Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Даваа-Очир: Сонгогч иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд “И-Монголиа” дахь мэдээллээрээ саналаа өгөх боломжтой DNN.mn

Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очиртой ярилцлаа


-Энэ удаагийн сонгуулийн санал авах өдөр болоход ганцхан хоног үлдлээ. Бэлтгэл ажлууд бүрэн хангагдсан уу?

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хуваарийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт хэвийн үргэлжилж байна. Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хороонд нийтдээ 23 мянга гаруй төрийн албан хаагч иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахаар ажиллаж байна.

Сонгууль зохион байгуулах бүх үйл ажиллагаа олон нийтэд болон хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй байгаа. Та бүхэн анзаарсан байх, сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгсэл буюу санал тоолох төхөөрөмжийг саналын хуудастай нь улс төрийн нам, төрийн бус байгууллагын ажиглагчдад шалгуулж, туршуулаад хэсгийн хороодод хүргүүлсэн. Ажиглагчдын зарим нь саналын хуудсыг халуун индүүгээр индүүдэж, хэдэн янзаар санал тоолох төхөөрөмжид уншуулаад ямар нэгэн асуудалгүй юм байна гэсэн. Хэсгийн хороодод хүргүүлсний дараа буюу өнгөрсөн мягмар гаригт орон даяар нэгэн зэрэг туршсан. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хорооны байранд шалгаж, туршаад, баталгаажуулж гэрчилгээжүүлээд явуулсан төхөөрөмж тэр янзаараа санал авах байранд очсон уу, хэвийн ажиллаж байна уу гэдгийг мөн л нам, эвслийн ажиглагч, олон нийтийн өмнө нээлттэй туршсан гэсэн үг. Энэ бүх үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагууд лайв хийж, мэдээ мэдээлэл бэлтгэж сурвалжилсан.

Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийг технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгосноор хэсгийн хороодод хүргүүлдэг. Энэ бүх ажиллагаа нам, эвсэл, хөндлөнгийн байгууллагуудын ажиглалт, хяналт дор болдог. Энэ жилийн тухайд нэмээд хэвлэл мэдээллээр нээлттэй олон нийтэд хүргэлээ. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2198 хэсгийн хороонд 2943 санал тоолох төхөөрөмж ашиглах бөгөөд саналын хуудсыг сонгогчдын тоонд үндэслэсэн нөөцтэйгөөр хэвлүүлснийг хэсгийн хороодод хүргүүлсэн.

-Тэгэхээр хар машинд ямар нэгэн асуудал байхгүй гэсэн үг үү?

-Өнгөрсөн 2012 оноос санал тоолох төхөөрөмж ашиглаж байгаа. Дээр ярьсан процесс, хяналт байсаар л ирсэн.

Санал тоолох төхөөрөмж, гар тооллогын дүн зөрж байсан удаагүй. Нам, эвслийн төлөөлөл төхөөрөмжийг шалгаж, ажиглаад өөрсдөө туршдаг. Тэгсэн атлаа нийтэд янз бүрээр ярьдаг учраас сэтгүүлчдийнхээ тусламжтайгаар нийтэд ил болгосон. Дээр нь энэ удаагийн сонгуулиар бүх хэсэгт, бүх саналын хуудсыг гараар тоолж, хяналтын тооллого хийнэ.

Саналын хуудсыг гараар тоолох үйл ажиллагаа ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчдын төлөөлөлд бүрэн нээлттэй.

Саналын хуудсыг гараар тоолох ажиллагааг санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоо, саналын хуудасны зарцуулалтын тооцоог ажиглагч, оролцогчдод мэдээлсний дараа нэн даруй эхлүүлж, завсаргүйгээр явуулна. Ингэхдээ саналын хайрцгаас саналын хуудсыг нэг, нэгээр гаргаж, саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг ажиглагчдад ил тод харуулж, нэр дэвшигч, нам эвсэл бүрийн авсан санал бүрийг уншиж танилцуулна.

-Энд тэнд саналын хуудас бөглүүлээд яваад байна гэсэн яриа гардаг. Тийм эрсдэл бий юү?

