Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дөлгөөн: Манай улсын нүүрсний хамаарал нэмэгдсэн учраас олсон орлогоо зөв ашиглах хэрэгтэй DNN.mn

Эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Иргэдийн төрд итгэх итгэл буурсан. Харвардын 2012 оны судалгаагаар манай улсын төрийн чадамж хурдтай унаж байгаа орны тоонд орсон гэж та сая танилцууллаа. Төрийн чадамж буурч байгаа гол шалтгаан нь юу вэ. Энэ нь манай эдийн засагт яаж нөлөөлж байна вэ?

-Олон улсын Галлоп түүвэр судалгааг харахад ер нь улс орнуудын хувьд төрд итгэх итгэл маш их унасан харагддаг. Иргэдийнхээ итгэлийг нэмэгдүүлэхийн тулд бид юу хийж чадах вэ гэдэг чухал. 2023 оны 4 дүгээр сард Сант Марал судалгааны байгууллагаас нийгэм, улс төр, эдийн засагт тулгарч байгаа топ таван асуудлыг тодорхойлсон байна. Үүнд нэгдүгээрт, үнийн өсөлт. Хоёрдугаарт, ажилгүйдэл. Гуравдугаарт, амьжиргааны түвшин. Дөрөвдүгээрт, авлига. Тавдугаарт, эдийн засаг, үйлдвэрлэл гэжээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх тусам та бидэнд тулгарч байгаа хүндрэлтэй асуудал буурч, тэр хэрээр итгэл үнэмшил нэмэгдэх болов уу.

Үнийн өсөлтийг манайд ямар нэгэн захиргааны аргаар шийдвэрлэх боломжгүй. Зах зээлийн зарчмаар, эрэлт нийлүүлэлтийн хүрээнд нэг дор шийдэхийн тулд шийдвэрлэх байгууллагуудын чадамжийг сайжруулах хэрэгтэй. Жишээлбэл, зүй бус өрсөлдөөн буюу шударга биш өрсөлдөөн явагдаж байгааг ШӨХТГ тогтооно. Гэтэл энэ байгууллага хэр сайн гүйцэтгэлтэй ажиллаж байна вэ. Ковидын үеэр бид нар судалж байхад хүүхдийн лааны үнэ 650 хувиар өссөн байсан. Үнэхээр зах зээлийн өрсөлдөөнөөр ингэж өсөв үү, эсвэл нэг байгууллага монополь тогтоогоод үнэ ингэж өсөв үү. Өнөөдөр гурилын үнэ их яригдаж байна, яг адилхан. Тиймээс төрийн чадамжаа сайжруулж байж өнөөдөр тулгарч байгаа асуудлуудыг нэг мөр шийдвэрлэж чадна.

-Төрийн чадамжийг сайжруулах арга зам нь юу вэ?

-Хөгжлийн эдийн засагт төрийн хийдэг үйл ажиллагаануудыг хүндрэлийнх нь түвшнээр тав ангилж болно. Төрийн чадамжийг бүрдүүлэх нь бол хамгийн хүнд буюу асар хүнд ангилалд багтах ажил. Хамгийн хялбар нь бодлого боловсруулах. Дараа нь логистикийн төрөл. Гуравдугаарх нь, гүйцэтгэл ихээр шаардсан үйлчилгээ хүргэх, тэгээд гүйцэтгэл ихээр шаардсан үүрэг хариуцлага ногдуулах. Хамгийн хүнд төрлийг асар хүнд гэж нэрлэдэг. Энэ ангилалд орж байгаа ажлыг хийхэд урьдчилж төлөвлөгөө гаргаад шууд хийх боломжгүй. Учир нь нэг үйлдэл хийгээд, арга хэмжээ авахад хариу үйлдэл нь ямар байхыг урьдчилж таамаглана уу гэхээс яг таг хэлж чаддаггүй. Тиймээс асар хүнд ажлыг хийхийн тулд асуудлаа маш сайн судалж, тодорхой шийдлийг хэрэгжүүлээд эргээд ямар хариу үр дүн гарч байгаагаас нь хамаарч дараагийн алхмаа тодорхойлох замаар шийддэг. Энэ талаар “Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” гэдэг Харвардын гурван профессорын бичсэн ном 2022 онд монгол хэлнээ орчуулагдаж гарсан. Энэ ном дээр маш тодорхой тайлбарласан байгаа.

