Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Туваан: Монголын хөгжил, эрх ашгийг бодвол 21 тусдаа бодлого бус, бүсчилсэн бодлого нь зөв DNN.mn

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.


-Сонгуулийн тойргийн ямар бүтэц гараад ирэв ээ. Тэр том тойргийн, тэр том газар нутагт ид шидгүй бол сонгогч бүрт хүрч уулзах, шинэ залуу улстөрч сонгогдох боломжгүй байна гэхчилэн шүүмжлэл их байна?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрөгч хаврын чуулганаар баталсан. Үүнээс шийдээгүй үлдсэн нь 2024 оны хоёрдугаар сарын 1-ний дотор сонгуулийн тойргийг УИХ-ын тогтоолоор батлах заалт.

Тиймээс энэхүү тогтоолыг оны өмнөхөн баталлаа. Ингэхдээ томсгосон тойргийг бүсчилж баталсан. Аливаа асуудал сайн, муу хоёр талтай. Иргэд дэмжиж ч байгаа, шүүмжилж ч байгаа асуудлууд бий.

Энэ тогтоолын талаар өөрийн байр сууриа илэрхийлэхэд, нэгдүгээрт АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэр гарсан. Хоёрдугаарт, улс орныхоо эрх ашиг, Монголын хөгжлийг бодвол 21 аймаг 21 тусдаа бодлого бус, долоон бүс болгосон. Ерөнхийдөө гурван аймаг нэг бүс болж байгаа. Жишээлбэл, миний нэр дэвшсэн Төв аймаг дээр Дархан, Сэлэнгэ нэмэгдсэн. Төвийн бүсийг би хамгийн сайн дэд бүтэц хөгжсөн, хамгийн сайн хөгжлийг бий болгох бүс болно гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Ер нь АН бүсчилсэн хөгжлийн бодлогыг урьд нь хөндөж л байсан. Хуучны Сэцэн хан, Түшээт хан, Сайн ноён хан гэдэг шиг, хойноос нь урагш нь байдалтай Монгол Улсаа дөрөв хувааж бүсчлэх бодлогыг ярьж байсан. Үүний учир нь том газар нутагт хөгжлийн бодлогын загварчлалыг ярихад их дөхөмтэй байдаг. Тиймээс энэ бодлогыг гаргаж ирж, ярьж байсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бүсчилсэн хөгжлийн бодлогыг одоо л боловсруулж байна. Хэрвээ шифи хэрэг болбол энэ чиглэлээр АН-д бодлого, судалгаа хангалттай бий.

Өнөөдөр Монголд БЭТ (Бүрэн эрхт төлөөлөгч) их томилогдож байна. Үүн шиг УИХ-ын гишүүн бол иргэдийн БЭТ. Эрх баригчдын гаргаж байгаа шийдвэр, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогуудад хяналтаа тавь. Шүүмжлэх зүйл байвал шүүмжил. Болж бүтэхгүйг нь олон нийтэд гаргаж, мэдээл гэж УИХ-ын гишүүнийг иргэд сонгож төлөөллөө болгож явуулдаг.

Монголчууд нүүдэлчин ард түмэн. Даавуу байсан ч имэрч, гурил байсан ч нулимж үзэж цавуулгийг нь шалгачихдаг. Нүүдэлчин ард түмэн сонссондоо итгэдэггүй. “Арваараа” барьж, “алагаараа” харж байж итгэдэг ард түмний хувьд төлөөлүүлэх гэж байгаа гишүүнтэйгээ уулзаж, гарыг нь барьж, нүд рүү нь харж, яриаг нь нэг сонсоод шийдвэр гаргана. Ийм соёлтой хүмүүст энэ тогтолцоо учир дутагдалтай болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл Төвийн бүсийн тухайд, Дархан-Уул аймгийн 18 багийг нэмбэл хүн ам төвлөрсөн нийт 72 суурин бий. 14 хоногийн дотор 72 газарт очихын тулд нисдэг тэргээр нисээд ч амжихгүй. Магадгүй эрх баригчид нисдэг тэргээр нисч магадгүй. Манай намынханд тийм боломж байхгүй.

Очиж уулзаж чадахгүй болохоор төрд төлөөлүүлж байгаа хүнээ таньж мэдэх сонгогчийн эрхэд халдсан асуудал болж байна уу гэж харж байгаа. Энэ талаар би хууль батлагдах үед олон хэлсэн. Сая бас их л ярилаа. Оны өмнө тойргийн асуудал орж ирэхэд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хоногийг ядаж 25 хоног болгочих болов уу гэж харж байсан. Гэтэл эрх баригчид өөрсдийнхөөрөө шийдчихлээ. Тиймээс үүн дээр хардаж байгаа зүйлүүд бий.

-Томсгосон тойрогтой болсноор улстөрчид улс төрийн хариуцлагаас зугтах цоорхой гарчихлаа гэж дүгнэх хэсэг ч байна шүү дээ?

-Хэвлэлийнхэн “Та өөрийгөө хэр ажилласан гэж бодож байна. Таны санаачилсан хууль…” гэж асуудаг. Улстөрчдөд дүнг нь ард түмэн тавьдаг. Дөрвөн жилийн дараа тэр улстөрч дахин сонгогдож байвал иргэдэд үнэлэгдэх хэмжээнд ажлаа хийж гэсэн үг.

