Categories
мэдээ цаг-үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ DNN.mn

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Монгол, Тайландын иргэд харилцан визгүй зорчих хугацааг 60 хоног болгоно DNN.mn

Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн-той албан ёсны хэлэлцээ хийжээ. Үүнд:

  • “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2027 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг ойрын хугацаанд эцэслэн дээд түвшний айлчлалын үеэр байгуулахаар тохиролцов.
  •  Хоёр тал Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТICA)-ийн хүрээнд хамтран ажиллаж, төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулах, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээрх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, “Монгол, Тайландын хамтын ажиллагааны 2024-2025 оны хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар тогтов.
  •  Сүүлийн жилүүдэд Тайланд улсыг зорьж буй монгол иргэд, жуулчдын тоо огцом нэмэгдэж буйг онцолж, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, иргэд харилцан визгүй зорчих хугацааг 60 хоног болгох талаар Тайландын талаас нааштай шийдвэр гаргасныг мэдэгдэж, хоёр талын дотоод процедурыг эхлүүлэхэд хамтран ажиллахаар тогтжээ.

Улаанбаатар хотноо ирэх зургаадугаар сард зохион байгуулагдах Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дүгээр бага хурал болон наймдугаар сард зохион байгуулах “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ад Тайландын талаас өндөр түвшний төлөөлөгчид оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Монголын тал илэрхийлсэн байна.

Монгол иргэд тус улс руу 30 хоног визгүй зорчдог, үүнийг 60 хоног болгох аж.

Categories
мэдээ цаг-үе

Чингэлтэй дүүргийн бүх хороог теле камерын хяналтад бүрэн авснаар гэмт хэргийн дуудлага мэдээлэл 41.4 хувиар буурчээ DNN.mn

Цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн оролцоо дэмжлэгтэй улсын теле хяналтын камерын тоог нэмэгдүүлж аюулгүй “Ногоон бүс” бий болгох ажлыг эрчимжүүлж буй.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн бүх хороодыг теле хяналтын камерын бүрэн хяналтад авснаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, сүүлийн хоёр жилд гэмт хэргийн дуудлага мэдээлэл 41.4 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 40 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сайн туршлагын нэвтрүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сард “Тайван хот – Таны оролцоо” гэсэн уриа дор нийслэлийн таван дүүргийн 12 хороог тухайн орчинд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр “Ногоон бүс” болгон камержуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байгаагаа цагдаагийн байгууллага мэдээлэв.

Мөн дээрх хороодыг телекамержуулснаар бусад хороод ижил түвшинд камертай болох ажлын эхлэл тавигдаж, нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил буурах, иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах аюулгүй байдлын баталгаа хангагдана гэж үзэж байгаа аж

Categories
мэдээ цаг-үе

Дэлбэрэлтэд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг нийслэл шийднэ DNN.mn

Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас гал гарч, зарим орон сууц шатаж, иргэд хохироод буй. Уг галын дүгнэлт гарсан тухай мэдээлж байв. УОК мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг сонсож, зарим шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Дөрвөн яамны хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг УОК сонсож, зарим шийдвэрийг гаргасан.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, галд өртсөн 207 дугаар байрыг ашиглах боломжгүй дүгнэлт гарсан тул буулгаж, шинээр барих эсвэл газрыг чөлөөлөх, аюулгүй болгох, оршин суугчдын орон сууцны асуудал зэргийг нийслэлийн удирдлагуудын мэдэлд шилжүүллээ.

Нэгдүгээрт нийслэлийн нутаг дэвсгэр дээр үүссэн асуудал, дахин төлөвлөлтийн барилгыг барихад аймаг, нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын шийдвэрээр хэрэгжүүлэх хуультай.

Зарим алба хаагч, иргэдийн эрүүл мэндэд шаардлагатай хөрөнгийг олгох асуудлыг мөн нийслэлд шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлсэн бөгөөд орон сууцыг шинэчлэх, засварлах, бусад хохирлыг барагдуулахад зарцуулах юм.

Эрсдэлийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх асуудал хамгийн чухал байгаа. Эрсдэлийг бууруулахын тулд даатгалын тогтолцоонд шилжүүлэх хуулийн төслийг боловсруулсан, УИХ-аар хэлэлцүүлнэ. Ингэснээр хэн ч хохирохгүй үлдэнэ.

Амь нас, эд хөрөнгөө даатгуулаагүй бол даатгалын компани барагдуулахгүй. Төр хохирлыг барагдуулах гэхээр хуулийн зохицуулалт байхгүй” гэж ярилаа.

Categories
мэдээ

ЗГ: Аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна DNN.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажиллах орчин нөхцлийг сайжруулахад 25 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ. Энэ санхүүжилтээр гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэрэг тоног төхөөрөмжийг худалдаж авах ажлыг шуурхай зохион байгуулна. Нийлүүлэлтийг энэ долоо хоногоос эхлүүлнэ.

Мөн онцгой байдлын алба хаагчдын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, алба хаагчдыг сургах, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт явуулна.

Эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж байгууллагын тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Онцгой байдлын алба хаагчдын тоог хүн амын тоотой харьцуулахад улсын хэмжээнд хүний нөөц 60 хувийн дутагдалтай, машин механизм 40 хувийн дутагдалтай байна гэсэн тооцоо гарсан. Улсын хэмжээнд 130 гаруй аврах анги байгуулах шаардлагатай.

Манай арван аврагч тутмын 3 нь гамшиг ослын үед өмсөх иж бүрэн хувцас, хэрэгсэлтэй байна. Гэхдээ бүгд нэг дор ажилладаггүй учир ийм хэмжээнд байгаа юм. Одоо энэ асуудлыг цогцоор шийдвэрлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн.

Алба хаагчдын цалин өнгөрсөн хоёр жилд хоёр удаа нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт 25 хувиар нэмэгдсэн. Давхар аврагчдын орон сууц зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.

Дрон, робот авснаар бүх асуудал шийдэгдэхгүй. Хүн орж болохооргүй, хязгаарлагдмал газарт л робот, дроныг ашигладаг. Дрон, роботтой болсноор бүх асуудал шийдэгдэнэ гэж ойлгох нь өрөөсгөл юм. Хамгийн өндөр орон сууцанд гарсан гал унтраах зориулалтын машин авах ажлыг мөн яаралтай шийдвэрлэнэ” гэв.

 

Categories
мэдээ нийгэм

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирчээ DNN.mn

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа шүүхийн шатнаас гадаад улсад оргон зайлсан.

Түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран зохион байгууллаа хэмээн ЦЕГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өмгөөлөгч Л.Баттогтох: Хохирогчийн сэтгэл санааны хохирлын төлбөрийг тусгай сангаас олгодог байх хэрэгтэй DNN.mn

Дорноговь аймагт онц хэрцгийгээр бусдын гарт амиа алдсан охины өмгөөлөгч Л.Баттогтох мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Шүүхээр гэм буруутай нь тогтоогдож бүх насаар нь хорих ял оноосон ялтны хохирогчийнх нь эрх зүйн байдлыг дордуулсан хууль үйлчилж байна гэж өмгөөлөгч миний бие үзэж байна. Шүүгдэгчид бүх насаар нь хорих ял өгсөн. Оршуулгын зардлын тусгай сангаас гаргаж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Сэтгэл санааны хохирлыг тусгай сангаас гаргах боломжгүй. Сэтгэл санааны хохирлыг бүх насаар нь хоригдох ял авсан этгээд төлөх боломжгүй. Тиймээс сэтгэл санааны хохирлыг олгоно гэж тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тусгай санг торгуулийн шийтгэлийн 60 хувийн төлбөрөөр бүрдүүлдэг. Бүх насаараа хорих ял эдэлж байгаа 20 хүрэхгүй хүн байдаг юм байна. Бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа этгээдийг хохирогчид сэтгэл санааны хохирлын төлбөр хэзээ ч олдохгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ногоон автобустай холбоотой хэргийн шүүх хурал тавдугаар сарын 20 хүртэл хойшлогдлоо DNN.mn

“Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдоод байв.

Гэвч яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурал тавдугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшилжээ.

Прокуророос “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх уг хэрэгт:

  • Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
  • 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/,
  • 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.

