Categories
мэдээ улс-төр

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.28/ хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд “Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын байгууллага өнөөдрийн байдлаар 496 орон тоотойгоор 7000 гаруй байгууллагад санхүүгийн тайлангийн аудит, давхардсан тоогоор 12 мянга орчим байгууллагыг хамруулан гүйцэтгэл, нийцлийн аудит хийж байна. Манай улсын эдийн засаг өсөж байгаагийн хэрээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа өргөжин тэлж, нийгэмд чухал нөлөөтэй томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, улсын төсвийн нийт орлого, зардал өсөн нэмэгдэж байгаатай уялдан төсвийн сахилга, санхүүгийн үр дүн, өгөөжид төрийн хяналтын чиг үүргийг сайжруулах шаардлага улам бүр ихсэж, төрийн аудитын байгууллагын гүйцэтгэх аудитын тоо, ажлын цар хүрээ өргөжиж, ажлын ачаалал нэмэгдэж байна. Тодорхой жишээ дурдвал, сүүлийн гурван жилийн дунджаас харахад нэг төсөв захирагчийн санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд 2.2 хүн өдөр зарцуулахын зэрэгцээ 200 гаруй гүйцэтгэл, нийцлийн аудит гүйцэтгэж, нэг аудитор 4.7 аудит гүйцэтгэж, аудит зарцуулах дундаж хугацаа 80 орчим хуанлийн хоног байгаа нь гүйцэтгэлийн аудитыг 90-180 хоногт гүйцэтгэдэг олон улсын жишгээс 2.6 дахин богино байна. Энэ нь аудитын үр дүн, илрүүлэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсээд байна гэв.

Мөн хүний нөөц дутмаг байгаагаас шалтгаалан зарим санхүүгийн тайлангийн аудитыг хувийн аудитын хуулийн этгээдээр, гүйцэтгэл, нийцлийн аудитад мэргэшсэн инженер, нарийн мэргэжлийн шинжээч нарыг гэрээгээр ажиллуулах шаардлага байнга тулгарч байна. Иймд Төсвийн байнгын хорооны 2020 оны 06 дугаар тогтоолоор баталсан орон тоог 99 аудитороор нэмэгдүүлж, дээд хязгаарыг 585 болгох тооцоо, судалгааг хийсэн. Уг асуудал шийдэгдсэнээр хуульд заасны дагуу төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх нөхцөл сайжирч, аудитын илрүүлэлт нэмэгдэх, шат шатны төсвийн захирагч нарын хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон үр дүн гарна гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн асуулт асууж, хариулт авсны дараа “Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив.

Тогтоол батлагдсантай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хандан, Байнгын хорооноос 2025, 2026, 2027 он буюу гурван жилийн хугацаанд төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг тогтоож өгч байгааг тодотгоод орон тоогоо нэмэгдүүлэхдээ ажилд нэмэр болох, аудитор хийх чиг үүргийн албан хаагчдыг авч чадавхжуулах, цаашлаад орон нутгийнхаа нэгжийн байгууллагын ачааллыг бууруулахад онцгой анхаарч ажиллах ёстой гэв. Мөн төрийн аудитын байгууллага орон тоогоо нэмэгдүүлэх асуудалтай холбогдуулан нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, Байнгын хороонд танилцуулах чиглэлийг өглөө.

Дараа нь Үндэсний аудитын газрын тайланг хаалттай горимоор хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ спорт

64 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн Монголд болно DNN.mn

Монгол Улсад 64 буудалт даамыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Даамын Холбооноос Олон Улсын Даамын Холбоо (International Draughts Federation)-той хамтран ирэх долдугаар сарын 8-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.

Тэмцээн 64 буудалт даамын үндсэн гурван ангиллаар зохиогдох ба сонгодог, блиц төрлүүд орос дүрмээр, рапид төрөл бразил дүрмээр явагдана.

IDF-ийн 2024-2025 оны улирлын Дэлхийн цомын анхны тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард Туркт, хоёр дахь нь тавдугаар сард Узбекистан улсад болсон бөгөөд гурав дахь цуврал нь манай улсад зохиогдох нь.

Ийнхүү хоёр жилийн хугацаанд нийт долоон тэмцээний туршид хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг тамирчид 2025 оны төгсгөлөөр болох шигшээ тэмцээнд оролцох эрхээ авах аж. “Mongolia 2024” тэмцээн нь ирэх есдүгээр сард ОХУ-д болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий өмнөх томоохон бэлтгэл болж буйгаараа онцлогтой юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн Даамын Холбоо

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар 49.267 ширхэг суудлын автомашин импортолжээ DNN.mn

Ачааны болон суудлын автомашины импортын товч мэдээллийг хүргэж байна.

СУУДЛЫН АВТОМАШИН: 2024 онд 49,267 ширхэг импортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.1 дахин өссөн байна.

АЧААНЫ АВТОМАШИН: 2024 онд 11,280 ширхэг импортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46.0 хувиар өссөн байна.

May be an image of car and text that says "ทรัส moHroлblH rAAЛb BAPИЙH M3A33 ИmnoPT /2024.1.1-2024.5.27/ ー粉 ABTOMAWИH TOO WИPx3r 2023 OHbl MΘH YE3C CyyAЛblH 49,267 A4AAHbl 2.1 nAXИH BCCeH 11,280 w 46.0% BCCeH 1800-1281 281 1800- WWW.CUSTOMS.GOV.MN"

Categories
мэдээ нийгэм

Урт цагааны гудамжийг 44 тэрбум төгрөгөөр тохижуулна DNN.mn

Урт цагааны гудамжны тохижилтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагджээ. Тус гудамжийг тохижуулахад нийт 44  тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байна. Түүнчлэн зарласан тендерийн нийт төсөвт өртгийн санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргахаар тусгажээ. Нэг үе шаттай тендерт гадаадын компани оролцох эрхтэй бөгөөд 220 877 500 төгрөгийн дэнчин тавих юм.

Уг тендерийг 2024 оны зургаадугаар сарын 24 -ний 14:30 цагт нээнэ. 

Урт цагааны нураасан барилгын буурин дээр 196 автомашины зогсоолтой, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг гүйцэтгэнэ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Оюунтуяа: Сонгогчдын санал нууцлалтай болохоор ямар нэг нөлөөнд автахгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлээр сонгуулиа өгөх хэрэгтэй DNN.mn

Сонгогчдын боловсролын төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай ярилцлаа.


