Categories
мэдээ нийгэм

НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.05.02/ хуралдаж,   Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

Тэрбээр, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид “цэргийн алба хаагч” гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулж байна.

Түүнчлэн эдгээр алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг салбарын хуулиудаар тусгайлан зохицуулж байна. Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хуулиар “Онцгой байдлын байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно”, Монгол Улсын хилийн тухай хуулийн 38.4-т “Иргэн улсын хилд албан үүрэг гүйцэтгэх үедээ гэмт халдлагын улмаас амь насаа алдвал түүний гэр бүлд энэ хуулийн 39.8-д заасан цалингийн дунджаар тооцсон таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно.”, Цагдаагийн албаны тухай хуулийн 86.1-д “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно.” зэргээр ялгамжтай тогтоосон байна.

Иймд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд цэргийн алба хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах нөхцөл, шалтгааныг зааж өгсөн бөгөөд салбарын бусад хуультай уялдуулан цэргийн алба хаагчийн хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрхийг нэмж тусгах, түүнчлэн байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт олгох тэтгэвэр, тэтгэмжийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлээр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.

Хуулийн төсөлд цэргийн алба хаагч байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас нас барсан цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадваргүй гишүүний тооноос үл хамааран 100 хувиар тогтоохоор, түүнчлэн тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгохоор, ийнхүү олгох орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тусгасан байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт 3 өрөө орон сууцны талбайн хэмжээ 60м2-150м2 метр квадрат хүртэл байх бөгөөд түүнчлэн Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор баталсан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.4-т “нийт талбайн хэмжээ 80м2-аас ихгүй байх”-аар зохицуулсан байх тул 3 өрөө орон сууцны талбайн хэмжээг 80м2 байхаар, шинэ орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ 3.99 сая төгрөг байх бөгөөд дунджаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцож,  хуулийн төсөлд тусгасан хэмээн танилцуулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа. Эмийн тухай хуулийг 1998 онд анх баталсан бөгөөд 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болгосноос хойш 2010 онд тус хуулийг шинэчлэн найруулжээ. Түүнээс хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Олон улсын стандартын шаардлага хангасан эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаанд орчин үеийн технологи болон зохистой дадлыг бүрэн нэвтрүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өргөнөөр ашиглаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, нийлүүлэлт, засвар үйлчилгээ, ханган нийлүүлэлттэй холбогдсон харилцааг цогцоор нь зохицуулах зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан танилцуулж байна гэлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зарчмын томоохон өөрчлөлтүүдийг тусгажээ. Эмийн чанар, аюулгүй байдал, эмийн үнийг бууруулах зохицуулалтыг тодорхой болгож хуульчлахаар оруулжээ. Эмийн чанарыг хянах зорилгоор эмчилгээний идэвхийг төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд болон эмийн чанарын лабораторид хийх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж үзжээ. Эмийн үйлдвэрүүд чанарын хяналтын итгэмжлэгдсэн лабораторитой байх талаар эмийн үйлдвэрүүдэд тавигдах шаардлагад тусгасан байна.

Төрөөс зохицуулалт хийх аргуудыг хуульд нарийвчлан тусгажээ. Тухайлбал, бүх түвшинд эмийн үнийн ил тод, нээлттэй байдлыг хангах олон улсын чанарын шаардлага хангасан эм эмнэлгийн хэрэгслийг олон улсын байгууллага болон гадаад орноос худалдан авах үнийн хэлцэл хийх үнийн дээд хязгаар, нэмэгдэх хувь хэмжээг тогтоох арга зэргийг нарийвчлан тусгажээ. Мөн эмийн үнийг цахимаар хянах салбар дундын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох асуудлыг ч тусгасан байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааны хувьд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг хэт төөрөгдүүлсэн үйлчилгээг нь хэт дөвийлгөсөн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлахыг хязгаарлах заалт оруулжээ. Үүнтэй зэрэгцүүлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ч гэсэн үйлчлүүлэгчдийн эм, эмнэлгийн хэрэгслийг сурталчлах асуудлыг хязгаарлахаар тусгасан байна.

Улсын хэмжээнд эмийн зохицуулалтын чиглэлээр ажиллаж байгаа зөвлөл комиссын эрх үүргийг илүү тодорхой болгон тэдгээрийн ажиллах журмыг сайдын тушаалаар баталдаг байсныг өөрчлөхөөр тусгажээ. Тухайлбал, Эмийн зөвлөлийн гишүүдийг олон нийтэд ил тод, нээлттэй байдлаар сонгох, эмийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах шалгуур, Эмийн зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаа зэргийг тодорхой болгохоор оруулжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг ирэх долдугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.

