Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын азтан өнөөдөр тодорно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр /2024.02.21/ 13:00 цагт и-баримт аппликэйшн болон “Боловсрол” суваг телевизээр орон даяар шууд дамжуулах юм. Энэ удаагийн тохиролд 2024 оны 2 дугаар сарын 01-ээс, 2 дугаар сарын 29-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.

Сугалааны урамшуулалд: 

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  • 4 орон таарвал /40,000-100,000/
  • 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  • 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  • 7 орон таарвал /500,000- 10 сая/
  • 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болсон билээ.
Categories
мэдээ нийгэм

ЗГ: “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

– Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар

– Шинэ Хархорум хот, Шинэ Зуунмод хотыг төлөвлөж байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар

– Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төслийн талаар

– “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

– Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

– “Иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 30 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана DNN.mn

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх гуравдугаар сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас зарласан.

Харин өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдөр дараах байршилд цахилгааны хязгаарлалт хийх хуваарьтай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн хоногт нийслэлд гал түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ DNN.mn

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 6 дуудлагатай хонолоо.

Дуудлага мэдээллийн гурав нь цахилгаан ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан байна.

Иргэд гэр, сууц, аж ахуй нэгж байгууллагууд ажлын байрны цахилгааны хэрэглээ, ашиглалтын аюулгүй байдлаа хангахыг НОБГ-аас анхааруулж байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр DNN.mn

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны хуралдаанаар “Аз жаргал руу тэмүүлэх нь манай гарагийн хүмүүсийн хувьд нэг ижил хүсэл байгаасай” гэсэн үзэл санааг дэмжих зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Олон улсын аз жаргалын өдөр” /International Day of Happiness/ болгон тунхагласан байна.

Мөн НҮБ-аас энэ өдрийг улс орнууд зохих хэмжээнд cоён гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмж өгсөн байдаг.

Түүнчлэн Монгол Улс аз жаргалын үзүүлэлтээр дэлхийн 146 улсаас 69-т эрэмбэлэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” DNN.mn

Өдрийн сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч, зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэнгийн “Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” ном нэмж засварлан гурав дахь удаагаа уншигчдын гарт хүрч байна. Энэ ном одоогоос 25 жилийн өмнө хэвлэгдэж байсан юм. Хэвлэгдэж гарсан даруйдаа шуугиан тарьж уншигчид хошууран уншицгааж бахархан ярилцаж байлаа.

Ялангуяа аав ээжүүд “Хүүхэд номонд оруулдаг ном” хэмээн нэрлэж маш дуртай худалдан авдаг байв. Ном юугаараа ингэж уншигчдын сонирхлыг татдаг юм бэ. Зүгээр л бидний унаган ахуй буюу нийгэмшсэн хүн төрөлхтнөөс өдөр өдрөөр алсран холдож буй байгаль эхийн ааш аяг, зан төрх, амьдралын төлөө уйгагүй тэмцэж байдгийг элдэв чимэггүй харуулснаараа ийнхүү хүмүүсийн сонирхлыг татдаг. Байгаль эх гэж би амьтдыг хэлж байна. Амьтдын сэргэлэн цовоо зан бие биенээ хайрлах зан, амьдралын төлөөх уйгагүй тэмцэл, дээрээс нь өхөөрдөм байдал бас догшин зэрлэг авир нь хүмүүсийн сэтгэлийг хөвсөлзүүлэн татах бөлгөө. Ийм энгийн байдал нь хүүхдүүдэд мөн нөлөөлж тэдний танин мэдэхүй, эх хэлний тансаг үгсээр зүйрлэн өгүүлсэн байгалийн зураглал зэрэг нь унших сонирхлыг өдөөдөг. Мөн уг номд гарч байгаа хүмүүсийн унаган цөлх зан, байгаль эх болон бие биенээ хайрлаж байгаа байдал зэрэг нь бүх насны уншигчдын сонирхлыг татна. Хайр гэж одооны хүмүүсийн ойлгодог шиг дур тачаал, ороо нийллэгийн хайр биш, жинхэнэ байгалиас заяасан нинжин хайрын тухай хэллээ. Жишээ болгон нэг өгүүллэг ярьж өгье. Хүдэр хүндрэлтэй төрдөг аж. Нэг удаа төрж байгаа хүдэр дурандан харсан судалгааны баг явж чадалгүй санаа зовнин бүтэн өдөр уулын тагтад өнждөг. Эсэн мэнд төрөхийг нь үзэх гэж тэр. Хоёр яс бүрэн бүтэн салахыг нь харах гэж тэр юм. Эсэн мэнд төрчихөөсэй янзага, эх нь зүгээр байгаасай гэсэндээ тэнд өдөржин санаа нь зовнин хоорондоо ч юм ярилгүй эзгүй балар ойд сууцгаадаг.

Бараг илүү зан юм, тэдэнд ямар хамаа байхав дээ, хаяад л явчихна биз. Тэнд нэг гөрөөс үхнэ үү яана мөн ч уянгалав аа эд нар гэж хэлэх хүн олон. Гэхдээ бидний унаган зан ийм. Бид яг ингэж хаа хамаагүй зүйлийн тухай санаа зовнин тэдний үйл сайхан зохироосой гэж залбирч явдаг ард түмэн юм. Хүдэр төржээ, янзагаа долоож тэр нь хөх рүүгээ өндөлзөж байгаа нь харагдав. Гөрөөс эсэн мэнд төрж манай багийнхан ч тэрүүхэндээ бужигнаад явчихав. Ач охиноо энх мэнд төрүүлсэн өвөө нар төрөхийн үүдэнд хөл нь хөнгөрөн гүйлдэж байдаг шиг харагдана.

Майхан жодгороо босгож морьдоо аргамжиж, түүдэг галаа асааж хоол хош болоод явчихлаа. Зэрлэг сонгинотой бууз ханхалж пүүгээ болгоны ёроолоос шилтэй цэнхрүүд цэлэлзэн гарч ирж найр наадам эхлүүлжээ. Үүрээр нойрон дунд нэгэн сайхан аялгуу намайг сэрээлээ.

