Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойн салбарын үндэсний чуулган болж байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган” өнөөдөр Төрийн ордонд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан юм.

“Ойн салбарын үндэсний II чуулган”-аар “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хамтран зохион байгуулах тус үндэсний чуулганд ойн мэргэжлийн байгууллага, холбоод, олон улсын байгууллагууд, сум дундын болон сумын ойн ангийн инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.

Эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг ойн экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж Монгол орны ойрхог чанарыг 9 хувь буюу түүнээс дээш хувьд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах, ногоон хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд үндэсний чуулганы зорилго оршиж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Метрог сонгуулиас гурван сарын өмнө биш, гурван жилийн өмнөөс ярьсан бол үнэмшилтэй юм даа DNN.mn

Энэ жил сонгуулийн жил. Сонгууль дөхөж байгаагийн гол баталгаа бол улс төрийн намууд, эрх баригчид сонгогч олон, ард түмэндээ диваажин амлаж эхэлдэг. “Иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргана. Ингэснээр хүн бүхэн жаргалтай амьдарна” гээд УИХ-ын ээлжит сонгууль бүхний өмнө уриа лоозон дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө боловсруулж, итгэл үнэмшилтэйгээр ярьдаг. Сүүлийн 30 гаруй жил ард түмэн “диваажингийн үлгэр”-ийг сонссон. Улстөрчдийн, намуудын ярьсан, амласан, хэлсэн бүхэн нь худлаа байсан. Зүгээр л сонгуулийн шоу, ард түмнээ хууран мэхэлсэн тохуурхал байсныг нь өнөөгийн Монголын нийгэм бэлхэнээ гэрчлээд өгнө.

Яг одоо Монголд метро барих тухай яриа хөвөрч, дээр дооргүй шуугиан болж байна. Улаанбаатар хот удахгүй метротой болно. 17 км урт замтай, 14 зогсоолтой өдөрт 10-12 мянган хүн тээвэрлэнэ. Ердөө 1000 төгрөгөөр л явна гээд сүйд болцгоож байна. Газар сайгүй самбар байрлуулаад. Бараг л метротой болчихсон юм шиг сэтгэгдэл төрөхөөр.Гэвч энэхүү яриа, төсөл хөтөлбөр эрх баригчдын сонгуулийн өмнөх өнөө ээлжит үлгэр шиг санагдаад байна. Учир нь Монголын төрийг удирдаж байгаа Ардын намын нөхдүүд метроны төслийг сонгуулиас гурван сарын өмнө яаран сандран ярих биш, харин гурван жилийн өмнөөс ярьсан бол үнэмшилтэй санагдах байлаа.

Метро бол үнэхээр хэрэгтэй. Улаанбаатар хот баруунаас зүүн, зүүнээс баруун тийш Энхтайваны өргөн чөлөөгөө дагасан нарийн зурвас бүхий замын ганцхан хөдөлгөөнтэй. Уг голдирол чиглэлийн дагуу метро барина гэдэг хамгийн зөв шийдэл. Шар хөвийн дөрөлжөөс Налайх хүртэл 20 км газарт баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлийн дагуу метро барья гэж манай сонин олон удаа бичсэн. Тэгвэл Амгалангаас Толгойт өртөө хүртэлх 17 км газарт Энхтайваны өргөн чөлөөг дагасан шугамыг барьж, баруун зүүн чиглэлийн метро барих тухай яригдлаа. Метротой болбол түгжрэлээс гадна газар доогуур дэлхийн хотууд шиг том хот босно.

