Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Чулуунбилэг: Онцгой байдлын жирийн албан хаагч цаг бусаар амиа алдсанаар биш энгийн ажиллаж байхдаа л орон байртай болдог бодлого хэрэгжүүлэх ёстой DNN.mn

АН-ын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэгтэй ярилцлаа


-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа учраас УИХ-ын дарга Г.Занданшатар, НИТХ-д шаардлага хүргүүлж байгаагаа АН-ынхан мэдэгдсэн. Шаардлагад юу тусгасан бэ?

-Хоёр монгол хүн тутмын нэг нь оршин суудаг Улаанбаатар хотын амьдрах орчин бүхэлдээ гамшигийн түвшинд хүрсэн. Өдөр тутам иргэдийн амь нас, аюулгүй байдал өндөр эрсдэл дунд байна. Энэ нь араасаа гарч буй цуврал эмгэнэлт хэргүүд тасрахгүй байгаагаас харагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2т “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүйорчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасныг ханган, баталгаажуулах ажил бодит амьдрал дээр огт биелэгдэхгүй хэвээр.

Асуудал нийгмийн системийн түвшинд гажуудалтай байгаа учраас дан ганц хариуцсан дарга удирдлагуудыг солиод өнгөрснөөр чанарын өөрчлөлт гарахгүйг нь нийслэл дээр харагдлаа л даа. Тиймээс хууль тогтоох дээд байгууллагынхаа хувьд УИХ энэ асуудлыг онцгойлон анхаарч ээлжит бус чуулган зарлаж нээлттэй сонсгол зохион байгуулах ёстой гэж Ардчилсан нам үзсэн. Нээлттэй хэлэлцүүлгийн хүрээнд нэгдүгээрт, иргэдийг мэдэх эрхийг хангах зарчмаар Улаанбаатар хотын агаар, тоосны чанар ямар байгаа, нэгдсэн ямар стандартаар хэмжиж байгааг үнэлэх. Хоёрдугаарт, улсын нөөц, гамшигийн худалдан авалтын талаар аудитын байгууллага, хариуцсан албан тушаалтнуудаас мэдээлэл сонсох, гуравт, онцгой байдлын аврагчдын цалин хангамжийг удирдах дунд түвшний албан хаагчдын түвшинд хүргэж нэмэгдүүлэх, орон сууцны асуудлыг нь шийдвэрлэх хөтөлбөр зарлах чиглэлээр Засгийн газарт үүрэг өгөх асуудал багтаж хэлэлцэх ёстой гэж хатуу үзэж байгаа.

-Та хариуцсан дарга удирдлагуудыг солиод өөрчлөлт гарахгүй байна гэж хэллээ. Нийслэл, онцгой байдлын удирдлагуудыг хэлж байна уу. Уг нь та хэвлэлийн хурал дээр огцрох ёстой гэж хэлж байсан?

-Ямбыг нь үүрээд хотын захирагч, генерал болцгоосон хүмүүс ялыг нь үүрээд хариуцлагаа ухамсарлаад явцгаах нь ёс зүйн асуудал. Түүнийг шаардах, хянах нь сөрөг хүчний үүрэг. Тэд явах ёстой. Гэвч тэд явахдаа асуудлаа аваад явахгүйгээс хойш шийдэлгүй үлдээд байна. Дараагийн дарга нь ирээд бүр л дордож байгааг хүн бүхэн л харж байгаа шүү дээ. Тогтолцооны гажуудлаа засахгүйгээр хүн солиод асуудал шийдэгддэггүй юм байна. Тиймээс бүр гүн өөрчлөлт буюу трансформэшн хийхгүй бол иргэдэд бухимдал, зовлон нэмж үүрүүлэхээс өөр өөрчлөлт алга. Ванга шиг хэлье. Онцгой байдлын удирдлага генералууд явлаа гэхэд дараагийн удирдлага нь генерал болох хүсэлтэй гурван нөхөр ирээд цолны асуудлаа шийдэхээс байгууллагын трансформацаа хийхгүй. Хотын даргыг гуравдахиа солилоо гэхэд дөрөв дэх нөхөр дүүжин тээвэр, метрогоо огцом хаяад автобус ярьж эхлэхээс хуримтлагдсан асуудлыг шийдэхгүй.

-Онцгой байдлын үйл ажиллагааг оновчтой, зөв зохион байгуулах гарцыг танай нам юу гэж харж байгаа вэ?

-Шулуухан хэлэхэд, системийн буюу бүтцийн гүн өөрчлөлт хийх ёстой. Улсын нөөц, иргэний хамгаалалт, гамшиг гэсэн гурван өөр субъектыг хүчээр нийлүүлээд нэг гажуудсан бүтэц болгочихсон нь араа шүдээрээ нийлж явахгүй байна. Байгалийн гамшиг тойрсон бүтэц хийчихсэн түүнтэйгээ тэмцээд байгаа нь салхин сэнстэй тулалддаг үлгэртэй л адил. Хүнийхээ аюулгүй байдал дээр тойрсон бүтэц хийх ёстой юм.

