Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй. Хийгдэх ёстой ажлууд хийгдэж байгаа DNN.mn

Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.


-Үндэсний баялгийн сангийн хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Олон жил яригдсан энэ хуулийн ажлын хэсгийг та ахалсан учраас ач холбогдлыг нь ярихгүй юу. Өмнөх төслүүдээс юугаараа онцлог болсон бэ?

-Монголын нийгэм, эдийн засаг, валютын нөөцөд уул уурхайн салбарын үзүүлж байгаа нөлөө их. Иргэдийн зүгээс шавхагдаж байгаа энэ баялгаас ард түмний амьдралд үзүүлэх нөлөө нь бага байна гэцгээдэг. Уул уурхайн баялгийг олон нийтэд яаж хүртээх талаар олон жил ярьж ирсэн. Үүний нэг нь “Эрдэнэс Таван толгой”-н 1072 ширхэг хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн ч ногдол ашгийг нь ихэнх тохиолдолд хүртэхгүй явж ирлээ.

Тиймээс иргэдэд байгалийн баялгийн үр ашгийг баталгаатай, тогтмол байнга хүртээх сайн механизм юу байх талаар үе, үеийн Засгийн газар нэлээд ажилласан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн долоон төсөл боловсруулагдсан юм билээ. Энэ жил парламентад суудалтай намын бүлгүүдийн түвшинд концепцийн хувьд ойлголцож өргөн барьж батлуулах санамж бичиг байгуулсан. Миний ахалсан ажлын хэсэг өнгөрөгч тавдугаар сараас хойш хуулийн төсөл дээр ажилласан. Өнгөрсөн хугацаанд гурван удаа Засгийн газрын хуралд танилцуулсан. Үүний дагуу Засгийн газрын хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар тогтсон.

-Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд яаж хүртээхээр зохицуулсан бол?

-Монгол Улсын Ерөнхий сайдын гаргасан “Засгийн газар төрийн болон төрийн өмчит компанийн 34 хувийг иргэдэд өгье” гэсэн гол концепци бий. Тиймээс энэ хуулийн гол агуулга нь төрийн болон төрийн өмчит компаниудын 34 хувийг иргэдэд шууд бусаар өгөхөд чиглэж байгаа. Хувьцаа өгөхөөр шууд эзэмшчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хувьцаа бол иргэдийн өмч. Тиймээс нас барахаар өвлүүлэх, бэлэглэх, шилжүүлэх, шинээр төрсөн хүүхдэд яах вэ гэдэг иргэний болон өмчлөлийн олон асуудал хөндөгдөж хүндрэл дагуулаад байна л даа.

Ер нь хүн ам өсөхөөр тухайн компанийн засаглалд ч нөлөөлж эхэлнэ. Шууд хувьцаа эзэмшүүлэх нь олон талын хүндрэл дагуулаад байгаа учраас шууд бусаар олгохоор зохицуулсан. Ингэснээр төрийн эзэмшилд байгаа 34 хувьд ногдох ногдол ашгийг тэр чигт нь иргэдийн хуримтлалын санд нь хуваарилж өгье гэж байгаа юм.

Монгол Улс “Оюу толгой” төслийн 34 хувийг эзэмшдэг. 2023 оны тооцоогоор “Оюу толгой” компани 2037 оноос 2051 он хүртэл нийт гурван тэрбум ам.долларыг эхэлж ногдол ашиг хуваарилахаар төвлөрүүлнэ. Энэ мөнгө тэр чигтээ иргэдэд очно гэсэн үг.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн 34 хувийн ногдол ашгийг иргэдэд хүртээнэ. Эрдэнэс Таван толгойн 28 хувийг эзэмшиж байгаа. Үүнд бид гарт хүрэхгүй. Учир нь хувьцаа шууд эзэмшлээр иргэдэд оччихсон. Тиймээс шууд эзэмшлээр бэлэн мөнгө авдаг тогтолцоо хөндөгдөхгүй, үргэлжилнэ. Иргэдийн өмч болчихсон зүйлийг засаг, төр хөндөх эрхгүй. Бид төрд байгаа 72 хувийнхаа 34-т ногдох ногдол ашгийг тэр чигт нь иргэдэд өгнө. Энэ агуулгаар цаашид шинэ хөрөнгө оруулалтын төслүүдийн ногдол ашгийг хуваарилна. Ингэхээр уул уурхайгаас олох орлого, уул уурхайн компаниудын ашигтай ажиллах, ногдол ашиг хуваарилдаг, иргэдээс ч энэ чиглэлд шахалт ирдэг, хуваарилсан тохиолдолд иргэд шууд хүртдэг зөв тогтолцоо бий болж байна гэсэн үг. Хуулийн үндсэн агуулга нь энэ. Нэлээд дэлгэрэнгүй байдлаар боловсруулагдаж байсан энэ хууль одоо маш товчхон, ойлгомжтой болсон.

-Эрдэнэт үйлдвэр ногдол ашиг яг хэдзээнээс тарааж эхлэх төлөвтэй байгаа вэ. Үр ашигтай ажиллаж байгаа юу?

-Ер нь үр ашигтай ажиллаж эхэлсэн. Ногдол ашгийг жил бүр тараана.

-Монголчууд байгалийн баялгаа биржээр арилжаалж эхэлсэн. Удахгүй зэсийн баяжмалыг арилжаална. Ер нь байгалийн баялгаа биржээр арилжаалж эхэлснээс хойшхи Монголын эдийн засаг, нийгэмд гарсан үр нөлөөг та хэрхэн харж байна вэ?

-Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХК-ийг анх байгуулахдаа газрын баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, стратегийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор байгуулсан. Энэ бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах чухал үүрэг “Эрдэнэс Монгол”-д бий. Манай бүрэлдэхүүн компаниудад 2023 онд хийгдсэн нэг чухал ажил нь Биржийн хуулийн хэрэгжилтийг хангасан. Ингэснээр экспортын бүтээгдэхүүний зарах үнэ нэмэгдсэн. Орж ирэх орлого ч нэмэгдсэн. Эрдэнэс Таван толгойн нүүрс оффтейк гэрээнээс бусад нь биржээр борлуулагдаж байна. Биржийн худалдааг цаашид олон улсын бирж рүү гаргах зорилго тавьж байгаа. Манай нүүрсний ганц худалдан авагч нь Хятад. Тиймээс Хятадын бирж дээр гаргах төлөвлөгөө байна. Ингэснээр үнэ цэн нь улам нэмэгдэнэ.

