Categories
мэдээ эдийн-засаг

Халамж нэг жилийн дотор 2.3 дахин нэмэгджээ DNN.mn

Энэ оны гурван сарын байдлаар нийгмийн халамжийн тэтгэвэрт 55 мянган хүн хамрагдсан болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 144 хүнээр буюу 0.3 хувиар өссөн дүн аж. Үүнийг дагаад тэтгэврийн хэмжээ 15.4 хувиар буюу өмнөх оны мөн үеэс 7.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 53.3 тэрбум төгрөг болжээ.

Статистикаар, нийгмийн халамжийн тэтгэмжид энэ оны эхний улиралд 64.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 36.8 тэрбум төгрөг буюу 2.3 дахин өссөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид энэ оны нэгдүгээр улиралд 117.9 мянган хүн хамрагдсан бөгөөд тэн хагас нь буюу 51.9 хувь нь асаргааны тэтгэмж авчээ. Тэгвэл 48.1 хувь нь онцгой тохиолдлын болон амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагджээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ DNN.mn

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг Улсын Дээд Шүүх (УДШ) хэлэлцлээ.

Тодруулбал УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол шинжлэх ухааны сайдад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хэлэлцлээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны хоёрдугаар сарын 6-нд Ж.Соронзонд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг.

Улмаар УДШ нэхэмжлэгчдийн гаргасан гомдлын дагуу хэргийг хэлэлцэж, “давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэсэн үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгов.

Ингэснээр хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана DNN.mn

Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга энэ сарын 23-25-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор дээрх өдрүүдэд зарим замуудын хөдөлгөөнд зорчих чиглэлийн дагуу түр хугацаанд хязгааралт хийхээр болжээ.

Үүнтэй холбоотойгоор ТЦА-наас замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж байна DNN.mn

       УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шуурхай бүлэг”-ийн бүрэлдэхүүн орон нутагт ажиллаж байна.
       ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан бүлэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт, УОК-ын Ажлын албаны ахлах мэргэжилтэн, хурандаа З.Баттулгаар ахлуулсан бүлэг Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймагт, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан бүлэг Булган, Хөвсгөл, Төв, мөн газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан бүлэг Архангай, Завхан, Увс, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Н.Чанцалаар ахлуулсан бүлэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, аймгуудад тус тус ажиллаж байгаа юм.
      Энэ сарын 29-нийг хүртэл ажиллах шуурхай бүлгүүд зүй бусаар хорогдсон малын сэг, зэмийг цуглуулах, устгах, бэлчээр, бууц, хашаа хороо, уст цэг, усны эх булгийг цэвэрлэх, халдваргүйтгэх, мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлтийг зогсоох, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдлага зохицуулалтаар хангах, үйл ажиллагааг эрчимжүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллана
Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ DNN.mn

 Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж, 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Тухайн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажлын өдөр зургаа, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлнэ
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно DNN.mn

Хуульч өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай сонгуулийн шинэ тогтолцоотой холбоотой асуудлаар ярилцлаа.


-Ирэх сонгууль болон шинээр бүрэлдэх УИХ-ын онцлогийг юу гэж харж байна вэ. Хууль зүйн талаас нь харсан шинэ агуулга таныхаар юу байна вэ?

-Мэдээж, ҮХНӨ орсноос хойш анхны УИХ-ын сонгууль бөгөөд сонгогчид анхны 126 гишүүнийг тойрогт 78, жагсаалтаар 48 гишүүнийг сонгон, төрийн эрх барих-хууль тогтоох байгууллагаа сонгох нэн чухал сонгууль болно. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг дагаж СЕХ-ноос батлагдсан журмын хүрээнд сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Харин энэ удаагийн сонгууль нь Үндсэн хуульд заасан сонгуулийн зарчмуудыг бүрэн хангаж явагдах эсэх асуудал санаа зовоож байна. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, дээрх хуулийн өөрчлөлт зэргийг сурталчлан таниулах үйл ажиллагаа туйлын хомс байна. Санал өгөх процесс бол иргэдийн хувьд дөрвөн жилд нэг удаа төрийн үйл хэрэгт оролцож байгаа бодит оролцоо тул маш хариуцлагатай байхыг анхааруулж УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн сургалт сурталчилгааг өргөн хүрээнд явуулах хэрэгтэй гэж үзэж байна. МХХ нь 7000 гаруй гишүүдтэй бөгөөд 5500 орчим нь хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой хуульч, өмгөөлөгч нар байдаг тул хөндлөнгийн хуульч, эрх зүйч нарын хүчийг зөв зүйтэй зүйлд чиглүүлээсэй гэсэн бодол төрж байна.

Хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа 2024 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхэлж байгаа бөгөөд үүнээс өмнө өөрсдийн давуу байдлыг ёс зүйгүй ашиглах нь сонгогчдын сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход хүртэл сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй юм.

Нөгөө талаар Сонгогчдод УИХ-д төлөөллөө сонгох шийдвэр гаргахад олон төрлийн худал, үнэн нь тогтоогдоогүй мэдээллээр улс төрийн намууд болон нэр дэвшигчдэд сөргөөцөлдөөд эхэлбэл сонгогчдод шийдвэр гаргахад бэрхшээл учрах нь дамжиггүй. Сонгогчдод өөрийн тойрогт нэр дэвшигчдийн талаар мэдээлэлд хэрсүү хандах нэг боломж байгааг мартаж болохгүй. ҮХНӨ болон Улс төрийн намын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Улс төрийн намуудыг төрийн институтын түвшинд авч үзсэн тул уг нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа болох гэж байгаа анхны сонгуульд улс төрийн намууд төрийн институтын нэг хэсэг болсон гэдгээ ухамсарлах ёстой. Улс төрийн намууд, нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөр нь бусад нам, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр зэргээс юугаар ялгаатай болохыг, цаашид хөгжлийн ямар бодлого баримтлах болон ирэх дөрвөн жилийн богино хугацаанд бодитой юу хийх боломжтой зэргийг үндэслэл, нотолгоотойгоор иргэддээ сурталчлан таниулах, иргэдийг сонгуулийн санал өгөхийн ач холбогдлыг сурталчлах ажлыг оновчтой зохион байгуулж, сонгуулийн соёлыг, улс төрийн цэвэр өрсөлдөөнийг намууд болон дотооддоо зохион байгуулах нь зүйтэй. Сонгууль хүртэл дээрх ажлыг оновчтой зохион байгуулах боломжит хугацаа байна гэж үзэж байгаа тул ковид цар тахлаас хойш хайртай хүмүүсээ алдсан, эдийн засгийн хувьд сэргэж амжаагүй байгаа бизнесийн байгууллагуудынхаа нийгмийн сэтгэл зүйг тогтвортой байх талаас нь анхаарахыг хүсч байна.

-Тэгвэл сонгогчид өөрсдөө юуг анхаарах ёстой вэ?

-Хувь хуульчийнхаа хувьд иргэд сонгогчид маань хууль тогтоох байгууллагын төлөөллөө сонгож байгаа гэдгээ анхаарч, улс төрийн нам харгалзахгүйгээр хууль эрх зүйн чиглэлээр мэргэшиж ажиллаж байсан нэр дэвшигчийг сонгох нь ирээдүйн улс орны амьдралд тустай гэж санаж байна. Харамсалтай нь одоогийн УИХ буюу хууль тогтоох байгууллагад нэг ч хуульчийн тусгай зөвшөөрөлтэй хуульч байхгүй байгааг зориуд сануулъя.

-Сүүлийн сонгуулиудад царцааны нүүдэл иргэдийн нүүлгэн шилжүүлэлтийн асуудал их яригдах болсон. Энэ зүй ёсны асуудал мөн үү, хуулиар зохицуулагдсан харилцаа мөн үү?

-Энэ удаад УИХ-ын Сонгуулийн тухай хуульд шилжилт хөдөлгөөнийг хоёр цаг хугацаагаар зохицуулсан байгаа. Иргэдийн хувьд 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөн хийж болохоор зохицуулсан. Өмнө нь сонгуулийн жилийн хоёрдугаар сар дуустал хугацаагаар шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байсан бол энэ удаад хоёр сараар сунгасан гэсэн. Мэдээж энэ нь эерэг болон сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутагт амьдардаггүй иргэд олноор шилжилт хийлгэн ирж санал өгөх нь тухайн орон нутгийн байнга оршин суугч иргэдийн сонгуулийн саналыг бодитоор тооцоход сөрөг нөлөөтэй болж байгаа хэрэг. Эерэг тал нь монголчуудын асуудлыг хойш нь тавьдаг зантай холбоотойгоор хойшлуулсан.