Тус дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглох болсонтой холбогдуулан гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Дуурийн Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа, Худалдаачин, Бүүвэйч нарын дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, гол дүрд тоглох эрх олгохын зэрэгцээ нийт 100,000,000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.

Шалгаруулалтыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн баталсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд оролцогчдыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл  Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт бүртгэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” DNN.mn

ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаас гаргасан Зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласан.

Энэ өдрийг тохиолдуулан RSF буюу “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас жил бүр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарладаг. 2023 онд манай улс 180 орноос 88 дугаарт бичигдэж байсан бол 2024 онд дахин ухарч 90 дүгээр байрт оржээ. Нөгөөтэйгүүр, сэтгүүлчид ажлаа хийснийхээ төлөө заналхийлэл, дарамтад өртөж буй тохиолдол, жишээ олон. Тиймээс улс орон бүр өөр өөрийн уриан дор тэмдэглэдэг бол энэ удаа МСНЭ-ийн зүгээс  өнөөдөр Сүхбаатарын талбайд 10:30 цагт “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” жагсаал зохион байгуулж байна. Энд хэвлэл мэдээллийн салбарынхан цугларч асуудлаа ярьж зөвшилцөлд хүрэх юм.

Монгол Улсад 2023 оны байдлаар 486 хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол ажиллаж байгаагаас сонин 64, сэтгүүл 46, радио 50, телевиз 135, мэдээллийн сайт 191 байна.

 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Нам, эвслүүд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох батламжаа гардлаа DNN.mn

СЕХ-ноос өчигдөр Нам, эвслүүдэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох батламжийг албан ёсоор гардууллаа.

Эх орончдын нэгдсэн нам, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам, Ард түмний олонхын засаглал нам, Бүгд найрамдах нам, ХҮН нам, Монголын Либерал Ардчилсан нам, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Ардчилсан нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монгол Консерватив нам, ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/, Монголын Социал Демократ Нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний хүч нам, Эх Орон нам, Монгол Ардын нам, Эрх Чөлөөний Эвсэл нам гэсэн нийт 23 нам батламжаа гардаж авлаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхболд: Хууль бусаар баривчлагдсан гэж үзэж байгаа хүн бүр эрхээ сэргээлгэх боломжтой боллоо DNN.mn

НҮБ-ын байгууллагын дур зоргоор баривчлан саатуулахаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад ажиллаж, гаргасан дүгнэлтдээ сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 98-99 хувьтай, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ мэтгэлцээнгүй явагдаж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр баталсан юм. Тус хуулийг ирэх наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон цагдан хорих, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгааны асуудлаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийн эхэнд “НҮБ-ын байгууллагын дур зоргоор баривчлан саатуулахаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад ажилласан. Улмаар хэд хэдэн дүгнэлт гаргасан байдаг. Уг дүгнэлтэд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 98-99 хувьтай, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ мэтгэлцээнгүй явагдаж байгаа талаар дурдсан.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссоос Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь удаагийн илтгэлдээ шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний явцад хүний эрх зөрчигдөж буй байдлыг тодорхой дурдаж, эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчим хэм хэмжээнд нийцүүлэх талаар 19 саналыг УИХ-д илтгэн танилцуулсан. Улмаар Засгийн газарт чиглэл өгөх тухай 35 дугаар тогтоолыг батлан гаргасан. Комиссоос УИХ-д танилцуулсан зарим онцлог саналыг авч үзвэл, бүх гэмт хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэдэг явдлаас татгалзаж, зөвхөн хорих ял оногдуулж болох, гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих арга хэмжээ авдаг байх. Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, цагдан хорих үндэслэлийг нарийвчлан хуульчлах, “хойшлуулшгүй” тохиолдолд гэсэн хэт ерөнхий зохицуулалтыг хасах.