Нэгдүгээрт, газрын баялгийн борлуулалт ил тод болох ёстой. Өрсөлдөөнийг хангах ёстой, дотоодын болоод олон улсын биржээр нээлттэй борлуулах ёстой гэсэн бодлогыг бид барьж байна. Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэрүүд барьж, үнэ цэнийг нэмэгдүүлэх бодлого стратегиа боловсруулж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Эдгээр ажлууд үе шаттай хийгдсэнээр шавхагддаг нөөц баялгийн үнэ нэмэгдэнэ. Ингэснээр Монголын төрд ирэх ашиг, татвар хураамж, ард түмэнд өгөх үр өгөөж төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг л дээ.

Манай зэсийн худалдаа олон улсын стандартаар явдаг. Лондоны металлын биржийн үнийг гэрээндээ суурь үнэ болгож ашигладаг. Тиймээс дэлхийн зах зээлийн жишиг үнээр арилжаалагддаг. Биржээр арилжаалж эхлээгүй учир хэлж мэдэхгүй байна. Би бол сайн үр дүн гарна гэж бодож байна. Манай түүхий эдийн хэрэгцээ шаардлага өндөртэй, авахыг хүссэн байгууллага олон байдаг.

-Улс төрийн том сонгуулийн дараа эдийн засагт сулрах нь түгээмэл байдаг. Удахгүй болох сонгуулийн дараа эдийн засаг, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ яах бол гэсэн болгоомжлол байна. Танайд байгалийн баялгийн дэлхийн зах зээлийн үнэ цаашид яаж хэлбэлзэх төлөвийн мэдээлэл байдаг байх?

-Өмнөд хөрш үл хөдлөхийн зах зээл болоод эдийн засгийн нөхцөл байдалд нь тодорхой хэмжээний өөрчлөлт гарч байгаа. Манай улсын нүүрс, түүхий эдийн ихэнх нь өмнөд хөрш рүү гарч байгаа шүү дээ. Ер нь дэлхийн зэсийн хэрэглээний 50 хувь, нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг БНХАУ хэрэглэдэг учраас манай гол экспортын бүтээгдэхүүн нэг зах зээлээс хамааралтай нь үнэн. БНХАУ-д гарч байгаа өөрчлөлт манай зах зээлд нөлөөлөх бүрэн бололцоотой. Эхний улирлын гүйцэтгэлийг харахад 2024 оны төлөвлөгөө биелэх чиг хандлагатай байна. Ямар нэгэн өөрчлөлт одоогоор ороогүй байна.

Хоёрдугаарт, хэдийгээр Хятадын эдийн засагт нөлөө орж байгаа ч манай нийлүүлдэг бүтээгдэхүүний өмнөд хөршийн зах зээлд эзлэх хувь жаахан. Тиймээс гол хөршүүдтэйгээ стратегийн түншлэлийн хувьд хамтарч ажиллах, хамтын ажиллагааны хүрээнд зөв бодлого хэрэгжүүлснээр харьцангуй гайгүй. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байдаг компаниуд Монголын валютын нөөцөд голлох үүргийг гүйцэтгэж байгаа. Үүнд бид ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна. Үүний үр дүнд Монголын валютын нөөц түүхэнд байгаагүй хэмжээгээр нэмэгдсэн. Валютын ханшны дарамт дээр тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Бид экспортоо бууруулахгүй байхад маш их хичээж ажиллана. Экспорт буураагүй, валютын нөөц багасаагүй тохиолдолд ханш алдах тохиолдол харьцангуй гайгүй. Нөөц багасвал ханшны дарамтад орно. Нөөцөө тогтвортой барьж чадвал ханш тогтвортой байх боломжтой. Нөөцийг бүрдүүлэхэд “Эрдэнэс Монгол” болоод уул уурхайн компаниуд сайн ажиллаж байгаа.

-Уул уурхайн боловсруулах үйлдвэрүүд олон нийтийн хүлээлтэд байгаа. “Эрдэнэс Монгол” энэ чиглэлд юу хийж байгаа вэ?

-Шинэ сэргэлтийн бодлогод аж үйлдвэрийн сэргэлт туссан. Хүнд болон боловсруулах үйлдвэрт гарцаагүй “Эрдэнэс Монгол”, төрийн өмчит компаниуд үүрэг рольтой хийхгүй бол хувийн хэвшлийн компаниудад дэд бүтцийн шаардлага их байгаа. Цахилгаан, ус, тээвэр логистикийн төв гэхчлэн энэ бүхнийг хийхэд их хэмжээний зардал шаардлагатай.

Үйлдвэр баригдахад хоёр зүйлээс их хамаарч байна. Нэгдүгээрт, нөөц баялаг. Өөрөөр хэлбэл, тэр үйлдвэр түүхий эдээр найдвартай хангагдах ёстой. Хоёрдугаарт, дэд бүтцийн хангамж. Манай стратегийн зургаан том нөөц баялгийг эзэмшиж байгаа компаниуд үүнд манлайлах бололцоотой. Бид үйлдвэр технологийн парк, цаашлаад аж үйлдвэрийн кластер үүсгэхэд манай компаниуд манлайлж ажиллана. Ингэхдээ дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийнэ. Хувийн хэвшлийн компаниуд дараагийн шатны үйлдвэрлэл явуулах, үйлдвэр барих боломжийг бид нээнэ.

Эрдэнэт үйлдвэрийн ажил урагштай явж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалт нь 50-аас дээш хувьтай хийгдсэн. Үүнд зам, эрчим хүч, ус гол асуудал нь. Дархан төмөрлөгийн үйлдвэр бол металл ган боловсруулна. Хөтөлийн цементийн үйлдвэрт шохойн гол нөөц бий. Багануурт хүрэн нүүрсний том нөөцтэй. Тиймээс тэнд боловсруулж үйлдвэрлэл байгуулах боломжтой. Таван толгойд коксжуулж үйлдвэрлэнэ. Бид хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Стратеги эзэмшиж байгаа нөөц баялгаа аж үйлдвэрийн үндсэн түүхий эд болгож боловсруулна. Түүнийг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн, түүний дараагийн шатны үйлдвэрлэл явуулах хувийн хэвшлүүд хөрөнгө оруулчихвал бид найдвартай хангана. Илүү гарсныг нэмүү өртөг шингэсэн үнэ цэнэтэй бүтээгдэхүүний экспорт хийнэ. Ингэснээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний шат шатны үйлдвэрлэл явуулах бололцоо бүрдэнэ. Жишээлбэл, катодын зэс, ган бэлдэц нь аж үйлдвэрийн үндсэн түүхий эд байдаг. Үүнийг хувийн хэвшилд гаргаж, хувийн хэвшлүүдийн үйлдвэрлэл явуулах газар, дэд бүтэц, тээвэр логистикийн боломжоор хангаснаар үйлдвэрийн тоног төхөөрөмжөө авч ирж үйлдвэрлэл явуулж эхлэх боломжтой болно. Ийм маягаар хүнд үйлдвэр, боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн гинжин хэлхээний үндэс суурийг тавих үүргийг гарцаагүй “Эрдэнэс Монгол” үүрч байгаа. Тиймээс дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө оруулчихсан ажиллаж байна.

