Categories
мэдээ спорт цаг-үе

АБУ ДАБИ: Б.Баасанхүү Дэлхийн аварга боллоо DNN.mn

Жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо эхэллээ. Тэмцээнд 104 орны 630 гаруй жүдоч ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг жинд өрсөлдсөн Ази тивийн аварга Б.Баасанхүү АЛТАН медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ.

Гэрэл зургийг: Д.Нямбилэг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ДНБ 16.5 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны эхний улиралд оны үнээр 16.5 их наяд төгрөг, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 6.1 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх оны I улиралтай харьцуулахад 2015 оны зэрэгцүүлэх үнээр 7.8 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

ДНБ 2024 оны эхний улиралд 7.8 хувиар өссөний -1.3 нэгж хувийг хөдөө аж ахуйн  салбар, 1.9 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 1 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 4.1 нэгж хувийг үйлчилгээний салбар, 2.1 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ DNN.mn

Энэ өдрүүдэд Сүхбаатарын талбайд 35 дахь удаагийн “Номын баяр” болж байна. Номыг шимтэн уншчдаг уншигч маш ихээр цугласан, өргөн дэлгэр болж байгааг зохион байгуулагчид онцолж байсан. Мөн энэ удаагийн “Номын баяр”-ын сонирхолтой, хүмүүс их очиж байгаа асруудын нгэ нь Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан асар байлаа. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар энэ жилийн УИХ-ын сонгуулиар 126 гишүүн сонгогдоно. Урьд өмнө болж байгаагүй олон нэр дэвшигч өрсөлдөх магадлалтай байгаа учраас саналын хуудас ямар байх тухай олон таамаг явсан. Саналын хуудсыг хэрхэн бөглөх, сонгогч юун дээр анхаарах ёстойг тус асарт иргэдэд тайлбарлаж байлаа. Энэ удаагийн сонгуулийн саналын хуудас хоёр ширхэг байх юм байна. Тодруулбал, нэг сонгогч хоёр саналын хуудас бөглөнө гэсэн үг. Тухайн тойрогт нэр дэвшигчдийн нэрийн өмнөх дугуйг будах бөгөөд хэдэн мандаттай байхаас хамааран тэр тооны хүний нэрийг дугуйлна.

Мөн намын жагсаалтаар 48 гишүүн сонгогдох учраас жагсаан бичсэн өөр нэг саналын хуудаснаас нам, эвслээс зөвхөн нэгийг нь сонгон будах юм байна. Харин нэр дэвшигчдийн саналын хуудас нь тухайн тойрог хэдэн мандаттайгаас хамааран урт, богино байх аж. Тухайлбал, таван мандаттай тойрогт нэр дэвшигчид, 10 мандаттай тойрогт нэр дэвшигчдийг жагсаан бичсэн саналын хуудас өөр хэмжээтэй байна.

Гэсэн хэдий ч хамгийн уртдаа 79 см хэмжээтэй байхаар тооцож байгаа гэдгийг хэлж байв. Саналын хуудас уншигч машин ямар нэгэн асуудалгүйгээр уншина гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Санал өгөхдөө сонгогчид нэг зүйлийг онцгойлон анхаарах учиртай гэнэ. Тэр нь тухайн тойргийн мандатын тоотой ижил тэнцүү хүний нэрийн өмнөх дугуйг будна. Хэрэв илүү будсан бол төхөөрөмж буцаах бөгөөд саналын хуудсыг дахин нэг удаа шинээр авч болно. Мандатын тооноос дутуу будсан тохиолдолд ч төхөөрөмж уншихгүй. Гэхдээ саналын хуудас шинээр авалгүйгээр гүйцээн будаад уншуулахад төхөөрөмж ямар нэгэн асуудалгүйгээр унших юм байна. Үүнийг бүр жишээ болгон СЕХ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан төхөөрөмжид уншуулж үзүүлсэн юм. Мөн нэр дэвшигч, нам, эвслийн өмнөх дугуйн 30 хувийг будсан тохиолдолд л төхөөрөмж уншдаг аж. Бага зэрэг илүү гаргаж будсан ч асуудалгүй гэнэ. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд саналаа өгөхийн тулд багагүй бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болдог. Тэгвэл энэ жил санал авах байрууд орох болон гарах талдаа налуу шаттай байх аж. Мөн баррель үсгийн хавтас бүхий харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай бүхээгийг ч хийх юм байна. Үүнээс гадна бүхээг бүр дээр томруулдаг шилний үүрэг бүхий жижиг хавтас ч байрлуулахаар болжээ.

СЕХ-ноос иргэдэд мэдээлэл өгөх, сонгогчийн боловсролыг дэмжихээр ийнхүү асар байгуулсан нь маш чухал зүйл боллоо гэдгийг иргэд хэлж байсан юм. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим ертөнцөөр сонгуулиа хэрхэн өгөх, саналын хуудсыг яаж бөглөх тухай мэдээлэл явж байгаа ч мэргэжлийн хүмүүсээр нь тайлбарлуулахад илүү ойлголт авч байна гэдгээ ч хэлж байв.

Бид бүхэн энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангаас цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.

