрхийг нь ч хориглоно. Гэтэл Америкт тийм биш аж. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүст ердөө гуравхан шаардлагыг л тавьдаг байна. АНУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 35-аас дээш настай, АНУ-д төрсөн болон улсдаа 14-өөс доошгүй жил амьдарсан байна гэж заажээ, маш энгийн байгаа биз. Ингээд л болдог байна. Өөрөөр хэлбэл, Дональд Трампын сонгох, сонгогдох эрхэд ямар ч хууль, ямар ч шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй. Хүний заяагдмал эрхэд шүүх ч нөлөөлөх ёсгүйг харуулсан хэрэг юм. Тэр шоронд орсон ч улсынхаа ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй. Ямар ч сонгуульд саналаа өгөх эрхтэй. Энэхүү сонгох, сонгогдох эрхийг нь гагцхүү ард түмнийхээ мэдэлд л үлдээдэг нь нөгөө төгс ардчилал гэдэг нь бололтой. Хүн амины хэрэгтэн ч нэр дэвшиж болно. Гол нь тэр хүнийг сонгох уу, эс сонгох уу гэдгийг ард түмэн нь шийднэ гэсэн үг юм уу даа. Манайд бол хэнийг нэр дэвшүүлэх вэ, хэнд нь санал өгүүлэх вэ гэдгийг ард түмэн бид шийдэж чадаж байгаа бил үү гээд бодоод үзээрэй. Хүн алсан гэмт хэрэгтэнг битгий нэр дэвшүүл гэж тэмцэх, дуугарах, ийм үзэл бодолтой нэг ч иргэнийг АНУ-аас хайгаад ч олохгүй байх.

Гэтэл манайд энэ бүх зүйл яг эсрэгээрээ байна. Аль болох нэр дэвшихийг нь хориглосон, сонгогдох эрхийг нь хязгаарласан, хааж боосон заалтууд өнөөгийн Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд их байгааг олон улсын хуульчид байнга сануулан хэлдэг. АНУ-ын Конгрессын сонгуулиар нийт нэр дэвшигчдийн 90 орчим хувь нь сонгогдох эрхийнхээ хүрээнд сонгуульд оролцдог. Харин үлдсэн 10 хувь нь өөрийнхөө хүсэлтээр нэр дэвшилтээсээ татгалздаг байна. Нэг ч нэр дэвшигчийг ямар нэгэн шалтгаанаар сонгуульд оролцуулаагүй тохиолдол гараагүй аж. Гэтэл манай СЕХ саяхан нам, эвсэл, бие даагчдын материалыг хүлээн авлаа. Нийт 1000 гаруй нэр дэвшигч энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр материалаа хүргүүлсэн байна. Үүнээс СЕХ нэр дэвшигч бүрийн материалыг хянаж үзээд хуулийн шаардлага хангаагүй 160 орчмыг нь буцаажээ. Өөрөөр хэлбэл, 160 хүний Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг нь олгоогүй гэсэн үг. СЕХ Үндсэн хуулиас давсан эрх мэдэлтэй байгууллага уу. Тийм эрх мэдэл тэр байгууллагад байхгүй.

Ямар хуулийн шаардлага хангаагүйгээс болоод эдгээр хүмүүсийн нэр дэвших эрхийг хаасан шалтгааныг харвал үнэхээр инээдтэй. Хамгийн түгээмэл шалтгаан нь зээлтэй, өртэй байсан гэдэг асуудлаас болоод нэр дэвших эрхийг нь олгоогүй байна. Ардчиллаар бид эрх чөлөөтэй зах зээлийн нийгмийг бүрдүүлсэн гэдэг. Тэгвэл тэрхүү зах зээлийн нийгэмд хүн амьдралаа дээшлүүлэх, хөдөлмөрлөх, хийж бүтээхийн тулд мэдээж хөрөнгө оруулалтаа босгож таарна. Ингэхдээ зээл авах нь тодорхой. Гэтэл манай улсад зээл авч эдийн засгийн харилцаанд орсон иргэнээ гэмт хэрэгтэн мэт үзээд сонгогдох эрхийг нь хязгаарлачихаж байгаа нь инээдтэй. Энэ бол нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж болох хуулийн нэг л заалт.