-Гадаадын зарим хэвлэлээр ч тэр, ер нь олон нийтэд “Ураны төсөл зогслоо, Оросоос шахалт ирж байна” гэхчлэн мэдээллүүд гараад байна. Энэ мэдээлэл бодитой юу?

-Хүмүүс хардах эрхийнхээ хүрээнд ч юмуу, эсвэл санаатай, санаандгүй байдлаар иймэрхүү ташаа мэдээлэл явуулж байна. Хэлэлцээр явдгаараа явж байгаа. Таван ажлын хэсэг байгуулагдсан. 289 санал гарсан. Нэгдүгээрт, энэ бол шинэ салбар. Хоёрдугаарт, анхны хөрөнгө оруулалтын наана “Оюу толгой”-н төсөл маш их шүүмжлэл дээр явдаг. Тэр гэрээг байгуулсан хүмүүс өнөөдөр ч буруутгагдсан, яллагдсан зүйл ч бий. Уран бол энгийн ашигт малтмал биш. Цацраг идэвхтэй, хор хөнөөлийн асуудал яригддаг. Энэ төсөл газрын доор уусган баяжуулах учраас усны бохирдлын асуудал яригдаж байна. Энэ мэтээр ярвигтай асуудал. “Оюу толгой”-той харьцуулахад том төсөл биш ч, бидэнд шинэ замыг нээсэн, олон асуудлыг тооцож үзэх шаардлагатай төсөл гарч ирж байгаа юм. Тиймээс үүн дээр ярилцаж зөвшилцөх асуудал олон бий. Үүнээс гадна зарчмын үндсэн хэдэн асуудал дээр санал зөрөлдөж байгаа зүйл ч бий. Иймээс хэлэлцээр хийгдэх процесс дээр л яваад байгаа юм.

-УИХ-аар батлагдах ёстой тогтоолын төсөл хэзээ өргөн баригдаж, хэлэлцэгдэхээр байгаа вэ. Та ажлын хэсэгт нь байдаг учраас мэдээлэлтэй байгаа байх?

-Анх арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-д тогтоолын төслийг өргөн барина гэсэн нэлээд өөдрөг бодолтой байсан. Хэлэлцээрийн ажлын хэсэгт мэргэжлийн байгууллага, яамд, салбарын экспертүүдийг оруулж ажиллаж байгаа. Нарийн асуудалд гүнзгий орохоор ярих, бодох асуудал зөндөө байна. Бидэнд Монголын эрх ашиг, эдийн засгийн үр өгөөж, хор хөнөөл аюулгүй байдлын асуудалд болгоомжтой хандах ёстой. Алдаа гаргах эрхгүй. Тиймээс нухацтай хандаж байгаа. Хэвлэл мэдээллээр ч юм уу, ямар нэгэн байдлаар шахалт үзүүлж түүгээрээ асуудлыг хурдан шийдчих болов уу гэсэн бодлого байхыг үгүйсгэхгүй. Бид үүнд хөнгөн хуумгай хандъя гэж бодохгүй байгаа. Зарчмын асуудлаа барина. Мэдээж УИХ-аар хэлэлцэх, соёрхон батлах зүйлүүд нь бидний эрх мэдлийн асуудал биш. УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Тогтоолын төсөл өргөн барих нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал.

Дэд ажлын хэсгүүдийн хэлэлцээр үндсэндээ дуусах шатанд яваа. Тиймээс бид үүнийг дуусгаад Засгийн газрын үндсэн ажлын хэсэгт хүлээлгэж өгнө. Засгийн газарт “Ийм асуудлуудыг ийм байдлаар тохирлоо. Энэ асуудлуудыг тохирч чадахгүй байна. Үүний сайн, муу үр дагавар нь ийм байна” гэдгийг танилцуулна. Засгийн газар үүн дээр үндэслэж “Энэ хэлэлцээрийг явуулъя. Тохиролцсон асуудлууд болж байна” гэж үзвэл цааш явуулна. Болохгүй байна гэвэл мэдээж “Та нар энэ асуудлуудаа эргэж харах ёстой. Тохиролцох ёстой” гэдэг зүйл яригдах байх.

Гуравдугаарт, Засгийн газраас байгуулагдсан сайд нар орсон үндсэн ажлын хэсэг бий. Үүнээс гадна татвар, эдийн засаг, хууль эрх зүй, байгаль орчны чиглэлийн гадны зөвлөх компаниас зөвлөх үйлчилгээ авах ёстой. Өмнөх ажлын хэсэг нэлээд судалгаа, сонгон шалгаруулалт хийсэн. Түүний дагуу хууль эрх зүй, санхүүгийн чиглэлээр зөвлөх компаниудаа сонгож гэрээ байгуулаад ажил хийгдэж байна. Байгаль орчны чиглэлээр хариуцсан яамд, сайдын чиглэлээр компаниуд сонгогдож ажиллаж байгаа. ХЗДХ-ийн яамны чиглэлээр хууль эрх зүйн, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны чиглэлээр бид санхүүгийн зөвлөх үйлчилгээ авч байна. Байгаль орчны яам дээр гэрээ байгуулагдах процесс яваа. Тэнд хүндрэл гарсан, шалтгаанууд байх шиг байна лээ. Зөвлөх компанийн мэргэжилтнүүд дүгнэлт гаргахад яах аргагүй цаг хугацаа орно. Энэ бүрийн дараа гэрээ эцэслэх боломжтой болж байгаа.