-Улс төрийн намууд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарлалаа. Энэ удаагийн сонгуулиар парламент 126 гишүүнтэй болно. Сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө. Төөрч будлихгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Үндсэн хуулиар УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлээд сонгуулийн системийг хуульчилж өгснийг бүгд мэдэж байгаа. Системийн тогтвортой байдлыг хангахад том шинэчлэл болсон. Ер нь аливаа сонгуулийн хуулийн шинэчлэлийг дандаа улс төрийн намууд, хууль тогтоогчид л хийгээд байдаг. Нөгөө талдаа саналаа өгдөг сонгогчдоосоо асуудаггүй, бас зөвлөлддөггүй. Сонгуулийн хууль шинэчлэгдсэний дараа манай төвөөс судалгаа хийж үзсэн л дээ. Нэг үеэ бодвол сонгогчид саналын хуудсыг яаж тэмдэглэхийг маш сайн мэддэг болсон. Харин тэд сонгуулийн системтэй холбоотой шинэчлэлийн асуудлаар мэдээлэл авахыг хамгийн их хүсч байна гэж хариулсан. Мөн улс төрийн намуудын болон нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй холбоотой мэдээллийг чухал гэж үзэж байна л даа. Өмнө “Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг олж үзье, нэр дэвшигчид юу амлаж байна харъя” гэдэг хандлага үнэхээр сул тааруу байлаа шүү дээ. Тэгвэл сонгуулийн системийн өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд сонгогчид намуудын бодлого мөрийн хөтөлбөрийг сонирхох хандлага дагаад сайжирч байна. Жишээлбэл, 2020 оны сонгуулиас өмнө Сонгогчдын боловсролын төвийн лавлах утсанд ирж байгаа дуудлагыг ангилж үзэхэд сонгогчдын мөрийн хөтөлбөртэй холбоотой нэр дэвшигчид, нам, эвслүүдийн амлалт нь улс орны хөгжлийн бодлого, алсын харааг юу гэж харж байгаа талаар тийм ч их асуулт ирдэггүй байсан. Тэгэхээр 2020 оны сонгуулиас эхлээд ялангуяа залуучууд маань улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, амлалтыг нэлээд сонирхдог, сонгуулийг бодлого мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөн гэж хардаг шинэчлэл ажиглагдаж байна л даа.

-Сонгуулийн тойрог томссонтой холбоотой иргэд, сонгогчид, нэр дэвшигчдэд ямар зүйл ажиглагдаж байна вэ?

-Сонгуулийн хуулийн шинэчлэлийн хүрээнд манай улс холимог системийг хоёр дахь удаагаа хэрэглэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор нэг төвөгтэй зүйл нь гэвэл хоёрдугаар сарын 1-нд сонгуулийг товлон зарлахтай зэрэгцээд тойрог байгуулсан явдал.

Энэ удаагийн Сонгуулийн тухай хуульд орсон нэг өөрчлөлт нь системийн өөрчлөлт. Ерөнхийдөө 2020 онд сонгуулийг зохион байгуулж байсан хуулиараа үргэлжлүүлээд бид энэ сонгуулиа явуулах гэж байгаа. Уг нь сонгуулийн системтэй уялдуулж процедур нь хийгдэх ёстой. Гэтэл сонгуулийн процедур урьд нь хийгдчихсэн болохоор сурталчилгаа, улс төрийн намууд ямар дүрэм журмаар тоглох юм бэ гэдэг тэр бүх процесс нь өмнөх хуулиараа байгаа гэсэн үг. Гэтэл нэмээд тойрог байгуулж байна гэж дахиад орвонгоор нь эргүүлчихээр улс төрийн намуудад хүртэл сонгуульд орж өрсөлдөхөд нь төвөгтэй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэнэт тойрог томсгочихоор сонгуулийн кампанит ажлын хугацаа их давчуу болчихож байгаа юм.

-Сонгуулийн зардал нэмэгдэж байгаа. Мөнгөний сонгууль болох нь уу?

-Ер нь сонгуулийн зардлыг яаж тогтоох юм гэдэг дүрэм журам нь өмнөх хуулиараа хийгдэнэ. Тойргоо томруулчихаар сонгуульд зарцуулах зардлын мөнгөн дүн дагаас өснө. Уг нь Сонгуулийн тухай хульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гол үзэл баримтлал нь сонгуулийг мөнгөний нөлөөнөөс бага болгох юм шүү дээ . Нам эвсэл улстөрчид нас, хүйс, албан тушаалын хувьд сонгуульд өрсөлдөхдөө гарааны тэгш байдлыг хангахад хамгийн гол бэрхшээл учирч буй зүйл нь мөнгө санхүүжилтийн асуудал байна гэж үзсэн. Ингээд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа санхүүжилтийг бууруулна гэсэн. Тэгвэл эсрэгээрээ сонгуулийн тойргийг томсгож, санхүүжилтийг нэмэгдүүлснээрээ мөнгөний нөлөөг нэмэгдүүлэх гэж байна. Зарим тойрогт сонгогчдын тоо 200 мянга хүрч байна. Тэгэхээр сонгуулийн сурталчилгааны 18 хоногийн хугацаанд нам эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, амлалт, зорилтуудаа танилцуулах боломж хомс. Тогтолцооны хувьд ийм тулгуу байгаа нь мөнгөний хүчин зүйлээр л нөхнө. Тийм болохоор энэ сонгуульд мөнгөний нөлөө нэмэгдэх юм болов уу гэж харж байна.

-Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа ямар онцлогтой болохоор байна?

-Анх удаа маш олон нэр дэвшигчид, улс төрийн намууд сонгуульд оролцох гэж байна. Мажоритар тойрог дээр нэр дэвшигчдийн тоо намуудаа дагаад нэмэгдэж таарна. Сонгуулийн сурталчилгааны хувьд маш богино зайд яаж үр дүнтэйгээр, хүртээмжтэйгээр сонгогчидтойгоо ажиллах вэ гэдэгт бэрхшээл гарч таарна. Магадгүй илүү цахим талбарт сонгуулийн сурталчилгаа голдуу явагдах болов уу гэж харж байна. Яагаад гэвэл дөрвөн аймгийн 40, 50 суманд ийм богино хугацаанд хүрнэ гэдэг боломжгүй. Нөгөө талдаа сонгогчид сурталчилгааны 18 хоногийн хугацаанд яаж улс төрийн нам нэр дэвшигчдийн талаар бүрэн мэдээлэл авах юм бэ. Сонгогчдын хувьд өдөрт 10, 20 нэр дэвшигчдийн материал судлахгүй бол амжихгүй. Тэгэхээр цахим байдлаар сонгуулийн сурталчилгаа нэлээд өрнөх байх.

