Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмын бэлтгэл ажил өрнөж буй “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн нэг өдөр DNN.mn

Монгол түмний үндэсний томоохон баярын нэг болох Улсын их баяр наадам тун удахгүй болох гэж байна. Наадмын нээлтийн үйл ажиллагааг уламжлал болгон “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хийдэг билээ. Наадам болох гэж байгаатай холбогдуулан цэнгэлдэх хүрээлэнд хийгдэж буй засвар, шинэчлэлтийн ажлыг сурвалжиллаа.

Засвар, шинэчлэлтийн ажил 55 хувьтай явагдаж байгаа аж. Тус хүрээлэнд жилдээ нийт 12-15 томоохон тоглолт хийгддэг гэнэ. Биднийг очих үед наадмын нээлтийн үеэр бүжиглэх бүжгийн клуб бэлтгэл сургуулилтаа хийж байв. Мөн барилга, засварын ажлууд ч ид хийгдэж энд ч тоосго өрөөд явж байхад тэнд ч хэсэг хүмүүс бүжиглээд л түм түжигнэж бум бужигнана. Түүнчлэн элс, тоосго, палк, шинэ хиймэл зүлэг гэх мэт засварын ажлууд хийгдэж байна. Эдгээр зүйлсийн дунд хамгийн баярлууштай нь саравч барих материалууд байв. Учир өмнө нь саравчгүй байсан хоёр хэсэгт ч гүйцээж саравч барих нь. Тиймээс энэ жил наранд шарагдах аюулаас айлтгүй бололтой. Мөн жил бүр яригддаг байсан асуудал бол ариун цэврийн өрөө. Харин энэ жилээс бидний санааг ариун цэврийн өрөөний асуудал чилээхгүй болжээ. Учир нь нийт есөн ширхэг ариун цэврийн өрөө нэмэлтээр хийгджээ. Наадам болон түүнээс цааш болох бүх арга хэмжээ, тоглолтууд дээр ариун цэврийн өрөө хүрэлцэхгүй гэх асуудал гарахгүй аж.

Зургаан том, гурван жижиг ариун цэврийн өрөө шинээр ашиглалтад орох учир хүртээмжийн хувьд хангалттай болох аж. Мөн сүүлийн 20, 30 жил солигдоогүй орох, гарах бүх хаалгыг шинэчилсэн байна. Нийт 18 хаалга тус бүр дээр хоёр ширхэг камер тавигдах аж. Камер нь хүний царай таньдаг, толгой тоолдог болохоор аюулгүй байдал, хэв журмыг сахиулах талаасаа чухал дэвшил болжээ. Автомашины хөдөлгөөнийг зохицуулах, зогсоолын асуудлыг цэгцлэх үүднээс автомат хаалтыг бүх орц гарц дээр байршуулж байна. 200 ширхэг автомашины зогсоолыг шинээр төлөвлөж өгсөн. Мөн Төв цэнгэлдэхийн чанх урд 3х3 сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, теннисний талбай зэргийг шинээр төлөвлөсөн, тус ажлууд удахгүй хийгдэх юм байна.

Ж.Энхжаргалан: “Popu­lous” фирмийн дүгнэлтээр цэнгэлдэхийг нурааж 30 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх дахин барих боломжтой


“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай ярилцлаа.

-Суудлын тоо нэмэгдсэн үү?

-Суудлын тоо нэмэгдээгүй. Харин суудлын тоог цөөлөх асуудал яригдаж байсан. Гэхдээ жуулчдын захиалгыг өмнөх жилийн тоогоор авч, мөн тасалбарын эрэлт их байгаа болохоор суудлын тоог цөөрүүлээгүй. Харин эгнээ бүрийн голоор явган хүний зөрөх шатны зам нэмж өгсөн. Тиймээс үзэгчид чөлөөтэй гарч орох боломжтой боллоо. Үүний үр дүнд 1000 орчим суудлыг хассан ч шинээр хийгдэж байгаа саравчны урдуур болон хойгуур төлөвлөж хийж байна. Тэгэхээр 12 мянган суудлын тоо хөдлөөгүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал хийгдэж байгаа.

-Гадна талд ямар тохижилтын ажил хийгдэв?

