Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Гадаадад байгаа монголчууд сонгуульдаа идэвхтэй оролцож, эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулна уу” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-05-30-ны баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр “Энэ сонгуульд Ардчилсан нам ялах бүрэн боломжтой” хэмээснийг II нүүрээс уншаарай.

Хүний эрхийн үндэсний комиссоос Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаатай холбогдуулан өчигдөр хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Ж.Хунантай ярилцлаа. Тэрбээр “Өдөрт нэг хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт  “Гадаадад байгаа монголчууд сонгуульдаа идэвхтэй оролцож, эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулна уу” хэмээн өгүүллээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд болно. ЕБС төгсөж байгаа хүүхдүүд “ямар мэргэжил сонгох вэ” гэсэн асуулттай нүүр тулдаг билээ. Энэ талаар “Opendoor” байгууллагын боловсролын зөвлөх Н.Ариунаатай ярилцлаа

Дэлхийн мэдээ: ОХУ хамгийн том татварын
шинэчлэл эхлүүлэв

 


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Хүний эрх, эрч чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2024.05.30) Хүний эрх, эрч чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын “2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах шаардлагаар дараах 19 хуулийн төслийг боловсруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав. Үүнд,

1.Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх хуульд заасан хэрэг, маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлыг сайдын тушаалаар баталсан журмын дагуу зохицуулж байсныг хуульд тусгах зохицуулалт бүхий Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

2.Албадан эмчлэх аюулгүй байдлын арга хэмжээ (Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ)-ний төрөл, дэглэм, хугацаа тогтоож буй байдал, тус арга хэмжээг хэрэглэхэд хууль ёсны төлөөлөгчийн оролцоог хангах зохицуулалтыг боловсронгуй болгох, эрүү шүүлт тулгах, хүчээр алга болгох гэмт хэргийн шинжийг олон улсын хүний эрхийн байгууллагын зөвлөмжид нийцүүлэн тодорхой болгох зорилгоор боловсруулах Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсрууллаа. Энэхүү төсөлд тусгах албадан эмчлэх аюулгүй байдлын арга хэмжээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд холбогдох зохицуулалтыг уялдуулан тусгасны үндсэн дээр хэрэгжих боломжтой болно.

Эрүүгийн хуульд албадан эмчлэх аюулгүй байдлын арга хэмжээ (эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ)-ний төрөл, дэглэмийг тусгах болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ.

Ийнхүү эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзаж, ямар төрлийн эмнэлэгт эмчлэх талаарх зохицуулалтыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нарийвчлан зохицуулах нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх боломжийг хязгаарлах, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.

3.Баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ, хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, Улсын Их Хурлаас 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль баталсантай холбогдуулан зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих үйлдлийг зөрчилд тооцох үйлдлээс хасах зэрэг зохицуулалт бүхий Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

4.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтнуудад бий болдог хүндрэл, чирэгдлийг багасгах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх, зарим төрлийн хэргийн харьяалалд бий болж байгаа алдааг засах зохицуулалт бүхий Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5.Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/22, А/31 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/37 тоот тушаалаар баталсан “Хохирогчид аюулын зэргийн үнэлгээ хийх тухай журам”-аар тус тус зохицуулсан харилцааг хуульд тусгах, хохирогчийг түр байрлуулан хамгаалах тусламж, үйлчилгээ үзүүлэх зориулалттай Нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байранд үзүүлэх үйлчилгээний хүрээ, заагийн ялгааг гаргаж, хариуцах этгээдийг тодорхой болгох зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6.Хохирогчийн нэр төр, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн холбогдох зохицуулалтуудыг хуульд тусгаж, хохирогчийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг хуулийн төсөлд тусгах, ингэхдээ хохирогчийн талаарх нууцлах мэдээллийн хүрээг өргөжүүлж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах байрны асуудлаарх хуулийн давхардлыг арилгаж, хохирогчийг хамгаалах ажиллагааг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хүрээнд оруулах зохицуулалт бүхий Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