Хэлэлцээр тасралтгүй үргэлжилж байгаа. Процесс нь шуудхан явчихаж болохгүй байгаа учраас цаг орж байна. Үүнийг зарим хүмүүс ашиглаж “Гэрээ удааширч байна. Хийхээ больчихсон. Оросууд нөлөөлж байна” гэхчилэн янз бүрийн зорилгоор худлаа мэдээлэл явуулаад байх шиг байна. Ямар нэгэн гацсан зүйл байхгүй. Хийгдэх ёстой ажлууд хийгдэж байна. Мэдээж төлөвлөгдөөгүй асуудлууд гарч ирж байгаа юу гэвэл гарч ирж байгаа. Гэрээ хэлэлцээр зогсоод, болиод, хойшилсон зүйл байхгүй.

-Зургадугаар сард болох сонгуулиар Монголын улс төрд өөрчлөлт гарна. Том төсөл удаашрах, гацах вий гэсэн болгоомжлол байна. Мэдээж та бүхний эрх мэдлээс хэтэрсэн зүйл ч өөр эрх баригч гарч ирсэн ч хоёр талын ажлын хэсэг төслийг тогтвортой үргэлжлүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Ер нь нөгөө талаа нэлээд шахаж байгаа. Хэлэлцээр хурдан дуусахад хөрөнгө оруулагч тал их хамааралтай байгаа. Өөрөөр хэлбэл, бид юм бүхэн дээр хатуурхахгүй. Аливаа гэрээ хэлэлцээр 50:50 хувьтай явдаг. Нэг нь дандаа тулгаад байж болохгүй. Нөгөө тал нь нэгнийхээ саналыг хүлээж авахгүй үгүйсгээд байж болохгүй шүү дээ. Тиймээс 50:50 үзүүлэлттэй байвал хэлэлцээр амжилттай явж байна гэж үзэх ёстой. Одоогоор 50 хувьтай явж байгаа. Гэхдээ үндсэн чухал асуудал гэж бий. Өөрөөр хэлбэл, ганц энэ төсөлтэй холбоотой биш. Жишээлбэл, АМНАТ тооцох аргачлал, АМНАТ-д инфляц тооцох асуудал яригдвал ганцхан энэ төсөлд биш, бусад бүх төсөлд хамаатай. Монгол Улсын эрх ашигт том нөлөө үзүүлэх асуудлуудад бид үндсэн байр суурь дээрээ маш хатуу зогсоно. Энэ асуудалд буулт хийх эрх бидэнд байхгүй. Тэгэхээр зарим тодорхой асуудалд Монгол Улсын Засгийн газрын баримталж байгаа бодлогыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тэгээгүй тохиолдолд бидэнд буулт хийх боломжгүй. Ийм тодорхой хэдэн асуудал бий. Тиймээс энэ асуудлыг танай тал хүлээн зөвшөөр, тэгвэл хэлэлцээр урагшлах бололцоотой гэж шахаж байгаа.

 

Categories
мэдээ улс-төр

УИХ: Түр хороо, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Монгол Улсын Их Хурлын түр хороо, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.03.26/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
2 Нийгмийн бодлогын байнгын хороо Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон  Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  дэд хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
3 Эдийн засгийн байнгын хороо Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль”
4 Эдийн засгийн байнгын хороо Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”
ХОЁР.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/ ·  Хянан шалгагч, шинжээч нарын ажлын явцын талаарх мэдээлэл сонсох 14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Завханы зүүн хэсгээр цасан шуурга шуурна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Завханы зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 03-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшиж, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор хотгор, Тэс голын хөндийгөөр -5…-10 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +5…+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +3…+5 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -4 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогдлоо DNN.mn

МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт болж, захирлаар Г.Гэрэлийг сонгогдлоо.

Түүний хувьд тус телевизийн “Өглөө хөтөлбөр”-өөс анхлан гараагаа эхэлсэн бөгөөд дэд захирлаар ажиллаж байсан юм.

Тус сонгон шалгаруулалтад

  • Ц.Ганхуяг
  • С.Адъяасүрэн
  • Р.Гандиймаа
  • Г.Чоглоонамжил
  • С.Баярмөнх
  • Г.Гэрэл
  • Э.Бат-Эрдэнэ
  • Т.Батзориг
  • Д.Наранцэцэг
  • О.Гомбожав гэсэн 10 хүн нэр дэвшсэн.
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Ганбат: Зээлийн хүүг хойшлуулсан нь малчдыг биш, банкны эздийг дэмжсэн арга хэмжээ DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.


-Энэ парламентын отгон чуулганаар Монголын нийгэм, эдийн засагтай холбоотой ямар хууль хэлэлцэгдэх вэ?

-Хаврын чуулганаар УИХын хэд хэдэн сонсгол болно. Үүнээс гадна 2023 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмж, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Тиймээс энэ чуулганаар дараагийн УИХын ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх холбогдох хуулийг хэлэлцэнэ. Уг нь энэ хаврын чуулганаар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж батлах ёстой байсан. Гэтэл олонх хойшлуулж байгаа юм шиг байна. Засгийн газраас оруулж ирсэн ч танхим дотроо нэгдсэн байр суурьт хүрсэн эсэх нь эргэлзээтэй байна.

-Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг УИХ-аар хэлэлцэж байна. Өөдрөг мэдээллүүд танилцуулагдаж байна л даа. Таны хувьд тайлангийн үр дүнтэй санал нийлж байна уу?

-Бодит байдал өөр байгаа шүү дээ. Бензин тос яах нь мэдэгдэхгүй байна. Тог цахилгаан байнга л тасарч байна. Эрчим хүчний хомсдолд орж байна. Эрх баригч МАН найман жилийн хугацаанд нэг ч үйлдвэр завод барьсангүй. Малаас гарч ирж байгаа түүхий эд ашиг шим алга. Зарим бүтээгдэхүүн хог дээр хаягдаж, зарим нь маш хямд үнээр борлуулагдаж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх ёстой.

Хариуцлагагүйн “зуд” хаа сайгүй бий болчихсон байна. “Эрх баригчид хариуцлага тооцох гэж байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулж, чангаруулж байна” гэцгээдэг ч бодит байдал дээр алга.

