Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш Алтанбулаг, Эрээнцав, Ханх, Булган, Байтаг авто замын боомт ажиллана DNN.mn

Энэ долоо хоногийн пүрэв гарагт Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож, бүх нийтээрээ амарна.

Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр Хятад, Оросын хилийн боомтуудыг түр хаах хэлэлцээртэй байдаг. Үүний дагуу 2024 оны тавдугаар сарын 23-нд Монгол, Хятадын Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга, Сүмбэр авто замын боомт амрах бол Булган, Байтаг  боомтыг хаахгүй аж.

Монгол, Оросын Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ульхан авто замын боомт түр хаагдаж, Алтанбулаг, Эрээнцав, Ханх авто замын боомт ажиллана.

Харин агаарын болон төмөр замын боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Бавуудорж: Миний охин сайн барилдаад, ямар ч байсан медаль авчих байх аа л гэж бодож байсан DNN.mn

АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн Жүдо бөхийн ДАШТ-д эмэгтэйчүүдийн -48кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Импери” группийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү дэлхийн аварга болсон билээ. Тэрбээр ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын зургаа дахь жүдоч болж буй юм. Мөн тэрээр энэ оны Улсын аварга, ААШТ-ний аварга, Душанбе Их Дуулгын аварга, Дэлхийн аварга гээд дөрөв дараалан түрүүлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм. Түүний аав А.Бавуудоржтой энэ талаар ярилцлаа. 


-Танд юуны өмнө нийт монголчуудынхаа өмнөөс баяр хүргэе. Охин нь Дэлхийн аварга боллоо. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-За Баярлалаа. Танай хамт олон болон бидэнд баяр хүргэж буй хүн бүрд талархлаа илэрхийлье. Охин маань алтан медаль авсанд би их баяртай байна. Мөн охиндоо баяр хүргэе. Багш, дасгалжуулагчид нь баяр хүргэе. Сэтгэгдэл маш өндөр, сайхан байна.

-Охиныхоо барилдааныг үзээд сууж байхад танд юу бодогдож байв?

-Сүүлийн барилдаан дээр ах дүү, хамаатан садан бүгд манайд цугласан л даа. Ээж, хүүхдүүд маань ирээд хамтдаа охиныхоо аваргын төлөөх барилдааныг нь үзлээ. Яг барилдаж эхлэх үед ээж нь дээлийнх нь захыг мушгиад л, би хамаг биеэ чангалаад л амьсгалаа түгжих шахам анхааралтай сууж үзсэн. Охиноо дэлхийн дэвжээн дээр барилдахыг нь хараад хайрлаж, өрөвдлөө. Охин минь Дэлхийн аварга болоход сэтгэл их хөдөлсөн. Охиноороо бахархах, огших сэтгэл өөрийн эрхгүй төрж, тэр шөнөдөө нойр ч хүрээгүй, унтаагүй. Манай гэрийнхэн болон дүү нар нь бүгд баярын нулимстай сууцгаасан. Нутаг усныхан төдийгүй хүн бүр залгаж, мэндчилгээ дэвшүүлээд, шөнөжингөө баярлаж хоносон.

-Та охиноо энэ удаа дэлхийн аварга болно гэж бодсон уу?

-Яг ч дэлхийн аварга болно гэж бодоогүй ээ. Миний охин сайн барилдаад, ямар ч байсан медаль авах байх аа л гэж бодож байсан. Охиндоо маш их баярлаж байна. Манай охин энэ жил бэлтгэл сайтай, он гарсаар дөрөв дэх медалиа авлаа. Удахгүй болох олимпод ч охиноо амжилттай сайхан барилдаасай гэж бодон, залбирч сууна. Охиндоо итгэж байгаа. Охиноо олимпийн дэвжээн дээрээс харна гэдэг бас л их хувь заяа юм.

-Охин нь жүдо бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Бид сүртэй ч дэмждэггүй, өөрийнхөө сонирхлоор дуртай зүйлээрээ хичээллээд өдий хүрч байна. Жүдо бөхөөр хичээллэж, Улсын шигшээд ороод хоёр, гурван жил болж байна. Анх бол өөрөө самбо бөхөөр хичээллэж байсан. 2019 онд самбо бөхөөрөө Дэлхийн цомын аварга болж байсан. Түүний дараа багш нарынхаа зөвлөснөөр жүдо бөхөөр хичээллэх болсон.

