Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 177 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 133 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 877 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 2 хэргийг нэгтгэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.  Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 851 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт мөрдөн шалгах ажиллагааны явцад 11 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Иргэн “Ч” нь өөртөө давуу байдал бий болгох үүднээс бусдад хахууль өгсөн гэх, Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан “Б” нь бусдаас хахууль авсан гэх, ШШГЕГ-ын ажилтан “Т” нь бусдаас хахууль авсан гэх, “Монголын төмөр зам ТӨХК”-ийн удирдах албан тушаалтан “Б” нь бусдаас хахууль авсан гэх, Дундговь аймгийн ИТХ-ын ажилтан “С” нь өөртөө давуу байдал бий болгон байгууллагын төсөвт хохирол учруулсан гэх, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн удирдах албан тушаалтан “Б” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх, СХД-ийн Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтан “Б” нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх, Сэлэнгэ аймгийн Сант сумын удирдах албан тушаалтан “М”, “У”,  1-р багийн удирдах албан тушаалтан “С”, ажилтан “Т”, “А” нар нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх, СХД-ийн Татварын хэлтсийн ажилтан “Э” нь бусдаас их хэмжээний хахууль авсан гэх, “Геологийн төв лаборатори ТӨҮГ”-ын удирдах албан тушаалтан “Т” нь өөртөө давуу байдал бий болгосон, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтан “М” нь өөртөө мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдах албан тушаалтан “Ч” болон бусад хүнд давуу байдал бий болгосон гэх, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын удирдах албан тушаалтан “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан гэх  зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа DNN.mn

Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.

Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна. Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж  импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
 
Товч мэдээ
·      Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг олон улсын болон үндэсний эрх зүйн механизмын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нөөцийг нэмэгдүүлнэ DNN.mn

Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуульд заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг хавсралтаар баталлаа.

Энэхүү бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүжлснээр мал аж ахуйн салбарыг  эрсдэлээс хамгаалах, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах, хүн амын голлох хүнс болох гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 тавдугаар сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Тус тогтоолоор уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах  салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг  хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон тус компанийн гүйцэтгэх захиралд даалгалаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг урьдчилан Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болж байна.

Хуримтлалын санд 2024 онд төвлөрүүлсэн эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулж, хуульд заасны дагуу арвижуулах зорилгоор холбогдох гэрээ байгуулж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөж, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо.

Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах талаарх Бүгд Найрамдах Сингапур Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор тус улсын Үндэсний их сургуулийн болон Хуримтлалын сангийн зөвлөх, судлаачидтай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажиллахыг тогтоолд тусгав.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Монгол Улсын иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх Хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр заасан. Сангийн хөрөнгийг Монголбанк дахь төрийн сангийн дансанд байршуулж, Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцож арвижуулахаар заасан. Иймд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Categories
гадаад мэдээ

Украины тусламжийн хуулийн онцлох заалт DNN.mn

Бүгд найрамдах намын хяналтад байдаг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим гадаадын холбоотнуудад, ялангуяа Украин, мөн Израиль, Тайваньд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой нийт 95 тэрбум ам.долларын тусламжийн багцыг дийлэнх олонхын саналаар дэмжин баталсан. Ийнхүү Украиныг шууд болон шууд бусаар дэмжих 61 тэрбум орчим ам.доллар хуваарилах, Израильд 14 тэрбум, мөн есөн тэрбумыг тус бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зарцуулах тухай хууль батлагджээ. Мөн АНУ-д олон хүн Хятадын нөлөөнд өртөж байна хэмээн “TikTok” программыг хориглох, Иран, Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах, Оросын хураан авсан хөрөнгийг Украин руу шилжүүлэх зэрэг асуудлыг түргэвчилсэн журмаар баталсан.