-Биднийг ойрын хугацаанд эдийн засгийн ямар нөхцөл байдал хүлээж байна вэ. Одоогоор эдийн засгийн өсөлт долоон хувьтай байгаа. Гэхдээ биднийг олон бэрхшээл хүлээж байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Зургадугаар сард улс төрийн том сонгуулийн дараа үнийн хөөргөдөл, инфляци яах билээ гэхчлэнгээр байна шүү дээ?

-Монголын гадаад нөхцөл байдлыг харахад өмнөх дөрвөн жилийнхээс улам л эрсдэлтэй, тодорхойгүй болсон. Үүнд нэгдүгээрт, хөрш орнуудын хийж байгаа дайн, явуулж байгаа гадаад бодлоготой шууд холбогдож байна. Дан ганц зэвсэг барьсан дайн бус худалдааны дайн ч хамаарна. Энэ утгаараа аль аль нь дайнтай байна.

Олон Улсын Валютын Сангаас гаргасан тайлан судалгааг харахад гадаадын шууд хөрөнгө оруулалт хүртэл үзэл суртал төстэй орнуудад нэмэгдэж, үзэл суртал таарахааргүй орнуудад гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа. Энэ нь Монголд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байна. Тодорхойгүй байд ал нь бизнесийн эрсдэлүүдийг нэмдэг. 2019 онтой харьцуулахад улам тодорхойгүй орчинд Монгол Улс дараагийн дөрвөн жилд явах нь ойлгомжтой байна.

-Дотоод нөхцөл байдлын тухайд?

-УИХ-ын гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэнээр Засгийн газрын тогтвортой байдал нэмэгдэх байх. Мөн ардчиллын үндэс суурь богино хугацаанд бэхжиж байгаа гэж би хардаг. Үүний цаад шалтгаан нь пропорциональ тогтолцоог нэвтрүүлснээр Монгол Улсын улс төрийн намын тогтолцоо бэхжихэд томоохон хувь нэмэртэй. Олон намын тогтолцоо бэхжих тусмаа манай улсын ардчилал, эрх, эрх чөлөөнд эерэг нөлөө үзүүлнэ гэж хувьдаа хардаг. Энэ тогтолцоог оруулж ирсэн нь зөв алхам болсон.

Эдийн засгийн орчныг үзвэл ирэх гурван жилийн хугацаанд ашигт малтмалын үнэ боломжийн түвшинд байгаа учраас бидэнд давуу талтай. Нэг эрсдэлтэй зүйл өнөөдөр явагдаж байгаа нь манай улсын нүүрснээс хамааралтай байдал нэмэгдэж байна. Нүүрснээс олсон орлогоо зөвөөр ашиглахгүй бол нүүрсний үнэ унах, хилийн цаад талын эрэлт ирээдүйд буурахад манай төсөв, иргэдийн амьжиргаа энэ бүгдэд шууд нөлөөлнө. Тиймээс уул уурхай дотроо олон ашигт малтмал экспортлох хэлбэрээр, цаашлаад уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх замаар төрөлжүүлж, одоо байгаа хамаарлыг бууруулбал цаашдын эдийн засгийн савлагаа, эмзэг байдал багасаж, эрсдэл буурна.

-Хятадын эдийн засгийн удаашрал, үл хөдлөх салбарын бууралт цаашид үргэлжлэхээр байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Нүүрснээс хамаарах хамаарал ихэсч байгаа манай улсын хувьд энэ нь яаж нөлөөлөх бол?

-Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт гарч байгаа уналт нь эдийн засгийнх нь бүтцэд гарч байгаа өөрчлөлттэй холбоотой. Нэг салбарын уналт биш. Том зургаар нь үзвэл Хятад улс дэд бүтэц, орон сууцны салбарт хөрөнгө оруулдаг загвараа өөрчилж хүмүүсийн хэрэглээнд суурилсан загвар руу аажмаар шилжилт хийж байна. Эдийн засагт үүнийг бүтцийн шилжилт гэдэг.

