Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
– Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал тун хүндхэн болж өнгөрлөө. Одоо залгаад хаваржилтын нөхцөл байдал тийм ч сайнгүй байх шиг байна. Э н э утгаараа говь нутгийн хаваржилт ямаршуу болж байна вэ?
-Өнгөрсөн өвлийн хувьд 1987 оноос хойш ороогүй их цас манай говийн аймгуудаар орлоо. Тэр утгаараа нэлээд хүндхэн өвлийг говийн малчид давлаа.
Одоо хаврын нөхцөл байдал ч дорвитой дээрдсэн зүйлгүй хүндрэл ар араасаа залгаад гарч ирж байна. Өвөл, хаврын хүндрэлээс шалтгаалж манай аймгийн хувьд 30 гаруй мянган мал хорогдлоо. Магадгүй өвөлдөө малын хорогдол гайгүй байсан ч жинхэнэ хорогдол хаврын цагт явагддаг. Говийн бүсийн хувьд нэг онцлог бий. Тэр нь хэдий хавар эрт ирдэг ч салхи, шуурга гээд шинэ ногоо цухуйтал тав, зургадугаар сарыг хүргэдэг. Тэр утгаараа хаваржилт хамгийн хүнд болдог бүс гэвэл манай говийн бүс юм. Юутай ч орон нутгийн төсөв, “Нутгийн хишиг”-ээс малчиддаа тал бүрийн тусламжийг тасралтгүй үзүүлж байна. Өвс, тэжээл олгох, хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгах гэх мэт олон ажлуудыг бидний хувьд шуурхай авч хэрэгжүүлж байна.
-Угтаа говь газар эрт дулаарч байгаа биз дээ. Тэр утгараа малын хорогдол буурч байгаа байлгүй?
-Дулаарахын хувьд ч эрт дулаарсан. Гэхдээ говийн хаврын хүндрэл дөрөв, тавдугаар сард болдог. Энэ үеэр өдөр болгон шахуу шороон шуурга шуурдаг. Энэ их шуурганд хаврын ядарсан мал улам тамиргүйдэж, дахиад малын хорогдол үргэлжилдэг. Тиймээс энэ байгаль, цаг уурын онцлогтойгоо уялдсан тусламж, дэмжлэгүүдийг энэ цаг хугацаанд идэвхтэй явуулах шаардлагатай байдаг.
-Говийн малчдын аж амьдрал ямаршуу байна вэ. Цаг хүндрэхийг тооцож, малаа эдийн засгийн эргэлтэд оруулсан малчид байсан уу?
-Манай малчдын хувьд цаг, зудын байдал хүндрэхээс өмнө нийт 600 гаруй мянган малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Одоогийн байдлаар малчдын аж амьдрал дундаж л байна. Хаврын ажил эхэлчихсэн. Мал төллөлт ид явагдаж байна. Гэхдээ төл авахгүй гэж шийдсэн малчид ч цөөнгүй байна. Ерөнхийдөө манай аймгийн урд говиор хүндрэл харьцангуй гайгүй. Харин хойд сумдуудын хувьд нөхцөл байдал тун хүнд байгаа.
-Төл авахгүй гэдэг нь малаа өсгөхгүй гэсэн үг үү. Ер нь цаашид говийн малчдын хувьд нүүдлийн мал аж ахуйгаа ямар байдлаар өөрчлөх шаардлагатай юм бэ?
-Говийн хувьд нүүдлийн мал аж ахуй байснаараа байна. Энэ бол тасрахгүй. Хажуугаар нь малаа эрчимжүүлэх чиглэлд ажиллаж байгаа малчид ч бий. Тухайлбал, ингэний ферм байгуулж байна. Орон нутгийн хувьд малчид руугаа чиглэсэн бодлого “Чинээлэг малчин” хөтөлбөрөө хүргэдэг. Энэ хөтөлбөрийн гол зорилго бол олон мянган малтай байхаас илүү өөрт тохирсон мал аж ахуйтай байлгах, бүтээмж, ашиг, шим өндөр байхыг дэмждэг. Жишээ нь, 500 эм хоньтой байлаа гэж бодоход 500 төлгийг нь зарж борлуулбал жилдээ ойролцоогоор 100 гаруй сая төгрөгийн орлоготой болох боломжтой. Энэ чиглэлд мал аж ахуйгаа эрхэлж яваа хүмүүс бий. Гэхдээ нэг зүйл бий. Манай говийн бүсэд нийтээрээ эрчимжсэн мал аж ахуй руу шилжих тун хэцүү. Учир нь эрчимжсэн мал аж ахуй эрхлэхийн тулд юун түрүүнд өвс, тэжээлийн нөөцтэй, тариалантай байх шаардлагатай. Манай говьд газар тариалан ямар билээ. Говьчууд өөрсдөө өвс, тэжээлээ бэлтгэх, хадлан авна гэсэн ойлголт байхгүй. Нөгөөтэйгүүр говьд жил ирэх тусам ургамал, усны гарц багасаж байгаа нь аймаг, орон нутгийн хувьд тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс тал бүрийн асуудлаа тооцож энэхүү эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого барин ажиллаж байгаа гэдгийг хэлье.