Худалдааны том төвүүд, олон улсын стандарт бүхий молл дэлгүүрүүд, төрөл бүрийн хоолны газар, баар, ресторан гээд газар доогуур бүхэл бүтэн том ертөнц бий болно. Үйлчилгээний газар, баар савнаас гадна газар доорх ертөнц чинь цаг зэвүүн болсон өнөө цагт монголчууд бидний хоргодох байр болно. Ямар нэгэн аюул тулгарлаа гэхэд Улаанбаатарынхаа утааныхаа цаана л нуугдана гэж боддоггүй юм бол бидэнд өөр хоргодох газар алга. Финланд улс гэхэд 5.3 сая хүн амтай. Харин газар доороо 4.4 сая хүн багтах 54 мянган бункер хоргодох байртай гэдэг. Мөн бүх хурдны зам нь доороо тэсрэх бөмбөгтэй байдаг юм гэсэн. Хурдны замаар нь дайсны цэрэг ирлээ гэхэд ганцхан кноп дараад л шууд устгах боломжтой гэсэн үг.

Улс орон өөрсдийнхөө аюулгүй байдлыг ингэж хамгаалдаг байна.Түүнээс бид нар шиг хоорондоо хэрэлдээд, цахимаар элийрч балайрсан нэгнийхээ тухай ярихаас өөр хийх ажилгүй, нийтээрээ мунхарсан юм шиг ангайж суугаа ийм улс гэж хаана ч байхгүй. Аюул тулгарвал тэр ах маань хамгаална, өмөөрнө гээд ертөнцөд байхгүй юманд найдаад санаа амар сууна гэдэг дэндүү эмгэнэлтэй. Ер нь туурга тусгаар бол тусын дайсан гэгчээр ах дүү улс орон гэж энэ дэлхийд байдаггүй. Тиймээс аль нэгэн улсыг ах гэж дээр дооргүй элийрдгээ одоо болих хэрэгтэй. Улс орны аюулгүй байдал хоргодох байрнаас эхэлдэг болохыг дэлхийн том хотуудын жишиг бидэнд харуулсаар байна. Метро тун чухал, түүнээ дагасан газар доорх хот нь монголчууд бидний хоргодох байр болно гэдгийг толгойтой бүхэн сайн бодох хэрэгтэй. Сүүлийн найман жил засаглаж байгаа Ардын намынхан метрог өнөөдөр биш, ядахдаа өмнөх сонгуулийн дараа ярьсан бол гэж зэвүү хүрээд байх юм.

Улс оронд хамгийн хэрэгтэй энэ бүтээн байгуулалт ард түмнийг хуурах гэсэн ээлжит жүжиг нь байх вий гэхээс харамсал төрөөд байна.Гурван жилийн өмнө эрх баригчид дүүжин тээвэр гэж хий дэмий цовхчиж байхын оронд метрогоо ярьж, түүнээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж, жаахан сэтгэл гаргасан бол мөн ч их хэрэгтэй байх байлаа. Монголчууд бид улс орны амин чухал ажлаа аль болохоор ярихгүй, түүнийг тойроод байх шиг санагддаг. Үндсэндээ Монгол Улсын хөгжил дэвшилд хэрэгтэй, үүнийг хэрэгжүүлбэл улс орон хөгжин дэвшинэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйлийг ярих болохоор ямар нэгэн зүйл саад болдог. Ямар нэгэн аргаар хориглож, хаачихаад байх шиг санагддаг. Тэгээд л хамгийн хэрэгтэй зүйлээ огтоос ярихгүй орхиод, тойроод байдаг.

2008 оноос Улаанбаатарын замын түгжрэлийн тухай яригдсан. Замын түгжрэлийг шийдэх цорын ганц арга нь метро болохыг дэлхийн хотуудын түүх хэлээд өгдөг. 2004 онд одоогоос 20 жилийн өмнө “Шар айраг”-ийн Г.Ганхүү “Улаанбаатар хот нэг сая иргэнээ хүлээн авлаа. Нэг сая хүн амтай дэлхийн метрополис хот боллоо. Метрополис хотод заавал метро байх ёстой” гэж бичиж байсан. Дараа нь НИТХ-ын төлөөлөгч байхдаа метро барих ажлыг мөн ярьж байсан. Гэтэл Ганхүүгээс өөр метро ярьсан, түүнийг хийхийн төлөө зүтгэсэн хотын удирдлага, эрх баригч байсангүй. Замын түгжрэлээ яаж шийдэх тухай, тэг зогсолт боллоо, цаашид яах тухай хий дэмий шүлсээ үсэргэж байснаас ганц гарц метрог хэн ч яриагүй нь гайхмаар. Монголд замын түгжрэл, утаа хоёр шиг толгойны өвчин болсон асуудал байхгүй.