Түүнчлэн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биеийн тамирын багш, Алтан гадас одонт, Монгол Улсын шилдэг багш А.Даваадорж, Биеийн тамир спорт хорооны багш Б.Очирбат нартаа анх охиныг минь бөхийн спортод чиглүүлж, дурлуулсан эрхэм хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

Мөн охинд минь тусалж, үргэлж дэмждэг багш, дасгалжуулагчид, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Импери” группийн хамт олонд төдийгүй бүх хүнд баярлаж, талархсанаа илэрхийлмээр байна.

-Нэлээд даруухан охин шиг санагдсан. Хувь хүн талаасаа охин нь ямар хүн бэ?

-Даруухан, дуу цөөтэй, хүнд тусархуу зантай. Аав, ээжийнхээ үгнээс гардаггүй, өөрийнхөө хийх ажлыг өөрөө мэдээд хийчихдэг тийм л хүүхэд.

-Б.Баасанхүү айлын хэд дэх хүүхэд вэ?

-Манай ууган охин. 1999 онд төрсөн. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хоёр том нь охин, хоёр бага нь хүү юм.

-Та сумын начин цолтой гэсэн. Удам дамжсан бөх төржээ?

-Би бөх сонирхож яваагүй. Суманд нэг удаа барилдаад тав давсан юм. Миний ээжийн талд Годон Дампил гэж аймгийн арслан хүн байсан. Миний ээж, хөгшин аавын талынхан Хөвсгөл аймгийн Түнэл сумаас гаралтай хүмүүс л дээ.

-Охин нь Монголдоо хэзээ ирэх вэ?

-Дөнгөж сая охинтойгоо ярилаа. Бэлтгэлээ хийж дуусаад байж байна гэнэ. Бид Хөвсгөлийн Мөрөнд ажиллаж, амьдардаг. Тиймээс аав нь хотод очиж, тосч авах уу гээд л охинтойгоо ярилцлаа. Б.Баасанхүү энэ сарын 23-нд Монголд ирнэ.

Л.Минжмаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн урьдчилсан мэдээгээр маргааш буюу тавдугаар сарын 23-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, тавдугаар сарын 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, тавдугаар сарын 25-нд нутгийн зүүн хагаст, тавдугаар сарын 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, тавдугаар сарын 24-нд говь, тал, хээрийн нутгаар, тавдугаар сарын 26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Эг, Үүр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн сонсголд 31 гэрчийг дууджээ DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Өнөөдрийн сонсголоор “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаар; Нийтийн тээврийн автобуснуудыг сурвалжилсан хэвлэлийн мэдээний талаар шинжээч, хянан шалгагч нарын тайлан, дүгнэлтийг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 31 гэрчийг дуудсан байна.

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож байгаа юм. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам; Сангийн яам; Үндэсний аудитын газар; Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар; Нийслэлийн Засаг даргын Тамгын газар; Гаалийн ерөнхий газар; Төрийн худалдан авах ажиллагааны газар; Нийслэлийн нийтийн тээврийн газар; Автотээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн ажиглагчаар “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр (2024.05.21) Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан; Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт сэдвийн хүрээнд 4 багц асуудлыг хэлэлцсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

А.Батпүрэв: Сонгуулийн дараа Монгол Улсын эдийн засагт хямрал болох эрсдэл байна DNN.mn

Эдийн засагч А.Батпүрэвтэй ярилцлаа.


-УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Эрх баригчид том, том мөнгөн дүнтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Энэ нь эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Ер нь ээлжит сонгууль болгоны өмнө улстөрчид, эрх баригчид “Сонгуулийн дараа улс орон чинь үлдэнэ шүү” гэдгийг мартчихаад элдэв хөтөлбөр зарлаж шоуддаг. Өнөө жилийн хувьд мөнгөн дүнгийн хэмжээ асар их өсч, хэдэн арван их наядаар яригдаж байна. Өмнөх үе үеийн Засгийн газар сонгуульд зориулж янз бүрийн хөтөлбөр зарлаж, амлалт өгөхдөө эрхбиш төсөвт суулгаж байгаад хэрэгжүүлдэг байсан. Одоо бол төсвөөс гадуур явуулж байна. Яг одоо 2024 оны төсөв байна уу гэвэл бүгд задарчихсан. Том зургаараа төсөв дотор улсын болон орон нутгийн төсөв, Ирээдүйн өв сан, Тогтвортой байдлын сан гэж бий. Гэвч Ирээдүйн өв сан болон төсвийн тогтворжуулалтын санд орох ёстой ногдол ашиг, төсвийн ашгийг Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн шинэ сангуудад татаж авна гээд хууль гаргачихсан. Одоо түүнийгээ зарцуулаад эхэллээ.