Шувуудын жиргээ, ялааны ч юмуу ямар нэг шавжны яг чихэн дээр өргөх сарчигнасан аялгуу. Ой нилдээ шувуудаар чуулж байлаа. Бас хажууд горхи бүхэн шулганан гялтганана. Дөнгөж мандсан нарны доор ногоохон манан мэт ойгоор бүрхэгдсэн сарьдгууд.

Оройг нь алтадсан мэт сарьдгууд. Мод бүхэн навчсаа дэлгэж их тайгад ганцхан шөнө зун ирээд буучихсан байв аа гэж өгүүлжээ. Хаа хамаагүй амьтны төлөө хөндлөнгөөс баярлаж байгаа хэдэн хүний тухай унших нь яагаад муухай байх билээ.

Ийм л хүүхдийн мэт цагаахан зан авир гардаг болохоор хүүхдүүд унших дуртай байдаг юм.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэргүүд гадаа жорлонд хүндрэх байтугай өмдөндөө “авчихаад” хөлдүү окопонд эх орныхоо төлөө тулалдах үүрэгтэй шүү DNN.mn

Орчин цагийн зэвсэгт хүчин үүссэний 103 жилийн ой болоод өнгөрлөө. Ерөөс 1921 оны хувьсгалаас хойш л Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин бий болсон юмдаг уу даа. Тэгвэл түүнээс өмнө манай улсад хуучин цагийн зэвсэгт хүчин байсан байж таарах нь. Тэр түүх нь магадгүй Чингисийн үеэс буюу XII, XIII зуунаас эхлэлтэй биз. Ямартаа ч цэрэг, армийнхан маань өчигдөр баяраа нижгэр тэмдэглэлээ. Энэ нижгэр баяр дундуур нэгэн сүрхий пост сошиалаар явсан нь олон нийтийн хандалтыг их авах шиг боллоо. Тэр нь цэргийн ангид алба хааж байгаа байлдагчид маань өвлийн хүйтнээр гадаа жорлонд бие засаж байна гэх агуулгатай мэдээлэл аж.

Үүнийг өлгөж аваад Монголын зэвсэгт хүчин хөгжөөгүй байна, орчин цагт цэргүүдээ гадаа бие засуулж байхдаа яахав дээ гэх зэргээр шүүмжлэх хүн олон байлаа. Бүр нийтээрээ арай ч дээ гэх зэргээр шүүмжиллээ. Шүүмж гэдэг эрүүл системийн ойлголт ч гэдэг. Гэхдээ цэргийн энэ асуудалд нийтээрээ ийм хандлагатай байгаа нь бид дэндүү нялхамсуу байгаа юм биш үү гэсэн зовнилыг төрүүлмээр. Ачир дээрээ цэргүүд гадаах жорлонд бие засах битгий хэл өмдөндөө баачихаад хөлдүү окопондоо тулалдах ёстой хүмүүс шүү дээ. За яахав, заавал өмдөндөө биш юм аа гэхэд тэр буланд морь харчихаад энд нь дайсантайгаа тэмцэж байх гэж цэрэг байдаг юм. Цэргийн анги гэдэг хүүхдийн цэцэрлэг огт биш.

Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн язгуур эрх ашгууд ч тэнд үйлчлэхгүй, тийм л газар. Гэтэл ямар зорилготой, ямар газар хүүгээ явуулснаа ойлгоогүй байж, гадаах жорлонд миний хүүхдүүдийг бие засууллаа гэж уйлан дуулахаа больцгоо, монголчууд аа. Бидний энэ хийрхэл бусад салбарт, бусад асуудалд байж болох ч зэвсэгт хүчин, монгол цэргийн хандлагад огт тохирох шүүмж биш шүү. Хуучны нялуун цаг дуусаад гурван жил болж байна. Дайн гэдэг юм бодит болж дайтах тулалдах гэдэг бол өнөө маргаашийн асуудал болоход их ойрхон энэ үед юу гэж нялуурч дэлүүрээд байгаа юм бэ. Дайн гадаадад биш, гадаа ирчихээд хүлээж байгааг ойлгох хэрэгтэй. Цэргийн хаана бие засахыг шүүмжилж, боожгой нь хөлдчих вий гэж элийрч суухаар эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалж чадах цэрэгтэй юү, үгүй юү гэж хэлэлцэх нь илүү ач холбогдолтой байх. Гадны түрэмгийлэгчид манай улс руу халдлаа гэхэд тэрхүү довтолгоог нь Улаанбаатар хот руу оруулчихгүйгээр няцаах арми манайд бий юү гэдэгт л санаа зовох хэрэгтэй. Орос үндэстэн монгол судлаач, ахмад дипломат, орчуулагч Ю.Н.Кручкин гэх нөхрийн яриаг та нар сонссон уу. Тэрээр “ОХУ-ын ерөнхийлөгч дайнаас үүдэн 70.000 орчим хоригдол сулласны 10.000 орчим нь Монголын хилийн ойролцоо амьдарч байна” гэж ярьсан.