П.Дэлгэрнаран: Хяналтын тооллого буюу гар тооллогыг хэсгийн хлроодод 100 хувь хийнэ


-Энэ удаагийн сонгуулийн бэлтгэл ажлууд хэр хангагдаж байна вэ?

-СЕХ-ноос баталсан цаг хугацааны хуваарийн дагуу бүх ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдээд явж байна. Яг одоогийн байдлаар нэр дэвших ажиллагааны сүүлийн өдрүүд явж байгаа. Маргааш (өнөөдөр) нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулна. Харин нөгөөдөр (маргааш) нэр дэвшигчийн материал хүлээж авч эхэлнэ. Мөн энэ жил “Номын баяр” болж буйтай холбоотойгоор сонгогчийн боловсролд зориулан асар ажиллуулж, өөрсдийнхөө үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчилж байна. Иргэд маань ч нэлээд сонирхож байна. Учир нь энэ жил хууль шинэчлэгдсэн. Мандатын тоо нэмэгдэж, тойрог томорсон болохоор хүмүүс анхаарал хандуулж байгаа бололтой.

 

-Нэр дэвшигчид материалаа бүрдүүлэхдээ юун дээр анхаарах ёстой вэ?

-Нэр дэвшигчид болон нам, эвслүүд хуульд заасан материалыг цаг хугацаанд нь манай байгууллагад өгөх үүрэгтэй. Тиймээс аль аль нь үүн дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Нэр дэвшигчдийн материалыг нийтдээ тав хоногийн хугацаанд хүлээн авах учраас яарч сандралгүйгээр хуульд заасны дагуу бэлдэх учиртай. Материал ирснээр бид төрийн холбогдох байгууллагуудаас лавлагаанудыг гаргуулж авна. Ингээд ирсэн материал, лавлагааг тулгаж байж бүртгэх эсэх шийдвэрээ гаргана.

-СЕХ-нд хууль зөрчсөн талаарх гомдол, мэдээлэл хэр ирж байна. Хамгийн сүүлд хэвлэлээр Соёлын сайд Ч.Номинг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж мэдээлсэн?

-Манай байгууллагад гомдол, мэдээлэл ирж байгаа. Хууль бус сурталчилгаатай холбоотой гомдол ирж байна. Тэр дотроо хуульд заагаагүй хугацаанд, хууль бус аргаар сурталчилгаа явуулж байна гэх гомдлууд дийлэнх байна. Ер нь сонгуультай холбоотой гомдлыг найман төрлийн байгууллага шалгах учиртай. Тийм болохоор энэ байгууллагуудын чиг үүргийн дагуу хугацаа алдалгүйгээр шилжүүлэн шалгуулж байна. Харин тухайн байгууллага энэ асуудлыг шалгаад ингэж шийдвэрлэлээ гэдгээ бидэнд уг нь эргэж мэдэгдэх ёстой.

-Байгаль орчны сайд асан Н.Цэрэнбатыг хууль зөрчсөн гэсэн асуудал яваад байсан. Энэ юу болсон бэ?

-Тухайн хүний асуудал бол хэвлэл мэдээллээр хууль зөрчсөн гээд яваад байгаа. Гэвч тухайн үед манай холбогдох албаны мэргэжилтнүүд сэтгүүлчийн асуусан асуултад л хариулсан юм шүү дээ. Хэрэв энэ нь үнэн бол хууль зөрчиж байгаа хэрэг гэж л хэлсэн болохоос манайхаас шууд хууль зөрчсөн гээд тогтоочихдог юм гэж байхгүй. Дээрээс нь тухайн асуудалтай холбоотойгоор баримттай гомдол манайд ирээгүй.

-Энэ удаагийн сонгуулиар нийтдээ хэчнээн хүн ажиллах вэ?

-Улсын хэмжээнд нийтдээ 25700 гаруй төрийн албан хаагч ажиллахаар байна. Мөн цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллагаас тодорхой хүмүүс ажиллана.

-Сайн дурын ажилтнуудыг оролцуулна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ жилийн сонгуулийн бас нэг онцлог бол бид сайн дурын хүмүүс ажилладаг эхлэлийг тавьж байгаа явдал юм. Ингэснээр манайд их сайн эерэг зүйл болж байна. Сайн дурынхан маань голцуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг санал өгөхөд нь туслах байдлаар ажиллана.

-Хяналтын тооллогыг яаж хийх вэ?

-Хяналтын тооллого буюу гар тооллогыг 100 хувь хийнэ. Бүх хэсгийн хороод дээр гараар тоолно гэсэн үг. Ингэхдээ хуульд зааснаар 22:00 цаг гээд хэсгийн хороод хаалгаа барина. Үүний дараа сонгуулийн автоматжуулсан системээр дүнгээ дамжуулна. Дүнгээ дамжуулчихаад нэн даруй гар тооллогыг эхлүүлнэ гэж хуульд заасан байгаа. Харин гараар тоолохдоо СЕХ-ноос баталсан журмыг баримтлан ажиллах учиртай.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Г.Батбаяр агсны дүү Г.Наранцацрал: Ахыг минь хордуулчихаад үхэхгүй болохоор нь буудчихав уу гэж л хардаж байгаа DNN.mn

Өмгөөлөгч Г.Батбаяр өнгөрсөн сарын 26-нд машиндаа нас барсан байдалтай олдсон харамсалтай явдал болсон. Одоогоор уг хэрэг санаатай, санамсаргүй аль нь болох нь тодорхойгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа аж. Талийгаачийн дүү Г.Наранцацралтай ярилцлаа.