Нөгөө талаас тантай санал нэг байна. Олон удаа сонгогдож тухайн газар нутагтаа нэр хүнд нь уначихсан улстөрчдийг өөр аймгуудад албан тушаалаар нь шинэ хүн болгож, богино хугацааны танилцуулгатай үед олон нийтэд нэр нь цээжлэгдсэн, танигдсан гэдэг утгаар нь давуу тал болгох гэсэн байхыг үгүйсгэхгүй. Би бол үүнийг хардах эрхийнхээ хүрээнд хардаж байгаа. Очиж амжихааргүй маш богино хугацаанд тэр сайд, тэр гишүүн, тийм дарга гэж олон жил яригдаж иргэдийн чихэнд хүрсэн нэрээр нь сонголт хийнэ гэж бодож байвал эндүүрэл. Монголын ард түмэн тэр дайны хэрсүү ухаан, сонгогчийн боловсрол байгаа гэж бодож байна.

-Том газар нутаг, богино хугацаанаас гадна сонгогчид өөрсдийгөө таниулах сурталчилгааны материалын хэмжээг багасгасан. Энэ нь мөн л шинэ залуу улстөрчдийг чөдөрлөсөн бодлого уу?

-Би үүн дээр СЕХ-ны даргаас “Үүнд ямар бодлого барьсан бэ. Энэ хугацаанд нэр дэвшигчид өөрсдийгөө таниулах, сурталчлах ажлыг юу гэж харж байна” гэж асуухад “Цахим” гэж хариулж байна лээ. Өөрөөр хэлбэл, гаргалгаа төдийлэн байхгүй байна гэж харсан.

Нэг өдөрт ядаж хоёр сумаар орох хэмжээний хугацаатай байсан бол үдийн өмнө нэг, хойно нэг сумаар очиж сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө биеэрээ танилцуулж, асуултад нь хариулаад захиа даалгаврыг нь аваад гарах боломжтой байсан. Дээрээс нь маш олон зүйлийг Сонгуулийн хуулийн заалтуудаар хумилаа. Тухайлбал, самбар хийх, телевизээр гарах зэрэг зүйлүүд өмнөх сонгуулиудаас илүү хязгаарлагдмал болсон. Ер нь шинэ залуучууддаа хатуурхсан, шинэ үеийнхнийг сонгогдох боломжийг хязгаарласан хууль болсон гэж харж байна.

-“Царцааны нүүдэл” гэсэн хэллэг улс төрд бий. Үүнийг хязгаарлах чиглэлд танай намын бүлэг санаачилга гаргах шиг боллоо. Ер нь сонгуулийн дэвшилттэй заалтыг та юу гэж харж байна вэ?

-Сонгуулийн хуульд дэвшилттэй талууд бий. Жишээлбэл, сонгуулийн нэрсийн жагсаалтыг сонгогчдын нэгдсэн системээс шууд онлайнаар авна гэсэн заалт бий. Энэ нь “царцаа нисгэх” боломжийг тодорхой хүрээнд хязгаарлана гэж үзэж байна. Өмнө нь нэг сонгогч нэг газарт санал өгчихөөд дараагийн газарт очиход “Та тэр газарт санал өгсөн байна” гэж гарч ирэх зохицуулалтыг АН-ын бүлгийнхэн санаачилж оруулсан. Мөн бүх сонгогчдод бэхэн тэмдэглэгээ хийх, бүх саналыг 100 хувь гараар тоолох зэрэг заалтууд орсон. Гэхдээ олон нэр дэвшигчтэй урт саналын хуудсыг түүнд тэдэн санал гэж нэг бүрчлэн тоолоход маш хүнд болчихож байгаа юм.

-Тантай ярилцаж байх энэ цаг үед хөрөнгө оруулалтын тухай хууль ид яригдаж байна. Та энэ хуулийг хэрхэн дүгнэж байна?

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль бол чухал хууль. Энэхүү хууль анх батлагдсанаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн. Шинэчлэх ёстой. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татахад заавал хуулиар бүгдийг шийднэ гэдэг өрөөсгөл ойлголт. Хөрөнгө оруулалтын хуульд хоёр үндсэн, нэг дагалдах өөрчлөлтийг оруулчихаад түүнийгээ нэг болгож яриад, батлах гээд байгаа нь энэ хуулийн гацаа болчихоод байна.

Нэгдүгээрт, хөрөнгө оруулах гэдэг утгаар оруулж ирэх зүйлийг ярихгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулна гэдэг бол Монголд бизнес эрхэлж түүнээсээ татвар төлөх байдлаар улсын эдийн засагт нэмэр болох гэдэг ойлголт. Хөрөнгө оруулах гэж байгаа компанийг компани байгуулах гэдэгтэй хүмүүс хольж ойлгоод байгаа юм.

Хэн ч байсан компани байгуулах татварыг төлж компани байгуулж болдог байх ёстой. Үүн дээр хүндрэл үүсгэх ёсгүй. Дараа нь бодитоор хөрөнгө оруулалт оруулах үед шалгуурууд тавигддагийн дотор тэдээс доошгүй хэмжээний хөрөнгө гэсэн зүйл заалт бий. Өнөөдөр 100 мянган ам.доллар гээд ярьж байна. Энэ асуудал бол хөрөнгө оруулалтын үндсэн асуудал.