Энэ шилжилтийн эхний хэсгийн хүндрэл одоо өсөлт буурах замаар мэдрэгдэж байгаа. Уг хүндрэлд БНХАУ ямар арга хэмжээ авах вэ гэдгээс орон сууц, цемент, арматур, төмөр, гангийн үнэ шууд хамаарна. Төмрийн эрэлт өсөх тусам шаардлагатай нийлүүлэлтийг хийнэ. Нийлүүлэлтэд манай нүүрс хэрэгтэй.

Манай нүүрсийг хоёр төрөлд хуваадаг. Нэгдүгээрт нь, эрчим хүчний. Нөгөөх нь төмөр ган хайлуулах аж үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэдэг. Монгол Улсын хувьд дунд хугацаандаа эрэлт буурах эрсдэл мэдээж байна. Гэхдээ нөгөө талаас үзвэл Австрали, Оросын нүүрс яг л адил эрсдэлд орж байгаа. Тиймээс бид нүүрс дээр тулгарч байгаа тээвэр логистикийнхоо зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлж асуудлаа шийдчихвэл Монголын нүүрс илүү өрсөлдөөнтэй болно. Монголоос нүүрс аваад БНХАУ ханачихаад байгаа юм биш. Бид импортолж авч буй нүүрсний 20 хувьд ч нийлүүлж чадахгүй байгаа. Тиймээс зах зээлийн хувийг нэмэгдүүлэх тусам бидэнд богино хугацаанд санаа зовох зүйл байхгүй. Урт хугацаандаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үр бүтээмжгүй тээврийн зардал өндөр байх тусмаа өрсөлдөх чадвар буурна. Жишээлбэл, дундаж тооцоог харахад нэг тонн нүүрсийг автомашинаар зөөхөд 32 ам.доллар болж байна. Харин төмөр замаар зөөхөд найман ам.доллар болж байгаа юм. Тиймээс аль нь илүү өрсөлдөх чадвартай болох вэ гэдэг нь ямар ч эргэлзээгүй дүгнэлт хийж болохоор байна.

-Үнийн өсөлт, төгрөгийн ханшны сулралын эсрэг богино хугацааны үр дүнтэй арга хэмжээ авахыг олон нийт хүлээж байгаа. Үнийн өсөлтийн эсрэг авах зөв арга хэмжээг та юу гэж харж байна вэ?

-Шинэ Сэргэлтийн Бодлогод эрчим хүчний сэргэлт, тээвэр логистик буюу боомтын сэргэлтийг оруулсан. Үүгээр юуг шийдэх гээд байна вэ гэхээр өөрсдийнхөө бүтээмжийг л сайжруулъя гэж байгаа юм. Хувийн хэвшил ч тэр, төр ч тэр. Төрийн бүтээмжийг сайжруулснаар авлигыг бууруулж, зах зээл дээр шударга өрсөлдөөнийг дэмжинэ. Хувийн хэвшлийн бүтээмж олон хэлбэрээр сайжирна. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмээд нэг бүтээгдэхүүнд оногдох зардлаа буруулъя гэхээр эрчим хүч, дулаан холбох зөвшөөрлийг нэмж өгөх боломжгүй түвшинд байна. Эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлж нэг бүтээгдэхүүнд оногдох зардлыг бууруулахгүйгээр хувийн хэвшил ашгаа нэмж чадахгүй. Хувийн хэвшлийн бүтээгдэхүүн урт хугацаандаа хямд болж чадахгүй. Тэгэхээр бүтээмж нэмэгдэж байж та бидний амьжиргааны түвшин сайжирна.

-Гурил, махыг дотоодоосоо хангаж байгаа хэрнээ инфляцийн 40 гаруй хувийг эзэлж байна. Тиймээс төрийн бүтээмжийн үр дүнг хүлээхээс өмнө богино хугацаанд, одоо үнийн хөөрөгдлийг хязгаарлах боломж байхгүй юу?

-Махны үнийн өсөлт бол нийлүүлэлтийн шинж чанартай. 9-12 дугаар сард буураад 3-5 дугаар сард нэмэгддэг. 9-12 дугаар сард нийт нядалгааны талаас илүү хувь хийгддэг. Малчид 3-5 дугаар сар хүртэл малаа зарахаа больчихдог. Тиймээс агуулахад байгаа мах нийт хэрэглээний дийлэнх хувийг эзэлдэг учраас зардал өсөж байгаа юм. Үүнийг урт хугацаанд шийдэх арга нь фермерийн аж ахуй. Сар бүр тогтмол нийлүүлэх боломжтой болчихно шүү дээ. Богино хугацааны шийдэл нь нөөцийн мах.

