Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 119.89 төгрөгөөр чангарчээ DNN.mn

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны дөрөвдүгээр сард 3376.53 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 119.89 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 0.30 төгрөгөөр суларчээ.

Харин төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 3623.52 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 209.98, өмнөх сарынхаас 44.88 төгрөгөөр чангарав. Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш ч энэ оны дөрөвдүгээр сард 36.29 төгрөг болж, өмнөхоны мөн үеийнхээс 6.77, өмнөх сарынхаас 0.50 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьсан 62 зөрчил бүртгэгдэж, 74 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр нийт 2090 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1590, гэмт хэргийн шинжтэй 113 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 62, хүний биед халдсан 33, эрүүлжүүлэх байранд хоносон 74 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Улаанбаатар марафон-2024” өдөрлөгт 15.699 гүйгч бүртгүүлжээ DNN.mn

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны 17:00 цагт хаагдлаа.

Бүртгэлийг 2 сарын хугацаанд явуулсан юм. Өнгөрсөн жил нийт 12,775 хүн олон улсын гүйлтэд албан ёсоор бүртгүүлсэн бол энэ жил 15,699 хүн бүртгүүллээ.

Энэ жил 5 км-ийн зайд гүйхээр хамгийн олон буюу 10,907 хүн бүртгүүлсэн байна. Мөн 21 км-ийн зайд 1014 хүн гүйхээр бүртгүүлсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 2 дахин өссөн тоо юм. Гэр бүлийн гүйлтэд 1400 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 1,5 км-ийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 39 хүн бүртгүүлжээ. Бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгох ажил хэвийн үргэлжилж байна.

5км-ын гүйлтийн ЭНГЭРИЙН ДУГААР олгох цэгүүд:

  • 9 дүүргийн Биеийн тамир, спорт хороо
  • Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар

1,5км, 5км, 10км, 21км, 42км-ийн ЭНГЭРИЙН ДУГААР болон МЕРЧИНДАЙЗ БҮТЭЭГДЭХҮҮН олгох цэгүүд:

  • Их дэлгүүрийн урд талын фонтаны “R.O.C”-ийн замын урд талд
  • Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар
  • Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Туул рестораны баруун хойд талд “Art house”-ийн 5-р давхар Hipay компанийн байранд тус тус олгож байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

СУИС-ийн уулзварын зүүн талаас Хүнсний 4 хүртэлх авто замыг хаана DNN.mn

СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилж байна

Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг тавдугаар сарын 21-ний 04.00 цагаас тавдугаар сарын 22-ны өдрийн 06.00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэллээ DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) эхэлнэ.

Хоёр өдөр үргэлжлэх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний өдөр “Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан” сэдвийн хүрээнд Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэл; Нийтийн тээврийн автобус худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдлын талаарх нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна.

Үдээс хойших сонсголоор “Автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт” сэдвийн хүрээнд Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлт; Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчид олгосон санхүүжилт, түүний зарцуулалтын талаар нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Энэ хүрээнд өнөөдөр 67 гэрчийг сонсголд оролцуулахаар дуудсан байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөдөөнийхөн гэнэн цайлган сэтгэлтэй гэдэг үлгэр одоо худлаа болсон DNN.mn

Монголчууд бид өөрсдийнхөө талаар илт худлаа домог зохиож, үлгэр ярин түүндээ уярсан ард түмэн болжээ. Нөгөө дуулсан дуундаа өөрөө уяраад гэдэг шиг, амьдрал дээр байхгүйг мэддэг хэрнээ байдаг юм шиг ярьцгааж, түүндээ хөөрч, онгирч, худлаа огшдог сонин үндэстэн юм байна. Үүний нэг том жишээ бол Монголын тал нутгийн эзэд гэгддэг хөдөөгийн ард түмэн гэнэн цайлган, сүү шиг цагаан сэтгэлтэй гэсэн домог юм.

Хөдөөний хүмүүс бол гэнэн цайлган, тусч энэрэнгүй, өрөвч нинжин. Тал нутаг шигээ уужим сэтгэлтэй, өгөөмөр зантай гэж хот суурингийнхан ярилцдаг, гадныханд бас ингэж сурталчилсаар ирсэн. Өнөөдөр ч тэр, үүнийг ярьдаг хүмүүс хэвээрээ л байгаа. Яруу найрагт “яваад очиход цоожгүй айл танайх” ч билүү нэг нь уянгалан уншиж, бусад нь нулимс унаган чагнана. Хөрөнгө нь явдаг (мал гэж мэдэж байгаа байх), түүнийгээ дагаад явж байгаа хүмүүст гэр бараа энэ тэр бол хоёрдугаарт байдаг юм. Тэр явдаг хөрөнгөндөө манаач хийгээд дагаад явж байгаа л хэрэг шүү дээ.