Би 100 мянган ам.долларын босго байх ёстой гэж бодож байгаа. Монгол Улс шиг хоёрхон хөрштэй орны хувьд 100 мянган ам.доллар байх хэрэгтэй. Энэ хуульд 100 мянган ам.долларыг 50 мянган ам.доллар юм уу, зарим салбарын хөрөнгө оруулалт дээр байхгүй болгох зохицуулалт орж ирчихээд маргаан дагуулаад байна.

Үүн дээр үндсэн хөрөнгө оруулалттай юм уу, гадаадын хөрөнгө оруулалттай компани үүсгэх гэдэг бол тусдаа асуудал. Хоёр том асуудлын нөгөөх нь газрын асуудал. Газрыг олон жилээр ашиглуулахаар оруулж ирсэн нь маргаан дагуулаад байна. Энэ бол мөн л тусдаа асуудал. Гэхдээ мэдээж хөрөнгө оруулалтын тухай хуульд орж ирэх ёстой.

Тиймээс маш сайн хэлэлцүүлж, долоо хэмжиж нэг огтолж байж шийдэх хэрэгтэй. Монголчууд Их эзэн Чингис хааны үеэс л сөөм газрын төлөө л тэмцэж ирсэн ард түмэн. Газар нутгийн төлөө үе удмаараа хайрлаж хамгаалж ирсэн. Тэгээд ч тайруулж тайруулж үлдсэн нутаг дээр нь бид өнөөдөр амьдарч байна. Монголчуудын хувьд газартай, газрын харилцаатай холбоотой асуудал бол үнэхээр чухал. Үүнийг их сайн судалгаатай, нэлээд сайн ярьж байж хэрэгжүүлэх ёстой. Би 60+40 жил гэсэн урт хугацаатай зүйлийг нь дэмжихгүй байгаа. Энэ бол буруу гэж бодож байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн их үргээж байгаа зүйл нь хөрөнгө оруулалтыг дээрэмдэж байгаа үйлдэл шүү дээ. Энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлд энэхүү хуулиар хэр ахиц гарна гэж та харж байна вэ?

-Яг энэ асуудлыг үнэхээр ярих ёстой. Монгол Улс руу орж ирсэн, болон орж ирэх гэж байгаа хүмүүсийн ярьж байгаа асуудал нь “Танай хуулиас айхгүй байна. Хууль тогтоох байгууллагад ажиллаж, хууль хэрэгжүүлж байгаа хүмүүсээс чинь айж байна” гэж байгаа юм.

Энэ хүмүүс хуулийг хэрэгжүүлэх гэж байгаа юм уу, хуулийг ашиглаж ямар нэгэн шалгалт хийх замаар гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээдэг асуудал байгаа юм. Үүнийг зохицуулсан харилцаан дээр олон зүйл заалт орж ирсэн байна лээ. Үүнийг би дэмжиж байгаа.

Ер нь гадаадын хөрөнгө оруулагч орж ирээд Монгол Улсын хуулийн дагуу, арилжаа наймаа бизнесээ эрхлээд ашиг орлогоо олоод Монгол Улсад татвараа төлөөд явах нь зөв. Энэ бол дэлхийн чиг хандлага. Үүний дундаас гадаадын хөрөнгө оруулагчдыг дарамтлах, эрх ашигт нь халдах, үргээж цочоох нь байж болохгүй зүйл. Тиймээс энэ хуульд энэхүү асуудлаар зөв зүйтэй заалтууд орж ирсэн байна лээ.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л хятадууд хүрз, зээтүүгээ бариад танктай орж ирнэ гэдэг айдсаасаа салах хэрэгтэй DNN.mn

УИХ, Засгийн газрын гишүүдийн дунд маргаантай байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлах л ёстой. Одоо мөрдөгдөж байгаа тус хуулийг тэртээ 1993 онд анх баталж, сүүлд 2013 онд өнөөгийн УИХын дарга Г.Занданшатар өөрчлөн батлуулж байсан түүхтэй. Түүнээс яг 10 жилийн дараа дахин өөрчлөлт оруулахаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-д оруулж ирлээ. Угтаа нэмж, хасагдаж байгаа заалтууд нь уг хуулийн төслийн агуулга, хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг сайжруулсан өөрчлөлт болж байгааг хуульчид, судлаачид хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулагчдад гох, дэгээ болисон цөөнгүй зүйл заалт бий. Тэр бүхнийг Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан өөрчлөлтөөр авч хаях шаардлагатай. Тэгж байж Монголд гаднын хөрөнгө оруулалт орж ирэх суваг чөлөөтэй болох нь мэдээж. Гэтэл үүнд гох, дэгээ тавих сонирхолтой бүр сонгуулийн өмнө олон нийтэд таалагдах үүднээс зориуд улс төр хийж байгаа хүмүүс ч их байна. Тэдгээр поп улстөрчдийн олон нийтийн тархийг угааж байгаа агуулга нь ердөө газрын асуудал. Уг хууль батлагдсанаар гаднынхан тэр дундаа хятадууд Монголын газар нутагт цөмрөн орж, эзлэх гэж байна гэсэн үндэслэлгүй ойлголтоор пропаганда идэвхтэй явуулж байна. Тус хуулийн одоо мөрдөгдөж байгаа 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалтын босгыг Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан төслөөр хасч байгаа.

