Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна DNN.mn

 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.

Уг чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар оролцож байна. Тэрбээр тус чуулга уулзалтад оролцохоор өчигдөр хүрэлцэн ирсэн. Хүндэт зочныг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар албаны бусад хүмүүсийн хамт угтан авсан юм.

Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран хоёр удаагаа зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалт нь төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхжүүлэх замаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилтын хэрэгжилтийг түргэсгэхэд чиглэж буй.

Categories
мэдээ цаг-үе

Газрын нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудын шүүх хурал болно DNN.mn

Хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудад холбогдох шүүх хурал өнөөдөр болно. Нийслэлийн прокурорын газраас Б, Д нарын 14 хүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт товлогджээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд, залуучуудын театр өнөөдөр 14:00 цагт нээлтээ хийнэ DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн V хороонд барьсан Хүүхэд, залуучуудын театр өнөөдөр 14:00 цагт “Хайрыг хайрла” жүжгээр нээлтээ хийнэ. Тус театрын уран бүтээлчид хүүхдүүдэд зориулан, “Арслан хүлэгт баатар” жүжиг, залууст зориулан “18 дахь хаврын хайр” уянгын драмын жүжиг тоглохоор бэлтгэж байгаа аж. 760 хүний суудалтай, сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон энэ театр улсын жишиг театр болох зорилт тавин ажиллаж байна. Хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх төв болох зорилготой тус театрт номын сан, кафе ажиллаж, дугуйлан, сургалт хичээллүүлнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Сүндарь: Боловсролын зээлийн сангийн зарцуулалт хөгжлийн бодлоготойгоо уялдаагүй явж ирсэн DNN.mn

АНУ-ын Стэнфордын их сургуулийн магистр, боловсрол судлаач Э.Сүндарьтай Баялгийн сан болон Боловсролын сангийн талаар ярилцлаа.


-Сүүлийн үед Баялгийн сангуудын талаар нэлээд яригдаж байна. Хууль ч батлагдлаа. Боловсролын сангийн асуудал яаж далийс ныг хүмүүс мартаагүй. Ер нь энэ олон сан улс орны хөгжилд ямар хэрэгтэй байдаг юм бэ?

-Улс орны хувьд чухал сангууд бий ч яг зорилтдоо хүрч чадах уу, тэгж төлөвлөсөн үү гэдэг нь маш чухал. Би боловсролын салбарын хүн учраас энэ чиглэлд ярья л даа. Тухайлбал, Боловсролын зээлийн сан байна. Монголд ч гэлтгүй маш өндөр хөгжсөн улс орнуудад боловсролд хөрөнгө оруулалт хийх зориулалтаар сан үүсгэн байгуулж, энэ хөрөнгө оруулалтуудыг оюутнуудад зориулдаг жишиг бий. Энэ жишгээр олон улс орнууд сүүлийн 100-гаад жил дотоодын хүний нөөцөө бэлдсэн байдаг. Ингэж салбарынхаа хөгжлийг дэмжсэн олон жишиг байгаа. Монгол Улсад ч гэсэн, ялангуяа манайх шиг хүн ам цөөнтэй, технологи инновацийн өсөлт шууд явагдахад бэрхшээлтэй улс оронд боловсролыг дэмжих сан зайлшгүй байх ёстой гэж би хардаг.

-Сангийн зорилго чиглэл нь тодорхой байдаг ч хэн нь мэдээлэл, эрх мэдэлд ойр байна тэр нь түрүүлж ашигладаг болчихсон нь тогтолцооны гажиг уу?