Хуулиар зохицуулсан бас шилжилт хөдөлгөөн хийх боломжит хугацаа бол нэр дэвшигчдийн Сонгуулийн менежер, шадар туслах болон Сонгуулийн үеэр ажиллах Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан; Мэдээллийн технологийн багийн гишүүн; Мэдээллийн технологийн даамал; Санал авах байр болон сонгуулийн ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч нарын төрийн алба хаагч нарын шилжилт хөдөлгөөнийг 2024 оны зургадугаар сарын 14-ний өдрөөс өмнө хийж болохоор хуульд өөрчлөлт орсон байгаа юм. Энэ бол оновчтой зохицуулалт гэж харж байгаа. Учир нь өмнө нь сонгуулийн үеэр ажилладаг дээрх ажилтнууд албан үүрэгтэй холбоотойгоор хоёр жилд нэг удаа эдэлдэг сонгох эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрэх тохиолдол их байсан юм.

-Сонгуулийн зардлын асуудал их анхаарал татаж байна. Нэг нэр дэвшигч 1.3 тэрбумаас зардлаа хэтрүүлж болохгүй гээд шууд зарлачихлаа. Үүний сөрөг, давуу тал юу байна вэ?

-Энэ сонгуулийн зардлын асуудал хамгийн чухал асуудал болоод хувирчихлаа. СЕХ-ноос сонгуулийн зардлын дээд босгыг 1.3 тэрбум гээд зарласан. Шууд утгаараа энэ хэмжээний зардал гарах нь тодорхой гэж тооцож энэ босгыг зарлаж байгаа хэрэг. Уг нь Хуулиар нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно гэж заасан. Гэтэл одоогийн байдлаар улс төрийн намын санхүүжилтийн оновчтой тогтолцоо бүрдээгүй. Сонгуулийн зардлыг хандив, нам болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр бүрдэнэ гэж заасан тул өнөөгийн нөхцөлд шууд утгаараа сонгуулийн зардлаа шийдвэрлэж чадах л хүнийг нам, эвсэл нэр дэвшүүлэх нөхцөл байдал үүсч байгаа.

2019 оны ҮХНӨ-өөр Улс төрийн намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно гэж заасан боловч энэ удаагийн сонгуулиар сонгуулийн зардалтай холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул ҮХНӨ-өөс хүсч байсан үр дүнгээ харах боломжгүй л болж байна гэсэн үг.

-УИХ-ын гишүүн хууль зөрчсөн нь тогтоогдвол эгүүлэн татаж чадахгүй. Хуулиар хамгаалагдсан тогтолцоо өнөөдөр ч бий. Шинэ парламент үүнийг хийж чадах нь уу?

-Энэ хамгийн чухал асуудал юм. Нэр дэвшигч хууль бус сурталчилгаа хийсэн нь тогтоогдсон тохиолдолд УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудал орхигдсон байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй байна. 2016-2020 оны УИХ ч, 2020 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуульд ч энэ асуудлыг зохицуулахгүй өнгөрч эс үйлдэхүй гаргаж байсан. Энэ удаад ч УИХ 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ч дахин хууль бус сурталчилгаа явуулсан нь тогтоогдсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар зохицуулалтгүй орхисон байгаа. Аймаг, нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар хууль зөрчсөн асуудал тогтоогдсон нэр дэвшигч буюу төлөөлөгчөөр сонгогдсон тухай тогтоолыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах зохицуулалт байдгийг санаж байгаа байх.

Харин энэ удаагийн УИХ нь өмнөх УИХ-ын нэгэн адил УИХ-ын гишүүд нэгэнт тангараг өргөсөн бол эгүүлэн татах асуудлыг хуульчлаагүйг “жинхэнэ хуулийн цоорхой” гэж хэлэхээс яахав. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн УИХ эрх, мэдлийн төлөө ҮХНӨ-ийг хэдэн ч удаа хийсэн билээ дээ. Баахан ариун гэгээн зүйл ярьж ҮХНӨ, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталсан. Гэсэн атлаа хууль бусаар өрсөлдсөн нь тогтоогдсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хариуцлагын тогтолцоог тооцоогүй өнгөрсөн байгаад харамсалтай байна. Үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигчид өдөр тутмын сонин, сэтгүүл гэх мэт албан ёсны эх сурвалж дээр мэдээ, материалаа нийтлэх нь нэр дэвшигчдийн хувьд нэр хүндийг бий болгоод зогсохгүй шударгаар өрсөлдөх, олон нийтийн сүлжээн дэх шиг нэгнийгээ санаатай болон санамсаргүй байдлаар харлуулах технологи зогсох юм. Мөн сонгуулийн зүй зохистой соёлыг түгээж, цаашлаад сонгогчдын боловсролд нөлөөлөх гол хэрэгсэл болох юм.