Үүнээс болоод гаднын хэн ч манайд орж ирээд хөрөнгө оруулагч гэх статустай болчихоод элдэв янзын эрх эдэлнэ. Хууль батлагдсан өдрөөс эхлээд л гаднынхан Монголд хэдэн мянгаараа бууж ирээд хаа дуртай газартаа хашаа татаад байшин барьчихаад 100 жил хөдлөхгүй юм шигээр ойлгуулж байна. Хууль батлагдсан өдрөөс эхлээд урагшаа тавьсан төмөр замуудаар, нөгөө олон боомтаар чинь хятадууд хүрз зээтүүгээ бариад ороод ирэх юм шиг санаж байна. Бүр араас нь асаалттай 10 танк орж ирээд Монголыг эзэлчихнэ гэсэн айдастай цөөнгүй хүмүүс ч байх шиг. Яг ийм үйл явдал кино дээр ч гарахгүй дээ. Бодит бус хийсвэр ойлголт. Яаж бодсон ч хөрөнгө оруулагчдад хамаатай хууль Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үү. Гаднын хүмүүс Монгол Улс руу нэвтрэхээр бол Гаднын хөрөнгө оруулалтын тухай хуулиар биш ядаж л Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар орж ирнэ. Гэтэл хөрөнгө оруулагчдад хамаатай хуулийг Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой мэтээр тайлбарлаж яваа поп улстөрчдийн дээрх үгэнд итгэх хүмүүс Монголд цөөнгүй. Учир нь бид боловсролгүй, түүнээсээ болоод аливаа улстөрчдийн явуулж байгаа мэдээллийн агуулга үндэслэлтэй байна уу эсэхийг шалгах хандлага нь сул. Тиймээс үүнийг нь төрийн өндөр албан тушаалд очих, төр барих шат суурь болгон ашигллах улстөрчид цөөрөхгүй байгаа гэдгийг судлаачид хэлдэг. Монгол Улс бол хөгжих гэж оролдож байгаа орон. Яг ч хөгжиж байгаа улс гээд хэлэх боломж тааруу. Гэхдээ бид хөгжих гэж оролдож байна. Хөгжих гэж байгаа улс оронд хамгийн чухал нь гадаадын хөрөнгө оруулагчид. Гаднынхан л Монгол Улсад орж ирж л байвал тэр чинээгээрээ эдийн засаг нэмэгдэнэ.

Тиймээс аль болох хилээ нээлттэй, гаднынхны орж ирэх урсгалыг эдийн засгийн хувьд чөлөөтэй хаях хэрэгтэй. Гэтэл үүнийг жадлан эсэргүүцэгчид эх оронч үзэлтнүүд байна. Эх оронч гэж дээ, Монгол Улс бол хамгийн агуу гүрэн, бидний цус бусдаас онцгой гэх хэт туйлширсан хандлагатай хүмүүс олон байгаа. Энэ үзэл санаан дээр нь дөрөөлж попордог улстөрчид Монгол Улсын газар нутагт гаднынхны хөлийг гишгүүлж болохгүй, бид тусгаар улс учраас хилээ ч хаагаад дангаараа хөгжих

боломжтой ухааны юм ярьж, ард түмний тархийг угааж сууна.

Гэтэл үнэндээ Монгол Улс хилээ хаачихвал яах вэ. Бид ч биш ганцхан урд хөрш хилээ хаачихад яаж арчаагаа алдсанаа мартсан уу. Тэгвэл бид өөрсдөө хилээ

хаачихвал үнэхээр хөгжиж чадах уу. Хөгжих ямар ч боломж байхгүй гэдгийг аль ч салбарын эрдэмтэн, доктор, судлаачид шууд хэлнэ. Монгол Улс хилээ хаачихвал Төвд шиг л болно. Нэг хэсэг төвдүүд хилээ хааж байсан түүхтэй. Манжаас сална, тусгаар оршиж, хөгжинө гээд хилээ хаагаад явсан. Гэтэл өнөөгийн Төвд улс хөгжиж байгаа билүү. Эсрэгээрээ Хятадын харьяанд орчихсон хөгжил битгий хэл тусгаар тогтнолоо алдчихсан явж байгаа. Тиймээс бид ганцаараа хөгжинө, гаднынхан хэрэггүй гэдэг ойлголтоосоо салах хэрэгтэй. Харин ч энэ дэлхийтэйгээ нээлттэй байсан улсын хөгжил бодитой өсдөг гэдгийг бусад хөгжингүй орнуудын түүх гэрчилнэ. Яах вэ хилээ хаагаад хөгжиж болдог маш ховор тохиолдол дэлхийн улс орнуудад бий. Гэхдээ тэгж хөгжсөн орнуудтай

буюу жишээ нь Японтой Монгол Улсыг харьцуулах ямар ч хэрэггүй. Япон бол хөгжлөөрөө дэлхийн эхний тавд орж байгаа улс. Аль хэдийнээ хөгжчихсөн, хөгжих тогтолцоогоо бүрдүүлчихсэн, ард түмнийхээ хандлагыг өөрчилчихсөн, өөрсдөө бүх зүйлээ үйлдвэрлэдэг орнууд бол хилээ хаах эсэх нь ёстой тэдний дур биз. Хилээ хаалаа гээд хөгжил нь саарна гэсэн зүйл тэр орнуудад хэдийнээ алга болсон зүйл. Харин манайх шиг хөгжил буурай орнууд бол аль болох хилээ нээлттэй байлгаж, гаднын хөрөнгө оруулагчдыг даллаж байх шаардлагатай. Ёстой тарвага хошгоруулж байгаа юм шиг даллаад гүйсэн ч болохоор.