-Сошиал бол хуурамч мэдээлэл, хар пиар хүчтэй цацагддаг талбар. Тэгэхээр сонгогчид үнэн, худалд яаж шүүлтүүртэй хандах вэ?

-Сонгогчдын хувьд яалт ч үгүй цахим дээр байгаа мэдээллийн эх сурвалжийг нягтлах тал дээр илүү хэрсүү байх хэрэгтэй болж байна л даа. Хуурамч мэдээлэл, сонгуулийн далд сурталчилгаа, бусдын нэр хүндэд халдах технологи сонгууль болгоноор л хэрэгждэг шүү дээ. Тухайлбал, албан тушаалтай буюу УИХ-ын 76-гийн хувьд гишүүний ажлын тайлангаа тавих нэрээр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө сонгогчидтойгоо уулзалт хийж л байна. Энэ нь сонгуулийн кампанит ажлын хугацаанд улс төрийн албан тушаал эрхэлж байгаа хүмүүст давуу тал бий болгож байна. Өөрөөр хэлбэл, сонгуульд өрсөлдөх гарааны тэгш байдалд гажуудал үүсч байгаа юм.

-Эцсийн бүлэгтээ сонгогчдод сонгох эрх нь байгаа шүү дээ. Тэгэхээр эрүүл ухаалаг сонголт хийхийн тулд яах ёстой вэ?

-Сонгууль бол ард түмэн төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлэх боломж. Ирээдүйгээ сонгож байгаа маш том боломж гэж ойлгох хэрэгтэй. Иймд сонгогчид маань хариуцлагатайгаар, мэдлэгтэйгээр, мэдээлэлтэйгээр, шүүлтүүртэйгээр сонголтоо хийх ёстой. Хэдийгээр бид төлөөллийн зарчмаар өөрийнхөө эрхийг бусдад шилжүүлж байгаа ч тэр төлөөлөл нь миний ашиг сонирхолд нийцсэн чиг үүргээр ажиллаж чадах уу гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхээр улс төрийн намуудын бодлого мөрийн хөтөлбөрийг харьцуулж судлах нь байна. Сонгуульд оролцож саналаа өгөх боломжоо эдлэхийн тулд сонгогчийн нэрсийн жагсаалтаа шалгах нь байна. Сонгууль гэдэг бол гоё ганган үг, амлалтаар уралддаг биш. Бодлого мөрийн хөтөлбөрөөрөө уралдах ёстой. “Ирэх дөрвөн жилд таны ажиллах хөдөлмөрийн орчин ямар байх юм. Эрүүл аюулгүй амьдрахын тулд та ямар боломжоор хангагдах юм. Хэдий хэмжээний татвар төлөх юм бэ. Танай хүүхдүүдийн сурч боловсрох чанар, хүртээмжийн асуудал яаж сайжрах юм” гэдэг нь зөвхөн таны саналаас хамаарна. Тэгэхээр энэ болгоны төлөө саналаа өгч байгаа гэдгээ ойлгох ёстой. Нэр дэвшигчдийн өнөө маргаашийн бэлэг сэлтэд хууртах биш. Сонгууль бол сонгогчдын хувьд эрх баригчидтайгаа хариуцлага тооцдог нэг хэрэгсэл. Өөрөөр хэлбэл, одоогийн эрх баригчид үнэхээр таны амьдралыг сайжруулсан таатай бодлого хэрэгжүүлж байна гэж үзвэл үргэлжлүүлэн сонгоод итгэл үзүүлж болно. Хэрэв эд нар үнэхээр ажиллаж чадсангүй гэж бодож байгаа бол цэг тавиад хариуцлага тооцож болдог.

-Нийт сонгогчдын масс нь нийслэлийн гэр хорооллын иргэд, хөдөөгийн малчид байна. Тэгвэл улстөрчид, нэр дэвшигчид тэдэн рүү чиглэдэг. Тухайбал, хорооны хэсгийн ахлагчид амьжиргааны түвшин доогуур өрхүүдийг хүнсний талоноор нь хязгаарлана гэж сүрдүүлдэг ч юм уу. Эсвэл төрийн албан хаагчдыг ажил албан тушаалаар нь барьцаалж санал авахыг оролддог хандлагын талаар бишгүй яригддаг. Тэгвэл сонгуулийн дүнд жин дарах тэр том массын сонгогчдын боловсрол дээшилсэн болов уу?

-Энэ бол сонгогчид боловсролгүй, мэдээлэл дутмаг байгааг нь ашиглаж маневлаци хийж байгаа хэлбэр шүү дээ. Сонгогчдыг төөрөгдүүлж, айлган сүрдүүлж байна. Эсвэл саналыг нь хуурч авах гэж байна гэсэн үг. Сонгуулийн үйл явц ил тод байдаг ч гэсэн нууц байдаг ганц зүйл нь та хэнд, ямар улс төрийн намд саналаа өгч байгааг танаас өөр хэн ч харах, мэдэх боломжгүй. Тэгэнгүүт хүмүүсийг “Санал авах байранд суурилуулсан камераар хэнд саналаа өгч байгааг чинь харна шүү. Саналын тооллогын машин өөрөө эрэмбэлээд бүртгэлийн хуудасны дугаараар чинь чамайг олчихно” гэж хуурдаг ч юм уу. Тийм ямар ч боломж байхгүй. Сонгогч нэрийн жагсаалтад гарын үсэг зураад санал бэлтгэх бүхээгт орно. Дараа нь таны бөглөсөн саналын хуудсыг машинаар уншина. Тэр бүх үйл явцад таны санал нууцлалтай, аюулгүй байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Та өөрийнхөө итгэл үнэмшлээр сонгуулиа өгөх ёстой. Сонгуулийн тухай хуульд сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэх ёстой гэсэн үндсэн зарчим бий. Таны чөлөөтэй сонголтоо хийх энэ эрхэд хэн нэгэн айлгах юм уу, авлига өгөх замаар нөлөөлж болохгүй гэдэг зарчим. Таныг саналаа нууцаар өгөх бүх боломжийг сонгуулийн байгууллага хангаж ажилладаг. Мөн сонгуулийн санал авах үйл явц, сонгогчдын саналыг нууцалж чадаж байна уу гэдгийг хөндлөнгийн байгууллагууд, сонгуульд оролцож буй улс төрийн намууд гээд маш олон нүд харж, ажиглаж байдаг учраас сонгогчид ямар нэг айдасгүйгээр, дарамт шахалтгүйгээр өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлэх боломжтой. Ийм боломжтойг сонгогчид мэдчих юм бол саналыг чинь худалдаж авах гэж оролдохгүй шүү дээ. Хэрэв хийдэг ажил, төрөөс авдаг нийгмийн халамж, туслалцаагаар чинь барьцаалж байгаа бол таны саналыг худалдаж авах гэж оролдож байна гэсэн үг. Хэрэв сонгогчид саналаа худалдах юм бол өөрсдийнхөө ирээдүйг, өөрсдийнхөө амьдралыг арилжаалж байгаатай адилхан. Нэгэнт таны саналыг худалдаж авах гэж байгаа хүмүүсээс бид сайн үр дүн, шударга ёс хүлээгээд хэрэггүй.