Хоёрдугаарт, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлж зургаан хувийн хүүтэй зээл өгөхөөр болсон. Одоо байгаа малчны зээл дунджаар 20 хувийн хүүтэй. Банкуудыг малчдад зээл өг, зөрүүг нь төсвөөс өгнө гээд шахчихаж байгаа юм.Тэгэхээр таван их наяд төгрөгийн 13-14 хувийн хүү нь жилд 600-700 тэрбум төгрөг. Ийм их хэмжээний мөнгө төсөвт байхгүй. Төсөвт зохицуулалт хийх замаар Засгийн газар өөрөө шийднэ гэж байгаа. Түүгээр зогсохгүй дээрх хууль нь Төсвийн тухай хуультай зөрчилдөх юм бол тэр хуулиа баримтална гэсэн. Ийм онцгой нөхцөл МАН-ын засаглалын үеийн хоёр дахь удаагийн тохиолдол болж байгаа юм. Эхнийх нь ковидын үеэр төсөвгүй хоёр жил явсан. Тэр үед 20 гаруй их наяд төгрөг зарцуулсан гэж байгаа ч ямар үр ашигтай байсан, хяналт тайлан одоо хүртэл байхгүй. Яг тэр аргаараа одоо энэ малчдыг хоршоолох хуулийг хийж байна. Монгол Улсын төсөв гэж байхгүй, задарчихсан гээд байгаа маань ийм учиртай юм. Зургадугаар сард сонгууль явагдсаны дараа шинэ парламент бүрэлдээд хамгийн түрүүнд хийх ажил бол төсвийн тодотгол байх ёстой. Яагаад гэвэл орлогыг нэмэгдүүлээд зардлыг нь багасгаж чадах уу гэвэл тийм орон зай хомс. Улсын төсвийн орлогын гуравны нэг нь уул уурхайн салбар буюу нүүрс, зэсээс шууд хамааралтай.

-Нүүрсний хулгайг илрүүлснээрээ нүүрсний экспорт нэмэгдэж, эдийн засаг сэргэсэн шүү дээ. Сонгуулийн дараа манай улсын эдийн засаг ямар болно гэсэн төлөөлөлтэй байна вэ?

-Засгийн газар өнгөрсөн 2023 онд хулгай зэлгийг илрүүлснээрээ нүүрсний экспорт 70 сая тн хүрч, 15 тэрбум ам.долларын орлого оллоо гэж байгаа. Дотооддоо хулгайтай тэмцсэн асуудал бий. Үүнээс гадна хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, Хятадын зах зээлд нүүрсний үнэ өссөн. Австралид үер болсонтой холбоотой Монголын нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн. Хоёрдугаарт, нүүрсээ биржээр арил жаалдаг болсон. Ам үнээр гээд уурхайн аман дээрээс хямд үнээр зардагаа больсон. Идэж уудаг олон шат дамжлага нь багассан. Нүүрсний борлуулалтын өнгөрсөн оны үзүүлэлт 2024 онд хадгалагдаж чадах уу гэвэл бас бүрхэг. Он гарснаар нүүрсний үнэ өнгөрсөн оныхоос буух хандлагатай байгаа. Яагаад гэвэл Хятадын эдийн засаг олигтой сэргэхгүй байна. Барилга, гангийн үйлдвэрлэл нь буурч байна. Дээрээс нь тус улс нүүрсний хамаарлаа багасгах бодлого явуулж байна. Ирэх долдугаар сард Хятадын Коммунист нам зөвхөн эдийн засгийн нөхцөл байдлаа хэлэлцэж, төлөвлөгөөгөө эргэж харна гэдгээ зарлачихсан байна. Дээрээс нь Оросын нүүрсний нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай боллоо.  Сая Хятад Австралитай нүүрсний гэрээ хийчихлээ. Өрсөлдөөн ширүүсээд ирэхээр нүүрсний үнэ унах, буурах байх. Ийм нөхцөлд бид төлөвлөсөн 78 сая тонн нүүрсээ гаргаж чадах уу, үгүй юу, зарсан ч хэдээр зарах вэ гэдэг асуудал байна. Гадаад нөхцөл байдал ийм байхад одоо дотооддоо баахан зардлаа нэмээд байх нь эрсдлийг бүр нэмэгдүүлнэ. Ерөнхийдөө сонгуулийн дараа Монгол Улсын эдийн засаг хямралын байдалд орох болов уу гэж харагдаж байна.