Украины Ерөнхий сайд Денис Шмигал “АНУ-ын Конгрессын Сенат энэ арга хэмжээг баталсны дараа 61 тэрбум ам.долларын санхүүгийн тусламжийн 49,9 тэрбум ам.долларыг батлан хамгаалахын хэрэгцээнд, төсвийн хэрэгцээнд 7.8 тэрбум доллар, 1.57 тэрбум долларыг эдийн засгийг дэмжих, 400 сая долларыг хил хамгаалах, мина устгах ажилд зарцуулагдана.Ойрын хугацаанд уг хуулийн төслийг Сенат амжилттай батална гэдэгт найдаж байна” гэж фэйсбүүк хуудсандаа бичжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын шийдвэрийг урьдчилан таамаглаж байсан зүйл” гээд “Энэ нь АНУ-ыг улам баяжуулж, Украиныг улам бүр сүйрүүлж, Киевийн дэглэмийн буруугаас олон украинчуудыг үхэлд хүргэнэ” гэсэн тайлбар хийжээ. Тэрээр мөн АНУ дахь Оросын засгийн газрын хөрөнгийг хураах өөр нэг хуулийн төслийн тухай “Хэрэв энэ үнэн бол Америк үүнийхээ төлөө хариуцлага хүлээх болно. Энд ямар нэг түр зуурын арга хэмжээ гэж байхгүй” гэсэн.

Хагас жил хүлээгдсэн эдгээр тусламжийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Сенатын танхимаас оруулж ирсэн хуулиар буюу нэг багцаар бус дөрвөн тусдаа хууль болгон хэлэлцэж баталсан учир эдгээрийг Сенат дахин шинээр хэлэлцэн баталж, дараа нь ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурж, хууль түргэвчилсэн журмаар батлагдан хэрэгжиж эхэлсэн.Ингэснээр Сенатын танхимаас оруулж ирсэн нэг багцаас зарчмын хэд хэдэн ялгаатай дөрвөн тусдаа хууль хэрэгжиж эхлэв. Эдгээр хуульд АНУ-ын хил рүү цагаачид цутгасан явдал Оросын зохион байгуулсан үйлдэл байсан учир Мексикийн удирдлагатай тохиролцон цагаачдаас сэргийлж чадсан тул хил дээр хана босгох дөрвөн тэрбум ам.доллар уг хуулиас хасагдсан байна. Мөн палестинчуудад өгөх тусламжийн мөнгөөр ХАМАС зэвсэг худалдаж авна гэж үзсэн учир есөн тэр бумыг Израильд хуваарилж тэд палестинчуудад хүмүүнлэгийн тусламж олгохоор болсон байна. Хамгийн гол нь уг хуульд Пентагонд буюу АНУ-ын Батлан хамгаалах яаманд “Украиныг ялуулах төлөвлөгөөгөө Төлөөлөгчдийн танхимд танилцуулахыг үүрэг болгосон” заалт орсон. Энэ нь АНУ-ын “Украинд хэрэгтэй болгоноор нь тусална” гэж байсан бодлого “ОХУ-ыг ялагдуулна” хэмээсэн болж үндсээрээ өөрчлөгдсөн гэсэн үг юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МСНЭ: Тавдугаар сарын 3-нд “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдлаа” цуглаан зохион байгуулна DNN.mn

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдлаа” цуглаан зохион байгуулах талаар МСНЭ-ээс мэдээлэл хийлээ.

Цуглаан тавдугаар сарын 3-ны өдөр Сүхбаатарын талбайд 10:30 цагт болно.

Энэ талаар МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр “Тавдугаар сарын 3-нд хэвлэлийн эрх чөлөөний өдөр болно. Бид өнгөрсөн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөөний өдрийн ЮНЕСКО-гийн уриан дор тэмдэглэдэг байсан. Харин энэ жил дотоодын нөхцөл байдалдаа тулгуурлан асуудал хөндөж, хууль зүйн орчныхоо хүрээнд ямар асуудалтай тулгарсан бэ, яагаад хэвлэл мэдээллийн салбарынхан асуудалтай тулгарч байгаа вэ гэсэн асуудалд анхаарч ажиллах тухай Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор тавдугаар сарын 3-ны өдөр “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглаан зохион байгуулна.

“Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглааны хүрээнд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа 4500 гаруй хүний эрх ашиг, Монгол Улсын гурван сая гаруй иргэний мэдэх эрх ашгийг хамгаалахыг зорьж ажиллана” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Амарбаясгалан: Хуримтлалын нэгдсэн сангийн хууль батлагдсанаар иргэн бүрийн нэр дээр данс нээнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хуримтлалын нэгдсэн сангийн орлогын эх үүсвэрээр ипотекийн зээлийн боломжийг нэмэгдүүлэх шийдвэр өнөөдөр гарлаа. Өмнө нь жилд 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулж байсан, орлогын эх үүсвэр хангалтгүй байсан. Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг нэмснээр орон сууцны ипотекийн зээлийн квот арилж, зээлийн хүртээмж нэмэгдэж байна.

