Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.05.24) үдээс хойших хуралдаан 15 цаг 23 минутад эхэлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төсөл санаачлагчийн илтгэл Г.Тэмүүлэн гишүүн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ц.Сандаг-Очир гишүүн тус тус танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир нар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн.
Төсвийн тогтвортой байдлын төрийн албаны статус болон зөвлөлийн дарга, гишүүдийн албан тушаалын зэрэглэл зэрэг эрх зүйн байдлыг нарийвчлан тогтоох, үйл ажиллагааны баталгаа болон баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад хуулийн төслийн зорилго чиглэж байгааг тэрбээр танилцуулав. Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг хангуулах, төсвийн холбогдох шинжилгээ хийх, дүгнэлт зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны 7 гишүүний бүрэлдэхүүнтэй зөвлөл Улсын Их Хурлаас томилогдон ажиллаж байна. Одоогоор зөвлөлийн төрийн албаны статус болон зөвлөлийн дарга, гишүүдийн албан тушаалын зэрэглэл тодорхойгүй учир Улсын Их Хурлаас томилогддог зөвлөл, хороо, ижил түвшний төрийн байгууллагатай адилтгаж төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийн захиргааны адилтгах албан тушаалд хамааруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Иймд зөвлөлийн дарга, гишүүний эрх зүйн байдал, үйл ажиллагааны болон нийгмийн баталгааг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нарийвчлан тусгах бодит хэрэгцээ шаардлага бий болсон гэлээ. Ингэснээр зөвлөлийн үйл ажиллагаа бие даасан, хараат бус, ил тод, хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэлээ.
Хуулийн төслийн 2 дугаар зүйлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтад тусгасан “өнөөгийн үнэ цэнээр” гэснийг “нэрлэсэн үнээр” гэж өөрчилсөн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байх үед буюу 2010 онд Монгол Улс бага орлоготой орны тоонд багтаж Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас бага хүүтэй, урт хугацаатай зээл (хугацаа 20 хүртэл жил, хүү 2 ба түүнээс доош хувь) авдаг байсан үед өрийг өнөөгийн үнэ цэнээр буюу өгөөжөөр нь хорогдуулан тооцоход тохиромжтой байсан. Харин өнөөгийн байдлаар Монгол Улс дундажаас дээгүүр орлоготой орны тоонд багтах болж, арилжааны нөхцөлтэй зээл авдаг болсон тул өрийг өнөөгийн үнэ цэнээр хорогдуулан тооцох бус нэрлэсэн үнээр тооцохыг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагаас удаа дараа зөвлөсний дагуу өөрчилж, нэрлэсэн үнээр бүртгэх хугацааг 2025 оноос хэрэгжихээр хуулийн төсөлд тусгасан байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар төсвийн ил тод байдлыг хангах, хөндлөнгийн хяналтыг сайжруулах, төрийн аудитын хяналтыг бэхжүүлэх, төсвийн хяналтыг сайжруулах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж төсвөө боловсруулдаг болох, төсөв санхүүгийн үр ашиг, гадаад зээл тусламжийн үр өгөөж дээшилж, төсвийн үргүй зардал багасах зэрэг ач холбогдолтой юм байна.
Төсвийн байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн хэмээн Ц.Сандаг-Очир гишүүн танилцуулав.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор явуулах санал хураалтыг хойшлуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар шийдвэрлэлээ.
Дараа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тус тус танилцуулав.
Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид булаан авч хурлыг хэлбэрийн төдий байна гэсэн үндэслэлээр энэ бүтцийг хүчингүй болгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийг байгуулсан. Ингэснээр өдөр тутмын тулгамдсан асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байнга хуралдуулах шаардлага гарч, тийм боломжгүйгээс орон нутагт зохицуулах шаардлагатай ажлууд цалгардах, хугацаа алдах нөхцөл үүсч байгаа тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу ажиллаж байгаа хэдий ч тодорхой шийдвэр гаргах эрх мэдэлгүй байгаа тул Зөвлөлд эрх шилжүүлдэг зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэж үзэж уг хуулийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл” гэсэн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээр Хурлын байгууллагын тасралтгүй, идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, байнгын ажиллагаатай байхаар, мөн зохих урамшуулал олгохоор хуулийн төсөлд тусгажээ.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Засаг дарга, түүнийг томилох гэсэн 56 дугаар зүйлийн 56.4.1 дэх заалтад баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь заавал дээд боловсролтой байх шаардлага тавьж байгаа нь амьдралд нийцэхгүй байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Дээд боловсролтой боловсон хүчин орон нутагт хүрэлцээгүй байгаа учир бүрэн дундаас доошгүй боловсролтой байхаар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 4 зүйлтэй. Төслийн 1 дүгээр зүйлээр цахим болон технологийн бусад хэлбэрээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд оролцсоныг ирцэд оруулах, 2 дугаар зүйлээр аймгийн төвд 20 мянгаас дээш хүн ам бүхий хот суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас нэгээс доошгүй иргэн хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцох зохицуулалтыг нэмж тусгах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Хуулийн төслийн 3 дугаар зүйлээр баг, хорооны иргэдийн нийтийн анхдугаар хуралдаанаас хуралдаан даргалагчийг 4 жилийн хугацаагаар сонгож, хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалт, бэлтгэлийг хангаж ажиллах бөгөөд хуралдаан даргалагчид, баг, хорооны Засаг даргын цалингийн 50 хувьтай тэнцэх урамшуулал олгох, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд зарим эрх олгож, хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой иргэнийг сонгох зэрэг өөрчлөлтүүдийг оруулсан болохыг Г.Ганболд гишүүн танилцуулав. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чанартай хүргэж, орон нутгийн чухал шийдвэрүүд гаргахад хугацаа алдахгүй байх мөн хурлын байгууллагын тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх аж.
Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нарын өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх дэмжсэн хэмээн М.Оюунчимэг гишүүн танилцуулав. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хаягт байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгааг санал, дүгнэлтэд дурдсан.
Төслийн үзэл баримтлал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир асуулт асууж, хариулт авав. Тэрбээр бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүдэд олгодог байсан урамшууллыг байхгүй болгосон, үүнийг дахин олгодог болох асуудлыг төсөлд тусгах боломжтой эсэхийг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тодорхой хувийг төрийн захиргааны алба хаах боломжийг хуулиар нээх боломж бий эсэхийг тодруулсан юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүдэд олгох урамшууллын асуудлыг төсөлд тусгаагүй гэдгийг Г.Ганболд гишүүн хариулсан. Гэхдээ эл асуудлыг хуулиар хориглоогүй учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төсвийн онцгой, бүрэн эрхийг хэрэгжүүлдэг агуулгаараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хурлаас гаргасан иргэдэд сурталчлах хэмжээний зардлыг шийдвэрлэх боломж бий гэдэг тайлбарыг хэлж байв. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тодорхой хувийг төрийн захиргааны алба хаах эсэхтэй холбоотой асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагддагүй гэдэг хариултыг өгсөн.
Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар үг хэлэв. Төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаагаа илэрхийлээд багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой иргэнийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг томилдог байх асуудлыг дэмжиж байгаагаа хэлсэн. Төсөл дэх даргын дэргэдэх зөвлөлд эрх олгохтой холбоотой асуудалд анхаарал хандуулах шаардлага бий гэдгийг хэлж, дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Мөн хуралдааны ирцийг бүрдүүлэхэд цахимаар оролцуулах, технологийн дэвшлийг ашиглан хуралдаан явуулах боломжийг нээх, холбогдох дэгийг тодорхой болгох шаардлага бий гэдэг саналыг хэлж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор явуулах санал хураалтыг хойшлуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар шийдвэрлэсэн. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.