Ийм байхад бид хөдөөнийхөн бол яг л хүн төрөлхтөнтэй адилхан хүн юм гэдгийг мартталаа домоглосоор өнөөдрийг хүрчээ. Тэгвэл одоо өөр болсон байна гэж халаглацгааж байна. Чухам юунаас болж хөдөө нутгийн ард түмний энэ тодотгол үгүй болсныг өнөөдөр албан ёсны судалгаа, шинжилгээ байдаггүй. Магадгүй анхнаасаа ч ийм зан араншин байгаа ч үгүй биз. Тэд тусч энэрэнгүй, цайлган, өрөвч нинжин байхаа больсон гэж зэмлэхээсээ илүү тэд хэрсүүжсэн, олон хүмүүстэй харьцаж сурсан, нэг үгээр хэлэхэд тэд хаширцгаасан. Мөн гадаадын хүмүүсээс айдаг, нөгөө үргэсэн мал шиг хошууран дагаж гүйдгээ ч больсон. Бүр хэрсүүжсэн гэх энэ араншин нь хэтэрч, бусдад муу зүйл хийх тал руугаа ч ороод явчихсан байгаа юм. Үүнийг батлах нэг том сургамж бол 2016 оны наймдугаар сарын 31-нд Их Британийн алдарт уулчин, парапланы нисэгч 53 настай Стив Нэш гэх эр Монголын Хангайн нурууны ноён оргилд гарахаар Улаанбаатараас хөдөлсөн байдаг. Гэвч тэрээр замынхаа талд буюу Архангай аймгийн Хангай сумын нутаг дэвсгэрт бусдын гарт амиа алдсан харамсалтай явдал болж байв. Уулчин эрийн хаана явааг заадаг траклог төхөөрөмж хөдлөхөө больж, нэг газартаа удаан заах болсныг түүний эхнэр болон найз нь мэдсэн байдаг. Цагдаагийн мөрдлөгөөр Стив Нэшийг Архангай аймгийн харьяат 34 настай Г гэгч шунахайн зорилгоор зэрлэгээр хөнөөж, мөнгө эд зүйлсийг авч зугтаасан байдаг юм. Стив Нэшийн хэргийг сошиалаас эрвэл түүний манай хөдөөний хоёр эрийг өөрийн сайн найз мэт тэвэрчихсэн зураг гараад л ирдэг. Нэг ёсондоо уулчин эр монголчууд, хөдөөний иргэд өөрт нь муу юм хийх хүмүүс биш гэдэгт бүрэн итгэчихсэн дүр төрх шууд л нүдэнд тусдаг. Харамсалтай нь тийм биш байсныг, бүр гэнэн цайлган, өрөвч нинжин гэх монголчууд эсрэгээрээ гэнэн тэнэг байсны горыг гадаад эр амсаж амиа өргөсөн гашуун түүхтэй. Гадны хөгжилтэй, хууль ёсыг дээдэлдэг, хүний эрхийг хүндэтгэдэг улс гүрнээс ирсэн жуулчин өөртөө байршил заагч суулгаж, хаана хэрхэн яваагаа тив дамжин ар гэртээ шууд мэдээлж байгааг манай таг хөдөөнийхөн мэдээ ч үгүй. Гадарлах ч үгүй. Тэд “Энэ нөхрийг нухаад булчихсан байхад хэн олох вэ дээ” гэж гэнэн тэнэгээр сэтгэж, хэдхэн бор долларын төлөө хүний алтан амийг хөнөөчихсөн аюултай улс.

Ер нь манай хөдөөнийхний амьдрал зэрлэг нь цэнгэл болчихсон гээд хэлчихэд нэг их зөрөхгүй. Шөнө дөлөөр халамцуу мотоцикл унаж давхиад л сумын төв орчихно. Тэндээ архины хэдэн танилуудтайгаа хэдэн шил юм мулталж байгаад үүр цүүрээр буцаад давхина. Хэн дуртай айлдаа хар шөнөөр давхиж очоод л босгоод хамт архидах юм уу дэмий яриад нөгөө айлаа унтуулахгүй гэх зэрэг бол энгийн зүйл. Үүнийг бусдын амьдралд оролцлоо гэж бодох ч үгүй. Харин тэглээ гэж хэлбэл нүд нь орой дээрээ гарч энэ чинь одоо яачихаад байгаа тэнэг вэ гэж загнах байх. Өдөр нь хонины захдаа хэвтэж байгаад харих маягтай, нэг тийм зэрлэг нь цэнгэл болчихсон хүмүүс.