Энэ яриа монголчуудыг айлгаж чацага баастай нь холилдуулах гэсэн эзэнт гүрний бодлогын өмнөөс хэлсэн гэж үзье. Гэхдээ үнэхээр эдгээр хүмүүс АКА-47 бариад манай улсын хойд хилээр ороод ирлээ гэж бодоход тогтоох арми Монголд бий юү. Мань судлаач нөхрийн ингэж ярьсан яриан дор манайхан маазарсан сэтгэгдэл цөөнгүй үлдсээн нь харагдсан. Оросууд хэзээ ч Монгол руу дайрахгүй гэж бодож сууна уу. Украин Оросын дайн тийм юм байдаггүйн баталгаа юм. Украины ард түмэн саяхныг болтол оросууд бидэн рүү дайрахгүй, довтлохгүй гэж яг манайх шиг боддог байсан. Гэтэл оросууд эхний цохилтоо Киевд шууд хийсэн. Украинчууд цочирдсон. Гэхдээ дайралт болсонд нь итгээгүй. Арай үгүй байлгүй дээ л гэж бодсон. Энэ үед Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Яаж уурласан ч орос ах нар Путин ах манай улс руу довтлохгүй, бидэнтэй огт дайн зарлахгүй” гэж мэдэгдэж байсан бичлэг нь байна. Зэвсгийн хүчээр улс руу нь цохилт өгчихөөд байхад л ерөнхийлөгч нь итгэхгүй ч юу байхав дайн зарлахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн бичлэг нь бий. Гэвч оросуудын хувьд энэ бол тоглоом биш, жинхэнэ дайн байсан. Харин манайд хилийн цаана 10 мянган хоригдол байгаа гэж хэлэхэд нь инээж байна. Украинчуудад эхний цохилтыг оросууд өгөхөд ч итгэхгүй, инээлдэж байсан шүү. Үүнтэй адил монголчууд “ах” гэх хуучин хүндэтгэлээ гээлгүй оросуудын дайрахгүй гэх хандлагад нь итгэж байгаа нь үнэхээр гэнэн байгаагийн шинж. Бүр Путинд дэндүү их итгэгчид ч ярьж байна. Саяхан ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөлөө. Нөгөө л өвгөн дахин сонгогдлоо. Үүнд монголчуудын зарим нь баярлаж ч байх шиг. Путин дахиад сонгогдчихсон юм чинь Монголыг харж үзнэ гэх маягтай хүмүүс цөөнгүй байна. Үнэндээ Путин дахин сонгогдсон явдал нь шударга сонгууль огт байгаагүй. Шударга бус сонгууль яваандаа ОХУ-д төрийн маш том задрал явагдах гол шалтгаан болно. Энэ талаар ч олон улсын судлаачид хэлж байна. Задрал явагдсанаараа маш олон зэвсэгт бүлэглэл бий болно. Манай улсын хилийн гадаа байгаа 10 мянган хоригдол юу ч биш. Харьяалагдах улсгүй, хууль үйлчлэхгүй эдгээр зэвсэгт бүлэглэлүүдийн хийх гол ажил нь юу гээч. Хаана сул дорой улс орон байна, хаана хамгаалах армигүй ард түмэн байна тэр бүхнийг эзлэх гэж санаархана. Бүр халдан довтолно. Тэдний энэ зорилгыг хэн ч зогсоож чадахгүй. Тэд нэг ёсондоо олз хайсан ноход шиг л хэрэн тэнүүчилнэ гэсэн үг. Энэ бол Монгол шиг жижиг улсын хувьд үнэхээр том аюул. Оросын задралаас үүссэн зэвсэгт бүлэглэл манайх руу дайрахгүй байна гэж байхгүй. Ядаж л хилийн цаахна байгаа буриадуудад монголчууд баян гэх цуурхал тархаад удаж байна. Өөрөөр хэлбэл, хамгаалалт султай хөрөнгө Монголд байна гэсэн үг.

Тиймээс эд хөрөнгөд шунасан зэвсэгт буриадууд Авдекод ингэдэг байсан гээд хэзээ нэгэн цагт Монгол руу халдан довтлох гэж санаархана. Тэр үед Монгол Улсад гадны зэвсэгт бүлэглэлийн эсрэг сөрөх арми бий юү гэдэг л чухал байна. Инээж, наргих нь дараагийн асуудал биз. Одоогоор бодит байдал нуулгүй хэлэхэд ийм байна. 10 мянгаа байг гэхэд АКА-47-той мянга гаруй хүнтэй бүлэглэл манай улс руу гэнэт халдан довтлоход ард иргэдээ хамгаалаад, эзлэн түрэмгийллийг эсэргүүцэх хүч үнэхээр бий юү гэдгээ ярилцаж, эр цэргээ бэлдэх хэрэгтэй байна. Орчин үеийн зэвсэгт хүчин бий болоод 103 жил боллоо гээд баяр хөөр болж тэмдэглэлээ. Яг тэр орчин үеийн зэвсэг техник нь манайд бий юү. Байхгүй бол байлгах чиглэлд нь анхаарах хэрэгтэй. Өнөө цагт дэлхийн улс орнууд дроны анги, нэгтгэлтэй болчихсон байна. Гэтэл манайд дрон гэх зүйлийн ямар төрөл нь хаана хэд байна. Бодох л асуудал. Нөгөөтэйгүүр Монгол Улс ОХУ-тай 3500 орчим км газар нутгийн зурвасаар хиллэдэг. Тэгэхээр бидэнд дор хаяж 1000-3000 км зайд нисдэг хүчирхэг дронууд зайлшгүй шаардлагатай. Ийм хол зайд нисдэг дрон бид одоохондоо үйлдвэрлэж чадахгүй ч 100-500 орчим км зайд хөөргөчихдөг дронуудыг маш ихээр үйлдвэрлэх шаардлагатай байгаа юм. Цаашлаад цэргийн ангиудад хээрийн сургуулилалт гэж болдог.

Энэхүү сургуулилтын үеэр иргэдийн харж байгаагүй орчин цагийн технологийг ашигласан дайны үед хэрэгцээтэй зэвсгийг танилцуулах хэрэгтэй. Зэвсэгт хүчний жагсаал боллоо гэхээр л хэдэн хуучны танк, зил-131 явуулж харагддаг. Үнэхээр бидний зэвсэг ингэтлээ хуучирчихсан юм уу. Тийм бол зэвсэг техникээ өөрсдөө үйлдвэрлэдэг болох нь хамгийн чухал байна. Юун түрүүнд бид өөрсдөө дрон үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Гадныханд Монгол Улсын зэвсэгт хүчин сул гэх мэдээллийг зогсоох шаардлагатай байна. Ингэхийн тулд Монголын арми сошиал сүлжээг ашиглаад өөрсдийнхөө сүр хүчийг үргэлж гайхуулах агуулгатай мэдээллийг түгээх ёстой. Үнэхээр Монголын арми бол халдан довтлоход тийм ч амар улс биш юм байна гэх имижийг бүрдүүлэх цаг үе ирээд байна. НҮБ-аас Монголын цэрэг арми энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй, үр бүтээлтэй, зоригтой явдаг хэмээн үнэлсэн байдаг. Монголын арми орчин үеийн иж бүрэн зэвсэгтэй болсон, үүнийг нь НҮБ-аас өгсөн гэж яриа гаргах хэрэгтэй байна. Мөн Монголын цэргүүд олон улсад болж байгаа дайн, мөргөлдөөн, энхийг сахиулах ажиллагаанд оролцсоор байгаад дайны утаа үнэрлэх гажиг хүсэлтэй

болчихож, хуучин дайнч хийрхэл нь сэдэрчихэж гэх цуурхалыг үлгэр, домог болтол нь түгээх хэрэгтэй байна.