-Инфляци яахаар байна?

-Инфляци бол иргэдийн худалдан авах чадварыг идээд байгаа албан бус татвар. Худалдан авах чадвар багасна гэдэг бодит орлогыг бууруулж байна гэсэн үг. Мөн он гарсаар улам нэмэгдсэн энэ их халамж инфляцид очиж нөлөөлнө. Монголбанкнаас хоёр удаа ойрхон бодлогын хүүгээ буурууллаа. Уг нь төсөв ингэж тэлээд төв банкинд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа үед эсрэгээрээ мөнгөний бодлого чангарч байх ёстой. Гэтэл сая сарын дотор 13 хувь байсан бодлогын хүүг 11 хувь болгочихлоо. Зургадугаар сард дахиад нэг хувиар буулгах байх. Сонгуульд зориулагдаад зээлийн хүү буурч байгаа нь Монголбанкны хараат бус байдал алдагджээ гэж үзэхүйц шийдвэр болов уу. Эффект нь хугацааны  хоцрогдолтой гарна. Ирэх, долоо, наймдугаар сараас инфляци нэлээд өсөх болов уу. Үүнийг дагаад валютын ханшаа барих боломж багасна.

-Бодлогын хүү буурч байгаа юм чинь зээлийн хүү багасна гэсэн үг биз дээ?

-Бодлогын хүү нэг нэгжээр доошлоход зээлийн хүү тэр дороо дагаад буурахгүй л дээ. Хугацаа хэрэгтэй. Бодлогын хүү гэдэг бол Монголбанкны хадгалж байгаа арилжааны банкуудын мөнгөний хүү. Банкууд мөнгөө Монголбанкинд 11 хувьтай хадгалуулах, эсвэл 19-20 хувиар аж ахуйн нэгжүүдэд зээлэх үү гэдэг нь тэдний сонголтын асуудал. Бодлогын хүү буураад эхлэхээр Монголбанкинд хадгалдаг мөнгө нь багасаад зээл рүү гарах ёстой болдог. Мэдээж энэ үйл явцад хугацаа орно. Хоёрдугаарт, эдийн засаг тогтворгүй байна, зээл даах найдвартай салбар ховор байна гэж үзэх юм бол буцаагаад банкууд зээлээ гаргахгүй байж болно. Дээрээс нь Засгийн газраас малчдад зээл өг гээд шахах юм бол бүр ч хэцүүднэ. Хавар, зуны улиралд эдийн засаг эрчимждэг болохоор бодитой зах зээлээ дэмжих зээл гаргадаг үе. Энэ нь хумигдах байх гэж бодож байна.

-Ам.долларын ханш сонгуулийн дараа буурах болов уу?

-Нүүрсний орлогоос шалтгаална. Түрүүн ярьсан нүүрсний экспорттой холбоотой нөхцөл байдал ямар байхаас хамаарна.

-Манай улсын валютын нөөц таван тэрбум  ам.долларт хүрсэн нь түүхэнд байхгүй үзүүлэлт гэж байгаа шүү дээ?

-Харьцуулахад тийм. Гэхдээ энэ бол маш бага мөнгө. Эдийн засгийн эргэлт хурдсаад томрохын хэрээр таван тэрбумын нөөцөөр ам.долларын ханшийг хоёрхон сар барих ч хэцүү.

-Сонгууль бизнесийн салбарт яаж нөлөөлөх бол?

-“Малчдад хөнгөлөлттэй зээл өг, зөрүүг нь төсвөөс өгнө” гээд банкуудыг шахаад их хэмжээний мөнгө зарлагадчихаар бизнесийн үр ашигт шууд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, бусад бизнест орох ёстой байсан мөнгө малчдын хэрэглээ рүү очно. Бодит эдийн засгийн өсөлтийг дэмжих мөнгөний бодлогынх нь үүрэг хумигдаад эхэлнэ. Бүхэлд нь харах юм бол сонгуулийн дараа шинээр байгуулагдах Засгийн газар нэлээд хүндрэлтэй эдийн засаг хүлээж авах байх.

