Categories
мэдээ нийгэм цаг-үе

“АИ92 шатахууны нөөц хэвийн, хангалттай байна” гэв DNN.mn

Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “ОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортыг зогсоох тогтоол гарах зүйл байна. Энэ нь намрын түлшний үеэр авч байсан хориг арга хэмжээ. Зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих үеэр тус улс дотоод нөөцөө хангахаар хориг тавьж байсан. Энэ үйл ажиллагаа давтагдаж байна.

Манай улсыг намрын хоригт оруулж, гаргах гэж 30 хоногийн явдал болсон. Ийм шийдвэр гаргана гэдгийг урьдчилсан мэдсэн байсан тул нэлээд сайн ажилласан.

Энэ удаагийн хоригт Монгол Улс орохгүй гэсэн мэдээллүүд ирж байна. Гэхдээ баталгаажсан мэдээлэл хараахан ирээгүй.

Шатахууны нөөц:

  • Дизель түлшний нөөц хангалттай, бүх сав дүүрсэн.
  • Евро-92 бүх сав дүүрсэн, маш сайн нөөцтэй.
  • АИ92 шатахууны нөөц хэвийн, хангалттай байна.

ОХУ-аас сард 120,000-140,000 тонн дизель түлш, АИ92, Евро 92 нийлээд 60,000-70,000 тонныг импортлох гэрээтэй. 92 шатахууныг 705 ам.доллароор, таван жил авах гэрээтэй.  Шатахууны захиалгыг зургаан сараар хийж, авч байгаа” хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ж.Ганбаатар: Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах шийдвэр гарлаа DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилалд зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Ингэснээр Монголын хөрөнгийн бирж ХК-иар зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүн арилжаалсан этгээдийн худалдсан болон худалдахаар ачуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг биржийн үнэд үндэслэн тогтоох, ил тод, нээлттэй биржийн арилжааг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байна.

Өнөөгийн байдлаар зэс, молибденийн ашиглалтын 27 тусгай зөвшөөрлийг 22 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Үүнээс төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус үйлдвэрийн газар 2024 онд зургаан аж ахуйн нэгжид 621.5. мянган тн зэсийн баяжмал, дөрвөн аж ахуйн нэгжид 6,240.0 тн молибденийн баяжмалыг нийлүүлэх гэрээтэй байна.

Тогтоол батлагдсанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэсийн болон  молибденийн баяжмалыг биржээр арилжих үүрэг хүлээнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өмнө байгуулсан гэрээг харгалзан үзэж тус үйлдвэрийн газрыг 2024 онд эхний ээлжинд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр таван хувийг арилжих чиглэл хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаадад байгаа Монгол Улсын иргэд сонгуульд санал өгөхөө ДТГ-т мэдэгдэнэ DNN.mn

УИХ-ын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны зургаадугаар сарын 20-23-ны өдрүүдэд санал авахаар тогтоосон.

Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээр энэ оны байдлаар дэлхийн 172 улсад 141,000 гаруй монгол иргэн оршин сууж байгаа аж. Тэдгээр иргэн санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу энэ оны зургаадугаар сарын 15-наас өмнө сонгуульд оролцохоо өөрийн оршин байгаа улсын Дипломат Төлөөлөгчийн Газар/ДТГ/ (манай улсын Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар)-т мэдэгдэж, бүртгүүлэх ёстой.

Улмаар санал авахаар товлосон өдрийн 07:00-22:00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд саналаа өгөх юм.

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг төв болон салбар комисс зохион байгуулж ажилладаг.

Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан төв комиссыг, төв комисс нь салбар комиссыг Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулахаар хуульчилсан.

Цаг хугацааны хуваариар Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс өмнө Гадаад Харилцааны Яамны саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон ес, эсхүл арван нэгэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

Мөн төв комисс 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс өмнө салбар комиссыг дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулах юм.

Манай улс УИХ-ын 2012 оны сонгуулиас эхлэн гадаад улсад суугаа иргэдийнхээ саналыг авсан.