Цэргийн баяраар эмэгтэйчүүд нь баярлалаа гээд л шоолцгоогоод байна. Үүнийг ч гэсэн гадныханд ойлгуулахдаа Монголын арми эрчүүд битгий хэл эмэгтэйчүүд нь дайн хийх мөрөөдөлтэй байдаг. Тиймээс Монголын арми бол хатуу самар гэх ойлголтыг бий болгомоор байна. Туванууд дотор халхын Хатан баатар нь төржээ гэсэн цуурхал тараах хэрэгтэй байна. Юун цэргүүд гадаах жорлонд бие засах асуудал яриад, түүнд нь уйлагнах вэ. Гэтэл дэлхийн арми цаана чинь хол тасархай хөгжсөөр байна. Уулын Карабахад болж буй зэвсэгт мөргөлдөөнийг цэргийн шинжээчид “дронуудын дайн” гэж нэрлэж байгаа. Ирээдүйд зургаан байлдааны онгоц агаарт хөөрлөө гэж бодоход, тэдгээрийн хоёр нь л нисгэгчтэй онгоц, бусад нь дронууд байх болно гэж цэргийн шинжээчид таамаглаж байна. Жишээ нь, Азербайжаны арми Израильд үйлдвэрлэсэн Aerostar, Hermes, Heron, Harop, Orbiter 2M, мөн Туркэд үйлдвэрлэсэн Bayraktar ТВ2 дронуудыг ашиглаж байгаа нь Армений танкуудыг устгаж буйг харуулсан дүрс бичлэгүүдээс тодорхой болсон. Азербайжаны тал өмнө нь голдуу “амиа хорлогч” камиказе дронуудыг хэрэглэж байсан бол энэ удаагийн зэвсэгт мөргөлдөөнд пуужин болон бөмбөг тээгч цохилтын дронуудыг өргөнөөр ашиглаж байна. Ийм Монгол Улсын арми орчин цагийн зэвсэг, техникээ өөрсдөө үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага, цаг үе зүй ёсоор тулгарлаа. Дронтой болчихвол түүнийг залах нисгэгчид манайд бол ёстой хог нэгээрээ байгаа даа гэдгийг бүгд мэднэ. Дэлхийн тэмцээнийг бид л удирдан явуулж байна. Тэд араас гарч ирж байгаа зулуучууддаа заагаад цааш явахад Монголыг бардаг улс гэж энэ дэлхийд лав байхгүй. Украинчууд ч өөрсдөө зэвсэг, техникээ үйлдвэрлэдэггүй байсан цаг саяхан. Гэтэл одоо дайны хамгийн сүүлийн үеийн техникүүдийг энэ улс үйлдвэрлэж эхлээд байна. Манайх үүнээс хоцрох ёсгүй. Хэзээ ч дайсан орж ирэхгүй мэтээр зэвсэгт хүчнээ орхигдуулбал жинхэнэ утгаараа Монголын тусгаар тогтнолд аюул учирна гэж ойлгох хэрэгтэй.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН, МАН-ын бага хурлуудаар томилгоотой холбоотой хөдөлгөөн өрнөх үү DNN.mn

Энэ сарын 25 гэхэд сонгуульд оролцох улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө аудитын дээд байгууллагад хүргүүлэх хуулийн хугацаатай. Тиймээс энэ долоо хоногт багтаад улс төрийн намууд бага хурлаа хуралдуулах шаардлага бий болсон. Юутай ч улс төрийн хоёр том хүчин болох МАН, АН-ын бага хурал энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болох сурагтай. Эрх баригч МАН-ын хувьд удахгүй болох бага хурлаараа мөрийн хөтөлбөрөө батлахаас гадна генсекээ солино гэсэн албан бус мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.

Энэ асуудлаар тус намын удирдлагууд тодорхой мэдээлэл өгөөгүй ч генсек солигдох яриа нам дотор нь хүчтэй явагдаж байгаа юм. Улстөрчдийн хэлдэг үг бий. Гарам дээр морио сольдоггүй гэж. Тэгвэл сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд МАН-ын хувьд үнэхээр генсекээ солих эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Хэрэв одоогийн генсек энэ сонгуулиар УИХ-д нэр дэвшихээр бол ажлаа өгч таарна. Тэгвэл энэхүү асуудлаа сонгуулиас өмнө нэн яаралтай намаараа шийдвэрлүүлэх шаардлага үүсэх юм. Хэрэв генсек нь нэр дэвшихээр бол түүний оронд хэн болох вэ. Хэн энэ намын гал тогоог барьж сонгуульд оролцох вэ гэдэг асуудал яригдана. Одоогоор МАН-ын генсект яригдаж байгаа гэх ганц улстөрч бий. Тэр нь ЕТГ-ын дарга Я.Содбаатар. Гэхдээ энэ бол “тамхины цэг”-ийн мэдээлэл. Юутай ч энэ долоо хоногт болох МАН-ын хурлаар дээрх асуудлууд тодорхой болохоор байна.