-Өвөл их цас унасан гэлээ. Тэгэхээр хаврын хувьд хөрсний чийг харьцангуй гайгүй байна уу. Ер нь говийн хамгийн тулгамдсан асуудал бол ус шүү дээ. Усны асуудлыг орон нутгийн хувьд ямар байдлаар үр дүн гарган ажиллаж байна вэ?
-Мэдээж говь газарт ус хамгийн чухал. Өнгөрсөн өвөл цас ихтэй байсан учир усны хомсдол гайгүй байлаа. Харин одоо цас хайлсан, газарт бас тийм ч их чийг алга. Дээр нь цасгүй болсон учраас малчид малаа усалдаг болж байна. Ингээд ирэхээр нөгөө усны хомсдол тал талд үүсдэг. Тиймээс орон нутгийн зүгээс бэлчээр услалтын аяныг зохион байгуулж байна. Бэлчээр услалтын нэгдүгээр аяны хүрээнд тэртээ 1970, 1980 онуудад гаргасан худгуудыг дахин сэргээн засварласан. Харин одоо бэлчээр услалтын хоёрдугаар аяныг эхлүүлж байна. Энэ хүрээнд мөн адил шинэ худаг, ус гаргах ажлыг эхлүүлсэн. Мэдээж худаг, ус гаргах ажил асар өндөр зардалтай. Энэ зардал жил ирэх тусам өссөн байдалтай байгаа. Хэдхэн жилийн өмнө малчны гадаа 20 сая төгрөгөөр нэг худаг гаргаад өгдөг байсан бол одоо өртөг нь өсөхийн хажуугаар усны гарц 100 биш бүр 200 метрийн гүнээс гарах болж. Энэ утгаараа говийн гүний усны түвшин жил ирэх тусам доошилж байгаа нь бэлчээрийн услалтад хүндрэлтэй байдлыг үүсгэж байна. Гэхдээ бидний хувьд ус хамгийн чухал. Тиймээс малчиддаа бид жилд 100 гаруй худаг шинээр гарган өгч байна.
-Цаашид энэхүү усны асуудлыг ямар байдлаар шийдэх шаардлагатай вэ?
-Товчхон хэлбэл, гадаргын усаа уул уурхайн компаниуд ашиглаад явах. Харин хөрс, гүний усыг малчид, иргэд ашиглаад явбал илүү оновчтой болов уу. Мэдээж говийг усжуулах хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрүүдийг эхнээс нь ажил хэрэг болгох шаардлага зайлшгүй бий болсон.
-Нөгөө Орхон-Онги төсөл бил үү. Энэ төсөл, хөтөлбөрүүд өдийг болтол яагаад хэрэгждэггүй юм бэ?