Төрийн хэмнэлтийн хуулийг ковидын үед баталсан. Өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэвч хэмнэлт алга. 22 яам, 44 сайдтай. 11 байнгын хороотой. УИХ-д суугаа МАН-ын гишүүдийн 70-80 хувь нь даргын албыг давхар хашиж байна. Үүн дээр нэмээд төрийн нарийн, дэд сайд гэхчлэнгээр нэмэгдэнэ. Өндөр цалин, хэрэглээтэй. Гэтэл орон нутагт иргэд малчидтай ойр ажилладаг багийн дарга, багийн эмч нар гэхчлэнгээр бүх ачааллыг үүрдэг төрийн алба хаагчид томилолтын мөнгөгүй, бензин тос хийх боломжгүй байдалд ажиллаж байна. Мөнгөгүй байна уу, үнэхээр хэмнэж байна уу гэхээр үгүй. Сумдад шаардлагатай машиныг шийдэж байна гээд гэнэтхэн машин тараагаад эхэлсэн. Туулах чадвар сайтай машинууд өглөө л гэсэн. Гэтэл бас худлаа үг байсан. Жишээлбэл, Сүхбаатарт 10 машин өгсний зургаа нь 40-хөн км явахгүй эвдэрчихсэн байна гэнэ. Гэтэл өөрсдөө Land cruzer, lexus унаж байна.

“Мянгат малчин, Сайн малчин”-ы шагналыг өгөхөөр 20, 30 жийп очиж байна. Тэнд хэмнэж байгаа зүйл алга. Хоёр хивэг, тэжээл өгөхийн тулд мөн л 20, 30 машинаар аваачиж өгч байна.

Авлигатай тэмцэж байгаа л гэдэг. Шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байна. Дөрвөн их наяд, 40 тэрбум төгрөгийг идчихсэн хүмүүсийн толгойг илж, шүүхээр хэргийг нь угаагаад 40 сая төгрөгөөр торгоод гаргаж байна. Хариуцлага хүлээж байгаа зүйл огт алга. Үүнд иргэд маш бухимдаж байгаа шүү дээ. Ялгавартай, буруу бодлогын урхагаар хохирсон иргэд түрүүчээсээ амиа хорлож байгаа харамсалтай зүйл гарлаа шүү дээ. Тиймээс үүнийг яаралтай хэлэлцэж, сонсгол хийвэл сонсож, эрх тэгш хууль эрх зүйн орчныг батлах ёстой.

-Өнөөгийн чухал сэдвүүдийн нэг өвөлжилт мал аж ахуй болчихоод байна. Та орон нутагт ажилласан байх. Нөхцөл байдал ямар байна. Малчдад чиглэсэн арга хэмжээ байгаа онож байна уу?

-Өвөлжилт маш хүнд байлаа. Хэцүүхэн ч хаврыг туулах юм шиг байна. Монголын Засгийн газар, яам тамгын газрууд өвөлжилтөд бэлэн биш байжээ. Уг нь дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс хамаарч гамшгийн давтамж ойртчихсон. Үүнийг бүгд мэднэ. Зундаа гантай зусаж, өвөлдөө зудтай өвөлжих боллоо. Өнөөдрийн байдлаар таван сая мал хорогдчихсон байна. Малчид төл авах боломж хүнд байна.

Өнгөрөгч хавар дизель, бензин тос тасалдсан. Энэ нь малчдын өвс тэжээлээ базаах ажилд нь саад болсон. Сарын өмнө л гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Гурил, будаа, өвс тэжээлийн гаалийн татварыг багасгахаар УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэж байна. Уг нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлмэгцээ л УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах ёстой байсан. Манай бүлэг энэ саналыг тавьсан ч хүлээж аваагүй. Бараа бүтээгдэхүүний үнэ өнөөдөр дийлдэхээргүй өсчихсөн. Энэ үед цагаа олоод тусалсан бол малчдад нэмэр болох байлаа. Маш аажуу, хожуу хөдөлж байна.

Эрх баригчид хамгийн хямд чанартай гурилыг Монголын ард түмэн хэрэглэж байна гэж ярьдаг. Бодит байдал дээр дэлхийн зах зээлээс 2-3 дахин өндөр үнэтэй гурил, будаа, өвс тэжээл, хивгийг хэрэглэж байна. Үүнийг шийднэ гэцгээж л байна.

-Тэгвэл мал аж ахуйн салбарт ямар бодлогыг хэрэгжүүлбэл үр дүнтэй гэж харж байна?

-Бэлчээрийн мал аж ахуй зардал чирэгдэл багатай ч цаг агаарын нөхцөлд өртөмтгий, эмзэг л дээ. Өнөөдөр малчид ямар ч орлогогүй болчихоод байна. Захиргаадалтын үед малыг 25 сая толгой малаас илүү гаргадаггүй байсан. Ардчиллынхан Монголд хэрэгтэй шийдвэрүүд гаргасны нэг нь малыг хувьчилж, малчдад тараасан. Түүнээс хойш 70 сая боллоо. Өнөөдөр 30, 40-хөн мянган төгрөгийн үнэтэй нэг боодол өвсөөр нэг хонийг сольж байна. Мал ийм үнэ цэнэгүй болчихсон. Дээхнэ үед малын амьсгаанаас бусдыг нь хэрэглэдэг байлаа. Малаас гарч байгаа дайвар бүтээгдэхүүнүүд жалгаар нэг хог болоод хэвтэж байна. Дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах хэрэгтэй байна. Малчдаа даатгалд хамруулахаас гадна банкны зээлийн хүүг анхаармаар байна. Малчид 20, 30 хувийн хүүтэй зээл авдаг. Үүнд анхаарахгүй байж татвар төлөгчдийн мөнгөөр зээлийн хүүг хаах гэж байна. Банк зээлийн хүүгийн эрсдэлээ хариуцах ёстой. Өөрийн эрсдэлийн сангаасаа даах ёстой.

Малчдыг малжуулна л гэж байна. Энэ бол буруу бодлого. Дахиад л банкны мал болгох гэж байна. Зээлийг нь хойшлуулна л гэнэ. Энэ бол өдөр хоногийг аргацаасан, сонгуулийг өнгөрүүлэх гэсэн арга.

Малчид малаа даатгуулдаг, банк эрсдэлээ өөрсдөө хариуцах ёстой. Ямар ч зах зээлийн систем ингэж ажилладаг. Банк эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас тийм өндөр хүүтэй зээл олгож байгаа гэж ойлгодог. Ер нь малчдад зээл өгөхдөө малыг ч тэр, зээлээ ч тэр даатгуулсны дараа өгдөг. Гэтэл банкны эздийг дэмжсэн, банкийг дэмжсэн малчдад наалдахгүй арга хэмжээг хэрэгжүүлж байна.

