Сүүлийн 50, 60 жил тохиогоогүй зуд өнгөрсөн өвөл боллоо гэдгийг малчид хэлдэг. Өнгөрсөн намрын сүүлээр орсон цас хайлж амжилгүй нэмж орсоор өвлийн сартай золгосноос болж зуд болох эхлэлийг тавьсан. Улмаар Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлд дарагдсан. Тэгвэл хайлж дуусахааргүй тэр их цас өдгөө цагийн аясаар газарт чийг болон нэвчжээ. Хаврын адаг сар дундаа орж байгаа энэ өдрүүдэд бид өвлийг хүндхэн давсан Төв аймгийн Баянхангай сумыг зорьж, малчдын аж амьдрал ямар байгааг сурвалжиллаа. Баянхангай сум буюу хүмүүсийн сайн мэдэх хуучнаар Атарын сангийн аж ахуй Улаанбаатараас баруун тийш 80 гаруй км зайтай. Хотоос гараад тус сум руу явах зуур замын хажуугийн жалга, судгаар ногоо ургасан харагдана. Харин Хүй долоо худаг орчмоор ихэнх газартаа ногоон туяа татсан байгаа нь анзаарагдлаа. Зам зуур үс зүс нь ноолорчихсон, тамиргүйхэн адуун сүрэг хагд өвс зулгаан гэлдэрнэ. Харин бог малын хувьд жалга судгийн шинэ ногоо зулгаасан аятай төлөө дагуулан шалбааг ус руу шогшино. Тал дүүрэн бэлчих таван эрдэнэт сүрэг энэ хавар энд тэнд тав, арваадханаараа тамиргүйхэн харагдах нь хатуу цагийг бид хэд л арай ядан давлаа гэсэн шиг сажилна. Хотоос гараад Баянхангай орох 80 гаруй км замд үхсэн малын сэг, зэм нэг ч ажиглагдсангүй. Орон нутгийн онцгой комисс, байгаль хамгаалагчид, нутгийн иргэд, малчид тэр олон малын сэг зэмийг бүрэн цэвэрлэж дууссан бололтой. Ямартаа ч шинэ бүхний эхлэл хавар цаг одоо л дөнгөж эхлэх гэж байгаа аятай санагдана. Бид Атараас хойшоо хуучин засмал замаар тав орчим км яваад Баянхангай сум орлоо. Сумын төв эл хуль. Харин сумын захиргааны үүдэнд автомашин цөөнгүй зогссон нь харагдлаа. Очоод үзвэл тус сумын Иргэдийн өргөтгөсөн хуралдаан болж байв.
БАЯНХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА С.БАЯРМАА: ЗУДНААР МАЛАА АЛДСАН ӨРХҮҮД ХОТ РУУ ЯВСАН БОЛ МАЛТАЙ ҮЛДСЭН НЬ ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ГЭЖ ЯРЬДАГ БОЛСОН
Хэсэг хүлээсний дараа Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмаатай сум, орон нутгийн хаваржилт ямар болж байгаа талаар ярилцлаа.
-Танай сумын хувьд хэчнээн тоо толгой малтай юм бэ. Түүнээс өнгөрсөн өвөл, энэ хавар хэд нь хорогдчихоод байна вэ?
-Манай сумын хувьд нийт 84 мянган толгой малтай. Түүнээс 10 гаруй хувь буюу 8-9 мянган мал зүй бусаар хорогдсон. Цаг хатуу үед Улсын онцгой комиссоос үнэтэй, үнэгүй хивэг, тэжээл, улаанбуудайг манай суманд олгосон. Түүнийг нь бид малчиддаа тэгш хүртээмжтэй байдлаар мөн тараасан байгаа.
-Улсаас олгогдсон өвс тэжээл, улаанбуудайг зарим сумдад үнэ нэмж малчдад зарсан гэх хэл ам гарсан. Танай суманд ийм асуудал үүссэн үү?