УИХ-ын 2012 оны сонгуульд 39 салбар комисст 4,276 сонгогчийн нэр бүртгэгдсэнээс 65 хувь нь саналаа өгчээ.

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар 45 салбар комисст 7,400 шахам сонгогч бүртгүүлснээс 75.3 хувийн ирцтэйгээр саналаа өгсөн тоон баримт байна.

 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

Categories
мэдээ нийгэм

Соёлын үл хөдлөх дурсгалд нэмэгдэж буй 12 дурсгал DNN.mn

“Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 12 дурсгал зэрэглэл ахин нэмэгдэж байгаа талаар Соёлын Яамнаас мэдээллээ.

Уг жагсаалтад 197 дурсгал бүртгэлтэй байдаг аж.

Эдгээр дурсгалуудыг холбогдох журмын дагуу эрдэмтэн судлаачид болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн байгууллагаас саналыг авч, “Аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д орсон дурсгалаас нэр дэвшүүлсэн байна.

Үүнд: 

1 Архангай аймгийн Батцэнгэл сум Шивэртийн амны цогцолбор дурсгал
2 Баян-Өлгий аймгийн Алтай сум Тошингийн амны цогцолбор дурсгал;
3 Баян-Өлгий аймгийн Сагсай сум Бага харгайтын хүн чулуун хөшөө
4 Говь-Алтай аймгийн Тайшир сум Овооно харын Хүннүгийн язгууртны булш
5 Говь-Алтай аймгийн Чандмань сум Шаахар толгойн хадны зураг
6 Завхан аймгийн Цагаанчулуут сум Хяларын өвөлжөөний хадны зураг;
7 Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум Донгойн ширээний цогцолбор дурсгал
8 Төв аймгийн Заамар сум Хэрмэн дэнжийн балгас
9 Увс аймгийн Өмнөговь сум Шар булгийн Онцын хадны зураг
10 Ховд аймгийн Жаргалан сум Сангийн хэрэм
11 Хөвсгөл аймгийн Тариалан сум Зүлэгтийн голын буган чулуун хөшөөд
12 Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум Цэнхэрмандалын бичээс

Энэхүү дурсгалуудыг улсын хамгаалалтад авснаар тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Төрийн өмчийн бүх музейг хүүхдүүд хэдийд ч үнэгүй үзэх боломжтой DNN.mn

Манай улс 0-16 насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн бүх музейгээ үнэгүй үзүүлдэг. Хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай музейгээ хэдэн ч удаа үзэж болно. Тиймээс жил бүрийн 3-р сарын эхний 7 хоногт болдог “Музейн нээлттэй өдрүүд”-ээр том хүмүүстэй шахцалдан музей үзэх шаардлагагүй юм.

Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей 3-р сарын 1-5-нд иргэдэд үнэ төлбөргүйгээр үүдээ нээдэг. Энэ үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг. Бүтэн жилийн хугацаанд музей үздэг хүний тоотой тэнцэх хэмжээний хүн ганцхан өдөрт музейд шавж, маш их ачаалал үүсгэдэг юм. Тухайлбал, 2023 оны “Музейн нээлттэй өдрүүд”-ээр улсын хэмжээнд 174.512 хүн музей үзжээ. Үүний 30 хувь нь хүүхэд байлаа.

Хэт олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй.

Эцэг эхчүүд, багш нар үүнийг бодолцож, “Музейн нээлттэй өдрүүд”-ээс бусад өдрүүдэд хүүхдээ дагуулж ирвэл зүйтэй болов уу. Хүүхдүүд музей үзсэний дараа “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагдаж, түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялж чадна.

Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей 

Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгч Б.Баяраа: Ч.Отгочулуу хүн гүтгэхгүй гэж шазуур зуусныхаа шанг хүртэж, хоригдож байна DNN.mn

Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан тус банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гишүүн Ч.Отгочулуу, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг албан тушаалын хэргээр шүүсэн. Анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Н.Мөнхбатад дөрвөн жил, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт тус бүр хоёр жилийн ял оноосон юм. Уг хэрэгтэй холбогдуулан Ч.Отгочулуугийн өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.