-Гурван ч УИХ-ын сонсголыг энэ хаврын чуулганаар хийх ёстой. Амжих болов уу. Өмнөх сонсголыг харахад хугацаа их орж байх шиг харагдсан. Тиймээс үр дүнгүй болчих вий гэсэн болгоомжлол тодорхой хэсэгт байна?

-Нотлох баримтыг шинжлэн судлах түр хороо байгуулж, сонсгол явуулах зохицуулалтыг Үндсэн хуульд оруулсан. Үүний дагуу хууль батлагдсан. Анхны сонсгол Хөгжлийн банкны асуудлаар хийсэн. Энэ сонсголыг санаачилсан хүний нэг нь би. Тухайн үеийн нүүрсний сонсголын ажлын хэсэгт орж ажилласан. Явцын үед бидэнд авах ч юм байна. Засаж залруулах ёстой ч зүйл байна. Сонсгол бол зохих хэмжээнд иргэдийн мэдэх эрхийг хангаж байна. Нөгөө талаар сонсгол явсан ч дараагийн үр дүн, буруутай этгээдэд хариуцлага тооцож хууль хяналтын байгууллага ажлаа хийхгүй байна.

Эрх баригч намын гишүүн сонсголыг даргалдаг. Тэр нь захиалгын дагуу ажилладаг. Эрх баригч намын гишүүд олонх болоод суучихсан байдаг. Тиймээс харлуулах зорилгоор үзүүлж харуулах мэдээллийг гаргахаас биш, хууль зөрчсөн этгээдүүдийн хэргийг өнгөц харуулж иргэдийн тархийг угаах зүйл рүү чиглүүлээд байна уу гэж харагдсан. Энэ хаврын чуулганаар болох сонсголууд яахыг харж байя. Мэдээж анх эхэлж байгаа ажил алдаа дутагдалтай байдаг. Гол нь хариуцлага тооцох ёстой этгээдүүдэд хариуцлагыг нь үүрүүлж, буруутай бол өмч хөрөнгийг нь хурааж улс орныг хохиролгүй болгох ёстой. Энэ гол ажил нь явахгүй байна. Худлаа л хий хоосон шуугиан дуулиан болгоод байна. Мэдэх эрхийн зах зухыг л хангаж байна. Шаардлагад нийцэхгүй байгаа ч хэлэлцэж байгаа нь сайн хэрэг.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно DNN.mn

МАН-ын Бага хурал энэ сарын 23-нд болсон. Хурлаар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталсан. “МАН-ынхан маш тохитой, томоотой хуралдаад мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж дэмжсэн” гэдэг ойлголтыг албан ёсны мэдээллээс нь харж болно.

Харин албан бус буюу улс төрийн “тамхины цэг” хавиар олон л зүйлд яригдаж байна. Бага хурлынх нь хэлэлцсэн асуудлуудыг тойрсон сонин хачин энд тэнд нэмэгдсээр л байх шинжтэй.

Энэ нэгийг нь онцлоход МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг танилцуулахдаа шүүхтэй холбоотой нэлээд ширүүн үг хэлээдэхжээ.

Шүүмжлэл, дайралтын аль нь болох юм бүү мэд. Тэрбээр “Шүүх авлигын хэргийг саармагжуулж байгаагаа намайг хорлож байна, авлигачид ямар хүчтэйг нотолж байна, хэт хүчтэйгээ харуулж байна гэж эндүүрээд байна. Харин эсрэгээрээ ард түмэн, олон нийт өдрөөс өдөрт шүүх ямар ихээр авлигад автсаныг ойлгож байна. Үүнийг олон нийт олж харсан нь, үнэн худлыг ялгаж харж байгаа нь судалгааны дүнгүүдээс харагдах болсон. Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж хэт улайрч байгаад өөрөө өөрсдийгөө олон нийтэд хэнээс хамааралтай байгаагаа, хэнд үйлчилж байгаагаа, хараат бус байдлаа бүрэн алдсанаа нотолчихсон. Үүнийгээ удахгүй ойлгох болно. Ер нь энэ бол шүүх засаглалд томоохон реформ хэрэгтэй болсны нотолгоо” гэж хэлжээ.

Л.Оюун-Эрдэнийн ингэж ярьсныг улс төрийн “тамхины цэг” хавиар “Өмнөх өдөр нь Нийслэлийн шүүхээс Хөгжлийн банкны хэрэг дээр гаргасан шийдвэртэй холбоотой байх магадлалтай”, бас “Гаргаж тавьсан бүх хэрэг асуудлууд шүүх дээр очоод гацчихаад байгаад бухимдаад яваад байсан” гэх зэргээр ярьж байна.

Түүний хувьд шүүх байгууллагын үйл ажиллагааны талаар байнга шүүмжлэл өрнүүлдэг. Хамгийн сүүлд 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд УИХ дээр шүүхтэй холбоотой үг хэлсэн. Тэгэхдээ “Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо.

Шүүхийн шатанд бүлэглэлийн гар хөлүүд авлигын асуудлыг хэрхэн гацаан удаашруулж байгааг ч, “Сонгууль хүртэл тэсчихвэл Оюун-Эрдэнэ зайлчихна, тэгээд бүх зүйл сайхан болно” гэж хилийн чанадад оргон зайлсан “шувууд” маань томилсон шүүгч нартаа захиж байгааг ч мөн мэдэж байгаа. …Муу нуухаар сайн илчил гэдэг. Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна.

Энэ байдлыг зөвхөн олон нийт ч биш, олон улсад ажиглаж, Монгол Улсын гадаад орчны зарим үнэлгээнд сөргөөр нөлөөлсөөр байна.

Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ.

Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу?

Улс орноо дампуурлын ирмэгт аваачсан нөхдүүд шүүхийн гадна баяр тэмдэглэж байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр үү эсвэл зээл аваад төлөхгүй ч байж болно гэдэг сэдэл үү. Үзэл бодлоо илэрхийлсэн залууст төмөр нүүр харуулчихаад, авлигын хэрэгтнүүдийн даралт ихсэж, тулай нь сэдрэхэд улсаараа халаглаж, хүмүүнлэгийн байгууллага шиг эрхлүүлсээр байх уу. Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацаж байгааг хэрхэн тайлбарлах вэ.