-Танд болон гэр бүлд тань эмгэнэл илэрхийлье?

-Бидэнд үнэхээр хүнд гарз тохиолоо. Аав минь 80 гарсан өндөр настай хүн байдаг. Маш хэцүү хоног өдрүүдийг үдэж байна. Нөхөж баршгүй гарз гэж энэ л юм байна. Бид ч шокын байдалтай байна. Гэнэтийн юм гэдэг аюултай байдаг аж.

-Олны нүдэн дээр байсан өмгөөлөгч хүн ямар учраас амь хохиров гэдэг олон нийтэд эргэлзээ төрүүлсээр байгаа. Эндээс яриагаа эхэлмээр байна, болох уу?

-Ахынхаа хувьд ярихад их зоригтой, өөрийн гэсэн харизмтай хүн. Бас цагаахан, хэлье гэснээ шууд хэлчихдэг

Ажил үүргийн талаасаа бодсон ч өмгөөлөл хийж байгаа хүнээ маш сайн хамгаалдаг. Энэ үйлчлүүлэгч ямар ч хүн байсан би хамгаалах ёстой гэж үздэг.

Ер нь өөрөө ой тогтоолт өндөртэй, их сэргэлэн хүн. Хүүхэд байхын тийм байсан. Өдөрт нэг ном уншчихдаг, номын сайн нөхөр байлаа. Австралид байдаг ах маань хоёулаа алтан медальтай сурагчид байлаа. Баагий ах маань сургуулиа төгсөөд Орост сурах хуваарь авч байсан шүү дээ.

Би ахыгаа сайн мэднэ. Хажууд нь олон ч жил явсан. Би айлын ганц охин. Дөрвөн ахтай. Баагий ах хамгийн том нь. Тиймээс намайг их хайрладаг хамгаалдаг байлаа. Ер нь ах эмэгтэй хүнийг маш их хүндэтгэдэг, хайрладаг хүн. Би оюутан болоод хөдөөнөөс орж ирэхэд намайг дотуур байранд суулгахгүй гээд л хажуудаа аваад л төгсгөсөн. Аав минь олон жил уурхайд ажилласан. Ээж минь 17-тойдоо багш болж байлаа. Сүүлд 35-тайдаа Багшийн дээдэд эчнээгээр сурахад ах бид дөрвийг харж өссөн. Таван аяган боорцог тэнцүү хувааж хийгээд л, үсийг минь хоёр сүлжээд л бид энгийн сайхан амьдралыг туулсан хүмүүс. Ингэж сайхан ахан дүүсийн хайранд өссөн хүмүүс нэгнийгээ цаг бусаар алдана гэдэг хүлээн зөвшөөрөхөд хэцүү юм.

-Ахыгаа сураггүй боллоо гэсэн дуудлагыг та цагдаад өгсөн байсан уу?

-Би ахтайгаа хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 18-нд уулзсан юм. Ингээд хөдөө яваад өгсөн. 21-ний орой ирсэн. Тэр үед Улаанбаатарт цас ороод цаг агаар хүнд байсан. Маргааш өглөө нь ахын оффис руу орох гээд хаалга тогштол байдаггүй. Удалгүй бэр залгаад ахыг асууж байна. Ах руу залгатал утас нь дуудаад авдаггүй. Тэр бол 22-ны өглөө 08:15 цагийн хавьцаа. “Та хаана байна гээд мессэж бичлээ”, хариу байхгүй. Тэр өдөржингөө л бэр бид хоёр ээлжилж залгасан, утсаа аваагүй. Маргааш нь бас л дуудаад байсан. Хоёр утас нь адилхан. Гэтэл унтарчихдаг юм. Удалгүй дахиад нээгдсэн. Тэгэхээр нь бэр бид хоёр санаа амарчихгүй юу. Утсаа асааж унтраагаад байна гэж бодлоо. Гэтэл 23-ны орой 02:00 цагийн үеэс утас нь бүр унтарсан. 25-ндаа Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст би очиж мэдээлэл өгсөн. Ингээд эрэл эхэллээ гээд л шөнийн 01:00 цагийн үед мэдүүлэг өглөө. Ямар хүмүүстэй холбоотой байв, хэнийг хардаж байна гээд л асууж эхэлсэн. Бид ч хэлсэн.

-Таныг сураггүй боллоо гэсэн гомдол гаргаад маргааш нь цагдаа нар ахыг тань машин дотроо нас барсан байхад нь олсон гэж мэдэгдсэн. Тэр хүртэл та бүхэн ямар нэгэн сэжүүр аваагүй юу?

-Гомдол гаргасны маргааш 17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс намайг “ирээрэй” гэж дуудсан. Ингээд л бид тал талаас гарцгаасан.