-Ч.Отгочулуу нарыг буруутгасан гол үндэслэл Хөгжлийн банкны байртай холбогддог. Байр авсан асуудал гэмт хэрэг болсон учир шалтгаанаас ярилцлагаа эхэлмээр байна. Болох уу?

-Монгол Улсын Хөгжлийн банк 2011 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа өөрийн гэсэн байргүйн улмаас бусад төрийн байгууллага болон түрээсийн байраар дөрвөн жил гаруй хэсч ажилласан байдаг.

Яваандаа энэ нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул тухайн үеийн удирдлагууд олон жил яригдсаны дагуу өөрийн гэсэн оффисын байртай болох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаад өнөөдөр эрүүгийн гэмт хэрэгтэн болчихоод байна. Уг нь өөрийн гэсэн ажлын байргүйн улмаас бусдын байр түрээслэх, эсвэл шаардлага хангахгүй байранд ажиллахын зовлонг өнөөдрийн манай шүүхийн байгууллага хамгийн сайн ойлгох байх гэж бодсон ч харамсалтай нь үгүй байж. Гэнэт нэг өглөө босч ирээд байр авъя гээд шийдчихсэн юм биш шүү дээ.

-Гэхдээ байр худалдан авах шийдвэр гаргасны төлөө гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй байх. Эрүүгийн хуульд зааснаар бол хууль зөрчиж, хувийн ямар нэгэн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн тохиолдолд албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тооцно гэж тодорхой хуульчилсан санагдаж байна?

-Хөгжлийн банкинд ажиллаж байсан Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нар нь байр худалдан авах асуудлаар аливаа хэлбэрээр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэхийг хүсч байна.

Тэр бүү хэл, шүүх ч энэ нөхцөл байдалд санал нийлж шүүхийн шийдвэртээ “Шүүгдэгч нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас өөртөө давуу байдал бий болоогүй буюу өөртөө ашиг олоогүй байна” гэж бичгээр маш тодорхой дүгнэсэн байдаг юм. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь аливаа байдлаар хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг. Санамсаргүй үйлдэгдэх боломжгүй. Шууд санаатай гэмт хэрэг нь хүний оюун санаанд эхэлж үйлдэгдээд идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Санаа сэдэлт, хүсэл зоригийн хувьд зориуд төлөвлөн үйлдэж, улмаар үйлдэл эс үйлдэхүй нь гэмт хэргийн хор уршигийг үүсгэх шалтгаант холбоотой байхыг шаарддаг онцлогтой.

Харин Хөгжлийн банк өөрийн гэсэн байртай болох нь зүйтэй гэсэн хувь хүний итгэл үнэмшил, байр сууриа илэрхийлж ажил үүргийнхээ дагуу шийдвэр гаргасны төлөө гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй юм.

-Хувьдаа давуу байдал олж аваагүй бол хэнд давуу байдал үүсгэсэн гэж буруутгасан бэ. Олон нийтийн хувьд үнэтэй байр худалдан аваад өөрсдөө авлига авсан мэтээр ойлгоод байгаа шүү дээ?

-Ч.Отгочулуу нар хувьдаа ашиг хонжоо хайсан, аливаа хэлбэрээр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн, авлига авсан асуудал байхгүй гэдэг нь нотлогдсон. Хавтаст хэрэгт ч ийм нотлох баримт байхгүй учраас шүүх энэ талаар зөв дүгнэсэн.