-Тийм байх. Гэхдээ сонгуулийн дараагаас нааш бүтэхгүй байх. Ойрын хугацаанд хийх боломжтой ажил чинь шаардлагад туссан аврагчдын цалин, ахуй хангамжийг нэмэх санаа биш үү?

-Гурван генералтай онцгой байдлын салбарт хоёр сар дараалан дөрөв дэх оршуулгаа хийлээ гэж хэвлэлийн хурал дээр хэлсэнд удирдлагууд нь их эмзэглэсэн юм шиг байна лээ. Гудамжинд яваа иргэнд эмзэглэж байвал мэргэжлийн биш л байна гэсэн үг. Аврагчдынхаа сургалт, цалин хангамжид эмзэглэх ёстой юм шүү дээ, уул нь. Зүй нь онцгой байдлын албан хаагчид цаг бусаар амиа алдсанаар биш, энгийн ажиллаж байхдаа л орон байртай болчихдог бодлого хэрэгжүүлэх ёстой юм. Г.Ариунбуян генерал 300-350 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн байна лээ. 50 тэрбум төгрөгийн зөрүүтэй тооцоо хийдэг төрийн удирдлагыг татвар төлөгч бизнесменүүд юу гэж харж байгаа нь тодорхой.

-Монгол Улсад гамшиг, эрсдэлийн стандарт алга гэж та хэлсэн. Гэтэл нийслэлд хотын стандарт гэсэн алба хэлтэс бий шүү дээ. Энэ алба ямар хууль тогтоомжийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Бүтэц нь байна. Төсөв нь байна. Хариуцсан албан тушаалтан нь байна. Бүгд байгаа мөртлөө зөв ажиллахгүй байгаа учраас л гажуудчихлаа гээд байгаа юм. Зөвхөн нийслэл, стандарт, онцгойн салбар дээр биш төрийн бүх хүрээнд. Тэгэхээр асуудал системийн гажуудалдаа байна. Системийн гажуудлын шийдэл нь гүн өөрчлөлт буюу демократик трансформэшн юм гээд манай нам бодлогоо боловсруулаад явж байна. Үүнийгээ ч сонсгол дээр яримаар, танилцуулмаар байна.

Р.ЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Говь нутагт ойрд үзэгдээгүй зуд нүүрлэж, зузаан цасан бүрхүүл тогтжээ DNN.mn

Монгол орныг бараг нэлэнхүйд нь хамарсан зуд энэ жил болж байна. Тэр дундаа говь, талын аймгууд хүндхэн өвөлжиж буй. Албаны мэдээгээр энэ нэгдүгээр сарын 20-ны байдлаар долоон аймгийн 27 сумын нутаг шилэн буюу төмөр зудтай, 18 аймгийн 128 сум цагаан зудтай хэмээн үнэлэгдсэн байна. Тиймээс бид энэ удаа нөхцөл байдал хүнд байгаа буюу мөсөн зуд нүүрлэсэн Дорноговь аймгийн Алтанширээ сумыг зорьсон юм. Аймгийн төв Сайншанд руу суудлын машин 50-60 мянган төгрөгөөр явдаг юм байна. Цар тахлын үеэр замын зардал 100 мянга хол гараад эргээд буусан нь энэ. Түүнээс өмнө бол 20-25 мянган төгрөгөөр явдаг байсан гэж таксины жолооч ярьж байна. Манайд нэг сонин тогтолцоо байдаг нь бараа, үйлчилгээний үнэ нэг өсчихвөл дахиж хэзээ ч хуучин хэвэндээ хүрч буудаггүй явдал. Тиймээс энэ мэт зүйлсийг бид байдаг л зүйл хэмээн хүлээж аваад нэгэнт сурчихжээ. Алтанширээ сум аймгаасаа зүүн хойшоо 90 километр зайтай бөгөөд шинэ оны дараахан хүний олон, техникийн хүчээр зам гаргажээ. Гэсэн хэдий боловч замын мөр хөлдүү болохоор жижиг тэрэг гулгаж, хажуугийн хунгар руу орчих эрсдэлтэй аж. Ур чадвартай жолоочийн буянд аюулгүй явсаар цагаан гэгээ тасрахын алдад сумын төвд очив. Сумын Засаг дарга Н.Бүрэнтэгш тосч аваад маргааш өглөө очих айлынхаа тухай товчхон мэдээлэл өгөв. Ингээд Алтанширээд маргааш мандах нарнаар малчин айлдаа очиж, сүүлийн хэдэн жил говь нутагт болоогүй зудын байдал, малчны амьдралтай танилцахаар болсон юм.

