Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд гулгаа үүсчээ DNN.mn

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын үзлэг хийлээ. Тэнгэр бүүдгэр, цасан шуургатай байна. Зорчих хэсэгт цасан бүрхүүл тогтон гулгаа үүссэн тул иргэд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,

-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний үйлдвэрлэлээ хараат байдал руу түлхэж байна гэсэн үг DNN.mn

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Уг шийдвэртэй холбогдуулан эдийн засагч Т.Дөлгөөнтэй ярилцлаа.


-УИХ-аас гурилын импортын татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг дагаад эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ. Үнэхээр гурилын үнэ буурах уу?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг УИХ баталлаа. Ингэхдээ ХХААХҮ-ийн сайд нь бус Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь уг хуулийн төслийг оруулж ирээд батлуулчихлаа. Сайд гэдэг бол салбарын бодлогыг тодорхойлж, хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар шийдүүлэх үүрэгтэй. Улс талаасаа харвал ХХААХҮ-ийн сайдын шаардлага ер нь байна уу гэж харагдахаар. Энэ ажлыг хэрэг эрхлэх газар нь хийчих юм биш үү гэлтэй харагдсан. Эдийн засаг талаасаа хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, дээрх хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхний тайлбарласнаар хүнсний болоод малын тэжээл, нөөцийг нэмэгдүүлэхэд, стратегийн бүтээгдэхүүн гэх гурилын үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан гэлээ.

Гэтэл энэхүү шийдвэр нь засаг, төр нэгдсэн бодлого төлөвлөгөөгүй явдгийг бүрэн утгаар нь харуулсан үйл явц. Түүнчлэн бодит байдал дээр Засгийн газрын энэхүү хүлээлт биеллээ олно гэж үзсэн нь хэт хөнгөн дүгнэлт болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг талаасаа маш хортой шийдвэр боллоо.

-Эдийн засагт яг ямар эрсдэл үүснэ гэсэн үг вэ?

-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэхээсээ илүүтэйгээр одоо алдагдалтай байгаа төлбөрийн тэнцлийг улам муутгах, төгрөгийн ханшийг улам сулруулах, үндэсний үйлдвэрлэл, газар тариалангийн салбарыг эрсдэлд оруулах шийдвэр боллоо. Тухайлбал, тариаланчдын бодлого алдагдаж, улмаар гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ажлын байраа хадгалахад хүндрэл үүсэх төдийгүй санхүүгийн эх үүсвэр нь гажуудах наад захын эрсдэлүүд бий. Цаашилбал, ажилгүйдлийн эгнээг нэмэгдүүлэх, халамжийн бүлгийг зузаатгах урьдач нөхцөл болно гэж харж байна.

– Төлбөрийн тэнцэл гэлээ. Угтаа төлбөрийн тэнцлийг багасгахын тулд экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Ерөнхийдөө валютын нөөцийг нэмэгдүүлэх ёстой байтал эсрэгээрээ импортыг идэвхжүүлсэн шийдвэр гэж харж байна уу?

-Яг тийм. Төлбөрийн тэнцлийг сайжруулахын тулд экспортыг нэмэгдүүлж, валютын дотогшлох урсгалыг сайжруулах ёстой. Ковидын үеийг бодоход эдийн засаг харьцангуй өссөн. Гадаад валютын нөөц нэмэгдсэн нь сайн хэрэг ч энэ мэт томоохон шийдвэр хормын төдийд жижиг эдийн засагтай манайх шиг улс оронд гай л болно. Өөрөөр хэлбэл, эдийн засагт хуримтлагдсан багахан хэмжээний валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, дотоод хуримтлалыг үгүй хийж эдийн засгийн дархлааг сулруулж буй бодлого боллоо. Учир нь энэхүү шийдвэр нь үндэсний үйлдвэрүүдийн оршин тогтнох асуудалтай шууд холбоотой. Товчхондоо эдийн засгийг саармагжуулж байна. Одоо байгаа валютын нөөцийг нэмэгдүүлэх бус шууд гадагш урсах болно.