Харин бусдад буюу тухайлбал, Худалдаа, хөгжлийн банкнаас үнэтэй байр худалдан авч гуравдагч этгээдэд давуу байдал үүсгэсэн нь гэмт хэрэг гэж дүгнэсэн. Тэгэхээр өөрөө мэдэлгүй бусдад буян болоод өөртөө юу ч наасан юмгүй шоронд ордог тэнэг хүн байж болох уу. Эсвэл ийм логикгүй дүгнэлт хийсэн шүүхэд асуудал байна уу гэсэн асуулт гарч ирж байна. Манай тохиолдолд давуу байдал олж авсан гэх Худалдаа, хөгжлийн банктай миний үйлчлүүлэгч огт харилцаж байгаагүй төдийгүй хаана, хэзээ, хэнтэй ямар байдлаар уулзаж юу тохиролцсон тухай огт баримт байхгүй. Ер нь тийм үйл явдал болоогүй атал эрүүгийн хэрэгт буруутгагдаад явж байна. “Тэгсэн байж таарна” гэсэн таамаглал хардалтаар хүнийг буруутгаж ял шийтгэх үндэслэл байхгүй. Зөвхөн нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

-Тэгвэл Ч.Отгочулууг буруутгасан нь үндэслэлгүй гэж та үзэж байна уу?

-Шүүх нь Компанийн тухай хууль, Хөгжлийн банкны тухай хууль, компанийн засаглалын кодексын талаар буруу дутмаг ойлголттойн улмаас үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тухайлбал, Ч.Отгочулууг төрийн албанаас түр чөлөө авсан байх хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүний бүрэн эрх дуусгавар болсон гэж дүгнэсэн байна. Ер нь ТУЗ-ийн гишүүн гэдэг нь хуульд заасан шаардлага хангасан хувь хүнийг томилж, тухайн этгээд нь хувьцаа эзэмшигчдийн өмнөөс мэргэжлийн удирдлага төлөөлж хэрэгжүүлдэг хариуцлагатай албан тушаал байдаг.

ТУЗ-ийн гишүүнийг тухайн хувь хүний мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлага, санхүүгийн болон ёс зүйн бусад шалгуур үзүүлэлтэд үндэслэн томилдог төдийгүй компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага хуулиар тавигддаг. Гэтэл төрийн албан тушаалтан шууд чиг үүргийн дагуу Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн болох тухай Засгийн газрын хууль зөрчсөн тогтоолыг Ч.Отгочулуу зөрчсөн гэх дүгнэлтийг шүүх хийсэн. Монгол Улсад төдийгүй олон улсад ТУЗ-ийн гишүүнийг албан тушаалын чиг үүргээр хашдаг жишиг байдаггүй. Үүнийг манай Компанийн тухай хууль, Хөгжлийн банкны тухай хууль, компанийн сайн засаглалын кодексоор зөвшөөрдөггүй. Тухайн албан тушаалтан хуульд заасан ТУЗ-ийн гишүүний шалгуурыг хангахгүй бол ажлаа хийх боломжгүй гэсэн үг. Ямар хууль зөрчилтэй нь биш.

ТУЗ-ийн гишүүн нь хувийн байдалд үндэслэдэг албан тушаал учраас бүрэн эрхээ бусдад шилжүүлэх, төлөөлүүлэх гэсэн ойлголт байдаггүй бөгөөд энэ талаар шүүх үндэслэлгүй дүгнэлт хийснийг бид гомдолдоо тодорхой дурдсан. Тэгээд ч Ч.Отгочулуугийн зөрчсөн гээд байгаа Засгийн газрын тогтоолыг түүнд танилцуулж байгаагүй тул буруутгах үндэслэл байхгүй.

Жишээлбэл, шүүгч жирэмсний болон амаржсаны, эсвэл урт хугацааны сургалтын чөлөө авлаа гэж бодъё. Энэ нь түүнийг Шүүгчдийн холбооны сонгуульт ажил юмуу,эсхүл хуулийн төсөл, бусад ажлын хэсгээс шууд чөлөөлөх үндэслэл болохгүй. Үндсэн ажлаас гадуурх ажлаас чөлөөлөх бол заавал тусдаа томилж, чөлөөлөх шийдвэр гарсан байх шаардлагатай. Ч.Отгочулуугийн хувьд хуульд заасны дагуу ТУЗ-өөс чөлөөлөх Засгийн газрын шийдвэр гараагүй төдийгүй Хөгжлийн банк ч ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэхийг зөвшөөрч цалин хөлсийг нь олгож байсан тул ажлаа хийхгүй гэж хэлэх эрхгүй байсан. Мөн Ч.Отгочулууг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай байсан талаар шүүхийн хууль ёсны хүчин төгөлдөр эцсийн шийдвэр байдаг. Энэ шийдвэрийг эрүүгийн шүүгч яагаад үгүйсгэсэн нь тодорхойгүй байна.