Хуучин бол гадны иргэдээс хот хөдөөгүй хулчигнадаг, дөлдөг, тэр хэрээр аюул учруулдаггүй байв. Тэр нь Зөвлөлтийн дарлалд акатай цэргүүдийн дор олон жил явж ирснийх юм. Шар толгойтой болгоныг оросууд гэж саяхныг хүртэл хардаг, ханддаг байв. Гэтэл цаг үе өөр болж, барууны соёлтой орнуудаас Монголыг зорьж ирдэг болоод удаж байна. Тэд боловсон, хүний эрхийг хөндөхгүй зөөлөн харьцаад байгааг манай хөдөөнийхөн “маанагдуу дорой амьтан байна” гэсэн бодлоор хуурч мэхлэх, мөнгийг нь салгах, залилахыг оролддог болсон. Бүр аминд нь хүрсэн аюултай тохиолдлыг дээр дурдлаа шүү дээ. Энэ байдал дахиад давтагдахыг саяхан нийтээрээ харцгаалаа. Хэдхэн хоногийн өмнө Франц-Канадын иргэн Томас Гарон да Силва унадаг дугуйгаар аялж байв. Гэтэл аялагч эрийг Улаанбаатараас гараад хоёр хоногт 200 км зам туулаад Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт явахад нутгийн эр биед нь халджээ. Үүний улмаас Томас Гарон да Силва ноцтой бэртэл авч, аяллаа зогсоон нутаг буцаж буйгаа мэдэгдсэн. Хэрэгтэн нөхөр бас л шунахайн зорилгоор жуулчинг зодсон болохыг хуулийнхан мэдээлсэн.

Монголд жуулчилж явсан иргэд Улаанбаатар хот, эсвэл аймгийн төвүүдээр явахдаа зодууллаа, дээрэмдүүллээ, амиа алдлаа гэдэг асуудалд холбогддоггүй. Яг л хөдөө талаар явж байгаад л ийм эрсдэлтэй байдалд орчихоод байна. Тиймээс одоо Монгол Улс гаднаас зорин ирж байгаа жуулчдад энэ төрлийн сануулгыг өгөх хэрэгтэй болжээ. Монголын хөдөө нутгийн иргэд та бүхний төсөөлж байгаа шиг гэнэн цайлган, өрөвч нинжин энээ тэрээ гэдэг худал шүү. Яг л бусад улсын уугуул иргэд ямар байдаг шиг тийм л ааш араншин, хатуу ширүүн уур амьсгалтай байвал хатуу, зөөлөн дулаан байвал зөөлөн л байна. Итгэхэд хэцүү учраас аюулгүй байдлаа үргэлж анхаарч яваарай гэж албан ёсоор танилцуулдаг, анхааруулдаг болох хэрэгтэй болж байна. Бид дотооддоо ч хөдөөнийхөн маань цэвэр ичимтгий монголоороо, нинжин цагаан сэтгэлтэй, хэнийг ч хайрлан тэтгэх агуу зүрхтэй гэх мэт худлаа уянгын халилаа больё. Тэд зөвхөн гадаадынханд ингэж хандаад зогсохгүй айл саахалтдаа ч, хаяа хоршооддоо ч хүн чанаргүй хандах нь байдаг л үзэгдэл болчихсон. Олон арван жил нэг айл саахалт байсан айлаа бэлчээр усны төлөө хөөж туух, гадуурхах, бүр нэгнийгээ очоод буудчихдаг болчихсон шүү дээ. Тиймээс одоо Монголын байгаль, тал нутаг л гадныхныг татаж, аяллын амт таашаалыг өгнө үү гэхээс монголчууд, хөдөөний ард түмэн хэт найрсаг гэж бодох нь буруу. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ соргогоор харж, аяллын компаниуддаа мэдэгдэл хүргүүл. Хэдхэн хоногийн өмнө дугуйгаар аялагчийн амь насанд халдахыг завдсан бэлэн тохиолдол байхад цаашид дахиад ч ноцтой хэрэг өдөөхийг таашгүй. Учир нь хөдөөнийхөн гэнэн цайлган сэтгэлтэй гэдэг үлгэр бидний зохиож, тэрэндээ итгээд уйлж хайлдаг домгуудын нэг л юм шүү дээ.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Тариаланчид намрын ургацаа борлуулж чадах болов уу гэсэн эрсдэл, эргэлзээ дунд хаврын тариалалтаа эхлүүлж байна DNN.mn

Энэ жилийн хаврын тариалалтын ажил ямар байгааг сурвалжлахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Жаргалант сумыг зорилоо. Өнгөрсөн өвлийн их цас аажмаар хайлсаар газрын хөрсөнд гүн чийг болон үлдсэн нь зуны эхэн сард өвс ногооны гарцыг сайжруулжээ. Энэ нутгаар нэлэнхүйдээ өвс сайтай, мал ногоонд хэдийнэ цадаж, өнгө зүсээ зассан харагдана. Жаргалант сумын хувьд газар тариалангийн гол бүс нутгуудын нэг. Тиймээс хаврын тариалалт ямар шатандаа яваа, тариаланч, ногоочдод тулгамдсан ямар асуудал байгааг бид тодрууллаа. Бидний эхэлж очсон ногооны талбай Улаанбаатараас хойшоо Дарханы замаар 110 км орчим яваад баруун зүгт Жаргалант руу салдаг уулзвараас холгүйхэн байв. Ногооны талбайн наана газар хагалдаг хоёр том трактор, нэг жийп автомашинтай хэсэг хүмүүс зогсож байгаатай таарлаа. Энэ хүмүүс түрээсээр газар хагалдаг гэв. Нэг га газрыг 250-300 орчим мянган төгрөгөөр хагалж өгдөг байна. Ногоочдын хувьд техник, тоног төхөөрөмж хувьдаа худалдан авч ашиглаж байхаар түрээсээр газар хагалдаг хүмүүсийг дуудаад ажиллуулах нь хямд байдгийг хэллээ.