-Тэр үед амиа алдсан эсэхийг мэдээгүй хэрэг үү?

-Юу ч бодоогүй. Машин нь олдлоо гэж ойлгосон. Гэтэл удалгүй сошиалаар нас барсан болохыг мэдээлээд эхэлсэн. Бид цагдаа дээр очихоос өмнө түгжирчихсэн. Хүмүүс над руу залгаад тэгж л мэдсэн.

-Амиа алдсан нөхцөл байдлыг ар гэр нь харсан уу?

-Үгүй. Харуулаагүй. Шууд л цагдаа нар хэргийн газрыг хөндчихсөн байсан. Бид 19:00 цагийн үед Хан-уул дүүргийн цагдаагийн газарт очсон. Нэгэнт хэргийн газрыг хөдөлгөчихсөн учраас бид ярилцаад задланд оруулах хүсэлт гаргасан.

Уг нь амь хохирогчийн ар гэрийг нь дуудаад үзүүлж таниулдаг биз дээ. Сая гэхэд нэг залуу хүүхдээ цэцэрлэгээс авахаар явж байгаад амиа алдсан. Түүнийг ар гэрт нь таниулж байна гээд л шуугиад байгаа биз дээ. Гэтэл ах минь тийм ноцтой байдлаар амиа алдчихсан байхад ар гэрт нь таниулж мэдээлэл өгөөгүй нь маш эргэлзээтэй. Хамгаалалтын бүс татаж байгаад ар гэрээс нь нэгийг нь дуудаж оруулаад харуулах ёстой баймаар. Бид тал талаас яваад очсон шүү дээ. Хөдөөнөөс нэг ах маань хүртэл яваад ирчихсэн байсан.

-Эргэлзээтэй зүйл гэдэг нь?

-Машинтай явсан хүнийг доороо л олмоор. Гэвч хайж байна гээд л байсан. Магадгүй олчихсон байх гэж хардаж байгаа. Машины дугаараар хайгаад олчихмоор.

-Задланд оруулъя гэхэд ямар хариу өгсөн бэ?

-Өргөдөл бичээд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын дарга дээр явж орсон. Эргээд танд хариу хэлнэ гээд гаргасан. Ингээд орой хүртэл хүлээлгэж байгаад шөнийн 01:00 цагийн үед бидэнд “Маргааш өглөө Шүүх эмнэлэг дээр 09:00 цагт явж очоорой. Бичиг баримтыг нь шилжүүлсэн” гэж мэдэгдсэн. Ингээд бид маргааш нь цагтаа шүүх эмнэлэг дээр яваад очтол аль хэдийнэ задлан шинжилгээнд оруулчихсан байсан. Ар гэрээс нь задлан хийх үед хамт байлгаагүй гэсэн үг. Сонин байгаа биз дээ. Бид энэ талаар эргээд цагдаа нараасаа асуух гэсэн боловч утсаа авдаггүй бөөн л юм болсон.

Ингэж ингэж ямартаа ч ахыгаа орж үзье гэсээр орохоор болсон.

-Та орсон уу?

-Тийм ээ. Би орсон. Өөр бусад өмгөөлөгчид гээд орцгоосон л доо. Биднийг орохоос өмнө яагаад ч юм Хан-Уулын цагдаагаас байн байн залгаад байсан. Ямар ч шаардлагагүй зүйл асууж лавлаад л, мэдүүлэг яриад л намайг оруулахгүй гэж үзсэн бололтой. Дахиад л 30 минут болоод машин нь байгаа, хүлээгээд авчих уу гээд л. Би ах руугаа орох гээд байна гэхээр намайг сатааруулаад байсан. Ийм маягаар гурав дөрвөн удаа ярьсан. Ямартаа ч орсон л доо. Ахыгаа таньсан. Зарим нь биш байна гэх мэтээр ярьж л байсан. Намайг харахад бол шинэ задлан биш байсан. Өмнө нь эрт хийчихжээ гэж бодсон. Бараг урьд орой нь машинаас олонгуутаа авчраад задлан шинжилгээнд оруулчихсан юм биш үү гэж хардсан.

-Задлан шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Уг нь 14 хоногийн дотор гардаг гэж шинжээч эмч нар ярьж байсан. Өдийд гарчихсан байдаг гэсэн. Гэтэл одоо 25 хонож байна. Асуухаар хэсэгчилж гарна, болоогүй гээд байгаа. Буу оллоо, сум оллоо гэж тус тусдаа гардаг гэх юм билээ. Гайхаж л байна.