-Манайд боловсролын зээлийн сантай холбоотой нэг алдаа гарсан. Боловсролын зээлийн сангаас зээл авч байгаа хүмүүс Монгол Улсын хөгжлийн ямар салбаруудад, ямар үүрэгтэйгээр оролцохыг нь анхнаасаа тусгаж өгөөгүй. Үүнийг тодорхойлж өгөөгүй учраас боловсролын зээлийг хэнд өгөх нь тодорхойгүй байсан. Сан байдаг, мөнгө нь байдаг. Сүүлдээ дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн хүүхдийг тэтгэлгээр сургая гээд тэтгэлэг олгодог болсон. Гэхдээ энэ хүмүүс ямар мэргэжлээр сурах уу, эх орондоо ирээд ямар салбарт ажиллах вэ. Улс эх орныхоо хөгжилд яаж хувь нэмрээ оруулах талаар төлөвлөгөө, зорилт нь тодорхой байгаагүй. Угтаа Монголд ямар мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа, тэд суралцаж ирээд ямар бүтцүүдэд ажиллаж, ямар өөрчлөлтүүдийг хийх вэ гэдгийг төлөвлөөд хүүхдүүдээ явуулах байсан. Өөрөөр хэлбэл, боловсролын зээлийн сангийн зарцуулалт хөгжлийн бодлоготойгоо уялдаагүй гэсэн үг.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Энэ бол нэг том асуудал.

-Таны харж байгаагаар өөр ямар алдаа дутагдал боловсролын санд байсан бэ?

-Дараагийн зүйл нь тодорхой хэмжээний тооцоолол хийж үзээд, нэг оюутанд хэдий хэмжээний мөнгийг зарцуулбал үр өгөөж нь өндөр байх вэ гэдийг бодох ёстой. Жишээ нь, нэг оюутныг 100.000 ам.доллараар сургах уу, эсвэл арай олон оюутныг бага өртөг, богино хугацаагаар сургах уу. Заавал маш өндөр өртөгтэй дэлхийн шилдэг гэгдэх сургуулиудад сургах уу, эсвэл боловсролын чанар сайтай ч өртөг арай багатай Азийн орнуудад сургах уу гэдгийг тооцоолох байсан. Өртөг багатайгаар илүү өгөөжтэй сургах боломжийг ашиглаж чадаагүй. Дэлхийн шилдэг 100 их сургууль бол голдуу амьдралын өртөг өндөртэй улсуудад байдаг. Тухайлбал АНУ, Канад, Англи, Азийн өртөг өндөртэй Сингапур гээд. Тэгэхээр нэг хүний зардал өндөр, үр шим багатай хөрөнгө оруулалт болсон гэж ойлгож болно.

-Та тэтгэлгээр Стэнфордын их сургуульд суралцаж ирээд удаагүй байгаа. Таныг явах үед сангийн бодлого ямар болж өөрчлөгдсөн байсан бэ?

-Би 2022 оны зургадугаар сард Боловсролын зээлийн сангаас зарласан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг буюу дэлхийн шилдэг 50 их дээд сургуульд суралцах магистрын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хамрагдах болж, батламжаа хүлээж авсан. Тэр үед Боловсролын зээлийн сан журмын өөрчлөлт оруулаад, яг улс орны тэргүүлэх чиглэлд сонгон шалгаруулалт хийж байсан. Надтай хамт тэтгэлэг авсан хүмүүсийн дунд боловсролын чиглэлээр 3-4 хүн, анагаахын, усны чиглэлийн гээд манай улсад яг хэрэгтэй салбараар хүмүүсээ сургасан. Бакалаврын зэргээр суралцахад тэтгэлэг олгох нь өөрөө эрсдэлтэй. Төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу, ажиллахгүй юу гэдэг нь тодорхойгүй байдаг. Олон хүн бакалавраа төгсөөд мэргэжлээ сольдог. Магистрт харьцангуй карьераа төлөвлөсөн, эх орондоо юу хийх үү гэдгээ ойлгочихсон хүмүүс явдаг. Уг нь сурч мэдсэнээ эх орныхоо хөгжилд, боловсролын салбарт гаргах ёстой даалгаврыг явахад хэлж байсан, ирэхэд ямар байдлаар сурсан мэдсэнээ гаргах тал дээр эргэх холбоо байхгүй байна. Нэгэнт энэ сангийн хөрөнгөөр сургаж байгаа бол ирээд хаана, хэдэн жил ажиллах ёстойг анхнаас нь журамлах нь зөв санагдаж байгаа.

-Боловсролын салбарын өөрчлөлтийн талаар их ярьдаг. Таныхаар ямар өөрчлөлт нэн түрүүнд хэрэгтэй байгаа вэ?