Ямар хэрэгт, яагаад баривчилж байгаа шалтгаан нөхцөлийг баривчлах үед нь өөрт нь болон өмгөөлөгчид нь тодорхой мэдэгдэж байх. Баривчлах ажиллагааг шүүх бүрэн хяналтдаа авах, хамгийн богино хугацаанд, ойр байгаа шүүхдээ хүнийг баривчилсан талаар мэдэгдэх байх, цагдан хорих үндэслэлийг талуудад нээлттэй танилцуулж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх. Хууль бусаар баривчлагдсан гэж үзэж байгаа бол харьяалах шүүхэд гомдол гаргах эрхийг нээх, өөрийг нь баривчилсантай холбоотой баримт материалтай танилцах, хуулбарлан авах. Ажлын бус цагаар, амралтын өдөр баривчилдаг гэх асуудлыг шийдэх үүднээс шүүхийг тасралтгүй, шуурхай ажилладаг болгох, таслан сэргийлэх арга хэмжээний дагнасан шүүхийг байгуулах. Комиссоос шинээр батлагдсан хуулийн үзэл баримтлал, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлтгэл ажлын талаар хийсэн хяналт шинжилгээ, холбогдох байгууллагаас авсан мэдээлэл, иргэд, олон нийтээс ирүүлж байгаа гомдол, мэдээлэлд дүгнэлт хийж үзсэн.

Ингэхэд одоогоор шүүх эрх мэдлийн болон мөрдөх чиг үүргийн байгууллагын алба хаагчдын дунд нэгдсэн болон дотоод сургалт зохион явуулаагүй, энэ талаарх алба хаагчдын мэдлэг ойлголт хангалтгүй байна гэж гарсан. Түүнчлэн хууль хэрэгжиж эхлэхээр практик тогтоно гэсэн хүлээлттэй байгаа нь харагдаж байгаа. Иймд Улсын их хурлын сонгууль, Үндэсний Их баяр наадам, амралтын улирал таарч байгаа зэргээс шалтгаалан хуулийг сурталчлан таниулах хугацаа хязгаарлагдмал байгааг анхаарах нь зүйтэй. Тиймээс тухайн шүүх бүр сэжигтнийг баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах журмыг урьдчилсан байдлаар боловсруулж, гарч болзошгүй хүндрэлийг шийдвэрлэх хүний нөөц, зохион байгуулалтын арга хэмжээг авах шаардлагатай. Түүнчлэн хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг бүх шатандаа авч хэрэгжүүлэх шаардлага байна. Ингэснээр хүний эрхийг хамгаалах бодит нөхцөлүүд бүрдэнэ” гэлээ.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдтой энэ талаар дэлгэрүүлж ярилцлаа.


-Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үйл ажиллагаа шүүхийн хяналтад байна уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд баривчилгааг хоёр төрлөөр хуульчилсан. Нэгдүгээрт шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах. Хоёрдугаарт, хойшлуулашгүй тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах. Мэдээ судалгаанаас харахаар шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулашгүй тохиолдолд баривчлах арга хэмжээг нийт баривчилгааны 97-98 хувь нь эзэлж байна. Эдгээр нь бүгдээрээ хууль зөрчсөн баривчилгаа биш. Үүнийг бид ялгаж салгаж ойлгох ёстой. Энэхүү хэт өндөр үзүүлэлтээс үзэхэд хавтгайгаар нь энэхүү хуулийн заалтыг удирдлага болгоод баривчлах ажиллагаа явагдаад байгаа юм биш биз гэдэг асуулт тавигддаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд шүүх бүх баривчлах ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянаж байх ёстой байдаг. Гэвч өнгөрсөн жилүүдэд шүүхэд хянагдах байдал туйлын хангалтгүй байсан. Шүүхээс хяналтгүй байна гэдэг бол хууль бус байх магадлал өндөр байна гэж Олон улсын байгууллагууд болон ХЭҮК дүгнэсэн. Тиймээс шүүхийн шийдвэргүйгээр баривчлах үйл ажиллагааг шүүхийн хяналтад бүрэн оруулах ёстой. Тиймээс энэхүү асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр орлоо.

-Ямар хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс шүүхийн шийдвэргүйгээр дур зоргоор баривчлагдаж байна вэ. Оргон зайлах, амиа хорлох эрсдэлтэй сэжигтэнүүд үү?

-Хүний амь нас хохироосон, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хохирол учруулах, мансууруулах бодистой холбоотой хэргүүд дээр энэ төрлийн баривчилгаа хэрэглэгдэж байна.

-Иргэн өөрийгөө хууль бусаар баривчлагдсан гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрх нээгдсэн үү?