Гэвч энэ хоёрыг шийдэх шиг амархан юм байхгүй. Метро тавиад л замын түгжрэл шийдэгдэнэ, ганц цахилгаан станц барьж бүх айлаа цахилгаанаар холбоод, тень тавиад л утаанаас салчихна. Гэвч эрх баригчид энэ хоёрыг хийхгүй,

метро тавихгүй, станц барихгүй, энэ тухай ерөөсөө ярьдаггүй нь гайхширал төрүүлмээр. Цаанаас нь ямар нэгэн хүн битгий ярь, битгий хий гэж удирдаад байх шиг санагддаг. Ардын нам найман жил засаглахдаа ганц ч үг ганхийгээгүй хэрнээ яг сонгууль дөхсөн энэ үед метро гэж дуугарлаа. Ээлжит молиго үмхүүлэлт, шилний цаанаас долоолгосон чихэр гэж бодохоор үнэхээр урамгүй байна. Гэхдээ улс орны амин чухал энэ асуудлыг сонгуулийн шоу мэтээр ойлгон хаа хаанаа ингээд орхичихож болохгүй.

Ер нь аливаа ажлыг зүгээр нэг яриад хий дэмий шүлс болгоод орхидгоо одоо больё. Хэлсэн ярьсан бүх зүйлдээ хариуцлагатай, хууль ёсны дагуу ханддаг болох хэрэгтэй. Г.Занданшатарын даргалж буй энэ удаагийн парламент ирэх сонгуулиар бий болсон дараагийн шинэ парламент бүрдтэл хүчин төгөлдөр ажиллана. Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нар нэн даруй метроны хууль өргөн барьж УИХ-ын чуулганд оруулах хэрэгтэй байна. Хаврын чуулганаар хэлэлцэх гол ажлын нэг нь метроны хууль байх хэрэгтэй. Дараагийн шинэ Засгийн газар уг хуулийг мөрдөн ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх нь зөв. 2029 он гэхэд метро бүрэн ашиглалтад орно гэдгийг хатуу хуульчлаад, энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийгээгүй Засгийн газар болон хариуцсан тухайн албан тушаалтанд “Улс орны хөгжилд зориудаар саад хийсэн” хэмээн үзэж хатуу хариуцлага хүлээлгэх ёстой.

Ингэж байж бидний ажил урагшилна. Урьдынх шигээ хий хоосон үлгэр яриад өнгөрдөг, хэн нэгэнд хариуцлага хүлээлгэдэггүй, бахь байдгаараа байвал бид улам уруудан доройтсоор байх болно. Улс орны хувь заяатай холбоотой бүх зүйлийг хууль ёсны дагуу шийддэг, хуульчилж өгдөг ийм л зарчим руу явах нь чухал. Тиймээс метроны төслийг сонгуулийн шоу болгох биш, УИХ-ын чуулганаар хуульчилж өгөх нь чухал.

Д.Батболд

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улс төр судлаач Б.Түвшинбаяр: Залуучууд улс төрийн суурь мэдлэггүйгээс болоод сонгуульд хэний төлөө саналаа өгөхөө шийдэж чаддаггүй DNN.mn

Нийгмийн ухааны доктор, улс төр судлаач Б.Түвшинбаяртай улс төрийн нам, сонгуулийн асуудлаар ярилцлаа.


-Юуны өмнө танаас энэ сонгуулийн онцлог, тэр дундаа иргэдийн улс төрийн боловсрол ямар түвшинд байна вэ гэдгээс яриагаа эхэлье ээ?