-Манай улсын боловсролын систем бол харьцангуй ололттой тал ихтэй систем гэдгийг хэлмээр байна. Иргэд голдуу дутагдалтай, асуудалтай талуудыг нийгмийн сүлжээнд өргөнөөр шүүмжилдэг ч бусад оронд байхгүй зүйлс манайд бий гэдгийг өөрөө сурах хугацаандаа ойлгосон. Жишээ татаад хэлэхэд, цэцэрлэгийн тоог харахад 2018 онд 500 хувийн цэцэрлэг байсан бол одоо 400 болж, улсын цэцэрлэг 700 байснаа 1000 болсон байна. Улсын сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмсэн зэргээр боловсролын системд бүтэц зохион байгуулалт, захиргаа, санхүүжилт талаасаа ахиц гарч байна. Үнэ төлбөргүй улсын цэцэрлэгүүд байна гэдэг нь хөгжилтэй орнуудад ч байдаггүй нийгмийн хөгжлийн үйлчилгээ юм. Үүнийг бид улам сайжруулах, цаашдаа чанар, хүртээмж тал дээр шаардлага тавьсаар байх нь чухал.

-Боловсролын шинэчлэл хийх шаардлагатай гэж хэлээд байна уу?

-Энэ жил боловс ролын шинэчлэлийг хийх жил ба бид дэлхий нийтийн чиг хандлагыг дагах нь ч зүй ёсны асуудал. Гэхдээ боловсролын шинэчлэлийг хийгээд явахад оролцож буй бүх талуудад хүндрэл, бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Багш нарын ажил үүрэг өөрчлөгдөж, эцэг эх, асран хамгаалагчид өөрчлөлтөд дургүйцэж, цаашлаад сурагчдад ч амар байхгүй. Өөрчлөлт, шинэчлэлт, ялангуяа хүн бүрийн амьдралд өдөр тутам, шууд нөлөөлдөг с албарын өөрчлөлт гэдэг үргэлж хүндрэл, бэрхшээлийг дагуулдаг гэдгийг бид санах хэрэгтэй. Харин өөрчлөгдсөний дараахь үр өгөөжийг хүртэх үед тэдгээр бэрхшээл нэгэнт ард хоцорсон байдаг.

-Манай улсын өнөөгийн боловсролын систем ямар байдлаар явагдаж байна гэж та харж байгаа вэ?

-Манай улс өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй тул тархай бутархай буюу бусад орнуудаас их өөр бүтэцтэй. Нэг улс хэдий ч сумын, аймгийн, хотын төвийн, захын сургуулиуд хоорондоо өөр өөр нийгэм, эдийн засгийн нөхцөлтэй тул манай улсын боловсролын систем дотроо маш олон өөр төрлийн боловсролын үйлчилгээ үзүүлдэг гэж харж болно. Иймд боловсролын шинэчлэлийг хийх явцдаа уян хатан бүтэцтэй, олон өөр сонголт бүхий, тухайн суралцагчийн амьдарч буй нөхцөл, бодит байдалд нийцсэн суралцахуйн системийг бүтээх хэрэгтэй. Цаашдаа дунд, ахлах ангиас мэргэжлийн чиг баримжаа олгох, илүү цөөн хичээлийг чанартай судлах, суралцагчийн хүсэл сонирхлыг хүндэлсэн сонголттой боловсрол олгох хэрэгцээ шаардлага нэгэнт үүссэн. Боловсролын шинэчлэл гэдэг энэ том ажлыг хийхэд төрийн зүгээс хийж буй ажил, өөрчлөлтөө иргэдэд зөвөөр танин мэдүүлэх, үндэслэл бүхий судалгаа, үзэл баримтлалыг ойлгомжтой байдлаар таниулах, хүргэх ажил нэмэгдэж байгаа юм. Эс бөгөөс иргэд буруу ойлгож, өөрчлөлтийг хүлээн авахгүй байхыг үгүйсгэхгүй. Үүн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч чухал тоглогчийн үүрэг гүйцэтгэж, иргэдийг зөв мэдээ мэдээллээр ханган ажиллах хэрэгтэй байх.