Хуримтлалын нэгдсэн сан энэ онд хууль батлагдсантай холбогдуулж ногдол ашгийг татан төвлөрүүлж эхэлснээр эрх долоо хоногоос эхлээд иргэн бүрийн нэр дээр данс нээнэ. Бүх иргэн хуримтлалын нэгдсэн сан дээр данстай болно.

Ирэх долоо хоногт төв банк, ЦХХХЯ, сангийн яам хамтраад хуримтлалын нэгдсэн сангаас иргэн бүрд ногдож байгаа бэлэн бусаар зарцуулагдах мөнгө тодорхой болно” гэлээ.

 

Categories
мэдээ эдийн-засаг

Он гарсаар 291 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ DNN.mn

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкнуудын эх үүсвэрээр нийт 8.1 их наяд төгрөгийн зээлийг 123 мянган өрхөд олгоод байна.

Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд баримталж буй баримт бичгүүд буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хөтөлбөр хэвийн хэрэгжиж байгаа бөгөөд энэ оны эхнээс 4 дүгээр сарын 19-ний өдрийн эцсийн байдлаар нийт 291.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2.5 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгосон (Дүрслэл 1).

Үүнээс Улаанбаатар хотод 197.1 тэрбум төгрөгийг 1,555 өрхөд, орон нутагт 94.6 тэрбум төгрөгийг 939 өрхөд олгосон.

Categories
мэдээ нийгэм

Ц.Батболд: Ойрад судлалд ач холбогдол өгөхгүй байхын аргагүй арвин түүхтэй угсаатнууд юм DNN.mn

Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батболдтой уулзаж ярилцлаа.


-Увс аймгийн гадаад харилцаа сүүлийн жилүүдэд шинэ түвшинд гарсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Саяхан БНСУ-д 50 залуусыг суралцуулахаар илгээсэн. Тэд ямар шугамаар явав?

– 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Увс аймгийн ард иргэд улс төрийн аль ч хүчин, бие даагчдыг олонх болгоогүй. АН-ын 19, МАН-ын 17, бие даагч 5 төлөөлөгч сонгогдож, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Миний хувьд бие даагчдын төлөөллөөр Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байна. Бидний бие даагчид нь мөрийн хөтөлбөртөө шударга ёсыг бий болгох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Увс аймгийн хүүхэд, залуусыг дэлхийн боловсролтой хөл нийлүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж, хөрш зэргэлдээ дөрвөн аймаг, 1500 км радиуст байгаа ОХУ-ын муж, улсуудтай хамтран ажиллах, төлөвлөлтийг бий болгоно гэсэн зорилтыг дэвшүүлж сонгуульд оролцсон юм. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан мөн Монгол Улсын гадаад бодлогын нэг цонхны бодлогын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдээлэл өгч, зөвшөөрөл авсны үндсэн дээр аймгийнхаа гадаад харилцааг сайжруулахаар ахиц гарган ажиллаж байна. Тухайлбал, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНСУ-ын Намдун дүүргийн засаг захиргаа, “On Happy” олон улсын байгууллагатай Санамж бичиг байгуулж, Боловсролын ерөнхий газартай гэрээлж, хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын “Inha institute of technol­ogy” техникийн коллежид Увс аймгийн уугуул 50 залуусыг гагнуурчин, инженер технологийн чиглэлээр суралцаж байна. Эдгээр залуус маань дэлхийн 165 оронд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн дипломтой төгсөнө. Таван жилийн турш жил бүр 50 оюутан, энэ жилийн хувьд 100-г шинээр элсүүлэн суралцуулах төслийг ийн эхлүүллээ. Цаашид тасралтгүй суралцаж, мэргэжил эзэмших нь чухал учраас цалинтай ажлын байраар хангагдаж, ажиллангаа суралцах боломж бүрдүүлэхийг хичээж, хамтын ажиллагааны гэрээндээ тусгаж өгсөн нь онцлог байлаа.