Иймэрхүү маягаар иргэнийхээ сонгогдох эрхийг хааж боосон 10 гаруй хуулийн заалт байна. Үүнээс шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод хариуцлагаа үүрээд гараад ирсэн хүн нэр дэвшинэ гэж бүр саналтгүй. Гэтэл АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампыг дөрвөн ч эрүүгийн хэрэгт нэр холбон шүүж байгаа. Хоёр ч хэрэгт нь шүүхээс ял оноочихсон. Гэхдээ л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй. Гэтэл манай экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ном оруулж ирсэн хэргээс болоод ял авч, шоронд суугаад гарсан. Гэтэл тэрээр 2016 оны сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж байсан удаатай. Улмаар 2020 оны сонгуульд ч нэр дэвшээд бүртгэж аваагүй. Манайд хуулийн хязгаарлалтаас гадна улс төрийн хязгаарлалт гэдэг зүйлээс болж тухайн нэр дэвшигчийг бүртгэхгүй байх тохиолдол ч гардаг. Үүний тод жишээ бол энэ сонгуульд “Үндэсний эвсэл” гэдгийг тэргүүлэн оролцох байсан Н.Номтойбаярыг шоронд орж байсан гэдэг шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэж аваагүй. Энэ мэт олон хүнийг хуулийн шаардлага хангаагүй хэмээн буцаасан байна. Хүний амьдрал баян. Өндөг шиг өөгүй хүн гэж орчлонд үгүй. Монголд сонгогдох эрхийг нь хязгаарласан энэ олон хуулийн заалтуудыг урдаа бариад тухайн нэр дэвшигчийг ухаж, шалгаад л байвал хуулийн шаардлагад нь тэнцэх нэр дэвшигч цөөхөн л болов уу. Хууль нь байхад хэнийг ч хамаатуулан шийтгэж болдгийг бид социализмын туршлагаасаа бэлээхэн мэднэ.

Хүн алдаж болно. Алдаагаа ухамсарлаад хариуцлага үүрсэн бол буцаад нийгмийнхээ харилцаанд орох эрх ардчилсан оронд бий. Гэтэл манайд ял авч, шоронд суусан иргэнээ хүн гэж үздэггүй хандлага ч байдаг. Бүр зарим хуулийн агуулга, заалтуудад ч иргэнээ ялгаварласан өнгө аяс ил цагаан уншигддаг. Тиймээс бид цаашид хүний үндсэн эрх, эрх чөлөөнөөс давсан аливаа хуулийг гаргахгүй байх. Хүний эрхийн зөрчилтэй эрх зүйн баримт бичгүүдээ засах цаг болсон байна.

Ардчилал гэдэг бол сонгох, сонгогдох эрх. Хэрэв сонгох, сонгогдох эрхээ иргэд нь эдэлж чадахгүй бол тухайн улс дарангуйллын тогтолцоо руу орсон жишээ олон. Тиймээс л ардчиллын амин сүнс болсон сонгогдох, сонгох эрхийг юугаар ч хориглож, хязгаарлаж болдоггүйг Америк тодорхой харуулсаар байна. Манайх ардчилсан орон юм бол үүнээс үлгэр жишээ авч хуулиудаа өөрчлөх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Ц.Сандаг-Очир: Газар нутгийнхаа 4.5 хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна DNN.mn

УИХ-аас “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулж, нээлттэй сонсголыг хоёр өдрийн турш хийсэн юм. Тэгвэл тус Түр хороо сонсголын үр дүн, тайлангийн хурал хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.


-Ашигт малтмалын лицензтэй холбоотой сонсголоор яг ямар асуудлуудыг авч хэлэлцсэн бэ?

-УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд энэ асуудал орсон. Үүний дагуу ямар ч гэсэн сонсгол хийлээ. Ер нь уг асуудал өөрөө их том. Энэ сонсголд нийтдээ 10 гаруй шинжээч ажилласан. Түр хорооны гол зорилго бол 1990-ээд оноос хойш манай улсад ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд хэрхэн яаж олгогдож ирсэн юм. Хууль эрх зүйн хүрээнд ямар өөрчлөлтүүд оров. Өнөөдөр хуулийн хэрэгжилт ямар байгаа талаарх мэдээллийг үнэн бодитоор иргэд, олон нийтэд өгөх байсан. Энэ зорилгодоо ч хүрсэн. Түүнээс биш сонсголоор улс төр хийгээд, хэн нэгнийг буруутгаж, шүүгээд байгаа асуудал огт биш.

Анх удаа уул уурхайн салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой сонсголыг хийсэн нь л хамгийн гол нь юм. Хаврын чуулганаар ч сая Үндэсний баялгийн тухай хууль батлагдсан. Үүнтэй холбоотойгоор манай улс ер нь хэдий хэр хэмжээний байгалийн баялагтай юм. Хэчнээн орд илэрсэн, тэдгээрийн хэдийг нь стратегийн ордод бүртгэж авсан юм. Цаашдаа яах юм, дээрээс нь үүнтэй холбоотойгоор байгаль орчин, нөхөн сэргээлт, бичил уурхайн асуудлуудыг Түр хороо маш богино хугацаанд бэлтгэж, хоёр өдрийн турш сонсгол хийж, иргэдийг мэдээллээр хангалаа. Алдаа мадаг, дутуу хийсэн зүйл байгаа л байх.