7.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд “хохирогч”-ийг ялгаатай байдлаар тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд зөрчил үүсгэж байгааг арилгах, гэмт хэргийн хохирогчийг стандартад нийцсэн түр хамгаалах байранд хамгаалах, хохирогч хамгааллын зарим арга хэмжээг зохицуулж байсан журмууд болон цагдан хоригдож байгаа болон ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлан мөрдүүлж байсныг хуульд тусгах, хүний эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах зохицуулалт бүхий Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8.Монгол Улсын иргэнийг Монгол Улсын хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх журмыг боловсронгуй болгох, хилийн хориг тавих эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог хангах, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Хүүхдийг улсын хилээр нэвтрүүлэх журам”-аар зохицуулж байгаа харилцааг хуулийн төсөлд тусгах, ингэхдээ Улсын Их Хурлаас 2024 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9.Албаны нууцын тодорхойлолтыг нарийвчлан тодорхойлох, албаны нууцын хүрээ, хязгаарыг багасгах, байгууллагын даргын шийдвэрээр албаны нууцад хамааруулж байгаа зохицуулалтыг эргэн харах, иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байгааг арилгах, хуулийн зохицуулалтыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуультай уялдуулан боловсронгуй болгох зохицуулалт бүхий Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10.Цагдаагийн алба хаагчийн тасралтгүй сургалтын тогтолцоо, цагдаагийн алба хаагчид олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг сахиулахдаа хүний эрхийн мэдлэг, хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн зохицуулалт тусгасан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11.Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүдийн хараат бус байдлыг хангах, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгууллагын бодит оролцоог хангах, тэдгээрийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох зохицуулалтыг тусгасан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий хуульчдад /шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульч/ олон улсын гэрээ, конвенцын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, уг асуудлыг хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт тусгах хөшүүрэг бий болгох, Улсын Их Хурлаас 2019 онд баталсан Өмгөөллийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Өмгөөллийн тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох, өмгөөлөгч давхар гишүүнчлэлийн татвар, хураамж төлдөггүй байхаар холбогдох хуулийн төслийг боловсруулахыг Засгийн газарт даалгасны дагуу өмгөөлөгч, хуульчийн гишүүнчлэлийн хураамжийг давхар төлөхгүй байх зохицуулалтыг тусгасан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

13.Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулахдаа тухайлан хүний эрхийн үнэлгээ, судалгаа хийхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

14.Хэвлэл мэдээллийн байгууллагад хязгаарлалт тогтоох асуудлыг дайчилгааны үед авах үндсэн арга хэмжээ болгон хэрэглэх зохицуулалтыг Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нийцүүлэн хасахаар тусгасан Дайчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15.Хөдөлмөрлөх эрхийн асуудлыг хөдөлмөрлөх эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх, зарим зохицуулалтыг практик шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох зарим асуудлыг тусгасан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16.Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүний тогтвортой, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэх, Комиссын хараат бус байдлыг хангах зорилгоор Комиссын даргыг Улсын Их Хурлын даргаас санал болгож, Улсын Их Хурлаас томилж байгааг өөрчилж, гишүүд дотроосоо олонхын саналаар сонгож, Улсын Их Хуралд санал болгох зохицуулалт бүхий Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17.Эрүүгийн хуульд албадан эмчлэх аюулгүй байдлын арга хэмжээ (эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ)-ний төрөл, дэглэмийг тусгах болсонтой холбогдуулан Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

18.Баривчлах, саатуулах, цагдан хорих байранд байгаа сэжигтэн, яллагдагчийн захидал харилцааны нууцыг хамгаалуулах эрхийг хангах, бусад хуульд хэрэглэгдээгүй нэр томьёог хасах зорилгоор боловсруулсан Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

19.Иргэний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор агаарын чанарын мэдээлэл, тайланг эрх бүхий байгууллагад хүргүүлэхээс гадна олон нийтэд заавал мэдээлдэг байх зохицуулалт тусгасан Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Хүний эрх, эрч чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу ийнхүү Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Тавдугаар сарын 31-нээс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.