Ямар ч боломжгүй. Саналын хуудас усан хээтэй үнэт цаасан дээр нэгдсэн дугаарын мэдээлэл агуулсан ил, тусгай зориулалтын неон гэрлээр харагддаг далд нууцлалтай, аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай хэвлэгддэг бөгөөд олшруулах боломжгүйг ажиглагчид үзэж, шалгасан юм. Үнэт цаас хэвлэдэг тусгай зөвшөөрөлтэй компанид тагнуул, цагдаагийн 24 цагийн хяналт дор яг заасан тоогоор хэвлэдэг. Яг тоо ёсоороо хэсгийн хороодод хүргэгдээд, зарцуулалтын тооцоог ажиглагч, оролцогчдын хяналт дор тэмдэглэдэг. Санал тоолох төхөөрөмж дээр ярьсан нууцлал, кодтойгоос өөр хуудас уншихгүй.

-Нийт хэдэн нэр дэвшигч өрсөлдөж байгаа вэ?

Улсын хэмжээнд 2198 санал авах байранд 2.058.865 сонгогч саналаа өгнө. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч нийт 1341 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нэр дэвшигчдийн 969 нь тойрогт, 372 нь жагсаалтаар нэр дэвшсэн. Тойрогт нэр дэвшсэн 969 хүний 42 нь бие даан нэр дэвшигч байгаа.

Гадаад улсад суугаа монголчуудын саналыг авч дууссан. Хэдэн хувьтай оролцсон бэ. Дүнг нь хэзээ танилцуулах вэ?

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт саналаа өгсөн. Гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах ажлыг Төв комисс болон Дипломат төлөөлөгчдийн г азруудын дэргэдэх Салбар комисс зохион байгуулсан. Нийт 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13095 сонгогчийн 9760 буюу 74.53 хувь нь саналаа өгсөн байна. Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулиар гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авсан. Энэ удаагийн сонгуулиар санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо, ирцийг тэр үеийнхтэй харьцуулбал гурав дахин нэмэгдсэн. Бүртгэлийг цахимаар зохион байгуулсан, санал өгөх өдрийг дөрөв болгож нэмэгдүүлсэн нь сонгогчдын ирц, идэвхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Гадаадад байгаа иргэд саналаа өгсөн хуудсаа өөрсдөө битүүмжлээд лацтай хайрцагт хийдэг. Түүнийг дипломат шуудангаар авчирч төрийн хамгаалалтад байлгаж байгаад зургадугаар сарын 28-ны өдөр 22:00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооны байранд тоолно. Түүнээс өмнө санал хураалтын дүн гарах ямар ч боломжгүй.

-Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн бол санал өгч болох уу?

Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан санал авах байранд ажиллаж байгаа. Хурууны хээгээ уншуулаад саналаа өгөх боломжтой. Хурууны хээ нь уншигдахгүй тохиолдолд иргэний үнэмлэхээр нягталдаг гэсэн үг. Тэгэхээр сонгогч иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдол И-Монголиагаас мэдээллээ харуулчих ч боломжтой. Хамгийн гол анхаарах асуудал нь сонгогчид Улсын Бүртгэлийн ерөнхий газрын https://election.burtgel.gov.mn/ цахим хаягаар сонгогчдын нэрийн жагсаалтаа шалгаж санал өгөх байраа мэдэх ёстой. Энэ удаагийн сонгуулиар хэсгийн хороод 100 гаруйгаар нэмэгдсэн. Тэгэхээр өмнө өгдөг байсан байр өөрчлөгдсөн байх магадлалтай тул санал өгөх байраа урьдчилж мэдээд очихыг зөвлөмөөр байна. Хэрвээ санал өгөх өдөр андуураад өөр байранд очсон байсан ч бүртгэлийн ажилтнаас лавлаад сонгогч дын нэгдсэн сангаас шүүлгэж хаана очиж саналаа өгөхийг шүүлгээд мэдчих бүрэн боломжтой.

УИХ-ын ээлжит сонгуульд нийт хэчнээн ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид оролцох вэ?

Сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) гишүүн орнуудынхаа сонгуулийг иж бүрнээр ажиглаж дүгнэлт гаргадаг. Тус байгууллагаас 191 ажиглагч орон даяар ажиллаж байна. Үүнээс гадна Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ ирүүлсэн гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улс дахь гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын 68 ажиглагч Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах юм. Түүнчлэн Kyodo News, CCTV, Bloomberg TV, Thom son Reuters, Schweizer Radio und Fernsehen, The Sankei Shimbun, Asahi Shimbun, Xinhua News Agency зэрэг дэлхийн нэр хүндтэй 12 агентлагийн 27 сэтгүүлч сонгуулийн үйл явцыг дэлхий дахинд сурвалжилна.

Дотооддоо нам эвсэл, төрийн бус байгууллагын 30 мянга гаруй ажиглагч бүртгүүлэн ажиллаж байна.

Нэг намын нэр дэвшигчдийг л дугуйлж байж саналын хуудас хүчинтэй гэсэн ухуулга явж байна. Энэ тал дээр тодорхой тайлбар өгнө үү?

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгогчдод хоёр саналын хуудас очно. Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл саналын хуудас хүчингүй болно. Дутуу тэмдэглэсэн тохиолдолд сонгогч бүхээгтээ буцаж суугаад гүйцээж тэмдэглэх боломжтой. Илүү тоогоор тэмдэглэвэл хуудсаа хүчингүйд тооцуулж, дахин нэг саналын хуудас аваад тэмдэглэх боломжтой. Саналын хуудаст бичигдсэн нэр дэвшигчээс сонгогч мандатын тоогоор дэмжихийг хүссэн нэр дэвшигчийнхээ өмнөх зууван дугуйг дүүргэж тэмдэглэнэ. Заавал нэг нам, эвсэл байх албагүй. Таны хэлснээр нэг намын нэр дэвшигчийг дугуйлж байж хүчинтэй гэдэг огт худлаа, буруу мэдээлэл.

Саналын хуудасны нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч дэмжиж буй нэг нам эсвэл эвслийг сонгож тэмдэглэнэ. Нэгээс илүү нам, эвслийг сонгож тэмдэглэвэл саналын хуудас хүчингүй болно. Дээр хэлсэнчлэн сонгогч дахин нэг хуудас авах боломжтой.

Иргэд, сонгогчдод хандаж юу хэлэх вэ?

Үндсэн хуульд зааснаар төлөөлөгчөөрөө уламжилж төрийн эрх барих нь иргэний үндсэн эрх. Нөгөө талаар төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөгчөө сонгох нь улсынхаа өмнө хүлээсэн хариуцлага. Тиймээс эрхээ эдэлж, хариуцлагатай хандан Төрийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсье. Иргэд маань төрийнхөө өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэж хандана гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ спорт

“Евро 2024”-ийн хэсгийн шатны сүүлчийн тойргийн тоглолтууд үргэлжилсээр DNN.mn

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ид өрнөж байна. Үүний хажуугаар Копа Америка буюу Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, цэнхэр гариг хөлбөмбөгөөр амьсгалж байна.

Ийм үед “Евро 2024” тэмцээний эргэн тойронд өрнөж буй үйл явдлаас тоймлон хүргэж байна.


ФРАНЦ 1-1 ПОЛЬШ

Францын шигшээ баг Польштой эвийн гэрээ байгуулж, ганц оноо авснаар хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Авууштай нь, Мбаппе гоол оруулсан явдал. Хэдийгээр Мбаппе салхийг хагалж, гоол оруулсан ч, Польшийн Левандовски тооны харьцааг тэнцүүлж, тоглолт 1-1 гэсэн харьцаатай өндөрлөсөн юм. Тоглолтын шилдгээр Польшийн хаалгач Лукаш Скорупски нэрлэгдсэн байна. Тоглолтын дараа Францын дасгалжуулагч Дидье Дешам “Бид хэсгээ тэргүүлэхийг хүссэн ч Скорупски тэнд байлаа. Тэр өнөөдөр гайхалтай байсан. Бид долоон боломж үүсгэсэн ч ашиглаж чадсангүй” гэсэн бол Польшийн дасгалжуулагч Михал Пробеж ” Хасагдах шатанд шалгарч чадаагүй нь ичмээр юм. Гэхдээ бид эцсээ хүртэл тэмцэж, сайн өрсөлдөөнийг үзүүллээ. Хөлбөмбөг ингэж л урагшилдаг. Тамирчдынхаа хичээл зүтгэлд талархаж байна” гэжээ.