-Гадна талын засварын хувьд чөлөөлж болох ихэнх талбайгаа чөлөөлж цэлийлгэж байна. Аль болох ногоон байгууламжийн эзлэх талбайг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Ил харагдаж буй бүх цахилгааны утсыг зориулалтын утас тусгаарлагчид хийж газар доогуур дамжуулан далдлах ажил хийгдэж байна. Төв цэнгэлдэх тойроод ус зайлуулах 1200 метр шугамын ажил хийгдсэн. Өмнө нь ус ихтэй бороо орвол бараг нуур болчихдог байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн ус ихтэй борооноор шинэ хийсэн ус зайлуулах шугам маш сайн ажиллагаатай нь батлагдлаа. 70 хувийн ачаалалтай ажилласан. 15 ширхэг орчны гэрэлтүүлэг хийгдсэн. Төв цэнгэлдэх шөнөдөө их харанхуй байдаг бол удахгүй гэрэлтүүлэг сайтай болно.

-Цэнгэлдэхийн доторх талбайн засварын ажил хийгдэх үү?

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үндсэн зүлэг тэр чигтээ шинээр тавигдана. Өмнө нь хөлбөмбөгийн цагаан зураастай зүлэг байсан бол одоо ямар ч цагаан зураасгүй олон улсын стандартыг хангасан шинэ хиймэл зүлэг тавигдаж байна. Мөн томоохон өөрчлөлтүүдийн нэг нь олон улсын стандартыг хангасан шинэ гүйлтийн зам хийгдэнэ.

-Гар дээрх замбараагүй, хяналтгүй худалдааг зогсоох уу?

-Энэ долоо хоногт хэвлэлийн хурал болно. Тэр хурлаар хаана хэдэн хоолны асар байх, ямар сайтаас тасалбар авах гэх мэт бүх төлөвлөлт зарлагдана. Иргэдээс ирж буй санал хүсэлт нь Төв цэнгэлдэх дээрх нээлтийг битгий зах болгооч ээ, ариун цэврийн өрөөний асуудлыг шийдээч ээ гэж буй юм. Энэ жил жижиглэн гар дээрх худалдааг оруулахгүй байх зохицуулалтыг төлөвлөж байна. Бүх зүйлс эмх цэгцтэй, хаана юу байгаа нь тодорхой, хөтөлбөр нь тодорхой, хаанаас ямар үйлчилгээ авч болох нь ойлгомжтой байх тал дээр анхаарч ажиллана. Зохион байгуулалтын хувьд маш өндөр хүлээлт иргэдэд үүссэн гэж ажиглагдаж байна.

-Саяхан лондонгоос архитекторын фирм ирж Төв цэнгэлдэх хүрээлэн дээр ажилласан байсан?

-Төв цэнгэлдэх хүрээлэнг нурааж, 30 мянган хүний суудалтай, автоматаар дээвэр нь нээгдэж хаагддаг дөрвөн улирлын шинэ хүрээлэнгийн төслийн судалгааны ажил явагдаж байна. Англи улсын дэлхийн номер нэг “Populous” гэдэг Цэнгэлдэхийн зураг төсөл хийдэг фирм ирж ажилласан байгаа. Тус фирмийн захирал нь багтайгаа хамт ирж гурав хоног газар дээр нь нөхцөл байдалтай танилцсан. Төв цэнгэлдэх хүрээлэн одоо байгаа байршил дээрээ Дэлхийн бүх томоохон Цэнгэлдэхүүдийн жишигтэй адил хотын төв бүсэд байрлаж үлдэх нь давуу талтай. Учир нь байршлын хувьд энэ нь хамгийн зөв шийдэл юм. Тус фирмийн дүгнэлтээр газар зүйн байршил болон нөхцөл байдлаас харахад яг тус газар дээрээ 30 мянган хүний Цэнгэлдэх бүрэн баригдах боломжтой. Намар зураг төслийг гүйцэтгэх компанийн тендер зарлагдана. Тухайн тендерээр шалгарсан компанийн зураг төсөл бэлэн болмогц гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдана. Бүтээн байгуулалтын хугацаа 3-4 жилийн дотор баригдах боломжтой. “Populous” фирмийн дүгнэлтээр Цэнгэлдэх хүрээлэнг нурааж 30 мянган хүний багтаамжтай Цэнгэлдэх дахин барих боломжтой.

-Наадмын нээлтийн тасалбараа хаанаас авах вэ?