-Иргэд, малчдын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гэж яриад байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Гурилын үнэ ханшийг барьж хэрэглэгчдийн ашгийг хамгаална гэж тайлбарлаж байгаа. Асуудал үүсэнгүүт гэнэт өнөөдөр гурилын үнэ өссөн мэтээр шийдвэр гаргаж байгаа юм. Гэтэл энэ асуудал аль хэзээ үүссэн. Үнэхээр бодлого хэрэгжүүлж байгаа бол гурил үйлдвэрлэгчдийн, цаашлаад тариаланчдын үйл ажиллагааг тогтвортой байх талд дээр улс төр хийлгүйгээр анхаарах ёстой байсан. Улстөрчид ч өөрсдөө энэ салбар луу орох шаардлагагүй байсан болов уу.

Дээрээс нь олон жил газар тариалангийн салбарт шинэчлэл хийгээгүй, тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг нь улам өргөжүүлэхэд анхаараагүй. Халамж болоод байшин барилгад зарцуулдаг мөнгөө валют олдог салбартаа зарцуулах ёстой байсан. Гурил, тэжээлийн эрэлтээс сэргийлэх боломж Засгийн газарт байсан гэсэн үг. Гэтэл УИХ-аар энэхүү асуудлыг хуулиар зохицуулж өгч байгаа нь түр зуурын гал унтраах явцгүй шийдвэр боллоо. Хэдийгээр богино хугацаандаа үнийн хөөрөгдлөөс хамгаалж буй харагдах боловч Оросын үйлдвэрүүдийн эрх мэдэлд орох, тэдгээрээс хараат болох зам руу түлхэж байна. Дотоодын үйлдвэрлэлээ унагах зүйл рүү явж байна гэж дүгнэж байна. Монгол Улсын хувьд өнөөдөр хойд болон урд хөршөөсөө хөгжлийн гол тулгуур салбаруудаараа хараат байгаа. Эрчим хүч, шатахуун, бензин, хүнд үйлдвэрлэлийн түүхий эд гэх мэт зүйлд. Эдгээр нь тухайн улс орны хөгжлийг түрэгсгэх гол хүчин зүйлс байдаг. Гэтэл үүн дээр нэмээд хүнсээ хүртэл хараат болгох гэж байна. Энэ бол том аюул шүү.

-Урт хугацаандаа улс орны эдийн засагт ямар нөлөөлөл учруулах вэ?

-Сая миний хэлээд байгаа хүнсний хараат байдал руу орно. Өнөөдөртөө өөрсдийнхөө хүслээр хямд гурил идэж болох ч маргааш тэдний хүслээр үнэтэй гурил идэх үү, үгүй юү дээрээ тулна. Үүнийг эдийн засгийн дайн гэдэг. Дайнд бид ялагдлаа гэсэн үг. Харин өнөөдөртөө өөрсдийнхөө хүслээр өндөр үнэтэй гурил идэж байгаа ч маргааш хямд гурил идэх боломжийг л нээж өгөх ёстой байсан. Нөгөөтэйгүүр Монгол Улс хэрэглэгч орон. Гэтэл хэрэглэгч орон гэдэг статусаасаа салж байж бид угтаа хөгжих ёстой юм. Гэтэл хэрэглэгч орон гэх статусыг зузаатгасан явдал боллоо гэж харж байгаа. Импортоор бараа бүтээгдэхүүн хямд ч бай, өндөр үнээр ч бай авна гэдэг бол гадагшаа урсах валютын урсгал нэмэгдэж байгаа л гэсэн үг шүү дээ. Энэ урсгалыг л багасгах тусам дотоодын эдийн засаг сэргэнэ. Энэхүү урсгал нэмэгдэх тусам дотоодын эдийн засаг суларна гэж ойлгох хэрэгтэй.

Э.ТҮВШИН

 

Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна DNN.mn

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна.

Түүнчлэн 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр мөн цас, бороо орж цасан шуургатай байна. Салхи өнөөдөртөө нутгийн зарим газраар, 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нийт нутгаар сэрүүн байх тул замд гарахдаа цаг агаарын нөхцөл байдлыг анхаарч, цасан болон шороон шуурганы үед хурдтай явахгүй байхыг анхааруулъя. Мөн шуурга намдтал түр зогсох, нөмөр газар машинаа байрлуулах, асаасан гал, тамхиа гүйцэт унтраах зэргээр учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд төрийн байгууллагуудын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаартай байна DNN.mn

Төрийн байгууллагын машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хөх өнгөтэй болгох ажил өнгөрсөн онд эхэлж байв.