-Иргэд сонгогч үүн дээр хэрсүү хандаж болно шүү дээ?

-Өөрсдийн давуу байдлаа ашиглаад хууль зөрчөөд ч болов торгууль төлөх төдийхнөөр УИХ-ын гишүүн болоод ав гэх агуулгаар хандаж, энэ удаагийн УИХ төрийг байгуулах үйл хэрэгт эс үйлдэхүйгээрээ гай боллоо.

Ийм болохоор иргэдийн хувьд сонгуулийн хууль бус сурталчилгаа явуулж байгаа нэр дэвшигч, тэдгээрийн менежер, шадар туслах нар хууль бус үйлдэл хийж байгаа тохиолдолд тухайн хууль бус үйлдлийг баталгаажуулан холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь дараагийн удаад УИХ-ын Сонгуулийн тухай хуульд УИХ гишүүн тангараг өргөсний дараа ч эгүүлэн татах хариуцлагын тогтолцоог хуульчлах зайлшгүй шаардлагатай болохыг нотлон харуулах баримт болох тул хариуцлагатай хандаасай гэж хүсч байна. Хууль бус аргаар өрсөлдсөн нэр дэвшигчид УИХ-ын гишүүн болсоор, хариуцлагын тогтолцоог хуульчлахгүй энэ байдлаараа үргэлжлүүлээд байвал Монгол Улс цаашдаа Африк, Мяньмарын араас ороход ойрхон байна.

-Улс төрийн намууд сонгогчдын хүлээлтэд нийцсэн нэр дэвшигчдийг нэр дэвшүүлж чадах болов уу?

-Мэдээж иргэд, сонгогчдын хувьд энэ улс орныг хөгжлийн шинэ түвшинд хүргэх улс орноо гэсэн чин сэтгэлтэй, шударга, чадварлаг боловсон хүчнүүдээ нэр дэвшүүлээсэй гэж л хүсч таараа. Дээр хэлсэнчлэн, 2019 оны ҮХНӨ болон Улс төрийн намын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн намууд төрийн институтын түвшинд хүрч ажиллах, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллахыг хуульчилсан. Гэтэл одоогийн байдлаар улс төрийн намууд Үндсэн хуульд заасны дагуу төрийн институтын түвшинд, Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөж, хэвшүүлэн ажиллаж байна уу гэдгийг хуульчид, иргэд анхааран харж байна.

Ядаж л улс төрийн намууд 2019 оны ҮХНӨ батлагдсаны дараа Улс төрийн намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулсан уу гэдэг асуудал гарч ирэх юм. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын дүрэм нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцсэн байх ёстой. МАН болон АН дүрэмдээ өөрчлөлт оруулаагүй байгаа бөгөөд харин ХҮН-ын хувьд 2022 онд өөрчлөлт оруулсан боловч гишүүд нь эхнээсээ ардчилсан, шударга биш байгаа учраас намаасаа гараад эхэлж байгаа жишээнээс харж болохоор байна. Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасан нь Улс төрийн намууд бодит байдалд ҮХНӨ болон УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасан зарчмыг хэрэгжүүлэх боломжгүйд хүргэж болзошгүй байна. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулиар нам гишүүдээ ялгаварлахгүй байх, гишүүддээ тэгш боломж олгох, намын дотоод асуудалд аль болохоор нийт гишүүдийн оролцоог хангах суурь зарчмуудыг тогтоосон. Харин УИХСтХ-иар Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хамгаалах болон намаас нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар, олонхын саналаар шийдэх зэрэг зарчмыг тогтоосон. Гэвч төлөөллийн төв байгууллага нь намаас нэр дэвшүүлэхийг шийдсэнээрээ намын жирийн гишүүд УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж нь хязгаарлагдахаар байна. Намын жирийн гишүүд өөрийнхөө, эсхүл намын бусад гишүүдийг нэр дэвшүүлэх боломжийг аль болох өргөн хүрээнд хийхгүйгээр “ялгаварлахгүй байх”, “тэгш боломж олгох”, “гишүүдийн оролцоог хангах”, “иргэдийн сонгох, сонгогдох эрхэд үндэслэх”, “олонхын саналаар шийдэх” олон зарчмууд хэрэгжихгүй. Намаас нэр дэвшүүлэх асуудалд гишүүдийн нийтээрээ, чөлөөтэй, шууд, тэгш оролцох боломжийг хангахгүйгээр иргэдийн сонгох, сонгогдох эрх, эвлэлдэн нэгдэх эрх ч хамгаалагдахгүй. Нийтээрээ, шууд, чөлөөтэй сонгууль өгөх зарчим нь намаас нэр дэвшүүлэх харилцаанд мөн адил байх ёстой шаардлага бөгөөд үүний хэрэгжилтийг хангаж чадахгүй бол ҮХНӨ-ийн үзэл санааны бодитой өөрчлөлт гарахгүй. Хуульчийн хувьд ажиглахад улс төрийн цэвэр өрсөлдөөнийг өрнүүлэх замаар, нэр дэвшигчдийг тодруулах санаачилга аль ч улс төрийн намд ажиглагдахгүй байна. Технологи хөгжсөн өнөө үед намын жирийн гишүүд, дэмжигчдийн зүгээс улс төрийн намууддаа ҮХНӨ-д оруулсан үзэл санааг хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй гэж үзэж байна.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ спорт цаг-үе