Х.ГАНСҮХ: Өмнөх жилийнхтэй харьцуулашгүй их чийгтэй байна

Бид цааш явж, хагалсан газарт үр суулгаж байгаа хэсэг хүмүүстэй очиж уулзлаа. Энэ үеэр Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг багт төмсний аж ахуй эрхлэгч Х.Гансүхтэй ярилцлаа.


-Танайх энэ жил хэчнээн га талбайд төмс тарьж байна вэ?

-Манайх энэ жил нийтдээ 10 гаруй га талбайд үр суулгаж байна.

-Зуны эхэн сар гарчихлаа, тэр утгаараа тариалалт оройтож байна уу, гайгүй юу?

-Жаахан оройтож байна. Учир нь энэ хавар сайн дулаарч өгсөнгүй. Ихэнхдээ хүйтэн, сэрүүхэн байлаа. Харин өнгөрсөн долоо хоногоос гайгүй дулаарч эхэлж байна. аашдаа цаг агаар дулаарч байгаа болохоор тариалалтаа шуурхай эхлүүлж байна. Бидний хувьд эрт ургацын төмсний тариалалтыг хийж байгаа. Урт ургацын тариалалт зургаан сараас эхэлдэг. Бидний хувьд эрт ургацынх болохоор одоо үрээ суулгаад наадмын өмнө ургацаа хураана гэсэн үг.

-Газрын чийг ер нь сайн байгаа юм биш үү?

-Өмнөх жилийнхтэй харьцуулашгүй их чийгтэй байна. Хагалсан газрыг гараараа доош жаахан ухахад л чийг сайн байгаа нь мэдэгдэнэ. ийг сайн байхаар тоос шороо босох нь хүртэл бага байдаг. Нөгөөтэйгүүр манай Жаргалантын хөрс шороо их сайхан шүү дээ.

– Жаргалант сумын хувьд голчлон төмс, хүнсний ногооны тариалалт их байдаг байх, тийм үү?

-Ихэвчлэн төмс л дөө. Төмсний аж ахуй их бий.

-Нэг га-д хэчнээн үр суулгадаг юм бэ. Ургац авахад тэр нь хэд болж өсөх вэ?

-Ерөнхийдөө нэг га-д 2-2.5 тонн үрийн төмс орно. Ингээд бодоход ургацаа авах үед нэг га-аас дунджаар 15 тонныг авна. аг агаар, бусад нөлөөлөх хүчин зүйл эерэг сайн байвал нэг га-аас 30-40 тонн төмс хурааж авдаг. Хамгийн багадаа л 15 тонныг авна гэсэн үг. Хамгийн гол нь газрын үржил шим. Мөн яг технологийнхоо дагуу тарьсан эсэх нь ихээхэн ач холбогдолтой л доо. Хэт их устай байвал ургахгүй, хэт их гандуу байвал хэцүү. Тэгэхээр бүх юм нь жигд тогтвортой байж чадвал ургац сайн авна гэсэн үг.

-Энэ жилийн хувьд цаг агаар ямар байх төлөвтэй байна. Ногоочдын хувьд цаг агаарын мэдээллийг сайн хардаг байх?

-Мэдээж харна. Гэхдээ хараад хараад яах билээ. Жишээ нь өчигдөр, өнөөдөр хоёр бороотой гэж байсан ч жаахан үүл бүрхээд орсонгүй. Үүнээс болоод хаврын тариалалтын ажлын төлөвлөгөөнд бага сага өөрчлөлт орно. Гэхдээ гол зүйл бол хугацаандаа л тариалалтаа эхлүүлэх. Хугацаа алдчихвал цаг агаар сайн байлаа ч ургац авахад асуудалтай. Биднээс үл хамаараад энэ тэнгэр хангай яаж ч болно. Тиймээс тэнгэрийн аашид тохируулж л амьдарна даа.

-Ямар сортын үр суулгаж байна вэ?

-Энэ жил бид шинэ сорт оруулж ирсэн. Тэр шинэ сортын үрээ туршиж үзэх гээд тарьж байна. Гэхдээ өнгөрсөн жил Борнуурт энэ сортыг тарьсан юм билээ. Шинэ сорт гэдэг маань Голландын Коломбо сорт. Үүнийг тарьснаараа нэг га-аас 20-иос дээш тонныг авчих болов уу гэсэн горьдлого байна. Украины хөрсөнд бол нэг га-аас 60аас дээш тонныг авдаг гэж ярьдаг. Тэгэхээр Монголын хөрсөнд ямар байх нь уу гэдгийг бид туршиж үзэж байгаа минь энэ.

-Тоног төхөөрөмжийн шинэчлэлт ямар байна вэ, танайх дээр…?

