УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өчигдөр Монголбанкны удирдлагуудыг шалгуулахаар Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргасан. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Монголбанкны удирдлагуудыг яагаад шалгуулахаар болж байгаа юм бэ?
-Банкны тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 28-нд нэмэлт, өөрчлөлт орсон. Ингэхдээ гол гурван заалт оруулсан. Нэгдүгээрт, банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг багасгах, дээд тал нь 20 хүртэлх хувийн хувьцаа эзэмшдэг болгох. Хоёрдугаарт, банк банкнаас өөр төрлийн бизнес эрхлэхийг хориглож өгсөн. Гуравдугаарт, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр иргэд том банкуудын хувьцаа эзэмшээд хяналтаа тавиад явна гэсэн үг. Үүнд зөвхөн Төв банк биш, Санхүүгийн зохицуулах хороо давхар хяналт тавиад явах учиртай. Ингэснээр банкны монополь байдал нь задарна.
Хэрэв 20 хувь дээрээ дотоодоос хөрөнгө оруулагч олж чадахгүй байгаа бол гадаадаас мэргэжлийн хөрөнгө оруулагчид татах боломж нээгдэнэ. Гадаадын банкууд оруулж ирэх боломжтой болно. Үүний үр дүнд банкуудын өөрийн хөрөнгийн үзүүлэлтүүд сайжирна. Зээлийн хүү буурч, хүртээмж нэмэгдэх үндэслэл бүрдэх учиртай юм. Энэ хуулийн хэрэгжих хугацаа ноднин жилийн 12 дугаар сарын 31 байсан. Гэтэл энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хуулийн үйлчлэх хугацаа дотор нь өргөн бариагүй. Дээрээс нь Монголбанкны одоогийн удирдлагууд энэ хуулийг хэрэгжүүлэх сонирхол байхгүй байна гэж надад харагдаад байгаа юм. Тийм учраас ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгаж өгөхийг хүссэн хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргалаа. Төв банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог. Тиймээс цаашдаа энэ хоёр хүн дээр УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, хуулийг хэрэгжүүлээгүй үндэслэлээр ажлаас нь түдгэлзүүлэх, огцруулах арга хэмжээ авна гэж бодож байгаа.
-УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ хуулийн хэрэгжилтийн хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31 болгох төсөл өргөн барьсан. Өмнө нь энэ хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаагүй гишүүн яагаад гэнэт ийм төсөл өргөн барих болов?
-Хуулийн хэрэгжилтийн хугацаа хэтэрчихсэн болохоор манай арилжааны банкууд бүгд хууль зөрчсөн болчихоод байгаа юм. Нэгэнт хууль зөрчсөн болохоор олон улсын санхүүгийн байгууллагууд мөнгөө буцаан татах нөхцөл байдал үүсч байгаа. Бараг 1.4 тэрбум ам.долларыг эргүүлэн татагдана. Тийм учраас бид сунгаж өгөх хэрэгтэй боловч хоёр нөхцөл зайлшгүй байх ёстой. Нэгдүгээрт, одоо байгаа удирдлагууд огт хийхгүй юм байна. Хоёрдугаарт, 2026 оны 12 дугаар сарын 31 гэсэн ганцхан он, сар тавих биш нэгэнт сунгаж байгаа бол хүрэх зорилго, хувьцааны задралаа ийм болго, өөр төрлийн бизнес хийхээ больсон байх ёстой зэрэг зүйлсийг нь бичиж өгөх ёстой байсан. Харин ганцхан он, сар тавьсан болохоор дахиад л хуулийг хэрэгжүүлж амжсангүй гэдэг зүйлийг ярих боломжийг өгчихөж байгаа юм.
-Хэрэгжилтийг сунгасан төсөл өргөн барьсан нь банкуудын лобби байх боломжтой юу?
-Түрүүн хэлсэнчлэн мөнгө татагдах эрсдэл бий болчихсон учраас том эдийн засгаа харах юм бол сунгаж өгөхөөс өөр аргагүй байдалд орчихоод байгаа юм. Гэхдээ хуулийг хэрэгжүүлээгүй нь Монголбанкны удирдлагууд тодорхой хэмжээний лоббид орсон болов уу гэдэг хардлага надад төрөөд байгаа юм. Тийм ч учраас УЕП-т гомдол гаргасан.
-Банкууд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох нь иргэдэд ямар ач холбогдолтой вэ?
-Зээлийн хүү буурна. МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг 12 хувиас хэтрэхгүй болгоно гээд орчихсон. Үүнийг биелүүлэх гэж энэ хуулийг баталсан. Гэтэл хууль нь хэрэгжээгүй болохоор зээлийн хүү буурахгүй байгаа юм. Жишээлбэл, оны дараахан өндөгний импортын татварыг 20 хувь болгосноор оны өмнө 550 төгрөг байсан өндөг өнөөдөр 800 төгрөг болчихсон байна. Өрсөлдөөнийг хязгаарлах нь ямар үр дүнд хүргэдэг вэ гэдгийг эндээс харж болно. Тэгэхээр өрсөлдөөн хязгаартай байгаа болохоор зээлийн хүү өндөр байгаа юм. Гадны банк орж ирэхгүй бол мөн л зээлийн хүү өндөр байна. Ердөө 4-5 том системийн банк нь зах зээлийнхээ 95 орчим хувийг атгачихаар зээлийн хүртээмж нэмэгдэж, хүү нь буурахгүй байгаа юм.
-Банкууд банкнаас өөр бизнес эрхлэхгүй байх ёстой гэсэн. Гэтэл амьдрал дээр банкууд бүх төрлийн бизнесийг хийж байна шүү дээ?
-Энэ хуульд уг нь хатуу зохицуулалт оруулсан юм. Тухайн банкны эзэмшиж байгаа банкнаас өөр бусад төрлийн бүх бизнесээс татгалзсан байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Ингэснээр бизнесийн орчин эрүүл болно. Одоо чинь банкууд зам тавьж байна. Төмөр зам барьж, хэвлэлийн компани хүртэл ажиллуулж байгаа. Энэ хэмжээгээр тэр салбарт бизнес хийх орчин хумигдаж байгаа юм. Тэр их мөнгөний өөдөөс өөр ямар ч бизнес өрсөлдөөд нэмэргүй.
-Монголбанкинд ажилладаг хүмүүс ямар нэгэн байдлаар банктай холбоотой. Банк бус санүүгийн байгууллага ажиллуулдаг гэж ярьдаг?
-Бүгдээрээ л ингэж ярьдаг. Тэгэхээр чинь л ашиг сонирхлын зөрчил байна гэсэн үг. Банкнаас арай бага хувийн хүүтэйгээр зээл авч, түүнийгээ банк бусаар дамжуулан гаргадаг ч юм уу. Энэ байдлыг л тогтоож, шалгаж өгөөч гэж прокурорт бичиг өгсөн. Бид өмнө нь маш их ярьсан хэрнээ шалгуулах хүсэлт, гомдол гаргаж байгаагүй юм билээ.
-Уг нь хувьдаа банк бустай байх нь хуулиар хориотой юу?
-Хуулиар хориотой. Гэхдээ Монголбанкны бүрэн эрхийг хамгаалж, хараат бус байлгах үүднээс 5-6 хуулиар хамгаалсан байдаг юм. Үүнийг л ашиглаад байна гэсэн үг.
-Гадаадын банк оруулж ирэх дээр юу хэлэх вэ. Хоёр талтай маргаан дагуулдаг сэдэв шүү дээ?
-Гадаадын банк байхгүй Монгол, Хойд Солонгос хоёроос өөр орон дэлхийд үлдсэнгүй. Өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа монополь хүчин байгаа учраас гадаадын банкийг оруулж ирэхгүй байгаа юм.
-Энэ чуулганы хугацаанд амжиж Монголбанкны удирдлагуудыг огцруулж чадах болов уу?
-Ер нь бол амжуулна гэж бодож байна. Нэгэнт энэ хуулийг батлуулсан. Ард нь гарна. Уг нь чуулганы бүрэн эрхийн хугацаанд хэрэгжиж дуусахаар энэхүү хуулийг зохицуулсан юм. Одоо хуулийг сунгалаа гэж бодоход энэ хуулийг хэрэгжүүлэх чадвартай, сэтгэлтэй, хуулийг хүндэтгэдэг хүмүүсийг тавих ёстой.
-Өнгөрсөн хугацаанд банкуудын зүгээс элдэв дарамт, лобби хэр ирсэн бэ?
-Энэ хуулийг анх батлагдаж байхад л миний зургийг талбай дээр шатааж байлаа шүү дээ. Жагсаал хийж, инфлюнсерүүд гарч ирээд энэ хүн хулгайч гэж дайрсан. Өнөөдрийг хүртэл байнгын л нүдэж байна.
-Эдгээр лобби, дарамтуудын эсрэг юу хийж байна вэ?
-Гишүүдтэйгээ л хамтарч ажиллана. Гишүүд маань ч нөхцөл байдлыг хараад ойлгож байгаа байх. Бид чинь ард түмэндээ амласан шүү дээ. “Монгол хүний за бол андгай буй за” гэсэн Б.Ренчин гуайн үг хүртэл бий. Банкны реформыг хийнэ. Зээлийн хүүг бууруулна. Өрсөлдөөний орчныг нэмэгдүүлнэ гэж бид амласан. Намын мөрийн хөтөлбөрт орсон зүйл. Үүнийг чинь хэрэгжүүлэхгүй бол бид ямар нүүрээрээ тойрог дээрээ буцаж очих юм.