АТҮТ-өөс мэдээлснээр уг ажлын явц 45%-д хүрчээ. Тодруулбал энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлтэй 8,100 тээврийн хэрэгсэл улсын дугаарын дэвсгэр өнгийг солиулж, цэнхэр болгожээ. Эдгээрээс ачааны машин 1,406, автобус 1,657, суудлын машин 3,413, механизм 290 байна.

ЗТХЯ-наас “Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дарга нарын эхнэр дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэл байнга ирдэг. Тиймээс төрийн машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилснөөр иргэд үүнд хяналт тавих боломжтой болно.

Цэнхэр өнгөтэй улсын дугаартай машинаар баар, ресторан, дэлгүүр хэсээд, сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэсэн бол Төрийн хэмнэлтийн хуулиар хариуцлага тооцно. Нэгдүгээр эгнээгээр зорчих давуу эрх олгохгүй” гэж мэдээлж байсан юм.

Монгол Улсын хэмжээнд 1,700 орчим төрийн байгууллага болон төрийн өмчит компанийн 14,000 машин төрд бүртгэгджээ.

Статистик мэдээллээр манай улсад дипломат албаны 487 гаруй машин улаан өнгийн, уул уурхайн 72,000 машин механизмын улсын дугаар хар өнгөтэй байна.

Харин 600 орчим эко буюу цахилгаан машиных ногоон, нийтийн тээврийн 1,560 орчим автобус, 250 орчим такси шар өнгийн дэвсгэртэй улсын дугаартай аж.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирвэл улс төрийн намуудын институцичлал сул байгаагийн илрэл болно DNN.mn

МУИС, Улс төр судлалын тэнхимийн профессор, доктор Д.Бумдарьтай ярилцлаа.


-2024 оны УИХ-ын сонгуульд одоогийн байдлаар 70 хүн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөл-бөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. 70 гэдэг бол том тоо гэж зарим хэсэг дүгнэж байна л даа. Таны хувьд юу гэж харж байна. Бие даагчид олноор бүртгүүлж байгаа нь юутай холбоотой вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан тул хүн бүр эрхээ эдлэх эрхтэй. Тиймээс бие даан нэр дэвших эрх бол хүн болгонд нээлттэй тул бүртгүүлж болно гэсэн үг. Тооны хувьд их бага байх гэдэг нь тусдаа асуудал юм. Хамгийн сүүлийн 2020 оны УИХ-ын сонгуулиар 76 мандатын төлөө 13 улс төрийн нам, 4 эвслээс нийт 485, бие даагч 121 нэр дэвшигч өрсөлдсөн. Тэгэхээр 25 гэдэг тоо бол бага байна аа, гэж хувьдаа үзэж байна. Тоог яагаад тусдаа асуудал гэж хэлсэн гэхээр ардчилал улам бэхжих тусам улс төрийн намын институцчилал сайжрах ёстой юм. Энэ тохиолдолд нэр дэвшилт илүү улс төрийн намаар дамжих байдал ихсэх учирта

Бие даан нэр дэвших хүсэлт нэмэгдэж байвал намуудын хөгжлийн асуудалд хариулт өгч байгаа үзэгдэл гэж ойлгож болно. Харин буурч байвал улс төрийн намын хөгжил явагдаж байна аа гэж дүгнэх боломжтой. Нэг төрлийн индикатор.

Нөгөө талаас алдартай нэг тодорхойлолт байдаг юм. Францын улс төр судлаач Морис Дюверже “Парламентын гишүүд давхар мандат авдаг. Гишүүн нь иргэдээс сонгогдохоос өмнө намаасаа сонгогддог. Тус бүрийн ач холбогдол нь мөн намаас хамаарна” гэж 1954 оны бүтээлдээ дурдсан байдаг юм.