-Нэг талдаа технологи сайжирч байгаа. Хамгийн гол нь бүтээмжээ нэмэгдүүлэх. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүдийн хамгийн гол зорилго бол ашиг олох. Ашиг олохын тулд нэг талдаа орлого өндөр байх ёстой. Нөгөө талдаа бага зарлагатай байж ашиг олно. Тэгэхээр хамгийн бага зардлыг яаж гаргах вэ гэхээр зайлшгүй тоног төхөөрөмжийн шинэчлэлт хэрэгтэй л дээ.

-Энэ жилийн тухайд төмс, ногооны үнэ ханш ямар байх төлөвтэй байгаа вэ. гадуур үнийн өсөлт их байна шүү дээ?

-Намар ургац хураалтын үеэр төмсний үнэ яг талбай дээрээ ихэдлээ гэхэд л 300-400 төгрөг байдаг. Талбайгаас зөөгдөөд лангуун дээр очтолоо янз бүрийн шат дамжлагаар орно. Хэдэн аж ахуй дамжсанаасаа хамаараад үнэ нь шат болгондоо нэмэгддэг. Тэгээд бодохоор үнийн хувьд янз бүр л байна байх. Яг таг тэд байх болов уу гэсэн зүйл хэлж мэдэхгүй байна.

Тариаланч В.Мөнхжаргал: Барнаулд 850 мянган төгрөгийн үнэтэй бордоог тусгай зөвшөөрөл нэрийн дор Монголд оруулж ирж 3,9 сая төгрөгөөр зарж байна


Бид цааш явсаар улаанбуудай тариалж буй хүмүүстэй уулзлаа. Эдний тариан талбай Жаргалант сумын Загдал багаас урагшаа тав гаруй километр зайтай ажээ. Биднийг очихтой зэрэгцээд хойноосоо үр ачсан том техник тариалалтын ажлаа эхлүүлэн талбайн цаад тал руу хөдөллөө. Энэхүү техник нь газраа хагалангаа шууд үрээ суулгаад явдаг гэнэ. Жаргалант сумын хэмжээнд энэ жил тариан талбай, тэр дундаа улаанбуудай тариалж буй тариаланчид цөөхөн гарсан гэдгийг тэнд байсан хүмүүс хэлж байв.

Жаргалант сумын Загдал багийн тариаланч В.Мөнхжаргалтай хаврын тариалалтын талаар ярилцлаа.


-Тариалалтаа хэзээ эхлүүлэв. Хугацааны хувьд жаахан хожимдож байна уу, үгүй юу?

-Хаврын тариалалт хожуу эхэлж байна. Угтаа тавдугаар сарын эхээр эхэлбэл их зүгээр байдаг. Хамгийн сүүлийн хугацаа тавдугаар сарын 25 гэж үздэг. Үүнээс хойш тариалалт хийгдэх боломжгүй. Тэгэхээр бидний хувьд өчигдрөөс тариалалтаа хийж эхэлсэн гэхээр тав хоногийн хугацаа л байна гэсэн үг. Маш богино хугацаанд шуурхай ажиллах шаардлагатай болсон.

-Яагаад ингэж хугацаа алдаж эхэлж байна вэ?

-Байгаль цаг уурын нөхцөл байдал л ингэж таарч байна. Саяхныг хүртэл манай нутгаар дулаарсангүй. Өдөртөө жаахан нар ээсэн атлаа шөнөдөө огцом хүйтэрч хонодог байв. Харин уржигдраас цаг агаар арай гайгүй дулаарч байна. Цаашид дулаахан байх болов уу гэж бодсон учраас энэ жилийн тариалалтын ажлаа эхлүүллээ.

-Хэчнээн га талбайд улаанбуудай тарьж байна вэ?

-Энэ жил манайх бага газар улаанбуудай тарьж байна. Барагцаагаар 150 га-д улаанбуудай тарихаар төлөвлөж байгаа. Мөн 30-40 га-д овъёос, 100 гаруй га-д рапс тарина гэсэн бодолтой байна. Нийтдээ 400 орчим га талбайд тариалалтаа хийнэ дээ.

-Рапсын хувьд нийт талбайн 20 хувиас дээшгүй тарих ёстой гэсэн журам байна уу, үгүй юу?

-Тийм журам байх нь байгаа биз дээ. Манайх 400 га-гийн 130 га-д рапс гэхээр тэр журмыг нь зөрчиж байна гэсэн үг үү. Хууль байлаа гээд яах билээ. Амьдрал дээр хэрэгжихгүй шүү дээ.

-Уг нь хуулиа хэрэгжүүлэх нь зөв биз дээ?

-Хууль гэж ярьвал газар тариалангийн салбарт, тэр дундаа тариаланчдын эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчин өнөөг хүртэл Монгол Улсад огт бүрдээгүй байгаа шүү. Яагаад эрх зүйн орчин бүрдээгүй вэ гэдэг дээр тодорхой хэдэн жишээ хэлж болж байна.

-Ямар жишээ вэ?