-Хоолны асар, хуушуурны асар, эмнэлгийн тусламж авах асар, жижиг дунд үйлдвэрлэлийн асар зэргийг маш сайн төлөвлөж өгнө. Тиймээс газрын зураг хэлбэрээр хийгдчихсэн байгаа энэхүү төлөвлөлт удахгүй хэвлэлийн бага хурлаар албан ёсоор нээлттэй мэдээлэгдэнэ. Тус хурлаар асар түрээслэх хүсэлтэй хүмүүс хэзээ, ямар сайтад хүсэлтээ ирүүлэх нь тодорхой болно. Хуушуур зарах хүсэлтэй иргэд цахимаар хүсэлтээ ирүүлнэ. Наадмын тасалбар мөн хэзээ, ямар сайтаар, ямар үнийн шатлалтай гарах нь хэвлэлийн хурлаар мөн зарлагдах болно.

-Хотын удирдлага солигдчихвол шинэ Цэнгэлдэх барихаар яригдаж буй нь мартагдах уу?

-Төв цэнгэлдэх хүрээлэн бол улстөржих сэдэв биш. Иргэд үргэлж Цэнгэлдэхийг гадна талаас нь харж байгаа. Гэхдээ бид энд ажилладгийн хувьд барилгын дотоод нөхцөл байдал, насжилт ямар байгааг үргэлж харж байгаа хүмүүс юм.

“Populous” фирмийн дүгнэлтээр энэхүү объектыг буулгах цаг нь болсон, дахин хөрөнгө оруулалт хийх нь элс рүү ус асгаж байгаатай адил үр дүнгүй байх болно гэсэн. Дотоодын мэргэжлийн байгууллагууд ч даацын баганууд нь цууралт өгчихсөн, шат нь стандарт бус, бүх шатны хонгил нь стандарт бус байгааг хэлдэг. 1958 оны барилга шүү дээ. Мөн сүүлийн 30 жилийн хугацаанд 38 га байсан Цэнгэлдэхийн талбайг цөлмөсөөр байгаад 12,6 болтол нь агшаачихсан. Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод маш олон барилга баригдсан. Хатуу үгээр хэлэхэд, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилга маань гурван сая хүний хэрэгцээ шаардлагад нийцэхгүй. Бүхэл бүтэн нэг улс, нийслэл хот нь орчин үеийн стандартад нийцсэн Цэнгэлдэх хүрээлэнтэй байх ёстой.

Ямар ч удирдлага байсан шинэ Цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалт хийгдэх ёстой. Стандарт гэдэг бол аюулгүй байдал шүү дээ. Тиймээс гэнэтийн террорист халдлага, байгалийн гамшиг, гал усны аюул гарсан тохиолдолд бүх хүнийг аюулгүй гаргах боломжтой, тэдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Үүнийг битгий улстөржүүлээсэй, шинэ Цэнгэлдэх хүрээлэнтэй болох төсөл урагштай байна гэж итгэж байна.

Н.Нарванчин

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж буй 51 байршил DNN.mn

Энэ долоо хоногт нийслэлийн есөн дүүргийн 51 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгааг УБЗАА-наас мэдээллээ. Өргөтгөсөн худалдаа 10:30-17:00 цагийн хооронд гарна.

Өргөтгөсөн худалдаагаар хонь, ямааны махыг гулуузаар нь зарах бөгөөд хонины мах килограмм нь 8,900 төгрөг, ямааны мах килограмм нь 6,700 төгрөг.

Нөөцийн махыг гуравдугаар дугаар сарын 11-ний өдрөөс нийслэлийн есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр зарж эхэлсэн бол нэмэлтээр долоо хоног бүр өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа билээ.

Нийслэлчүүдийн хэрэглээнд зориулж энэ онд 6,337.5 тонн мах нөөцөлжээ.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 27-30-ныг хүртэл согтууруулах ундаа худалдахыг зогсооно DNN.mn

УИХ-ын сонгуулийн санал хураалт баасан гаригт эхлэхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 27-30-ныг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох тухай хотын даргын захирамж гарчээ.

Түүнчлэн санал өгөх өдөр соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийн амрах өдрийг зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт шилжүүлэхээр болсон байна.

Захирамжийн биелэлтэд цагдаагийн байгууллага, дүүргийн Засаг дарга нар хяналт тавина.