-Гэмт хэрэг хэзээ ч, хаана ч, ямар ч тохиолдолд гардаг. Үүнийг үйлдэл дээр нь таслан зогсоож баривчлахгүй бол дараагийн хохирол учрах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, хохирогчын эрхийг сэргээхэд саад болдог учраас хэрэгтэнг хойшлуулашгүйгээр шууд баривчлах үйл ажиллагаа дэлхийн бүх улс оронд байна. Гагцхүү шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан талаар маш богино хугацаанд шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Тиймээс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үйл ажиллагааг хийсэн бол богино хугацаанд шүүхэд мэдэгдэх ёстой. Энэ зарчим одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд бүрэн эрх зүйн зохицуулалт нь тусгагдаагүй байсан. Тиймээс УИХ үүнд анхаарч сэжигтэнг баривчлах ажиллагааны нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өглөө. Энэхүү хууль хүний эрхтэй холбоотой, маш нарийн хүний эрхийн эмзэг асуудлуудыг хуульчилсан учраас үүнийг хэрхэн ойлгох, яаж хэрэглэх, эдгээрийн ач холбогдлыг хууль хэрэгжүүлэгч албан тушаалтнууд нэг мөр ойлгож байх ёстой.

-Иргэдэд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг таниулах ажил хангалттай явагдаж байна уу?

-Наймдугаар сарын нэгэн хүртэл шинээр мөрдөгдөж эхлэх хуулийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, нэгдсэн ойлголттой болгох хэрэгтэй. Мөн хуулийг үзэл баримтлалаас нь гажуудсан байдлаар тайлбарлаж хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үе шаттай сургалтуудыг зохион байгуулах хэрэгтэй. Харин сургалтуудыг хангалттай сайн зохион байгуулахгүй байна гэж ХЭҮК дүгнэсэн.

-Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж байгаа иргэд өөрсдийн эрхээ мэдэж байна уу?

-Хүн бүр эрүүгийн хэрэгт холбогдож магад гэж бодоод өөрсдөө хууль судлахгүй байх. Гэхдээ иргэн эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдолд мэдээлэл авах бүрэн боломжтой, нээлттэй байх ёстой. Тйимээс хууль зүйн туслалцаа үзүүлдэг байгууллагууд иргэд олон нийт рүү чиглэсэн энэхүү хуулийг сурталчлах, таниулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.

-Нэмэлт өөрчлөлтүүдээс энд дурдагдаагүй онцлох өөрчлөлт юу байна вэ?

-Хамгийн том өөрчлөлт нь хууль бусаар баривчлагдсан гэж үзэж байгаа хүн шүүхэд гомдол гаргах эрхийг энэхүү хуулиар нээж өглөө. Иргэн өөрийгөө хууль бусаар баривчлагдсан гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрх нээгдэж байна гэсэн үг. Өмнө нь зохицуулалт тодорхой бус байсан. Сэжигтэнг баривчлах ажиллагаа 48 цагийн хооронд явагдаж байдаг. Хууль эрх зүйн мэдлэгээс хамаарч 48 цагийн хугацаанд хоригдонгоо өөрийнх нь хувийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй байх тохиолдол байдаг.

Өмнө нь миний эрх зөрчигдсөн гээд шүүхэд гомдол гаргах гэхээр үүнийг хэрхэн хянаж шийдвэрлэх вэ гэдэг нь тодорхой байгаагүй. Наймдугаар сараас хэрэгжиж эхлэх хуулиар баривчилгаатай холбоотой гомдлыг арав хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй. Ямар хэрэгт холбогдсон, яагаад баривчлагдаж байгаа гэдгээ тайлбарлуулах эрхтэй. Өөрийг нь баривчилж байгаа үндэслэл, холбогдох материалуудаа гаргуулан авч танилцах эрхтэй болж байгаа юм. Хүний эрх талаасаа маш дэвшилттэй зохицуулалтууд орлоо. Хүний эрхийг дээдэлдэг улс орнуудын жишигт нийцсэн хууль. Одоо бид тэдгээрт нийцсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон DNN.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамиртай Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар ярилцлаа.


-Өнгөрсөн намрын чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хууль батлагдсанаар нийгэмд ямар ач холбогдол, үр нөлөө үзүүлэх вэ?