Гурилын асуудал мөн яригдаж байна. Төр үнэ тогтоох замаар огт оролцож болохгүй. Харин шударга өрсөлдөөн, тэр дундаа зах зээлийн 50 хувийг эзэлдэг гурван компани ямар нэг байдлаар хоорондоо үгсэн хуйвалдаж, эсвэл үгсэн хуйвалдаан байхгүй байхад зах зээлийн эрэлтийн гурилын хэрэглээ огцом нэмэгдээд үнэ огцом нэмэгдчихэв үү гэдгийг харах хэрэгтэй. Гурилын үйлдвэрлэлд багтах шатахуун дээр үнэ нь нэмэгдээгүй. Цахилгааны үнэ нэмэгдсэн ч цахилгааны зардал нийт гурилын үйлдвэрлэлд хоёр хувиас хэтрэхгүй харагдаж байна. Дийлэнх зардлыг нь түүхий эд эзэлж байгаа. Гурилын үйлдвэрүүдийг харахад 66-70 хувь нь эзэлж байна. Хаана нь гажуудал гарч байгааг зөв оношлох тусмаа авч хэрэгжүүлэх бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж чадна. Дээр хэлсэнчлэн төрийн бүтээмжтэй холбогдоно.

-Тэгэхээр ойрын хугацаанд үнийн хөөрөгдөл буухгүй гэж ойлгож болох уу?

-Инфляци 2022 оны долдугаар сард 16.9 хувьтай байхтай харьцуулахад өнгөрсөн хоёрдугаар сард хоёр дахин бууж, 7 хувьд хүрээд байна.Нэг удаагийн арга хэмжээ авах гэхээсээ илүү тогтолцоогоор хэрхэн зах зээлийн зарчимд тулгуурлаж өөрчлөх вэ гэдэг нь хамгийн чухал шийдэл. Жишээлбэл, гурил дээр улаанбуудайн үнийг хэн тогтоогоод байгаа юм бэ. Хэн тогтоох нь зөв юм бэ. Бусад улс дуудлага худалдаагаар тогтоодог уу, яадаг вэ. Үүнийг зах зээлийн зарчмаар шийдэх тусмаа төрийн оролцоог бууруулна. Гомдол багасна. Үнэ илүү тогтвортой болж чадна гэсэн үг.

-Инфляцитай уялдаж төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээр хувийн хэвшлийнхэн хөлд нь чирэгдэж байна шүү дээ?

-Сүүлийн 20 жилийн хугацаанд төрийн албаны болон хувийн хэвшлийн цалинг харьцуулаад хараарай. Хувийн хэвшлийнхтэй адил очсон түвшин 2009 онд байгаа. Тэрнээс хойш хувийн хэвшлийн дундаж цалин өндөр явсаар 2018 онд зөрүү нь бараг 45 хувьд хүрсэн. Ингээд төрийн албан хаагчдын цалинг царцаагаад яваад байвал төрийн албанаас чадвартай хүмүүсээ алдаад дуусна. Тэгээд үйлчилгээний чанар муудах эрсдэлтэй байна. Бүтээмж нь буурна. Хурдасгуур төвд ажиллаж байхад бид энэ дээр хоёр том судалгаа хийсэн. Төрийн албанаас гарах хүмүүсийн тоо хувийн хэвшилтэй харьцуулахад хамаагүй өндөр, тэгээд дараагийн гурван жилд гарна гэдэг нь талаас илүү хувьд хүрч байсан. Үүнийг бууруулахгүйгээр хэдүүлээ төрийн чадамжийг сайжруулж, төрийн албан хаагчдынхаа чадварыг нэмэгдүүлэх талаар яриад хэрэггүй.