Зургаадугаар сарын 28-н бүх нийтийн амралтын өдөр байж, иргэд сонгуульд саналаа өгөх хуультай байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Залуусыг сонгуульд идэвхтэй оролцуулах хөдөлгөөн өрнүүлье DNN.mn

Дөрөвхөн хоногийн дараа сонгууль болох гэж байна. Сонгуулийн сурталчилгаа ердөө хоёрхон өдрийн дараа хаагдах гэж байна. Яг ийм торгон цаг мөчид хүн бүхэн дор бүрнээ сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай оролцохыг бодох хэрэгтэй байна. Нэг хүний сонголт, үндсэндээ иргэн таны сонголт улс орны цаашдын хувь заяанд маш чухал нөлөөтэй болохыг сайтар ойлгох нь зүйтэй. “Миний өгсөн санал миний амьдралд нөлөөлнө, улс орны ирээдүйг тодорхойлно” гэсэн чин хүсэл эрмэлзэлтэйгээр саналаа өгөх хэрэгтэй.

Түүнээс миний саналаар дутав гэж бодох, санал өгөхөөс төвөгшөөх, найз нөхөд гэр бүлээрээ саналаа өгөлгүйгээр хөдөө гадаа амралт зугаалганд явах, сонгууль өгөөд үр дүн нь хэзээ гарч байсан юм бэ, юм өөрчлөгддөггүй шүү дээ гэж итгэх нь буруу. Энэ нийгэм болохгүй байна, бидний амьдралд өөрчлөлт гарахгүй байна, үнийн өсөлтөд сөхөрч байна, цаашлаад утаа, замын түгжрэл энэ бүхнээ бодохоор Монголд амьдрах хэцүү байна гэж бодож байгаа бол та саналаа л өгөх хэрэгтэй. Сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.

2008 онд Энэтхэгийн Ражастан мужийн сонгуульд нэр дэвшиж байсан Кэйлан Синг Чоухан хэрвээ ялалт байгуулсан бол намаасаа Ерөнхий сайдад нэр дэвших байсан. Шилдэг улстөрчдийн нэг тэрээр уг сонгуульд өрсөлдөгчдөө ердөө ганцхан саналын зөрүүгээр ялагдсан байдаг. Гэвч түүний эхнэр болоод жолооч нь саналаа өгөөгүй нь батлагдсан. Тэр хоёр хүн саналаа өгсөн бол тэрээр Ерөнхий сайд болох байсан. Уг жишээ ганцхан санал ямар үнэ цэнэтэй болохыг дэлхий нийтэд гэрчилсэн түүхтэй.

Манай нийт сонгогчдын 50 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна. Энэ тухай хамгийн сүүлийн судалгааг авч үзвэл, энэ оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсын хүн ам 3.5 сая орчим байна. Үүний 70 орчим хувь буюу 2 сая 440 мянган хүн сонгуульд саналаа өгнө. Эдгээр сонгогчдын 50 хувь нь 18-39 насны залуучууд, 50 хувь 40-өөс дээш насны сонгогчид байна. 40-60 насны хүмүүсийн 75 хувь нь сонгуульд оролцдог бол 60-аас дээш насны 95 хувь нь сонгуульд оролцож саналаа өгдөг гэсэн тооцоо бий.

18-39 насны залуучуудын оролцоо өмнөх сонгуулиудаас харахад тааруу байсан. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуульд 18-35 насны залуучуудын 60 хувь нь сонгуульд оролцоогүй, саналаа өгөөгүй гэсэн тоог Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 18-39 насны залуусын 50 хувь нь сонгуульд оролцоогүй гэсэн судалгаа гарсан. Эдгээр залуус 40-өөс дээш насны бүлгийнхэнтэй адилхан сонгуульдаа оролцвол тодорхой хэмжээний өөрчлөлт гарна гэдгийг судлаачид хэлж байгаа юм. “Сонгогчдын боловсрол төв”-өөс залуучуудын сонгуулийн оролцоог насны бүлгээр нарийвчлан гаргажээ.

Энэ талаар тус төвийн мэргэжилтэн Д.Элбэрэл “Санал өгч байгааг насны бүлгээр нь задлаад үзвэл 18-19 насныхан 56.5 хувь, 20-24 насныхны оролцоо дөнгөж 43.7 хувьтай байна. Энэ нь бидний хэлдгээр GenZ үеийнхэн юм. Анх удаа саналаа өгч байгаа залуучуудын оролцоо их байна. Залуучууд дундаа хамгийн их оролцоотой нь 35-39 насныхан. Тэд 68.4 хувьтай байна. Анх саналаа өгч байгаа залуус дөрвөн жилийн дараа дахин саналаа өгөх үед оролцоо нь буурч байна” гэдгийг хэлсэн. Залуусыг сонгуульд идэвхтэй оролцуулахыг нийт даяар уриалъя. Залуучууд сонгуульдаа идэвхитэй оролцож нийгмээ түүчээлж, улс орны ирээдүй, хөгжил дэвшлийн гол гогцоо бид бүхний гарт байна гэдгийг сайтар бодох цаг нь болжээ.

Тиймээс залуусыг сонгуульд идэвхтэй оролцуулах хөдөлгөөн өрнүүлье. Хуруун дээр бэх дусаадаг ч юм уу, ямар чиг байсан тухайн иргэнийг саналаа өгсөн гэдгийг нь баталгаажуулах тэмдэглэгээ байж таарна. Иймд сонгуульд оролцсон, саналаа өгсөн залууст хямдрал үзүүлдэг жишгийг улс даяараа бий болговол яасан юм бэ. Шөнийн баар цэнгээний газрууд залуучуудад 50 хувийн хямдралтай үйлчлэх, ресторан кофе шоп, хоолны газрууд мөн 50 хувийн хямдрал үзүүлж баймаар байна. Эдгээр ресторан, баар, хоолны газруудын нэг оройны зардлыг нийгмийн хариуцлагын хүрээнд үндэсний томоохон компаниуд даадаг эдийн засгийн ийм бодит жишиг тогтох хэрэгтэй.

Ингэж байж залуучууд нийтээр саналаа өгдөг, улс оронд сонгууль болж байна, монголчууд бид төр засгаа шинээр сонгож, төрөө төвхнүүлэх их үйлсийг хамтдаа бүтээж байна гэсэн хандлага хүн бүхэнд төрж, нийгэм баяр хөөртэй, гэрэл гэгээтэй болоод ирнэ.Түүнээс нам эвслээрээ талцаж, сонгуулийн штаб, санал авах байр бүхний гадаа хэрүүл маргаан гарч, зодоон цохион цаашлаад нэгнийхээ эрдэнэт аминд хүрдэг ийм тэнэг балмад, зэрлэг бүдүүлэг байдлаа одоо зогсоох цаг нь болсон.

Баар цэнгээний газар, хоолны үйлчилгээнээс гадна санал өгсөн залууст дэлгүүр хоршоо мөн л 50 хувийн хямдралтай үйлчилж, дээрээс нь үсчин гоо сайхан, машин угаалгын газрууд гээд бүхий л үйлчилгээний газрууд хямдрал үзүүлж залуусынхаа идэвх, урам зоригийг нь сэргээдэг болмоор байна. Салбар бүрийн манлайлал болсон залуус бусдыгаа уриалан саналаа өгч, аль нэгэн газраар хямдралтай үйлчлүүлж буйгаа олон нийтэд мэдээлэн, нийгэмд эерэг хандлага бий болгомоор байна. Нийгэмд хамгийн нэр хүндтэй, бусдыг дагуулах чадалтай тийм залуучуудыг “Сонгогчдын боловсрол төв” зэрэг энэ чигийн байгууллагууд олж саналыг нь өгүүлж хамгийн гол нь дэлгүүр хоршоо болон бусад газраар хямдралтай үйлчлүүлж байна гэдгийг сурталчлах хэрэгтэй.

Ойрын жишээ болгоход, Солонгосын залуучууд сонгуульд маш идэвхтэй оролцдог. Учир нь тэд ирээдүйнхээ сонголтыг хийж байна, өөрсдийнхөө амьдралыг шийдэж байна гэдэг утгаар хариуцлагатай оролцдог. Дээрээс нь эх оронч айхтар нөлөөлдөг болохыг олон улс судлаачид хэлдэг. Зөвхөн миний сонголтоор эх орны ирээдүй шийдэгдэнэ гэж тэд үздэг. Яг үүн шиг монголчууд бид шинэ залуу үедээ эх оронч сэтгэлгээг суулгаж өгөх хэрэгтэй байна. Монголын үндэсний томоохон компаниуд, аж ахуйн нэгжүүд сонгуульд хариуцлагатай хандах цаг нь болсон. Монгол Улсаа хөгжүүлье л гэж бодож байгаа бол бид төр засгаа өөрсдөө итгэл үнэмшилтэйгээр сонгох ёстой. Үндэсний компаниуд үүнд хөрөнгө мөнгө гаргаж, нийгмийн өмнө үүрэг хүлээх хэрэгтэй.