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг нам дангаар засгийн эрхийг барилаа. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засаг яаж өөрчлөгдөв. Мэргэжлийн хүний хувьд  та юу гэж дүгнэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд 15 их наяд гэж яригддаг байсан улсын төсөв 30 их наядаар хэмжигддэг болсон. Төсөв ингэж өслөө гээд чанарын ялгаа бараг гарсангүй. Хүмүүсийн бодит орлого, амьдралын чанарт өсөлт бараг гарсангүй.

-Нэг хүнд ногдох ДНБ аль 2012 онд 4500 ам.долларт хүрсэн байсан. Ингээд харахад үр дүн ойлгомжтой байна. Ахиц гараагүй. Ковидын үеийн хоёр жилийг эс тооцвол эдийн засаг дандаа өсч байгаа. Гэвч тэр өсөлт нь төр болон түүнийг дагасан эрх мэдэлтэй, өндөр хуримтлалтай баян чинээлэг хэсэгт очиж үйлчлээд байна. Тэд уул уурхай ч юм уу том орлогоос ашиг хүртэх сувгууд нь олон байна. Нөгөө талд бүр ядуу хэсэгт төсвөөр дамжаад халамж болж очиж байгаа. Ердөө амь залгуулах арга хэмжээ. Тэрнээс ядуурлын тоо хэмжээ бодитоор огт буураагүй. Харин томорч тэлэх ёстой дундаж давхаргын орлого нэмэгдсэнгүй. Тэд улам агшаад байна. Ядуу хэсэг рүүгээ уначих гээд дэнжигнэж байна. Цаашдаа эдийн засаг хүртээмжтэй болох ёстой, өрх бүрт орох ёстой гээд байгаа бодлого жинхэнэдээ ажил хөдөлмөр эрхэлж буй дундаж давхаргад очих ёстой. Эцсийн дүндээ дундаж давхарга л улс орноо авч явдаг биз дээ.

-Ингэхэд Монгол Улсын гадаад өрийн хэмжээ ямар байгаа вэ?

Нэрлэсэн дүнгээрээ Монгол Улсын гадаад өр 2023 оны эцсийн байдлаар 34.5 тэрбум ам.доллар байгаагийн 7.9 тэрбум нь Засгийн газрынх.

Бидний санаа зовох ёстой асуудал бол Засгийн газрын өр. Тэрнээс хувийн хэвшлүүдийн авсан өр харьцангуй гайгүй. 34 тэрбум ам.долларын өр дотор Оюу толгойн өр явж байгаа. Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой дөрөв, таван тэрбум ам.долларыг олон улсын зах зээлээс босгосон мөнгө Монгол Улсын гадаад өр гэдэг тоон дотор яваа. Энэ бол одоохондоо бидний санаа зовох асуудал биш. Жинхэнэ санаа зовох өр бол Засгийн газрын авсан бондуудын өр. Бас улс хооронд авсан зээлүүд бий. Олон улсын байгууллагуудаас авсан хөнгөлөлттэй зээлүүд олон байгаа.

Ер нь Засгийн газрын өр дээр нэмэх нь төрийн секторын өр гэж байгаа. Засгийн газрын өр дотор төрийн өмчийн компаниудын өр хагас дутуу орж байгаа. Урт хугацаатай байх юм бол, эсвэл Засгийн газар батлан даавал гэсэн нөхцөлтэйгөөр тооцдог. Харин богино хугацаатай төрийн өмчийн компаниудын авсан зээл Засгийн газрын өрөн дээр тооцогдохгүй. Төрийн секторын өрөнд төв банкны өр орно. Монголбанк Хятадын ардын банктай своп хэлцэл хийгээд хоёроос  гурван тэрбум гаруй ам.долларын өр бичигдсэн гэх мэт.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дүрэм зөрчиж Израилийн тамирчинг мөргөсөн нь монголчуудын нийтлэг араншингуудын илрэл л дээ DNN.mn