…Бид хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, бас хэрэг албаар дарж цаг хождоггүй, бүлэглэлд үйлчилдэггүй, шударга, мэргэшсэн хараат бус шүүх засаглалыг төлөвшүүлэх учиртай. Авлигын асуудал шүүхийн шатанд ийнхүү замхарсаар байвал, асуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал ард иргэдийн хилэн асаж, эрхзүйт төрд эрсдэл учрах нийгмийн бухимдал бодитоор хуралдан бий болсныг Ерөнхий сайдын хувьд УИХ-ын индэр дээрээс хариуцлагатайгаар илэрхийлье!

Шүүхийн зарим удирдлага Ерөнхий сайдыгаа огцруулах санал хураалт хийж, шүүхэд шүүмжлэлтэй хандсан бүхэнд бухимдан хилэгнэхийн оронд өөрөө өөрийгөө шинэчлэх цогц реформыг цаг алдалгүй эхлүүлж, олон улсын түвшинд ёсзүй, ур чадвар, хүний нөөцийн хувьд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

…Шүүгчидтэй аль нэг улстөрч, бизнесийн нөлөө бүхий хүмүүс протоколгүй, албан бусаар уулзахыг ч хуульчлан зохицуулах ч шаардлагатай байна.

Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал байршлын хувьд салангид байх, Дээд шүүхийн байрыг “Шударга ёсны ордон” хэмээн нэрлэх зэрэг ёс зүйн болон хэм хэмжээний олон асуудлыг бид нээлттэй ярилцах цаг болжээ” гэж байсан юм.

П.Хуя

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Намуудын мөрийн хөтөлбөр дэлгэгдэнэ, дагуулаад Ерөнхий сайдуудаа зарлана биз дээ DNN.mn

УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль болоход гуравхан сарын хугацаа үлдлээ. Сонгууль ойртох тусам улс төрийн уур амьсгал сүрхий идэвхжиж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд намууд тал, талд хуралдаад жигтэйхэн завгүй гүйлдэж байгаа харагдав. Учир нь сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаандаа амжиж өгөх гэж бужигнацгаасан нь энэ байх. Хуулиндаа гуравдугаар сарын 24-нд багтаж намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой.

Аудит мөрийн хөтөлбөрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хариугаа өгнө. Энэ хугацаанд тухайн намын мөрийн хөтөлбөр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг аудиторууд хянана гэсэн үг. Жишээлбэл, мөрийн хөтөлбөрт “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцээгүй заалт ороод ирсэн байвал шууд буцаагдана. Ийм мөрийн хөтөлбөрийг ажлын тав хоногт багтаан засварлаад дахин аудит руу хаяглаж болдог хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцэхээс гадна санхүүгийн эх үүсвэр, зардлын дүн нь хуульд нийцэж байх ёстой. Сануулбал, 2020 оны сонгуулиар 15 нам, дөрвөн эвслийн нийт 19 мөрийн хөтөлбөрийг аудит буцааж байв.

Мэдээж ард түмэн улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН-ын мөрийн хөтөлбөр дээр фокуслаж байгаа. Яагаад гэвэл тэдний хэрэгжүүлэх бодлого Монгол Улсын хувь заяаг залдаг. Тийм болохоор ард түмэн сонголтоо хийхийн тулд намуудын мөрийн хөтөлбөрийг луужин болгож ирсэн. Яагаад гэвэл ялах магадлалтай нам энэ хоёр л байна. Найман жил завсаргүй төрийн эрхийг барьсан МАН өнөө жил ард түмэнд юу амлаа бол.

Ямартаа ч эрх баригч нам бямба гаригт Бага хурлаараа мөрийн хөтөлбөрөө баталж, нэр дэвшүүлэх журмаа тодорхой болгосон юм шиг байна. Тэд амлалтуудаа зүгээр ч нэг ширээ тойрч суугаад зоочихоогүй байх. Өнгөрсөн намраас хойш 330 сумаар явж, иргэдээс ирүүлсэн 40 мянга гаруй саналыг мөрийн хөтөлбөртөө тусгасан гэж намын дарга нь хэлсэн. Одоо МАН ард түмэнд юу, юу амлах нь тодорхой. Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж буй их үйл хэргээ үргэлжлүүлэх байх. Бүсчилсэн хөгжлийн загвараар улс орноо өөд нь татах ажлуудыг жагсаасан бололтой. Бас хөдөө аж ахуйн салбарыг шинэ түвшинд хөгжүүлэх, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх зэргээс гадна нийгэм эдийн засгийг тэлэхэд чиглэсэн олон ажлууд жагсаасан байна.