-Боловсролын салбарт шинэчлэлт хийгдэх нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Боловсролын салбарт инноваци хийгдээд эхлэхээр бусад бүх салбарт өөрчлөлт орж байдаг. Хичээлийн цагийг нэг цагаар өөрчлөхөд л бусад ажлуудын цаг ч дагаад өөрчлөгддөг. Гарч ирэх өөрчлөлтүүдэд бэлэн бус байгаа ч хийхээс өөр аргагүй. Учир нь хорвоо ертөнц биднийг хүлээлгүй өдөр, цагаар өөрчлөгдөж байна. Манай хүүхдүүд зөвхөн Монголд төрснийхөө төлөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх, үнэлэгдэх ур чадвартай, хандлагатай болж чадахгүй байна. Энэ нь “PISA” шалгалтын үр дүнгээр ч батлагдсан.

-Ингэж хувирган өөрчлөлт, шилжилт хийхэд хамгийн эхэнд ирэх сорилт нь юу байх бол?

-Мэдээж багш нарт өөр арга зүй эзэмших, өөр арга барилаар ажиллах шаардлага үүснэ. Багш нар маш их бичиг цаасны ажил хийхийн оронд хүүхдүүдтэйгээ тулж ажиллах, шаардлагатай өгөгдөл цуглуулах, боловсруулах ажлыг цахимжуулах, эцэг эхчүүдэд сурагцагчдын талаар тухайлсан мэдээлэл өгч, зөвлөн чиглүүлэх үүрэгтэй болж ирнэ. Багш ангийг бүхэлд нь удирдаж, нэг хөтөлбөрөөр явдаг байсан бол илүү хүүхэд төвтэй, тухайн хүүхдийн чадамж, түвшинд тохирсон уян хатан хөтөлбөрийг заах арга зүй эзэмших шаардлагатай нүүр тулах байх. Хүүхэд нэг бүрт ганцаарчилсан хөтөлбөр гаргахгүй ч хүүхэд бүр өөрийн суралцахуйн замналыг тодорхойлж, шийдвэр гаргаж, бие даасан байдалтай суралцахуйн процесст оролцоно. Өнөөгийн байдлаар эцэг эхчүүдийн хувьд маш их гэрийн даалгавар хийлгэдэг. Хэрвээ энэ шинэчлэл зөв явбал хүүхдүүд сургууль дээрээ баяр хөөртэй сурч ирээд, гэртээ тодорхой хэмжээний даалгаврыг бие даан хийж чаддаг болно. Гэрийн даалгавар хийхэд заавал асран хамгаалагчийн дэмжлэг, оролцоо их шаарддаг нь эргээд олон сөрөг талуудтай. Асран хамгаалагч нь хичээл дав туулах боломжгүй, амьдралын хэрэгцээ шаардлагаар амждаггүй, асран хамгаалагчаасаа хол байдаг зэрэг хүүхдүүд боловсролын өгөөж бага хүртэж байдаг (олон улсад ч, Монголд ч). Харин боловсролын шинэчлэл зөв явж чадвал хүүхдүүд сургууль дээрээ үндсэн боловсролын үйл ажиллагаанд хамрагдаж, бие даан суралцах чадварт суралцаж,гэртээ ирээд өөрөө бие даагаад суралцдаг болно гэж найдаж байна.

-Боловсролын шинэчлэлт хийгээд эхлэхэд хүүхдүүдэд ч бас амар байхгүй нь ойлгомжтой болов уу. Үүнд угтаа эцэг, эхчүүдийн оролцоо чухал байх, тийм үү?