Маргааш өглөө нь сумынхаа баруун хойшоо 10-аад километр газарт Аймгийн онцгой комиссоос суманд өгсөн шинэхэн машинаар давхиад Цэвэлмаагийн Мөнхдорж гэх айлд очлоо. Тэрбээр 1968 оны бичин жил есөн хүүхэдтэй айлын тав дахь нь болон төрж, нагац ах н.Дамдинсүрэнгийнхээ гар дээр өсчээ. Ахыгаа дагаж “Саруул зам” нэгдлийн адуу маллаж, өдгөө Сумын заан, сумын Алдарт уяач болжээ. Тэднийх энэ жил сумынхаа баруун хойно өвөлжиж байгаа гэнэ. Энэ бууцандаа буугаад дөрвөн жил болжээ. Хунгар цас, хөлдүү бууцаа ховхлоод өвөлжөө тойруулан хураажээ. Хөрзөнгөө дөрвөн ч удаа ийн нүдэж, хөлдүүсийг нь авсан байна. Анхны цас 11 дүгээр сарын эхээр ороод л түүнээс хойш нийтдээ 20 гаруй удаа их хэмжээгээр оржээ. Ингэхдээ цас орсон өдрөөсөө хойш багадаа 2-3 хоног нүдгүй шуурч, зарим өдрүүдэд цас хайлтал дулаараад шөнө нь хүйтэрч хоносоор ийм байдалтай болжээ.

Оны өмнө хоёр азарга адуугаа уруудуулж, эрж сурсаар олж ирсэн нь 10 хүрэхгүй. Тэднийгээ хэдэн үхэртэйгээ хамт гэрийнхээ гадаа суурин тэжээж байгаа аж.

Ц.Мөнхдоржийнх бас сумын захиргааны нэр дээр бүртгэлтэй махны чиглэлийн халзан үхэр маллаж байна. Намайг очихтой зэрэгцэн гэрийн эзэн сумын төв дээр ирсэн арай хямд өвснөөс 100 боодол, бас хэдэн шуудай тэжээл олж ирэхээр явав. Уг нь тэднийх сумаасаа 10 хүрэхгүй километр зайтай. Гэсэн хэдий ч жижиг тэрэгтэй, цас их учраас гэргий нь болгоомжтой явах, тоон гарын үсгээрээ банкаас мөнгөө хэрхэн авахыг зааж захив. Гурван охин тус, тусын амьдралтай болж, сум, аймагт амьдардаг учраас тэр бүрийд ирж туслаад байж завдахгүй. Дээрээс нь хүүхдүүд сургуульд орохоор залуу гэр бүлийн өмнө тусдаа амьдрах уу, хүүхдийнхээ боловсролыг бодож төвийн айл болох уу гэсэн сонголт тулгардаг. Охид ч тийм л сонголтын өмнө ирээд суурин газар барааджээ. Харин энэ жил гэргий Р.Сарантуяагийн төрсөн дүү Р.Наранбаатар хөдөө гарч, эгч, ах хоёртоо тус болж байгаа гэнэ. Ингээд гурвуулаа үхэр, адууныхаа тэжээлийг өгөх, хонио ялгаж ойрхон бэлчээх, аргал хөрзөнгөө бэлдэх гээд их ажилтай үлдлээ. Дээрээс нь хотныхоо эргэн тойронд нойтон хөрзөн уугиулж, май тавина. Ингэж байж хороогоо дулаан байлгах, даарсан малаа дулаацуулдаг байна. Тэгэхгүй бол дотор нь хүйт орсон мал, хөлдүү хотонд хэвтэхээрээ доороосоо жиндээд амархан муудна. Цаг хэцүү байгаа учраас хэдэн малаа тэжээж болох бүхий л зүйлээр тэнхрүүлэх гэж хичээнэ. Хэдэн адууныхаа нойтон хомоолыг түүн хатааж, цайны идээг хураагаад тэжээлтэйгээ хольж багсраад өгнө. Адууныхаа тэжээлийг тусгайлан оёж бэлдсэн уутанд хийж, хошуувчлан өлгөдөг бол үхрээ тус бүрийн саванд тэжээлийг нь багсарна. Нэг, нэгээр тусад нь тавьж өгч, бусдыг нь үргээж байгаад идүүлдэг болохоор 10аадхан үхрийн тэжээл өгөх гэж нэлээд хугацаа зарцуулна. Ёстой л үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийхгүй ажиллахыг айлын маань гурав үзүүлнэ. Завсар зайгаар нь би хэд гурван зүйл асуухыг бодно.