Ямар нэг байдлаар сонгогчдын саналыг худалдаж авах оролдлогууд хийсээр ирсэн нь худлаа биш. Яалангуяа сонгуулийн үед улсын хөрөнгө оруулалт шаардсан дэд бүтцийн мега төслүүдийг явуулна гэх нь элбэг. Энэ бол сонгогчдыг амлалтаар хуурч буй хэлбэр. Тэгэхээр сонгогчид маань худал, хууль зөрчсөн амлалтуудад маш шүүлтүүртэй, хэрсүү байх хэрэгтэйг дахин хэлмээр байна.

-Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн санал гээгдсээр ирсэн. Явуулын хайрцгаар санал авах боломжтой юу?

-Сонгуулийн тухай хуульд сонгогчдыг саналаа өгөх уян хатан, олон янзын хувилбар байхгүй. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэхийн үндсэн хаяг дээр санал өгнө гэдэг ганцхан зохицуулалттай. Энэ бол маш хатуу шаардлага. Яагаад гэвэл сонгууль зуны дэлгэр цагт болдог. Амралт, зугаалгын цаг шүү дээ. Хамгийн чухал нь эдийн засаг идэвхждэг үе. Манай хөдөлмөрийн зах зээл дулааны улирлын чанартай байдаг. Зам тээвэр, уул уурхай, барилга, газар тариалан гээд ажлын байрууд олноор бий болдог. Үүнээс улбаалаад сонгогчдын оролцоонд тодорхой хэмжээнд асуудал үүсдэг. Дээр нь Хөдөлмөрийн тухай хуулиар уурхайн ажилтнууд 14:14 хоногоор ротын зохион байгуулалттай. Тэгэхээр өөрийнхөө үндсэн хаяг дээрээ саналаа өгөх хуулийн шаардлагатайгаа нийцдэггүй. Энэ нь маш олон тооны сонгогчид саналаа өгч чадахгүйд нөлөөлдөг. Том зургаараа сонгогчдын ирцэд ч нөлөөлдөг. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдах парламент аль болох олонхыг төлөөлөх ёстой. Гэтэл сонгуулийн ирц дөнгөж 50 хувьдаа хүрч байна. Энэ нь нийт улсынхаа 50 хувийн ашиг сонирхлын хүрээнд хууль тогтоох байгууллага бүрдэж байна гэсэн үг. Аль болох сонгогчийн ирц өндөр байх тусам ардчилал, олонхын хүсэл зорилго, олон ургалч үзэл маань парламнетад очиж тусгалаа олох ёстой. Тэгэхээр энэ тал дээр эрх зүйн хувьд дорвитой шинэчлэл хийхгүй бол техникийн энэ амьдралын технологийн хурдтайгаа сонгуулийн порцедур нийцэхгүй байна. Энэ нь эргээд сонгогчдыг сонгуульд оролцох боломж олгохгүйд хүргээд байна. Зөвхөн нэг шалтгаан нь уул уурхай дагасан шилжилт хөдөлгөөн байна.Томоохон уул уурхайд гэхэд 90 мянга орчим хүн албан ёсоор ажиллаж байгаа судалгаа бий. Тэдний 90 хувь нь эрэгтэйчүүд. 80 хувь нь 18-40 насныхан байгаа. Яг саналаа өгөх ёстой нийт сонгогчдын дотор 44 хүртэлх насны сонгогчид 63 хувь байгаа юм. Сонгуулийн үр дүнд нөлөөтэй эдгээр насны бүлэг амьдралын шаардлагаар олон удаа шилжилт хөдөлгөөнд ордог. Үүнээс үүдэн үндсэн хаяган дээр санал өгөх ёстой гэдэг шаардлагаас болж залуус сонгуульд санал өгөхөд төвөгтэй байдал үүсдэг юм уу гэж хардаг.

Сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амардаг хуулийн зохицуулалттай. Дөрвөн жилд ганц удаа олддог засгийн эрх барих эрхийг хэрэгжүүлэх өдөрт зориулж төр тусгайлан арга хэмжээ авч байгаа хэлбэр. Мэдээж сонгуулийн санал авах өдөр ажиллаж байгаа байгууллага байх юм бол удирдлага нь заавал ажилтнуудаа санал өгүүлэх үүрэгтэй гээд хуульд заасан. Тэгэхээр байгууллагын удирдлагууд сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангах үүргээ хэрэгжүүлж ажиллах ёстой.

-Жил ирэх тусам сонгогч-дын ирц буураад байна. Яаж дээшлүүлэх вэ?