Энэ нь нэр дэвших гэдэг нэр дэвшигчийн шалгуурын хангах ёстой гэсэн санааг давхар харуулж байгаа юм. Улс төрийн намууд нэр дэвшигчийн журамдаа нэр дэвших эрх авах шалгуурыг хэрхэн тусгасан байх, бусад улс төрийн тогтолцооны хуулиудад энэ шалгуурыг хэр зохицуулсан байх вэ гэдгээс “хүсэмжит” улстөрчийг нийтэд санал болгож чадах эсэхийг сонгуулиар шалгаж байгаа юм. Товчхондоо сонгогдож гарч ирэх хүн ард түмнийхээ төлөө ажиллаж чадах эсэх, тэднийг төлөөлж чадах эсэхийг шалгадаг гэсэн үг. Тиймээс бие даагч болон намаас нэр дэвших гэдгийн үнэн мөн чанар энд оршино. Харин манайд ямар байгаа бол гэдгийг намуудын нэр дэвшүүлэх журмаас харах хэрэгтэй.

-Одоогийн сонгуулийн тогтолцоо бие даагч нарт хэр ээлтэй вэ?

-Энэ жилийн Их хурлын сонгуулийн тогтолцоо бол хоёр талтай. Нэгдүгээрт, бүсчилсэн тогтолцоо буюу томсгосон олныг төлөөлөх тогтолцоо нь онолын өөрийн шинжийг агуулсан байгаа. Үүнд, томсгох тусам танигдсан, нутаг орондоо нэр хүндтэй байх, мөн санхүү болон бусад олон төрлийн нөөцтэй байх тусам сонгогдох боломжийг өгнө. Энэ шинжээрээ залуу улстөрч, бие даагч нарт халгаатай. Хоёрдугаарт, манай улсын ардчиллын хөгжил 30 гаруй жилийн түүхтэй. Социологич Холмс “Нэгхэн шөнийн дотор шинэ анги давхарга (нийгмийн шилжилт), шинэ боловсролын чиг баримжаа, шинэ хууль эрх зүйн орчин, шинэ олон улсын хамтын ажиллагаа-итгэлцэл, шинэ ёс зүйн дүрмийг шаардсан маш нарийн төвөгтэй шилжилт хийгдсэн. Мөн үзэл суртлын чиг баримжаагаа өөрчлөх шаардлага байсан” гэж 90-ээд онд шилжилт хийсэн ардчиллыг дүгнэн бичсэн байдаг. Энэ нь бидний хувьд бүх зүйл шинэ байсан тул алдаа, онооны шатыг туулж ирсэн гэсэн үг. Улмаар бидний хувьд ардчиллын бүх хэм хэмжээг нутагшуулахад хөрс нь өөр байсан гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа маш их болсон гэж дүгнэж болно. Үүнийг засахын тулд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд суурилан дараагийн 30 жилийг угтах гэж зорьж байна. Улс төрийн намууд үүнд санал нэгдэн улс төрийн шийдвэр гарсан гэж харж байгаа. Тэр утгаараа хөгжлийн суурийг тавих тогтолцоо болсон гэж үзэж байна. Тиймээс бие даагч нарт нэлээн бэрхшээл тулгарах байх.

-Бие даагч нарыг олноор сонгох нь ямар давуу талтай, үр нөлөөтэй байдаг вэ?

-Сул тал нь ойлгомжтой, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь эрх баригч юмуу олонх болсон тохиолдолд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон батлагддаг. Тиймээс нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт бараг хийгдэж чадахгүй болно. Нөгөө талаас 126 гишүүнтэй болсон учир ойролцоо үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй намууд эвсэн Засгийн газар байгуулах магадлал өндөр байна. Энэ тохиолдолд мөн л хамтын улс төр хийхэд хэцүү болно.

Сайн тал нь гэвэл түрүүн дурдсан намын хөгжлийг хэмжих үзүүлэлт болох тул олон бие даагч гарч ирвэл улс төрийн намуудын институцчилал сул байгаагийн илрэл болно. Мөн сөрөг хүчин болох магадлал хамгийн өндөр тул хяналтын механизмыг хэрэгжүүлэгч байж болно. Гэвч бодит амьдрал дээр бүлэгт нэгдэхийн тулд намуудтай тохиролцох зам нь илүү тод юм даа.