-Манай улс ер нь хэдий хэр хэмжээний газрыг тусгай зөвшөөрөлд олгосон юм бэ?

-Одоогийн байдлаар нийт газар нутгийнхаа 4.5 хувийг ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр 14800 тусгай зөвшөөрөлд өгчихсөн байна. Үүний 12000 нь хайгуулын, үлдсэн нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаа юм. Харин дээр хэлсэн 4.5 хувийн 0.29 хувийг нь идэвхтэй ашиглаж байна гэсэн мэдээлэл нотлох баримтын хүрээнд ил болсон. Мөн эдгээр лицензээс хэн гэж хүн, ямар компани хэдийг нь эзэмшиж байна гэдгийг ч сонсголоор ярьсан. Гадаадын 100 хувийн эзэмшилтэй 4-5 компани лиценз эзэмшиж байна. Үүнээс гадна лицензийн шилжилт хөдөлгөөн буюу эрх шилжүүлэх асуудлыг ч ярьсан. Шулуухан хэлэхэд, энэ чинь нөгөө иргэдийн хардаад байдаг лицензийн наймаа шүү дээ. Тийм болохоор энэ талын мэдээллийг ч ил болгосон. Тэгэхээр ард иргэд энэ сонсголоор зохих ёсны мэдээллүүдийг авсан гэж ойлгож байгаа.

-Илт хууль зөрчөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан тохиолдлууд ер нь байна уу?

-Монгол Улс хамгийн анх 1994 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталсан байна. Тухайн үедээ хуулиараа өргөдөл бичээд л тусгай зөвшөөрлийг авдаг байсан. Хэн түрүүлж хүсэлт, өргөдөл гаргасанд нь л өгчихдөг байсан гэсэн үг. Одоо байгаа тусгай зөвшөөрлүүдийн ихэнх нь энэ үед олгогдсон байна. Дараа нь 2007 оноос сонгон шалгаруулалтаар, 2017 оноос цахимаар лицензийг олгож иржээ. Сонгон шалгаруулалт дээр асуудал байна. Тухайн үеийн салбарын сайдын тушаалаар гурван комисс байгуулагдаад сонгон шалгаруулалтыг хийдэг байж. Харин энэ удаад сонгон шалгаруулах комисст хэн, хэн орж байсан. Тэдгээрийн хамаарлыг тогтоож амжаагүй. Тиймээс цаашдаа үүнийг гүйцээж хийх ёстой. Ер нь өнөөдрийг хүртэл хугацаанд ашигт малтмалын тухай хуульд бараг 400 гаруй нэмэлт, өөрчлөлт орсныг шинжээчид тогтоосон. Мөн Монгол Улсын нэлээд олон хуулийг зөрчиж байгааг Түр хороо гаргаж ирсэн.

-Тухайлбал?

-Газрын тухай хууль зөрчиж байна. Иргэн өмчлөлийн газар дээр давхцуулаад тусгай зөвшөөрөл олгосон, хайх, ашиглах зөвшөөрөл олгосон газарт нь иргэнд 0.07 га газрыг нь олгосон зэрэг зөрчлүүд их байна. Энэ бол төрийн байгууллагуудын хооронд уялдаа байхгүй, нэгдсэн мэдээллийн сангүйгээс үүдэлтэй. Үүнээс болж иргэн, аж ахуйн нэгжид үүссэн эдийн засаг, цаг хугацааны үр дагаврыг хэн хариуцах юм. Дээрээс нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж зөвшөөрөл олгосон явдлууд ч байна. Мөн Усны тухай хууль зөрчигдөж байгаатай холбоотойгоор Усны газрын даргыг гэрчээр дуудсан. Тэр хүний хэлж буйгаар өнгөрсөн хугацаанд уул уурхайгаас болж 700 гаруй гол горхи, булаг шанд ширгэсэн гэсэн мэдээлэл өгсөн. Хуулиа дагаж мөрдөхгүй энэ чигээрээ явбал цаашдаа бид чинь гадаргын болон уух усгүй болох аюул бодитоор байна. Соёлын өвийн тухай хууль ч ноцтойгоор зөрчигдөж байна. Юнеско, Дэлхийн өвд бүртгэгдчихсэн үнэт ховор, түүхэн дурсгалт газар дээр зөвшөөрөл олгочихдог. Энэ бол дээр хэлсэн төрийн байгууллагууд уялдаа холбоогүй байгаагийн л илрэл. Түүнээс биш түүнийг устгая гэж хэн ч боддоггүй байлгүй дээ. Нөгөө талаар орон нутгийн иргэд, малчид нь зөвшөөрөхгүй гээд байхад түүнийг үл тоож, аймгийн Засаг даргынх нь саналыг авсан гэдэг нэрийн дор Ашигт малтмалын тухай хуулиа зөрчөөд тусгай зөвшөөрөл олгосон явдал ч ил болсон. Үүнээс болоод орон нутгийн иргэд, компаниудын хооронд үл ойлголцол үүсч, биенээ зодох, буу шийдэмдээ тулах явдлууд гарч байна. Ингээд эцэс төгсгөлгүй шүүхийн маргаан үүсдэг. Шүүх нь хуулийн дагуу эсэхийг нь судлаад нэг талд нь шийдвэр гаргадаг. Улмаар авлигад идэгдсэн, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд иргэдийн төр, шүүхэд итгэх итгэл буурч байна. Тиймээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо маш их тооцоо, судалгаатай, орон нутгийн иргэдийн саналыг авч байж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хамгийн олон ажлын байр бий болгож, улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбарын нэр хүнд давхар унаад байна. Дээрээс нь энэ салбарынхан маань бүхнийг хуулийн дагуу хий. Улсад төлөх ёстой татвараа элдэв асуудалгүй төл. Хариуцлагатай уул уурхайгаа хөгжүүл, нөхөн сэргээлтээ сайн хий.