-Хүүхдүүд өөрсдөө бие даан шийдвэр гаргах, шийвэрээ эргэцүүлэх, түүндээ тулгуурлаад дараа дараагийн шийдвэрээ гаргах чадамж дутмаг байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ сургахад оролцоогүй байна гэдэг шүүмж их байдаг. Үүнийг залруулах ёстой. Аав ээж бол хүүхдэд анхаарал халамж өгөх ёстой. Сэтгэл зүйн хүмүүжилд нь анхаарах ёстой. Сурлагад нь анхаарах ёстой. Эцэг эх, асран хамгаалагчаас боловсролын чанар 100 хувь хамаардаг бол боловсролын тэгш бус байдал арилах боломжгүй гэдгийг Финланд улс эртнээс судлан тогтоож, хүүхэд сургууль дээр бүх агуулга, ур чадвараа эзэмших системийг боловсруулсан юм билээ. Сумын төвд хүүхэд нь байрлаж сурдаг эцэг эхчүүд бий. Түүнчлэн хүүхдээ дагаад явах боломжгүй  хүмүүс ч суурин газарт хүүхэдтэйгээ хамт ирэх шаардлага үүсдэг. Саяхныг хүртэл дэлхий даяар заавал төв суурин газар очоод нэг хөтөлбөрөөр сур гэдэг шаардлагыг тавьдаг байсан бол одоо хүн болгон байгаа газраа суралцъя. Ялангуяа малчдын хүүхэд есөн нас хүртлээ аав ээжийнхээ дэргэд гэрээр суралцах багийн сургуулийг байгуулах хэрэгтэй. Одоо Дорнод аймагт Лхагваа гээд хүн багийн сургууль байгуулах гээд явж байна. Энэ бол хамгийн сайн жишиг. Багийн бага сургууль цомхон бүтэц, цөөхөн суралцагч, бага төсөвтэйгөөр балчир насны хүүхдүүдийг халуун ам бүл, мал аж ахуй, нүүдэлчин соёл уламжлалаас таслахгүйгээр дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах суурь боловсролыг олгох боломжийг өгнө. Энэ шинэчлэл бол боловсролын, цаашлаад хүн амын төвлөрлийг бууруулах потенциалтай нь харагдаж байгаа биз. Гэхдээ шинэчлэл хийх тийм амархан биш. Нарийн судалгаатай явах ёстой асуудал.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн дүрмээ хүчингүй болго оо, Л.Энх-Амгалан сайд аа! DNN.mn

Эрхэм сайд аа! Танай яамнаас дээд боловсролын талаар гаргаж байгаа бодлого, шийдвэрүүд нь дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцэхгүй байна. Ганцхан жишээ гэхэд л БШУ-ы сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/575 дугаар тушаалаар баталсан Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм юм.

Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах журмыг өөрчлөөгүй байхад хичээлийн жилийн дундуур Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм өөрчилж бужигнууллаа. Шинээр батлагдсан дүрэмд Зөвлөл нь докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий дэд зөвлөлтэй байна (1.3) их сургууль боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дэд зөвлөл байгуулах хүсэлтээ хүргүүлнэ (5.1) дэд зөвлөлийг сургуулийн ректорын тушаалаар батална (3.5), докторант бүрээр дэд зөвлөлтэй байна (3.2), гэх мэтээр дэд зөвлөл гэсэн хүнд сурталтай, шаардлагагүй шаталсан тогтолцоо бүхий илүүц бүтэц үүсгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т “шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх” шаардлагад нийцэхгүй байна.

Дээд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүн болон дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Өөрөөр хэлбэл, дээд боловсролын хууль тогтоомжид докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэмд хориглосон зохицуулалтыг тусгах эрхийг боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнд олгоогүй. Гэтэл дүрэмд бүрэлдэхүүн, зохион байгуулалт, чиг үүрэг, тавигдах шаардлага, бусад зүйл зэрэг гарчгийн дор хориглосон агуулга бүхий хэм хэмжээг олноор тусгасны зэрэгцээ хариуцлага хүлээлгэх заалтыг тусгасан нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон дээрх шаардлагыг зөрчөөд зогсохгүй зөвхөн хуульд заасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай эрх зүйн зарчимд халдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д “хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” хуулийн шаардлагуудыг зөрчсөн.

Дүрмийн 2.9.1-2.9.3-т эрдэм шинжилгээний өгүүллийг заавал гадаадын сэтгүүлд нийтлүүлсэн байх шаардлага тавьж байгаа нь улс, эх орны дотоодод шийдвэрлэх ёстой нууцлалтай асуудлыг дэлгэн тараахад хүргэж болзошгүйг ерөөс бодолцоогүйн зэрэг-цээ харилцан адилгүй шаардлагыг зохиомлоор тавьсан. Эдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “тэгш байдал”, мөн арван зургаадугаар зүйлийн 17-д “Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн ийм зохиомол шаардлагыг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа аль ч хуулиар тогтоогоогүй болно. Ер нь эх орондоо зэрэглэл өндөртэй сэтгүүл бий болгох, хэвлэн нийтлэх замаар эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжихийн оронд өндөр өртөг зардалтай, шат дараалсан процесстой гадаадын сэтгүүлийг тулган зөвшөөрүүлэх бодлогыг цухалзуулж байгаа нь Үндсэн хуулиар тогтоосон эх оронч үзэл, үндэсний аюулгүй байдлын талаарх төрийн бодлогод нийцтэй биш байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26 дугаар зүйлийн 1-д Хүн бүр сурч боловсрох эрхтэй. “….. Авьяас чадвартай нь уялдан хүн бүрд дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй олгох ёстой”, Боловсролын талаар алагчлахтай тэмцэх тухай конвенцын 3 дугаар зүйлийн (а) “боловсролын талаар алагчлах шинж бүхий хуулийн бүх заалт, засаг захиргааны шийдвэрийг өөрчлөх, засаг захиргааны тийм дадлыг зогсоох” “конвенцод тодорхойлсон алагчлах явдлыг устгах буюу урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү Конвенцод оролцогч улсууд үүрэг хүлээнэ” гэх мэт заалтуудтай зөрчилдөж байна.