-Юуны өмнө Монгол Улсын 21 аймгийн хамгийн ус ховортой, усны хомсдолтой газар бол Өмнөговь. Манай аймгийн хэмжээнд Онгийн гол гэж Хангайн нуруунаас эх аван урсдаг ганцхан голтой. Гэвч энэ гол байнга урсаад, цутгаад байдаггүй. Онги ирсэн жил говь нутгийн зуншлага, намаржаа сайхан боллоо гэж ярьдаг. Тиймээс Онги голын усны урсгалыг нэмэгдүүлэх, говийг усжуулахын тулд Орхон Онги төслийг санаачилсан. Харамсалтай нь говь руу ус явуулах нь гэх егөөдлөөр энэхүү төсөл зогссон. Угтаа Орхон голын усыг 50-60 км зайд шахаад Онгийн голтой нийлүүлэх. Улмаар Онгийн голоор дамжуулаад Улаан нуурын усыг нэмэгдүүлэх ийм төсөл байгаа юм. Ингэснээр Өмнөговийн хувьд усны асуудал харьцангуй эрс өөрчлөгдөх боломжтой гэж үзэж байгаа. Энэ төслүүдийг бид зайлшгүй явуулах шаардлагатай. Явуулахын төлөө, говийг устай болгохын төлөө зүтгэх л хэрэгтэй. Зүтгэж ч байна. Орхон-Онги төслийн ТЭЗҮ хийгдэж байгаа. Удахгүй дуусна. Дуусгаад Засгийн газарт бид танилцуулахаар ажиллаж байна. Цаашид Засгийн газрын бодлогоор энэхүү ажлыг говьчууд бид яаралтай хийх шаардлагатай байгаа. Учир нь говийн бүсэд хүн ам, үйлдвэрлэл, үйл ажиллагаа өдөр ирэх тусам эрс нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, говь хөгжиж байна. Гэхдээ усгүй бол хаана ч хөгжил бий болохгүй. Тиймээс л говийг усжуулах асуудал бидний хамгийн тулгамдсан ажил болсон. Ус, тогтой байхад говь газарт хэдэн сая мод тарьж, хэдэн зуун үйлдвэр барьсан ч болохоор байна.
-Усны хувьд хэн бүхэн ойлгож байгаа байх. Эрчим хүчний хүрэлцээ, хангамж ямар байгаа юм бэ. Шинэ эх үүсвэр бий болох уу?
-Манай аймагт улсын хоёр том боомт бий. Гашуунсухайт, Шивээхүрэн гэж. Энэ хоёр боомтоор Монгол Улс урд хөршөөсөө эрчим хүч импортлон авч байгаа. Энэ эрчим хүчнээс манай аймгийн хувьд гурван сумаа тогоор хангадаг. Харин аймгийн төв болон бусад сумдын эрчим хүчний хэрэглээг бид төвийн сүлжээнээс хангадаг гэсэн үг. Өнгөрсөн өвлөөс эхлээд манай аймагт эрчим хүчний хэрэглээ дээд цэгтээ хүрсэн. Тиймээс бидний хувьд Даланзадгад хотын дулааны цахилгаан станцыг шинээр барихаар зорьж ажиллаж байна. Бидний хувьд Тавантолгойн станцыг хүлээсээр байтал гал алдах хэмжээнд хүрсэн. Тиймээс энэ станцыг хүлээлгүйгээр Даланзадгадын 50 мвт-ын станцыг яаралтай барих ажлыг эхлүүлсэн. Уг ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.
-Өмнөговь аймгийн хувьд улсаас татаас авдаггүй цөөн аймгуудын нэг. Харин эсрэгээрээ улсын төсвийг бүрдүүлдэг, улсад татвар өгдөг аймаг. Ер нь аймаг, орон нутгийн төсвийн асуудал ямар байгаа вэ?
-Энэ жилийн тухайд бид улсын төсөвт 720 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Тэр утгаараа аймгийн нийт төсөв 1.4 их наяд төгрөг гэж тооцож байгаа. Өнгөрсөн 2021 онд бид улсын төсөвт 78 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлэн өгдөг байсан. Энэхүү тоо энэ жил яагаад ийм огцом өссөн нь Засаг захиргааны тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой. Энэ хуулиар орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, аж ахуйн нэгжүүдийн татварын 60 хувь нь орон нутгийнхаа төсөвт төвлөрдөг болсонтой холбоотой. Тиймээс энэ жилийн хувьд бид улсын төсөвт 720 тэрбум төгрөгийг төлөврүүлэхээр үүрэг, чиглэл авсан. Нөгөөтэйгүүр энэ жилийн хувьд манай аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын ажил их бий. Сумдын төвийг аймгийн төвтэй холбох засмал замын ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн Өмнөговь аймгийн бүх сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргааны байр, уурын зуухыг бүрэн шинэчлээд дуусч байна. Ямартаа ч сумдын хувьд төрийн байгууллагууд модон жорлонгоосоо салж чадлаа. Цаашлаад айл, өрх бүрийг модон жорлонгоос салгах, хөрс, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ажиллана. Мөн хонь, тэмээний ноос боловсруулах, угаах үйлдвэрийг орон нутагтаа бий болгоно. Бүс нутагтаа том боловсруулах үйлдвэр барьснаараа ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг бий болгох боломж гарч ирж байгаа. Энэ мэт Өмнөговь, говийн бүсэд хийгдэхээр төлөвлөчихсөн олон ажлууд шат дараатайгаар үргэлжилсээр байна. Говьд хүний хөл хөдөлгөөн ихэсч байна. Тэр утгаараа бид олон улсын нисэх онгоцны буудлыг барьж байгуулахаар Зам, тээврийн яамтай хамтарч ажиллаж эхэлсэн. Өмнөговьд удахгүй олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орно.