2024 оны 05-р сарын 30-ны 20 цагаас 05-р сарын 31-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

2024 оны 06 сарын 01-нээс 2024 оны 06 сарын 05-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 1, 2-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд нутгийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 03-нд Алтайн салбар уулсаар, 04-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 04-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулна DNN.mn

”Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Монгол Улс нүүдлийн соёлын өвийг өнөөдрийг хүртэл хадгалан үлдсэн цөөн улсын нэг билээ.

Энэ утгаараа бид соёл иргэншлийн үндэс язгуур болсон нүүдлийн соёлыг дэлхий нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй бөгөөд энэ жил “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд дэлхийн 30 гаруй улсын төлөөллийг оролцуулж, өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд фестивалийн зохион байгуулалтыг боловсронгуй болгож, дэд бүтцийг хөгжүүлж, зам, эрчим хүч, био ариун цэврийн байгууламж болоод аянга зайлуулагч зэргийг суурилуулах асуудлаар Налайх дүүргийн удирдлагуудтай ярилцлаа” гэж Соёлын сайд Ч.Номин мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Газар чөлөөлөхийг зөвшөөрсөн 259 иргэний нөхөн олговрыг олгожээ DNN.mn

Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хүрээнд нийслэлд зургаан дэд төвийг байгуулахаар төлөвлөсөн билээ. Үүний нэг Сэлбэ дэд төв юм. Үүнд, Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороонд нийт 156 мянган га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байдаг.

Энэ хүрээнд дээрх хороонд оршин суудаг айл өрхөөс нийгэм эдийн засгийн судалгаа авч газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа аж.

Газар чөлөөлөлтөд 2206 нэгж талбайг хамруулж байгаа бөгөөд 1653 иргэнээс нийгэм эдийн засгийн судалгааг авчээ. Ингэхэд 96.5 хувь нь гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах төслийг дэмжсэн байна. Өнгөрсөн хугацаанд тухайн бүсэд харьяалагддаг нийт 1423 айл өрхийн хөрөнгийн үнэлгээ хээрийн судалгаа хэмжилтийг хийсэн байна. Энэ хүрээнд 490 иргэн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрч гэрээ байгуулжээ.

Үнэлгээг зөвшөөрч гэрээ байгуулсан 259 иргэний нөхөн олговорт шаардлагатай 44.7 тэрбум төгрөгийг ‘’Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл арга хэмжээний газар чөлөөлөлт, нөхөх олговор, Улаанбаатар хот’’-ын хөрөнгөөс гаргах нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Уг захирамжийн дагуу эхний ээлжид гэрээ байгуулсан 259 иргэний нөхөх олговрын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн байна. Түүнчлэн дараагийн ээлжийн 228 иргэний 42.5 тэрбум төгрөгийн нөхөх олговор олгох захирамжийн төсөл нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хянагдаж байгаа гэнэ. Сэлбэ дэд төвийн айлуудын газрыг чөлөөлснөөр эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барих боломж бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлж буй.

Categories
мэдээ нийгэм

Шивээхүрэн-Даланзадгад чиглэлийн авто замд тэгш бус байдлын үзүүлэлт хийж байна DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас Шивээхүрэн-Даланзадгад чиглэлийн авто замд өнөөдөр тэгш бус байдлын үзүүлэлт хийж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас хөрөнгийн менежментийн системийг хөгжүүлэх зорилгоор 2019 оноос хойш жил бүр олон улс, улсын чанартай авто замд тэгш байдлын хэмжилт, нөхцөл байдлын үнэлгээг тогтоох ажлыг зохион байгуулдаг.

Дээрх ажлыг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын хэлтсээс өгөгдөл цуглуулах, хэмжилт хийх гэсэн хоёр төрлөөр судалгааны ажлыг хийж байна.

Хөрөнгийн менежментийн систем гэдэг нь жил бүр төлөвлөгддөг засвар арчлалтын хөрөнгө оруулалтыг тооцох, үр дүнг нэмэгдүүлэх, шаардлагатай байгаа засварын ажлыг эрэмбэлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, хязгаарлагдмал нөөцийг удирдах зэрэг олон төрлийн ач холбогдолтой юм гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 04 минутад эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж тус тус заасан байдаг.

Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас санал болгож буй нэр дэвшигчийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Цэдэвийн Цолмонг нэр дэвшүүлэхээр хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувийн саналаар дэмжжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ саналыг Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд, дэмжсэн гэдгийг мөн дурдав. Ц.Цолмонг нэр дэвшүүлэхдээ онол, эрдэм шинжилгээний ажлын туршлага, Улсын Их Хуралд хууль тогтоох чиглэлээр ажилласан туршлага, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хууль боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан туршлага, шүүх байгууллагад ажилласан туршлагыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаагаа тэрбээр танилцуулгадаа онцолжээ.

Нэр дэвшигч Ц.Цолмон нь 1973 онд төрсөн. 1988 онд Улаанбаатар хотын 52 дугаар дунд сургуулийг төгссөн. 1993 онд  ОХУ-ын Омск хотын Технологийн сургуулийг фототехникийн технологич /бакалавар/ мэргэжлээр, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч /бакалавар/ мэргэжлээр төгссөн. 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуулийн хууль зүйн магистр, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуулийн хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Тэрбээр ажлын гараагаа Улсын Их Хурлын Тамгын газарт эхэлж, Зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багшаар, 2004 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар, 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд одоо Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч, арбитрчаар ажиллаж байгаа хэмээн Улсын Их Хурлын дарга танилцууллаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг түүний Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нэгдсэн хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр захирамжаар Рагчаагийн Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Р.Батрагчаа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг байна. Нэр дэвшигч Р.Батрагчаа нь 1995 онд Улаанбаатар хотын 77 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрх зүйч /бакалавр/ мэргэжлээр төгссөн. 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Англи, орос хэлтэй.

Нэр дэвшигч Р.Батрагчаа нь 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокуророор, 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багшаар, 2005-2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “Берримен” хуулийн фирмд туслах хуульчаар, 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульчаар, 2008-2016 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр, 2016-2019 онд “Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар, 2019-2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар, 2022-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Хуульч мэргэжлээр 17 жил ажилласан нэр дэвшигч Р.Батрагчаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгааг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Үргэлжлүүлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар захирамжаараа Бямбадоржийн Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг байна. Нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1986 онд Улаанбаатар хотын 10 жилийн 33 дугаар дунд сургууль, 1992 онд Москва хотын Авто замын дээд сургуулийг инженерээр /бакалавр/, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр /бакалавр/ тус тус төгссөн. Орос, англи хэлтэй.

Нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны холбооны ерөнхийлөгчөөр, 1992-1997 онд “Боловсрол” ХХК-д менежер, 1997-2004 онд “Түшээ” дээд сургуульд гүйцэтгэх захиралаар, 2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч, МАХН-ын ажлын албаны дэд даргаар, 2005-2006 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-д Хуулийн хэлтсийн Хууль зүйн албаны даргаар, 2006-2010 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, бүлгийн ажлын албаны даргаар, 2012-2016 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр тус тус ажилласан бөгөөд 2021 оноос УИХ-ын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаа юм байна. Хуульч мэргэжлээр 19 жил ажилласан нэр дэвшигч Б.Болдбаатар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгаа гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийн талаарх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Рагчаагийн Батрагчаа, Бямбадоржийн Болдбаатар, Улсын Их Хурлаас Цэдэвийн Цолмон нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тус тус санал болгосон юм. Байнгын хороо уг асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгосон Рагчаагийн Батрагчаа, Бямбадоржийн Болдбаатар, Цэдэвийн Цолмон нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Г.Туулхүү нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай болон Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна хэмээн Ц.Мөнхцэцэг гишүүн танилцууллаа.

Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн санал, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж, үүний зэрэгцээ нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Т.Доржханд, О.Цогтгэрэл, М.Оюунчимэг. Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, санал хэлсэн.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт аван, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Нэр дэвшигч Ц.Цолмонг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 41 гишүүний 68.3 хувь нь, нэр дэвшигч Б.Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг гишүүдийн 65.9 хувь нь, нэр дэвшигч Р.Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг гишүүдийн 65.9.5 хувь нь тус тус дэмжсэн юм. Иймд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд тогтоолыг уншиж, танилцууллаа.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Я.Содбаатар дарга танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилуулах асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд саналаа хүргүүлсэн гэв. О.Машбат нь 1981 онд Дорноговь аймагт төрсөн. 43 настай, ам бүл 5. Тэрбээр 1998 онд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж, 2002 онд Чингис хааны нэрэмжит “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд “Их засаг” их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ. 2005 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагаар, 2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж эрүүгийн эрх зүйд суурилсан шинжлэх ухааны удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна. О.Машбат нь 2003-2005 онд УИХ-ын Тамгын газарт туслах ажилтнаар, 2008-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, 2009-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар, 2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокуророор, 2017-2019 онд Нийслэлийн Прокурорын газарт хэлтсийн дарга, ахлах прокуророор, 2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга, ахлах прокуророор, 2020-2024 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Шадар сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын даргаар тус тус ажиллаж байжээ. 2024 оны 01 дүгээр сараас Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ахлах прокуророор ажиллаж байгаа юм байна. Тэрбээр 2004 онд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээгээ авчээ. Хуульч мэргэжлээр 20 жил ажиллаж байгаа бөгөөд Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д заасан “Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэсэн шаардлагыг бүрэн хангаж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлснийг тус Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, М.Оюунчимэг нар үг хэлж, асуулт асуун нэр дэвшигчээс хариулт авав. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 40 гишүүний олонх буюу 62.5 хувь нь Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилуулах асуудлыг дэмжив. Санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэх болно гэдгийг Г.Занданшатар дарга мэдэгдлээ.

Нэгдсэн хуралдаан үргэлжилж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Б.Саранчимэг гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж ажлын хэсгийн гишүүд үзсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан 1 саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан ч энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж байсан тул санал хураалтыг хойшлуулахаар Улсын Их Хурлын дарга шийдвэрлэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр хуулийн төслөө татан авах тухай Улсын Их Хурлын гишүүдийн саналыг танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 4 гишүүнээс өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуульд хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эргүүлэн татаж буйгаа мэдэгджээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэпцэх эсэхийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэпэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 84 дүгээр захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх балтгэл хангах, санал, дүгнэтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ажлын хэсгийг ахлан, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Л Мөнхбаатар, М.Оюунчимэг. Б.Энх-Амгалан нар ажиллажээ.

Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хурглдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн гэв. Ажлын хэсэг Шүүх хуралдааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар олон нийт үнэн бодит мэдээллийг авах боломжийг тэгш хангах зарчмыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа нууцын холбогдох хууль тогтоомжийг шүүхийн шатанд хэрхэн зохицуулах талаар, төрийн нууцад хамаарах болон өсвөр насны яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөхөөс бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаан нээлттэй байх, иргэд нээлттэй шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглах зорилгоор шүүх хуралдаанд оролцох дэг, журмыг баримтлан шүүх хуралдааны танхимд чөлөөтэй нэвтрэн орох боломжийг олгох зэрэг зарчмын зөрүүтэй 31 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Түүнчлэн хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллыг гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллыг гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэгбүрчлэн хэлэлцсэн хэмээн Б.Пүрэвдорж гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын 33 томьёоллоор санал хураалт явуулах байсан ба санал хураалтыг хойшлуулав.

Дараа нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан байна. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй гэлээ.

Д.Сарангэрэл гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжилж, төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасан журмын дагуу явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хуулийн дагаж мөрдөх хугацааг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болгох талаар зарчмын зөрүүтэй санаг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хороо Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэж санал хураалт явуулан шийдвэрлэсэн гэв.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулах байсан ба санал хураалтыг хойшлуулав.

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулсан.

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн гэв. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн Ж.Батжаргал гишүүн танилцуулав.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулах байсан ба санал хураалтыг хойшлуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар шийдвэрлэсэн.

Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулсан.