-Улс төрийн боловсрол гэхээс илүү сонгогчдын боловсролын асуудлыг ярих нь чухал байх. Тэгэхээр сонгогчдын боловсрол гэдэг олон талт ойлголт. Эрх зүйт төр гэж юу вэ. Ардчилал гэж юу вэ гэдгийг. Ийм улсад амьдарч байгаа иргэдийн эрх, үүрэг гэж юу гэдгийг ярих хэрэгтэй болно. Тэгэхээр сонгуульд яагаад заавал оролцох ёстой вэ, оролцсоноороо иргэнд ямар ач холбогдолтой вэ гэдэг суурь ойлголтыг сонгогчдын боловсрол гэж тайлбарлаж болно. Ардчилал өндөр хөгжсөн тухайлбал, АНУ-д сая миний хэлсэн энэ суурь боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт багтаасан байдаг.

Харин манай улсад нийгмийн ухааны хичээл гэж орж байгаа, тийм үү. Үүнд улс төр, сонгуулийн талаар нарийвчлан заадаггүй. Дээр нь хичээлийн цаг цөөхөн байдаг. Тэгэхээр юуны өмнө энэ асуудлаар иргэдээ төлөвшүүлэхийн тулд бид суурь боловсролын хичээлийн хөтөлбөрт илүү олон цагаар оруулж өгөх шаардлагатай. Тэгэхгүй бол хэн дуртай нь улс төр ярьдаг. Ярих ярихдаа яг таг мэдэж байгаа юм шиг мэдэмхийрч нэг талын өнцгөөр ярьдаг нь нийгэмд асар сөрөг үр нөлөөг бий болгодог. Үүний тод жишээ бол манай улс байна. Үүнийг өөрчлөхийн тулд суурь боловсролд нь энэ асуудлыг системчлэн оруулж өгөх хэрэгтэй байгаа юм.

-Суурь мэдлэг, ойлголт аваагүйгээсээ болоод монголчуудын улс төрийн боловсролын түвшин сул байдаг гэж ойлгох уу?

-Мэдээж тийм. Суурь мэдлэг, боловсролгүй учраас зөвхөн бусдын ярьсан дээр дүгнэлт хийх маягаар улс төрийн талаарх ойлголтуудыг авдаг. Үүнээс болоод залуучуудын дунд улс төрд оролцох, улс төрийг ойлгох сонирхол бусад орнуудтай харьцуулахад манайх маш доогуур гэж хэлж болно. Манай залуучууд буюу 16-25 насныхан улс төрийг томчуудын ярианы сэдэв гэж ихэнх нь ойлгодог. Эсвэл бүр хөгшин хүмүүсийн ярьдаг ойлголт маягаар хүлээж авдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ хандлага харьцангуй өөрчлөгдөж байгаа гэж хэлнэ. Гэвч суурь боловсролын системд яг таг зөв мэдлэг олгохгүй л бол улс төрийн талаарх туйлшрал явагдсаар л байна. Нөгөөтэйгүүр арван жилдээ гэж ярьдаг. Энэ үедээ залуучууд улс төр, сонгуулийн талаарх мэдлэгээ бүрэн олж авч чаддаггүй учраас яг сонгууль өгөх болохоороо хэнийг яаж сонгох вэ гэдгээ мэддэггүй. Тэгэхээр яах уу. Аав, ээж, эмээ, өвөөгийнхөө ярьдаг улстөрч, улс төрийн намын талаар бодно. Улмаар “За аав маань тэр намыг их дэмждэг. Тиймээс би тэр намд нь саналаа өгье дөө” гэх хандлагатайгаар саналаа өгдөг залуучууд олон. Үүнээс болоод сонгуулийн үр дүн, улс төрийн нөхцөл байдал нийгмийн хүссэн шиг өөрчлөгдөж чаддаггүй. Нөгөө л нэг нам, нөгөө л нэг улстөрчид дахин дахин гарч ирээд байдаг нь ийм учиртай.