-Анх 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлан гаргасан. Харин УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Тийм учраас үүний хүрээнд УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан юм. Харин тус хууль энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

8Ò¿ð¿¿÷ íü I í¿¿ðò8

Өмнөх 2016 онд баталсан хууль зургаан бүлэг, 25 зүйлтэй байсан бол энэ удаад долоон бүлэг, 57 зүйлтэй болгосон. Нэг үгээр хэлбэл, хуулийн үйлчлэх хүрээг нэлээд өргөжүүлж өгсөн. Тухайлбал, хүүхдийг үл хайхрах хүчирхийллийн хэлбэрийг хуульчилж өгсөн нь маш чухал заалт болсон. Ер нь бол Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа хүүхэд манай улсын харьяат эсэхээс үл хамааран энэ хуулийн үйлчлэлд хамаарна. Мөн олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаадад амьдарч байгаа манай улсын харьяат хүүхдүүд болон 18-21 насны хүнд хүүхэд хамгааллын тусламж, үйлчилгээг үзүүлэхээр заасан. Дээрээс нь хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай тусламжийн, хамгаалах болон нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх гэсэн гурван үе шаттай байхаар тусгасан.

Гэр бүл, нийгэм, боловсролын орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах вэ гэдгийг тодорхой болгож, хэрэв зөрсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлж өгсөн. Ингэснээр хүүхэд хамгаалалд төр, иргэний нийгмийн байгууллага, гэр бүл, сургууль гээд нийгмийн бүхий л салбар хамтран ажиллах, уялдаа холбоог сайжруулах нөхцөл бололцоог хангаж, тэдний үүрэг, оролцоог хангаж өгсөн. Хуулийг олон нийтэд сурталчлан таниулах ажил одоо улс орон даяар хийгдэж байна. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл яамдуудаар явж, хүүхэд хамгааллын бодлоготой байх. Эцэг, эхийн зөвлөлийг байгуулах, ажил олгогч ажилтандаа хүүхдэдээ цаг зав гаргах боломжийг олгох ажлыг хийх зэргийг хуульчилж өгсөн.

-Гол, гол ямар чухал заалт байгаа вэ?

-Эцэг, эх хүүхдийнхээ эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дүрсний бичлэг, гэрэл зургийг зөвшөөрөлгүй бусдад дамжуулахыг хориглосон. Одоо чинь бид хүүхдүүдийнхээ бичлэг, зургийг цахим орчинд байнга оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг хориглосон. Хууль хэрэгжиж эхлэхээр энэ бүхэн хориотой, Зөрчлийн хуулиар шийдвэрлүүлэх зүйл болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн байгууллагууд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлнэ. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хүүхдээс тайлбар, мэдүүлэг, санал авах, биед нь үзлэг нэгжлэх хийх ажиллагааг нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон тусгай өрөөнд гүйцэтгэх учиртай. Мөн заавал хууль ёсны төлөөлөгчийг хамт байлцуулахаар зааж өгсөн байгаа. Сургууль, цэцэрлэг, боловсрол сургалтын байгууллага, дотуур байранд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүргийг холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн. Үүнд үе тэнгийн дээрэлхэлтийг оруулж өгсөн нь шинэлэг. Сүүлийн үед сургуулийн орчинд хүүхдүүд бие, биеэ дээрэлхэх, гадуурхах, доромжлох явдал нэлээд гарах болсон энэ үед энэ бол маш чухал заалт болох нь гарцаагүй.

-Хүүхэд хамгааллын хамтарсан баг гэж байдаг. Энэ багийн үүргийг хэрхэн тусгасан бэ. Хамрах хүрээг өргөжүүлж өгсөн үү?

-Энэ бүхнийг нэг бүрчлэн хуульд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Тэр тусмаа таны асуусан хамтарсан багт хэн, хэн орох, хэрхэн ажиллах гэдгийг тусгайлан зааж өгсөн. Хүүхэд хамгааллын кейс менежментийг ямар үе шаттай явуулах юм. Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах учиртай. Хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлага ямар байх зэргийг бүгдийг оруулсан. Мөн хуулийн дагуу сум, хороо бүр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүүхэд, гэр бүл хариуцсан нийгмийн ажилтантай болж байгаа.

-Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө та бүхэн бэлтгэл ажлууд хийж байгаа байх. Тэгэхээр нийгмийн ажилтны хүрэлцээ хэр байгаа вэ. Хүний нөөцийн хомсдолтой байгаа болов уу гэж харж байна?

-Ирэх оноос нийгмийн ажилтнууд ажиллаад эхлэхээр хүний нөөцийн дутагдал үүснэ гэсэн тооцоолол бий. Гэсэн хэдий ч нийгмийн ажилтнуудыг бэлтгэх ажлуудыг үе шаттайгаар хийгээд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Мөн одоо байгаа мэргэжилтнүүдээ давтан сургалтад суулгах ажил хийгдэж байна.