-Танай аймгийн хувьд цалин хөлсний нэмэгдэл бусад аймаг, орон нутагтай харьцуулахад маш өндөр хувьтай өссөн. Эдийн засаг нэмэгдэхийн хэрээр цалин хөлс нь дагаад нэмэгдээд байна гэсэн үг үү. Одоо цалингийн хувьд ямар байгаа вэ?
-Засгийн газраас барьж байгаа бодлого, өгсөн чиглэлийн дагуу орон нутгийн төрийн албан хаагчдынхаа цалин хөлсийг 100 хувь нэмэгдүүлсэн. 100 хувь гэдэг маань хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. Цалин хөлсний хувьд бас нэг том дэм болж байгаа хөтөлбөр бол “Нутгийн хишиг”. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сар болгон 400-600 мянган төгрөгийг цалин дээрээ нэмж авдаг. Мэдээж цалин хөлс нэмэгдэхийн хэрээр ажиллах хүчний тоо нэмэгддэг. Тэр утгаараа яг одоогийн байдлаар аймгийн хэмжээнд дутагдалтай байсан төрийн албан хаагчдын тоо гүйцсэн байдалтай байна. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай гэдэг. Төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдэж, амьдрал ахуй, эдийн засгийн боломжууд нь сэргэж байгаа нь нэг талдаа сайн. Харин нөгөө талдаа зарим нэг сөрөг зүйл илэрсэн. Юу гэхээр хувийн хэвшилд ажиллах хүний тоо багассан. Өөрөөр хэлбэл дэлгүүр, хоршоо, цайны газар, үйлдвэр, уурхайд ажиллаж байсан төрийн албан хаагчид цалин нэмэгдсэнээр буцаад багшлах нь багшаа хийж, эмч нь эмчээ хийж эхэлсэн. Буцаад төрийн албандаа ирсэн гэсэн үг. Ингээд хувийн хэвшил ажиллах хүчний хомсдолд орох ийм сөрөг хандлага ажиглагдаж байгаа. Тиймээс цаашид хувийн хэвшилд хохиролгүйгээр цалин хөлсний асуудлыг авч үзэх нь зүйтэй.
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодлого, үр ашиг, давуу талыг хэн хүнгүй ярьж байна. Та говийн хүний хувьд энэхүү бодлогыг ямар байдлаар хүлээн авч, ойлгож байгаа вэ?
-Манай оронд говь нэр орсон таван аймаг бий. Говь-Алтай аймаг бол баруун бүсдээ орж байна. Харин говийн бүсэд Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь гэсэн аймгууд ордог. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг говьчууд их нааштайгаар хүлээн авч байгаа. Манай аймгийн хувьд хамгийн тулгамдсан асуудал ус гэж түрүүн хоёулаа ярьсан. Тэгэхээр говь руу гадаргын усыг хэрхэн яаж авчрах вэ гэдэг дээр говийн бүс нэгдээд дуугарвал илүү ач холбогдолтой юм болов уу гэж харж байгаа. Хангайн аймгуудаас говь руу ус татах хоолой явуулах шаардлагатай. Энэ төсөл амжилттай болбол маш олон ажлын байр бий болно. Дээр нь усны хоолой дагасан экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн тариалах боломж бий болно гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр говийн бүсээс УИХ-д долоон гишүүн сонгогдон ард иргэдийнхээ говьчуудынхаа төлөөлөл болж ажиллана. Тэр утгаараа маш хүчтэй дуу хоолой болох боломж бүрдэх юм. Өмнөговь аймгаас энэ парламентад хоёр төлөөлөл байлаа. Одоо нэг л төлөөлөлтэй байна. Энэ тоо долоо болж өснө гэдэг бол говийн асуудлыг төдий чинээ шийдвэрлэх боломж бүрдэнэ. Тиймээс бүсчилсэн хөгжлийн бодлого, ач холбогдлыг говийнхон илүү мэдэрч, үр дүнг нь харж, хүлээж байгаа. Ерөнхий сайд ч хэлж байсан. Бүсчилсэн хөгжил говьд ус авчирна гэж. Тэгэхээр энэ үг бол бүсчилсэн хөгжлийн давуу тал, ач холбогдлыг маш тодорхой, оновчтой илэрхийлж байгаа болов уу.