Монгол Улсын нийт хүн амын цөөнгүй хэсгийг ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон ажил эрхлэх боломжгүй хүмүүс бүрдүүлж байгаа. Үлдсэн ажиллах хүчний ихэнх нь залуучууд буюу оюутнууд. Түүнээс яг ажлын байр дээр гарах боломжтой хүмүүсийн ихэнх нь гадаад руу хөдөлмөрлөхөөр явчихсан. Тэр дундаа ажил хийгээд цалин авч чаддагууд нь бүгд БНСУ руу гарчихсан байна. Тэгэхээр Монгол Улсад яг хэн үлдэж байна вэ. Дээр хэлсэнчлэн тэтгэврийн хэдэн хөгшид дээр нэмээд газар нутаг гэж орилолдсон хэдэн поп улстөрчид, түүнийг нь дагасан панатууд хэдэн малтайгаа л үлдэж байгаа нь хатуу ч гэсэн үнэн. Хүнтэй, тэр хүмүүс нь хөдөлмөрлөж байж л улс орон хөгждөг. Хүнтэй байсан ч хөдөлмөр эрхлэх хандлагагүй бол улс орон ёроол руугаа л явдаг. Хөдөлмөрлөх сонирхолтой нь гадаад руу, залхуу нь Монголдоо халамж горьдоод хэвтээд байгаа болохоор энэ улс орон хөгжих гэж хөгөө чирч байна.

Ядаж залхуучууддаа халамж өгөхөө зогсоогоод хөдөлмөрлөх сонирхлыг нь төрүүлэх суртал ухуулга хийж эхэлье. Худлаа хоосон эх оронч үзлийг нь таслан зогсооё. Гадаадын ганц нэг хүн ороод ирэхээр эх оронд минь шунасан хулгайч гэж харааж зүхэхийг нь болиулъя. Харин ч эдийн засагт нэмэртэй юм байна гэдэг ойлголтыг түгээх хэрэгтэй байна.

Ингэхийн тулд эхлээд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа батлах шаардлагатай. Дээрх хууль батлагдлаа ч маргааш нь хөрөнгө оруулагчид Монголыг гишгэх зайгүй болтол дүүргэнэ гэж байхгүй. Хэрэв тийм бол юутай сайхан үлгэр вэ. Манай поп улстөрчид л энэ хуулийг ингэж гоё өөдрөгөөр ойлгоод байгаа болохоос биш хууль батлагдсан ч гаднаас чиглэх урсгал ёстой нэг хувиар ч нэмэгдэхгүй. Харин хөрөнгө оруулагчид Монгол Улсад орж ирэх боломж нээлттэй шүү гэдэг мессэжийг л хүргэх юм. Энэ мессэж нь ч хүрэх эсэх нь эргэлзээтэй. Гэлээ гэхдээ бид нээлттэй, чөлөөтэй байгаагаа шантралгүй зарлаад л байх ёстой юм. Тэгж сая ганц нэгээрээ хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ. Яваандаа хэдэн арваараа, хэдэн зуугаараа ороод ирвэл Монгол Улс ёстой Япон лугаа хөгжлөө л гэсэн үг. Тиймээс УИХ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа дахин хойшлуулаад байлгүй нэн яаралтай батлах шаардлагатай. УИХ-ын зарим гишүүдийн хэлж байгаагар тус хуулийг дахин дахин унагааж, хойшлуулаад л байх нь Монгол Улсад төдийчинээ ашиггүй. Бид гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх мессэжийнхээ эрчийг л сулруулна гэсэн үг. Энэ долоо хоногт УИХ-ын намрын отгон чуулган өндөрлөнө. Тиймээс энэ намрын чуулгандаа багтаагаад дээрх хуулийг баталчихвал Монгол Улсад ашигтай гэдгийг угтаа УИХ-ын гишүүд дор бүрнээ мэдэж л байгаа. Гэхдээ сонгууль дөхчихсөн учраас зарим поп улстөрчдийн нөлөөгөөр тус хууль энэ намрын чуулганаар батлагдах нь эргэлзээтэй л болж байна. Гэсэн ч хаврын чуулганы хамгийн эхний асуудал болгоод баталчих хэрэгтэй. Хаврын чуулган ирэх гуравдугаар сарын 19-нд нээнэ. Тэрхүү гуравдугаар сард багтаагаад улс оронд хэрэгтэй, үлдчихсэн олон арван хуулиа баталчих шаардлагатай. Тэгэхгүй бол дөрөвдүгээр сараас эхлээд чуулганд суугаад хууль баталчих улстөрчид цөөрнө. Бүгд сонгууль гээд дөрвөн зүг, найман зовхист тараад алга болно. Монгол Улс хэдэн жил ширхэг хадаасаа ч үйлдвэрлэж чадахгүй явах ёстой юм. Том том бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсэн, үйлдвэр бужигнасан улс орон болох хэрэгтэй байна. Тэгэхийн тулд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа ядаж баталчихмаар байна даа……