Нөгөөтэйгүүр мэдээж т өрийн боломжтой үйлчилгээг цахимжуулж, автоматжуулахыг нь хийж, дамжлага процессын тоог бууруулснаар данхар бүтцийг багасгаж, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Тэр хэрээр ажиллах шаардлагатай хүмүүсийн тоо буурах байх.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 29, Сугар гариг. Билгийн тооллын 19, Хонгорцог одтой, хар луу өдөр. Өдрийн наран 06:36 цагт мандаж 19:18 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Эгийн голын станц, нүүрсэн яндан хоёр гайхаш төрмөөр сонин хувь заяатай” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-03-29-ны баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Говь нутаг маань хөгжиж, хүн ам, үйлдвэрлэл, эдийн засаг хурдацтай өсч байгаа ч цаашид усгүй бол энэ бүх зүйл юу ч биш болно” хэмээн ярилаа. Энэ тухай XI нүүрээс уншаарай.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга “Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн найруулснаас хойш 300 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан” гэлээ.

ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэлийн албаны Зөрчлийн хэрэг бүртгэлт, мэдээлэл арга зүйн хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч цагдаагийн хошууч А.Нансалмаатай ярилцлаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эгийн голын станц, нүүрсэн яндан хоёр гайхаш төрмөөр сонин хувь заяатай” хэмээн өгүүллээ

“Бид гадагш гаргаж буй маханд биш импортын хүнсэндээ илүү анхаармаар байна” гэв

Танк ажиллагаа газраар солигдоод…

“Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр болж өнгөрлөө. Тус хэлэлцүүлгийн үеэр “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадралтай ярилцлаа.

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн 15 хувь нь нийгмийн амьдралд бие даан оролцдог” гэлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Оросын хүчний байгууллагууд “Crocus City
Hall”-г хамгаалж чадаагүй

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

 

Categories
мэдээ нийгэм

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлажээ DNN.mn

Засгийн газраас “Шинэ Хархорум”хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189,363 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, инженер-геологийн судалгаа, байрзүйн зураглал хийх ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.

Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолын хүрээнд “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл,инженерийн шийдэл, ирээдүйн хотын дүр төрхийг тодорхойлохдоо олон улсын шилдэг архитектор, хот төлөвлөгч, инженерүүдийн шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал (концепц)-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад дотоодын болон гадаадын байгууллага, баг, хувь хүн нээлттэй оролцох боломжтой бөгөөд шилдгээр шалгарсан таван багийн төлөөллийг “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцуулна. Мөн үзэл баримтлалыг шүүх дотоод, гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн комиссын бүрэлдэхүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлнэ.

Олон улсын сонгон шалгаруулалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://competition.kharkhorum.gov.mn/цахим хуудаснаас авна уу.

Categories
мэдээ нийгэм

Цахим гэмт хэрэг сүүлийн 5 жилийн хугацаанд 13 дахин нэмэгджээ DNN.mn

Монгол Улсын хэмжээнд цахим гэмт хэрэг сүүлийн таван жилийн хугацаанд дунджаар 95 хувь буюу 13 дахин өсчээ.

Кибер гэмт хэрэг, цахим орчныг аюулгүй ашиглах талаар мэдээлэл багатайн улмаас залилуулан, санхүүгийн болоод бусад төрлийн хохиролд өртөж байна.

Иймээс дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж буй аливаа холбоос /линк/ дээр дарахаас өмнө үг үсгийн алдаа эсвэл холбоосны нэрийг сайтар харж нягтлах: Хуурамч холбоос болон хавсралтын ихэнх нь үг, өгүүлбэрзүйн алдаатай эсвэл линк нь албан бус нэршилтэй байдаг.
  • Хэрэв та хэнээс и-мэйл хүлээн авч байгаагаа бүрэн мэдэхгүй бол нягталж шалгахгүйгээр холбоос дээр дарж, хавсралтыг нээх хэрэггүй: Энэ нь таныг  халдлагад өртөхөөс сэргийлж болох хамгийн энгийн хялбархан шийдэл байх болно.
  • Танд PDF болон ZIP файлууд и-мэйл хаягаар ирсэн тохиолдолд татаж авахаас өмнө заавал нягтлаарай: Ихэвчлэн танихгүй эсвэл хуурамч хаягаас ирсэн хавсралтуудыг татаж авснаар өөрийн компьютерт байгаа хувийн мэдээллийг гэмт хэрэгтнүүдэд зүгээр нээгээд өгч байгаатай адил юм.
  • Эргэлзээтэй холбоосыг шалгах нэг хялбар арга бол хулганыг холбоос дээр дарахгүйгээр удаан байрлуулснаар хуурамч холбоосыг таних боломжтой: Хуурамч и-мэйл хаягнууд ихэвчлэн алдаатай домэйн ашигладаг ба та тэдгээрийг нягтлах боломжтой байдаг. Жишээ нь: Facebook.com вебсайтын хаягийг Facebook.mn, Facehook.com гэсэн  хуурамч нэршлээр холбосон байдаг.
  • Кибер гэмт хэрэгтнүүд таны хувийн мэдээллийг и-мэйл болон вэбсайтаар дамжуулан авахын тулд албан ёсны мэт харагдах бөглөх талбар эсвэл хавсралт илгээдэг. Тэдгээр нь ихэвчлэн хүний анхаарал, сонирхлыг татахуйц байдаг ба таны нэвтрэх нэр, нууц үгийг бөглүүлж авах байдлаар хийгддэг: Иймээс аливаа сэжигтэй линк дээр хувийн мэдээллээ оруулах нь өндөр эрсдэлтэй тул сайтар нягталж хэвшээрэй.
Categories
мэдээ нийгэм