Бид гурав ядруу хурга, ишгээ ангилж үлдээгээд хонио үд дундад бэлчээрт гаргав. Р.Наранбаатар ах адуугаа усалчихаад зайдан морьтой хонио дагалаа. Нар хэвийх үед хонь, ямаа нь хэд гурваараа цуварч, хотондоо ирсэн болохоор хэдийгээр газар мэдэхгүй ч санаа зовоод амдаад жаахан алхлаа. Урд хөтөл дээр гарвал хаашаа л харна цасан далай угтахад нүдээ дасгах гэж хэсэг зогсов. Хэт хүйтнээс болоод хөрлөсөн цас яг л мөс шиг хатуураад хүн явахад дааж байна. Нэг бодлын биед амар мэт боловч хэсэг яваад хунгарт шигдэж орох нь тамир бардаг гол зүйл ажээ. Ингэж хатуурч хөлдсөн цас малын шилбэ ураад, бэлчээртээ идэх өвсгүй, хотондоо хөлдүүс болохоор хүн малыг жинхэнэ шалгадаг байна. Цасан дундуур мал цувахад олон малын хөлөөр тодхон жим үлддэг бол энд тэгэхгүй. Хэсэг алхаад л цасанд зоогдсон туниа муутай амьтсыг өргөж гаргаад нэг хэсэгтээ “Мөсөн цас”-аар тэшүүлнэ. Хэдийгээр хонины дийлэнх ирээгүй, араас нь явсан ах сураггүй байгаа ч хөдөөний ажлаас хөндийрсөн, хөр цасны их, газар мэдэхгүйн улмаас буцахаас өөр сонголтгүй болов.

Айлын эзэгтэй энэ хооронд гадаах бүхий л ажлаа цэгцлээд, гэрийнхээ ажлыг ч амжуулжээ. Р.Сарантуяа эгчийн хэлж буйгаар өнгөрсөн намар 10 дугаар сарын сүүлээр боодол өвс 1011 мянган төгрөг байсан бол цаг хэцүүдсэний дараа 20 мянга гарчээ.

Харин Ц.Мөнхдорж ахын авахаар явсан 100 боодол өвсийг нэгийг нь 17 мянган төгрөгөөр авахаар болсон байна. Гэвч бог, бодгүй хашаанд нь тэжээж байгаа учраас энэ өвс 14 хоног л болно. Анхны цаснаас хойш эднийх энэ авсан 100 боодолтойгоо нийлээд 500 боодол өвс авч, нэгийг нь 20 мянган төгрөгөөр бодвол 10 сая төгрөг гэсэн үг. Харамсалтай нь тэжээгээд байхад л өглөө бүр 5-10-аараа үхэж, мөн энэ тооны хээл малтаж гаргах мал дагасан хүмүүст амар байхгүй нь мэдээж. Өнгөрсөн хугацаанд хивэг, тэжээлийн үнэ ч огцом нэмэгдэж 36-38 мянга болсон гэнэ. Халуун намраар хадаж боогоод хураачихсан өвсний үнэ цас их унахаар чухам яагаад нэмэгддэгийн шалтгааныг ойлгодоггүй. Шатахуун, түлш жаахан илүү зарцуулсныгаа шингээгээд хэн, хэнийгээ бодолцсон үнээр зарж болмоор л юм гэж жирийн малчин эмэгтэй хэлж байна. Ингэхээр зарим нэг нь мал бол малчны хувийн өмч. Үхүүлэх, амьдруулах нь тэдний хэр ажилч, арга туршлагатайгаас хамаарна гэх байх л даа. Үнэхээр ч тийм, гэхдээ байгалийн давагдашгүй хүчин зүйлд аргаа барж суугаа хэдэн малчдаа шулахгүй байвал өвс, тэжээлийн бизнес тань арай олон жилийн настай байна гэж л улиглаад байгаа хэрэг. Харин ажил, анхиа ярих юм бол Ц.Мөнхдорж, Р.Сарантуяа нар хэнийг ч дагуулахгүй хүмүүс аж. Яалт ч үгүй үхсэн малынхаа сэгийг бусад малдаа харуулахгүй гэж бүтээж тавиад сумын урд байх зориулалтын цэгт аваачиж хаядаг юм байна. Энэ тухайгаа үхсэн хэдийгээ хараад байх нь амьддаа хэр л олигтой байв гэж хэмээн хэлсэн. Гэтэл зарим нэг унхиагүй хүмүүс зам дагуулан цувуулж, нүд халтирам болгочихоод явдаг байна. Бид хоёрыг ийн ярилцаж байтал хонинд явсан хүн маань ирж “Баруун тийшээ хэсэг газар сайхан хамхуултай болж, өнөөдөр овоо идүүлээд авлаа” гэсээр ирэв. Хамхуулыг идэх үү гэж гайхахад минь ямар ч байсан малын өл дараад л байдаг юм гэв. Тэгсэн хэрнээ эндхийн мал хангай газрын бүдүүн ширхэгтэй өвсийг идэж чаддаггүй гэх. Ёстой л дассан газрын даавуу зөөлөн гэгчээр мал хүртэл нутгийнхаа хамхуулаар өлөө дараад байдаг бололтой. Говьд 17:00 цаг өнгөрөөгөөд л нар гэнэтхэн шингэчихдэг аж. Цаг харахад эрт хэрнээ хэдийнээ нар шингэчихсэн. Гэсэн ч өвлийн адаг сарын шинийн 10дын сар тун удалгүй мэлтэс гээд гараад ирэх нь өдөр шиг гэрэлтэй. Малаа бүрэн хотлуулж, гадаах ажлаа дуусгаад орж ирсний дараа 19:00 цаг өнгөрөөгөөд гэрийн эзэн ирэв. Хэдийгээр арай хямд үнээр авч байгаа ч банкан дээр гарын үсэгнийхээ учрыг олох гэсээр оройтсон гэнэ.