-Энэ асуудалтай холбоотойгоор хяналт шалгалтууд хийгдсэн. Уг хяналтын дүнгээр манай сум харьцангуй шударгаар өвс тэжээлийн хуваарилалтыг хийсэн гэж гарсан. Зарим сумдад үнэ төлбөргүй олгох ёстой өвс, тэжээлийг үнэтэй өгөх, зарим тохиолдолд ах дүү, танил талдаа олгосон гэх хэл ам их гарч байгаа юм билээ. Бүр өөрсдийнхөө намын малчдад өгсөн атлаа бусад малчдад өгөөгүй гэдэг зүйл ч гарч ирсэн. Манай сумын хувьд тийм асуудал огт гараагүй. Тийм хэл ам, шүүмжлэл ч иргэдээс ирээгүй. Бидний хувьд улсаас өгсөн шийдвэрийн дагуу зарим өвс, тэжээлийг тавин хувийн хөнгөлөлттэй үнээр өгсөн. Заримыг нь үнэгүй олгосон.
-Одоо яг танай суманд хаваржилт ямар болж байна вэ. Мал төллөлт үргэлжилж байна уу, дууссан уу?
-Манай сумын хэмжээнд 40 мянга гаруй эх мал төллөхөөр байгаагаас яг одоогийн байдлаар 16 мянган эх мал төллөсөн. Нийт дүнгээрээ мал төллөлт 40 орчим хувьтай байна. Гэхдээ цаг хатуу орсон учраас жилбэгүй мал төллөх, хээл хаях тохиолдол маш их байна. Өөрөөр хэлбэл, малын зүй бус хорогдол үргэлжилсээр л байгаа гэсэн үг. Эрт цас дарж, хүйтэрсэн. Үүнээс болоод энэ хавар угтаа өнгөрсөн намрын өвс яг тэр хэвээрээ цас хайлахад гарч ирсэн. Энэ өвстэй золгож л малын өл сая нэг дарагдсан. Гэвч хаврын сар дуусах дөхөж байна. Гэтэл огт дорвитой дулаарч өгөхгүй байгаа нь хаваржилтыг хүндрүүлж байна уу гэж харж байгаа.
-Яг одоо малчдад тулгамдсан асуудал юу байна вэ. Түүнийг нь сум, орон нутгийн хувьд хэрхэн шийдэж байна?
-Сайхан сэтгэлтэй хүн бүхэн л малчдадаа туслах аяныг өрнүүлсэн. Энэхүү аяны хүрээнд манай суманд малчдадаа туслах 12 сая төгрөг цугларсан юм. Энэхүү хөрөнгөөр малчдадаа хэрхэн туслах уу, яг одоо малчдад ямар тусламж дэмлэг хэрэг болж байна вэ гэдгийг бид судалсан. Яг одоогийн байдлаар хаврын мал төллөлт ид явагдаж байна. Тиймээс малчдад төлийн сүү гэдэг зүйл маш их шаардлагатай байгаа. Цаг хатуу орсон жил эх малын хувьд ямар ч тамиргүй болдог. Үүнээсээ болоод зарим нь төлөө гаргаад үхдэг бол, зарим нь төлөө гаргасан ч хөхүүлэх сүүгүйгээс болоод төл малын хорогдол их явагддаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд төлийн сүү малчдад нэн шаардлагатай болдог. Тэр утгаараа хандиваар цугларсан 12 сая төгрөгөөр төлийн сүү худалдан авч малчдадаа тараасан. Сумын хувьд мал бүхий 270 орчим өрхтэй.
-Танай сумын хувьд их хотоос холгүй оршдог. Тэр утгаараа малынхаа ихэнхийг хорогдуулчихсан айл өрх Улаанбаатар хот руу шилжсэн тохиолдлууд байгаа юу?