АВСТРИ 3-2 НИДЕРЛАНД

Австрийн шигшээ баг Франц, Нидерланд, Польш гэсэн хүчирхэг багуудыг ардаа орхиж хэсгээ тэргүүллээ. Өчигдөр л гэхэд Нидерландтай нээлттэй тоглолтыг үзүүлж, таван гоол орсон тоглолтын эцэст Забитцерын гоолоор ялалт байгуулжээ. Ингэснээр тэд хэсгээ тэргүүлж, Нидерландын шигшээ гуравдугаар байраар хасагдах шатанд шалгараад байна. Австрийн дасгалжуулагч Ральф Рангник “Ерөнхийдөө бид хожихын төлөө илүү шунаж, талбай дээр эрчтэй байлаа. Гоол алдсан ч хурдан сэргэж, хүнд байдалд орсонгүй. Бид тоглолтын хэв маягаа хадгалж чадсан” гэсэн бол Нидерландын дасгалжуулагч Роналд Коэман “Бид тоглолтыг муу эхлүүлсэн. Хүчтэй байж чадсангүй. Тоглолтыг эхнээс нь удирдаж чадсангүй. Бид талбай дээрх хариуцлагаа хүлээх болно” гэлээ.

ХОРВАТ 1-1 ИТАЛИ

Хорватын алтан үеийнхэн гэгддэг хөлбөмбөгчид 2018 оны дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль, 2022 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилттай баг. Харин энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнээр Модрич, Перишич, Манжукич, Субасич, Чорлука, Ракитич, Брозович, Ковачич, Ловрен, Крамарич нараар эхэлсэн Хорватын хөлбөмбөгийн алтан үе төгсөж байх шиг. “Евро 2024”-ийн тун ширүүн өрсөлдөөнтэй, үзүүштэй тоглолтыг энэ хоёр баг үзүүлж, хөгжөөн дэмжигчдээ огшоосон юм. Хоёр багийн хаалгач болох Жанлиужи Донаррумма болон Доминик Ливакович нар гайхалтай байсныг хэлэх хэрэгтэй.

Хоёрдугаар үед Хорватаас эхний гоолыг оруулсан. Модричийн торгуулийн цохилтыг Доннарумма хаасан ч гүйцэт цэвэрлээгүй бөмбөг эргэн Модрич дээр ирэн гоол оруулжээ. Ийнхүү Хорват 1-0 гэсэн харьцаатай хожиж, Италийн шигшээ хасагдах шатанд шалгарах эсэх нь эргэлзээтэй болсон үед Спаллетти довтолгооны сэлгээнүүдээ оруулсан. Үндсэн цаг дуусч, шүүгч долоон минутыг нэмж сунгасан үед Калафьоргийн дамжуулалтаар Закканьи гайхалтай гоолыг оруулж, тооны харьцаа тэнцсэнээр Италийн шигшээ хэсгээсээ шалгарч, Хорватын шигшээ гэртээ харих болсон юм.

Италийн ахлах дасгалжуулагч Лучано Спаллетти “Иймэрхүү шийдвэрлэх тоглолтууд төгсгөл хэсэг рүүгээ улам сонирхолтой болдог. Эхний үед бид тааруу байлаа. Хэрэв жаахан хичээсэн бол амжилтад хүрэх байсан. Ялна гэсэн сэтгэхүйгүй ийм үр дүнд хүрэхгүй” гэсэн бол Хорватын дасгалжуулагч Златко Далич “Энэ бидний тэмцээн биш байжээ. Бид хоёр ч торгуулийн цохилт алдлаа. Нэмэлт цагт хоёр ч гоол алдлаа. Бүх нөхцөл байдал бидний гарт байсан” гэжээ.

АЛБАНИ 0-1 ИСПАНИ

Тоглолтын өмнө Испанийн шигшээ баг гарааны 11 тоглогчийнхоо арвыг нь сольж, ганцхан хамгаалагч Лапорте дараалан тоглосон юм. Нэгдүгээр үе эхлээд удаагүй байхад Ферран Торрес гоол оруулж, ерөнхийдөө тоглолтын хувь заяаг шийдчихсэн гэхэд хилсдэхгүй. Үлдсэн хугацаанд Албани алдах зүйлгүй урагш шахаж, довтолсон ч амжилтад хүрсэнгүй. Тоглолт Испанийн ялалтаар өндөрлөжээ. Ийнхүү В хэсгээс Испани болон Италийн шигшээ багууд хасагдах шатанд шалгарлаа.