-Хүмүүс сонгуулийн маргааш нь “Юу болчихов оо” гээд гайхцгаадаг. Тэгж хэлэхгүйн тулд бүгдээрэ санал авах байр руу очих ёстой. Очсоноос илүү очихгүй байгаа нь сонгуулийн үр дүнг шийддэг гэдэг. Хариуцлагагүй улстөрчид саналаа өгөөгүй сонгогчдын ачаар гарч ирдэг нь худлаа биш. Тэгэхээр бүгдээрээ очиж саналаа өгөхийн төлөө хичээцгээе. Ер нь ирц буурч байгаа нь бүхий л улс орнуудад ажиглагдаж байгаа зүйл. Ялангуяа ковидын дараа болж буй сонгуулиудад ирц буурч байна. Ер нь сонгуулийн санал авах уламжлалт хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол сонгогчдын хувьд сонгуульд оролцох нь бэрхшээлтэй, хүртээмжгүй байж болохгүй. Тэгэхээр сонгуульд оролцох боломж нь хүртэл сонгогчидтойгоо ойртсон ээлтэй хүртээмжтэй, тенологид суурилсан илүү хялбар байх тал дээр шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг шинжээчид дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна л даа. Бид өнөөдөр сонгуулийн холимог системийг хэрэглэж байна. Ядаж шилжин суурьшсан байгаа сонгогчдын хувьд үндэсний хэмжээний улс төрийн намуудыг жагсаалтад орж байгаа пропорциональ системд саналаа өгөх боломжоор хангагдах ёстой. Жишээлбэл, Өмнөговь аймгийн сонгогч Өвөрхангайд саналаа өгөх боломжгүй байлаа гэхэд улс орон даяар бодлого мөрийн хөтөлбөрөө уралдуулж байгаа Улс төрийн намын жагсаалтад саналаа өгөх эрх нь бүх иргэдэд адилхан байж болохоор. Энэ бол техникийн болон зохион байгуулатлын л асуудал. Сонгогчдын хувьд өөрийнхөө хувь заяаг өөр хүнээр шийдүүлэхгүйн тулд санал авах байр руу эрт очоорой гэж захимаар байна. Яагаад гэвэл сонгуулийн систем өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сонгогчдын хувьд хоёр саналын хуудас бөглөнө. Арван мандаттай тойрогт 10 нэр дэвшигчийг олж, дугуйлж тэмдэглэнэ гэдэг бол сонгогчдоос нэлээд анхаарал, хугацаа шаардана. Санал авах байр хаагдах үед ачаалал үүсэх эрсдэлтэй. Тиймээс аль болох эртхэн очиж саналаа өгөөрэй гэж хэлмээр байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болно DNN.mn

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2024.05.28/ 13:30 цагт СБД-ийн ЭХАШШ-д товлогджээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

 

Categories
гадаад мэдээ

Владимир Зеленский ярилцлага өгөв DNN.mn

Украины ерөнхийлөгч анх удаагаа Төв Азийн улсуудын сэтгүүлчдэд Оросын пуужинд өртсөн Хэвлэх үйлдвэрийн балгасан дотор бүтэн цаг өгсөн ярилцлагыг маш товчлон хүргэж байна.


Тамара Ваал, Казахстан: -Төв Азийн сэтгүүлчдийг яагаад дуудсан юм бэ?

Владимир Зеленский: -Миний бодлоор та бүхэн бодит мэдээллийг газар дээрээс нь авч Оросын бүхнийг гуйвуулсан байдаг мэдээллээс ангирах боломжтой болно. Бид та нарт хажуугаас чинь энд юу үзэхийг чинь заахыг хүсэхгүй байна, иймээс та бүхэн өөрөө харж, аялаарай. Ингэснээр танай улс орнууд дайны бодит үр дагавар, Оросын жинхэнэ ул мөр, Оросын ертөнц, танай улсын нутаг дэвсгэрт юу авчрахыг үнэнээр нь урьдчилан харж ойлгох нь миний хувьд маш чухал зүйл. Би хэнийг ч айлгах гээгүй. Зүгээр л бодит мэдээлэл дээр тулгуурлан болгоомжтой болсон хүн илүү хүчтэй болдог гэж би боддог. Тийм учраас Оросуудын та нарт хийж байгаа, ярьж байгаа бүхэн, тухайлбал, “Казахстан, Узбекистан, Киргизистантай бид найзууд, энэ бол бидний ах дүүс” гээд л худлаа ярьж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Надад итгээрэй, энэ бүхэн нь ганц секундын дотор огт өөр зүйл болж хувирна … Эхлээд тэд ямар нэг зүйлийг чинь эзлэх болно, ялангуяа тэнд оросууд байгаа бол … Энэ нь танай улсын нутаг дэвсгэрт байгаа тодорхой цөөнхийг танай олон нийт хавчин хяхаж байх ёстой гэсэн үг огт биш шүү! Гэхдээ энэ нь зүгээр л Оросуудад хэрэгтэй нэг шалтгаан байх болно. Дараа нь танай зарим газар нутгийг эзэлнэ. Үүнийгээ Оросууд “Бид зүгээр л оросууддаа тусалж тайвшрал авах гэж байна” гэж хэлнэ… Гэхдээ төгсгөл нь тодорхой. Хэрэв танай улс, танай ард түмэн Оросын нэг хэсэг болохыг эсэргүүцвэл та бүхэнд бүрэн хэмжээний түрэмгийлэл, үхэл, дайнтай тулгарах нь гарцаагүй.Тиймээс, та бүхэнд дайн ирэхээс өмнө юу болохыг харах нь чухал юм шиг санагдсан юм.

Гүлнар Бажкенова, Казахстан: -Төв Азийн манай улсууд ОХУ-тай Евразийн холбоо, Гаалийн холбоо, Хамтын Аюулгүй байдлын гэрээний цэргийн холбооны гишүүн орнууд. Энэ талаар та юу гэж бодож байна.