-ТУЗ-ийн шийдвэрийг хэдэн гишүүн гаргасан бэ. Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг яагаад голлон буруутгасан юм бол?

-Хөгжлийн банкинд байр худалдан авах тухай Гүйцэтгэх удирдлагын саналыг ТУЗ-ийн хуралд оролцсон зургаан гишүүний тав нь дэмжсэн байдаг. Хамтын шийдвэрийн хариуцлагыг яагаад зарим гишүүд үүрэх ёстойг би ч ойлгохгүй байгаа юм. Тухайлбал, УИХ, Засгийн газраас олонхын саналаар баталсан шийдвэрийн хариуцлагыг цөөн тооны гишүүдэд нялцааж болохгүй байх. Үүнтэй адилаар ТУЗ-ийн олонхын саналаар баталсан шийдвэрийг төлөөлүүлэх маягаар нэг, хоёр гишүүнд хариуцуулж, тэр дундаа ял шийтгэх ямар ч үндэслэл байхгүй юм.

Манай шүүхийн практикт Засгийн газрын кабинетын зарчмаар гаргасан шийдвэрт “шүд сугалах” байдлаар зарим сайдыг онцолж буруутгасан буруу жишиг нэг бус удаа гарч байсныг санаж байна.

-Өмнө нь манай сонид Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Эрүүгийн хууль буцаан хэрэглэх асуудлаар шүүх хуулийг ноцтой зөрчсөн талаар дурдсан нь анхаарал татсан. Ч.Отгочулуугийн хувьд ийм асуудал бий юү?

-Хэрэв хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгэдэг. Хожим батлагдах хуулийн нөхцөл ямар байхыг хэн ч мэдэх боломжгүй тул хуулийг буцаан хэрэглэдэггүй. Гэхдээ Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчим, олон улсын гэрээ конвенц, эрх зүйн сайн туршлагын үүднээс зөвхөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Манай үйлчлүүлэгчийн буруутгагдаж байгаа үйл явдал 2015 онд буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан үед хамаарах тул тухайн үеийн хуулиар хорих, торгох ял шийтгэлийг сонгох байдлаар хэрэглэж болохоор байсан. Дараа нь 2017 оны Эрүүгийн хуулиар торгох, зорчих эрх хязгаарлах, хорих зэрэг сонгох ялтай болсон. Гэтэл шүүх 2022 оны арванхоёрдугаар сард буюу Нүүрсний гэх жагсаалын нөлөөгөөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэг үгээр бол зөвхөн хорих ялтай төдийгүй ял шийтгэлийг хүндрүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэж хорих ял оногдуулсан.

Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх үндэслэлгүйг хуулийн сургуулийн оюутан ч мэднэ. Өдөр тутам шүүн таслах ажил хийдэг шүүгчийн хувьд ийм бүдүүлэг илэрхий алдаа гаргана гэж байх уу. Хийсвэр жишээ авахад, буруу жолоодлоготой авто машин унахыг хориглосон гэж бодъё. Тэгвэл тухайн шийдвэр хүчинтэй болсноос мөрдөгдөх ёстой болохоос зөвшөөрөгдсөн үед унаж байсан жолоочид нөхөж торгууль ногдуулаад эхэлбэл ямар санагдах вэ. Бүр хүнд жишээ татахад, цаазын ялыг сэргээлээ гэж бодъё. Тэгвэл цаазын ялгүй үеийн үйлдэлд цаазаар авах ял шийтгэл нөхөж оногдуулаад байж болох уу. Харамсалтай нь манай үйлчлүүлэгчийн хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн логикоор энэ бүхэн боломжтой юм байна. Ингэж Эрүүгийн хуулийг илтэд бүдүүлгээр зөрчиж байгаа шүүгч өдөр тутам бусдын амьдрал хувь заяаг шийдвэрлэж байгаа нь дэндүү харамсалтай байна. Магадгүй улс төрийн зорилгоор зориуд хүнд ял шийтгэл оногдуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Мэргэжлийн илэрхий алдаа гаргасан, эсвэл улс төрийн нөлөөнд автсан аль ч тохиолдолд ийм шүүгч үнэхээр айдас төрүүлж байна.