Хоолоо идэж дуусаад маргааш хэдэн малдаа өгөх хивэг, тэжээлийг бэлдэнэ.Яг л ийм дүр зураг өдөр бүр давтагдана. Шөнийн 23.00 цаг өнгөрсөн ч хурга, ишигт өгөх давстай бор цай чанах, шуудайгаар цас үүрч ирэх гээд ажил дуусах болоогүй л байна. Байгаа айлдаа чадлаараа туслахыг бодож, гар хөлийнх нь үзүүрт гүйхийг хичээх ч хөдөөгийн ажлаас үнэхээр хөндийрчээ. Тиймээс дэр, толгой нийлүүлээд л унтаж, хонь, ямаа майлах дуунаар сэрвэл Ц.Мөнхдорж ах хотоо эргэхээр гарчээ. Хотныхоо нөмрийг бараадан шахцалдаж байгаад туниа муутайгаа дарах нь их. Гэсэн ч монгол хүн бэлгээрээ гэдэгчлэн амьтан, ах дүүсийг асуухад нь сайн л гэж хариулдаг. Дан ганц бидэн доор орчихсон цас биш дээ гэх нь монгол хүний л уужуу сэтгэл гэлтэй. Хэдхэн хоногийн дараа хаврын тэргүүн сар гарч, мал хүнгүй урин цагтай золгоно. Тэгээд ч говьд өвөл нь ширүүн болоход хавар аятайхан. Хавар, зундаа шуургатай жил өвөл нь хэцүүхэн болдог гэнэ. Тийм ч болохоор арван малаа аваад үлдчих итгэлтэйгээр гар хумхилгүй ажиллаж, хэцүүхэн зудыг өнгөрөөж байгаа говийн нэг айлын өдөр ийнхүү өнгөрч, нөмөр бараадан гэрийн гадаа хэвтсэн үхэр хивэх нь сонсогдоно…

Т.Дарханхөвсгөл

Үргэлжлэл бий8

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдрал муу гээд эх орноо хаяад явчихаар энэ ноорхой Монголыг хэн өөд нь татах вэ DNN.mn

Хэн хүнгүй л гадагшаа явах тухай уулзсан болгонтойгоо ярьж, бие биедээ зөвлөж байна. Хэд гурван төгрөг нь амьдралд хаанаа ч хүрэхгүй юм, ингэж байхаар насны залууд гадагшаа яваад аж, амьдралаа босгоод ирдэг юм бил үү гэсэн бодолтой залуучууд олон. Үнэхээр ч Монголд авч байгаа цалин, ажиллах, амьдрах орчин тун тааруу байгаа нь үнэн л дээ. Ам.долларын ханшийн чангаралтаас шалтгаалсан үнийн өсөлт, агаарын бохирдол, түгжрэл, бухимдал, архидалт, түлш, эрчим хүчний хомсдол гээд асуудал их. Ядаж байхад нийт хүн амын талаас их хувь нь Улаанбаатар гэх ганцхан хотдоо бөөгнөрчихсөн. Гэтэл энэ хот маань хүн амьдрахад ямар “тамтай” болсон билээ. Тиймээс залуучуудад энэ там шиг газарт аз жаргалтай амьдарна гэсэн итгэл, урам зориг, хүсэл тэмүүлэл гэж байхгүй болж.