Харин сөрөг намын бага хурал мөн энэ долоо хоногт болох сурагтай. АН-ын хувьд генсекээ солих асуудлыг намын удирдлагууд нь өнөөг хүртэл ярихгүй байгаагаас харахад тэд энэ сонгуульд саяхан томилогдсон генсектэйгээ оролцох магадлал өндөр байгаа юм. Ер нь өнөөгийн АН-ын удирдлага, одоо байгаа дарга нарыг нь Засгийн газар чигээс илүү дэмжиж, харин өөрчлөгдөх улс төрийн нөхцөлийг Ерөнхийлөгч чигээс нөлөөлж байгаа гэх хөшигний ардах улс төрийн мэдээлэл яригдах болсон. Гэвч энэ бол бодитой мэдээлэл мөн эсэх нь эргэлзээтэй. Улс төрийн хүрээнд зориуд ийм мэдээлэл түгээж, гэрэл цохиулах арга байдаг. Нөгөөтэйгүүр улс төрийн хүрээнд зориуд ийм яриа гарган тавьж, намуудыг маргалдуулах, толхилцоотой байгаа мэтээр харагдуулах санаархал ч явж байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс МАН-ын хувьд удахгүй болох бага хурлаараа ямар нэгэн томилгооны асуудал ярихгүй. Харин намын мөрийн хөтөлбөрөө батлаад холбогдох байгууллагуудад өгөх, сонгуульд нэр дэвших гишүүдийнхээ асуудлыг илүүтэй ярих таамагтай байна. АН-ын хувьд нэгдмэл болж чадсан ч гэсэн хурлууд нь хэзээд л маргаантай болдог онцлогтой. Тэр утгаараа энэ долоо хоногийн сүүлээр сонгуульд оролцох улс төрийн намуудын бага хурал нэлээд их улстөржсөн, халуухан уур амьсгалтай болох шинжтэй байна.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхболд: Оршин тогтнохуйн аюулгүй байдал эмзэг манай улсын хувьд иргэдийн төрд итгэх итгэл алдрах нь ноцтой эрсдэл DNN.mn

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой ярилцлаа.


-Юуны өмнө танд Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа. Нийт төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн, хамт ажиллаж байсан бүх хүмүүстээ Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе. Ажлын өндөр амжилт хүсье.

-Манай улс батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээрх бодлогоо шинэчлэх ёстой гэдэг асуудал хөндөгддөг. Та Батлан хамгаалахын сайд байсан хүний хувьд үүнд ямар бодолтой байдаг вэ?

-Тантай өөр сэдвээр ярилцах болов уу гэж бодож байлаа. Монгол цэргийн өдрийг тохиолдуулж ийн асууж байна гэж ойлголоо. Манай батлан хамгаалах, аюулгүй байдлын бодлого нь төрийн томоохон шийдвэрүүд, үзэл баримтлалуудад тулгуурлаж явдаг. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурладаг.

Дэлхийн, өөрийн улс орны, манай орчин тойрны нөхцөл байдлуудаас хамаарч энэхүү үзэл баримтлалууд байнга өөрчлөгддөг. Тэгж ч байх ёстой юм. Тэр тусмаа дэлхийн нөхцөл байдал ингэж өөрчлөгдөж байгаа үед.

Дайн байлдааны нөхцөл байдалд хэрэглэдэг арга хэрэгсэл, стратеги, тактик цоо шинэ болж байгаа энэ үед үзэл баримтлалаа яаралтай шинэчлэх шаардлага бий. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч буюу Ерөнхийлөгчөөс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас энэхүү үзэл баримтлалуудыг шинэчлэх ажил хийгдэж байгаа юм билээ. Үүний дагуу үйл ажиллагаа үргэлжилж явах ёстой юм.

-Та Батлан хамгаалахын сайд байхдаа Монголын зэвсэгт хүчний зэвсэг хэрэгслийг сайжруулах, орчин үеийн зэвсэг техникийг нэвтрүүлэх, дотооддоо өөрсдөө үйлдвэрлэх чиглэлд ихээхэн санаачилгатай ажиллаж байсан. Нээрэн ч өнөөдөр техник хэрэгсэл хөгжиж дроноор хилээ манаж, байлдаж байна. Дотооддоо сум нэвтэрдэггүй хантааз, сум зэвсгээ үйлдвэрлэх таны санаачилга өнөөдөр ямар шатанд яваа вэ?

-Би сайд байхдаа хэд хэдэн зүйл дээр анхаарч байсан. Ер нь орчин үеийн байлдаан явуулдаг, дайн тулааны арга хэлбэр, хэрэглэдэг зүйлүүд маш хурдацтай өөрчлөгдөж байгаа. Зэвсэг техник, хөрөнгө мөнгө сайтай өндөр хөгжилтэй орнууд манайхаас их хол явсан. Үүнийг нуугаад байх шаардлага байхгүй. Гэхдээ улс орон бүр өөрийн онцлогт таарсан батлан хамгаалах хэрэгсэл, тогтолцоотой байх ёстой.

Манайх Үндсэн хуульдаа ч “өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” гэж заасан. Мөн төсөв, мөнгөнийхөө бололцоогоор зэвсэгт хүчнээ байнга ахиулж хөгжүүлж байна. Бүгдийг нь ил тод ярих төвөгтэй. Гэхдээ зэвсэг техникийн болоод цэргийн хамтын ажиллагааны гэрээтэй улс орнуудтайгаа хамтарч зэвсэг техникээ шинэчилж, орчин үеийн болгож байгаа.

Нэг харамсаж явдаг зүйл нь, санхүүгийн нөхцөлөөс зэвсэгт хүчинд хөрөнгө мөнгө хангалттай хэмжээнд гаргаж чадахгүй байна. Жилээс жилд жаахан ахиж байна. Бололцооныхоо хэмжээнд шинээр юмнууд хийхээр оролдож байгаа.

Таны асуултад хоёрхон зүйлээр жишээ татаж хэлье л дээ. Би сайд байхдаа цэргийн салбарт өөрсдийн хийж чадах зүйлээ ахиулах зорилгоор, эрдэм шинжилгээний шинэ зүйл бүтээхээр Цэргийн нэгдсэн сургууль, бусад байгууллагад тодорхой хэмжээний мөнгө тусгасан.

Жишээ нь, манай цэргийнхэн өөрсдөө янз бүрийн зориулалтаар ашиглах дрон гаргаж танилцуулсан. Одоо түүнийгээ нэлээд боловсронгуй болгосон байх. Би сүүлийн үед үзсэнгүй. Бид өөрсдийн гэсэн технологитой болчихвол түүнийгээ үйлдвэрлэдэг технологитой болоход ойрхон байгаа.

Янз бүрийн л дрон байна л даа. Байлдааны том онгоц шиг олон төрлийн үйл ажиллагаатай дроноос эхлээд гараараа жижиг дрон хийж гранат зүүгээд хүний дээрээс хаячихдаг загвар ч байна. Үүнийг Орос-Украины кейсүүдээс харж байна шүү Дээ. Бидэнд хийж чадах юмнууд их бий. Хийх мэдлэг, туршлагатай хүмүүс ч байна. Тэгэхээр үүнийг төрөөс мөнгөөр, бодлогоор дэмжих хэрэгтэй.