Испанийн дасгалжуулагч Луис де ла Фуенте ” Тоглолт бүр ширүүн өрсөлдөөнтэй, тоглоход хэцүү байна. Бүх гурван тоглолтдоо хожиж, хаалгандаа гоол алдсангүй. Энэ эрчээрээ л байх хэрэгтэй. Хасагдах шатанд Европын шилдэг 16 баг байх болно. Нэг өдөр хамгийн дээр нь байсан ч дараагийн удаад юу ч биш болж болно” гэсэн бол Албанийн дасгалжуулагч Силвиньо “Тоглогчдоороо, улсаараа бахархаж байна. Бид хоёр дахь удаагаа л Еврод орж байна. Гурван гайхалтай багтай сайн тоглож, эх орноо бахархуулж чадлаа. Бид ийм тэмцээнд олон орох хэрэгтэй” гэжээ.

ШВЕЙЦАРЬ1-1 ГЕРМАН

Хожсон нь хэсгээ тэргүүлэх чухал тоглолтод хоёр баг эвийн гэрээ байгуулснаар Герман хэсгээ тэргүүлж, Швейцарь хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Нэг болон хоёрдугаар үед Германы довтолгоо эрчтэй үргэлжилж байсан ч гоол оруулаагүй болохоор Германы дэмжигчид багтаа эргэлзэж эхэлсэн юм. Тоглолтын төгсгөлд Швейцарийн шигшээ баг дахин нэг гоол оруулсан ч отон тоглолт байсан учраас тооцсонгүй. Харин шүүгчийн сунгасан нэмэлт цагийн төгсгөлд Раумын хөндлөн дамжуулалтыг Фулкруг мөргөж, Германы шигшээ баг тэнцээний гоолыг оруулснаар тоглолт өндөрлөсөн байна.

Тоглолтын дараа Швейцарийн дасгалжуулагч Мурат Якин “Хэсэгтээ хожигдоогүйдээ баяртай байна. Бид багаараа хөдөлмөрлөж, зөв санаатай байна. Систем, стратеги ажиллаж, талбайд гарсан тамирчид тун сайн байна. Бид тэмцсэн, их гүйсэн ч хүчтэй өрсөлдөгчийн эсрэг хэцүү байлаа. Том сорилт байлаа” гэсэн бол Германы дасгалжуулагч Юлиан Нагельсманн “Төгсгөлд хүртэх ёстой оноогоо хүртлээ. Мэдээж довтолгооны хөлбөмбөгт эрсдэл үүрч, гоол алдах тохиолдол байдаг. Бид эргэн ирж чадлаа. Бид энэ тэнцээг хүртэх эрхтэй. Швейцарь бол гайхалтай өрсөлдөгч. Сонирхолтой тоглолт байлаа. Сэлгээгээр талбайд гарсан тамирчид чухал гоол оруулж байгаа нь сайн хэрэг. Бид өрсөлдөгчийнхөө гарааг судалж, сэлгээгээрээ тоглолтыг өөрчлөхийг хүссэн” гэжээ.

ШОТЛАНД0-1 УНГАР

Шотланд энэ тоглолтод хожиж байж, дөрвөн оноотой гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарах боломжтой байсан бол Унгар хожвол энэ тэмцээний анхны хожлоо аваад зогсохгүй гуравдугаар байраар дараагийн шатанд шалгарах боломж хүртэх байлаа. Тоглолтын төгсгөлд буюу 90+10 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан Кевин Чобот гоол оруулснаар Унгарын шигшээ баг ялалт байгуулжээ.