БНСУ-ын Инчоны боловсролын газар, Инха техник, технологийн сургууль, “On Happy” ОУТББ, Инчоны Бизнес эрхлэгчдийн холбоо бодлогын түвшинд хөгжиж буй орны хилийн дагуух бүс нутагт Олон Улсын глобаль их сургуулийг барьж, байгуулах чиглэлээр санал, санаачилга гаргаж, судалгаа хийж хамтран ажиллаж байгаа. Судалгааны үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хотын төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан, боомтын сэргэлтийн үйл явцтай уялдуулан Увс аймагт “Олон улсын глобаль их сургуульд суурилсан шинэ хотын төлөөвлөлт” нэртэйгээр судалгаа, ТЭЗҮ боловсруулах, танилцуулга эхлээд явж байна. Уг сургуулийг байгуулснаар Монгол Улсын 21 аймаг, хөрш зэргэлдээх ОХУ, Казахстан, Тажикистан, Киргиз, БНХАУ, БНСУ зэрэг дэлхийн өнцөг булангаас 2800 оюутан хүлээн авах чадал бүхий дотуур байртай, оюутны хотхон байгуулах хүсэлтийг аймгийн ИТХ-д гаргаж, 100 га газрыг сургуулийн зориулалттай тусгай хэрэгцээнд авч, хамтарч хөрөнгө оруулалт хийн ажиллах хамтын ажиллагаа эхэлсэн. Солонгост суралцаж байгаа манай аймгийн оюутан залуус нь ирээдүйд нутагтаа баригдах олон улсын сургуульд багшлах боловсон хүчин, анхны мэргэжилтнээр бэлтгэгдэж байгаа гэж хэлж болно. Саяхан би оюутнуудаа эргэж очсон. Солонгосын талаас оюутны тоог 100 болгож нэмэгдүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн учраас ирэх тавдугаар сард хамтрагч талаас ирж, шалгаруулалтаа явуулна.

-Олон улсын сургууль байгуулна гэж та хэллээ. Ийм боломж байгаа гэж үү?

-БНСУ-ын талаас хамтын ажиллагааны хүрээнд сургууль байгуулахад манай аймгийг хамгийн тохиромжтой бүс нутаг гэж үзсэн. ОХУ-тай хиллэдэг, зэргэлдээ аймгуудаас ч суралцагчдыг татах боломжтой таатай байршил. Харин сургуулийн кэмп барихын тулд наад зах нь 100 га талбайд төлөвлөх ёстой. Аймгийн ИТХ-ын шийдвэрээр баталгаажуулан ТЭЗҮ боловсруулах Ажлын хэсгийг Увс аймгийн төрийн болон чиг үүргийн байгууллагууд, улс төрийн намуудын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.

Хожим аль нам ялсан ч тухайн ажил зогсохгүй үргэлжилж байхаар тооцож ажлаа эхлүүллээ. Манай аймагт улс төржилт өндөр. Ямартаа ч солонгосчууд бидэнд сургууль барьж өгөхдөө кэмпээ эхлээд байгуулна. Дадлагын баазуудаа таван их сургуулийн хэмжээнд бариад дараа нь эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээ босгож, хамгийн сүүлд шинэ суурьшлын бүсэд амьдрах иргэдийн хэрэгцээний газар олгох гэх мэтээр төлөвлөж, оюутан, залуусын хот болгохоор төлөвлөсөн.

-Та хэдхэн хоногийн өмнө япончуудтай хог боловсруулах үйлдвэр барих талаар уулзсан байсан?

-Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд аймгийн хур хогийг зайлуулах шинэ технологи нэвтрүүлэхээр судлуулаад хог боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хамтарч хийхээр болсон. Аймгийн ИТХ-ын 18 дугаар хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” 2024 оны 18/08 тогтоолыг баталж, японы талаас 7 хүнийг бүрэлдэхүүнд оруулсан. Японы “Craftsmanship part­ners”, “Нитори Холдинг” ХХК-ийн төлөөллийн хамт Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнд Увс аймагт байгуулах хог боловсруулах үйлдвэр, хөрсгүй газар тариалангийн шийдлийг танилцууллаа. ТЭЗҮ-ийг боловсруулсны дараа хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Япон улсын буцалтгүй тусламжаар уг үйлдвэрийг баригдах боломж бүрдэх юм.