-Хүүхэд, гэр бүл хариуцсан нийгмийн ажилтнаар ажиллах хүмүүст тодорхой шалгуур тавих уу. Эсвэл тодорхой сургалтууд явагдах уу. Учир нь сүүлийн үед цэцэрлэгийн багш хүүхэд зодлоо гэх асуудал нэлээд гардаг болсон болохоор ингэж асууж байгаа юм?

-Нийгмийн ажилтнууд маань хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд голчлон ажиллах мэргэжлийн хүмүүс байгаа. Мөн бид мэргэжил дээшлүүлэх, давтан сургах ажлуудыг үе шаттай хийж байна.

-Хүүхэд хамгаалалд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо, хариуцлагын талаар хэрхэн тусгасан бэ?

-Хүүхдийг үл хайхрах хүчирхийллийг хуульчилсан гэж би хэлсэн. Дээр нь хүүхдийн дэргэд архидан согтуурах, архи уусан үедээ хүүхдийн байгаа газарт орохыг хориглосон. Хэрэв ингэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаар заасан байгаа. Хүүхдийг зодох бус эерэг аргаар хүмүүжүүлэх ёстой. Манай гэр бүлийн боловсрол олгохтой холбоотой 24 тусгай сэдэв байдаг. Энэ дотор хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхэд ямар арга хэрэглэх вэ гэдгийг заадаг.

Тиймээс манай 21 аймаг, есөн дүүрэг дэх нэгжүүдээс аж ахуйн нэгжүүд, ээж, аавууд энэ төрлийн сургалт авч болно. Мөн манай эцэг, эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа бол би чамайг төрүүлсэн, өсгөж байна гэх зэргээр хүүхэдтэй харьцдаг. Гэтэл энэ чинь аав, ээжүүдийн үүрэг. Эргээд хүүхдийг үл хайхарсан, доромжилсон үйлдэл болох нь байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Үе тэнгийн дээрэлхэлтийг хориглосон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хүүхдийн эрхийг томчууд зөрчихөөс гадна хүүхдүүд бие биенийхээ эрхийг зөрчих байдал их болсон. Тийм учраас үүнийг хуульчилж өгсөн. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023 боловсролын орчин дахь судалгааг хийсэн. Түүн дээр хэдэн хүүхэд архи уусан, хэд нь ялгаварлан гадуурхалтад өртсөн. Үе тэнгийн дээрэлхэлт хэр байна гээд бүгдийг гаргасан байгаа. Хэрэв хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд сургуулийн зүгээс ямар үйлчилгээ үзүүлэх ёстойг тухайлан зааж өгсөн. Өмнө нь ихэнх тохиолдолд гомдол гаргаагүй гэдэг шалтгаанаар тухайн хэргийг шалгадаггүй байсан. Харин энэ хуулиар гомдол гаргасан эсэхээс үл хамааран тухайн хэргийг шалгаад зөрчлийн болоод эрүүгийн шинжтэй байвал холбогдох байгууллагад нь шилжүүлнэ. Нэг ёсондоо мэдээллийн мөрөөр ажиллаад шалгана гэсэн үг.

-Танай байгууллагад хүүхдийн эрхийн зөрчилтэй гомдол, мэдээлэл хэр ирж байна. Эргээд ямар арга хэмжээ авч ажилладаг юм бэ?

-Гомдол, мэдээлэл манайд нэлээд ирдэг. Хүүхдийн тусламжийн 108 утсаар дамжуулан гомдол, мэдээллийг хүлээж авдаг. Ингээд эрсдэлт нөхцөлд орсон хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээг үзүүлээд явдаг. Мөн урьдчилан сэргийлэх хүрээнд сэтгэл зүй, эрүүл мэнд, хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг.

-Эцэг, эхчүүдийн хувьд өсвөр насны хүүхдүүдтэйгээ ойлголцоход төвөгтэй үеүд гардаг. Энэ үед танайхаас сэтгэл зүйн зөвлөгөө авч болох уу?