-Тариаланчдын авч байгаа бордоо дамын наймаагаар өндөр үнэтэй орж ирдэг. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл гэдэг нэрийн дор бордоог өндөр үнэтэй дамлан зардаг гэсэн үг. Миний хувьд өнгөрсөн өвөл хойшоо Барнаул хүртэл явсан. Барнаулд бордооны үйлдвэр байдаг. Тэр үйлдвэр дээр өөрийн биеэр очоод бордоо ямар үнэтэй байдгийг судалж, зураг бичлэгийг нь хийсэн.

-Тэнд бордоо ямар ханштай байна. Наашаа оруулж ирээд ямар үнээр зардаг юм бэ?

-Барнаугын бордооны үйлдвэрт нэг тонн селитра буюу 34-ийн азотын агуулгатай нийлмэл бордоо монгол мөнгөөр 850 мянган төгрөгийн үнэтэй байна лээ. Яг энэ бордоо Монгол Улсад нэг тонн нь 3.7-3.9 сая төгрөгийн үнэтэй байдаг. Ийм өндөр үнээр Монголын тариаланчид бордоогоо авч байна. Дунд нь тусгай зөвшөөрөл нэрийн дор хэд нугалж бидэнд зараад байгаа юм бэ. Энгийн бордоон дээр л ийм байхад Монголын газар тариалан яаж өөдөө өсөн дэвжих юм. Яаж энэ салбар хөгжих вэ. Нөгөө эрх зүйн зохицуулалтууд нь хаана байна.

-Өөр тариаланчдад ямар хүндрэлтэй асуудал байна вэ?

-Саяны миний хэлсэн асуудал бол ердөө нэг л жишээ. Өөр нэг зүйл бий. Та улаанбуудай тарьдаг байя гэж бодъё. Намар хурааж авлаа. Таны хурааж авсан тариаг шууд авдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, намар тариаланчид ургацаа шууд борлуулдаг байх ёстой гэсэн үг. Гэтэл намар бидний хурааж авсан тариаг авдаг газар гэж байхгүй болсон. Тиймээс тариаланчдын хувьд намар ургацаа борлуулж чадах болов уу яах бол гэсэн том эрсдэл, эргэлзээн дунд хаврын тариалалтаа эхлүүлдэг. Тиймээс л сүүлийн жилүүдэд улаанбуудай тариалах хүмүүс эрс багассан. Багасахаас ч өөр яах билээ. Тариаланчид бид өрнөөс өрний хооронд л явж байна. Ер нь хатуухан хэлэхэд тариаланчдын нөхцөл байдал, Монгол Улсын газар тариалангийн бодлого дамуураад удаж байгаа.

-Энэ жилийн тухайд гурилын үнэ өндөр байгаагаас үүдэж Засгийн газраас имортын гурилын татварыг тэглэчихлээ. Энэ нь тариаланчдад ямар байдлаар нөлөөлөх бол?

-Улаанбуудай тариалах хүмүүс цөөрсөн нэг шалтгаан бол нэгдүгээрт, Оросоос улаанбуудай хямд үнээр оруулж ирж байна. Оросоос хямд буудай орж ирж байгаа болохоор дотоодын гурил үйлдвэрлэгчид бидний хурааж авсан улаанбуудайг мяалдаг, доош нь хийдэг. Үнийг нь өөрсдийнхөө хүссэнээр бууруулж авдаг. Үгүй бол авдаггүй. Өнгөрсөн жилүүдэд Орост улаанбуудайн борлуулалт дайнаас шалтгаалаад зогссон. Үүнээс болоод нэг тонн улаанбуудай Орост 450 мянган төгрөг болсон. Тэгэхээр юу боллоо гэж биднээс нэг тонн улаанбуудайг нэг сая төгрөгөөр худалдаж авах билээ дээ. Энэ чинь бизнес шүү дээ. Дотоодын г урил үйлдвэрлэгчид хэрэгцээнийхээ 10-20 хувийг биднээс аваад үлдсэнийг нь хямдхан үнэтэй гээд Оросоос авдаг. Уг нь энэ асуудал дээр төр засаг тодорхой стандарт тогтоож өгөх ёстой.

-Ямар стандарт тогтооно гэж…?

-Ашгийн стандарт. Өөрөөр хэлбэл, нэг үйлдвэр байлаа гэж бодъё. Тэр үйлдвэр хэдэн хувийн ашигтай ажиллах ёстой юм.

Нэг кг гурилаас хэдэн хувийн ашигтай байх вэ. 15 уу, эсвэл 20 хувь уу гэдгийг нь тодорхой стандарт заагаад мөрдүүлэх шаардлагатай. Энэ стандартыг төр засгаас одоо болтол гаргаж өгөөгүй. Тиймээс гурил үйлдвэрлэгчид хэд дахин нугалсан ашиг олохын төлөө улайрч байна. Өнгөрсөн жил Орост нэг кг улаанбуудай 450 төгрөг байхад нэг кг гурил 850 төгрөг л байсан. Үүнээс оросууд хэдэн төгрөгийн ашиг харж гурил үйлдвэрлэж байна вэ. Энийг сайн бодох хэрэгтэй. Энэ бол шударга бизнес. Гэтэл манайд ханш ямар байгаа билээ.