-Угтаа иргэн бүр өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил дээрээ тулгуурлан сонгуульд саналаа өгөх нь илүү чухал гэж хэлж байна уу та?

-Тийм. Нөгөө талдаа үнэт зүйл, бодлогын хувьд өрсөлдөөн байхгүй болсон. Тиймээс залуучуудын хувьд улс төрийн намуудыг хооронд нь ялгаж, салгаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл МАН, АН гээд том намууд байдаг ч яг юугаараа ялгаатай вэ гэдгийг нь мэдэхгүй залуучууд олон байна. Гэтэл бусад оронд тэр дундаа АНУ-д энэ асуудал маш тодорхой байдаг. Тэнд хоёр том намынх нь үзэл баримтлал, алсын хараа, үнэт зүйл нь тодорхой байдаг гэсэн үг. Баруун үзэлтэй нам нь энэ. Зүүний үзэлтэй нам нь тэр гэх мэт. Тиймээс иргэдийнх нь хувьд сонголтоо хийхдээ маш хялбар, амар байдаг. Манайд бол яг сонголтоо хийхдээ зуун хувь итгэлтэйгээр, ямар ч эргэлзээгүй саналаа өгнө гэдэг ойлголт байдаггүй. Байнга эргэлздэг. Эргэлзэж эргэлзэж буруу сонголтыг хийх нь олон. Тэгэхээр хувь хүн өөрийнхөө үзэл баримтлал ямар байна вэ гэдгээ эхлээд мэдэх хэрэгтэй. Дараа нь улс төрийн намуудын үзэл баримтлал, ер нь улс төрийн нам гэж юу вэ гэдгээ ойлгох нь чухал. Энэхүү ойлголтыг суурь боловсролын мэдлэгээр олж авах ёстой л гэдгийг хэлээд байгаа юм.

-Улс төрийн нам, улстөрчдийн рейтинг ямар байгаа, ямар улс төрийн нам, улстөрчийг иргэд сонгох вэ гэдэг судалгаанууд их явагдаж байна. Үүнээс нэг зүйл ажиглагдсан нь иргэдийн ихэнх нь буюу 50-иас дээш хувь нь хэнийг сонгохоо одоогоор шийдээгүй байна гэж. Тэгвэл тэр сонголтод багтахын тулд улс төрийн нам, улстөрчид юу хийх шаардлагатай вэ?

-Иргэдийн хувьд сонгууль болох яагаа ч үгүй байна. Харин улс төрчдийн хувьд сонгууль хаяанд нь ирчихээд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр иргэдийн хувьд энэ олон улс төрийн нам, улстөрчдөөс хэн нь илүү вэ гэдгээ тандалтыг өдөр тутам хийж байгаа гэсэн үг. Тиймээс одоохондоо хэнийг сонгохоо шийдээгүй байна гэж үзэх иргэд маш олон байгаа. Би ч гэсэн хувьдаа хэнийг сонгох вэ гэдгээ одоогоор шийдээгүй байна. Нөгөөтэйгүүүр иргэдийн энэхүү саналаас юу ойлгох хэрэгтэй вэ гэж. Юуны өмнө бид хэнийг ч сонгоогүй байгаа шүү гэдгээ хэлж байна. Тэр утгаараа та бүхэн бидэнд өөрсдийгөө таниулаарай, хэнд нь ч боломж бий шүү гэж хэлээд байгаа юм. Улстөрчид уг судалгааг ерөөсөө ингэж л ойлгох хэрэгтэй. Энэ сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулна. Тэгэхээр улс төрийн намын хувьд нэр дэвшүүлэх гишүүдээ аль болох л таниулах ажлыг идэвхтэй хийж л байх ёстой. Энэ бол шинэ нэр дэвшигчдийн хувьд чухал ажил. Гэвч яг одоогийн байдлаар хуучин улстөрчид энэ ажлаа идэвхтэй хийгээд байна уу гэж харагдаж байна.

-Шинэ улс төрчдийн хувьд энэ том тойрогт өөрсдийгөө яг яаж таниулах ёстой вэ?

-Улстөрчдийн өөрийгөө таниулах гол хэрэгсэл нь хэвлэл мэдээлэл. Тиймээс хэвлэл мэдээлэлд тэр дундаа өдөр тутмын сонин хэвлэлд бодлогын томоохон ярилцлага өгөх нь чухал. Гарсан ярилцлагаа өөрсдөө ул суурьтай харж, дараагийн удаа энэ асуудал дээрээ би ингэж анхаарах ёстой юм байна гэдэг байдлаар алдаагаа засах боломжтой. Иргэдийн хувьд ч тухайн улстөрчийн талаар өөрийн үзэл бодлоороо дүн шинжилгээ хийнэ. Телевизийн шууд ярилцлагад орж өөрийгөө таниулъя гэвэл маш болгоомжтой хандах ёстой. Нэг үг, нэг өгүүлбэр битгий хэл биеийн хэлэмжээрээ буруу ойлголтыг олон нийтэд өгвөл таны нэр хүнд огцом унах эрсдэлтэй. Тиймээс шинэ залуу улстөрчид олон нийттэй зөв харилцаж, олон нийтэд зөв ойлголтыг өгөхийн тулд эхлээд өдөр тутмын сонинд ярилцлага, нийтлэлээ өгдөг. Энэ бол манай улс төрийн хүрээнд тогтсон хэв маяг гэж ойлгож болно. Өнөөгийн улс төрийн намуудын лидерүүд, ахмад улстөрчид бүгд л улс төрийн гараагаа, олон нийтэд танигдах ажлаа өдөр тутмын сониноос эхэлж байсан гэж хэлбэл хилсдэхгүй болов уу.

-Улс төрийн нам Монголд хэрэггүй гэж ярих цөөнгүй хүмүүс байдаг. Тэр хүмүүс ямар учраас ингэж ярьж байна вэ. Нийгмийн ухааны доктор, улс төр судлаач хүнийхээ хувьд уг асуудлыг яаж ойлгож байна?

-Ярианыхаа эхэнд улс төрийн суурь мэдлэг, боловсролын талаар хэлсэн. Таны энэ асуултад яг л тэр өнцгөөр хариулахаар байна. Улс төрийн нам гэж юу вэ, сонгууль гэж юу вэ, ямар ач холбогдолтой вэ гэдэг онолын суурь мэдлэгүүдийг дунд ангиасаа эхлээд хичээлээрээ дамжуулан ойлгож байх ёстой. Гэвч манай боловсролын системд ийм төрлийн дагнасан хичээлийн хөтөлбөр алга. Ерөнхий нийгмийн ухааны мэдлэгүүд гэх хөтөлбөр дотор л хальт дурдсан маягтай байгааг бид өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр нам Монголд хэрэггүй гэж ярьж байгаа хүн бол ямар тогтолцоотой, ямар онцлогтой, ямар системтэй улсад амьдарч байгаагаа ойлгодоггүй юм байна гэж хэлнэ. Нөгөөтэйгүүр нам огт хэрэггүй гэж үзэх иргэд тийм ч олон байхгүй болов уу. Сайн, муу ч эрх зүйт төртэй, ардчилсан орон л юм бол улс төрийн нам байж л таарна. Улс төрийн нам олшрох тусам нийгэм улам ил тод, хариуцлагатай болно. Ялангуяа улс төрийн намуудын хүч, нөлөөлөл, өрсөлдөөн тэнцүү болчихвол тэр чинээгээрээ улс орны хөгжил, төр засгийн байдал тогтвортой болж, бүх талаараа сайжирна. Улс төрийн намгүй бол бид яаж төрөө байгуулах юм. Төргүй бол Монгол Улс гэж байхгүй.

Тиймээс улс төрийн намуудыг төлөвшүүлэх, цэвэр өрсөлдөөн, мэтгэлцээний зарчмаар хөгжүүлэх асуудлыг л ярих хэрэгтэй. Түүнээс биш нам байхгүй байх нь Монголд ашигтай гэвэл улсынхаа тусгаар тогтнол руу нулимж байгаатай л ялгаагүй асуудал. Нам байх нь зайлшгүй асуудал. Харин ямар намтай байх вэ гэдгээ л бид бодох хэрэгтэй.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 5, Ангараг гариг. Билгийн тооллын 25, Суулга одтой, шар луу өдөр. Өдрийн наран 07:25 цагт мандаж 18:42 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Ичигсэд хөдлөх улирал (10ц 17м) эхлэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 05-наас 2024 оны 03 дугаар сарын 09-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     05-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр, 06-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 07-нд Хэнтийн  уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд говь, талын нутгаар, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -16…-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22…-27 градус, өдөртөө -10…-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Энэ жилийн сонгуульд зөвхөн хэдэн малчин л орох бололтой юм аа даа” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэн “Нэр дэвшигчийг хуулийн зөрчилтэй байгаа эсэхийг нь шүүх цагдаагийн байгууллагаас тодруулснаар бүртгэж, үнэмлэх олгоно” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарь “Намууд манлайлал үзүүлэх, мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчээ таниулах боломж бол мэтгэлцээн” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Энэ жилийн сонгуульд зөвхөн хэдэн малчин л орох бололтой юм аа даа” хэмээн өгүүллээ. 

Өнгөрсөн онд 113294 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн гэв


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

АНУ-аас зудын эсрэг хариу арга хэмжээний тусламжийг нэмэлтээр 2000 малчин өрхөд үзүүлж байна DNN.mn

АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (ОУХА) шугамаар Монголын малчдад хүндээр тусаад буй зудын эсрэг хариу арга хэмжээ авах тусламжийг нэмж 2,000 гаруй малчин өрхөд олгохоор боллоо.

Ингэснээр АНУ-ын Засгийн газраас он гарсаар үзүүлсэн зудын эсрэг нийт тусламжийн хэмжээ 3,058,179,445 төгрөг буюу 900,000 орчим ам долларт хүрлээ. Энэхүү тусламжийг нийт 2,700 малчин өрхөд өвс, малын эм, мөнгөн дэмжлэг үзүүлэхэд зарцуулж байгаа бөгөөд тусламж шаардлагатай иргэдэд хүрэхийн тулд хаагдсан замуудыг чөлөөлөх ажилд мөн АНУ-ын ОУХА дэмжин оролцож байна.

Монгол оронд сүүлийн 49 жил ажиглагдаагүй их цас орж, 20 аймгийг хамарсан эрс хүйтэн цаг агаар малчин өрхийг эрсдэлд оруулж, энэ өвлийн зуд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тохиолдсон хамгийн хүндэд тооцогдож байна. Хоёрдугаар сарын сүүлээр цаг агаарын нөхцөл байдлын улмаас 52 мянган км зам зорчих боломжгүй болж тусламжийн хуваарилалтыг улам хүндрүүлсэн гэж Засгийн газраас тооцоолсон байна. Зудын гамшгаас болж аль хэдийн хоёр сая мал хорогдсон гэсэн тоо бий.

Эрс хүйтэрч, цас ихээр орч байгаа нутгуудын айл өрх, малд үзүүлэх нөлөөг АНУ анхааралтай ажиглаж байна. АНУ-ын Элчин сайд Ричард Буанган өнөөдөр тусламжийн эхний багцыг эмзэг бүлгийн 700 өрхөд хүргэхээр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн түгээлтийн төвд зочлохдоо “Энэхүү нэмэлт санхүүжилт нь улс, аймаг, сумдын түвшинд явуулж буй малчин өрхийн амьжиргааг хамгаалах бидний тусламжийн арга хэмжээнд тулгуурлах юм. Монгол Улсын урт хугацааны түнш, стратегийн гуравдагч хөршийн хувьд бид хаваржилт хүндэрч буй бэрх цаг үед Монголын ард түмэнтэй хамт байх болно” хэмээн онцлов.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “АНУ-ын Элчин сайд өнөөдөр манай түгээлтийн төвд хүрэлцэн ирсэнд талархаж байна. АНУ-ын Элчин Сайдын яамнаас Монголын Улаан Загалмай Нийгэмлэгт оруулж буй энэхүү хувь нэмэр нь монгол өрхүүдийг хүнд хэцүү үеийг даван туулахад шууд тусламж болж байна. Энэхүү тусламж нь малчин өрхүүд амьжиргаагаа хадгалж, улмаар уламжлалт амьдралын хэв маягаа үргэлжлүүлэхэд нь тус дэм болно” гэв.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь зуд болон бусад байгалийн гамшигт Монгол Улсын тэсвэртэй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай ажилладаг. Гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийг дэмжин чадавхжуулах, Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран Шуурхай удирдлагын тогтолцооны сургалтууд зохион байгуулах, малын өвчлөлийн тандалтын чадавхыг бэхжүүлэх зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсын ард иргэдийг гамшигт тэсвэртэй, түүний нөлөөллийг даван туулах чадвартай болоход нь тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл хөтөлбөрийг дэмжих зорилгоор 2010 оноос хойш найман сая орчим ам.долларын санхүүжилт олгоод байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрх зөрчсөн 40 иргэнийг нийт 12 сая төгрөгөөр торгожээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024 оны хоёрдугаар 26-наас гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд) 34,995 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 450 хэргийг хүргүүлсэн байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 40 иргэнд 12,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 80 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

 

Categories
мэдээ спорт

С.Бобровский “Флорида”-гийн бүх цаг үеийн дээд амжилт тогтоов DNN.mn

Хойд Америкийн ҮХЛ-ийн “Флорида Пантерз” баг талбайдаа “Баффало Сэйбрз”-ийг 3:2-оор хожжээ. Эл тоглолтын баатраар талбайн эзэн багийн орос хаалгач С.Бобровский тодорсон агаад 31 цохилт хааж, хоёрыг алдсан аж. Түүнчлэн орос эр есөн тоглолт дараалж хоёр болон түүнээс цөөн шайб алдсанаар “Флорида”-гийн бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмших болсон юм.

Өмнө нь Т.Вокоуну (2007, 2008 хоёр удаа), Ж.Ванбисбрук (1994/1995, 1995/1996/, М.Фитцпатрик/1996/1997/ нар найман тоглолт дараалж хоёр болон түүнээс цөөн шайб хаалганд алдаж байв.

Categories
мэдээ нийгэм

Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 80 иргэнийг 7-30 хоног баривчилжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.02.26-аас 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд) 34.995 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 450 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 162, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Өмчлөх эрхийн эсрэг 184, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 18, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52, бусад 7 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 61.280 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 61.180 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 60.326 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 854 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 4400, Танхайрах 166, Хүний биед халдах 101, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 354, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 51176, бусад 4983 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 40 иргэнд 12,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 80 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 158, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 120, сураггүй алга болсон хүн 40, шүүхээс даалгасан хүн 67, зөрчил үйлдсэн 34 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Зарим онцлог хэргээс дурьдвал:

Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн “О”-ийн нэр бүхий харилцах банкны дугаар тоот дансыг нэр бүхий аппликейшнтэй холбож хууль бусаар нэвтрэн, шинээр данс үүсгэн өөрчилж, бусдын данснаас 14.0 сая төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд нэр бүхий арилжааны банкны ажилтан “А”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн болон онцлог зөрчлийн талаарх:

Энэ оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG arena” спортын төвд Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр тоглогч гадаад улсын иргэн “C” нь тоглогч “М”-ын биед нь халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн “Г” нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элчингийн гудамжны урд талын замд тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрж, Замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн “М” нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Kia Carniva” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хуулиар хориглосон тусгай дуут дохио суурилуулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.