-Болно. Манай Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвөөр дамжуулан үнэ төлбөргүйгээр сэтгэл зүйн үйлчилгээ, оношилгоо хийж үзүүлдэг юм. Дээрээс нь бид ажилтнуудынхаа сэтгэл санааг хамгаалах үүднээс энэ үйлчилгээгээ мөн ажилтнууддаа үзүүлдэг. Учир нь тэд маань дандаа л хүний эмзэг, сэтгэл өвдөм зүйлсийг сонсож байдаг учраас өөрсдөө сэтгэл санаагаар унах, стресстэх үе гардаг юм. Манайд чинь Найрамдал зуслан, Өнөр бүл хүүхдийн асрамжийн газар, Хүүхдийн дуудлагын 108, Түр хамгаалах байрууд гээд олон газар харьяалагддаг. Тиймээс хүнд хэцүү үе тулгарсан хүүхдэд туслахын тулд ажилтнууд маань өөрсдөө эрүүл саруул байх ёстой гэж би хувьдаа боддог.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ө.Отгонбаатар: Сэтгүүл зүй улс төрөөс ангид байх ёстой DNN.mn

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Үүнтэй холбоотойгоор МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатартай товч ярилцлаа.


-Өнөөдөр тэмдэглэж буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн онцлог юу вэ?

-Энэ удаагийнх дэлхий нийтийн жишгийг дагаж байгаль экологи руу чиглэж байгаа. Үндсэн асуудал нь энэ. Манай МСНЭ-ийн хувьд анхаарах ёстой онцлог нэг асуудал байна. Тэр нь юу гэхээр Эрүүгийн хуулийн 13, 14 гэсэн зүйл заалтаар олон сэтгүүлч шоронгийн хаалга татахад хүрээд байгаа явдал юм. Тухайлбал, 20 орчим сэтгүүлч ийм асуудалд холбогдоод байна. Нэг редакцад гэхэд хүн гүтгэсэн гэдэг заалтаар 10-аад эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байх жишээтэй. Үүнээс дүгнэхэд, сэтгүүлчдэд хамгаалалт байхгүй болжээ. Сэтгүүлчийг барьж хорьдог, гэрийн хорионд оруулдаг, хэвлэн нийтлэх эрхийг нь боомилдог үйлдэл хэрээс хэтэрлээ. Тиймээс “Монголын хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” гэсэн уриан дор бүх сэтгүүлчдийн цуглааныг зохион байгуулж байна.

Энэ асуудлаар Олон улсын сэтгүүлчдийн холбоонд гишүүн байгууллагын хувьд хандаж үзлээ. ОУСХ-ноос зөвлөмж өгөхийг, тухайн асуудлаар шинжээч томилж өгөхийг хүссэн санал тавьсан юм. Бидний хүсэлтэд нааштай хариу илгээж, албан тоот ирүүлсэн байгаа. Үүнийгээ танилцуулна. Төр, засгийнхан өөрсдөдөө хэрэгтэй хуулиа л баталдаг. Үнэндээ зөвхөн Эрүүгийн хуулийн 13,14 дүгээр зүйл заалтаар зогсохгүй Хэмнэлтийн тухай хууль, Нууцын тухай хууль зэрэг 10 гаруй хуульд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг боомилсон заалт байна. Энэ бүхнийг эсэргүүцэж, сэтгүүлчдэд ээлтэй хууль батлуулахаар гарын үсэг зурахыг иргэд болон улс төрийн намуудад уриалж байна. Энэ асуудлаар Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байна.

-Тавдугаар сарын 3 дөхөөд ирэхээр нийгэм даяараа сэтгүүл зүйгээр амьсгалдаг. Энэ удаад ч жишиг давтагдаж байна. Арай өөр ялгарах онцлог байх хэрэгтэй биз дээ?

-Сэтгүүл зүйн толгой байгууллагын хувьд тавдугаар сарын 3-ны хувьд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болохоор эрхээ хамгаалахын төлөө тэмцдэг өдөр байг гэж бодож байгаа юм. Харин гуравдугаар сарын 6 бол Монголын сэтгүүлчдийн баярын өдөр гэхэд болно. Энэ жилийн хувьд 2024 оныг “Ёс зүйг эрхэмлэх жил” болон зарласан. Энэ хүрээндээ тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа. Сэтгүүлчийн ёс зүйн хүрээнд хэрхэн нийцэх талаар судалгаа хийж байгаа. Шууд хэлэхэд, манай сэтгүүлчдийн хувьд ёс зүйтэй нь ч байна, ёс зүйгүй нь ч байна. Харин албан ёсны судалгааны дараа энэ бүхэн тодорхой болж, дараачийн алхмаа тодорхойлоход хэрэг болно.

-Монголын сэтгүүл зүйг мөхөхөд туллаа гэж бичиж байна. Цахим ертөнцийн хов жив, мэдээгээр амьсгалдаг болчихсон энэ цаг үед редакцын бодлого, амьд сэтгүүл зүйг яаж авч үлдэх вэ?