-Удахгүй сонгууль боллоо. АН-ын хувьд мөрийн хөтөлбөрөө ҮАГ өглөө. Тэр утгаараа орон нутаг дахь АН-ын бодлого, үйл ажиллагаа ямар байна вэ?
-Манай аймгийн хувьд “Нутгийн хишиг” хөтөлбөр бүрэн гүйцэд хэрэгжих шаардлагатай байгаа. 2016 оноос эхлээд энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт иргэддээ хишиг, дэм өгөх боломжийг хаасан байдаг. Тэгэхээр улс орноо тэжээж байгаа, улс орны эдийн засгийн голлох салбар энэ орон нутагт явагдаж байгаа гэдэг утгаараа говийн иргэд маань түрүүлж хөгжих эрхтэй гэж үздэг. Говийнхонд зовлон, бэрхшээл, тулгамдсан асуудал ихэдсэн үү гэхээс багадаагүй. Говьчууд усаар дутагдаж байна. Говьчууд байгаль, цаг уурын нөлөөлөлд хамгийн их өртөж байна. Ийм хуурай, ийм шороотой, ийм халуун, ийм шуургатай, ийм усгүй хүнд нөхцөлд улсынхаа эдийн засгийн өсөлтийг ханган ажиллаж, амьдарч байна. Төрийн албыг залгуулж байгаа, хөдөө аж ахуйгаа авч яваа говьчуудын хувьд бусдаас түрүүлж хөгжих эрхтэй гэж би боддог. Говийнхон байгаагүй бол өнөөдөр улсын эдийн засгийг авч яваа энэ уул уурхайн компани, энэ Монголын баялаг Монгол Улсад байх байсан уу гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс үнэхээр эдийн засаг өсч байгаа бол энэхүү өсөлтийн үр өгөөжийг өрх айлын үүдээр оруулах ёстой. Ингэхдээ энэ эдийн засгийн өсөлт хамгийн түрүүнд говийн айлын хаалгыг тогших ёстой гэж боддог.
-Хаврын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор танай намын хувьд ямар байр суурьтай байдаг вэ. Нөгөөтэйгүүр орон нутгийн иргэдийн санал хүсэлт ямар байгаа бол?
-Хамгийн чухал хуулиудын нэг. Уг асуудлыг монголчууд бид олон жил ярьсан. Бусад газруудад уул уурхайн компаниуд төслөө яаж эхлэхээ мэдэхгүй байна. Зарим аймаг төслөө эхлүүлэх гэсэн компанийг хөөгөөд явуулчихаж байгаа. Гэтэл Өмнөговь аймагт энэ олон уул уурхайн компани хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид төрийнхөө шийдвэрийг дагаж, хуулиа дээдэлж энэ компаниудыг орон нутагтаа ажиллахыг зөвшөөрсөн гэж боддог. Ингэж байж улс орны эдийн засаг өснө гэж үздэг. Говийн хүний уужуу, тайван, алсын хараагаар бид энэ олон уул уурхайн компаниудтай зэрэгцэн оршиж байна. Бид бусад аймаг шиг хөөгөөд явуулчихаж чадна. Гэхдээ бидэнд тийм сэтгэл байхгүй. Тэгэхээр орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хувьд цаашид ирээдүй бий. Нөгөөтэйгүүр иргэдийн хувьд юу хүсэж байна вэ гэж. Иргэд ерөөсөө хариуцлагатай уул уурхай нэмээд баялгийнхаа хувийг л хүсэж байгаа. Тэр утгаараа энэ хуулийн төслийг бид яаралтай батлуулах шаардлагатай.
Э.МӨНХТҮВШИН