Тус хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн нарын нийт 24 хүн холбогдоод байгаа юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Булгамаа: Санал авах өдөр байгууллага ажилтнууддаа чөлөө олгож, сонгох эрхийг нь эдлүүлэх үүрэгтэй DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны газрын дарга Н.Булгамаатай ярилцлаа.


-Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа үргэлжилж байна вэ?

-“Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарь”-ийн дагуу бэлтгэл ажил үргэлжилж байна. Сонгуулийн ерөнхий хорооны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссыг Гадаад харилцааны яамны саналыг харгалзан 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Төв комисс тавдугаар сарын 6-гаас өмнө Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд салбар комисс байгуулна. Түүнчлэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, зарим гишүүдэд сургалт зохион байгуулаад байна.

-Хотод хаягтай ч хөдөө ажилладаг олон мянган хүн бий. Сонгуулийн үеэр үндсэн хаяг дээрээ байхгүй иргэд сонгох эрхээ хэрхэн эдлэх вэ?

-Байнга оршин суугаа хаягнаасаа өөр газар ажилладаг иргэд сонгуульд саналаа өгч чаддаггүй асуудал яах аргагүй байгаа. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос байнга оршин суугаа хаягаасаа өөр газарт ажиллаж буй сонгогчдын сонгох эрхийг хангах Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Хүний эрхийн үндэсний комисстой хамтраад 21 аймагт ажиллаж, орон нутгийн удирдлага, уул уурхайн компанийн удирдлагуудтай уулзалт хийсэн.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.16 дахь хэсэгт “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтан, ажилчдынхаа сонгох эрхийг хангахаар хуульчилсан. Хуулиар хүлээсэн үүргээ ажил олгогчид биелүүлэх ёстой.

-Уул уурхайн компанийн удирдлагуудтай уулзсан гэлээ. Хуульд заасан үүргээ гүйцэтгэнэ гэдгээ илэрхийлсэн гэсэн үг үү?

-Байнга оршин суугаа газраасаа өөр газар ажилладаг иргэдийн олонхыг ачаа тээвэр болон уул уурхайн компанийн ажилчид эзэлдэг. Ачаа тээврийн салбарын 800 шахам аж ахуйн нэгж, компанид 23500 гаруй иргэн ажилладаг судалгааг салбарын яамнаас ирүүлсэн.

Уул уурхайн буюу эрдэс баялгийн салбарын 295 аж ахуйн нэгжийн 38.258 үндсэн ажиллагсдын 19743 орон нутгаас, 18515 бусад газраас, 29,657 гэрээт ажиллагсдын 7.583 нь орон нутгаас болон 22.074 ажиллагсад бусад газраас ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт байнга оршин суугаа хаягнаасаа өөр газар ажилладаг 40589 үндсэн болон гэрээт ажилтан байдаг юм.

Уул уурхайн компаниуд орон нутгийн удирдлагуудтай нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх гэрээтэй ажилладаг. Ажилчдынхаа сонгох эрхийг хангах чиглэлээр гэрээндээ тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангахыг орон нутгийн удирдлагуудад зөвлөсөн. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюу толгой” ХХК-ийн орон нутгийн харилцааны төлөөлөл, хэлтсийн менежертэй уулзаж, сонгох эрхийг хангах талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар болсон. Тус компанийн хувьд 17.800 орчим монгол хүн ажилладгаас 15.900 нь байнга оршин суугаа газраасаа өөр буюу Ханбогд суманд очиж ажилладаг. “Оюу толгой” компанийн холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийхэд ажилтнуудтай хийх уулзалт, сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллая гэсэн. Санал авах өдөр ажилтан, ажилчдадаа чөлөө олгох чиглэлээр санал хүргүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.16 дахь хэсэгт заасан “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.” Зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах үүднээс уул уурхай, эрдэс баялаг болон ачаа тээврийн компаниудыг нэгтгэсэн уулзалт зохион байгуулахад хамтран ажиллаач гэдэг хүсэлтийг салбарын яамдад нь тавиад байна. Зам тээврийн яамнаас тээврийн компаниудын удирдлагуудыг оролцуулсан уулзалтыг энэ сарын 26-ны өдөр хамтран зохион байгуулахаар болсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс Ашигт малтмал, газрын тосны газар руу чиглүүлсэн байдалтай л байна.