НҮБ: Дэлхий даяар хоногт тэрбум хоол хаягдаж байна DNN.mn

НҮБ Хүнсний хог хаягдлын индексийн тайланг энэ долоо хоногт танилцууллаа.

Өдгөө дэлхий даяар нийт 800 гаруй сая хүн хүнс тэжээлийн дутагдалтай амьдарч байхад үйлдвэрлэн гаргаж буй нийт хоол хүнсний гуравны нэг нь буюу жилд 1.3 тэрбум орчим тонн хүнс хаягдаж байна гэсэн судалгааг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргажээ. Энэ нь 2 тэрбум орчим хүнийг хоол хүнсээр хангах хэмжээний нөөц юм.

Бидний амьдралд хугацаа нь дууссан, муудаж хөгцөрсөн, хэтрүүлж бэлтгэсэн хоол хүнс төдийлөн их хохирол учруулахгүй байгаа мэт боловч үүний цаана хүний хүч хөдөлмөрийг дэмий үрсэн, эдийн засгийн болоод байгаль орчны маш олон сөрөг үр дагаврууд бий болдог.

Манай улсын хувьд ч хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа хэрэглэгчдийн гарт ирэх хүртлээ тээвэрлэлт, хадгалалт, хүргэлт, түгээлтийн явцад 20-30 хувь нь хаягддаг байна.

Улаанбаатар хотод зуны улиралд орон сууцны өрхийн нийт хог хаягдлын 41 хувийг, өвлийн улиралд 36.2 хувийг зөвхөн хүнсний хаягдал эзэлдэг гэсэн судалгаа бий.

Түүнчлэн дэлхийн хэмжээнд хүнсний хог хаягдал хамгийн ихээр гаргадаг улсыг Хятад улс жилд 92 сая тонн хоол хүнсний хог хаягдал бий болгож буйгаараа тэргүүлж байгаа бол Хятадын дараа хүн амын хувьд ижил тэнцүү Энэтхэг улс жилд 69 сая тонн хүнсний хаягдал гаргадгаараа удаалж байгаа юм.

 

Categories
мэдээ нийгэм

Нэг хуруу зай 1-4 метр квадрат хөрс, 8000 литр усыг хордуулж, бохирдуулдаг DNN.mn

Бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон ханын цаг, удирдлага, хүүхдийн тоглоом, гар чийдэн, сонсголын аппарат гэх мэт тоочоод баршгүй олон зүйлс жижигхэн хуруу зайгаар ажилладаг.

Хуруу зай байгаль орчин, хүний эрүүл мэндэд та бидний төсөөлж байснаас ч их хор хөнөөл учруулдаг юм. Найрлагад нь кадми, хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг хортой металл ордог.