Владимир Зеленский: -Танай улсуудын аль нь ч Путинтэй стратегийн холбоотон байж чадахгүй. Өнөөдөр байгаа эдгээр байгууллага үнэндээ бол танай улсуудад Путины нөлөөгөө тогтоох боломж юм. Өнөөдөр танай улсууд Кремль, Оросын бодлогод нөлөөлөхгүй байгаа. Харин Орос улс танай улсуудаас том, эдийн засгийн хувьд ч, цэргийн хувьд ч хүчирхэг. Эдгээр байгууллага нь та нарын бие даасан байдлыг хязгаарлах Путины хамгийн дээд боломж юм. Ямар ч тохиолдолд энэ нь үнэн. Иймээс танай улсууд Орос гэх удирдагчийн түвшинд байгаа харилцааг аль болох тэнцвэржүүлэхийг хичээж байгаа учраас л би та нарт итгэж байгаа юм. Харин танай удирдлагууд Путинээс айж байгаа. За, энэ бол Төв Азийн ч жишээ биш, Азийн чиглэл эсвэл дэлхийн өмнөд чиглэл ч бас биш, ерөөс энэ нь дэлхий даяар удаан хугацааны туршид ийм чиг хандлагатай байсан юм. Хүн бүр “унтаж буй баавгайг сэрээхгүй” гэсэн бодлого барьж оросууд тэдэнтэй эдийн засаг, цэргийн тэнцвэртэй байдлыг олсон юм. Гэвч үнэн хэрэгтээ араатан хэнээс ч асуудаггүй. Тэр хүссэн үедээ сэрдэг. Өөрөөр хэлбэл, Путин бусдын амьдралыг ерөнхийд нь ч гэсэн ойлгоход санаа тавьдаггүй. Түүгээр ч барахгүй үндэстний хэл түүнд ямар ч хамаагүй хэн ч байсан зөвхөн оросоор ярих ёстой. Гэвч үнэн хэрэгтээ түүнд “өөрийн хүмүүс” ч бас хамаагүй. Жишээ нь л гэхэд Харьковын чиглэл дэх тэдний “ололт”. Аль хэр удсан бэ? 20 хоног уу? Хоёр долоо хоног. Арай илүү. Харин хохирогчид наймыг харьцах нэг. Нэг Украин-найман орос. Надад хэлээч: эдгээр статистикийг мэдээж түүнд өгч байгаа. Харин тэр үүнийг сонирхож байна уу, үгүй юу? Үүнээс өмнө долоо хоногт хоёр, гурван мянга орчим байдаг байсан, надад байнга ирдэг зүйл бол Оросын цэргүүд алагдсан тоо. Өдөрт хоёр гурван мянган гэр бүл үр хүүхдээ алдах нь түүнд хамаагүй гэсэн үг үү? Түүнд энэ бүхэн хамаагүй. Мэдээжийн хэрэг. Тэр энэ үед угаалгын өрөөнд эсвэл тэр хаана байна … рашаан сувилалд? Үүнийгээ бидэнд нэг бус удаа тэр өөрөө үзүүлсэн. Тиймдээ ч тэр… энэ их цус урсгасан бяцхан гараа угаахгүй нь мэдээж учир ямар ч байсан нүглийнхээ хариуг тэр хүлээж л таарна. Харин ямар ч тохиолдолд түүнд үүрүүлэх ял шударга байх болно. Хамгийн гол нь дэлхий сүйрэхгүй байх явдал юм. Сэтгүүлч учраас та үүний хөтөч нарын нэг мөн. Дэлхий нэгдэх ёстой. Учир нь аль ч улс дангаараа амьд үлдэхгүй. Киргизистан ч, Казахстан ч (Хятадтай сайн харилцаатай) хэн ч Оросуудтай хийсэн өргөн хэмжээний дайныг дангаараа тэсвэрлэхгүй. Тийм ээ Украин ганцаараа биш! Украинчуудтай өөр өөрийн хэлээр ярьдаг бусад олон арван ард түмэн хамт тэмцэж байна! Бүрэн хэмжээний довтолгооны эхэнд бид ганцаараа байсан. Дараа нь бид түншүүдтэйгээ тохиролцсон: хаа нэгтээ хориг арга хэмжээ байсан, хаа нэгтээ зэвсэг байсан… Гэхдээ өөр хэн нэгэн заавал үүнийг өөр дээр туршиж үзэх ёстой юу, эсвэл магадгүй Путин бидэнд өөрөөр ханддаг юм болов уу? Эсвэл хүн бүр түүний амьд үлдэх, аюулгүй байдлын талаар бодож байх хэрэгтэй юм болов уу? Дэлхий нийт ямар эв нэгдэлтэй, ямар хүчтэйг харуулах гэсэн хий сүржигнэлгүйгээр энэ бол зүгээр бидэнд ирсэн даалгавар гэж би бодож байна.

Зеленскийд сахиус, тумар бэлэглэсэн Адил Турдукулов, Киргизистан: -Яагаад би танд муу муухайгаас хамгаалдаг ариун сахиус өгсөн юм бэ? Таныг удирдагчийн хувьд Украины аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа мөн гэж би сонссон. Хоёр жилийн өмнө бид энд ирээд Украины бүрэн эрхт иргэн болсон диаспорачуудын аюулгүй байдалд анхаарлаа хандуулж байсан, учир нь Орост амьдарч буй манай цагаачид тэнд хоёрдугаар зэрэглэлийн иргэд гэгдэж тэдний хувьд ямар бэрхшээл тулгардгийг бид мэднэ. Харин Украины эдгээр манай иргэд бүрэн эрхтэй гэдгээ мэдэрдэг тул Украины Зэвсэгт хүчин болон батлан хамгаалах хүчинд зүтгэдэг. Би Равшанбек Рузметовын хэлснийг эш татмаар байна, тэр бол Украины Зэвсэгт хүчний цэргийн хүн, охин нь мөн Украины Зэвсэгт хүчинд алба хаадаг бөгөөд жинхэнэ мусульман хүний хувьд энэ бол ариун дайн гэж хэлсэн. Учир нь тэр энд үнэхээр сайн муугийн хоорондын дайн болж байна. Мэдээж сайн тал нь ялах ёстой гэж тэр надад хэлсэн. Би хувьдаа үүнийг хүлээн зөвшөөрсөн. Украины тусгаар тогтнолын төлөө тэмцэж буй лалын батальоныг хүндэтгэж би хүүдээ Туран гэж нэр өгсөн. Украины бүрэн эрхт байдал нь Төв Азийн улс орнуудын, тэр дундаа миний Киргизистан улсын бүрэн эрхийн төлөөх тэмцэл гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ би нэг зүйлийг хурцаар шүүмжлэн сануулж, хэлмээр байна: Та Европын үнэт зүйлсийг хамгаалдаг гэж үргэлж хэлдэг. Гэтэл та хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын үнэт зүйлийг хадгалахын тэргүүн эгнээнд явж байгаа юм шиг санагдаж байна. Иймээс та Төв Азийн орнуудын удирдагчдад хандаж юу хэлмээр байна? Учир нь бидний улс энэ дайнд төвийг сахидаг: бид дэмжихгүй, үгүйсгэхгүй. Гэвч үүнтэй зэрэгцэн бидэнд хориг арга хэмжээг тойрч байна гэж барууны орнуудын (Украиныг оруулаад) дарамт шахалт нэмэгдэж байна. Хоёр галын хооронд амьд үлдэх гэсэн оролдлого бидний хувьд амжилтад хүрэх болов уу?