Иргэний сонгох эрхийг хангуулах үүднээс өнгөрсөн хоёрдугаар сараас хойш холбогдох яам, орон нутгийн удирдлага, уул уурхай, зам тээврийн компаниудтай хамтран ажиллахаар хөөцөлдөж байгаа. Уул уурхайн компаниуд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

-Гадаад улсад байгаа иргэд хэрхэн яаж саналаа өгөх тухай мэдээлээч. Тухайлбал, гадаадад байгаа иргэд нам дугуйлах уу, нэр дэвшигч дугуйлах уу?

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж өөрчлөн найруулсан. Улмаар Гадаад улсад байгаа иргэд хувь тэнцүүлэх /пропорционал/ аргаар нам, эвсэлд саналаа өгснөөр УИХ-ын 48 гишүүнийг сонгоход саналаа өгч сонгуульд оролцох боломжтой болсон.  Сонгуулийн ерөнхий хорооны саналаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр байхаар УИХ тогтоосон.

Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэж, сонгогчдын н эрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм. Хүсэлтээ 2024 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө биечлэн эсхүл утсаар, цахим шуудангаар гаргах боломжтой. Улмаар 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрийн аль нэгэнд нь тухайн улсынхаа цагаар 07:00-22:00 цаг хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд очиж санал өгнө.

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах тухай мэдээ, мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо, Төв комисс Дипломат төлөөлөгчийн газраар хүргэхээс гадна олон улсын байгууллага, хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагатай хамтран түгээхээр ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, НҮБын Шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран энэ сарын 16-ны өдөр зохион байгуулсан “Диаспора нээлттэй форум: Монгол Диаспора, эргэн суурьшигчХөгжлийн шинэ гарц”  форумын “Хилийн чанад дахь иргэд Монгол Улсын болон бүс, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт мэдээлэл өглөө. Мөн “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн удирдлагуудтай уулзаж гадаад улсад байгаа иргэдээс санал авах тухай мэдээ, мэдээллийг тус холбоод болон бусад олон нийтийн байгууллагатай хамтран боломжит бүх сувгаар түгээхээр ярилцаж, хамтран ажиллахаар тохирсон юм. энэ мэт боломжит бүх хувилбараар мэдээлэл түгээхээр ажиллаж байна.

-Сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчид хэзээ тодорхой болох вэ?

-Үндэсний аудитын газарт 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Бие даан нэр дэвшигчид энэ сарын 22-24-ний өдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ.

Нам, эвсэл энэ сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлнэ. Хүсэлтийг хүлээж авах Ажлын хэсэг байгуулаад бэлтгэлийг хангаж байна. Нам, эвслийн хүсэлтийг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо бүртгэх эсэх шийдвэр гаргана.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас 5 тонн орчим ус соруулжээ DNN.mn

Онцгой байдлын байгууллагад өчигдөр/2024.04.23/ айлын байшин шар усны үерт автсан нэг дуудлага бүртгэгджээ.

Тус байгууллагаас мэдээлснээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд айлын хашаа байшин шар усанд автсан тухай дуудлагыг өчигдөр 16:18 цагт хүлээн авчээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагч нар иргэний 6х5 метрийн хэмжээтэй байшинд орсон таван тонн орчим усыг мотопомпоор соруулсан байна.

Өндөр уулын ам, гол устай ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн, сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэрэмжлүүллээ.

Улаанбаатарт шар усны үерийн эрсдэлтэй бүсэд 1,487 айл өрх бий. Үүнээс

  1. Баянгол дүүрэгт 25
  2. Баянзүрх дүүрэгт 344
  3. Налайх дүүрэгт 238
  4. Сонгинохайрхан дүүрэгт 194
  5. Сүхбаатар дүүрэгт 739
  6. Хан-Уул дүүрэгт 76
  7. Чингэлтэй дүүрэгт 102 гээд нийт 38 хорооны айлууд байгааг мэдээлж байсан юм.