-Та тэгвэл үйлчлүүлэгчээ улс төрийн зорилгоор яллагдсан гэж хэлэх гээд байна уу?

-Ний нуугүй хэлэхэд улс төрийн зорилготой, урьдаас ухсан нүхэнд уначихав уу гэж хардаж байна. Үүнтэй хамт шүүхэд итгэх итгэл, шударга ёс ч алдагдаж байна. Учир нь анхан шатны шүүх Эрүүгийн хууль буцаан хэрэглэх зарчмаа мартсан төдийгүй бүр эсрэгээр нь хэрэглэсэн. Олонхын зарчмаар гаргасан хамтын шийдвэрт намын харьяаллаар сугалж авч ялласан. Мөн шүүгдэгч нар хувьдаа давуу байдал бий болгоогүй, өөртөө ашиг олоогүй гэж дүгнэсэн атлаа санаатай гэмт хэрэгт буруутгасан зэрэг нь шүүхийг улс төрийн зорилгоор ял өгсөн гэж хардах хангалттай үндэслэл юм.

Түүнчлэн цагаатгах талын нотлох баримт болох тухайн байрны зах зээлийн үнэлгээг гаргахад хамгийн харьцуулах боломжтой бусад давхрын борлуулалтын гэрээ, үнийн мэдээлэл бүхий нотлох баримтыг хавтаст хэрэгт аваагүй атлаа хаа хамаагүй байруудтай харьцуулалт хийсэн шинжээчийн үндэслэл муутай дүгнэлтийг үнэлсэн гэх мэт шүүхийг хардах олон шалтгаан байна.

Ер нь миний үйлчлүүлэгч Ч.Отгочулуугийн хувьд Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарын эсрэг худал мэдүүлэг өгөхгүй гэсэндээ нэг үгээр бол хүн гүтгэхгүй гэж шазуурласныхаа шанг хүртэж дөрвөн сар хоригдож байх шиг байна. Энэ талаараа нээлттэй шүүх хурал дээр өөрөө мэдүүлсэн. Итгэл үнэмшил, үзэл бодлынх нь төлөө эрүүгийн хариуцлагад татаж ял шийтгэгдсэн иргэнийг улс төрийн хоригдол гэж үздэг. Миний үйлчлүүлэгч албан тушаалаа зориуд санаатай урвуулан ашиглах замаар хууль зөрчиж, хувьдаа ашиг хонжоо давуу тал олж авсан үйлдэл өчүүхэн төдий ч гаргаагүй тул өнөөдрийн байдлаар улс төрийн хоригдол гэж үзэж болох юм. Гэхдээ шүүхийн систем дотроо алдаа оноогоо тунгаах шат шатны шүүлтүүртэй учраас шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад ингэж хэлэх нь арай эрт болов уу.

-Давж заалдах шатны шүүх хурал товлогдсон уу?

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 29-ний өдөр буюу пүрэв гаригт нээлттэй явагдана. Миний хувьд үйлчлүүлэгчээ хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа тул цагаатгуулах байр сууринаас оролцож байгаа. Ер нь нууж хаагаад, ичиж зовоод байхаар хэрэг хийгээгүй учраас шүүх хурлыг цахимаар нээлттэй явуулах, аль болох олон ажиглагч биечлэн оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байгаа.