Унгарын дасгалжуулагч Марко Росси ” Нэгдүгээр үед Шотланд бага зэрэг илүү бөмбөг эзэмшсэн. Бид илүү олон боломж үүсгэсэн гэдгээрээ тоглолт эн тэнцүү боллоо. Тэд бөмбөг илүү эзэмшсэн ч агуулгаараа бид энэ хожлыг хүртэх эрхтэй” гэсэн бол Шотландын дасгалжуулагч Стив Кларк “Бид нээлттэй тоглож, эсрэг багтаа сөрөг довтолгоо явуулах боломжийг олголоо. Гэхдээ бид боломж үүсгэсэн. Заавал хожих ёстой гэдэг дарамтад тоглох нь боломж үүсгэх бүрт хэцүү болгож байсан. Хөлбөмбөгийн бурхан бидний талд байх хэрэгтэй байсан ч өнөөдөр байсангүй” гэсэн байна.

 

Н.САРАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод ирэх сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна DNN.mn

Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул, Сэлбэ, Дунд голуудын үерийн түвшин хэвээр байна. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Онцгой комиссын алба хаагчид  бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хот орчмоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар орж буй бороо өдөртөө үргэлжлэн орж, үдээс хойш эрч нь сулран 17:00 цагийн орчимд зогсох төлөвтэй байна. Зургаадугаар сарын 28, 29-ний өдрийн үдээс хойш түр зуурын аадар орно.  27-28-ны шөнө бороо орохгүй. Долоодугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй, мөн усны түвшин нэмэгдэх эрсдэлтэй. Иймд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Японы эзэн хааны төрийн айлчлал DNN.mn

Японы эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нар Их Британид төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал манай улсын хувьд өндөр ач холбогдолтой айлчлал юм. Учир нь Монгол, Япон нь стратегийн түнш улсууд бол монголчууд удахгүй англичуудтай ийм гэрээ хийх гэж байгаа билээ. Тэгээд ч хүн төрөлхтөний түүхэнд Их Британи болон Их Монгол Улс л эрс зоримог шийдвэр гаргаж хэрэгжүүлж байсан байдаг.

Японы эзэн хаан, хатан хааныг нисэх буудал дээр хүндэтгэл төгөлдөр угтан авч Кларижийн тансаг зочид буудалд буулгав. Ер нь ийм хүндэт зочдыг төрийн айлчлалын үеэр Букингемийн ордонд байрлуулдаг ч ордон одоогоор засвартай байгаа юм байна. Айлчлалынхаа эхэнд Японы эзэн хааны гэр бүлийн гишүүд хүлээн авагч Их Британийн хаанд хар лакан хайрцагтай зүйл, хатанд гар цүнх болон өөрсдийн гэрэл зургийг гардуулав. Үүний дараа эрхэм зочдыг хүндэтгэлийн задгай сүйх тэргэнд суулган Лондон хотын ёслолын төв гудамж болох The Mall-ын дагуу явж Букингемийн ордонд аваачжээ. Сүйхэнд хаан эзэн хаантай, хатан нь хатантай хамт явав. Харин хатан хаан Масако морины үсэнд харшилтай учир тусгай маск зүүсэн байна. Букингемийн ордонд хүндэт зочдод хааны цуглуулганд байгаа япон эдлэлүүдийг үзүүлэв. Төрийн айлчлал бүрийн өмнө хааны цуглуулгын мэргэжилтнүүд тухайн зочдын сонирхолд нийцэх тусгай үзмэрүүд бүхий үзэсгэлэн гаргадаг нь ердийн зүйл болсон юм байна. Хүндэт зочид мөн Вестминстерийн сүмд зочилж, үл таних цэргийн булшинд цэцэг өргөсөн байна.

Төрийн айлчлалын гол арга хэмжээ нь Букингемийн ордонд болох гала хүлээн авалт болох бөгөөд энэ үеэр хаан, эзэн хаан хоёр мэндчилгээ дэвшүүлэх юм. Тэд мөн Кью цэцэрлэгт хүрээлэн болон Хатан хааны хөгжмийн коллежид зочилж, Виндзорын шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүм дэх II Елизаветагийн булшинд цэцэг өргөх бөгөөд баасан гаригт эзэн хаан, хатан хаан өөрсдийн сурч байсан Оксфордын их сургуульд зочлуулах болно. Эзэн хаан, хатан хааны төрийн айлчлал нь Их Британи, Японы цэрэг, шинжлэх ухаан, соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой юм байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ DNN.mn

2023-2024 онд Нийслэлийн Байгаль орчны газраас ойн мэргэжлийн байгууллагатай хамтран ногоон бүсэд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг хийсэн.