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 16, Ангараг гариг. Билгийн тооллын 6, Могойг хүлэгч одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 08:37 цагт мандан, 17:27 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28…-30 градус, бусад хэсгээр -19…-21 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -31…-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар -26…-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Дулаан арал худалдаж авах “Өдрийн сонин”-ы санаа бараг 50 хувьтай биелж байна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ц.Туваан “Монголын хөгжил, эрх ашгийг бодвол 21 тусдаа бодлого бус, бүсÿилсэн бодлого нь зөв” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэн: “Баялгийн хараал”, “Голланд өвчин” зэргээс зайлсхийх арга нь хүндээ хөрөнгө оруулах” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Дулаан арал худалдаж авах “Өдрийн сонин”-ы санаа бараг 50 хувьтай биелж байна” хэмээн өгүүллээ. 

Сэтгүүлч М.Батбилэг “Сэтгүүлч чи чимээгүй бай, Өнөрөө дээр чинь аваачна шүү. Хажуу өрөөнд нь хэвтэж баймаар байна уу” гэдэг дарамтыг үггүйгээр ойлгуулж байна” хэмээн ярилаа.

Олон улсын Franklincovey Mongolia LLC боловсролын байгууллагын гүйцэтгэх захирал Сэтгэлзүйч, Манлайлал, хандлага, харилцааны трэйнер, бизнес коуч  Б.Солонгоо “Мэдээллийг шүүх, тунгаах чадвар нийгэмд маш их учир дутагдалтай байна” гэлээ.

 

 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Төвөггүй” DNN.mn

Грег Маккеоүны “Төвөггүй”. Орчуулагч Ж.Самдан монгол хэлнээ орчуулжээ. Энэхүү ном нь 15 бүлэгтэй бөгөөд бүлэг бүр нь өөр өөр ухагдахууныг илтгэнэ.

Төвөгтэй амьдралаас төвөггүй оршихуйг бүтээх нь.

Ихэнх хүн ядарч туйлдсан ч амрахын оронд үргэлжлүүлэн илүү хөдөлмөрлөдөг. Үнэн хэрэгтээ сөхөрч унаталаа ажиллаж амжилтад хүрнэ гэх өнөө үеийн үнэлэмж юм.

Өөрийгөө дайчилъя гээд ч хүч үлдээгүй үед, хурдан гүйгээд байгаа хэр нь бариа ойртохгүй байгаа мэт санагдах үед, улам илүү хичээмээр байвч эрч хүч дутагдах үед, аливаа зүйл одоо байгаагаасаа ч амаргүй, хэцүү санагдаж байвал энэ ном танд бага ч болов эргэцүүлэх боломж олгох ажээ.

Бүх зүйл хэцүү байх албагүй. Нэгэн компанийн ажилтан МакГиннис олон цагаар ажиллаж, амралтын болоод баярын өдрөөр ч амарч байгаагүй аж. Албан ажлаар гадагшаа явж, бусдаас орой тардаг. Бие нь өвдөж байсан ч гэртээ харихгүй гэсээр ажлаа хийнэ. Амьдралаас хүссэн бүхнээ олж авах гол түлхүүр нь шаргуу хөдөлмөрлөх хэмээн үздэг байв. Олон цагийн уйгагүй хөдөлмөр нь түүнийг хэзээ нэгэн цагт шагнана гэж боддог байжээ. Гэхдээ тэр нэг л өдөр дампуурсан компанид ажиллаж байснаа мэддэг. Оройн цагаар офисстоо сууж өнгөрүүлсэн цаг хэнд ч хэрэггүй хий хоосон зүйл болно. Компани нь дампуурснаас хойш нэлээд хэдэн сар өнгөрчээ. Тэрээр эмнэлэгт үзүүлж нэлээд хэдэн шинжилгээ өгнө. Чухамдаа стрессээс болж эрүүл мэнд нь муудсан байж.

Түүнд энэ асуудлаас гарах гурван зам байв. Зүгээр л энэ чигээрээ зүтгэн амь насыг нь авч одтол ажлаа хийх. Хүсэл мөрөөдлөөсөө ухран илүү доогуур зорилт тавин түүндээ хүрэх. Эсвэл хүссэн амжилтдаа хүрэх илүү хялбар арга замыг олох. Тэрээр гурав дахийг нь сонгоно.

Ажиллах цагаа багасгаж, оройн 17:00 цагт гэртээ харьдаг болов. Амралтын өдрөөр цахим шуудан илгээхээ больж, нойроо бүтэн авдаг болжээ. Мөн явган алхаж, эрүүл хооллож эхлэв. Үр дүнд нь тэр 10 гаруй килограмм хаяжээ. Эргээд ажил, амьдралаасаа эрч хүч авч эхлэв.