Монголчууд шуугиан, хэрүүлээс уйдах биш. Тэдгээрийн нэг шуугиан нь мэдээж А.Анандын үйлдэл. Нийгэм хоёр хэсэгт хуваагдан А.Анандын талаар шуугилаа. Яг юу болсныг товчхон хэлэхэд, 3х3-ын сагсан бөмбөгийн тэмцээнд олимпийн эрх авах хариуцлагатай тоглолтыг Израилийн багтай манайхан хийсэн. Тоглолтын турш Израилийн хүчирхэг багийг манай шигшээ баг илүүрхэн хожиж байсан. Гэтэл багийн лидер тоглогч болох А.Ананд тоглолтын хувь заяа хэдийнэ манайх руу эргэчихсэн үед өрсөлдөгч багийн гишүүнийг толгойгоороо мөргөж дүрмийн бус үйлдэл гаргасан. Үүнээс болоод дараа дараагийн тоглолтуудад Монголын шигшээ баг хожигдлоо. Олимпод орох эрхгүй боллоо. Дэлхийн спортын хөгжил багийн төрөлд хурдацтай хөгжсөөр байгаа. Энэ хөгжлөөс манай улс бараа сураггүй хойно хоцорсныг 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр чамгүй наашлуулсан нь үнэн. Үүнд нь монголчууд багийн спорт Монголд одоо л хөгжих нь гэж баярласан. Учир нь манайд өнгөрсөн хугацаанд ганц хүний спортын төрөл л хөгжиж ирсэнтэй холбоотой. Хувь хүний спортын төрөлд тухайн тамирчнаас өөр хэн ч хариуцлага хүлээдэггүй. Өөрөөс нь өөр хэн ч ашиг шимийг нь хүртдэггүй. Үндэсний бөх гэхэд л ганц хүн улсын цол авснаараа ард түмний хайр хүндэтгэлийг хүлээнэ. Морины уралдаан ч мөн адил. Энэ мэт бусад хүмүүст ямар ч ашиг, ач холбогдол байхгүй хувь хүний спортыг монголчууд сайн хөгжүүлсэн. Эсрэгээрээ багийн спорт бол нийтээрээ хариуцлага хүлээдэг, нэг хүн бусдынхаа өмнө ёс суртахууны өндөр хариуцлага хүлээдэг, ашиг шимийг нь оролцсон бүгд хүртдэг. Тиймдээ ч дэлхийн спортын чиг хандлага багийн спортын төрөлд илүү ач холбогдол өгдөг. Нэг хүний спортыг үздэг, дэмждэг хандлага ч эрс багассан. Харин багийн спорт буюу хөл бөмбөг, сагсан бөмбөгийг дэлхий нийтээрээ үзэж, дэмжиж, шимийг нь хүртдэг учраас хурдтай хөгжсөөр байна. Монголчууд багийн спортоор тивдээ гарч ирж чадсан. Цаашлаад дэлхийд гарч ирэхэд нь монголчууд бидний төрөлх зан араншин саад боллоо. Үүний нэг тод жишээ саяны А.Анандын үйлдэл. Уг үйлдлийг хувь хүний алдаа гэхээс илүү ерөөсөө монголчууд бидний араа боддоггүй, бас эрх өссөн, хөөрүү зантай холбож ойлгох хэрэгтэй. Хамгийн хэрэгтэй цаг мөчид өөрийгөө ялж чаддаггүй нүүдэлчин монголчуудын цусанд байдаг бодлогогүй хөнгөмсөг зан бидэнд гай болсоор л. Гэхдээ А.Ананд л монголчууд бидний энэхүү нийтлэг зан араншинг гаргаж байгаа биш л дээ. 2016 оны олимпийн үеэр чөлөөт бөхийн төрөлд мөн адил үйл явдал болсон. Олимпийн наадмын сүүлийн өдрийн сүүлчийн найдвар Г.Мандахнаран тун харамсалтайгаар Олимпийн дэвжээг орхиж байсныг монголчууд мартаагүй. Бас л өрсөлдөгчөө илүүрхэн ялж байсан. Цаг дуусч байхад манай бөх нэг онооны илүүтэйгээр хожиж байлаа. Гарцаагүй олимпийн хүрэл медаль авлаа шүү гээд омогшоод найзтайгаа хундага тулгаж байснаа санаж байна. Гэтэл юу боллоо. Манай бөх цаг дуусаагүй байхад ялчихлаа гэж баярлаж гүйж байгаад хожигдсон. Үнэхээр ч цаг дуусаагүй байхад манай бөх өрсөлдөгч бөхөө үл тоон дэлхийн дэвжээн дээр байгаагаа умартан хөөрсөн. Уг үйлдлээс нь болоод өрсөлдөгч бөхөд нь шүүгчид шууд ялалтыг өгсөн. Ялалтын баярын сэтгэл хөөрлөө ердөө дөрвөн секунд л тэвччихсэн бол олимпийн хүрэл медаль бүрэн утгаараа манайх болох байлаа. Энэ нь Г.Мандахнарангийн буруу гэхээс илүү нөгөө л монгол хүний унаган зангаас шалтгаалсан алдаа байгаа юм. Дөхүүлээд л хаядаг, хяналтгүй хөөрдөг, нэгэнт энэ хүртэл дийлээд ирсэн юм чинь намайг дийллээ гэж үзнэ гэх мэтчилэн. Дээрээс нь дүрмийг дуртай үедээ,нэрд гарсан үедээ, баян болчихвол, дарга аварга болчихвол нэг удаа зөрчиж болдог гэсэн ойлголт. Үгүй дээ, дүрэм л бол дүрэм, үүнийг зөрчиж болохгүй. Зөрчвөл үр дүн нь яаж гардгийг саяны хоёр жишээ харуулна. Үүнээсээ болоод би гэдэг үзэл нь хэт өндөр давамгайлчихсан нь суурин соёлд маш том гай болсоор байгааг бид анзаарсан ч засаж чадахгүй өдийг хүрлээ. Монголчуудын би гэдэг үзэл өнөөгийн Улаанбаатар хотын иргэдэд хамгийн их гай болж байгааг бид мэдэрдэг болсон. Үүний тод жишээ нь нийслэл хотын замын түгжрэл. Энэ уулзвараар би л түрүүлээд хурдхан гарчихвал боллоо гэж дайрсаар байгаад л уулзвар дээр түгжирч зогсдог. Эсрэгээрээ би түр хүлээж байгаад энэ хүнийг урдуураа оруулчихвал уулзвар дээр түгжрэхгүй шүү гэсэн бодлоор замын хөдөлгөөнд оролцдог монгол хүн цөөхөн. Ихэнх нь би