Өгүүлэл бичсэнийг гол шалгуур болгон сонгосон тул Зөвлөлийн гишүүдийн дотор докторын ажлыг шүүн хэлэлцэх мэдлэг, чадвар, туршлага сул хүмүүс олноор орсон, шилдэг тэргүүлэх эрдэмтэн судлаачдын оролцоог хязгаарласан.

БШУСайдын 2024 оны 02 дугаар 07-ны А/52 дугаар тушаалаар баталсан докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүн нь Авлигын эсрэг хуулийн 3.1.3. “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” зөрчиж байгуулагдсан. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3. “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг; 6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. 11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтуудын зөрчилтэй байна.

Тухайлбал, тодорхой сургуульд эрх мэдлийг төв-лөрүүлэх зорилгоор хуулийн этгээдэд хэт давуу байдлыг олгосон. Жишээ нь, боловсрол судлалын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 24 гишүүнээс 15 нь МУБИС, Соёл, урлаг судлалын 28 гишүүнээс 15 нь СУИС г.м байгаа ба Зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг нууц санал хураалт гэгчээр тодруулж олонх сургуулиудад сонгосон.

Мэргэжлийн индексийг зориудаар хольж хутгасан. Жишээ нь, хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд Монгол судлал /022204/; Гадаад хэлний орчуулга (023101), Гадаад хэл шинжлэл (023203) гэсэн огт өөр чиглэлийн хөтөлбөрүүдийг нэгтгэн нэг зөвлөл болгож, даргыг МУБИС-иас сонгосон.

Дэд зөвлөл олноор бай-гуулах замаар ашиг сонирхлын зөрчил гаргасан. Өмнөх дүрмээр МУБИС нь боловсрол судлалын докторын ажил хамгаалуулах 1 зөвлөлтэй байсныг шинэ дүрмээр 13 дэд зөвлөлтэй, ШУТИС-д төрийн удирдлага, бодлого судлал, социологи ба нийгмийн ажил, соёл урлаг судлал зэрэг нийгмийн ухааны 5 дэд зөвлөлийг нэмж байгуулсан.

Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийн шаардлага хангаагүй Дэд зөвлөлийг байгуулсан. Үүний илрэл нь Монгол улсад “Боловсролын удирдлага” докторын хөтөлбөр 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Дүрмийн 5.2.2-т “Тухайн хөтөлбөрөөр 6 ба түүнээс дээш жил докторын сургалт явуулсан, докторын зэрэг хамгаалсан төгсөгчтэй байх” гэж заасан байхад МУБИС-д Боловсролын удирдлагын докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөл байгуулсан нь дүрмээ зөрчсөн үйлдэл юм.

Түүнчлэн өгүүлбэрийн нэг төрлийн зэрэгцсэн гишүүдийг холбох үүрэгтэй “эсвэл” холбоосыг 13 удаа хэрэглэх замаар дүрмийн 2.9.6-д “Докторын судалгааны ажил удирдаж хамгаалуулсан байх….” гэсэн заалтыг хангаагүй хүмүүс, албан тушаалтны танил тал, гэр бүл, найз нөхөд, зөвлөлийн дарга сонгоход хүчин зүтгэсэн ахмад академич, тэдгээрийн үр хүүхэд, Үндсэн хуулийн цэц болон УИХ-ын гишүүн зэргээс бүрдсэн зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна.