Тэгвэл Улаанбаатар хотод биш хөдөө гарч амьдраач гэвэл залуучууд ёстой “нөү” л гэх байх. Дэлхийтэйгээ зэрэгцэн амьдрах гэж байхад юун хөдөө вэ гэнэ. Дижиталчлагдсан энэ үеийн залуучуудыг хотын амьдралаас салгах ямар ч боломжгүй. Эвэр, туурайгаа ялгахгүй хүмүүс хөдөө гараад сайхан амьдарна гэдэг ёстой лөөлөө байх. Нөгөөтэйгүүр суурин амьдралд хөлөө олох гэж ядаж байгаа Монгол Улсын хувьд эргээд нүүдэлчин ахуй руугаа буцна гэдэг хөгжлийн ухралт хийсэнтэй адил. Тиймээс л Монголын аль сийрэг сэтгэдэг, унхиатайнууд нь амьдралаа бодож эх орноосоо дүрвэн, бусдын нутагт ажиллаж, хөдөлмөрлөхөөр жил бүр 30, 40 мянгаараа явцгааж байна. Хөдөлмөрлөдөг, сэтгэдэг зүтгэдэг нь ингээд мянга мянгаараа эх орноо хаяад явчихаар ямар хүмүүс энэ улсад үлдэж байгааг анзааръя. Монгол Улс яг одоогийн байдлаар нийт 3.4 сая хүн амтай. Хүн амын өсөлт 1.4 хувь гэж байгаа. Энэ бол маш бага үзүүлэлт юм билээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өдөрт 30 гаруйхан хүнээр бүл нэмж байгаа гэсэн үг. Мэдээж өөд бологсдоо хасаад гарсан тоо нь энэ. Гэтэл жилдээ 30, 40 мянган иргэн гадагшаа суралцаж, ажиллаж амьдрахаар гарч байна. Үүнийг сараар нь бодъё. Сард 1000 гаруй хүн эх орноосоо явж байна. Тэгвэл бүр өдрөөр нь бодъё. Өдөрт 3033 хүн Монгол Улсаас дэлхийн бусад орнуудыг зорин явцгааж байна гэсэн үг. Нөгөө хүн амын өсөлтийн тоотой үүнийгээ харьцуулаад харахаар Монгол Улсад хэн үлдээд байгаа нь сонин. Мэдээж дөнгөж төрсөн нярай болон бага насны хүүхдүүд, оюутнууд, тэтгэврийн хэдэн хөгшид л үлдэж байгаа юм. Гэтэл Монгол Улс хөгжмөөр байна. Монгол орноо диваажин болгомоор байдаг. Хэн энэ ноорхой Монголыг өөд татах вэ. Хүүхдүүд үү, эсвэл ахмадууд уу. Үлдсэн цөөн хэдэн залуучууд нь улстөрждөг. Хийхээсээ илүү ярих сонирхолтой. Баялаг бүтээгч болохоосоо илүү дарга болчих хандлагатай. Цэцэрхсэн, хоосон мөрөөдөлтэй хүмүүсээр энэ улс дүүрч. Тэдний улс төрийн сонголт нь ч тун тааруу байх нь ойлгомжтой. Ажил хийдэггүй болохоор бэлэн хоол өгсөнийг нь тэд шууд сонгоно. Өөрсдөө хурдан дарга болохын төлөө сонгогдоод гарч ирсэнийхээ өгзөгийг нь долоох шахам дагаж гүйнэ. Яг ажил хийдэг, хөдөлмөрлөдөг, баялаг бүтээдэг нь эх орноо хаяад гадагшаа явцгааж байна. Үнэндээ сонголтоо зөв хийчихдэг, нийгмээ зөв дүгнэдэг, аливаа асуудлыг нэг биш олон талаас нь хардаг хүмүүс Монголд цөөрсөн.

Тэдний хувьд Монгол Улс зүгээр төрсөн нутаг гэх тодотголоор л зүрх сэтгэлд нь оршиж байна. Угтаа тэд эх орондоо байгаад сонголтоо хийсэн бол улс орныг удирдах улстөрчдийн хандлагаас эхлээд нам засгийн бодлого нь хүртэл өөр байх байсан. Учир нь нийгмийн олонхийг мэдлэгтэй, боловсролтой, ажиллах, баялаг бүтээх хүсэл тэмүүлэлтэй ийм залуучууд бүрдүүлнэ. Тэр утгаараа тэд зөв хүнээ сонгож төрд гаргана. Гэтэл сүүлийн 10 гаруй жил нийгмийн энэ том бүлэг гадагшаа яваад цөөрөөд байгаа учраас л өнөөдрийн Монгол Улсын төр хулгайдаа живчихсэн, худалчдаар дүүрчихсэн гэлтэй. Төрд гарсан хулгайчид гэж бид шүүмжилдэг. Үнэн хэрэгтээ тэднийг та бид л сонгож гаргасан. Тэгэхээр муу төртэй байгаа нь бидний муугийнх. Үүнийгээ бид хүлээн зөвшөөрөх ёстой. Нөгөөтэйгүүр мууг сонгож байгаа нь ч бидний муугийнх. Учир нь сайчууд нь бүгд дээр хэлсэнчлэн эх орноо хаяад явчихсан тэр юм. Тэгэхээр одоо яах вэ. Эхний ээлжид гадагшаа явж байгаа сайчуулаа эх орондоо үлдэж, Монгол Улсаа өөд татацгаая гэж уриалах хэрэгтэй. Унхиатайнууд нь эх орноосоо яваад байвал энэ улсыг хэн өөд нь татах вэ, улам л ноорхой дээрээ навсайна. Тиймээс сэтгэдэг залуучууд Монголынхоо төлөө сэтгэмээр байна. Ажилладаг хүмүүс нь Монголынхоо төлөө ажилламаар байна. Угтаа дэлхийн диваажинг Монгол Улсад байгуулахад бидэнд дутагдах гачигдах зүйл огт байхгүй. Монгол Улс өргөн уудам нутагтай. Байгалийн асар их баялагтай. Хүн ам цөөнтэй. Юу ч тарьсан газар нь байна. Ямар ч мал өсгөх бэлчээр нь байна. Ухаж гаргаад боловсруулах түмэн зүйлийн баялаг нь байна. Харин энэ улсыг өөд нь татъя гэж бодитоор ярьж хэлж байгаа хүмүүс цөөхөн байна. Эсрэгээрээ Монгол Улсаас явъя, дүрвэе гэцгээх юм. Монгол Улс хүн дүрвэх хэмжээнд хүрчихсэн бил үү. Монголд дайн дажин алга. Дарангуйлал, дарлал алга. Нэг намын дарангуйлал, татварын дарлал гээд байдаг чинь зүгээр л хоосон улс төр. Дарангуйлал, дарлал гэдэг дэлхийн түүхэнд арай өөр зүйлийг ойлгодог байх. Монголд одоогоор тийм дарангуйлал алга. Нэмээд хүн дүрвэж зугтаагаад байх байгалийн гамшигт үзэгдэл болдоггүй. Өлсгөлөнд нэрвэгдчихсэн ч юм алга. Тэр утгаараа Монгол Улс бол дүрвэж зугтахаар орон огт биш. Ер нь Монголоосоо явлаа гээд та бүхэн хаана очих гээд байгаа юм. Эцсийн эцэст явсан хүн эх нутаг минь гээд л ирдэг биз дээ. Ингэхдээ ид хийж бүтээх залуу насаа хүний нутагт орхичихоод ирдэг нь харамсалтай. Таны залуу насны хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийн үр шим Монголоос бусдыг нь тэтгэн дэлгэрүүлж байна.

Тэгэхээр залуучуудаа эх орондоо тогтож, энэ улсынхаа төлөө ажиллацгаая. Монголын эсрэг байгааг нь шоронд хийдэг, Монголын төлөө ажиллаж байгааг нь шагнадаг байцгаая. Ийм болоход бидэнд жаахан зөв хандлага л хэрэгтэй. Адаглаад төрд гарсанууд нь хэдэн арван их наядаар нь идэж уумааргүй байна. Ийм төр засгийг бид сонгож, байгуулмааргүй байгаа юм. Төр засгаа яаж байгуулах нь ард түмэн бидний шийдэх асуудал. 40 их наядын хулгайг бид гадагшаа алдчихлаа. Угтаа үүнийг дотоодынхоо зах зээлд барьж чадсан бол Монгол Улсын эдийн засаг яаж өсөх байсан бэ. Манай улсын нэг жилийн импортын нийт дүн ердөө есэн тэрбум ам.доллар. Ердөө гэдэг нь 40 их наядын хулгайтай харьцуулсан ойлголт. Ам.долларын ханшийн өсөлт Монгол Улсын импортын зардлаас шууд хамааралтай.

Импорт нэмэгдэх тусам гадагшаа чиглэх валютын урсгал нэмэгдэнэ. Тэр чинээгээрээ дотоодын валютын нөөц багасч, ам.долларын ханш өсдөг. Ам.долларын ханш өссөнөөрөө Монгол Улсын эдийн засагт зарим сөрөг нөлөөлөл бий болдгийг бид өнгөрсөн хугацаанд бишгүй дээ л үзлээ. Ковидын үед валютын нөөц хоёр хүрэхгүй тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсыг дефолт зарлахад хүргэх шахсан. Тэр үед хулгайлагдсан 40 их наяд төгрөгөө валют болгочихсон бол өнөөдөр ам.доллар 3500 руу хэзээ ч очихгүй байсан гэдгийг эдийн засагчид тодорхой хэлнэ. Бараг 2000 төгрөг хүрэх үгүйтэй л байх байсан биз. Ам.доллар 1500тай байх үеийн бараа бүтээгдэхүүний үнийг та санаж байна уу. Талх 310 төгрөг, бензин 1200, их сургуулийн жилийн төлбөр 350 мянган төгрөг л гэдэг байлаа. Тухайн үеийн оюутнууд мэднэ дээ. Хоёр оюутан өдөрт 1000 төгрөгтэй байхад л болчихдог байсан үе. Өөрөөр хэлбэл 310 төгрөгөөр нэг талх авчихна. 300 төгрөгөөр хоёр гоймон авна. 100 төгрөгөөр нь хоёр ширхэг тамхи авчихна. Харин үлдсэн 300 төгрөгөөрөө автобусанд суугаад харьчихдаг байж. Одоо 1000 төгрөгөөр хоол идээд, тамхиа аваад, унаандаа өгөөд харьж чадах уу. Тэгэхээр 40 их наядын хулгай гэдэг бол талхны үнэ 310 төгрөг байсныг 3500 төгрөг болгон өсгөх хэмжээний мөнгө гэсэн үг. Ийм төртэй байгаадаа харамсаад ч яах билээ. Учир нь бид л энэ хүмүүсийг сонгож гаргаж ирсэн. Бид гэдэг нь цүнх барьж, нам дагасан залуучууд, цол гуйж, татаас аваад сурчихсан хөгшдийг хэлээд байгаа юм. Энэ хүмүүс л төр, засагт энэ мэт хулгайчдыг оруулж ирэх боломжийг нь нээж өгсөн. Тиймээс одоо төрд гаргаж ирэх хүмүүсийг энэ бүлгийнхэнд даатгаад амиа бодож, эх орноосоо зугтдагаа зогсооё. Урагдсан, ноорхой Монголоо өөд татахын төлөө эх орондоо тогтож хайрла, залуучууд аа