Залуусаа сонгуульд идэвхтэй оролцуулах ийм олон янзын аргыг сэдмээр байна. Аль нам эвсэл, хэн ялах нь хамаагүй. Хамгийн гол нь залуусын идэвх өндөр, тэд бүгд саналаа өгч эрх үүргээ эдлэх, ухамсарлах нь зүйн хэрэг. Ингэвэл дараа нь хэл ам гарахгүй. Сонгуулийн дараа ямар хэл ам гардаг вэ гэхээр залуучуудын идэвх маш сул байлаа. Санал өгсөн нийт сонгогчдын 60-70 хувь нь 45-аас дээш насныхан байлаа, тиймээс сонгуулийн дүнд тодорхой өөрчлөлт гарсангүй гэх харамсмаар ч юм шиг, халагламаар ч юм шиг, бүр зэвүү хүрмээр ч юм шиг яриа гардаг. Ийм яриа гарч, нийтээрээ халаглаж, шинээр сонгогдсон төр засаг руугаа нулимахгүйн тулд залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцогтун.

Д.Батболд

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 25. Ангараг гариг. Билгийн тооллын 19. Булаагч одтой одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 4:54 цагт мандаж, 20:55 жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Саналаа солонгоруулан өгч, эмэгтэйчүүдээ илүү дэмжье” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-06-25-ны мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Б.Бат-уул “Монгол дэлхийд тулгамдсан асуудлуудыг шийднэ” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

СОНГУУЛЬ-2024: Бодлогын мэтгэлцээнд Ардчилсан намын нэр дэвшигчид өнгөлж байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Саналаа солонгоруулан өгч, эмэгтэйчүүдээ илүү дэмжье” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Наадмын бэлтгэл ажил өрнөж
буй “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн нэг өдөр. Энэ тухай I болон VII нүүрээс уншаарай.

“Софт волейбол Монголд эрчимтэй хөгжиж байна” хэмээснийг IV нүүрээс уншаарай.

АРЫН НҮҮР: Буруу ишилсэн сүх шиг зөрүүд хүнтэй хэд хоног амьдарч чадах вэ


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы м гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гол, усны ослоос онцгойлон сэрэмжлүүлж байна DNN.mn

Голын усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна. Өнөөдөр 17:00 цагийн байдлаар НОБГ-т гол, усны ослын 5 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Тодруулбал 10:45 цагт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс урагш Туул голд хүн живсэн дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 49 настай эрэгтэй модны мөчрөөс зүүгдэж тогтсон байсныг, мөн дүүргийн 24-р хороо Туул голд хүн унасан дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 38 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын эрэг дээр зогсож байхад нь эрэг нурж бургаснаас зуурсан байдалтай байсныг алба хаагчид аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо тогтоол усанд 13 настай хүүхэд живчлээ гэсэн дуудлага 16.22 цагт, 16:25 цагт Баянзүрх дүүргийн 20-р хороонд голд хүн автомашинтайгаа живсэн дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүн яг одоо ажиллаж байна.

Гол, усны түвшин нэмэгдсэн үед усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл өндөр байгаа тул иргэд олон нийт, эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлэй иргэдийг хараа хяналттай байлгаж, гол усны ойролцоо зорчихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Шинэ зах зээл нээхээр 40 гаруй үндэсний үйлдвэрлэгч, ЖДҮ, баялаг бүтээгчдийн хамтаар Бүгд Найрамдах Узбекистан Улсад ирлээ DNN.mn

Шинэ зах зээл нээхээр 40 гаруй үндэсний үйлдвэрлэгч, ЖДҮ, баялаг бүтээгчдийн хамтаар Бүгд Найрамдах Узбекистан Улсад ирлээ

IMG_5446

 

Categories
мэдээ нийгэм

133 хүн, хуулийн этгээдэд 132.4 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ DNN.mn

Улсын хэмжээнд 3780 газрыг хамруулан хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд:

2225 хүнсний худалдаа, 457 хүнсний үйлдвэр, 1098 хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг хамрууллаа.

Хяналт шалгалтын явцад 7754 зөрчил илрүүлснээс 5074 зөрчлийг арилгуулж, илэрсэн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу 133 хүн, хуулийн этгээдэд 132.4 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан. Илэрсэн зөрчилд 584 заалт бүхий 137 албан шаардлага, 2124 заалт бүхий 221 зөвлөмж, 46 заалт бүхий 31 албан даалгавар хүргүүлэв. Мөн хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаанд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж, 308 газарт худалдаалагдаж байсан 2278 нэр төрлийн 21962 ширхэг, 54 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг Устгалын комисст шилжүүлж, устгуулах ажлыг зохион байгуулав.