-Улс төрийн хүрээнд бие даагч нарыг санал хуваах зорилготой нэр дэвшдэг гэцгээдэг шүү дээ. Өнгөрсөн хугацаанд үнэхээр бие даагчид санал хуваасаар ирэв үү, та юу гэж харж байна вэ?

-Сонгуулийн кампанит ажлын технологи талаасаа санал хуваах зорилго тээж болно. Тийм учраас аль болох хувь тэнцүүлсэн элемент илүү давамгайлсан сонгуулийн тогтолцоо байх нь сайн юм. Судлаачийн хувьд санал хуваагдалт хийлгэж байна даа гэсэн тохиолдол байгаа. Ийм технологи ашиглах нь олныг төлөөлөх буюу тойргийн сонгуулийн тогтолцоотой үед илүү ашиглагддаг гэдгийг судлаачид бүгд гадарлана. Парламентын гишүүн болно гэдэг чинь мөрийн хөтөлбөрийн зорилгыг хууль болгон батлах, өөрчлөх замаар хамтын зөвшилцөл хийгдэж байж хэрэгжүүлдэг албан тушаал юм. Тиймээс бие даагчийн туйлын зорилго юу вэ гэдгийг тэдний харизм, мөрийн хөтөлбөр зэргээс хянах боломжтой.

-Сонгуулиар нэг нэр дэвшигчээс доод тал нь 1.5 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл УИХ-ын гишүүн болсноор дөрвөн жилд нийт 250 сая төгрөгийн цалин авах юм байна. Ямар учраас улстөрчид УИХ-ын гишүүн болохоор ингэж их улайрч байна вэ хэмээн гайхах хэсэг байна л даа. Та судлаач хүний хувьд үүнд ямар дүгнэлттэй байгаа вэ?

Дээд тал нь 1.5 тэрбум гэж албан ёсны мөнгөн дүн гарсан. Тэгэхээр маш энгийн асуудал юм. Нэр дэвшигчийн санхүүгийн нөөц үнэхээр сайтай бол өөрөө гаргах байх, харин тийм биш бол хаанаас санхүүжилт босгох нь анхаарал татна. Энийг л харах ёстой, манай улсын эдийн засгийн чадавх, иргэдийн орлогын байдал бодит амьдрал дээр улс төрийн намд хандив өгөх, нэр дэвшигчдэд хандив өгөх хэмжээнд байгаа эсэх. Улмаар нэр дэвшигч хандивын дансаа нээх хугацаа нь богино байна. Ийм байхад сонгуулийн кампанит ажлын зардал гэдэг анхаарал үргэлж татах сэдэв байсаар байна. Тэгэхээр сонгуульд зарцуулах зардал, цалингийн хэмжээ хоёрын урвуу хамаарал нь бас ямар нэгэн зүйлийн урвуу хамаарал байх нь ээ гэсэн үг. Товчхондоо өөр хүсэл сонирхол тээгч гишүүн болох нь ээ гэсэн үг. Хувь судлаачийн үүднээс улс төрийн санхүүжилтийн бие даасан хууль гаргаж байж улс төр, мөнгө хоёрын хамаарлыг тодорхой хэмжээнд хянаж чадна гэж үздэг. Учир нь улс төрийн мөнгөний нэг урсгалыг хаахад нөгөө урсгал нээгдэж байдаг гэж олон судлаачид нотолсон байдаг. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс зарим улс орнууд сонгуулийн зардлыг даадаг, эсвэл сонгуулийн төв байгууллагад нэр дэвшихдээ хураамж төлөн түүнийг нь нийт сонгуулийн сурталчилгаанд ашиглах арга замууд байдаг. Анхаарах зүйл нь улс төрийн санхүүжилтийн асуудлыг бүрэн утгаар шийдэж чадсан улс орны кейс байхгүй. Манай улсын хувьд энэ сонгуулийн дараагаас гишүүн байхын зорилго, чиг үүрэг тодорхой болж ирнэ гэж найдаж байгаа. Хэрэв тийм биш бол одоогийн сонгуулийн зардлын дүнг харахад бүх амьдралаа цэгцлээд эх орныхоо төлөө бүх хүчээ зориулах хүмүүсийн нэгдэл парламент юм байна гэж гэнэн үнэмшил тээхээс өөр аргагүй юм.

Эцэст нь хэлэхэд, ардчиллын амин чухал институци нь нам, сонгууль хоёр. Энэ хоёрын хөгжил аль болох онолын идеал утгад дөхөж очих тусам бидний хүсч байгаа ардчилал гээч зүйл бодит болно. Тиймээс намын хөгжлийн асуудал, сонгуулийн мөн чанарыг нийтээрээ үргэлж анхаарч байх хэрэгтэй юм.

Р.ЖаРГал

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 26, Сугар гариг. Билгийн тооллын 18, Онгоц одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 5:42 цагт мандаж, 19:58 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -6…-11 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -1….-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -2…+3 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +3….+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Гудамж цэвэрлэгч гурван сая төгрөгийн цалинтай боллоо. Багш, эмч нар хэдэн төгрөгийн цалинтай болох вэ, Х.Нямбаатар дарга аа” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-26-ны баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл “Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо”  хэмээн ярилаа. Энэ тухай V нүүрээс уншаарай.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Уг шийдвэртэй холбогдуулан эдийн засагч Т.Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрбээр “Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний үйлдвэрлэлээ хараат байдал руу түлхэж байна гэсэн үг” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Гудамж цэвэрлэгч гурван сая төгрөгийн цалинтай боллоо. Багш, эмч нар хэдэн төгрөгийн цалинтай болох вэ, Х.Нямбаатар дарга аа” хэмээн өгүүллээ

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Дэлхийн баруун төвийн үзэлтэй улс төрийн намууд Монголд ардчиллын алдаа, оноог хэлэлцэж байгаа нь түүхэн үйл явдал” гэв.

Ном ярьж өгье: “Өндөр уулын ур чадвар-Зун”
номын тухай

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

 

Categories
мэдээ нийгэм

АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгийг хүлээн авлаа DNN.mn

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн либералчлал, Зам, тээврийн хөгжлийн яамны Хямд тийз-Хүртээмжтэй нислэг зорилтын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа.

Одоогоор тус онгоцоор Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж, цаашид АНУ, Сингапур, Австрали руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.

Тус агаарын хөлөг нь хурдтай, алслалт сайтай тул тив алгассан холын зайн нислэгийг зогсолгүй шууд үйлдэх боломжтой байна. Дэлхийн зогсолтгүй шууд үйлддэг холын зайн 5 чиглэлийн нислэгийн 3-ыг тус агаарын хөлгөөр үйлддэг аж.

Categories
мэдээ нийгэм

Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй гоймон худалдаж байжээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бэлэн гоймон худалдаалдаг зах, хүнсний худалдааны газар болон импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгалаа.

Монгол Улсад бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог. 2023 онд 79 аж ахуй нэгж 14 улсаас 10212.38 тн, 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 41 аж ахуйн нэгж 11 улсаас 3111.46 тн бэлэн хоол, гоймон оруулж ирснээс 75.6 хувь нь Хятад, 19 хувь нь Солонгос, 1.9 хувь нь Индонезоос оруулж ирсэн байна.

Шалгалтын хүрээнд хүнсний худалдааны чиглэлийн 13, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэг, бэлэн гоймон импортлогч есөн аж ахуйн нэгж болон 23 объектын 27 агуулахыг шалгаж, 19 нэрийн 51 төрлийн бэлэн гоймонгийн гарал үүсэл, шинжилгээний дүн, хаяг шошго, сав баглаа боодол, хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал зэргийг хянан үзэж, зарим нэр, төрлийн бэлэн гоймонгоос дээж авч Стандарт хэмжил зүйл газрын лабораторид шинжилгээ хийлгэхээр хүргүүлжээ.

Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, агуулахын ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулаагүй, хүнсний агуулахад холбогдох стандартыг бүрэн хангаагүй, хог хаягдлыг ялган ангилаагүй зэрэг зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудыг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.

Мөн нэр бүхий найман газарт прокурорын мэдэгдэл хүргүүлж,  зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөхийг даалгажээ.