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 30, Ангараг гариг. Билгийн тооллын 20, Харцага одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 08:23 цагт мандан, 17:48 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 01 дүгээр сарын 30-наас 2024 оны 02 дугаар сарын 03-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 2-р сарын 01-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 02-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 30-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -27…-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Малчны Цагаан сар биш Монголын Цагаан сар юм шүү” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач И.Энхболд “Геополитикийн нөхцөл байдлаас үүдэн дэлхий нийт манай улсыг урд өмнөхөөс илүү анхаарах боллоо” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Социологич М.Баярсайхан “Нэр цэвэр, шинэ залуу байх нь эрх мэдэлд очоод яг тиймээрээ байна гэсэн баталгаа биш шүү” гэв.

ТОМИЛОЛТ: Говь нутагт ойрд үзэгдээгүй зуд нүүрлэж, зузаан цасан бүрхүүл тогтжээ-II

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт” Малчны Цагаан сар биш Монголын Цагаан сар юм шүү” хэмээн өгүүллээ. 

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан албан хаагчдын ар гэрт тэтгэмж олгох хуулийн төслийг өргөн барина


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Африк болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүд үргэлжилсээр DNN.mn

Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Кот-д’Ивуар улсын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд үргэлжилж байгаа. Шилдэг 24 баг хэсгүүдэд хуваагдаж тоглосоор одоо хасагдах шатны 16 баг шалгарч доорхи байдлаар хоорондоо таарчээ. Үүнд :

Ангола-Намиби, Нигери-Камерун, Экваторын Гвиней-Гвиней, Египет-Конго, Кабо Верде-Мавритани, Сенегал-Кот-д`Ивуар, Мали-Буркина Фасо, Марокко-ӨАБНУ гэсэн багууд хослол бүрдүүлж буй. Африк тивийн хөлбөмбөг угийн л ойлгомжгүй, хөгжилтэй, таашгүй үйл явцаар баялаг байдаг уламжлалаа хадгалдаг жишээ энэ удаагийн тэмцээнд бас давтагдаж л байна. Жишээ нь Европын шилдэг багуудад тоглодог хөлбөмбөгчидтэй Алжир, Тунис, Гана мэтийн багууд хэсгийн тоглолтоосоо сугарч чадалгүй хасагдаж байхад Кабо Верде, Буркина Фасо мэтийн хаана байдгийг нь хэр баргийн хүн мэдэхээргүй улсын багууд цойлоод гараад ирчихсэн байх мэт.

Африк тивтэй зэрэгцээд манай Ази тивийнхэн ч гэлээ

аваргаа шалгаруулж байгаа. Мөн л хэсгийн тоглолтууд нь дуусаад хасагдах шат нь эхэлчихсэн багууд доорх байдлаар хэсгийн тоглолтын үр дүнгээсээ шалтгаалан хоорондоо таарчээ.

Австрали-Индонези, Таджикистан-Арабын Эмират, Ирак-Иордани, Катар-Палестин, Узбекистан-Таиланд, Саудын Араб-Өмнөд Солонгос, Бахрейн-Япон, Иран-Сири

Тэмцээн уг нь 2022 онд БНХАУ-д зохиогдох байсан авч ковидоос шалтгаалан цуцлагдаж өнөөг хүрсэн бөгөөд одоо Катарт, өнгөрсөн жилийн ДАШТ зохиогдсон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд явагдаж байгаа юм.

Африк тивийг бодвол энд харин ч шилдгүүд нь мултраагүй плей-оффт багтаж чадсан. Гэхдээ хэсгийн тоглолтдоо маруухан амжилт үзүүлсний уршгаар зарим хосууд нь хасагдах шатанд шууд л хоорондоо тоглоод эхлэхээр болчихоод байна.

Жишээ нь Саудын Араб-Өмнөд Солонгос гэх хослол яах аргагүй арай эрт таарсан чанга багуудын учраа гэж хэлж болно.

 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
story-news

Үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, бусдад худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг илрүүлэв

Үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, бусдад худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг илрүүлэв

Categories
story-news

С.Одонтуяа: Шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотой саналууд хуульчлагдсанаар хүний эрхийн үзүүлэлт нэг алхам урагшиллаа

С.Одонтуяа: Шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотой саналууд хуульчлагдсанаар хүний эрхийн үзүүлэлт нэг алхам урагшиллаа

Categories
story-news

“Шатахууны нөөц хэвийн байгаа” гэв

“Шатахууны нөөц хэвийн байгаа” гэв