Бидний зүгээс олон улсын хүний эрхийн байгууллагууд руу хандаж “Ардчилсан Монгол Улс улс төрийн хоригдлуудтай болох аюул үүссэн” гэж үзэж байгаа тухайгаа хүргэж, цаашид ийм үндэслэлгүй хэлмэгдүүлэлт явагдахаас аль болох урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм

НЗДТГ дөрөвдүгээр сард Яармаг руу нүүхээр болов DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа агентлагууд гуравдугаар сарын 1 гэхэд Яармаг дахь шинэ байр руу нүүнэ хэмээн Хотын дарга мэдэгдэж байсан ч энэ хугацаа хойшилж, дөрөвдүгээр сардаа багтан нүүхээр болжээ.

НЗДТГ нүүвэл тус байранд Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хороо төвхнөх юм.

Categories
мэдээ нийгэм

Хандивын барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан зохион байгуулах “Малчин түмэндээ туслая” хандивын Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг 2024 оны 03-р сарын 01-ний өдөр 15:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна.

Зудын байдалтай байгаа аймаг, сумын малчид, иргэдэд туслах мөнгөн болон эд материал, түлш шатахууны дэмжлэг үзүүлэх энэхүү “Малчин түмэндээ туслая” арга хэмжээнд нэгдэж ажиллахыг аймаг, сумын салбар холбоод болон бөхийн дэвжээд, нийт бөхчүүддээ хандан уриалж байна.

Хандивын барилдааны цахим бүртгэл өнөөдөр эхэллээ.

Тус барилдааны шууд дамжуулалтын үеэр хандивын данс байршуулан ажиллах бөгөөд аймаг, сумын салбар холбоод болон бөхийн дэвжээд, бөхчүүд өөрсдийн сонгосон аймаг, сум, малчдад хандиваа гардуулан өгөх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Choco pie” хулгайлсан гэх залуусыг илрүүлж, шалгаж байна DNN.mn

“GS25” сүлжээ дэлгүүрээс “Choco pie” хулгайлжээ гэх бичлэгийн мөрөөр шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Нийгмийн сүлжээнд “GS25” сүлжээ дэлгүүрээс “Choco pie” хулгайлж буй машинтай залуусын бичлэг тархсан. Уг бичлэгийг сошиал орчинд пранк, шийтгэлтэй бичлэг байх зэргээр тайлбарлаж буй.

Тэгвэл уг явдлыг БЗД-ийн цагдаагийн хэлтэс дээр шалгаж эхэлжээ. Тухайн дэлгүүрийн байршлаар тус дүүрэгт уг хэрэг харьяалагдаж байгаа бөгөөд машинтай залуусыг олж тогтоожээ. Түүнчлэн өчигдөр /2024.02.27/ орой өөр нэг салбараас шоколад авч буй бичлэгийг ч хамруулан шалгаж эхэлжээ.

Нэмж тэмдэглэхэд, уг залуус тухайн бичлэгийг тоглоомын шийтгэл, пранк аль ч зорилгоор хийсэн байсан хуулийн дагуу зохих хариуцлагыг хүлээх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 370 зөвшөөрлөөс 93-ыг цахимжуулаад байна DNN.mn

Төр, засаг Зөвшөөрлийн тухай хуулиар 1300 гаруй зөвшөөрлийг цөөлж, 370 болгосон.

Үүнээс улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 93 тусгай зөвшөөрөл бүрэн цахимжаад байна. Зөвшөөрлийн нийт тоотой харьцуулахад цахимжсан зөвшөөрөл нь өнөөдрийн байдлаар хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаад бизнес эрхлэгчид шүүмжлэлтэй хандаж байна.

Тодруулбал, бизнес эрхлэгч нар төрийн үйлчилгээг цахимжуулсанд эерэг хандаж буй боловч энэ үйл явц нь удаан байгааг хэлж байна. Энэ талаар МҮХАҮТ-д болсон “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөө” болон явцын талаарх уулзалтаар хэлэлцлээ.

Засгийн газрын ХЭГ МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлэгт ЭЗХЯ, ХЗДХЯ зэрэг зарим яам, төрийн болон ТББ, хувийн хэвшлийн 200 гаруй төлөөлөл оролцсон юм.

Улсын хэмжээнд 370 зөвшөөрлөөс 93-ыг цахимжуулаад байна.