Сая бид ахынхаа 21 хоногийг хийлээ. Цаг хугацаа хурдан юм. Ер нь хохирсон хүн хохироод л үлддэг юм байна. Ах минь асар их дарамтад явж ирж гэдгийг харж, ойлгож байна. Анхнаасаа гэр бүлээр нь оролдож эхэлсэн. Охиныг нь юу болгов, та бүхэн мэдэж байгаа. Жаахан хүүхэд шүү дээ. Бүх юм зохион байгуулалттай байсан. Дүү маань ганцаараа, түүний эсрэг гурван охин байсан. Тэд бичлэг хийсэн. Дүүг маань буруутгаж гаргасан. Юм чинь хоёр талтай. Ахынхаа охиныг би багаас нь мэднэ. Байнга л хүйтэн ус ундаа уудаг, кофе ч тэр. Тэгэхээр би чи охин хүүхэд байж битгий цэл хүйтэн юм уу гэж хэлдэг байсан. Тэгээд бодохоор хэрэв бусад руу цацсан гэвэл хүйтэн кофе л байж таарна. Халуун байсан бол хүн юм чинь болохгүй гэдгийг мэднэ шүү дээ.

-Сая ахын тань ажил явдал болох үеэр охиныг нь цагдан хорих тогтоол гарсан гэж мэдээлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ёс зүйгүй хүүхэд гэж нийгэмд жигшүүлчихлээ. Харамсалтай юм. Цагдаа нарыг гайхаад байна. Залуу хүүхдүүд маргах, нэгэнтэйгээ муудах зүйл бишгүй л байдаг. Гэтэл захиалгаар, албаар очиж өддөг юм уу ямар нэгэн байдлаар давтан хэрэг болгох гэж л бий болгосон асуудал гэж харж байгаа. Бид чинь залуу хойч үеэ хамгаалдаг байтал энэ хүүхдийн амьдралыг дэвсэлье гэж харлуулж байна шүү дээ. Үүнд их харамсаж байна. Тэр яахав дээ, хүүхдүүд нэгнийгээ татаж чангаасан юм болсон. Дараа нь нэгэндээ гомдолгүй ээ гээд хэлтэл цагдаа нь “Тэгвэл та нар худлаа мэдээлэл өгсөн” гээд дарамталсан. Тэгээд аргагүйн эрхэнд гомдол гаргуулж давтан болгох гээд үзээд байгаа асуудал.

-Задлан шинжилгээний хариу гараагүй юм байна. Ар гэрийн та бүхэнд нэг хар байгаа байх. Энэ хэрэг юу болчихов. Яагаад энэ хүн амь хохиров гэж?

-Ах минь амиа хорлоно гэж байхгүй. Иймэрхүү юман дээрээс айдаг хүн биш. Зоригтой хүн учраас сүүлдээ хордсон гэж яриад байгаа. Хордуулчихаад үхэхгүй болохоор нь алчихав уу гэж л бид хардаж байгаа.

-Ах тань цагдаагийн байгууллагад шалгуулж байсан. Эрүү шүүлт тулгасан гэж буцааж гомдол гаргаад байсан гэдэг байх аа?

– Мөрдөн байцаах газрын нэр бүхий мөрдөгчийн эсрэг маш олон гомдол гаргасан. Учир нь тэр хүн ахыг минь гэр бүлээр нь, ажил албаар нь маш эртнээс дарамталж ирсэн байдаг. Гэрт нь шууд дайрч орно, бага насны хүүхдийн нүдэн дээр утсыг нь булааж авна. Хүүхдийн барьж байсан падыг нь хүртэл авна. Ахын ажил дээр хүртэл ийм маягаар дайрч орсон байгаа юм. Өдөр шөнөгүй дарамталсан. Гэр бүлээр нь оролдсон. Охиноор нь ч тэр. Энэ бол айлын эзэн хүнд асар том асуудал. Ерөөсөө л ахыг минь барьж авч хорих гэж л оролдоод байсан гэж би харж байгаа. Үүнийг батлах баримт фактууд байгаа.

-Тодруулж болох уу?

-Энэ бол Ноён уул, Өмнөговь аймгийн уул уурхайн лиценцийн асуудлаас үүдэлтэй. Олон жилийн өмнөөс эхэлсэн асуудал. Ах үүний талаар асар их мэдээлэлтэй, баримттай байсан хүн. Өнгөц харахад хүний нэр хүндэд халдсан гэх асуудал боловч цаана нь уул уурхайн асар том ашиг сонирхол байсан хэрэг. Хэмжээг нь хэлээд яахав, асар их гадаад валюттай холбоотой асуудал ч бий. Нам хоорондын их том мэдээлэлтэй байсан хүн.

-Гэрээслэл олдсон юм уу?

-Гэрээслэл байгаагүй. Гэрээслэл олдоод хүлээлгэж өглөө гэх мэдээлэл гарсан бололтой. Би ахынхаа бичгийг танина. Хэрэв үнэхээр амиа хорлосон бол өмгөөлөгч хүн гэрээслэл заавал бичнэ шүү дээ. Тиймээс гэнэтийн зүйл байсан гэж харж байгаа.

-Өөрийнхөө эрхийг хамгаалахаар маш олон газарт хандаад байсан гэж та ярьсан. Өмгөөлөгч хүний эрх зөрчигдөж, эрхээ сэргээлгэхээр хуулийнханд хандана гэдэг ардчилсан улсад ховор үзэгдэл юм?