Хором мөч бүхэнд шинээр эхлэх боломж байдаг. Шинээр сонголт хийх боломж. Илүү хэцүү замыг сонгох уу. Эсвэл арай хялбараар явах уу.

Төвөггүйн үр дүн гэж юу вэ. Энэ талаар дараах зүйлийг өгүүлнэ. Тодорхой зорилготойгоор төвөггүйгээр үйлдэж хийж, тогтмол хурдтайгаар ажиллах юм.

Суралцах: Зөвхөн баримт, арга барил төдийгүй зарчимд суралцах. Мундаг хүмүүсийн туршлагыг өөртөө ашигтайгаар хэрэглэ. Мэдлэгээ өргөжүүл.

Олшруулах: Бусдад мэдлэгээ зааж өгснөөр өргөн хүрээний нөлөөлөл бий болно. Заасан зүйлээрээ амьдар. Ингэх явцдаа хэр их зүйлийг өөрөө сурч авснаа олж мэд. Ойлгож давтахад хялбар түүхийг бусдад ярьж өг.

Автоматжуулах: Тархиндаа аль болох олон чухал ажил үүргийг автоматжуулах замаар оюун ухаанаа чөлөөл. Ой санамжиндаа найдахгүйгээр тухайн бүрдээ зөв хийж байхын тулд шалгах хуудсыг ашигла. Зөвхөн чухал зүйлдээ цагаа зарцуул.

Итгэх: Итгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүл. Ингэхдээ шударга, ухаалаг, санаачилгатай хүмүүсийг ажилд ав. Үр дүн, үүрэг, дүрэм, журам, урамшууллыг тодорхой болгохын тулд итгэлцлийн гэрээ боловсруулах.

Сэргийлэх: Аливаа асуудлыг урьдчилан тооцоолох юм. Маргааш болох хүндрэлээс сэргийлж, энгийн арга хэмжээг өнөөдөр ав. Долоо хэмжиж нэг огтол гэдэг.

Амьдралыг бид өөрсдөө л хэцүү, төвөгтэй болгодог. Заавал тийм байх албагүй. Роберт Фростийн бичсэнээр “надад унтахаасаа өмнө биелүүлэх ёстой амлалт, туулах ёстой зам байна. Таны замд ямар ч сорилт, саад бэрхшээл тулгарсан ч илүү хялбар, илүү энгийн зам үргэлж байдаг гэдгийг санаарай хэмээн өгүүлжээ.

Ном уншаад л олон асуудлыг шийдэж чадахгүй. Гэхдээ энэхүү номыг уншсанаар асуудлыг арай хялбараар даван туулахад тусалж магадгүй л юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Мөнх-Эрдэнэ: Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах байранд байрлуулж, үржил хязгаарлах мэс ажилбар хийнэ DNN.mn

Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд эзэнгүй нохой, муурыг барьж, түр асрамжлах байранд хүргэх ажлыг зохион байгуулах юм. Тус Ажлын хэсгийн хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-Эзэнгүй нохой, муурыг барьж, түр асрамжлах байрыг хаана, хэрхэн бэлтгэж байна вэ?

-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдан, хуулийн хэрэгжилтийг хангах, эзэнтэй нохой, муурнаас улбаалан эзэнгүй нохой, муурын тоо нэмэгдэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Эзэнгүй нохой, муурыг барьж, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түр асрамжлах байр байгуулна. Эхний ээлжид Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Шувуун фабрикт байрлах хар үнэгний аж ахуйн байрыг түр асрамжлах байр болгохоор ажиллаж байна. Нэгдүгээр сарын 22-ноос үйл ажиллагааг нь эхлүүлж, хоёрдугаар сарын 15-н гэхэд бүрэн ажиллуулна. Барьсан нохой, муурыг тухайн байранд хүргэж, байршуулах бөгөөд тодорхой хугацаанд эзэн нь олдсон тохиолдолд буцаан өгөх юм.

-Үржил хязгаарлах мэс ажилбар хийх байдлаар эзэнгүй нохой, муурыг тоог бууруулах ажил үргэлжлэх үү?

-Хуулийн дагуу эзэнгүй нохой, муурыг буудаж устгахгүй болсон. Иймд түр асрамжлах байранд байрлуулах хугацаандаа үржил хязгаарлах мэс ажилбар хийнэ. Мал эмнэлгийн дүгнэлтээр өвчтэй, галзуу зэрэг аюул эрсдэлтэй болох нь тогтоогдсон нохой, муурыг устгалд оруулах юм.

-Эзэнгүй нохой, муурыг барихад аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Эзэнгүй нохой, муурыг барихын өмнө аюулгүй байдлыг хангах, багаж техник, тоног төхөөрөмжийг ашиглах талаарх сургалтыг дүүрэг, хороодод зохион байгуулна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дотоодын цэрэг болон чиг үүргийн бусад байгууллагаас хүн хүч нэмэлтээр ажиллах юм.

-Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүрэг дүүргүүдэд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор эзэнгүй, нохой муур барих, түр асрамжлах байранд хүргэх ажлыг дүүргүүд дотооддоо зохион байгуулах уу?