Сум хэрэгслийн асуудал ч байна. Бидэнд өвлөгдөж хадгалагдаж ирсэн боломжийн хэмжээний нөөц бий. Гэхдээ олон жил хадгалчихсан. Тиймээс энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргүүдийн хэрэглэж байгаа зарим сум үйлдвэрлэсэн жилээс нь хамаараад нарийн шаардлагад нийцэхгүй байна. Уг нь ашиглаж болно. Гэхдээ НҮБ-ын нарийн шаардлагуудаас болж сүүлийн үед зэвсэг техник, сум хэрэгслийн үнэ нэлээд нэмэгдсэн. Өөрсдөө хийх зайлшгүй шаардлага гарсан. Үүний дагуу гэрээ хэлэлцээрүүдийг хийж, зэвсэг техникийн хамтын ажиллагааны улстай хамтарч сумны үйлдвэр барьж байгаа. Яг ямар шатандаа явааг яамныхнаар яриулсан нь зохимжтой. Ямартаа ч гэрээ хэлцлийг нь хийж, ажил нь эхэлсэн. Үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж нь шийдэгдэж удахгүй манайхан буудлага, зэвсгийн сумаа хийж эхэлнэ. Энэ ажил нэлээд ахисан түвшинд байгаа. Сум үйлдвэрлэнэ гэдэг маш том зүйл.

-Зохион байгуулалтын асуудал мөн хөндөгддөг. Ер нь батлан хамгаалах ажил ямархуу зохион байгуулалттай байх ёстой гэж та хардаг вэ?

-Заавал их хэмжээгээр мөнгө төгрөг зарахгүйгээр боловсронгуй болгох ажил их байна. Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчин өнөөдөр байнгын үүрэг гүйцэтгэж байгаа, цэрэгт алба хааж байгаа, гэрээ контрактаар ажиллаж байгаа хүмүүсээсээ гадна нөөцөд байгаа хэсэг, орон нутгийн хамгаалалтын хэсэг гэсэн хэсгүүдээс бүрддэг. Цэргийнх нь хүчин чадлыг тооцохдоо ч өнөөдөр үйл ажиллагаанд оролцож байгаа, эсвэл бэлэн байгаа, орон нутгийн хамгаалалтад хэдий тооны хүч байна гэдгийг бүгдийг нь тооцож байж тухайн улсын өөрийгөө хамгаалах хүчийг нийт тодорхойлдог тогтолцоотой.

Манай батлан хамгаалах, зэвсэгт хүчний тогтолцоо нэгдүгээрт мэргэжлийн зэвсэгт хүчин. Хоёрдугаарт, дайчилгааны тогтолцоо. Гуравдугаарт орон нутгийн хамгаалалт гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг. Зэвсэгт хүчин гэдэг нь өнөөдөр алба хааж байгаа бүрэлдэхүүн. Үүний 90 орчим хувь мэргэжлийн ахлагч, офицеруудаас бүрддэг. Дайчилгааны тогтолцоо нь ямар үед яаж дайчилгаа явуулж, ямар нөөцтэйгөөр бэлэн байлгах ёстой вэ гэдгийг харгалзаж тодорхой үеүдэд нөхөж байх зориулалттай.

Харин орон нутгийн хамгаалалт гэсэн тусгай хэсэг бий. Тусгайлсан ч хуультай. Би сайд байхдаа санаачлан боловсруулж, УИХ-аар баталгаажуулсан. Орчин үеийн дайнд учиргүй том фронт болоод улс улсаараа өөд өөдөөсөө байлдахаас илүү жижиг жижиг хэсгүүдэд болж байна. Тухайн хэсгүүдэд орон нутгийн хамгаалалттай бэлтгэгдсэн хэсгүүд маш том үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Орос-Украины дайнаас бусад газар өнөөдөр фронтод болоод байлдаж байгаа газар алга. Зэвсэгт мөргөлдөөн дэлхийн олон газар гарч байна. Үүнд тухайн бүс нутагтаа үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн хэсгүүд нь маш том үүрэгтэй оролцож байгаа.

Манайх энэ чиглэлээрх хуулиа гаргаад түүнийхээ дагуу бүх төлөвлөгөөгөө баталж Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар батлуулсан. Жишээ нь, аймаг, нийслэл, сум дээр тусгай бүртгэлтэй бүлгүүд бий. Дасгал сургууль хийгээд нэлээд жигдрээд явж байна. Жилд 1-2 удаа тухайн орон нутгийн хамгаалалтынхан заавал сургуулилт хийдэг. Хүн, техник, зэвсэг техникийн хангамжийг байнгын шалгадаг.

-Тантай ярилцах дараагийн сэдэв УИХ-ын Дэгийн тухай хууль. Энэ удаагийн парламент Үндсэн хуульд тогтолцооны том өөрчлөлтийг хийсэн. Ирэх намрын чуулганаар 126 гишүүн асуудлыг хэлэлцэж батална. Тиймээс УИХ-ын дэг олны сонирхлыг татаж байна?

-Энэ хаврын чуулганаар манай байнгын хороо дараа дараагийн УИХ-д зориулж УИХ-ын тухай хууль, УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Шаардлагатай бол шинэчилнэ. Ажлын дэд хэсгүүд одоогоор анхны хувилбарыг гаргачихсан байгаа. Би үзээд сууж байна. Ерөнхий сайд, УИХ дахь бүлгүүд бусад тодорхой газруудын саналыг нь авч байна.

УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор таны асуудагчлан тэр олон гишүүн хэн нь хэзээ ямар хугацаатай үг хэлэх вэ. Бүгдээрээ үг хэлэх боломжтой юу. Бүгд үг хэлбэл хэтэрхий замбараагүй болчихгүй биз. Ажил удаашралтай, маргаан ихтэй, гараас нь юм гардаггүй УИХ болох вий дээ гэж олон нийт санаа зовж байх шиг байна.

Ер нь манайхаас олон арван, олон зуун жилийн парламентын түүхтэй улс орон их байна. Манайхаас хэд дахин илүү 400, 500 гишүүнтэй парламенттай улс орнууд ч байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой ч холбоотой юм биш, ерөөсөө бусад орны парламентууд, том парламентууд үйл ажиллагаагаа яаж явуулдаг, ямар дэгээр хуралддаг вэ гэдгийг байнга л сонирхож судалж ирсэн.