-Дээр хэлсэн шүү дээ. Тодорхой нэр бүхий мөрдөгчийг солиулахаар АТГ, ЦЕГ, прокурор гээд олон газарт 10 гаруй хүсэлт гаргасан байдаг. Мөрдөгчөөсөө татгалзах эрхтэй юм билээ. Ах хуулиа сайн мэднэ. Болохгүй болоод, хууль зөрчигдөөд эрх нь ноцтой зөрчигдөөд байсан болоод л хандсан хэрэг.

Ямар нэгэн хэргээр гүтгэж цагдаж хорих гэж их эртнээс энэ хүнийг тагнаж чагнаж явсан. Охиныг нь гүтгээд л, цагдаатай л холбоотой яваад байсан. Төрийн өндөр албан тушаалтай хэрэг хийсэн нь тодорхой хүмүүсийн гэрт дайрч ордоггүй хэрнээ энгийн иргэний гэрт хүч түрэн орж эд зүйлийг нь хурааж авна гэдэг байж болохгүй зүйл. Юунаас айж, ямар захиалгаар ингэж явсан бэ гэхээр ах маань асар их мэдээлэлтэй байсан байна гэж харж байгаа. Цаана нь том захиалагч ч байсан байна. 10-аад гомдол гаргасан ч бүгд татгалзсан. Бүх тогтоолууд нь байгаа. Биеэ хамгаалах ямар ч чадваргүй болжээ гэж харагдахаар. Өөрийгөө хамгаалах гэж асар их зүтгэсэн байна. Бас Чингэлтэй дүүргийн цагдаа нар маш их оролддог, хянадаг байсан. Хоёр жилийн өмнө Ариукагийн (талийгаачийн охин) асуудлын дараахан нэг цагдаагийн албан тушаалтан миний утсыг хурааж аваад манай гэр бүлийг хүртэл доромжилж байсан.

-Тэгэхээр талийгаач Г.Батбаяр нэлээд том ашиг сонирхлыг хааж, хөндөж байжээ гэж ойлгогдож байна?

Ах маань маш том эрх мэдлийн өмнө их хүчгүйдсэн байх. Ийм олон хүний эсрэг ганцаараа тэмцэж байсан.

-Өмгөөлөгч байхдаа ажилласан хэргүүд нь ч их сонин шүү. Нийгмийн эсрэг дүрүүдийг голчлон өмгөөлдөг байсан?

-Ах минь зоригтой, айдаггүй л хүн байсан даа, энэ гэрийн багана нь байлаа. Найман настай охиндоо амь. Ээжийн эргэж ирсэн сүнс гээд л эрхлүүлнэ. Өндөр настай аав нь байна. Тийм хүн хэзээ ч энэ хорвоогоос сайн дураараа явахгүй. Бүх хүмүүс мэдэж байгаа, хэлж байгаа. Тиймээс энэ хэргийг эцсийг нь хүртэл явна даа.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо DNN.mn

Ойрын өдрүүдэд үнэн, худал нь мэдэгдэхгүй нэгэн судалгааны дүн телевизийн мэдээ болгоноор шахуу гарлаа. Тэр нь “Гадаадад амьдарч байгаа монголчуудын арван хүн тутмын найм нь эх орондоо эргэж ирэх хүсэлгүй байна” гэсэн судалгаа. Томоохон сайтууд, зарим хэвлэлүүд хүртэл мэдээлэв. Үүнтэй зэрэгцээд “Хэзээ, хаанаас, хэнээс ийм судалгаа авчихав, худлаа юм биш үү” гэсэн яриа нийгэмд байх шиг. Тэгвэл энэ судалгаанд Монголоос явсан иргэд яагаад эргэж ирэхгүй байх шалтгаануудыг нь тоочсон байна лээ. Өөрөөр хэлбэл, нийслэл хотын тулгамдсан асуудлууд нэрлэгджээ. Ер нь Улаанбаатарын асуудал гэдэг бол Монгол Улсын асуудал гэсэн үг. Нийт 3.5 сая хүн амын тал нь энэ хотдоо төвлөрсөн шүү дээ. Бусад нь тал, тал тийшээ тарсан малчид л байгаа байх.

Гадны улсуудыг зорьсон монгол иргэдийн хувьд Улаанбаатарын утаа, түгжрэл, стресстэй нийгэм, амьдрах орчин муу, хүүхдэд ээлгүй орон зэрэг шалтгаануудаас болж эх орондоо ирэх сонирхолгүй байгаа гэж хариулжээ. Бас авдаг цалин гэж нэг муу шүлс шиг юм байдаг нь нөлөөлдөг гэж. Монголчууд ийм хэцүү орчин, нөхцөлд амьдарч байгаа нь яалт ч үгүй үнэн. Гэр хороолол нь салхиныхаа аман дээр замбараагүй тэлчихсэн. Хөрс, агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн. Өвөлжин хот даяараа сайжруулсан түлшний утаагаар амьсгалж, бөөн бөөнөөрөө хордож үхэцгээж байна. Зундаа гадаа гарахын эцэсгүй өмхий самхай ханхалсан жорлон дунд амьдарч байна. Гэр хорооллоо орон сууцжуулдаггүй л юм бол энэ бүх зовлон хэзээ ч арилахгүй. Дээрээс нь замын түгжрэл нэмэгдэнэ. Өдөрт ганц ажил амжуулбал их юм. Жилээс жилд нийслэл хотын автомашины тоо нэмэгдэхийн хэрээр зам нь улам хумигддаг.