Ардчилсан намын хувьд бас л бямба гаригт Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, намын мөрийн хөтөлбөрөө баталгаажуулсан. Сөрөг хүчин 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд дэмжигчид, мэргэжлийн холбоодоос санал авсан гэсэн. “Бүтэн Ардчилал” хэмээх үндэсний хэмжээний аяныг өрнүүлэн Монгол орноо бүтэн гороолж, нийт 79 мянган гишүүнийхээ саналыг тусгасан мөрийн хөтөлбөр боловсруулж баталсан гэж байгаа.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол “Амлалт биш, ажлын төлөвлөгөө” гэж намын дарга Л.Гантөмөр мэдэгдэнэ лээ. Сонсох нь ээ, бүх салбар дахь авлига, албан тушаал, төрийн чадамжгүй асуудалд онош тавихаар төлөвлөжээ. Хүний эрхийг хязгаарлаж, хүнд суртлыг өөгшүүлж буй хуулиудыг хүчингүй болгох талаар амлалт дэвшүүлсэн гэнэ. Ардчилсан нам бол барууны үзэлтэй нам. Тэр утгаараа төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгох санал оруулж ирсэн л байх. Бизнес дэх төрийн оролцоог хумьж, хувийн хэвшил шийдвэр гаргадаг байдал ардчилсан чөлөөт зах зээлийн амин сүнс. Тиймдээ ч АН бизнесийн орчныг сайжруулж хөрөнгө оруулалтыг урамшуулдаг чиглэл рүү багц хуулийн төсөл боловсруулах санал мөрийн хөтөлбөртөө тусгасан бололтой. Бас нэг чухал асуудал нь татварын багц хуулийг барьж авчээ. Эхний ээлжинд ААНОАТ-ыг 50 хувь бууруулах амлалт оруулж ирсэн гэв үү. Хэрэв энэ үнэн бол татварын орлого хумигдана гээд мөрийн хөтөлбөр буцаагдаж ч мэдэхээр байгаа биз. Үнэн хэрэгтээ энэ заалт биелэх боломжтой. Уул уурхай, банк санхүүгийн салбарын татварууд дээр онцгой албан татварыг хэвээр нь үлдээвэл хувийн хэвшлүүд томорч чадна гэсэн гаргалгааг эдийн засагчид хэлдэг. Мөрөөрөө бизнесээ хийгээд явж байгаа хувийн хэвшлийнхнийг татварын бодлогоор дэмжихгүй юм бол Монголын эдийн засаг олон тулгуурт болж хөгжиж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой. Дараагийн  чухал асуудал нь эрчим хүчний салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож хөгжүүлэх зорилт дэвшүүлжээ. Одоо байгаагаас 10 дахин том эрчим хүчний эх үүсвэр бий болгоод зогсохгүй экспорт руу чиглүүлэх гэнэ. Мөн байгалийн баялгаас орж ирдэг мөнгийг төсвөөр дамжуулж хуваарилахын оронд иргэдэд ногдол ашиг хэлбэрээр очдог байх асуудлуудыг ч мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Иймд намууд мөрийн хөтөлбөрөө дагуулаад Ерөнхий сайдуудаа зарлачих хэрэгтэй. Энэ цаг үед иргэд, сонгогчид үүнийг л хамгийн түрүүнд хүсч, хүлээж байгаа. Яагаад гэвэл энэ бүх амлалтуудыг хийж чадах хүн бол гүйцэтгэх засаглалын тэргүүн байдаг. Ерөнхий сайд ямар хүн байх вэ гэдгийг нь харж байгаад сонголтоо хийвэл ард түмэнд бүр ч амар. Хэн нь ямар хүн бэ, хэлсэн амандаа яаж хүрдэг вэ, улс орныхоо төлөө бодитой юу хийж чадав гэдгээр нь дүгнээд дугуйлбал хамгийн мэргэн сонголт болох юм биш үү. Улс орныг цааш нь авч явах гүйцэтгэх засаглалын тэргүүн хэн байх вэ гэдэг нэрийг нь дагаад сонголтоо хийвэл ард түмэндээ ч хэрэгтэй.

Дэвшүүлсэн амлалтууд нь биелэхэд ч дөхөмтэй. Мэдээж сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог нь улс төрийн намуудын хувьд бичигдээгүй хууль. Тэгэхээр АН, МАН хоёр хэнийг Ерөнхий сайдаар томилохоо одооноос зарлаад явах нь зөв. Бусад намуудын хувьд ний нуугүй хэлэхэд, арай эртэдсэн явдал болох байх.

МАН Л.Оюун-Эрдэнийг үргэлжлүүлээд Ерөнхий сайд болгоно гэж үзэж байгаа бол одооноос зарлачих хэрэгтэй. Түүнийг Ерөнхий сайдаар улирч ажиллавал юу хийхийг нь улсууд бараг гадарлаж байгаа. Тэрбээр шударга үнэний талд аль хэдийнэ танигдсан улстөрч. Сонгуулийн дараа шинэ Засгийн газрын тэргүүнээр дахин ажиллахаар болбол энэ байгаа хугацаандаа эхлүүлсэн зорилтуудаа бүрэн хэрэгжүүлж чадна. Л.Оюун-Эрдэнийн зориглож барьж авсан тэмцэл бол төрийн том хулгай. Хөгжлийн банкны хэргийг ил болгосноор арван их наяд төгрөгийн өр төлөгдсөн. Нүүрсний хулгайчдыг зарласнаар Монгол Улсын эдийн засаг долоон хувиар өссөн. Ер нь Л.Оюун-Эрдэнийн авлигын эсрэг хэрэгжүүлсэн бодлогын үр дүнг улс орны эдийн засгийн сэргэлтээс шууд харж болно. Гэтэл нөгөө талд үнийн өсөлт хүн бүрийн толгойны өвчин болоод байгаа. АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд ч ялгаагүй.

Ерөнхий сайд болбол юу хийх вэ гэдгээ одоо давхар зарлая. “Би Ерөнхий сайдад өрсөлдөж байгаа хүний хувьд ийм, ийм ажлуудыг хийнэ. Ийм бодлогыг хэрэгжүүлнэ” гээд мөрийн хөтөлбөртэйгөө зэрэгцээд нэрээ зарлачихвал ард түмэн сонголт хийхэд оновчтой байна. Намынхаа мөрийн хөтөлбөрт тусгасан төрийн өмчит томоохон үйлдвэрүүдийн хулгайг ил тод болгож, дахиулахгүй гэсэн амлалт өгч болж байна. Төрийн компаниудаа олон нийтийнх болгоё. Том аж ахуйн нэгжүүдээсээ ногдол ашиг хүртээнэ гэдэг ч юм уу. Л.Гантөмөр үнэхээр Ерөнхий сайд боллоо гэхэд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн ажлыг хүний намынх гэлтгүйгээр хэрэгжүүлэхээ давхар зарлаад явах хэрэгтэй. Монгол түмний эрх ашгийн төлөө эсрэг намын ажил гэж ялгаж үгүйсгэхгүйгээр үргэлжлүүлнэ гэвэл оноо авч чадна даа.

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 26, Ангараг гариг. Билгийн тооллын 16, Тэргүүн дагуул одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 06:42 цагт мандаж 19:13 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 03 сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 24-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас, говийн бүс нутгийн баруун хэсгээр хур тунадас, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 24, 25-нд говь, талын нутгаар,  26-нд нутгийн баруун хагаст,  27-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -7…-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө 1…+4 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-03-26-ны мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа. Тэрбээр  “Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримт цуглуулахад саад болж буй албан тушаалтнуудын нэрсийг зарлана” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Ураны төсөл зогсоогүй. Хийгдэх ёстой ажлууд хийгдэж байгаа” гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх” хэмээн өгүүллээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Дэлхий бидний соёлын бүтээлийг сонсох гээд хүлээж байна” хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярилаа.

БАРИМТ, ҮЙЛ ЯВДАЛ: Арван хүн угаартаж нас барсан
хэргийн мөрөөр. Энэ тухай I, VII нүүрээс уншаарай.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ”
гэх террорист ажиллагаа


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