Жүдочид Азийн аваргаас 11 медаль хүртлээ DNN.mn

Жүдо бөхийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд Хонконгод болж байна. Энэ удаагийн Азийн аваргад нийт 272 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсаас 18 жүдоч хүч үзэж буй.

Тэмцээний эхний өдөр манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү, 57 кг-д МУГТ Л.Энхрийлэн, 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр нар алтан медаль, 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, 60 кг-ын жинд ОУХМ Б.Цогт-Очир нар хүрэл медаль хүртсэн билээ. Харин хоёр дахь өдөр 63 кг-ын жинд ОУХМ Б.Ганхайч мөнгөн медаль, 70 кг-д ОУХМ залуу тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртэж медалийн буухиаг үргэлжлүүлсэн.

Тэгвэл Азийн аваргын гурав өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А. Адъяасүрэн мөнгө, эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -78 кг-д ОУХМ О.Хүслэн хүрэл, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль, нийт 11 медаль хүртэж багийн дүнгээр хоёрдугаар байр эзэллээ.

Өнөөдөр тэмцээний дөрөв дэх өдөр бөгөөд холимог багийн барилдаанаар Азийн аварга өндөрлөнө. Манай улсын баг “D” хэсэгт Тайваний багтай учраа таараад буй. Хэрэв ялалт авч чадвал хэсгээсээ гарч, “С” хэсгийн Узбекистан, Туркменистаны ялсантай багтай зооны аваргын төлөө барилдах юм.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхэд, залуучуудын театр энэ сарын 25-нд нээлтээ хийнэ DNN.mn

Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гаригт нээлтээ хийнэ.

850 хүний багтаамжтай уг театр нь 341 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдэх юм.

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээж, байнгын үйл ажиллагаатай болгохоор төлөвлөж байна.

Театрын үйл ажиллагаа нь мөн хүүхэд залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулах соён гэгээрлийн төв болох юм. Тухайлбал, номын сан, кафе, дугуйлан, сургалт зэрэг үйлчилгээг цогцоор нь хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол хэл, бичгийн шалгалтад 57 хүүхэд 800 оноо авчээ DNN.mn

Монгол хэл бичгийн шалгалтын хариу гарчээ. Улсын хэмжээнд 33,361 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдсан. Үүнээс 5300 шалгуулагч босго оноогоо даваагүй байна. Эдгээр хүүхдүүд ирэх наймдугаар сарын 17-нд дахин шалгалт өгөх боломжтой.

Мөн энэ жил улсын хэмжээнд 57 хүүхэд Монгол хэл бичгийн шалгалтдаа 800 оноо авсныг Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн захирал Л.Ганбат хэллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй DNN.mn

Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Санжаасүрэнгийн Зориг агсны гэргий Б.Булган 26 жилийн дараа анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Ярилцлагыг маш олон хүн үзэж, нийгмийн сүлжээндээ өөр өөрийн гэсэн өнцгөөр байр сууриа илэрхийлж байх шиг байна. Таны хувьд ямар өнцгөөр энэ хүний ярилцлагыг хүлээн авч байгаа вэ?