Ингэхэд Сибирийн хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шилмүүс хуйлагч зэрэг дөрвөн төрлийн хортон шавж бүртгэгдэж, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүргийн ойн санд голомт үүссэн нь тогтоогдсон.

Иймээс Нийслэлийн хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг энэ сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргээс эхлүүлсэн бөгөөд 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 гаруй мянган га талбайд хийх юм гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм цаг-үе

70071 иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэжээ DNN.mn

Улсын бүртгэлийн байгууллагад 70071 иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэсэн байна.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Шилжилт хөдөлгөөний бүртгэл”-ийг хэрхэн хийх талаарх зохицуулалтыг тусгасан байдаг.

Тус хуулийн холбогдох заалтын хүрээнд Улсын бүртгэлийн байгууллага нь 2024 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 70 071 иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг бүртгэсэн байна.

Тус бүртгэлийн тоог 2020 оны мөн үеийн хугацаатай харьцуулан үзэхэд 70 хувиар буурсан байгаа бөгөөд тус онд 229 149 иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл бүртгэгдсэн юм гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм

Унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ХЭҮК-тай хамтран ажиллана DNN.mn

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Захиргаа удирдлагын газрын дарга Н.Монголхүүтэй хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар санал солилцлоо.

Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг тусгаж, холбогдох саналыг УИХ-д хүргүүлсэн. Улмаар 23 дахь илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 37 дугаар тогтоол батлагдсан.

Тус тогтоолд дараах асуудлыг тусгасан. Үүнд:

Улсын хэмжээнд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, айлд амьдарч байгаа зэрэг хүүхдийн бүртгэлийг хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, хяналтын механизмыг сайжруулах, эдгээр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн санг бүрдүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, тусгайлсан бодлого боловсруулан хэрэгжүүлэх.

Хүүхдийн асрамж халамжийн төвөөс гарч байгаа өнчин хүүхдийг ажлын байр, орон байртай болоход бодитой дэмжлэг үзүүлэх, тэдгээр хүүхдийг их, дээд сургуульд суралцахад боловсролын зээлийн санхүүжилтээр үнэ төлбөргүй суралцуулах, суралцагчийн тэтгэлгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

Аймаг, дүүрэг бүрд байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд зориулсан нөхөн сэргээх, нийгэмшүүлэх, боловсрол олгох, өдөр өнжүүлэх хөгжлийн төв болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төв байгуулах, холбогдох санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт хэрэгжүүлэхийг даалгасан.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгагдсан хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтныг дүүрэг, аймаг, сум бүрд ажиллах зохицуулалт тусгагдсан, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгааг танилцуулав.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Комиссоос зохион байгуулах мониторинг, дүн шинжилгээ хийх ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлж, унаач хүүхэд, уяачдын нэгдсэн бүртгэл хийхэд албан хаагчдын ачаалал нэмэгддэг. Зарим тохиолдолд 7 нас хүрээгүй хүүхдээр морь унуулна, унаач хүүхдээ бүртгүүлэхгүй гэх гомдол, саналыг уяачид гаргадаг. Энэ тохиолдолд хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах нь тэргүүний зорилт гэдгийг учирлаж тайлбарладаг гэлээ.

Уулзалтаар унаач хүүхдийг албан хөдөлмөр эрхлүүлж байгаа, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулдаг, даатгалын мөнгөн тэтгэмж хүүхдийн эрүүл мэндээ хамгаалуулах үйлчилгээнд зориулагдсан эсэх асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийхээр талууд харилцан тогтож, цаашид хагас, бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудлын хүрээнд хамтран ажиллахаар боллоо гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

“Бэлтэс Мөрөн”-гийн шүүх хуралдаан хойшлуулжээ DNN.mn

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий 9” шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлууллаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг зааснаар, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2238000491078 дугаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5,6,7 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг 2024 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс эхлэн гурав хоног архи худалдаалахгүй DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/745 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 27, 28, 29-ны өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй.

 үйлчилгээний төвүүд амрахаар зохицуулалт хийгдээд байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, маргааш, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер, ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Зургаадугаар сарын 27-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28…+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +16…+18 градус дулаан байна.