-Гурилын үнэ угтаа буураад байгаа юм биш үү?

-Гурилын үнэ буурч байгаа гэж худлаа ярьж байна. Оросоос нэг тонн гурилыг 900 мянган төгрөгөөр авлаа гэж бод ё. Монголд оруулж ирээд нэг тонныг нь 1.4 сая төгрөгөөр зарчихаж болно доо. Үүнээсээ 80-90 хувийн ашиг авч байна шүү дээ. Гэтэл өнөөдөр Монголд нэг тонн гурил гурван сая төгрөгт хүрсэн. Тэгэхээр ашгийн стандарт гэдэг зүйл байхгүй болохоор гурил үйлдвэрлэгчид хэд дахин нугалсан үнэ тогтоож байгаа нь хэдхэн монооль болсон ком аниудын нөлөөлөл хүчтэй байна гэсэн үг л дээ. Нөгөөтэйгүүр тариаланч биднээс дотоодын гурил үйлдвэрлэгчид улаанбуудай авахгүй байсан ч тэд хэзээ ч дам уурахгүй. Учир нь Оросоос хамаагүй хямд үнээр хэд дахин нугалж зарах боломжтой бизнес нь байгаа болохоор тэр. Бүр нэг тонн улаанбуудайг 450 мянгаар аваад нэмээд гаалийн татвараа тэглүүлчихэж байгаа юм. Тэгсэн атлаа хэд дахин нугалсан ашиг унагаагаад л зардаг. Дунд нь хэн хохирч байна гэхээр ард түмэн, тариаланчид хохирч байна.

-Таны хувьд намар улаанбуудайгаа яаж борлуулъя гэсэн бодолтойгоор хаврын тариалалтаа эхлүүлж байгаа юм бэ?

-Би ч гэлтгүй тариаланчид бид бүгд л жил бүрийн намар гурил үйлдвэрлэгчдэд улаанбуудайгаа өгөх гэж царайчилна. Нэг, хоёр удаа авчих гэж гуйна. Үнээ улам татна. Тэгээд ч авахгүй. Явж, явж шувуу тэжээдэг болон шувуу, өндөгний үйлдвэрт л өгдөг дөө.

-Угтаа улаанбуудай бол онгол Улсын хүнсий гол стратегийн бүтээгдэхүүн шүү дээ. Гэтэл тариаланчдын хүч хөдөлмөрийн үр шим эцэстээ шувууны хоол болоод дуусдаг гэж үү?

-Стратеги гэдэг үгийг би дайны нөхцөл байдал гэж ойлгодог хүн. Тэр утгаараа улаанбуудай гэдэг бол маш чухал бүтээгдэхүүн болж таарч байгаа юм. Гэтэл үүндээ Монгол Улс огт анхаарал тавьдаггүй. Тавьдаггүй ч гэж дээ тавих ёстой хүмүүсийг бид өөрсдөө сонгож гаргадаг л даа.

-Тэгвэл таныхаар газар тариалангийн салбарт ямар зохицуулалт, өөрчлөлт хийчихвэл та бүхний эрх ашиг, эдийн засгийн боломж сайжрах юм бэ?

-Монгол Улс бие даасан улс мөн л юм бол стратегийн энэхүү бүтээгдэхүүнээ бүтэн хамгаалах ёстой. Оросоос улаанбуудай, гурил оруулж ирдэг асуудлыг зогсоох шаардлагатай. Оросоос ганцхан юм ав. Тэр нь улаанбуудайн элит үрийг  худалдаж ав. Харин таваарын улаанбуудайг худалдаж авахыг бүрмөсөн хориглох шаардлагатай.  Хоёрдугаарт, бордооны асуудал байна. Бордоог хэн дуртай нь Оросын Барнаул ч байна уу хаана ч бай очоод оруулаад ирэх ёстой. Яагаад үүнд тусгай зөвшөөрөл гэдэг зүйл байх ёстой юм. Үүний цаана том дээрэм явагдаж байна шүү дээ. Тэр тусгай зөвшөөрөл гэдэг нь энгийн мань мэтийн тариаланчдад олддоггүй. Ар, өврийн хаалгаар явж явж л авдаг юм гэсэн. Үүнийгээ болиулах хэрэгтэй.

-Намар та бүхэн ургацаа хураагаад яаж борлуулах вэ гэдэг дээрээ асуудал үүсдэг гэж байна. салбар яамнаас улаанбуудайн экспортыг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа талаар ярьсан л даа. Экспортлох боломжийн талаар та юу хэлэх вэ?