-Юун түрүүнд хэвлэл мэдээллээр хэн ч, хэзээ ч ярилцлага өгөх нь тухайн хүний эрх. Ярилцлагатай холбоотойгоор АН-ын хувьд ямар нэгэн тайлбар хийх шаардлага байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин хувь хүнийхээ өнцгөөр энэхүү асуудалд байр сууриа илэрхийлье. Нэгдүгээрт, өнгөрсөн зургаа, долоон удаагийн сонгуулийн өмнө энэхүү хэргээс нэг хэсгийг нь тасдаад нийгэмд цацдаг. Үүнийгээ мэдээж сонгууль, улс төрийн зорилготойгоор ашиглаж ирсэн. Харин Ардчилсан нам болон миний хувьд энэхүү асуудлыг улс төрийн сэдэв биш байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг.

С.Зориг агсны мэндэлсэн өдрөөр хөшөөнд нь цэцэг өргөх үедээ ч энэхүү байр сууриа тодорхой хэлсэн. Эрх мэдэлтнүүд, улстөрчид, ер нь хүн бүхэн энэ хүнийг хүндэлдэг, хайрладаг, үзэл санааг нь дэмждэг бол уг хэргийг хуулийн хүрээнд ил тод болгож, илрүүлэх ажлаа төгс хийгээч ээ. Одоо энэ асуудлыг улс төрийн сэдэв рүү оруулахаа зогсоохгүй юм уу гэдгээ тодорхой хэлсэн. Одоо ч хэлж байна.

-Тэгэхээр таныхаар бол энэ удаад ч гэсэн сонгуулийн зорилготойгоор ашиглаж байна гэсэн үг үү?

-Миний хувьд тэгж хардаж байгаа

Сонгууль дөхөж байгаа учраас нийгмийн анхаарлыг татсан томоохон нэг хэргийг барьж аваад тухайн хэргээ өөр нэг улстөрч, улс төрийн нам руу тохох үзэгдэл дахиад явагдаж байна. Цаашлаад уг хэргээр сонгуулийн өмнө нийгмийг талцуулж байна. Энэ хэргийг шүүсэн шүүгчдийг яллаж байгаа нь өнөөдөр хуультай улс орны хувьд байж боломгүй зүйл. Тэр дундаа шүүгчийг шийдсэн хэрэгтэй нь холбож нийгмээрээ ялладаг нь өөрөө асар буруу. Энэ даамжирснаараа шүүгчид итгэх итгэлгүй болгоно гэсэн үг. Шүүх засаглал нуран унана. Шүүх засаглал нуран унаснаараа Монгол Улсын тусгаар тогтнол, хүний эрхийн асуудал байхгүй болно. Тиймээс энэ бол маш том хариуцлага, маш тодорхой анхаарах ёстой асуудлуудын нэг.

-Нийгэм бол энэхүү ярилцлагаас үүдэж хэд хэд хуваагдан маргалдаж байна. Ингэж нийгмийг талцуулах нь хэнд ашигтай юм бэ?

-Чамайг уурлуулж чадаж байгаа хүн чамайг удирдана гэдэг үг бий. Монголчуудыг яагаад ингээд талцуулаад байна вэ. Энэ олон асуудал, нийгмийн бухимдал, талцал чинь үндэсний эв нэгдлийг үгүй хийж дууслаа. Үндэсний эв нэгдэл сулраад байхад энэ сэдвээр хэн нэгэн нь ярихгүй юм уу. Ялангуяа гадаад нөхцөл байдал, уур амьсгал хурцадмал байгаа энэ цаг үед Монгол Улсын дотоод эв нэгдэл алсраад байгааг ярихгүй юм уу. Өнөөдөр дэлхий дайны ирмэгт тулчихсан байна. Хөрш орнууд маань нэг нь дайнтай, нөгөө нь эдийн засгийн хямралтай тогтворгүй байна. Ийм цаг үед улс орны оршин тогтнох, аливаа учирж болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулах хамгийн том дархлаа бол Үндэсний эв нэгдэл.

-Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө АН ажиллаж чадаж байгаа юу?