Тус дүрэмд 3.2-т “Док-торант бүрээр диссертацын сэдвийн чиглэлтэй уял-дуулан тухайн хамгаалуулах зөвлөлийн долоон гишүүний төлөөлөлтэй Дэд зөвлөлийг байгуулна” гэж зөвхөн Зөвлөлийн гишүүдээс бүрдүүлэхээр хатуу заасан нь судалгааны ажлыг тэргүүлэх эрдэмтдээр хэлэлцүүлэх, үнэн бодитой шүүн хэлэлцэх, үнэлж дүгнэх боломжийг хязгаарласан, боловсролын байгууллагын эрдмийн эрх чөлөө, суралцагчдын эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөн.

Дээд боловсролын шаталсан сургалт болох докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, чанартай судлаач бэлтгэн гаргах нь их сургуулийн өөрийхөн үндсэн үүрэг хариуцлага, амбиц гэдгийг умартаж, дэлхийд хаана ч байхгүй ийм гаж зүйлийг гаргаж өрсөлдөөнийг хязгаарлаж, хөгжлийг сааруулах нь Монголын төрийн бодлого лав л биш байлтай.

Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм нь төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан, хэсэг бүлэг этгээдүүд үгсэн хуйвалдаж дээд боловсролын салбарт ялгаварлан гадуурхалт, авлига хахууль, хүнд суртал бий болох нөхцөлийг бүрдүүлсэн алдаа мадаг ихтэй захиргааны акт болсон байна. Иймд Монгол улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн Докторын хамгаалуулах зөвлөлийн дүрмээ эрхэм Сайд та хүчингүй болгоно уу.

 

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр согтуугаар жолоо барьсан 53 зөрчил илэрчээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад өчигдөр нийт 1862 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1486, гэмт хэргийн шинжтэй 82 дуудлага эзэлж байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 63 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 26 хэргийг нөхөн илрүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулав DNN.mn

НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Орон Сууны бодлогын газар, Нийслэлийн орон сууцны корпораци, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Аум ба Лий түншлэлийн төлөөлөл болон Кореа Их сургуулийн Сэжонг кампус дахь Хот судлалын тэнхимийн төлөөлөл оролцон, Нийслэлийн түрээсийн орон сууцны бодлогын талаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Аум ба Лий түншлэл түрээсийн орон сууцны байгууллага, түүний менежментийн санал, түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулж, танилцуулав. Мөн талууд төслийн хүрээнд нийслэлийн орон сууцны өнөөгийн нөхцөл байдал, түрээсийн орон сууцны төсвийн талаар хамтран судалгаа хийхээр төвлөсөн бөгөөд уг судалгааны бичиг баримт нь улс, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийн суурь мэдээлэл болох тул нэн хэрэгцээтэй гэдгийг онцолсон юм. Тэрчлэн түрээсийн орон сууцны бодлогыг урт хугацаагаар төлөвлөж, бодлогын тогтвортой хэрэгжилтийг хангах шаардлагатайг хэлж байлаа.

Уулзалтын төгсгөлд талууд нийслэлийн орон сууцны судалгааг нарийвчлах саналуудын боловсронгуй болгохоор шийдвэрлэхээр тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ DNN.mn

Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл өчигдөр эхэлсэн. Бүртгэл тавдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цаг хүртэл үргэлжилнэ. Шалгуулагчид Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар бүртгүүлэх юм. Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, байршуулжээ. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд болно гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын сонгуульд 77 иргэн бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ DNN.mn

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-нд сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан. Энэ хугацаанд ҮАГ-т 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ.

Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны тавдугаар сарын 7-ны өдрийн дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэх юм. Улмаар тавдугаар сарын 8-14-нд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах аж.

Түүнчлэн ҮАГ тавдугаар сарын 24-нд бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн СЕХ-нд хүргүүлэх юм.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын тухай хуулийн шинэчлэлийг хэлэлцэнэ DNN.mn

Өнөөдөр УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн шинэчлэл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчлэл, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчлэл зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

  • “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2024.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 2 гишүүн 2024.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • ·  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • ·    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл
  • “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл
  • Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Бусад
  • Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Төсвийн тогтвортой байдлын тухай болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм.