Categories
мэдээ эдийн-засаг

Инфляц 7.9 хувьтай гарчээ DNN.mn

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцуулж байна.

Хэвлэлийн хурлын эхэнд хэрэглээний барааны үнийн өсөлт буюу инфляцын тухай мэдээлэл өглөө.

2023 оны арванхоёрдугаар сард инфляц улсын хэмжээнд 7.9 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараасаа 0.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн сард инфляц 7.9 хувьтай гарахад хүнсний бүлэг 42, импортын барааны үнэ 35 хувиар нөлөөлжээ.

Мөн инфляцад хонины ястай мах, нэгдүгээр гурил, их дээд сургуулийн нэгдүгээр курсийн сургалтын төлбөр, сүү, талх, зоогийн газарт худалдаалагддаг шилтэй пиво зэрэг 10 төрлийн бараа голлон нөлөөлсөн байна.

Эдгээр 10 төрлийн бараагаар үнийн өсөлт, инфляцын 33.1 хувь нь тайлбарлагдаж байгаа аж. Түүнчлэн талх, гурил, будааны үнэ жилийн хугацаанд 14.7 хувь өссөн нь инфляцад 1.2 нэгж хувиар нөлөөлөв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Лаазалсан махан бүтээгдэхүүний экспорт өмнөх жилээсээ 122 сая ам.доллароор өсчээ DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар  танилцууллаа.

Өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

Экспорт өмнөх оноосоо 21.1 хувиар өсөхөд нүүрсний экспорт 2.4 тэрбум ам.доллароор буюу биет хэмжээгээрээ 37.8 сая тонноор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байгаа юм. Мөн газрын тос 123 сая ам.доллароор, лаазалсан махан бүтээгдэхүүний экспорт 122.1 сая ам.доллароор өссөн нь жин дарж байна.

Харин алтны экспорт өмнөх оноосоо 389 сая ам.доллароор буюу 35 хувиар буурчээ.

2023 онд экспортын барааны 92 хувийг уул уурхайн гаралтай, зургаан хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бүрдүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Бүгд Найрамдах Куба улсад зорчиж буй иргэдийн анхааралд DNN.mn

Сүүлийн үед манай улсын иргэд Бүгд Найрамдах Куба Улс /БНКУ/-аар дамжин Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-д хууль бусаар нэвтрэх гэсэн оролдлогууд гарч, Кубын хилийн албаныханд саатуулагдсан тохиолдлууд гараад байна.

Тухайлбал, манай улсын иргэд өнгөрсөн оны тавдугаар сард Улаанбаатар-Истанбул-Хавана чиглэлийн нислэгээр БНКУ-д ирж, АНУ руу завиар гаргана гэх хууль бусаар хүн зөөвөрлөдөг куба иргэдэд хууртагдаж хил давах гэж байгаад баригдсан тохиолдол гарсан бөгөөд Кубын холбогдох хуулийн дагуу тэднийг гадаадын иргэдийг түр саатуулах газарт саатуулсны дараагаар албадан буцаасан.

Мөн 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар-Москва-Хавана чиглэлийн нислэгээр Кубад ирсэн манай иргэд нэг талын онгоцны тийзтэй, аялалын зорилгоо тодорхойлж чадахгүй байсан зэрэг шалтгаанаар тус улсын хил дээр саатуулагдаж, албадан буцаагдсан байна.

Иймд, Куба руу болон тус улсаар дамжин бусад улсад зорчихоор төлөвлөж буй иргэд буцах нислэгийн тийзтэй байх, зочид буудлын захиалга хийж баталгаажуулсан эсхүл байрлах тодорхой хаягтай байх, аяллын зорилгоо сайтар тодорхойлох шаардлагатай зэргийг анхаарна уу.

Түүнчлэн БНКУ-аар дамжин АНУ руу хил давахад зуучилна, тусална гэсэн хуурамч мэдээлэл, ийм сэдэлтэй хувь хүмүүст хууртахгүй, хууль бус үйл ажиллагаанд өртөхгүй байхад анхаарч, анхаарал болгоомжтой, хариуцлагатай аялахыг хүсье.

Эх сурвалж: ГХЯ

Categories
мэдээ нийгэм

Хоёр давхар байшин шатаж, нэг иргэн амиа алджээ DNN.mn

-Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн хоёрдугаар гудамжинд гал гарч байна” гэх дуудлага энэ сарын 16-ны өдрийн 23:59 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн “Ө”-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, иргэн “А”-ийн 8х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, цонх хайрагдаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт 44 настай, эмэгтэй “Д” өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦУОШГ: Улаанбаатар хотод 17:00 цагаас цас орж эхлэх төлөвтэй байна DNN.mn

ЦУОШГ-аас Улаанбаатар хотод өнөөдөр 17:00 цагаас цас орж эхлэх төлөвтэйг мэдээллээ.

Харин ирэх амралтын өдрүүдэд шөнөдөө -25-26 хэмийн хүйтэн байх тул цагаан сарын баярын буузаа бэлтгэхэд тохиромжтойг зөвлөв.

May be a graphic of blueprint, map and text

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

 

 

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаана DNN.mn

УИХ-ын 2023 оны намрын чуулган өнөөдөр хаах гэж байна. Тиймээс өчигдөр хуралдаж, нийт 17 асуудлыг хэлэлцэн баталсан. Тухайлбал,

Өнгөрсөн арванхоёрдугаар сард хийсэн хоёр шатны нүүрсний сонсголын тайлан, дүгнэлтийг сонсож, Түр хороог татан буулгасан юм. Харин өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн, өсч дэвшсэн нэг ч улс дэлхийд байхгүй DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар тодрууллаа


-Та өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барьж байсан. Өнөөдөр энэ хууль нийгмийн сэдэв болчихоод байна. Одоогийн хэлэлцэгдэж байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хууль бол ерөнхий хууль. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар гуравхан асуудлыг зохицуулна. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг бүртгэнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хамгаална. Шаардлагатай бол татвар, тогтворжуулах гэрээ хийнэ. Гуравдугаарт, хөрөнгө дээр нь баталгаа гаргана. Нэг ёсондоо манайд орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг ялган үзэхгүйгээр өмчийг хамгаалах хууль юм. Энэ хуулиар газар ч юм уу, эсвэл виз өгөх гээгүй.

 

Гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлснийхээ дараа бусад асуудал Монголын бусад хуулиар зохицуулагдана. Жишээлбэл, хөрөнгө оруулагчдын визтэй холбоотой асуудал Гадаадын иргэн харьяатын хуулиар зохицуулагдана. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид газрыг яах вэ гэдэг асуудал Газрын хуулиар зохицуулагдана. Жишээлбэл, 1993 онд газрыг 60+40 ашиглуулахаар олгоно гэж батлагдсан. Тэгвэл түүгээр явна гэсэн үг. Бид энэ заалтыг эргэж харахдаа Газрын багц хуулийг өргөн баригдахад нь харах ёстой гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд визийн асуудал нөлөөлөхгүй гэсэн үг. Жишээлбэл, та “Өдрийн сонин”-оор Солонгост аж ахуйн нэгж байгуулаад үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол 500, 1000 ам.долларын дүрмийн сантайгаар 1-2 цагийн дотор компани нээж болно. Сингапурт нээж ч болно. Та тэр улсад компани нээлээ гээд виз олгох үндэслэл болохгүй. Учир нь та зөвхөн компани бүртгүүлж байгаа гэсэн үг. Хөрөнгө оруулалт хийж болно. Харин оршин суух виз авах гэж байгаа бол шалгуур нь өөр байдаг.

 

-Гадаадын хөрөнгө оруулалттай компани нээчихвэл визийн шалгуур шаардахгүй шууд виз олгох мэт ойлголтыг нийгэмд өгч байгаа хэсэг бүлэг хүмүүс ч байна?

-Үгүй. Виз авахын тулд үйл ажиллагаа явуулсан байх ёстой. Татвар төлсөн байх ёстой. Ажлын байр бий болгосон, барьцаа 100 сая ам.доллар байршуулсан байх зэрэг шалгуур гадаадад ч манайд бий. Хөрөнгө оруулалттай компани байгуулж болно. Та хөрөнгө оруулагчийн статус дээрээ виз авах гэж байгаа бол компанийнх нь гурван жилийн үйл ажиллагааны санхүүг нь шалгадаг. Ажлын байр бий болгосон эсэхийг шалгадаг. Үүний дараа виз олгох эсэхийг Гадаадын иргэн харьяатын албан хаагч үзэмжээрээ олгодог. Нэг ёсондоо хууль хяналтын байгууллага шалгалт хийсний дараа олгох, үгүйг шийддэг. Үүнд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох боломжгүй. Хууль нь ийм юм. Хөрөнгө оруулалтын хуулиар газар, виз олгох гээд байгаа мэтээр үл ойлголцол яваад байгаа нь үнэн. Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд энэ асуудал хамаагүй.

-Нийгмийг талцуулж байгаа өөр нэг асуудал нь 100 мянган ам.долларын босго. Энэ босгыг авч хаяж байгаа цаад шалгаан нь юу вэ?

-Ний нуугүй хэлэхэд, манайх хаалттай эдийн засгийн орчинтой болчихоод байгаа юм. Хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн, өсч дэвшсэн нэг ч улс байхгүй. Манай улсын эргэн тойронд байгаа бүх л орон гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө явж байдаг. Тэр бүү хэл, Бүгд найрамдах Куба улс ч гадаадын хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалынхаа зочид буудлыг барьж байна. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад (БНАСАУ) харьцангуй бага хэмжээний хөрөнгө оруулалт байх шиг байна. Гэхдээ ялгаагүй тэнд Солонгосын хөрөнгө оруулалт хийгдээд л явж байдаг. Хөрөнгө оруулалт гэдэг нь олон улсын хэллэгээр үржүүлгийн үр дагавартай гэж яригддаг. Учир нь нэгдүгээрт, хүүгүй мөнгө орж ирдэг. Хоёрдугаарт, хүүгүй мөнгөөр ажлын байр бий болгодог. Гуравдугаарт, шинэ технологийг авч ирдэг. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийг бэлтгэхэд хувь нэмэртэй байдаг. Татвар төлж эхэлдэг. Үүнээс гадна эдийн засагт гаднаас ам.доллар оруулж ирдэг ач холбогдолтой. Манайх гурван морьтой байх ёстойгоос хоёрхон морьтой байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн гадагшаа зарсан бүтээгдэхүүнээсээ ам.доллар олдог. Гадаадаас зээл тусламж авахаараа ам.доллар олдог. Тиймээс гурав дахь буюу хамгийн том өсөлтийг авч ирдэг ажлын байрыг бий болгодог, шинэ ноу хауг бий болгодог, татварын бааз суурийг нэмэгдүүлдэг тэр гарцаа манайх хаачихаад байгаа юм. Дэлхийд 190 эдийн засаг бий. Үүнээс 21, 22 нь л босготой. Босгогүй болсон шалтгаан нь хүнд суртал, мөнгө шилжүүлэхтэй холбоотойгоор банк хоорондын шалгалт их болсон. Компани байгуулаагүй байхад компани байгуулах гэж байгаа мэтээр мөнгө шилжүүлэг хийх нь шалгалтын эх үүсвэрийн нэг болж байгаа юм. Шилжүүллээ буцаагаад татлаа. Тэр болгон дээр Төв банк, бусад олон улсын банкууд шалгалт хийх нь том асуудал болдог. Тиймээс компани нээх нь чөлөөтэй байх хэрэгтэй.

-100 мянган ам.долларын босго ер нь их мөнгө үү?

-Миний хувьд 100 мянган ам.доллар их мөнгө. Би 20 жил бизнес эрхлэхдээ анх 2, 3-хан мянган ам.доллараар бизнес эрхэлж байсан. Өнөөдөр залуус гадаадын иргэнтэй хамт аж ахуйн нэгж байгуулъя гэж бодоход одоо байгаа хуулиар хоёулаа ялгаагүй 100 мянган ам.доллар хийх ёстой. Таван хувьцаа эзэмшигтэй бол хувьцаа эзэмшигч бүр 100, 100 мянган ам.доллар хийх ёстой болж байгаа юм. Ингэхээр залуусын боломжийг хаачихаж байгаа юм. Уул уурхайн салбарт 100 мянган ам.доллар байршуулж болно. Банк, санхүүгийн салбарт ч байж болно. Гэхдээ үүнээс гадна олон салбар бий гэдгийг санах хэрэгтэй. Жишээлбэл, Киноны хуулиар Монголд компани байгуулаад энд зураг авалтаа хийчихээд татан буулгаад гарч явж болно. Үүнийг киноны хуулиар нээгээд өгчихсөн. IT-ийн чиглэлийн хөрөнгө оруулалт харьцангуй бага байдаг. Энэ чиглэлийн зүйлүүдээ хөгжүүлэх боломжийг залууст энэ заалтаар олгоно гэсэн үг. Хоёрдугаарт, энэ хуулиар ерөнхий нөхцөлийг олгож байгаа болохоос том хөнгөлөлт үзүүлэх гээд байгаа юм биш шүү дээ. Хөрөнгө оруулалтын хуулийн ерөнхий нөхцөлөөс гадна экспорт, хөрөнгө оруулалтын үндэсний хороог байгуулна. Ерөнхий сайд энэ хороог ахална. Ингэснээр цаашид экспортын чиглэлийн хөрөнгө оруулалтууд татах, дэмжих, хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тэр хороогоороо хэлэлцэнэ. Үүнийгээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХаар хэлэлцүүлж зөвшөөрөл авсны дараа үйл ажиллагаа явуулах боломж нээгдэнэ. Ийм байдлаар бид хүсэмжит хөрөнгө оруулалтаа татна гэсэн үг. Одоо бол хөрөнгө оруулалт оруулбал ийм байна гэсэн ерөнхий хууль. Цаашид хамгийн өндөр цалин төвлөрдөг IT-ийн хөрөнгө оруулалт ч байдаг юм уу, микрочипийн үйлдвэр барих хөрөнгө оруулалтыг татаж боломжтой.

Энэ хуулийг гацаахын тулд үндсэрхэг үзлийг их ашиглаж байна л даа. Жишээлбэл, энэ хуулиар далимдуулаад хөрөнгө оруулагч биш гадаадын иргэд манайд ихээр орж ирэх юм биш биз гэсэн болгоомжлол их байна. Энэ чиглэлээрх хяналт мэдээж бий шүү дээ, тийм үү?

 

-Тийм. Визийн асуудал дээр хэлсэнчлэн явна. Дээр нь хязгаарлалт, хяналт байнга явагдаж байдаг. Хууль хяналтын байгууллага, хүчний байгууллагуудын саналуудыг байнга авч байдаг. Мөн Үндсэн хууль болон Гадаадын иргэн харьяатын хуулиар нэг улсын иргэн нэг хувиас дээш байж болохгүй гээд заачихсан байгаа. Монгол Улс 3.5 сая хүн амтай гэхээр нэг орноос 35 мянгаас доош иргэнийг авна гэсэн үг. Түүнээс нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихвэл Монгол руу ирэх эрх нээгдэх үү гэвэл үгүй. Одоо манайх аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд 34 оронд визийн хөнгөлөлтийг өгчихсөн байгаа. Визны хөнгөлөлтөөр аялал жуулчлалаар ирэх боломжтой болохоос хөрөнгө оруулах статусаар ирэх боломжгүй. Энэ статусаар компаниа нээгээд үйл ажиллагаа явуулаад, үр шим нь санхүүгийн, нийгмийн даатгалын тайлангаар баталгаажсаны дараа тодорхой тооны хүнд виз өгнө. Гэхдээ энэ мөн л хязгаарлалттай. Нэг компаниас нэг хүнд олгох боломжтой. Ингэхдээ мөн л шалгалтын үндсэн дээр олгодог. Монгол Улсын хувьд энэхүү хууль амин чухал хуулиудын нэг. 1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын хууль болон 1996 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль харьцангуй либерал хууль болсон. Үүгээр өнөөгийн эдийн засгийн суурь болсон хөрөнгө оруулалтууд татаж чадсан байгаа юм. Гэхдээ одоо бол гацчихсан. Цаашдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өөрсдийн хүсэмжит салбар жишээлбэл сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологи, банкны салбарт хөрөнгө оруулалт татахын тулд өөр хөнгөлөлт өгөх асуудал үүснэ.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2024.01.16) үдээс хойно болж, ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Нүүрсний сонсгол”-ын тайлан зэрэг 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан Улсын Их Хурлын Ш.Адьшаа, мэдээлэлгүй, хөрөнгө мөнгөний дутагдалтай иргэдийн хувьцааг төрөөс өмнөх сонгуулиудын үеэр мөнгөжүүлж авсныг ногдол ашгаас нь суутган буцааж өгөх тухай, Улсын Их Хурлын Б.Пүрэвдорж, Нийгмийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгын дагуу тэтгэврийн хэмжээг долоон жилийн цалингийн дунджаар тогтоохоор заасныг Засгийн газар буруу хэрэгжүүлж буй тухай, Улсын Их Хурлын Ж.Бат-Эрдэнэ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг олгох тухай асуудлуудыг ярьж, эдгээрийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал хэлэв.

О.Цогтгэрэл өнгөрсөн долоо хоногт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлгээс авсан завсарлагын хугацаа дуусаж байгааг ярьж, Засгийн газар хуулийн төслийг буцааж татаад, холбогдох заалтуудыг засварлаад дахин яаралтайгаар оруулж ирэх нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тавив. Тэрбээр илтгэлдээ, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хангаж ажиллаж, хуулийн хэрэгжилтийн хүрээнд хэмнэгдэж байгаа зардал, өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг тодорхой бууруулж хэмнэлт гаргасан хэмээн дурдаад, Монгол Улсын Үндэсний аудитын газраас 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд 83.2 тэрбум төгрөг нь хэмнэгдсэн байна гэж дүгнэсэн болон “төсвийг арвилан хэмнэх, үр ашигтай зарцуулах эрх зүйн орчин бүрдсэнээр төсвийн алдагдал буурах, төрийн өмчит байгууллагуудын ашигт ажиллагаа нэмэгдэх үр дүн гарах боломжийг бий болгосон” гэснийг онцлов.

Тэрбээр, хэмнэлтийг хэрэгжүүлэхдээ төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байхаар, төрийн үйл ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхаар заасан хэдий ч нутаг дэвсгэрийн хэмжээ, алслагдсан байдал, газар нутгийн онцлог, хүн амын тархмал суурьшил зэргээс шалтгаалан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд харилцан адилгүй хүндрэл үүсч, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломж хязгаарлагдаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж буурах, хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцөл үүсээд байгаа талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас удаа дараа санал, хүсэлт ирүүлснийг онцлоод иймд орон нутаг дахь төсвийн байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар танилцуулав.