Хотын төв рүүгээ л шамбааралдаад чихцэлдээд байна уу гэхээс гадагш нь задалдаггүй. Ардчилсан хувьсгал ялаад 30 жил өнгөрсөн байхад Улаанбаатар бахь байдгаараа л байна. Дахиад нэг Улаанбаатар хотыг байгуулчих хангалттай хугацаанд огт тэлсэнгүй. Ганц тэлсэн газар нь Яармаг л байх шив дээ. Тэндээ бас хэцүү. Замаа шийдээгүй. Анх Улаанбаатар хотод 500 мянган хүн амьдарна гэж тооцоолж Туул голыг гаталдаг дөрөвхөн гүүр барьсан байдаг. Маршалын гүүр,Зайсангийн гүүр, тэгээд доошоо Туулын гүүр, Гурвалжингийн гүүр нь өнөөг хүртэл яг хэвээрээ. Одоо нийслэл хот 1.5 сая хүн амтай болчихоод байхад гүүр, гарц нь нэмэгдэхгүй болохоор чинь Яармагтаа гацаатай байх нь аргагүй шүү дээ. Зүй нь Туул гол, төмөр зам хоёрыг арваад гүүрээр гарч байж хотын түгжрэл гайгүй болно.

Манай улсын хамгийн том сэтгэл зовоосон асуудал бол яах аргагүй хүүхдийн амьдрах орчин. Энэ үнэхээр сэтгэл шимшрүүлэм асуудал. Дөнгөж эхээс төрөнгүүтээ л утаан дотор байхаар чинь яаж эрүүл өсч торних юм бэ. Сүүлийн дөрвөн жилд хүүхдийн хорт хавдрын өвчлөл хоёр дахин нэмэгдсэн гэх статистикийг мэргэжлийн байгууллагууд гаргачихсан байна лээ. Үртэй хүн бүхэн айдаст автаж байна. Ядаж байхад эмнэлгүүд нь хүүхдүүдээр битүү дүүрчихсэн. Эмнэлэгт хэвтвэл шууд шалан дээр гудас хаясан болоод эмчлүүлэхээс өөр сонголтгүй. Сургуульд орлоо гэхэд хүрэлцээ муутай. Эцэг, эхчүүд хүүхдээ хотын нэг захаас нөгөө зах хүртэл зөөнө. Гэрийн ойролцоо байгаа сургуулиуд нь гурван ээлжээр хичээллэдэг. Одоо нийслэлд 50-иад сургууль гурван ээлжээр хичээллэж байна гэж салбарын сайд нь хоёр хоногийн өмнө ярьж байсан. Сургууль, эмнэлэг барья гэхээр газар олддоггүй. Бүгд олигархиудын, газрын ченжүүдийн гарт орчихсон. Улаанбаатарт сургууль хомс болохоор нэг ангид 60 хүүхэд бужигнахгүй гээд яах вэ дээ. Тэдэнд ердөө ганцхан багш өдөржин хоолойгоо сөөтөл хичээл заадаг. Харин гадаадад 20 хүүхдэд хоёр багш оногдож байх жишээтэй. Цаашлаад Монголд хүүхдийн хүчирхийлэл замаа алдсан. Томчууд хүүхдийн эрхийн талаар ямар ч ойлголтгүй. Эрх мэдэлтнүүд нь хүүхдийн гэсэн тодотголтой бүхнийг дээрэмддэг. Яагаад гэвэл хүүхдүүд эсэргүүцэж, дуугарч чадахгүй болохоор ийм муухай дээрэнгүй хандлагатай. Одоо орон сууцны ч бай, гэр хороололд ч бай хүүхдүүд наадах олигтойхон тоглоомын талбай байна уу. Хичээлдээ явахаар гэрээсээ гарсан хүүхдүүд гарцан дээр машинд дайруулж амиа алдах нь энгийн үзэгдэл болчихсон. Монголд хүүхэд эрүүл, аюулгүй өсөх орчин үнэндээ алга. Хүүхдэдээ ээлгүй орноос хүмүүс зугтахгүй гээд яах юм бэ.

Сүүлийн үед улсуудын дунд сэмхэн яригддаг бас нэг асуудал байна. “Монгол Улс маань Оросыг дагасан орон болчих вий дээ” гэх битүүхэн айдас. Хэрэв тэгэх юм бол бид Буриад, Тувагийн хувь заяаг давтах юм биш байгаа гэж эмээх юм билээ.