Сая Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гишүүдийн тоо олон болсонтой холбоотойгоор Герман, Япон, БНСУ гэхчлэн хэд хэдэн орон руу явж зориуд парламентын үйл ажиллагаатай нь танилцаж, ямар ямар хандлага гарч байна гэдгийг нь нэлээд судаллаа. Зарим газраас ирж манайхтай хамтарч ажилласан зүйлүүд бий.

Ер нь зохион байгуулалт хийх, дэгээ өөрчлөх шаардлага байгаа. Одоо бол бүх гишүүд үг хэлэх эрхтэй. Хамгийн цөөхөнтэй гишүүнтэй улс манайх байсан. 126 ч гэсэн томдоо орохгүй. Гэхдээ цаашид бүх гишүүд үг хэлнэ гэвэл гэвэл цаг хугацаа их орсон, аливаа асуудал шийдэгдэхгүй удах эрсдэл бий.

Том парламенттай улс орнуудад нийтлэг ажиглагддаг зүйл нь улс төрийн намуудынх нь бүлгүүд дээр асуудал их төвлөрдөг юм байна. Асуудал оруулахад намын бүлгүүд нь дүгнэлт саналыг хуралдаанаараа зангиддаг. Түүнийгээ тойруулж намынхаа байр суурийг нэг хэсэг нь илэрхийлдэг. Дараа нь тухай тухайн асуудлаар мэргэшсэн байнгын хороодынх нь дүгнэлтийг сонсдог. Дараа нь намын бүлэг дотроос нь тэр асуудлуудаар мэргэшсэн хүмүүсээ сонсдог. Түүнийх нь тоо тогтоочихдог. Бүлгийнхэн энэ хугацаанд ингэж ярина. Засгийн газартаа харьцахдаа ингэж ярина. Байнгын хорооныхоо саналыг ингэж ярина. Тэдэн гишүүн тэдэн минутаар ингэж ярина гээд заачихдаг.

Тэр байтугай зарим улс оронд аливаа хуулийг хэлэлцэхэд энэ хуулийг нийтдээ тэдэн цаг хэлэлцэнэ гээд заачихдаг юм байна. Тиймээс ийм зүйлүүдийг нэлээд тусгана гэж бодож байна. Жишээ нь, энэ хуулийг нийт гурван цаг хэлэлцэнэ гэвэл сунжраад байхгүй ойлгомжтой болчихно шүү дээ. Тухайн гурван цагийг бүлгүүд нь гишүүддээ хувааж яаж үр бүтээлтэй хэлэлцэх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлнэ.

-Тэгэхээр ийм заалтууд орж байгаа гэж ойлгож болох уу?

-Одоогийн байдлаар хуулийн төсөл эцэслэж гараагүй байгаа учраас тэдэн гишүүн, тэдэн минут үг хэлнэ гэж хэлэх боломжгүй байна. Ерөнхий бодлогоо тойрч ярьдаг, өөр зүйл рүү хальж ордоггүй байхаар зохицуулж байна. Шал өөр юм яриад унавал УИХ-ын дарга нь ч  юмуу шууд болиулдаг. Удаа дараа зөрчвөл хуралдаанд орох эрхийг хасах ч гэдэг юмуу янз бүрийн арга байдаг юм байна. Зарим улсад УИХ-ын дарга болсон хүн их эрх мэдэлтэй байдаг. Тиймээс тэр хүнийг аль нэг намын талыг төлөөлж дуугараад, зөвшөөрөөд, хориглоод байна гэж харуулахгүйн үүднээс танхимаараа ярьж байгаад УИХ-ын даргаа сонгодог. Тэр хүн намын гишүүнчлэлээсээ татгалздаг ч гэдэг юмуу янз бүрийн арга хэлбэр байдаг юм байна. Би одоо ийм болно гэж хэлж байгаа юм биш. Ийм олон янзын арга хэлбэр байна. Эдгээрээс үр дүнтэй, сайн туршлагыг ашиглаж УИХ-ын Дэгийн тухай хуулийг боловсруулна.

Нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Шинээр байгуулагдсан УИХ бүр дэгээ хэлэлцэх хуультай байдаг. Бид энэ отгон чуулганаар дараагийн УИХ ийм дэгээр явна гэсэн хуулийг гаргана. Тэр хуулийг шинээр байгуулагдсан УИХ дахин хэлэлцэх хуультай. Бид аль болохоор Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурал ямар практикаар явж ирсэн. тулгарсан бэрхшээл сорилтуудыг нь харгалзаж үзнэ. Мөн олон гишүүнтэй, нийтлэг дэгтэй улс орны жишиг юу байна гэдгийг харгалзаж үзээд дараагийн УИХ энэ ийм хэмжээнд явуулбал зөв байна гэж бодохоор тийм Дэгийн тухай хуулийг баталж үлдээнэ. Түүнийг дараагийн УИХ яаж хэлэлцэж, яаж өөрчлөх нь тэдний асуудал байх болов уу.

-Мөн УИХ-ын бүтэц анхаарал татаж байгаа. Хэдэн байнгын хороо байх, хэдэн гишүүнтэй байх гэхчлэнгээр?

-Дараагийн УИХ өөрсдөө хэдэн байнгын хороотой байхаа шийдэж болно. Яагаад ийм практик тогтож ирсэн бэ гэхээр аль ч УИХ тодорхой хөтөлбөр дэвшүүлж гарч ирсэн нам, гишүүдээс бүрддэг. Тэр хөтөлбөрийг гаргасан хүмүүсийг дэмжсэн учраас тэр гишүүд сонгогдсон байгаа шүү дээ. Тиймээс тэр хүмүүс ард түмэнд амласан амлалтаа хэрэгжүүлэхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх, бодлогоо хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газрын бүтэц ямар байх ёстой вэ гэдгээ шийддэг. Гэхдээ ямар ч улс орны парламентад заавал байдаг байнгын хороод байна л даа. Жишээлбэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо. Төсвийн байнгын хороо. Хууль зүйн байнгын хороо гэхчлэн. Тиймээс нийтлэг эдгээр байнгын хороо аль ч УИХ-д байж таарна.