-Мэдээж бий. Малаа зуднаар алдана гэдэг бол малчин өрхийн орлого тасарна гэсэн үг. Тиймээс малчдын орлого саяны зуднаар огцом буурсан. Үүнээс болоод хот хүрээ орж цалинтай ажил хийе гээд явсан хүмүүс бий. Нөгөөтэйгүүр орон нутгийн иргэдийн хувьд ажлын байрны хомсдол их байгаа. Цөөн малтай залуу өрхүүд бол хот хүрээ орж ажиллах нь ихэссэн. Харин олон малтай өрхүүдийн хувьд ер нь тооны араас биш, чанартай цөөн малтай байсан нь илүү ашигтай юм байна гэдгийг ярьж байгаа. Нөгөө эрчимжсэн мал аж ахуй руугаа оръё гэдгийг нэлээд ярьдаг болсон. Гэхдээ малчдын хувьд байнга л яриад байдаг шигээ биш, ёстой нөгөө зовлонг туулж байж мэдэрнэ гэдэг шиг энэ жилийн хувьд арай өөрөөр асуудалд ханддаг болсон нь анзаарагдаж байгаа.
НООЛУУР 150-160 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
-Хаврын цагт малчдын орлогын гол эх үүсвэр бол ноолуур. Ноолуур танай суманд ямар ханштай байна. Айлууд ямаагаа самнаад дууссан уу?
-Айлууд ямаагаа самнаад эхэлчихсэн. Гэхдээ бас эхлээгүй айлууд ч байна лээ. Одоо эхлүүлэхгүй бол ноолуураа хаяад дуусна. Дагаад ханш нь өдөр ирэх тусам л унах эрсдэлтэй байдаг болохоор ямаагаа самнаад эхлэхгүй бол болохгүй гэсэн айлууд их байгаа. Манай сумын хувьд нэг килограмм ноолуур 150-160 мянган төгрөгийн ханштай байгаа. Ноолуураа авч байгаа. Харин бусад малын гаралтай дайвар бүтээгдэхүүнүүдийн хувьд үнэ алга. Үүнийг л үнэд оруулчихвал малчдын орлого эрс нэмэгдэх юм. Өнөөдөр манай малчид малынхаа юуг нь зарж байна вэ гэж. Эмээлт рүү очоод, эсвэл Эмээлтээс нэг ченж дуудаад л хамгийн том хонио 200-250 мянган төгрөгөөр л өгч байна. Тэгээд л болоо. Хавартаа хэдэн кг ноолуур зарна. Өөр үнэхээр орлого олж байгаа зүйл огт алга. Тиймээс ядаж малын гаралтай түүхий эдийг нь үнэд оруулах асуудал юу юунаас илүү чухал байна.
-Малчдын хувьд хавар ноолуурнаас, намар махнаас л хэдэн төгрөг олж болж байгаа гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Бусад үед малчдад олдог орлого гэж алга. Сүү, цагаан идээ л гэдэг. Үнэндээ бас борлуулагдах зах зээл нь агшчихсан байгаа шүү дээ. Ерөөсөө л малынх нь хаягдаад, үнэгүйдээд байгаа зүйлийг л мөнгөтэй болгочихвол малчдын орлого нь дагаад нэмэгдэнэ. Орлого нэмэгдээд ирвэл тэр чинээгээрээ заавал олон мал маллаад байх шаардлагагүй болно гэсэн үг. Зөвхөн махнаас нь мөнгө олоод байгаа болохоор малынхаа тоог өсгөхийн төлөө яваад байгаа юм шүү дээ. Тэгвэл махнаас нь гадна арьс шир, сүү, цагаан идээ, өөх, тос, гэдэс дотор, эвэр туурай гээд бүгдийг нь үнэлээд өгчихвөл заавал олон малтай байх шаардлагагүй юм байна гэдэг суурь хандлага өөрчлөгдөнө. Энэ бол эрчимжсэн мал аж ахуй руу шилжих суурь тогтолцоо болов уу. Яг одоогийнх шиг малын дайвар бүтээгдэхүүн үнэгүй байгаа энэ цаг үед малынхаа чанарыг сайжруулаад эрчимжсэн мал аж ахуй руу шилжих нь өөрөө малчдад ямар ч ашиггүй байгаад байна гэсэн үг. Тиймээс малчдын орлогыг нэмэгдүүлэх мал аж ахуйн салбарын бодлогын том шинэчлэл хэрэгтэй.
-Атарын сангийн аж ахуй гэж алдаршсан Баянхангай сумын хувьд энэ жилийн хаврын тариалалт ямар байгаа вэ. Тариалалтын ажил эхэлсэн үү?
-Манай сумын хувьд нийт 32 мянган га тариалангийн газартай. Үүнээс яг одоогийн байдлаар эргэлтэд оруулаад ашигладаг 8.2 мянган га талбай бий. Энэ сарын 19-нд бид сумынхаа тариаланчдын зөвлөгөөн хийсэн. Энэхүү зөвлөгөөнөөр нэг зүйл яригдсан нь нийт эргэлтийн талбайнхаа хэдэн хувьд рапс тарих ёстой вэ гэдгээ тогтоосон. Тэгэхгүй бол рапс тарих хүмүүс замбараагаа алдсан байна. Ингээд эзэмшдэг талбайнхаа 20-иос доошгүй хувьд рапс тарихаар тогтосон. Жишээ нь 1000 га газартай хүн 200 га-д нь рапс тарина гэсэн үг. Одоогийн байдлаар хаврын тариалалт хараахан эхлээгүй байна. Шөнөдөө хүйтэн хоноод байгаа учраас хаврын тариалалт нэлээд хойшлох төлөвтэй байна. Энэ жил бидний хувьд хүнсний ногоо, хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Нөгөөтэйгүүр аймгийн хэмжээнд энэ жил төмсний үрийн шинэчлэлтийг хийж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын элит сортын үр манай аймагт таригдана гэсэн үг.
-Саяхан тариаланчдын зөвлөгөөн боллоо гэж байна. Энэхүү зөвлөгөөнөөр тариаланчид гурилын үнийн асуудлыг юу гэж ярьж байна вэ?
-Миний хувьд өөрөө тариаланч хүн. Тэр утгаараа тариаланчдын эсрэг зүйл ярьж байж магадгүй. Тэгэхээр Монгол Улсад гурилын үнэ үнэхээр өндөр байгаа. Тариаланч бидний улаанбуудайг гурил үйлдвэрлэгчид стандарт, шаардлага хангахгүй байна, цавуулаг нь ийм тийм гэж байгаад хямд үнээр авчихдаг. Тариаланчдын хувьд ямар их хүч хөдөлмөрөөр тэр тариаг ургуулдаг билээ, хурааж авдаг билээ. Гэтэл тэрийгээ гурил үйлдвэрлэгчдэд бараг зүгээр шахуу өгчихөж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, гурил үйлдвэрлэгчид тариаланчдыг зүгээр л “дэвсэлдэг” байхгүй юу. Хямд үнэтэй болохоор зарим тариаланчид буудай зарж чадахгүй, одоо ч хүртэл агуулахад нь хадгалаастай байдаг юм билээ. Тиймээс гурилын үнийн асуудалд яах аргаггүй хязгаарлалт тогтоохгүй бол манайх шиг өндөр үнэтэй гурил иддэг ард түмэн гэж байдаггүй юм гээ биз дээ.Угтаа өөрсдөө тариад байдаг. Улсынх нь хүнсний хамгийн номер нэгт нь энэ улаанбуудай гэдэг зүйл ордог гэж байгаа.
-Ерөөсөө гурилын үнэ өндөр байгаа шалтгаан нь гурил үйлдвэрлэгчтэй холбоотой гэж ойлгож байна уу?
-Эд нар чинь л монополь тогтоочихоод энэ салбарыг чиглүүлээд сууж байгаа. Зөвхөн ашиг, орлогоо бодохоос биш мань мэт шиг тариаланчдыг боддог зүйл огт байхгүй юм билээ.
СУМЫН АВАРГА МАЛЧИН Ч.ОЧИРСҮХ: МАЛ ТӨЛЛӨӨД ДУУССАН Ч ИХЭНХ НЬ ХЭЭЛ ХАЯЛАА
Бид энэ үеэр Төв аймгийн Баянхангай сумын аварга малчин Ч.Очирсүхтэй ярилцлаа.
-Ойрын 50, 60 жил үзээгүй зуд боллоо гэлээ. Өнгөрсөн өвөл цаг хүндрэхийг ер нь тооцоолж байсан уу?
-Цас их дарна л гэж бодож байснаас биш ингэтлээ хүндэрнэ гэж төсөөлж байсангүй шүү.
-Цаг хүндрэхийг тооцсон бол намар малаа ахиухан гаргах байсан юм биш үү?
-Гаргаагүй биш бас ч гэж гаргасан л даа. Ер нь манай нутагт цастай л жил болдог юм. Гэхдээ өнгөрсөн өвөл арай л чанга болчихсон.
-Танайх банкны зээлтэй юу?
-Байгаа, байгаа. Цаг уурын хүндрэл шиг малчны зээл бас бидэнд хүндхэн л байна. Гэхдээ авч болсон юм байна төлж бас болох л байлгүй.
-Засаг, төрөөс шийд гараагүй ч малчдын зээлийг тэглэе, хойшуулъя гэдэг зүйл ярьж байна. Үүнийг та дэмжиж байгаа байлгүй дээ?
-Яриад л байх юм билээ. Үнэхээр ярьж байгаа шигээ бидний зээлийг тэглэчихвэл асар том нэмэр болно шүү. Үнэхээр нэг удаадаа бидний зээлийг тэглээд өгчихвөл хэрэгтэй л байна.
-Төлтэйгөө нийлээд хэчнээн богтой байна вэ?
-Нийлээд 300 орчим болж байна уу даа. Мал төллөөд ер нь дууссан. Ихэнх нь хээл хаялаа. Тэр дундаа ямаа хээл их хаялаа даа.
-Яагаад ямаа гэж?
-Хүйтдээд, хэвтэр муудаад хээл их хаяж байна. Манайх энэ хавар цөөхөн ишиг авч байна даа.
-Ихэнх малаа зүй бусаар хорогдуулж байхаар эрчимжсэн мал аж ахуй руу шилжчихвэл яадаг юм бэ?
-Уг нь тоо биш, чанараа сайжруул гэдэг нь зөв л дөө. Чанартай цөөн малтай байхад бидэнд ч амар. Хэт олон малын араас навсганаж гүйхгүй, тийм үү. Гэхдээ цөөн чанартай малтай байх тусам л орлого багасна. Бид чинь малынхаа махыг л мөнгө болгож байгаа хүмүүс. Түүнээс биш арьсыг нь, гэдэс дотрыг нь гээд тус тусдаа үнэд оруулж байгаа зүйл байхгүй. Хуучин хонины нэхий үнэтэй л байдаг байлаа. Одоо ч жалга, хогийн цэг дээр л хаядаг болсон байна. Тэгэхээр малынхаа тоог цөөллөө гээд яах ч юм билээ.
-Ямаагаа самначихсан уу, хэчнээн ямаа самнав. Ноолуурын үнэ ханш гайгүй байна уу?
-Ямаагаа өнгөрсөн долоо хоногт самначихсан. Манайх нийтдээ 100 гаруй ямаа самнав уу, яав. Нэг килограммыг нь 155 мянган төгрөгөөр өгсөн. 50-иад кг ноолуур гарсан. Тэгээд бодоход найм орчим сая төгрөг болсон уу. Тэрийгээ тэгээд банкинд бариад өгчихсөн. Өөрсдөдөө наасан зүйлгүй л алга болсон доо. Гэхдээ энэ жилийн ноолуур их хөнгөн гарсан.
-Хөнгөн гарсан гэхээр чанар нь муудсан гэсэн үг үү?
-Үгүй ээ цас ихтэй, хавар нь салхи шуурга багатай, чийгтэй болохоор тоос шороо босох нь бага. Тиймээс ноолуур хөнгөрчихдөг юм.
-Цэвэр ноолуур гарсан юм биш үү?
-Тэгж ойлгож болно.
Э.МӨНХТҮВШИН