Химийн хорт бодис агуулсан нэг ширхэг хуруу зай 1-4 метр квадрат хөрс, 8000 литр усыг хордуулж бохирдуулдаг гэж Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Дорнодын Матад сумын нутагт гарсан түймрийг унтраажээ DNN.mn

Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн нутаг сумын төвөөс зүүн хойд зүгт 250 км-т орших Хонгорын-Овоо  гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 27-ны өдрийн 11:10 цагт өгчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид, Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран 4 цаг 45 минут ажиллаж, 27-ны өдрийн 16:50 цагт хээрийн түймрийг бүрэн унтрааж Матад сумын Цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн байна.  Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 3600 га талбай өртөж шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Иймд иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэхэд хэдийгээр нутгийн ихэнх хэсэг цасан бүрхүүл бүрэн хайлж амжаагүй байгаа ч зарим газраар цасгүй өвс ихтэй байгаа тул ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна

Categories
мэдээ улс-төр

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.03.28/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Уг асуудлыг УИХ-ын чуулганы 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авсан юм. Тэрхүү завсарлагын хугацаанд намын бүлэг төслийн талаар хэлэлцэн саналаа нэгтгэсэн хэмээн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан. УИХ-ын гишүүд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн учир хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. Тухайлбал, олон улсын санхүүгийн зах зээлд бусад төрлийн мөнгөн урсгал орж ирэх боломжтой суурь хөрөнгийг ашиглах, дотоодын зах зээлд үүсмэл санхүүгийн хэрэгслийг бий болгох, бусад төрлийн хөрөнгөнд суурилах боломжийг бий болгох зорилгоор ‘‘суурь хөрөнгө“-ийг нэр томьёоны тодорхойлолтод шинээр нэмж тусгахаар бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Түүнчлэн олон улсад хөрөнгийн зах зээлд банкны хадгаламжийн сертификат нь үнэт цаас хэлбэрээр арилжаалагдахаас гадна энгийн хадгаламжийн шинжийг агуулдаг байх, хадгаламжийн сертификатыг даатгалд хамруулах, клирингийн байгууллага нь төлбөрийн баталгааны сан байгуулах, сангийн эх үүсвэр нь клирингийн гишүүдийн хуримтлалаас бүрддэг байхаар еөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг этгээдийн тусгай зөвшөөрлийн харилцаа холбоотой зохицуулалт, тусгай болон нэмэлт шаардлагуудыг Зөвшөөрлийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох зүйлээр эохицуулах нь зүйтэй гэж ажлын хзсгээс үзэж, хасах зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Өнөөдөр хөрөнгийн биржид бүртгэлтэй 100 гаруй хувьцаат компани бий гэсэн мэдээлэл байна. Тэдгээр компаниудын ил тод байдал хангалтгүй, компанийн засаглалыг сайжруулах шаардлагатай гэсэн шүүмжлэл их гардаг. Ил тод байдал нь засаглалын гол үзүүлэлт. Хуулийн төсөлд компанийн засаглалыг сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлэх талаар хэрхэн тусгасан бэ. Мөн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээл дэх оролцоог нь нэмэгдүүлэх талаар их ярьдаг. Иргэдийн жижиг хувьцаа эзэмшигчдийн талаар мэдээлэл авах эрх болон бусад эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл авья хэмээсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржид өнөөдрийн байдлаар 174 хувьцаат компани бүртгэлтэй байгаа. Хуулийн төсөлд  номинал дансны зохицуулалтыг хялбаршуулан тусгасан. Үүгээр иргэдийн хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог илүү нээлттэй болгож өгсөн. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой багагүй өөрчлөлтийг туссан. Харилцагчид хурдан шуурхай данс нээлгэх, цаг алдалгүй арилжаанд орох шат дамжлагыг багасгах зэрэг өөрчлөлтүүд бий. Дансны доод үлдэгдэл байршуулах, данс хөтөлсөн шимтгэл зэрэг нэмэлт хураамж шаардагдахгүй болж, уг дансыг нээлгэхтэй холбоотой ямар нэгэн шимтгэл хураамж нэмж төлдөггүй байхаар зохицуулалтыг оруулсан. Түүнчлэн мэдээллийг ил тод, нээлттэй байдлаар хүргэх талаар Монголын хөрөнгийн бирж, бусад байгууллагуудад тодорхой чиглэл өгсөн. Ялангуяа хувьцаат компаниудын үйл ажиллагаа, том үнийн дүн бүхий хэлцлүүд, компанийн удирдлагатай холбоотой мэдээллийг