Владимир Зеленский: -Би үгүй гэж бодож байна. Бид (би итгэж байна) Европын холбооны ирээдүйн нэг хэсэг яах аргагүй мөн. Танай улсууд, Төв Азийн орнууд бол бидний найзууд гэдгийг би мэднэ, бид ижил үнэт зүйлтэй, бид хүүхдүүдээ адилхан хайрладаг, эрх чөлөөг ч адилхан хайрладаг. Бид амьдралынхаа төлөө тэмцэж байна. Мөн ямар ч хүн хүссэнээрээ амьдрах талаар боддог гэдэгт би итгэлтэй байдаг. Эцсийн эцэст энэ нь биднийг боолчлолоос ялгаж буй зүйл юм. Үгүй бол бид юуг хамгаалах вэ? Энэ бол зөвхөн таны сонголт. Эцэг эх маань бидэнд энэ амьдралыг өгсөн. Үүнийг маань Путин авах ёсгүй, яаж амьдрахаа бид Путинээр заалгах шаардлагагүй. Энэ л биднийг нэгтгэдэг гэж би бодож байна. Танай улс төрийн удирдагчдын эдийн засаг, хориг арга хэмжээг тойрч, тэнцвэржүүлэх үйлдэл юу ч өгөхгүй. Тэд юу хожих вэ? Мөнгө? Өнөөдөр мөнгө байна, маргааш байхгүй болж та нар газрын тос, байгалийн хийг орлох эрчим хүчний ямар нэгэн хувилбарыг олж харин газрын тос, хийгээр мөнгө олдог хүмүүс олохоо больсон байх болно … Энэ бүхэн синусоид! Гэхдээ үнэт зүйл гэх мөнхийн зүйл бол хүндэтгэл, хүмүүсийн хоорондын нөхөрлөл. Эдгээр ёс суртахууны үнэт зүйлс маш чухал гэж би бодож байна.

Танай удирдагчид тэнцвэртэй байдаггүй. Тэд Кремлээс айсандаа Оросын тал руу илүү чиглэж байгаа гэдэгт би итгэдэг. Бид сонголтоо хийсэн, тэмцэж байна. Бид Энхтайвны дээд хэмжээний уулзалт зохион байгуулах гэж байна. Төв Азийн удирдагчид гээд бид бүгдийг урьсан. Үүнд оролцох юу нь тийм аймаар байгаа юм бэ? Энд нэг л аймшигтай зүйл байгаа нь Путин байхгүй болно. Энэ л байна. Өөрөөр хэлбэл, төсөөлөөд үз дээ: Путин үүнээс болж Төв Азийн аль нэг улс руу танкаар довтлох болов уу? Үүнээс болж, үгүй. Энэ хангалттай биш. Тэгээд надад хэлээч, нэгддэггүй хүмүүс юунаас айдаг вэ? Тэд ямар нэг зүйлийг алдахаас айдаг. Өөрөөр хэлбэл, тэд өнөөгийн Кремльтэй харилцаагаа алдахаас ч айж байна. Энэ нь дайныг зогсооход тус болохгүй гэж надад санагдаж байна. Учир нь танай улсуудын нэг нь, Бурхан өршөөг! Бидний нөхцөл байдалд орвол яах вэ? Яахав, тэд биднийг дэмждэг, гэхдээ нэгддэггүй … Гэхдээ Энхтайвны дээд хэмжээний уулзалт чинь энх тайвны тухай юм, тийм үү? Энэ бол асуудлыг яриа хэлцлээр шийдэх тухай мөн үү? Түрэмгийлэгчийн эсрэг ганцаараа дайнд оролцож байна гэж төсөөлөөд үз дээ. Энэ бол яах аргагүй сул дорой байгаагийн шинж.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Долоо хоногийн хугацаанд 11 автомашин хулгайд алдагджээ DNN.mn

Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүд болон Дархан-Уул аймагт 2024 оны тавдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 27-ны өдөр буюу долоо хоногийн хугацаанд 11 автомашин алдагджээ.

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Төсвийн орлого 44.5 хувиар өсчээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 44.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 9.9 их наяд төгрөгт хүрч, 3.2 их наяд төгрөг буюу 47.8 хувиар тус тус өсжээ.

Түүнчлэн татварын нийт орлого оны эхний дөрвөн сард 9.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.0 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд:

  • Орлогын албан татварын орлого 1.5 их наяд төгрөг,
  • НӨАТ  480.4 тэрбум төгрөг,
  • Ашигт  малтмалын  нөөц ашигласны төлбөр 411.3 тэрбум төгрөг,
  • Нийгмийн даатгалын орлого 173.2 тэрбум төгрөг,
  • Онцгой албан татвар 142.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Categories
мэдээ нийгэм

Галын хохирогчид: Шатсан байраа хүүхэд өдөр бүр харсаар сэтгэл санааны хямралд орчихсон DNN.mn

Хан-Уул дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд газ тээвэрлэж явсан автомашин шатаж, ослын улмаас 10 хүн нас барсан. Улмаар гал ойролцоох “Edu apartment” орон сууцны барилга руу орсон. Оршин суугчид нь амьдрах нөхцөлгүй болж, түрээсийн байранд амьдарч буй юм.

Оршин суугчдын төлөөлөл өчигдөр Барилга хөгжлийн төвийн удирдлагуудтай уулзаж байх үед нь очиж ярилцлаа.


Оршин суугч Г.Дүүрэнжаргал: -Гал гарснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Оршин суугчдын нөхцөл байдал ямар байна вэ?

-Галын дүгнэлт гарсан. Барилгыг засварлаад ашиглах боломжтой гэж хоёр талаас ойлголцсон. Одоо хоёр газраас шийдвэр гаргахад болчих юм билээ. Эхнийх нь, Барилгын хөгжлийн төвөөс төсөв магадлал гардаг. Тэр нь гарч байж Хотын захиргаан дээр төсөв нь суугддаг гэнэ. Тэр албан бичиг нь өнөө маргаашгүй явчих юм байна гэж ойлголоо. Хэдийгээр ажиллаж байгаа гэж мэдэгдэж байгаа ч бид яаравчлуулахаар энд ирээд байна. Хоёрт нь, Нийслэлийн хот төлөвлөлтийн газар гэж байгаа. Тэндээс бас энэ ажлыг хэрхэн яаж хийх вэ гэсэн төлөвлөгөөгөө танилцуулах юм байна.

Энэ хоёр магадлал бичиг Хотын захиргаан дээр очиход дараагийн ажил руу орно гэж албаны хүмүүс хэллээ.

-Хүчитгэл хийгээд ашиглах боломжтой гэв үү?

-Бид өөрсдөө ярилцаад хүчитгээд ашигласан нь зөв гэж үзсэн. Хүчитгэх компаниуд ч судалсан байдаг юм байна. Тэр хүмүүс Хотын захиргаан дээр очиж уулзах байх. Түүнд бид оролцох эрхгүй шүү дээ. Ер нь гаргалгаа байгаа. Дүгнэлт гаргасан хүмүүс ч боломжтой талаар хэлж байгаа.