-Экспортод гарна гэж ярьсан. Энэ бол зүгээр сонгууль угтсан жүжиг. Үүн шиг үлгэр байхгүй шүү. Яг экспорт хийдэг дээрээ гацдаг. Гацахаас ч өөр яах билээ. Учир нь Хятад улс манайхаас улаанбуудай им ортоор авах уу. Уучлаарай, Орос улс гэж том эксортлогч орон байна. Оросын хувьд Евро руу бүх зүйлээ хаалгачихсан. Тиймээс энэ жил урагшаа гаргах бодлого нь илүү нэмэгдсэн байх. Гэтэл дунд нь Монгол Улс урагшаа улаанбуудай экс ортолно г эж байна. Адилхан бүтээгдэхүүн эксортлох гэж байгаа бол ядаж Оростой чанар, үнээрээ ижилхэн байх ёстой. Гэтэл Хятад улс улаанбуудайг Оросоос нэг тонныг нь 450 мянган төгрөгөөр авдаг байж Монгол Улсаас нэг тонныг нь нэг сая төгрөгөөр авна гэж байх уу. Энгийнээр бодоход л ийм байна. Хятадууд тийм тэнэг хүмүүс биш шүү дээ. Үгүй ээ, ямар ч тэнэг хүн байсан өндөр үнээр адилхан бүтээгдэхүүнийг авна гэж байхгүй. Ерөөсөө нэг л ийм жишээнээс бодоход улаанбуудайн экс орт гацчихаж байгаа юм. Нөгөөтэйгүүр хөдөө аж ахуйн салбар гэхээр малчдыг л боддог, ойлгодог. Тэдний төлөө л дуугардаг хүмүүс их байна. Эсрэгээрээ тариаланчдыг зөнд нь хаясан. Гуравхан сая хүн амтай улсад 80 сая мал ямар хэрэгтэй юм бэ. 80 сая малаас долоо, найман сая нь үхсэн гэж байгаа. аана нь 70 сая мал байна. Гэтэл малчид хэцүүдлээ, малчдын зээлийг тэглэх ёстой гэж байна. Үнэндээ тариаланчдын өр зээл, амьжиргааны баталгаа, орлогын түвшин гээд асуудал үнэхээр хүнд байна. Хавар тариалалтаа хийхэд бордоо нь үнэтэй. Цаг агаар нь тааламжгүй. Малчид нь малаа оруулж дээрэлхэнэ. Намар ургац хураалтын үед бөөн өр зээл энд тэндээс нэхэгдэнэ. Зээлээ төлье гээд хураасан ногоо, буудайгаа борлуулъя гэхээр дотоодын гурил үйлдвэрлэгчид нь үнийг нь унагана. Бүр авахгүй. Ингэхээр Монгол Улсад газар тариалан эрхлэгчид дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь л болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

“Апу Дэйри” ХХК

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2024 оны 05 сарын 20 өдөр

1.Тендерийн ерөнхий мэдээлэл.

Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл барилгын төмөр бетон суурь цутгалтын ажил

Тендерийн дугаар: APUDE-04/2024

Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 05-р сарын 22-ний 17:00 цаг.

Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 06-р сарын 03-ний 16:00 цаг.

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:

ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд тус барилгын Төмөр бетон суурь цутгалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга тэнхлэгээрээ 51,4х38,7х13м 53,35х38,7х18,9м гэсэн хэмжээтэй төмөр хийцтэй үйлдвэрийн барилга.

Апу Дэйри Сүүний үйлдвэрийн барилгын ажил: барилгын төмөр бетон суурь цутгалтын ажлыг гүйцэтгэх

Барилгын төмөр бетон суурь нь аяган болон шугаман суурь хосолсон хийцтэй.

  1. Барилгын төмөр бетон суурийг зураг төслийн дагуу угсрах.
  2. Багана болгонд ус, чийг тусгаарлах хар тосон түрхлэг /мастика/ түрхэх.
  3. Цутгамал багана хананд уур тусгаарлалт, дулаалга, хамгаалалтын үе хийх.
  4. Суурийн ажлыг гүйцэтгэх хугацаанд хөрсний усыг зайлуулах арга хэмжээг авч байнгын хяналтандаа байлган ажлыг хийж дуусгах.
  5. Захиалагчаас нийлүүлэх анкер боолтыг сууринд оруулан угсарч гүйцэтгэх.

Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ.

Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:

  1. “Цутгамал бетон, төмөр бетон” БНбД 52.02.05
  2. “Цутгамал төмөр бетоны ажил гүйцэтгэх ажил” БНбД 52.102.04
  3. “Цутгамал төмөр бетон бүтээцийн хийц хэсэглэлийн альбом” Г1.220.1-1Г.Д1-2020
  4. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага” БНбД 12.03.04
  5. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12.04.06
  6. “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар” БД 12-101-05
  7. Дээр дурдаагүй шаардлагатай бусад хууль норм, дүрмүүд.

“Апу Дэйри” ХХК

2. Оролцогчдод тавигдах шаардлага.

  1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
  2. Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА3.1 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оныг дуустал хүчинтэй байна.
  3. Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
  4. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 05 сарын 22-ны 17.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.

Тендерийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

 

ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ий байр

Төслийн бичиг хэргийн ажилтан Д.Цанцалдулам, утас: 88227432,

И-мэйл: tsantsaldulam.d@apu.mn

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 21, Ангараг гариг. Билгийн тооллын 13, Салхины эх одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 05:06 цагт мандаж 20:31 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +21…+26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +25..+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.