-Татварын асуудал хэр байдаг юм бэ?

-Х тайлан гаргадаг, тайлангаа гаргадаг компаниуд байна. Тэгсэн хэрнээ гаалийн мэдүүлгээр тухайн компани экспорт хийсэн байдаг. Үүнийг юу гэж ойлгох юм бэ. Мөн бичил уурхайг эвдрээд хаягдсан газарт хийх ёстой. Гэтэл зүгээр газрыг зориуд эвдлээд холбогдох газрын дүгнэлт гаргуулаад бичил уурхай эрхэлсэн жишээнүүд ч байна. Энэ мэтчилэн хуулийн цоорхойнууд байгааг сонсголоор нээлттэй болголоо.

-Энэ удаагийн сонсголыг улс төрийн байдлаар ашиглалаа гэсэн яриа гарч байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Сонсголыг үзсэн иргэд, нэр дурдагдсан компаниудын хүмүүс юу гэж үзэж байгааг мэдэхгүй. Бид бол нотлох баримтын хүрээнд бодит мэдээллийг л тавьсан. Тухайлбал, МАК компани нийтдээ 40 орчим тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэдгийг Б.Нямбаатар гуай өөрөө хүлээн зөвшөөрсөн. Нотлох баримтаар ч тэгж гарсан. Харин хэвлэл мэдээллээр гэр бүлийн гишүүн бүр нь тусдаа 40 зөвшөөрөл эзэмшдэг юм шиг зөрүүтэй мэдээлэл явсан гэдгийг би сонсголын хоёр дахь өдөр хэлсэн. Тэгэхээр сонсголоор ил болсон нотлох баримтыг цахим ертөнц, хэвлэл мэдээллээр мушгин гуйвуулсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс биш Түр хорооноос хамгийн их лиценз эзэмшиж байгаа, шилжилт хөдөлгөөн хамгийн их хийсэн эхний 10 аж ахуйн нэгж, иргэний нэрийг л жишээ болгож олон нийтэд ил болгосон. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь үнэн. Түүнийг нь олон нийтэд ил болгосон нь улстөржсөн асуудал гэж би харахгүй байгаа. Ер нь олон тусгай зөвшөөрөл эзэмшлээ гээд түүнийг буруутгаж байгаа юм биш. Мэдээж уул уурхайн салбарт болж бүтэж байгаа, хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж байгаа зөндөө компани бий. Улсдаа хэдэн тэрбум, их наядаар нь татвар төлж, олон мянган ажлын байр бий болгож, нийгмийн сайн сайхны төлөө бүтээн байгуулалт хийсэн нь олон байгаа. Харин энэ удаагийн сонсголоор нийтийн эрх ашгийг хөндсөн, болохгүй байгаа, хуулийн ямар алдаа дутагдал байна гэдгийг л ярьсан.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Цагаан хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 5, Буд гариг. Билгийн тооллын 29, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 04:55 цагт мандаж 20:47. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Цуст дарангуйлагч Лука хүүхдийн баяр тэмдэглэхээр гэрт маань орж ирлээ” нийтлэл хэвлэгдлээ

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Цуст дарангуйлагч Лука хүүхдийн баяр тэмдэглэхээр гэрт маань орж ирлээ” нийтлэл хэвлэгдлээ