-Хүчитгээл ашиглалтад оруулахад хэр хугацаа орохоор байгаа вэ?

-Ер нь иймэрхүү засварын ажил удах шаардлагагүй. Мэргэжлийн сайн компаниуд орчиход дорхноо л дуусна. Компаниуд бол 2-3 сарын хугацаанд хийчихнэ гэж ярьж байна лээ. Есдүгээр сарын 30-нд оршин суугчдын түрээсийн байрны хугацаа дуусна. Түүнээс өмнө ашиглалтанд оруулна гэсэн. Мэдээж татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулаад байх хүсэл хэнд ч байхгүй шүү дээ.

Оршин суугч Д.Ганчимэг:

-Оршин суугчид нэлээд бухимдалтай байх шиг байна. Ямар асуудал үүсээд байна вэ?

-Гал гарснаас хойш яг дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд яг дорвитой арга хэмжээ авагдаагүй. Байр засварын ажил эхлээгүй. Өнөөдөр Хотын захиргаан дээр очиж уулзлаа. Засварын ажил удахгүй эхлэх бололтой. Гэхдээ улсын ажил удаашралтай явагддаг юм байна.

-Танайх хэр хэмжээний хохирол амссан бэ?

-Гал манай гэр рүү ороогүй. Гэхдээ тортог утаа ороод, сантехник хөлдсөн. Гэр дотор байсан ус цэвэршүүлэг, угаалгын машин гээд бүгд таг хөлдсөн. Ерөөсөө гамшгаас гайгүй үлдэнэ гэж байдаггүй юм байна. Хэдий галд өртөөгүй ч бүхий л тавилга маань ямар нэгэн хэмжээгээр хохирол учирчихсан байгаа.

Байр тэр чигээрээ засварт орчихож байгаа учраас хамаг суурилуулсан тавилгаа нурааж авах шаардлагатай. Цахилгаан шат ажиллахгүй учраас өндөр давхраас нүүлгэх явцад яалт ч үгүй эвдрэл гэмтэл гарчихаж байна. Би 2021 онд байрандаа орохдоо 20 гаруй сая төгрөгөөр бүрэн засвар хийсэн. Мөн 10 гаруй сая төгрөгийн шинэ тавилга авсан байсан. Гэтэл гурван жилийн дараа бүрэн засвар маань ямар ч хэрэггүй болчихлоо.

-Одоо түрээсийн байранд амьдарч байна уу?

-Түрээсийн байранд амьдарч байгаа. Түрээсийн мөнгийг нийслэлээс есдүгээр сарын 30 хүртэл өгсөн. Одоо түрээсийн хугацааны ихэнх хугацаа өнгөрчихлөө. Үлдсэн хугацаанд байраа яаралтай засч янзлах хэрэгтэй байна.

Оршин суугчдын төлөөлөгчдийн тэргүүлэгч М.Төрбат:

-Оршин суугчдын хувьд бага болон их хохиролтой янз бүрийн хүмүүс байгаа. Тэдний асуудал яаж шийдэгдэж байна вэ?

-63 өрхийн 220 оршин суугч байгаа. Бид тухайн хууль ёсны нэгдмэл эрх ашгаа хамгаалах зорилгоор хуралдаад төлөөлөгчдийн зөвлөл байгуулсан. Тэргүүлэгчээр нь миний бие томилогдсон. Бага хохиролтой ч, их хохиролтой ч ялгаагүй бүгд тэр байранд амьдрах боломжгүй. Бүгд орох оронгүй, түрээсийн байранд амьдарч байна. Оршин суугчид бидэнд галын дүгнэлтийг танилцуулахгүйгээр олон нийтэд цацсан шүү дээ. Бид дүгнэлтээ тавдугаар сарын 1-ний өдөр авсан. Бүрэн шатсан хоёр айлын л асуудал байгаа. Тэгэхээр ер нь 8.5 хувийн эрсдэлтэй гэж гарсан. Түүнийх нь ихэнх хувь нь 13 дугаар давхарт байгаа. Доошоо ганц нэг давхарт хүчитгэл хийнэ. Үлдсэн нь 90 гаруй хувьд нь асуудалгүй гэж гарсан. Яахав цахилгаан болон сангийн асуудал байгаа.

-Хүчитгэл хийгээд ашиглах нь зөв гэж тохиролцсон гэлээ шүү дээ. Боломжтой юу?

-Хүчитгэлийн 10 гаруй компани байна. Хоёр гурван аргаар хүчитгэл хийдэг юм байна. Боломж байгаа болохоор барилгыг нураах шаардлагагүй. Тэгэхээр бид энэ барилгаа хүчитгэлийг нь хийлгээд засчихад өндөр зардал мөнгө гарахгүй. Хамгийн хялбар боломжтой нь гарц гаргалгаа нь энэ юм. Бид энэ талаар ажлын хэсэгтэй уулзаж энэ саналаа тавьсан. Хүлээн зөвлшөөрсөн, ойлголцсон. Хотын захиргаа, оршин суугчдын төлөөлөгчдийг байлцуулаад боломж гаргаргааг ярилцаж ойлголцоод явж байна.

Тендерийн хуулиар удаашрах эрсдэлтэй. Тиймээс онцгой нөхцөлд хуулийн заалт байдаг юм билээ. Үүний дагуу шийдвэрлээд өгөх байх гэсэн хүлээлттэй байна гэлээ.

Оршин суугчдын хувьд түрээсийн байранд амьдрах нь хүүхдүүдэд хүндээр тусч байгааг онцоллоо. Мөн ахмад настнуудад ч сэтгэл зүйн хувьд дарамттай байгаа гэнэ. Оршин суугч н.Оюунбат “Манайх асаргааны хоёр хүнтэй. Ээж маань хэвтэрт байдаг. Дүү маань ч асаргаанд байдаг. Байр шатсаны дараа асаргааны хэвтрийн хүнийг нааш цааш өргөж явсаар байгаад ээж маань цоороод хоёр сар гаруй боллоо. Сэтгэл санааны гүн хямралтай байна. Хэзээ хүүхдийнхээ орон гэрт орох вэ, айлын гэрт янз бүшийн болчих вий гэж байнга ярьдаг. Хүүхэд маань сургуульдаа очихоор яг цонхоор нь шатсан байр нь харагддаг. Өдөр болгон тийм байдалтайгаар гэр орноо харсаар бүр нүдний зовхи нь хөхөрчихсөн. Хичээл сурлагын хувьд ч өөрчлөгддөг юм байна” гэлээ.

Б.ЭНХЗАЯА