Энэхүү хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн чуулганаар нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын даргын 2024 оны 78 дугаар захирамжаар дээрх хууль тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ц.Идэрбат, Б.Саранчимэг, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан аж. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулж төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс залуу малчин гэр бүл болон хот сууринаас шилжин очиж хоёроос доошгүй жил тасралтгүй мал маллаж байгаа малчин өрхөд өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх, бэлчээр ашиглуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, баг, хорооны иргэдийн Нийтийн хурлын шийдвэрт үндэслэн сум дүүргийн Засаг дарга шийдвэрлэх зохицуулалтуудыг нэмж төсөлд тусгасан тусгах нь зүйтэй хэмээн үзсний дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Түүнчлэн Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн бодлогыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт, шаардагдах санхүүжилтийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэхээр, мал үржүүлэг технологийн болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг хөнгөлөлттэй зээл болон бусад хэлбэрээр дэмжихээр өөрчлөлт оруулан найруулах, малчны өөрөө удирдах байгууллагын тогтолцоо, малчин өрх, тэдгээрт газар эдэлбэрийн эрхийг баталгаажуулах малчны оролцоотой байгалийн нөөцийг сэргээх чадварыг бэхжүүлэх зохицуулалтуудыг төслөөс хасах зэрэг зарчмын зөрүүтэй 14 санал, найруулгын 3 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар 1 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Байнгын хороо ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн хэмээн Г.Мөнхцэцэг гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах байсан ба санал хураалтыг хойшлуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар шийдвэрлэсэн.

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулав.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг явуулах гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Ж.Батжаргал гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулна DNN.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний зохион байгуулалтын талаар хэлэлцлээ. Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллах бөгөөд наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор зохион байгуулах бөгөөд байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археолиогийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж олон нийтэд хүргэх юм.

Эх дэлхийн нөхцөл байдал амаргүй, хүн төрөлхтөн даяараа энх оршихуй руу тэмүүлж буй энэ цаг үед байгальд хамгийн ээлтэй оршихуй гэгддэг нүүдлийн соёл иргэншлээр дамжуулан хүн-байгалийн харилцан хамаарал, шүтэн барилдлагын үнэ цэн, ач холбогдлыг хүж дэлхийд үлгэрлэж ирсэн ”Монгол оршихуйн Итгэл Үнэмшил”-ийг үндэсний их баяр наадмаараа харуулахыг зорьж буй юм.
Энэ үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг зохион байгуулах найруулагчийн багийнхан болон салбар хороодын дарга нарыг бэлтгэл ажлаа цаг хугацаанд нь хангаж ажиллахыг үүрэг болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.

Айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн тэргүүний түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэх талаар  ярилцана.

Төрийн айлчлалын үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Categories
мэдээ улс-төр

БСШУСБХ: Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ DNN.mn

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.05.30) Төрийн ордны “Их засаг” танхимд 12 цаг 33 минутад эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Баярсайхан нээж, хуралдааны ирц, хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Байнгын хороо Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй нэг саналын талаар хэлэлцэв.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, уг хуулийн төсөлд тусгасан допингийн эсрэг үйл ажиллагааны талаарх зохицуулалт олон улсын дүрэм, журамд нийцсэн эсэхийг тодруулж асуулаа. Ажлын хэсэг, Допингийн эсрэг агентлагийн дүрэмд Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрт спортын бусад байгууллага болон төрийн байгууллагын оролцоог хязгаарласан байдаг. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Допингийн эсрэг үндэсний байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнийг гурван жил тутам нэг удаа сонгогдоно хэмээн тусгасан гэж хариулахад, хуралдаан даргалагч Б.Баярсайхан хариултыг хангалтгүй хэмээн үзэж, хуулийн төслийн амин чухал хэсэг учраас дэлгэрүүлж хариулах шаардлагатай гэсэн юм. Монгол Улс 2007 онд Сэргээшийн эсрэг олон улсын конвенцод нэгдэн орсон, энэ нь үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэсэн хариултыг Ажлын хэсэг өгөв.

Ийн хэлэлцсэний эцэст Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс уг хуулийн төслийн 13 дугаар зүйлийг өөрчлөн найруулахаар боловсруулсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг 66,7 хувь нь дэмжив.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай асуудлыг хэлэлцэж дууссан тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах төлөөллөөр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэгийг томилсноор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.