Яг үнэндээ манай эрх баригчдын “айлгүйтэл” хүмүүст ийм бодол төрүүлдэг. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй “айлгүйтэл” нэг бодлын их зөв яваад байгаа юм шиг. Нөгөө бодлын “Яана аа, Оросыг дагах вий дээ” гэж айхаар. Иймэрхүү шалтгаанууд монголчуудыг эх орондоо амьдрах аргагүй болгож байна. Нэгэнт гадагшаа гарсан л бол тэр хүн яаж ч бодсон юу гэж эргэж ирэх билээ. Ингээд бодохоор манай үе, үеийн төрд гарсан улсууд ерөөсөө улс эх орноо өөд нь татсангүй. Бид хөгжилд хүрдэггүй юм аа гэхэд одоогоосоо дээр амьдрах өчнөөн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, боломж бололцоо байлаа. Даанч улсын дээр суусан хэдхэн хүн хагартлаа баяжиж, ард түмнийг улнаас дээш гаргасангүй. Ийм байхад монголчууд дүрвэлгүй яахав дээ. Дүрвэж чадсан нэг нь ийм тамд эргээд ирэх үү дээ.

Манай ард түмэн утга уран зохиол, урлаг соёл, дуу хуур гээд бүх юман дээр “Монгол шиг сайхан орон энэ орчлонд байхгүй” гэж уянгалдаг. “Эргэж Монголдоо төрөөрэй”, “Бурхан гуйсан ч миний газар шорооноос бүү өг” гээд л жигтэйхэн омогшуулаад байдаг даа. Өнөөдрийн энэ амьдарч байгаа орчноо харахад тэр бүгд шал худлаа байгаа биз. Зүгээр л хийсвэр хийрхэл. Харин хүн бодит амьдралаа л дагадаг. Бодит амьдрал нь мэдээж гадаад ертөнц жаргалтай сэтгэл амар үр хүүхдээ өсгөж амьдардаг болохоор л тэр шүү дээ.

Жишээлбэл, Австралид ажилладаг монголчууд өглөө эрт ажилдаа гараад 16 цаг гэхэд аль хэдийнэ ажлаа дуусгачихаад далайн эрэг дээр юмуу цэцэрлэгт хүрээлэнд хөлөө жийгээд жаргаад сууж байна. Ажлын цаг нь эрт дуусчихна. Өдрийн цалин нь нэг сая шахуу төгрөг.

Бараг энд бүтэн сар зовж, зовж олдог мөнгийг тэнд өдөрт нь авч байна шүү дээ. Тийм байхад тэр сайхан оронд 16 цагаас хойш мах шараад идэж байхгүй гээд өөр яах юм бэ. Стрессгүй, цэвэрхэн, нам гүмхэн ийм сайхан газраас хүн уйдах уу. Хүн бодит амьдралаа дагадаг гэж бодохоор хилийн чандад амьдарч байгаа монголчууд буцаж ирэх хүсэлгүй байна гэдэг судалгаа үнэн байх өө. Галзуу тусчихаагүй л бол ийм амьдралтай газар хэн ирэх вэ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

2024.05.20 / ДАВАА ГАРИГ

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН
ТАВАН ШАР ХӨХ БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
Наран ургах, шингэх: 05.07-20.30
Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Ус

Аргын тооллын 5 сарын 20, Сумъяа гараг. Билгийн тооллын 12, Тэргүүн дагуул одтой, хөх бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:07-20:30. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өчүүхэн дүүрэн болох улирал (21ц 19м) эхлэнэ.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +21…+26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +25..+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хөдөөнийхөн гэнэн цайлган сэтгэлтэй гэдэг үлгэр одоо худлаа болсон” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ” хэмээн ярилаа. Энэ тухай II нүүрээс уншаарай.

ТОМИЛОЛТ: Тариаланчид намрын ургацаа борлуулж чадах болов уу гэсэн эрсдэл, эргэлзээ дунд хаврын тариалалтаа эхлүүлж байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хөдөөнийхөн гэнэн цайлган сэтгэлтэй гэдэг үлгэр одоо худлаа болсон” хэмээн өгүүллээ

Монгол дахь Америкийн худалдааны танхим(Ам Чам Монгол)-аас “Хиймэл оюун ухаан бизнесийн салбарт үзүүлэх нөлөө” сэдэвт хурал өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Хуралд хувийн хэвшил, олон улсын компани төдийгүй хөгжлийн байгууллагын төлөөллүүд оролцов. Энэ үеэр “Ам Чам Монгол”-ын гүйцэтгэх захирал О.Адъяатай ярилцлаа.

Өмгөөлөгч Г.Батбаяр агсны дүү Г.Наранцацрал “Ахыг минь хордуулчихаад үхэхгүй болохоор нь буудчихав уу гэж л хардаж байгаа” гэв.

Монголын Спортын Корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр “Тамирчны менежер бол М.Бадарчийн өмнөөс хэвлэлд үг хэлэх хүн” гэлээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Маргааш нийслэлийн гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана DNN.mn

Маргааш нийслэлийн гурван дүүрэг, нэг аймагт цахилгаан хэсэгчлэн хязгаарлана. Тодруулбал, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, дүүрэг, Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлах юм. Үүнтэй холбоотойгоор цахилгаан хязгаарлах байршлыг танилцуулж байна.

Маргааш нийслэлийн гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Categories
мэдээ цаг-үе

Бага насны хүүхдийг гол, усны эрэг дагуу тоглуулахгүй байхыг анхаарууллаа DNN.mn

Усны осол нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байдаг.  Иймд,

  • Иргэд усны ослоос урьдчилан сэргийлж, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.