-Мэдээж, иргэд бүхэн мэдэх эрхтэй. Гэхдээ аливаа мэдээлэл үнэн бодит, баримттай байх ёстой. Энэ зарчим алдагдаад байна. Мэргэжлийн сэтгүүлчдийн нэг гол алдаа нь түрүүлж мэдээлэх үүднээс түүхий мэдээ цацаж байгаа нь ийм байдалд хүргэсэн алхам болсон гэж хардаг. Өрсөлдөөнөөс цойлж гарах гэсэн үзэгдэл л дээ. Үнэндээ мэргэжлийн сэтгүүл зүй болоод сошиалыг ялгах хэрэгтэй. Ядаж мэргэжлийн сэтгүүл зүй нь 8-аас дээш хүнтэй редакцтай байх ёстой. Тэр нь бодлогоо тодорхойлдог, ядаж өглөөдөө шуурхайгаа хийдэг байх хэрэгтэй. Үүнийг дүрмэндээ оруулъя гэж бодож байгаа. Аливаа редакц ёс зүйтэй байх ёстой.

-Сэтгүүл зүйд хэн дуртай нь хувийн тоглолт хийдэг болчихлоо. Энэ том байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ. Улс төрөөс ангид байж чадах уу?

-Миний хувьд энэ салбарт 25 жил ажилласан байна. МСНЭ-ийн ерөнхийлөгчийг улс төрийн гишгүүр гэж хардаг ойлголт байдаг нь нууц биш. Тиймээс МСНЭ-ийн ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхдөө хэзээ ч улс төрд орж, УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ хэлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байсан. Тэр зарчмаасаа ухраагүй гэж боддог. Сэтгүүл зүй улс төрөөс ангид байх ёстой. Хэн нэгний халаасанд багтаж, улс төрд үйлчлэхгүйн төлөө ажиллах болно.

 

Н.Саранчимэг

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 3, Сугар гариг. Билгийн тооллын 25, Чөдөр одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 05:31 цагт мандаж 20:08 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Боолын хөдөлмөр гадаадад биш, Монголд байдаг юм шүү дээ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-05-03-ны баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Хууль бусаар баривчлагдсан гэж үзэж байгаа хүн бүр эрхээ сэргээлгэх боломжтой боллоо” хэмээснийг XI нүүрээс уншаарай.

“Импортын татвартай хамт ирээдүйгээ “тэг”-лэх вий” гэв. Энэ тухай I, III нүүрээс уншаарай.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир “Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Боолын хөдөлмөр гадаадад биш, Монголд байдаг юм шүү дээ” хэмээн өгүүллээ.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Цаашид биржээр арилжаалах зэсийн баяжмалын хэмжээг тогтмол нэмэгдүүлнэ” хэмээн ярилаа.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Сэтгүүл зүй улс төрөөс ангид байх ёстой” гэв.

ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ганцхан хамтлаг соёлын нөлөөллийн ажлыг хийж чадаж байхад 400 тэрбумын санхүүжилттэй Засгийн газар муу ажиллаж байна

  • Начны найрааны ханш 800 саяд хүрсэн үү?

Ц.Тамир “Хуурамч мэдээллийн 90 хувь нь фэйсбүүк, твиттерээр таван хувь нь л хэвлэлээр цацагддаг” гэснийг “Цаг үе, үйл явдал” нүүрээс уншаарай.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Их сургуулийн хотхонд мөргөлдөөн болжээ


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Богдхан уул, Хийморийн овоонд цугларсан хадаг, туг, дарцгийг цэвэрлэв DNN.mn

Монголчууд өнө эртнээс байгаль дэлхийдээ тавгийн идээ, цагаан сүүний дээжээ өргөж ажил үйлсээ даатган залбирдаг уламжлалтай.

Гэвч сүүлийн жилүүдэд Хийморийн овоо болон бусад газарт иргэд, сүсэгтэн олон, аялагчид хадаг, дарцаг, туг хийсгэх, өлгөж уях, арц, хүж, гал асаагуур зэргээр байгальд эрсдэл учруулж, бохирдуулж байна.

Иймээс Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, албан хаагчид Хийморийн овооны орчинд цугларсан хадаг, туг, дарцгуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Иргэд, аялагчид, сүсэгтэн олон та бүхэн зэрэгцэн оршиж буй байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэж хог тарихгүй байж Үндсэн хуулинд заасан иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.