эхлээд гаръя, би түрүүлээд явчихъя, би гялс орчихъё гэж дайрсаар байгаад хөдөлгөөнийг нь чагталчихдаг. Монголчуудын би гэдэг үзлийг баталж байгаа юм шиг замын түгжрэлийн шалтгааны 80 хувь нь жолооч нараас үүдэлтэй гэдгийг гадны судалгааны байгууллага олоод тогтоочихсон нь ичмээр. Энэхүү судалгааны дүн аль арваад жилийн өмнө л гарсан. Гэтэл одоог хүртэл түгжрэлийн гол шалтгаан нь жолооч бид өөрсдөө атлаа тэрийгээ засаж чадахгүй байна гэдэг монголчуудын шинжлэх ухаан, судалгаа, баримт тооцоололд итгэдэггүйн тод жишээ. Суурин соёл иргэншилд өөрийнхөө эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ гэсэн хатуу дүрэм ч бий, хууль ч бий. Нэг сая гаруй хүн амтай хотод дүрэм, хуулийг хатуу мөрдөж л амьдрах ёстой. Гэтэл бидэнд нийтийн дунд амьдрах хүмүүжил үнэхээр төлөвшөөгүй байгаа нь энгийн өдөр тутмын үйлдлээс л тодорхой харагдаж байна. Хатуу мөрдөх ёстой дүрэм, хуулийг юу ч болоогүй мэт зөрчдөг энэ хандлага монголчуудыг дэлхийд гарахад хамгийн том саад, тээг болсоор байгааг бид саяны багийн спортоос харлаа. Бусад спортын төрлүүдэд ч энэ алдаагаа олон давтсан. Дүрэм зөрчсөн л бол алдаа болдог. Гэтэл монголчууд алдаагаа олон давтаж байгаа нь дүрэм зөрчсөнийхөө хариуцлагыг мэдрэхгүй байна гэж ойлгож болох юм. Хэлээд хэлээд ойлгохгүй хүүхдэд алганы амт үзүүл гэж монголчууд ярьдаг. Үүн шиг хууль дүрэм зөрчсөн бол хүлээх хариуцлагыг ясанд нь тултал мэдрүүлэх хэрэгтэй юм шиг. Хариуцлага сул, бүр хүлээлгэдэггүй учраас л дүрмийг зөрчих гэж гаргадаг. Түүнчлэн Монголын хууль гурав хоног гэсэн ойлголт өргөн тархсан байх. Тиймээс хууль, дүрэм зөрчсөн л бол хүлээлгэх хариуцлагыг нь хатуу оногдуулдаг байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр монголчууд бид алдаа гаргасан хүнийг өрөвдөж, өршөөх дуртай үндэстэн юм аа. Гэтэл энэ нь нөгөө хариуцлагатай байх, хариуцлагаа үүрч сурах мөн чанартайгаа тэрсэлдээд байгаа юм биш үү гэлтэй. Дүрэм зөрчвөл хариуцлага үүрнэ гэдэг ойлголтыг хатуу санамаар байна. Чөлөөтөөр олимпийн медаль хүртэх боломжтой байсан Г.Мандахнаранг тухайн үед хайрлаж, хамгаалаад л өнгөрсөн. Дараа нь амжилтаа ахиулсан уу. Саяны дүрэм зөрчиж, Израилийн тамирчныг мөргөж унагаасан нөхөрт дэлхийн шүүгчид хариуцлага тооцож байхад монголчууд өрөвдөж, хайрлаад л байна. Бас л А.Анандын буруу биш ээ л гэж байна. Нэгэнт л дүрэм зөрчсөн бол хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Тэгж байж тэр хүн дараа дараагийн тэмцээндээ багаа хөөдөхгүй, багийнхаа өмнө ямар өндөр үүрэг хариуцлага үүрч яваагаа ойлгож багийн спорт гэж юу болохыг, юу чухал байдгийг мэдэх юм биш үү. Хайрлаж, хамгаалж, хариуцлагаас мултлах тусам л хүн хүнээ байдаг цаг шүү дээ.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 22, Буд гариг. Билгийн тооллын 14, Хонгорцог одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 05:05 цагт мандаж 20:32 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: 22-нд Хэнтийн уулархаг нутаг, Улз голын хөндийгөөр, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22, 24-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд Халх голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: 21-нд нутгийн зарим газраар, 22, 24-нд говь, талын нутгаар, 26-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 27, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +15…+20 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +25…+30 градус дулаан байна. 24, 25-нд нутгийн хойд хэсгээр, 27-ноос ихэнх нутгаар сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 23-нд бага зэргийн бороо, 24, 27-нд бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 20, 21, 26-нд халж шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +25….+30 градус дулаан, бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +16….+21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Хурцыг өмгөөлөх нь” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын и х сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Д.Ганхүрэлтэй Үндэсний баялийн сангийн тухай хуулийн хүрээнд ярилцлаа. Тэрбээр “Үндэсний баялгийн сангийн тухай хуульд аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн орд газраас хувь авна гэсэн заалт байхгүй”  хэмээн ярилаа. Энэ тухай  IX нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалт

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Хурцыг өмгөөлөх нь” нийтлэл хэвлэгдлээ.

АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн Жүдо бөхийн ДАШТ-д эмэгтэйчүүдийн -48кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Импери” группийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү дэлхийн аварга болсон билээ. Тэрбээр ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын зургаа дахь жүдоч болж буй юм. Мөн тэрээр энэ оны Улсын аварга, ААШТ-ний аварга, Душанбе Их Дуулгын аварга, Дэлхийн аварга гээд дөрөв дараалан түрүүлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм. Түүний аав А.Бавуудоржтой энэ талаар ярилцлаа.

Төрдөө итгэж, хуулийг хэрэгжүүлж ирсний утга учир хаана байна аа, Ерөнхийлөгч өө?

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Иран АНУ-ыг буруутгаагүй байна

Арын нүүр: Болж л өгвөл нэгнээ дэмжээрэй


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 2-ноос өмнө хугацаа хэтэрсэн зээлээ төлбөл зээлийн ангилал сайжирна DNN.mn

2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулга хийхээр Монголбанкнаас шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэртэй холбоотой хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөртэй иргэн, аж ахуйн нэгжүүд 2024 оны 6-р сарын 2-ны өдөрт багтаан хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн барагдуулбал ангиллаа сайжруулах боломжтой юм байна.

Монголбанкнаас гаргасан мэдээлэлтэй танилцах бол ЭНД дарна уу.