-Сонгуульд нэг нам ялахын төлөө улс үндэстнээ хуваасан, талцуулсан үйл ажиллагааг байн байн явуулсаар байвал эцэст нь нийгмээрээ асар хохиролд унах вий. Манай намын хувьд өнгөрсөн жилүүдэд эв нэгдэлгүй байсан. Түүнийгээ ард түмнээрээ дүгнүүлээд дүнгээ тавиулаад хоёр ч удаагийн сонгуульд ялагдсан нь үнэн. Харин одоо эв нэгдэл гэж юу болохыг мэдсэн. Эв нэгдэлд хамгийн мэдрэг ханддаг улс төрийн хүчин болсон. Нөгөөтэйгүүр сонгуулийн өмнө нийгмийг бужигнаантай болгосноороо дараа нь засч залруулах боломж гарч ирэх үү гэдгээ бодох хэрэгтэй байна. Тиймээс сонгуультай жил буюу яг энэ үед эрх баригч намдаа нийгмийг талцуулсан, бужигнуулсан пи ар явуулахгүй байхыг уриалж байна.

-Улстөрчийнхөө хувьд уг нэвтрүүлгийг зорилготой явагдсан гэж хардаж байна уу?

-Мэдээж тэгж хардаж байна. Учир нь уг нэвтрүүлгийг Монголын олон телевиз нэг дор нийгэмд цацлаа. Нэг талдаа үүнд асар их хөрөнгө мөнгө хэрэгтэй. Нөгөө талдаа Б.Булган гуай сүүлийн хэдэн жил ажилгүй гэртээ суусан гэдгээ ярилцлага өгөх үедээ хэлсэн. Тэгэхээр хэн, хаанаас санхүүжилт гаргаж энэ нэвтрүүлгийг нийгэмд цацав гэдэг нь эргэлзээтэй асуудал боллоо. Энэ бол зохион байгуулалттай ажил болсон гэдэг нь тодорхой. Гэхдээ миний хувьд тухайн хүний ярилцлага өгсөн эсэх нь буруу зөв байсныг шүүхгүй. Хамгийн гол нь нийгмийн анхаарлыг татсан сэдвийг сонгуулийн өмнө зохион байгуулалттайгаар цацаж, иргэдийг үзэл бодлын хувьд талцуулах нь өөрөө зөв үү, буруу юу. Өөрсдөө ялахын тулд Монгол Улсыг хагалан, бутаргах нь хэнд хэрэгтэй юм бэ. Үндэсний эв нэгдлийг хагалах иймэрхүү зорилготой пи ар сонгууль хүртэл олон явагдах байх. Үүнээс болоод сонгуулийн дараа үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй ард түмний эсэргүүцэл дээр гадны ямар нэгэн эрх ашиг нөлөөлснөөр өнгөрсөнд болсон хар түүх дахин давтагдах вий дээ. Монголын ард түмэн долдугаар сарын 1-ний үйл явдлыг мартаагүй байлгүй дээ. Тэр үед гадаад орчин нөхцөл маш тайван байсан. Одоо харин гадаад нөхцөл байдал ямар хурцадмал байгаа билээ.

-Сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үйл явдал шиг зүйл үүсэх эрсдэлтэй гэж болгоомжилж байна гэж ойлгох уу?

-Нэгдүгээрт, болгоомжлол байна. Нөгөөтэйгүүр өнөөгийн нийгэмд ялгаварлах хандлага хаа сайгүй болчихсон байна. Хүнийг үзэл бодлоор нь, хөрөнгө мөнгөөр нь, сүүлдээ ажил мэргэжлээр нь хүртэл ялгаварладаг болчихсон байх юм. Хувийн өмч рүү маш их халдсан бодлогыг дээр дооргүй гаргадаг болж.

Бараг энэ нийгэмд хувийн өмчтэй байж болохгүй мэтээр хардаг боллоо. Баялаг бүтээгч, татвар төлөгчдөө ялгахаа больж. Гэтэл хувийн өмчийг хамгаалах, дэмжих, хүний эрхийг тунхагласан Үндсэн хуулийн зарчмыг нийгэмд мөрдүүлэн ажиллах ёстой төр өөрөө нийгмийг талцуулах пи арын гол захиалагч нь болж хувирлаа. Төр өөрийнхөө үйлдэлд сохорсон байна. Тиймээс хэн нэгэн нь Үндэсний эв нэгдлийн төлөө дуугарах цаг болсон.