-Ойрад судлалын эрдэм шинжилгээний хурлыг ойр ойрхон зохиолоо. Үүний цаад зорилго, ач холбогдол нь юу юм бэ?

-Увс аймгийн ИТХ-ын даргын хувьд, хувь хүний хүсэл эрмэлзлээр угсаатны зүйн судалгааг дэмжих, эрдэм шинжилгээний ажлыг ахиулах зорилготойгоор сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ойрад судлалын хурлуудыг ивээн тэтгэж хамтран ажиллалаа. Монгол угсаатан болон монгол үндэстний дунд баруун зүгт байдгаараа, хэл аялга, түүхэн үрээр бусдаасаа ялгарах бүлгийг ойрад гэдэг. Хэдийгээр эрдэмтэн судлаачид маань эрт дээр үеэс судалж, олон сайхан судар номыг туурвин үлдээсэн байдаг. Үр хойчис бид эх түүхээ марталгүй санаж, сэргээж явах үүрэгтэй. Эрдэм шинжилгээний хурлыг Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран элжигэн халх, дөрвөд, баяд, хотон угсаатны судлалын эрдэм шинжилгээний хурлуудыг амжилттай зохион байгуулаад байна. Энэ арга хэмжээг Увс аймгийн уугуул, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Лхагвасүрэн ламтан их дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Мөн аймаг, сумдын ИТХ, Засаг даргын тамгын газар, Нутгийн зөвлөл, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы шашны дээд сургууль, Тод номын гэрэл төв ТББ зэрэг олны хүчээр хийж ирсэн ажил юм. Угсаатны түүх, өв соёл, угсаатны зүй, хэлбичиг, хүрээ, сүм хийдэд тулгамдаж буй асуудлаар эрдэмтэн, мэргэд шинжлэх ухаанчаар хэлэлцсэнийг ном болгон баринтаглаж, үлдээж байна. Хамгийн сүүлд энэ оны эхээр хотон угсаатны чиглэлээрх эрдэм шинжилгээний хурлын бүтээлүүд одоо хэвлэгдэн гарч байгаа.

Аймгийн ИТХ, аймгийн музей, “Ж.Батмөнх сан” хамтран төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсны үйл, хэргийг мөнхжүүлэх “Бид мартаагүй” өдөрлөгийг зохион байгуулж ажилласан нь залуус, хүүхдүүдэд түүхийг эргэн харж, танин мэдэх ач холбогдолтой байв. Мөн баруун хязгаарыг сэргийлэн батлан хамгаалах сайд, Ховдод сууж хэрэг шийтгэх сайд, Богд хаант Монгол Улсын сангийн дэд сайд, Дөрвөд далай ханы Зүүнгарын чуулганы дарга, Дөрвөд Далай хан Түмэндэлгэржавын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Гандантэгчинлэн хийд, Шашны дээд сургуультай хамтран Цорос ноёд, тайж нарын түүх өв соёл, эрдэм шинжилгээний хурал 2024 оны тавдугаар сарын 17-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зохион байгуулна.

-Төвөөс алслагдсан хөдөө, орон нутагт амьдрал хэр байна вэ. ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохдоо төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж чадав уу. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг толгойлоход ямар хүндрэлтэй тулгардаг вэ?