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүрэг дүүргүүдэд шилжсэн. Үүнд зам талбайн цэвэрлэгээ, эзэнгүй, нохой муурыг цөөлөх ажил мөн багтсан. Иймд түр асрамжлах байрыг бэлтгэх ажлыг дүүргүүд зохион байгуулж, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах юм хэмээлээ.

Дэлхий нийтэд нохой, муурнаас дамжин халдварладаг 40 гаруй өвчин байдаг бөгөөд эзэнгүй буюу золбин нохойноос таван төрлийн хорхой хүнд халдварладаг байна. Мөн найман нохойн нэг нь бэтэг өвчний халдвартай байна гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн эзэнгүй нохой, муурны тоо толгой ихэссэнээр мал амьтан өвчлөх, галзуурах, тухайн өвчлөл малын махаар дамжин хүнд халдварлах эрсдэл нэмэгддэг байна. Монгол Улсын хэмжээнд нэг жилд 6900 хүн, Улаанбаатар хотын хэмжээнд 3000 хүн галзуу нохойд уруулж, ноцуулж, хазуулж, шүлсдүүлсний улмаас галзуугийн вакцинд хамрагдсан байдаг. Эдгээрийн 36.5 хувь нь 0-16 насны хүүхэд багачууд юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Амар байна уу 2024” үзэсгэлэн, худалдаанд 2000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” төвд өнөөдрөөс эхэлж байна. Уг арга хэмжээ хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм.

Тус үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 2000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын Сургалт, судалгаа, маркетингийн хэлтсийн дарга Л.Цолмонтуяа:

-Сар шинийн баярыг угтаж Монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг бөгөөд 70 хувийг нь гадаадаас гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг гэсэн тооцоо бий. Харин өнгөрсөн жил энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчид нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, ийм хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан юм. Энэ жил оролцогчдын тоо хоёр дахин нэмэгдсэн тул өнгөрсөн жилийн борлуулалтын дүнг хоёр дахин нэмэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Мөн оролцогчдоос талбайн түрээс болон гадна зогсоолын төлбөр авдаггүй учир хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах шаардлагыг тавьж буй.

“Нүүдэлчин сэрэхүй” ТББ-ын оролцогч Т.Түмэнбаяр: 

-“Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаанд хоёр дахь жилдээ оролцож байна.  Жижиг, дунд бизнес эрхлэгч биднийг дэмжсэн, өргөн дэлгэр арга хэмжээг түрээсийн төлбөргүйгээр зохион байгуулж байгаад маш их талархаж байна. Бид наадгай болон домын бүтээлүүд борлуулдаг. Монголчууд ямарваа нэг зүйлийг домоор засаж, наадгайгаар наадаж ирсэн уламжлалтай. Ийн язгуур өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт зүтгэж байна.

“Es G Brand”-ийн үүсгэн байгуулагч У.Хосбаяр:

-Манай брэндийн нэрийн тухайд Es /Empire shoes/ буюу эзэнт гүрний гутал гэсэн утгыг агуулж буй. Дэлхий дээр хоёр том эзэнт гүрэн байсны нэг нь манай Монголын эзэнт гүрэн. Тиймдээ ч эзэнт гүрний хүмүүсийн өмсөж байсан эсгий гутлын технологийг орчин цагийн хэв загварт оруулан бүтээлээ туурвисан гэв.

Тэрчлэн энэ арга хэмжээнд оролцсоноор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамтын ажиллагаагаа тэлэх, үндэсний хэмжээний томоохон компани, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, түүхий эд нийлүүлэх, хөрөнгө оруулалт татах, санхүүгийн байгууллагууд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах зэрэг олон давуу талтай юм.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 64 автобусыг ирэх сарын эхээр хүлээн авна DNN.mn

Нийслэлээс их багтаамжийн шинэ автобуснуудыг ирэх сарын эхээр хүлээн авч дуусна гэж мэдээлсэн.

БНХАУ-ын “Yutong bus” компаниас нийт 600 их багтаамжийн автобус авна. Нийт 12 удаагийн татан авалтаар ирэх сард автобуснуудыг хүлээн авч дуусах юм.

Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлжээ. Эдгээрээс Yutong Bus Co.,Ltd шалгарч, өнгөрсөн сарын 15-нд НЗДТГ-тай гэрээ байгуулсан юм.

Автобуснуудын баталгаат хугацаа 24 сар, ашиглалтын арван жилийн хугацаанд үйлдвэрлэгчийн зүгээс найдвартай сэлбэг хэрэгслээр хангах үүрэг хүлээжээ.

Categories
мэдээ нийгэм

Онон голын мөс цөмөрч, портер загварын автомашинд зорчиж явсан 3 иргэнийг аюулгүй гаргажээ DNN.mn

Хэнтий аймаг, Биндэр сум Баянгол багийн “Онон гол” гэдэг газар Онон голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 14-ний өдрийн 21:40 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 27 км зам туулан 23:22 цагт очиход Биндэр сумаас Баян-Адарга сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой /2 нь хүүхэд/ иргэн Б-ны “Портер” загварын ачааны автомашин усанд суусан байсныг татан гаргах боломжгүй тул автомашиныг үлдээж, зорчигчдыг Баян-Адрага сумын төвд авч ирсэн байна.