тухай бүр давтамжтайгаар олон нийтэд хүргэдэг байх гэсэн зохицуулалтыг төсөлд тусгасан гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Үнэт үнэт цаасны зах зээл манай улсад хөгжиж байгаа ч банкнууд энэ зах зээлийг давамгайлсан хэвээрээ байна. Хамгийн сүүлийн мэдээллээр банкнуудын Монголбанкны үнэт цаасны багц хэмжээ нь 10 их наяд төгрөг байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн эргэлтэд орохгүй банкнуудын баланс дээр зүгээр хүү тооцогдоод л байж байна гэсэн үг. Гэтэл зээлийн хүү буурахгүй хэвээрээ байна. Жижиг, дунд бизнесийн болоод хэрэглээний зээлийн хүү 20 хувь давчихсан, иргэдийн хамгийн их авахыг хүсдэг жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүлээгдэж байгаа өргөдлүүд нь 15 мянга гаруйд хүрчээ. Сар болгон суларч байгаа эх үүсвэрийг нь тооцвол хоёр жилийн дараалал үүсчихсэн, 1.5 их наяд төгрөгийн ипотекийн эрэлт байна гэсэн үг. Тэгэхээр банкнуудын болон ипотекийн тогтолцооны гажуудлаас бид маш хурдан гарах хэрэгтэй байна. Үүнд үнэт цаасны зах зээл маш том үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа. Хэлэлцэж буй хуулийн төсөлд шинэ төрлийн үнэт цаас, шинэ төрлийн хэрэгсэл гаргах ямар боломжуудыг нээхээр тусгасан бэ. Хөрөнгө оруулалтын сангуудын тогтолцоог хэрхэн өөрчилж байгаа вэ гэж асуусан.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Санхүүгийн салбарын гурван тулгуур баганын нэг болох хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь эдийн засгийн суурь бүтцэд маш чухал нөлөөтэй. Хөрөнгийн зах зээлийн хөгжил банкны салбартай шууд хамааралтай байгаа. Хуулийн төсөлд олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахаар тусгасан. Хөрөнгийн зах зээл дээр санхүүжилтийг зөвхөн Монголын хөрөнгийн бирж татдаг. Харин биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд түлхэц өгөх өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Энэ хүрээнд маш богино хугацаанд 2.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаас босгохоор бүртгэл нь хийгдсэн. Яг өнөөдрийн байдлаар 1.9 их наядын санхүүжилт татчихсан байж байгаа. Мөн хадгаламжийн сертификат байна. Хадгаламжийн сертификатыг хөрөнгийн зах зээлд оруулж ирж, харьцангуй найдвартай хямд эх үүсвэр татах боломж нээгдэж байгаа. Энэ хэрээр банкны салбар дахь эх үүсвэрийн зардал буурч, хүүд тодорхой нөлөөлнө гэж үзэж байгаа. Ялангуяа гарааны компаниуд “крауд фандинг” хэлбэрээр олон нийтээс санхүүжилт татах эрх зүйн зохицуулалт хуулийн төсөлд туссан. Энэ хэрээр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гарах боломж бүрдэнэ. Нэмээд хэлэхэд, биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа, арилжааны горимыг блокчэйн технологид шилжүүлсэн. Ингэснээр 24/7 хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цаашид олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт манай хөрөнгийн зах зээлд маш чухал. Энэ хүрээнд давхар бүртгэлийн үйл ажиллагааг ойлгомжтойгоор гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан тусгасан. Ингэснээр тодорхой хэмжээний эх үүсвэр монголын хөрөнгийн зах зээлд орж ирнэ гэж төсөөлж байгаа гэлээ.

Асуулт хариултын дараа Эдийн засгийн байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Өмхий мах”-ны хэрэгт холбогдсон Чен Биний ялыг хэвээр үлдээжээ DNN.mn

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өмхий мах хадгалж борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон БНХАУ-ын иргэн Чен Бинд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүх бүрэлдэхүүн энэ сарын 27-ны өдрийн хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч ял шийтгэлийг хэвээр хадгалжээ. Тодруулбал, “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Чен овогт Бинд 2 зүйлчлэлээр оногдуулан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 25.400.000 /хорин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулсан.

“Эм Ди Си Пи” ХХК-ийн махны үйлдвэрийн 5-н хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, 969.8 грамм жинтэй зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч Чен Бин /Chen Bin/-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн гомдол гаргасныг ийнхүү хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хууль зүйн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болголоо.