-Үзэл бодлоор нь хааж хавчдаг, ялгаварладаг асуудал хүнд байдаг. Төрд сонгогдсон түшээ нь хүртэл хотон, баяд, дөрвөд, халх язгуур угсаагаар нь ялгаж ханддаггүй байгаасай. Монгол Улс хэтийн хөгжлийн ирээдүйгээ тодорхойлох зорилгын хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн-Эдийн засгийн форум”-ыг зохион байгууллаа. Тус форум нь төв, зүүн, баруун, хангай, говийн бүсэд хувааж, бүс бүрт тулгамдаж буй асуудлыг шийдэх гарц, шийдлийг хэлэлцсэн гэх боловч Увс аймгийг төлөөлж, Аймгийн Иргэдийн Хурлын даргын хувьд үг хэлэх боломж олгосонгүй. Энэ мэтчилэн яривал ярих зүйл бий. Гэхдээ урагш харж алхахаас биш, хойш зүглэхгүй. (инээв.сурв.) Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар манай аймагт АН, МАН аль нь ч олонх болоогүй. Бие даагч олонтой Иргэдийн хурал байгуулагдсан. Хөгжлийн бодлого, хөтөлбөрийг чухалчилсан дөрвөн жил байлаа. “Орлогын бүтээн байгуулалт-Увс” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийг дэмжих, орлоготой, оролцоотой байлгах зорилт тавьж ажиллав. Үнэнийг хэлэхэд, хүндхэн дөрвөн жил өнгөрч байна. Ковид-19 цар тахлын 1,5 жил, цас зудын байдал, хамгийн түрүүнд дэмжих ёстой Сангийн сайд маань хааж, боож ажиллалаа. Гэхдээ орлогыг дарга бий болгодоггүй, УИХ-ын гишүүн баялгийг бий болгодоггүй. Дарга нарын үүдэнд дугаарладаг байдлыг больж, иргэд өөрсдөө орлогоо бий болгохыг зорьсны хүчинд 575 айлын орон сууц, хоёр аж ахуйн нэгжээс хоёр том худалдааны төвийг шинээр ашиглалтад орууллаа. Өмнөх 4 жилд 60 айлын сууц баригдсан байдаг. “Үйлдлээрээ үлгэрлэгч Увсчууд-100” буюу хойтон жил Увс аймгийн түүхт 100 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах, ойг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлуулах, ойн ажлыг олон нийтэд сурталчлах зорилгоор Ажлын хэсэг байгуулсан. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Увс аймгийн ИТХ “Үйлдлээрээ үлгэрлэгч Увсчууд” малчдад туслах аяныг уриалахын зэрэгцээ малчдыг дэмжих зардалд 795.7 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн.

-Та “Шударга ёсыг бий болгоё” гэсэн уриатайгаар сонгогдсон төлөөлөгч. Энэ хугацаанд юуг амжуулав?

-Манай ИТХ 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 41 төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоо 36 төлөөлөгчтэй. Хууль зөрчсөн, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрээр нотлогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Урьд нь санамсаргүй хүний амь бүрэлгэсэн, дүүгээ заазуурдсан зэрэг хэрэг зөрчилд холбогдсон ч аргацааж өнгөрүүлдэг байсан явдлыг таслан зогсоолоо. Бүрэн эрхийн хугацаандаа аймгийн ИТХ-аас Улс, аймгийн бодлогын баримт бичигт тулгуурлан аймгийнхаа нийгэм, эдийн засгийн онцлогт тохируулан “Шинэ хөдөө-Увс”, “Увс-Агро”, “Хүн болох багаасаа” 1,2, “Дижитал Увс аймаг”, “Хөдөөгийн сэргэлт-Нээлттэй Увс аймаг”, “Тэрбу ммод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хоёр живаа харгаа” хөтөлбөрүүдийг баталж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллав.

Иргэдийг чанартай, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангах, олон улсын чанар, стандартыг нэвтрүүлсэн, өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хоршооны хөгжлийг дэмжих, орон нутагт шинэ ажлын байр бий болгох зорилгоор 4 жилийн хугацаанд 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Шинэ хөдөө-Увс” төслийг хэрэгжүүлж байна. Улаангом, Өндөрхангай суманд сүү, цагаан идээ боловсруулах цех, Тариалан суманд тэжээлийн цех, Өмнөговь суманд жижиг оврын тэжээл боловсруулах цех, Ховд, Сагил суманд зөгийн аж ахуй байгуулагдсан. Төслийн үр дүнд чацарганы ургац 20 хувиар, арвайн ургац 50 хувиар нэмэгдсэн.

Дэлхийн банкны 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар баригдах Нэгдсэн эмнэлгийн цогцолбор барилгын инженерийн шугам сүлжээний ажилд 1.4 тэрбум төгрөг, Төв цэвэрлэх байгууламж байгуулах 3 тэрбум, Улаангом сумын зүүн тойргийн дэд бүтэц 0.9 тэрбум, гадаадын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр “Увс” аялал жуулчлалын цогцолбор 3 тэрбум, “Боршоо” олон улсын боомтын шалган нэвтрүүлэх цогцолбор, “Бизнес инкубатор” төвийн барилга, Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км хатуу хучилттай авто замын ажил 62 тэрбум, Увс нуур-Улаангом чиглэлийн 25.8 км зам, Тээс рүү тавих зам, Гурил тэжээлийн үйлдвэр зэрэг томоохон ажлууд хэрэгжиж байна. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2023 онд аймгийн төсөвт 38.5 тэрбум төгрөг оруулахаас 40.3 тэрбум төгрөгийн орлого орж, төлөвлөгөөний биелэлт 1774.2 (4.6%) сая төгрөгөөр давж биелсэн. Орон нутгийн төсвийн орлого 22.3 тэрбумыг төвлөрүүлэхээс 25.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөө 2956.9 (13.2%) сая төгрөгөөр давж биелсэн үзүүлэлттэй байна. Үүнээс улсын төвлөрсөн төсөвт 5.5 тэрбумыг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 9.7 хувиар, аймгийн төсөвт 19.8 тэрбумыг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 14.3 хувиар тус тус давуулан биелүүллээ.

Аймгийн хэмжээнд 2023 онд 90.2 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь өмнөх оноос 5 дахин өссөн байна.

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны байдлаар 690.7 тэрбумд хүрч, 2020 онтой харьцуулахад 1.6 дахин өслөө. Гадаад худалдааны бараа эргэлт 27394.4 мянган ам.доллар, үүнээс экспорт 2567.91 мянган ам.доллар, импорт 24826.51 мянган ам.долларт хүрчээ.

Манай аймагт мал тооллогын дүнгээр 10.1 мянган малчин өрхийн 17.3 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Нийтдээ 31427.5 га-д тариалалт хийсэн нь өмнөх онтой харьцуулахад хүнсний ногоо 77.1 га, тэжээлийн ургамал 567.9 га-аар өссөн үзүүлэлтэй, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 5317.1 сая төгрөгт хүрч, өмнөх сараас 39.2 хувиар өссөн байна. Манай Увс аймаг ЭЕШ-ын дундаж оноогоор улсад II байр, ЕБС болон СӨБ-ын багшийн гүйцэтгэлийн оноогоор улсад I байр эзэлсэн нь бахархалтай.

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудтай уялдуулж бүс нутгийн интеграцийн бодлого хэрэгжүүлэх, боомтын хөгжил, тээвэр логистикийн нэгдсэн системийг төлөвлөх, эдийн засгийн системүүд төлөвлөх, үйлдвэрлэл, технологийн парк, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрийг боловсруулах зэрэг аймгийн хөгжлийн стратеги төлөвлөлтийг хийх хамтын ажиллагааны Санамж бичгийг Увс аймгийн ИТХ-ын даргын хувиар Монголын үйлдвэр, технологийн Паркуудын нэгдсэн холбоотой байгуулан ажиллаж байна.

Х.Биндэрьяа

 

Categories
мэдээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112,
  • Өмчлөх эрхийн эсрэг 79,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 56,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11,
  • Хүний амьд явах эрхийн эсрэг зургаа,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах дөрөв,
  • Авлига, албан тушаалын гурав,
  • Мөнгө угаах хоёр,
  • Төрийн нууцыг хууль бусаар олж авах нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас “З” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Ө нь нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрын дарга Э.М, нярав Ч.Г, ажилтан Д.У нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үйлчлүүлсэн иргэдийн 58.4 сая төгрөгийн төлбөрийг өөрсдийн дансаар хүлээн авч, эдийн засгийн давуу байдал бий болгосон, мөн Э.М нь “А” ХХК-ийн менежер Э.Э-д худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/, 21.5 дугаар зүйлийн 1 /Гэрч, хохирогч, шинжээч, оруулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн мэргэжилтэн Н.Т нь иргэн Х.М-ын ажилд томилох, давуу байдал бий болгох зорилгоор хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Э, нягтлан бодогч М.У нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “С” ХХК-ийн захирал Г.Б-ээс эм, эмнэлгийн хэрэгслийн падаан хуурамчаар бичүүлэн авч, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийн, бэлнээр гаргуулан авч, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар