Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Энэрэл: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж болохгүй DNN.mn

Улс төрийн боловсрол олгох “UnFilter” подкастын үүсгэн байгуулагч, сэтгүүлч нийтлэлч Э.Энэрэлтэй ярилцлаа.


-Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар парламент 126 гишүүнтэй болно. Тойрог томорсноор саналын хуудас дээр бичигдэх нэр дэвшигчдийн жагсаалт нэмэгдэж байгаа. Сонгогчид яавал төөрч будилахгүйгээр саналаа өгөх вэ?

-Сонгуульд оролцоно гэдэг нь хэсэг бүлэг хүмүүс сонгогдох эрхээ эдэлж, хэсэг бүлэг хүмүүс сонгох эрхээ хэрэгжүүлж байгаа үйл явдал юм.

Сонгох эрхээ эдэлж байгаа иргэн бүрийн хувьд алдаа мадаг гарахгүй, нэгж иргэн таны санал үнэгүйдэхгүй байх нь нэн чухал. Бас өөрийгөө төлөөлүүлж элч болгон илгээж байгаа учраас тэр хүн итгэл даах, нийгмийн бүлгээ төлөөлж чадах хүн байх ёстой. Тэгэхээр тийм итгэл даах хүнийг намууд нэр дэвшүүлж өгөх ёстой.

Одоогоос жилийн өмнө иргэдийн дэмжлэг хангалттай биш байхад энэ парламент маань нэгж гишүүнд ирдэг эрх мэдлийг сааруулна, парламентын төлөөлөх чадварыг сайжруулна гэсээр Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосныг бүгд мэдэж байгаа. Иргэдийн хувьд үнэхээр сайжрах юм бол яамай даа гэсээр дуулгавартайгаар тэр өөрчлөлтийг хүлцсэн. Гэхдээ одоо намуудын нэр дэвшүүлэх үйл явц, яригдаж байгаа хүмүүс, сонгуулийг бүсчилсэн тойрог болгож асар том тойрог руу шилжүүлсэн зэргийг харахад хангалттай үр дүн харагдахгүй л байна. Манайх өмнө нь томсгосон мажоритор тойргоор хоёр ч удаагийн сонгуулиа өгч байсан ч анх удаа бүсчилсэн буюу хэдэн аймгууд нийлж, зарим дүүргүүд нийлсэн ийм хэлбэрээр төлөөлүүлэн саналаа өгөх гэж байна. Үүнийг судлаачид дэлхийд байдаггүй жишиг гэж байгаа. Эрх баригчид маань бүсчилсэн хөгжилтэй холбож юм, юм яриад л байгаа. Өнгөрсөн жил суурь хуулиуддаа дэвшилтэт өөрчлөлтүүдийг хийсэн ч, сонгууль дөхүүлж байгаад ямар хэлбэрээр явуулбал өөрсдөдөө ашигтай байх вэ гэж тооцоо гаргаж шийдсэн бүсчилсэн тойрог зарим нэг хүндрэлүүдийг яах аргагүй бий болгож байна.

Жишээлбэл энэ удаагийн холимог тогтолцоогоор, 10 мандаттай тойрогт наад зах нь 250 хүний нэрсээс өөрийгөө төлөөлүүлэх хүнээ сонгоно. Дээрээс нь нам эвслийг сонгоно. Энэ бол өмнө нь сонгогчдод ирж байгаагүй том даалгавар учраас төөрч будилах нь тодорхой. Угаасаа төөрч будилах эрхийг нь иргэдэд өгөх хэрэгтэй. Маш сайн мэдээллээр хангах хэрэгтэй. Арван мандаттай газар есөн хүнд санал өгсөн бол, нэг нам эвслээс илүүг тэмдэглэсэн бол таны саналын хуудас хүчингүй болно. Яг тэр өдөр хэрэв та андуурч бичээд саналын хуудсаа хүчингүй болговол нэг удаа солих эрх нээлттэй шүү, айж ичих хэрэггүй чөлөөтэй хэлээд аваарай гэдгийг хүмүүст хэлж өгөх хэрэгтэй. Цаг хугацаанд баригдалгүй тайвнаар сонголтоо хийх боломжийг ч хангах учиртай. Иргэдэд хандаж хэлэхэд энэ бол таны төрийн эрхийг албан ёсоор барих үнэт эрхээ өөр хүнд албан ёсоор төлөөлүүлэн шилжүүлэн өгөх гэж байгаа хариуцлагатай үе учраас тэнд очоод танил харагдсан нэрээ дугуйлж болохгүй шүү гэдгийг сайн хэлмээр байгаа юм. Танай тойрогт хэдэн хүн нэр дэвшиж байна, хэн байна гэдгийг судлаад сонголтоо хийгээд очоорой гэдгийг бүр гуймаар байна. Та өөрийнхөө амьдралын төлөө хариуцлагатай байх үедээ хариуцлагатай байхгүй бол улс төрийн нам хүчнүүд бидний амьдрал дээр яаж “танц” эргэдгийг бид хангалттай харлаа шүү дээ. Дээрээс нь намуудын нэр дэвшүүлж “шахсан” хүмүүсээс нэр дугуйлах биш харин сөргүүлэн ямар хүмүүсийг хүлээж байгаа, хүсч байгаагаа илэрхийлэх шаардлагатай. Яг одоо намууд нэр дэвшигчдээ тодруулахаар ид ажиллаж байгаа үед нь бид илэрхийлэх хэрэгтэй. Бид бүгдээрээ нүүр номоороо үүнийг шахаж нэхэж болно, хүн болгон л фэйсбүүкийн хэрэглэгч байна шүү дээ. Намуудын шахсан нэрс дээр биш ямар хүнээр төлөөлүүлмээр байгаагаа нийтээрээ илэрхийлээсэй.

-Бид улс төрийн намаар дамжуулж төр улсаа байгуулах тогтолцоог эргэлт буцалтгүйгээр сонгосон. Гэтэл одоо улс төрийн намын нэр хүнд хамгийн доод түвшиндээ хүртэл унаад байна. Үүний шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Төлөөллийн ардчилалд хувь иргэн бүр өөр өөрийн үзэл баримтлалд тохирсон төлөөллийн байгууллага буюу улс төрийн намаар дамжуулж засаглалд оролцдог. Ардчилалд алдаа оноо олон бий. Гэхдээ энэ замаас буцах тухай ярьж болохгүй. Харин хэрхэн сайжруулж болох вэ гэдгээ л хаа хаанаа ярих ёстой. Өнөөдөр хүмүүс нам муухай, нам дагасан хүмүүс муухай гээд зугатаад байдаг болж. Нэг талаас тэгж харагдаж байгаа нь үнэн. Гэхдээ тэгэх тусам бидний оролцоогүйгээр хэдэн хүн бидний амьдралыг шийдээд байна. Нэгэнт улс төрийн намаар л дамжуулж засаглалд оролцох боломжтой байдаг юм бол тэр намуудыг цэвэр зөв, авлигаас ангид, оролцоо төлөөллийг хангасан, бодлогын нам байх ёстой гэж бид шахах хэрэгтэй байна. Түүнээс нам муухай гээд зугатахын хэрээр бидний оролцоогүйгээр тэнд хэдэн хүн бидний амьдралыг шийдээд байгааг ойлгох цаг болжээ. Бидний засаглалд оролцох боломжоор хангах төлөөллийн байгууллага нь яг энэ зарчмаар ажиллаж чадаж байна уу, зөвхөн эрх мэдэлд хүрэх гэсэн хэсэг бүлэг хүний төлөө ажиллаад байна уу гэдгийг бид хянах хэрэгтэй. 2023 онд хийгдсэн судалгаагаар улс төрийн нам хамгийн нэр хүнд муутай байгууллагаар тодорсон. Иргэдийн 80 хувь улс төрийн намуудад итгэхгүй байна. Тэгэхээр намууд ч иргэдийн итгэлийг олж авахын төлөө хичээх ёстой, дотоод ардчилал, соёл төлөвшил дээрээ анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Нийт сонгогчдын насны иргэдийн 50 хувь нь залуучууд байна. Тэдний хандлага нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдсөн. Гэтэл намын хөгжил нь гацчихсан. Хууль эрх зүйн хүрээнд асуудал байгаа, түүнийгээ бага багаар шийдээд явж байгаа ч намын доторх соёл хандлагыг хууль өөрчлөхгүй шүү дээ. Гишүүд нэг бүрийн бодит оролцоо, удирдлагын манлайлал л үүнийг өөрчилж чадна.

-УИХ-ын төлөөлөх чадварыг ярихын өмнө түүнийг бүрдүүлдэг улс төрийн намын төлөөлөх чадварыг ярих нь зөв юм биш үү. Ер нь ямар хүн нэр дэвших ёстой вэ, намууд яг яах хэрэгтэй байна гэж та харж байна вэ?

-Яг зөв. Бид хаа хаанаа парламентын төлөөлөх чадварыг л яриад байхаас улс төрийн намын төлөөлөх чадварыг ярьдаггүй. Улс төрийн нам гэдэг бүлгийг муухай бохир л гээд оролцохоос ч, ярихаас ч аль болох зугатааж ирсэн. Гэтэл энэ улс төр, засаглал, нийгмийн хямралын эхлэл цэг нь нам өөрөө болчихоод байна. Тэгвэл бид тэрийг өмхий ч гэсэн угааж цэвэрлэхээс өөр замгүй. Өнөөдрийн нам маргаашийн Монголын төр шүү дээ. Улс төрийн намын төлөөлөх чадвар, соёл, төлөвшил гээд бүх зүйлийг эмхэлж цэгцэлж байж бид парламентаа сайжруулах боломжтой. Нам өөрөө үүнийг ухамсарлахгүй бол сонгууль ямар ч тогтолцоогоор явсан, 126 гишүүнтэй болсон ч чанарын хувьд ямар ч өөрчлөлт гарахгүй л дээ. Дахин хэлэхэд, залуус, манай сонгогчид тун хэрсүү болсон. Тэдэнтэй хөл нийлүүлж нам хөгжиж,хэл хөл зэрэгцэж ирэхгүй бол болохгүй цаг ирсэн шүү гэдгийг хэлмээр байна.Тиймээс намууд өөрсдөө тэсч үлдэхийн тулд энэ удаад нэр дэвшүүлэх хүмүүсээ маш ихээр бодох хэрэгтэй, судлах хэрэгтэй. Яг л олон түмний төлөөлөл болох нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангалттай оруулж ирэх хэрэгтэй. Алдагдсан итгэлийг олж авахын төлөө хичээх нь нэг талаас намд нь хэрэгтэй, цаашлаад төр засаг, улс орны эрх ашигт хэрэгтэй юм даа.

-Сонгуулийн зардал асар их өсөхөөр байгаа. Хямд төсөр аргаар сонгууль явуулах ямар боломжууд харагдаж байна вэ?

-Сонгуулийн зардлыг бууруулна гэдгийг ярьсаар өнгөрсөн жилийн өдийд Сонгуулийн тухай хуулийг баталсан. Сонгуулийн зардлыг бууруулахад том алхам боллоо гэж харж байсан. Гэтэл сонгуулийн тойргоо бүсчилж зураад энэ зорилгоосоо ухарчихлаа. Тоглоомын дүрэм биднээс шалтгаалахгүй ингээд зурагдчихсан. Намууд аль хувилбар бидэнд ашигтай вэ гээд бодоод ирэхээрээ тэр хуулийг баталж байгаа нөхөд амин хувийн эрх ашгаа тооцохоор гажуудал үүсгэдэг. Өнөөгийн парламентад байгаа дөрөв, тав сонгогдсон нөхөд одоо хуучин тойргоосоо гарах боломжгүй, харин зэргэлдээ аймгуудтайгаа нийлчихсэн тохиолдолд надад ямар боломж гарч ирэх вэ гээд тоо бодчихсон тал байгаа нь үнэн. Үнэхээр 10-20 жил энэ хүнээр төлөөлүүлээд юу ч өөрчлөгдсөнгүй гэж бодсон иргэн өөрчлөлт хийе гэхэд нөгөө тойргийн иргэн арай таньдагаар нь өнөө нөхрийг л дугуйлах гээд байгаа хэрэг шүү дээ.

Өнөөдөр хэдэн аймаг дамнаад хэдэн зуун км давхихад зардал чирэгдэл үнэхээр их байна. Намын жагсаалтад нэр дэвшигчдээсээ нам нь авах мөнгөний тоо ч тав, арван тэрбумаар яригдаж байна. Хуулиар дэнчин байхгүй ч намуудын дунд энэ тоо яригдаж байгаа нь нууц биш. Дахиад л нөгөө намуудыг хэлэх гээд байна.

Намд сонгуулийн зардлыг бууруулах хүч нь байгаа. Техник технологийн дэвшлийг ашиглаад арай өөр соёл тактикаар сонгуульдах боломж байгаа шүү дээ. Зүгээр сэтгэл байгаад санаачилга байвал олон боломж бий. Өнөөдөр гишүүд хийсэн ажлын тайлангаа тавих хуулийн хугацаа эхлээд явж байна. Зарим гишүүд сошиал сүлжээгээ ашиглаад тайлангаа тавьж байгааг би хувьдаа зөв гэж харж байна. Сонгуулийн зардлын дийлэнх хувь хэвлэл мэдээллийн зардалд зарцуулагддаг.

Сонгогчдыг хараад байхад, хэвлээд өгсөн тайланг нь хогийн саванд хийснээ чухал зүйл гэж бодоод байх шиг байна. Юу хийсэн бэ гэж асуугаад юмаа ярихаар уурлаад байдаг. Нэг талаас иргэдийн итгэл ингэж унатал өнгөрсөн хэдэн арван жил явж ирсэн байна, нөгөө талаас иргэд бид ингэлээ гээд юуг ч өөрчлөхгүй гэдгээ ухаарах цаг болсон. Харин хэн яг ямар хууль баталсан, тэр нь бидний амьдралд ямар ач тус авчирсныг нөгөө ясыг нь цайтал асуух хэрэгтэй, тайланг нь нэхэх хэрэгтэй. Ухаалаг утсаа ухаалгаар ашиглаад, тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсээ судлаад үзээрэй гэж уриалмаар байна. Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж ирсний хор уршиг өнөөдрийн бидний байгаа байдал шүү. Сонгогч та ч сонгуульд үүрэг хариуцлага хүлээх ёстой. Эс бөгөөс энэ улс төр танаас улам л алсрах болно гэдгийг хэлмээр байна.

-Ямар хүмүүст ээлтэй, ямар хүмүүст халтай сонгууль болох бол?

-Дээр хэлсэнчлэн олонд танигдсан хүмүүст боломж илүү. Залуучууд, шинэ тутам хүмүүс, эмэгтэйчүүдэд энэ боломж үнэхээр хумигдмал байгаа нь илт. Уг нь гишүүдийн тоог 126 болгоно гэхдээ төлөөллийг хангана гэсэн ч энэ байдал харагдахгүй л байна. Хүн амын 51 хувь болсон эмэгтэйчүүдийн төлөөллийг хангаагүй байхад залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бусад бүлгийн төлөөлөл хангагдах нь ёстой наян нэг дэх асуудал болчихож. Одоо энэ маягаараа 126 гишүүний 100 нь эрэгтэй гишүүн гарахаар байна. Жагсаалтын 50 хувь нь эмэгтэй гэж байгаа ч тойрогт ердөө 14 эмэгтэйг л явуулахаар намууд төлөвлөж байгаа нь нууц биш. Тэгэхээр 13 тойрогт 14 эмэгтэй. Арван мандаттай тойрогт ганц эмэгтэй нэр дэвшигч байна л гэсэн үг. Сонгуулийн тухай хуулинд аль нэг хүйсийг нэр дэвшүүлэх доод хэмжээ нь 30 хувь байна шүү гэж зааж өгсөн нь дөнгөж тэр босгоо давуулаад нүд хуураарай гэсэн үг биш л дээ. Уг нь өнгөрсөн жилийн өдийд манай улс төрийн 10 нам өөрсдийн дотоод бодлогоороо аль нэг хүйсийн оролцоог дор хаяж 40 хувьд хүргэнэ гэж амласаны сонины хуудас нь шарлаж амжаагүй байгаа. Тэр 10 нам арвуулаа СЕХ-нд бүртгэгдсэн 25 нам дотор байгаа. Тэгэхээр тэднийг амлалтадаа хэрхэн хүрэхийг харъя гэж бодож байна. Хэвлэлүүдээр тойргуудад хэн, хэн явах тухай сонгуулийн прогноз эмэгтэйчүүдийн тоон дээрээ алдсан байх гэж л найдаж байна даа. Нээрээ, дээр хэлсэн иргэд улс төрийн намуудад итгэхгүй байна гэдэг дээр яагаад гэхэд юу гэж хариулсан гэж бодож байна?

-Юу гэж хариулсан юм бол?

-Намууд амласандаа хүрдэггүй учраас иргэд итгэхгүй байна гэсэн. Сонгуулиар амласныг нь дөрвөн жилийн дараа мартчихдаг гэж намууд боддог бол иргэд хэрсүү болсон шүү. Жилийн өмнөхийг бүр ч мартаагүй байгаа шүү гэдгийг анхааруулчихья.

-Монголчууд зөв хүнийг төрд гаргах ёстой гэдэг. Гэтэл тэр зөв хүмүүс нь мөнгөгүй байдаг. Мөнгөгүй хүмүүс сонгуульд ялах боломжгүй. Тэгэхээр яавал зөв хүмүүсийг УИХ-д гаргаж ирэх вэ?

-Бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Сонгууль дөхөөд ирэхээр эд нар царай алдаад ирдэг юм, гуйдаг юм гэж бидний дийлэнх боддог. Үнэхээр ч тэгдэг. Бид ч арай дээр гэж бодсондоо саналаа өгдөг, тэд мартдаг. Одоо бид ч бас алхам хийдэг болох хэрэгтэй. Яг үнэндээ биднийг төлөөлж чадах сэтгэлтэй, зүтгэлтэй зөв хүмүүст мөнгө байхгүй. Өнөөдрийн улс төрийн тоглоомын дүрмээр тоглож чадахгүй. Нүүрсээр мөнгө олохгүй, зээлийн сангуудаас мэдээлэлд ойр гээд мөнгө авдаггүй. Энэ төр улсаа байгуулах үйл явц бол бидний үүрэг учраас хэн над дээр ирэх вэ гээд хүлээж суулгүй, хэн шиг хүнийг дэвшүүлбэл танай намд саналаа өгөх вэ гэдгээ илэрхийлж сурах хэрэгтэй. Намууд санал их авч, суудлын тоогоороо төр засаг байгуулах эрхээ авдаг. Тиймээс тэдний чих зөөлөн байх энэ үед бид хэлэх хэрэгтэй. Нөгөө талаас “дүлий” энэ намуудыг иргэдээ сонсдог болгох хэрэгтэй. Бид улс төрийн боловсрол, иргэний боловсролоо нэмэгдүүлэх шаардлагатай.

Бид энэ чиглэлд хэдий чинээ харанхуй байна, намууд тэр хэрээр наадаж байна шүү дээ. Бид өөрсдөө УИХ-ын гишүүн хүний хийх ёстой үүргийг ч мэдэхгүй, сургуулийн дээврийн зардал, аар саар юм нэхсээр байгаад үндсэн том бодлогын өөрчлөлтийг тэд хийхгүй аргацааж ирлээ. Тийм ажил хийж байгаа хүмүүсээ үнэлж, ялгаж салгаж чадахгүй. Орон нутгийн сонгуулийн ач холбогдлоо мэдэхгүй, ирцэндээ ч хангалттай хүрэхгүй явсаар өнөөдөр ямар аймаг, ямар хотод амьдарч байгаагаа хар л даа. Тэгэхээр бид яг энэ мөчид улстөрчид ингээд байна гэхээсээ бид юуг хийж чадах вэ гэж асуувал өөрчлөлтийг илүү түргэн авчрах юм шиг санагдах болсон шүү. Сонгуулийн өдөр эртхэн очоод саналаа өгчих хэсэг байхад орой болтол нэг санал хэдэн төгрөг болох бол гээд хүлээдэг хүмүүс бий болсон. Энэ бүхэн өнөөдөр бидний амьдралыг чөтгөрийн тойрогт оруулсан шүү. Таны саналыг мөнгөөр авч байгаа хүмүүс бол таны ирээдүйг юугаар ч худалдахад бэлэн хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс өөрийг чинь үнэ цэнтэй байлгах тэр эрхэнд чинь мөнгөөр халдахыг хэнд ч битгий зөвшөөр. Тийм оролдлого хийж байгаа хүмүүсийг төрд гаргавал тэр аргаараа бүгдэд хандах этгээд гэж хар жагсаалтадаа бичээд аваарай. Ингээд өөрийн зүгээс нэг алхам хийхэд, дараа дараагийн олон шат урагшлах боломж гарч ирнэ гэж хэлмээр байна даа. Нэг үеэ бодвол юмс сайн тал руугаа эргэж байгаа гэж санагддаг. Ядаж итгэхийг хүсдэг.

Өнгөрсөн хугацаанд бидний алдаа бол улс төрийн намын төлөвшлийг өөрт нь даатгаж үлдээсэн явдал. Энэ алдаагаа засаж, намыг төрөөс санхүүжүүлэх, үүрэг хариуцлагыг санхүүжилттэй холбосон гээд олон чухал өөрчлөлтүүд хийгдсэн. Гэхдээ энэ бүх өөрчлөлтийг хэрэгжүүлэх нь нам. Харин ямар тохиолдолд энэ боломжтой вэ гэвэл олон нийтийн хяналт дор. Тэгэхээр иргэдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх тал дээр л ажиллах шаардлага гарч байна. Гэтэл улс төрийн боловсрол олгох хамгийн том платформ бол улс төрийн нам өөрөө байдаг. Шинэ хуулиар улс төрийн боловсрол олгох, нийгмийн бүлгийн төлөөллийг хангахыг үүрэгжүүлж, хариуцлагыг санхүүжилттэй нь холбож өгсөн нь хамгийн том амжилт гэж харж байна. Гэхдээ хариуцлагын механизмыг сайжруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Ингээд харахаар бүх зангилаа нам руу чиглэж байгаа биз. Тэгэхээр нэг талаасаа намууд хичээж нөгөө талдаа иргэд бид ч хичээх ёстой. Тэр ч утгаараа олон жил улс төрийн тойм нийтлэл бичиж ирсэн миний хувьд улстөрчтэй үзэлцээд байсан аргаа өөрчилж, иргэдэд улс төрийн мэдлэг боловсрол олгох чиглэлд ажиллаж байна даа.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана DNN.mn

“Шинэ хоршоо” хөтөлбөрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.


-“Шинэ хоршоо” хөтөлбөрийг санаачлан өнгөрсөн хугацаанд бүсүүдэд нээлт хийлээ. Тус хөтөлбөрийн талаар дэлгэрэн гүй мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын Засгийн газраас энэ оны өвөл, хавар цас зудын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Уламжлалт мал аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулсан. Уг хууль мал аж ахуйн салбарыг эрсдэлд тэсвэртэй байх үндсэн зорилгыг агуулсан. Учир нь сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс болоод ган, зудын нөхцөл байдал ойр, ойрхон давтагддаг боллоо. Энэ жилийн хувьд цас орж эхлэх үед Онцгой байдлын ерөнхий газар болон НҮбаас гаргасан урьдчилсан дүгнэлтээр 16-18 сая мал хорогдох эрсдэл байна гэж гарсан.

Тийм болохоор Засгийн газраас малаа зах зээлийн эргэлтэнд оруулахыг малчдадаа уриалсан. Үүний үр дүнд малчдын гар дээр 50 гаруй мянган тонн мах бэлтгэгдсэн байгаа юм. Энэ чинь 10 гаруй сая толгой мал эдийн засгийн эргэлтэнд орсон гэсэн үг. Харин өнөөдрийн байдлаар 7.4 сая толгой мал хорогдсон гэсэн мэдээ байна. Цаашдаа жил бүр ийм байдалтай даваад явна гэдэг хүндрэлтэй. Тийм болохоор илүү тэсвэртэй мал бий болгох зорилгоор хөрөнгө оруулалт хийх боломжийг хоршооны гишүүн малчдад олгохоор ажиллаж байна. Засгийн газраас өнөөдрийн байдлаар гурван төрлийн арга хэмжээ авч ажиллаж байгаа.

-Тэр нь ямар арга хэмжээ билээ?

-Нэгдүгээрт, малаа их хэмжээгээр алдсан малчдыг малжуулах хөтөлбөрийн хүрээнд өрх тус бүрд найман сая төгрөгийн таван жилийн хугацаатай, хүүгүй зээлийг олгох шийдвэр гаргасан. Энэ бол жил бүр улсын төсөвт батлагддаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог мөнгө. Харин өмнө нь таван сая байсныг найман сая төгрөг болгож нэмсэн. Одоо хагас жилийн мал тооллого хийсний дараагаар хэдэн айл малаа их хэмжээгээр хорогдуулсан байна гэдэг нь тодорхой болно. Ингэснээр тухайн айлууд зээл авах эрх нь нээгдэнэ.

Хоёрдугаарт, малчны буюу хэрэглээний зээлийн эргэн төлөлт дээр малчдад бодитой хүндрэл учирсан. Малаа, төлөө их хэмжээгээр алдсан. Ийм болохоор малчдын орлого тасалдах нь тодорхой болсон. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан учраас малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг арилжааны банкуудад гаргасан.

Тэд ч гэсэн дэмжсэн.

Харин нэг жилээр төлөлт хойшилж байгаа ч хүүгийн хуримтлал үүснэ. Тиймээс хуримтлагдсан хүүгийн 75 хувийг нь Засгийн газраас нэг удаа төсвийн мөнгөөр төлж барагдуулахаар болсон. Гуравдугаарт, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ хөдөлгөөний хүрээнд малчид маань Зээлийн батлан даалтын сангаар 80-100 хувийн баталгаа гаргуулаад нэг малчин 50 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжийг нь нээж өгч байгаа юм. Зээлийн батлан даалтын сан өмнө нь 60 хүртэл хувийн баталгаа гаргадаг байсан ч энэ удаад 80-100 хувь болж байгаа. Малчид нийлж хоршоо байгуулна.

Тухайн хоршоо мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаа явуулах зориулалттай байх ёстой. Энэ тохиодолд төсөл сонгон шалгаруулалтаар хоршоонд тав хүртэлх га газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ. Ингэхээр малчид маань зээлээ авчихна, газартай болно. Хөрөнгө оруулалтаа хийгээд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтыг хийх боломжтой болно. Дундын хоршоогоо байгуулаад боловсруулалтын шатыг бүтэн хийсэн ч болох боломжийг Засгийн газраас гаргаж өгч байгаа юм. Үр дүнд нь чинээлэг малчин бий болох ёстой. Өнөөдөр малчдын сарын дундаж орлого 1.5 сая, зарлага нь 2.1 сая төгрөг гэж гарсан. Нэг үгээр малчин хүн сар бүр 600 мянган төгрөгийн алдагдалтай амьдарч байна. Ингэхээр хэдий чинээ олон жил малчин байна, төдий чинээгээрээ амьдралын чанар нь доройтно гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр зээлээ аваад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр чинээлэг малчин өрхүүд бий болох боломжтой. Засгийн газар таван жилийн хугацаатай таван их наядын хөтөлбөр зарлаж байгаа. Энэ таван жилийн хугацаанд өнөөдөр байгаа малчдын орлого 3-4 дахин нэмэгдэх боломжийг нээж өгч байна гэж ойлгож болно.

-Малын түүхий эдийн үнэ хэт доогуур, мал, махаа гадагш нь гаргахад малын өвчлөл зэргээс шалтгаалан хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Малын түүхий эдийг гадаадын болон дотоодын зах зээлд нийлүүлье гэхээр нэг л зүйл шаардлага хангадаггүй. Тэр нь чанар. Мах нь чанарын шаардлага хангадаггүй. Эрүүл байна уу, үгүй юу гэдэг асуудал үүсдэг. Малаас гарч байгаа дайвар бүтээгдэхүүн, түүхий эд ч ялгаагүй. Бохирдол ихтэй, халдвартай байдаг. Үхрийн шир дээр ярихад л гараар нядалдаг учраас хутганы ир орж байна. Үхрийн гуур, арьс товруутах гээд халдварт өвчин их. Вакцин нь чанаргүй, стандартын шаардлага хангахгүйгээс үүдэн арьс нь хатуурдаг. Мал нь гадна талаасаа механик гэмтэл их авч байна. Ингэхээр цаашаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр чанартай түүхий эд, тогтвортой ханган нийлүүлэлт хэрэгтэй. Мах, сүү, малын түүхий эд жилийн дөрвөн улиралд өдөр бүр шинээрээ зах зээлд нийлүүлэгддэг байх шаардлагатай. Үүний үр дүнд махыг намар хямд, өвөл нь үнэтэй иддэг байдал арилна. Өдөр бүр шинэ, ижилхэн үнэтэй мах хэрэглэдэг байх боломжийг нээж өгнө. Сүү, сүүн бүтээгдэхүүн ч гэсэн мөн адилхан. Өвөл сүүний гарц багасдаг учраас үнэ нь нэмэгдчихдэг. Гэтэл зун нь малчны хотонд сүү нь хямдхан байсан ч хот суурин газарт үнэ нь буурдаггүй. Тогтвортой ханган нийлүүлэлт бий болохгүй байгаа учраас ийм нөхцөл үүсээд байна.

-Өдөр бүр шинэ мах, сүүг хотод оруулж ирэхийн тулд тээвэр ложистикийн асуудал мөн хөндөгдөх байх?

-Анхан шатны үйлдвэрлэл, боловсруулалтын ажлууд хийгдээд эхлэхээр аяндаа түүнийг дагасан дунд шатны боловсруулалт, тээвэр ложистикийн сүлжээ үүснэ. Үүнийгээ хийх боломж нь ч хөрөнгө ороуулалтын зээлээрээ нээгдэж байгаа юм. Ер нь төр энэ бүхнийг хийж өгөх ёстой гэхээсээ илүү эдийн засгийн ийм том боломж нээгдэж байгааг малчид, ард иргэд маань бүтэн ашиглах ёстой.

-Бүс тус бүрээрээ гаргах бүтээгдэхүүн нь өөр, өөр байх уу?

-Сум орон нутаг, газар зүйн байршил, нутгийн онцлогоосоо хамааран ямар төрлийн мал аж ахуйн үйлдвэрлэл хийх вэ гэдэг нь өөрсдийнх нь сонголт байна. Тухайн орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөндөө уялдаж хоршоо байгуулагдаж, тэр нь мал аж ахуйн үйлдвэрлэл явуулах нөхцөл нь бүрдэнэ. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд хэлэхэд малчин өрх бүр хоршооны гишүүн болно гэсэн ойлголт байхгүй. Энэ хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлье гэсэн хүсэл зорилготой малчид нэгдэж л хоршоо байгуулаад үйлдвэрлэлийнхээ ажлыг хийгээд явна.

-Хоршоо байгуулж байгаа малчдад сургалт явуулж, зөвлөмж өгөх үү?

-Энэ хөдөлгөөнийг бид зүгээр л зарлаад орхихгүй. Засгийн газраас хоршоонд нэгдэж байгаа малчдад хоршоо байгуулах, арилжааны банканд зээлийн хүсэлтээ гаргах ажлыг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотоос төрийн 1400 гаруй албан хаагчийг өөрсдийнх нь хүслээр томилж, хөдөө ажиллуулна. Нэг ч малчин өрхийг үлдээхгүй, мэдээлэл өгч сургалт явуулахыг Засгийн газар зорьж байгаа. Түүнчлэн төсөл бичихэд арилжааны банк, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан хамтран ажиллана. Цаашдаа хоршооны 30-300 төрлийн загвар төсөл гарч ирж болно. Газар нутаг, малын төрөл, өөр өөрийн онцлогоос хамаарч хэрэгжээд явах юм.

-Эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуйг хэт хөгжүүлэх нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйг байхгүй болгох эрсдэлтэй гэх хүмүүс байдаг?

-Тийм учраас л энэ хөтөлбөрийн чинь гол зорилго тэнцвэртэй мал аж ахуйг бий болгох юм. Нэг хэсэг нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлээд л явна. Гэхдээ тэр мал нь эрсдэлд тэсвэртэй байх ёстой. Малчин нь өвс, ногоон тэжээлээ бэлтгэчихдэг. Худаг усаа гаргаад, хашаа хороогоо засаж сайжруулах хэрэгтэй. Нөгөө хэсэг хагас эрчимсэн, үлдсэн нь бүрэн эрчимжсэн фермерийн мал аж ахуй руу шилжинэ. Энэ бол зах зээлээрээ өөрөө зохицуулагдаад явна.

-Хоршоодод олгох зээлд нийтдээ хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Хэзээнээс зээлээ авч болох вэ?

-Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд ерөнхий зээлийн хэлэлцээрийг хийгээд гэрээгээ байгуулсан. Үүний үр дүнгээр зээл маргааш (өнөөдөр)-аас эхлэн гарах боломж нь нээгдсэн. Арилжааны банкууд энэ зээлийг эхлээд малчны зээл юм байна гэж харж байсан. Харин төсөл танилцуулагдаад явснаар энэ бол хөдөө аж ахуйн салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын зээл, том боломж гэдгийг харсан.

Өнөөдөр арилжааны банкуудаас олгогдож байгаа нийт зээлүүдийн таван хувь нь л мал аж ахуйн салбарт олгогдож байна. Тэгвэл энэ хөтөлбөрөөр дамжин дор хаяж 20 хувь нь мал аж ахуйн салбарт олгогддог, эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болно. Ингэж чадвал энэ салбарт эргэлдэж байгаа хөрөнгө багаар бодоход дөрөв дахин нэмэгдэнэ. 

Арилжааны долоон банк дэмжиж зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тэд бүгд өөрийн эх үүсвэрээр санхүүжилтийг хийнэ. Харин Засгийн газар зээлийн хүүгийн зөрүүг төсвөөс татаас хэлбэрээр олгоно гэсэн зохицуулалтаар явж байна. Энэ оны хувьд арилжааны банкууд 500-700 тэрбум төгрөгийн зээлийг өөрийн эх үүсвэрээр гаргах боломжтой гэдгээ мэдэгдсэн. Цаашдаа эргэлт нь хурдан явагдах тусам зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой гэдгээ хэлсэн.

-Арилжааны банкууд зээл олгохдоо хэт хатуу журам тогтоох вий гэсэн болгоомжлол байна?

-Аль болох шаардлага, шалгуур бага тавьж, хүндрэл үүсгэхгүй байх. Энэ салбарыг с эргээхэд нийгмийн хариуцлагатай оролцох хүсэлт тавьж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 10, Сугар гариг. Билгийн тооллын 2, Гөрөөсөн толгой одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 05:20 цагт мандаж, 20:17 цагт жарган. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Балжинням өдөр

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна DNN.mn

ур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -4…+1 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 граус, бусад нутгаар +7…+12 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу” хэмээн өгүүллээ DNN.

“Өдрийн сонин”-ы 2024-05-03-ны баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ
“Улаанбаатар хотыг өдөрт 10 мянган жуулчин хүлээж авах боломжоор хангахаар ажиллаж байгаа” хэмээснийг V нүүрээс уншаарай.

АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Намын даргын Ажлын албаны дарга Э.Галбадралтай ярилцлаа. Түүнийг Дүнжингаравын дэргэдэх аймшигт галд өртсөн гэдгээр нь хүмүүс мэднэ. Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж ирээд намын ажилдаа ханцуй шамлан орсон түүнтэй ярилцахад сонирхолтой байлаа. Түүнээс тийм нэг эр зориг, амьдралын үнэ цэн, ардчиллын төлөө гэсэн зүрх сэтгэл мэдрэгдэж байсныг онцолъё.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу” хэмээн өгүүллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж, үржүүлэхийн хүрдээр арвижуулна” Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн нээлт Монголбанкинд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Бэхэн цэнхэр тэмдэглэл

Монгол Улсын гавьяат агромномич , шинжлэх ухааны доктор,профессор Б.Доржтой хаврын тариалалтын талаар ярилцлаа. Тэрбээр “Энэ жилийн хувьд хөрсний
чийг аль ч бүсэд сайн байна” гэлээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа DNN.mn

Их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 350 СӨХ, 3,842 ААН, 9 их дээд сургууль, коллеж, дүүргийн ЗДТГ-ын харьяа 30 хэлтэс, алба, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний 3 байгууллага, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээний 6 байгууллага, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан 8 байгууллага, иргэдийн бүлэг, сайн дурын байгууллагуудын 19,870 иргэн цэвэрлэгээнд оролцлоо.

Нийтийн эзэмшлийн 2,680,000 м.кв талбайг цэвэрлэж,  480 тн үүсмэл болон түүвэр хогийг түүсэн юм. Мөн 105,000 м.кв зам талбайн хөөстэй угаалга, шилэн фасад бүхий 78 барилга, гадна хаягийн 680 байгууламж, 176 хүүхдийн тоглоомын талбай, 12,300 метр хашаа хайс, 139 хогийн сав, 179 гэрэлтүүлгийн шон цэвэрлэсэн.

Сэлбэ гол, автобусны буудал, худалдаа үйлчилгээний зах, нийтийн эзэмшлийн гудамж замын нийт 130,000 м.кв талбайг ариутгаж, халдваргүйжүүллээ. Маргааш хуваарийн дагуу Хан-Уул дүүрэгт их цэвэрлэгээ зохион байгуулна.

Categories
гадаад мэдээ

Зеленскийн амь насанд халдах гэж байжээ DNN.mn

Украины Аюулгүй байдлын албаны ажилтнууд Ерөнхийлөгч Владимир Зеленский болон тус улсын бусад дээд удирдагчдыг хөнөөх Кремлийн төлөвлөгөөг илрүүлсэн гэж мэдэгдлээ. Украины тусгай алба Оросын эрх баригчдыг энэхүү аллагыг бэлтгэсэн гэж буруутгасан байна. Тэд Зеленский, мөн Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов, Улсын аюулгүй байдлын албаны дарга Иван Малюк нарыг устгахаар төлөвлөж байжээ. Уг ажиллагааны хүрээнд ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хариуцдаг Украины Улсын аюулгүй байдлын албаны хоёр хурандааг саатуулсан байна.

Оросын ФСБ буюу Холбооны аюулгүй байдлын албаны үүрэг нь ерөнхийлөгчийн аюулгүй байдалд ойр байсан цэргийнхний дунд төрийн тэргүүнийг барьцаалж, дараа нь түүнийг хөнөөх үүрэг гүйцэтгэгчдийг хайж олох явдал байсан” гэж Украины Улсын аюулгүй байдлын алба Telegram сувагтаа бичсэн байна.

Украины тал “Энэ аллага Путины тав дахь удаагаа тангараг өргөх ёслолын “бэлэг” болох ёстой байсан ч Оросын тагнуулын албаны бүтэлгүйтэл болж Путины нэр хүндийг шороотой хутгасан явдал болсон. Гэхдээ бид дайсан зальтай, туршлагатай гэдгийг мартаж, тэднийг дутуу үнэлж болохгүй. Урвагчдад зохих шүүхийн шийтгэл оноохын тулд бид идэвхтэй ажиллах болно” гэж мэдэгдэн уг террорист халдлагыг зохион байгуулж байсан хүмүүсийг нэрлэжээ. Тагнуулын албаны мэдээлснээр эдгээр хүмүүс нь Максим Мишустин, Дмитрий Перлин, Алексей Корнев нар юм байна. Тэднийг “ФСБ-ын есдүгээр газрын ажилтнууд” гэж нэрлэдэг бөгөөд тэд уг аллагын зохион байгуулалтад хяналт тавьж байсан ажээ.

 

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд нийт 56 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 22 га талбай өртөж шатсан байна.

Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 08-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 28 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 504.913 га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртлөө.
Харин ой, хээрийн түймрийн аюулаас нэг байшин 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгааллаа.

 

Эx Сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

Мах, махан бүтээгдэхүүний үнэ 8 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний барааны үнийн индекс өмнөх сараас 0.8 хувиар өсөж, өсөлтийн хурд 4.9 нэгж хувиар саарсан талаар Статистикийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн инфляц дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсчээ.

Үхрийн махны үнэ найм,  гурилын үнэ 16.3 хувиар тус тус өсчээ. Өмнөх оны мөн үеийн статистик үзүүлэлтүүдтэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хурд 0.8 хувиар буурчээ.

Categories
мэдээ нийгэм

МҮБХ: Маргаашнаас эхлэн гурван өдөр дараалсан барилдаан болно DNN.mn

Монгол бөхийн өргөөнд маргаашнаас эхлэн гурван өдөр дараалсан барилдаантай.  Тавдугаар сарын 10-нд 12:00 цагаас Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно.

Энэ сарын 11-нд 12:00 цагаас “Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаантай.

Ням гаригт  13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.