Олон нийт анзаарсан л байх. УИХ байгуулагдах бүртээ байнгын хороодын тоог нэмж, хасдаг. Ямартаа ч нийтлэг дөрвөөс таван байнгын хороо гарцаагүй байх ёстой. Мөн улсын өөрийн онцлогт тохирсон байнгын хороо заавал байдаг. Тухайлбал, Хөдөө аж ахуй, байгаль орчинтой холбоотой байнгын хороо ч байдаг юмуу. Ингээд 2050, 2030 оны том зорилтууд тавьчихсан. Тэр зорилтуудаас хамаагүй гажиж болохгүй шүү гэдгийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан. Тодруулбал, “Монголын төрийн бодлого төлөвлөлт тогтвортой байна” гэсэн өгүүлбэр оруулсан. Тэгэхээр энэ том зорилтуудын хүрээнд ямар зүйлүүд байна, түүнийг хэрэгжүүлэхэд УИХ ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг бодолцож байнгын хороодын бүтэц чиглэл тодорхойлогдоно.

Одоо бол УИХ-ын нэг гишүүн хоёр байнгын хороонд харьяалагддаг. Ер нь бололцоотой газруудад аль болохоор байнгын хороод мэргэжлийн байх шаардлагатай байдаг. Гишүүд олон байнгын хороонд харьяалагдахаар анхаарал нь сарнидаг. Хүн бүрт туршлага, эзэмшсэн мэргэжил, боловсролтой, мэргэшсэн асуудлууд байдаг. Хэрэв бололцоотой бол нэг гишүүн аль болох өөрийн чаддаг мэддэг асуудалд оролцож төлөвшиж мэргэшвэл УИХ-аас гарч байгаа шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, Тооцоо судалгаатай, үнэмшилтэй, хэрэгжих бололцоотой болоход маш хэрэгтэй. Тиймээс 126 гишүүн хэдэн байнгын хороотой болохоос хамаарч хуваагдах байх гэж бодож байна. Одоо бол нэг байнгын хороонд 20 орчим гишүүн харьяалагддаг. Нэг гишүүн хоёр, гурван байнгын хороонд гишүүнээр байгаа. Жишээлбэл, би Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдлын байнгын хороо, Ёс зүйн байнгын хороонд харьяалагдаж байна. Олон жилийн туршлагаас харахад ингэж олон байнгын хороонд харьяалагдах нь УИХ-ын ажилд төдийлөн таатай биш байдаг юм билээ.

Тиймээс нэг гишүүн цөөхөн байнгын хороонд харьяалагдах санал оруулна. Дараагийн УИХ ямар бүрэлдэхүүнтэй, үзэл баримтлалтай хүмүүсээс бүрдэхийг хэн ч хэлж мэдэхгүй учраас үүнийг дахин ярих боломж байгаа. Эцэст нь нэг зүйлийг анхааруулж хэлэхэд дунд, урт хугацааны бодлого тогтвортой байна гэдгийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Тиймээс аль ч нам сонгуульд орохдоо тэрхүү бодлогодоо аль болох нийцсэн зорилтуудыг дэвшүүлж амлалт авах ёстой. Сонгож гарсан хойноо тэр бодлого руу чиглэсэн, хөгжлийн том асуудал руугаа илүү их анхаарал хандуулах ёстой. Ийм бодлого явуулах хэмжээний байнгын хороод, гишүүдийн тоог тогтоно.

-Иргэдийн 71 хувь улс төрийн намд итгэхгүй байна. 67 хувь УИХ-д итгэхгүй байна гэсэн судалгаа гарчээ. Ер нь төрийн эрх барих дээд байгууллагад, мөн улс төрийн намд иргэд итгэхгүй байх нь ямар урхагтай вэ?

-Маш том урхагтай. Манайх парламентын ардчилсан тогтолцоотой улс. Парламентаа бүрдүүлэхдээ улс төрийн намаар дамжуулж төрөө бүрдүүлнэ гэсэн үзэл баримтлалтай. Үндсэн хуульд ч энэ талаар заачихсан. Тэгэхээр улс төрийн намд итгэхгүй байна гэдэг нь яваандаа парламентын тогтолцоог сулруулах хамгийн том аюул энд оршиж байгаа юм. Тиймээс үүн дээр улс төрийн намууд ямар их хариуцлага хүлээж байгаа вэ гэдгээ ойлгох ёстой. Нэр дэвшүүлэхдээ ч, бодлого боловсруулахдаа ч тэр онцгой анхаарал хандуулах ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихаад араас нь Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд, түүний араас Улс төрийн намын тухай хуулийг яагаад батлав гэхээр улс төрийн нам гэдэг бол олон нийт нэгдэж санал бодлоо илэрхийлж төрөө байгуулахдаа тодорхой бодлого дээр төвлөрүүлж оруулдаг институци. Тиймээс энэ институци маш хариуцлагатай байх ёстой.

Өмнөх Улс төрийн намын тухай хуультай харьцуулахад шинэ түвшинд намуудын хариуцлагыг бэхжүүлсэн хууль болсон. Тиймээс товч хэлэхэд, Монгол шиг оршин тогтнохуйн аюулгүй байдал нь эмзэг улсын хувьд иргэдийн төрд итгэх итгэл алдарна гэдэг нь хамгийн ноцтой эрсдэл. Аюул. Үүнийг улс төрийн намууд сайн ойлгох ёстой. Намууд зөв байж, сайн хөтөлбөр дэвшүүлж байж л тэр итгэлийг сэргээнэ. Тэгэхгүй бол манай төрийн тогтвортой байдал алдагдана. Төрийн тогтвортой байдал доголдоход гадна дотны хүчин зүйлүүд байсаар байгаа. Цаашид ч байсаар байх болно. Үүнд улс төрийн намууд нийгэм, иргэн бүр онцгой анхаарч, сэтгэл зовниж байх ёстой.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 20, Буд гариг. Билгийн тооллын 11, Найралт эх одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 06:55 цагт мандаж 19:05 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно. Тэрсүүд. Хаврын хугас дунд болох улирал (11ц 3м) эхлэнэ.