Хуулийн төсөлд, төрийн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлж чиг үүрэгтэй аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар болон төрийн аудитын байгууллага хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хүрээнд эдгээр байгууллагын автомашин ашиглах, албан ажлын онцлогийг харгалзан шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн албан хаагчийн албаны гар утасны зардлыг санхүүжүүлэх, сургалт, семинар, хурал зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр, шатахуун, дотоод албан томилолтын зардлыг хориглосон заалтыг хасах, шинжилгээ оношлогооны урвалж бодис болон бусад хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагааны урсгал зардлыг шийдвэрлэхээр тусгасан байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нийслэлээс алслагдсан гэдэгт ямар аймгууд хамрагдах, ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдэд алслагдсан, алслагдаагүйгээр ялгавартай хандах нь оновчтой эсэх, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээвэр, эрчим хүчний салбарын ажилтнуудын хуульд заасан тусгай хувцасыг Төрийн хэмнэлтийн тухай хуульд хамруулж байгаа эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн хэрэгжилтийн үр ашгийг тооцсон эсэх, Багануур, Багахангай, Налайх зэрэг алслагдсан дүүргүүд өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хамрагдаагүй үлдсэн үндэслэлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, орон нутгийн хөгжлийн сангаас өвөлжилтийн хүндрэлтэй байдлыг харгалзан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр тухайн аймаг, сумдад эрх олгох зохицуулалтыг тусгах боломжтой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, төрийн албан хаагчдын гар утасны зардлыг төлөх нь зохисгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж үүнд “Хавтгайруулахгүй” гэсэн хариулт өгсөн боловч цэрэг, цагдаа, онцгой байдал гэсэн нэрийн дор хавтгайрна гэж харж байгаагаа тэрбээр хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, цэргийн албан хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын болон гаалийн улсын байцаагчаас бусад төрийн албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглох тухай заалтад ямар байгууллагууд хамрагдаж байгаа тухай асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр сургалт, семинар, хурал зөвлөгөөнийг цахимаар явуулахыг болиулж байгаа нь буруу тухай байр сууриа илэрхийллээ. Мөн тэрбээр, шинжлэх ухааны байгууллагууд судалгааны ажилдаа автомашин ашиглах боломжийг олгох нь зүйтэй гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Кодид-19 цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлээс гарч байгаа учир орон нутгийн, тэр дундаа сумын Засаг даргын Тамгын газар, агентлагтай холбоотой хязгаарласан заалтуудыг бүгдийг нь хуулиас хасаж, төрийн болон орон нутгийн өмчит том аж ахуйн нэгжүүдийг үлдээх саналтай байгаагаа хэллээ. Орон нутагт, ялангуяа хүйтний улиралд шугам, сүлжээний гэнэтийн гэмтэл их гардгийг цаг алдалгүй засварлах боломжийг Төрийн хэмнэлтийн тухай хууль боомилсон, мөн цахим дэлгүүрт байршуулсан бараанаас сонголт хийж авах тухай зохицуулалт нь хэмнэлт бус, бүр ч үр ашиггүй байдлыг бий болгож байна гэсэн юм. Хуульд орон нутгийн хөгжлийг дэмжих бус харин ч боомилсон заалт олон байгааг тэрбээр хэлж, эдгээрийг өөрчлөн засварлах шаардлага байгааг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, хуулийн хэрэгжилтээс ямар үр дүн гарсан талаар мэдээлэл авч, цахим сургалт, зөвлөгөөнийг цуцлах үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл зардал, санхүүжилтийг шууд хасаж, танах бус төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, байгууллагууд хамтран ашиглах зэрэг зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төсвийн байнгын хорооны саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 11-нд өргөн мэдүүлсэн уг төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцуулав. Нийслэл Улаанбаатар хот 2022 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг дангаар үйлдвэрлэж байгаа бөгөөд хотын төсвийн 90.1 хувийг татварын орлогоор, 9.9 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байгаа юм. Төсөв дагасан уг санхүүгийн схемийг шинэчлэн, олон улсын жишиг хотуудын эдийн засгийн хөгжилтэй ижил түвшинд хүрэх нэг чухал алхам бол хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, томоохон төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх механизм гэж Засгийн газар үзэж буй талаар Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан илтгэлдээ дурдав. Тэрбээр, Монгол Улсын хөрөнгийн зах зээлд орон нутгийн болон ногоон бонд зэрэг нийгмийн, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хариуцлагатай хөрөнгө оруулагчид хангалтгүй байгааг онцлоод, нийслэлийн үнэт цаасыг өндөр өгөөжтэй өрийн хэрэгсэлд хөрөнгө оруулах сонирхолтой арилжааны банкууд голчлон сонирхож байгаа талаар мэдээлсэн юм. Нөгөөтэйгүүр, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах ногоон санхүүжилтийг хөгжүүлэх чиг хандлага дэлхий даяар эрчимжиж, ийм зээл, бондын хүү энгийн бондынхоос 2.0 хувиар бага байгаа талаар дурдаж, нийслэл Улаанбаатар хотоос олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжийг бүрдүүлэх зорилгоор Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан хэмээн танилцуулав. Хуулийн төслийг баталснаар урт хугацаатай, зардал багатай өрийн хэрэгслийг зах зээлд гаргах, үүний үр дүнд төсөвт ирэх ачааллыг бууруулж, нийслэл хот хөгжлийн болон томоохон төслүүдээ санхүүжүүлэх боломж бүрдэж, улмаар гадаад валютын албан нөөц, төгрөгийн ханш болон гадаадын хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлнэ гэж тэрбээр танилцуулав.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газрын баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Засгийн газраас хуулийн төслүүдийг нийслэлийн үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргах эрх зүйн орчныг бий болгох, Засгийн газраас зөвшөөрсөн тодорхой өсөл, арга хэмжээ, өмнө гаргасан үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зорилгоор гадаадын зах зээлд үнэт цаас гаргах, хөгжлийн болон томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор танилцуулгадаа онцлов.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, нийслэл хотын түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, авто замын нэвтрэх чадварыг дээшлүүлэх чиглэлээр инженерийн шугам сүлжээ дэд бүтцийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн төсөл, ТЭЗҮ байгаа эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Өрийн удирдлагын тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл, санхүүжилтийн арга замын талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл нь Төсвийн тухай хууль болон Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагуудыг хангаж байгаа эсэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргахад шаардагдах хуулийн тусгай шаардлагын нэг болох төсөл, арга хэмжээний зураг төсөв, ТЭЗҮ хийгдсэн эсэх, Төсвийн хуульд заасан Засгийн газрын баталгааны дээд хязгаарт багтаж байгаа эсэх, төсөл, арга хэмжээний төсвийн нарийвчилсан зардлын талаар асуулт асууж, хариулт авсан байна.

Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор нарын хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ш.Адьшаа, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын өр, Засгийн газрын өрийн баталгааны нийт хэмжээ, хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн агаар, хөрс, усны бохирдол, дэд бүтцийн хөгжил, замын түгжрэлийг шийдвэрлэх болон нийтийн тээврийн парк шинэчлэлтийн луйвар зэрэг олон асуудлыг хөндөж, өрийн удирдлага, санхүүгийн менежментийг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудалд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Мөн, нийслэлд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд орлого нэмэгдүүлэх арга хувилбаруудыг олж ажиллах, үр ашгийг дээшлүүлэх, нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийн бэлтгэл хангагдсан байдал, иргэдээс газрыг хэрхэн чөлөөлүүлж авах зэрэг нарийвчилсан асуудлуудаар асуулт асууж, бондоор боссон хөрөнгийн зарцуулалт, үр ашгийг ил тод, нээлттэй, сайн байлгах, санхүүгийн сахилга батыг чанд баримтлах талаар анхааруулав. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, өр тавих тухай энэ асуудлыг Улсын Их Хурлын ээлжит чуулган хаах гэж байхад оруулж ирж байгаад гайхаж байгаагаа илэрхийлээд, гадаад бондын орчин, хүүгийн нөхцөлийн талаар Засгийн газар ямар төсөөлөлтэй байгааг, үнэлгээ шинжилгээ хийлгэсэн эсэх талаар асуув. Тэрбээр, нийслэл бол санхүүгийн сахилга баттай салбар биш гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. Түүний асуултад хариулахдаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, дотоод бонд гаргахад хүү нь 17.5 хувьтай байхаар буюу үр ашиггүй гэсэн дүгнэлт гарсан тул гадаад бонд гаргахаар болсон гэсэн юм. Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд Засгийн газрын баталгааны дээд хэмжээг 3.5 их наяд төгрөг байхаар баталсан болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн дээд хязгаарын хүрээнд энэ асуудлыг авч үзсэн хэмээн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат тайлбар өгөв. Засгийн газрын баталгаа гаргуулагчид тавигдах шаардлагыг нийслэлд хангуулж ажиллана хэмээн тэрбээр амлалт өгөв.

Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газрын баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураахад чууланы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хорооноос тогтоолын төсөлд эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газраас тус Байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар явуулах үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ч.Ундрам, Д.Батлут нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ногдол ашиг тараах эсэх, тус компанийн өр төлбөрийн талаар асууж, тус тогтоолоор зохицуулагдах боломжгүй зарим асуудлыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд тусгаж шийдвэрлэх талаар саналаа хэлсэн байна.

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, иргэдэд олгосон хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцаанд ногдох ашгаас компанийн өр төлбөрийг барагдуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэхдээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1.3 их наяд, 2023 онд 3.0 их наяд төгрөгийн ашигтай ажиллахын 2.0 их наяд төгрөгийг 3.5 сая иргэндээ ногдол ашиг болгож өгвөл нэг хүнд 580 000 төгрөг ногдоно гэж одоогоос сарын өмнө Байнгын хорооны хурал дээр хэлж байсан хэмээгээд, үүнийг цалин, тэтгэвэр нэмэхтэй зэрэгцүүлэн олговол эдийн засагт доргилт өгөх магадлалтай тул цагаан сарын өмнө өгөх ёстой гэсэн шаардлага тавьж байгаагаа дурав. Тэрбээр, 2022 оны ашиг 120 000 гаруй төгрөгийг цагаан сарын өмнө, 2023 оны ашиг 450 000 гаруй төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сарын сүүлээр өгөх нь зүйтэй гэж үзэж байна гээд ногдол ашгийг дутуу олговол үлдэх хэсгийг хэн хулгайлж, луйвардаж байгаа тухай асуудлыг ярина гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа төрийн өмчит компаниуд, байгалийн баялагт хулгай, луйвар нүүрлэж, ашиг, орлогыг үр ашиггүй зарцуулж байгааг дурдаад, иргэдийн хувьцааны ногдол ашгийг олгох, хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, уул уурхайн салбар биднийг тэжээж байгаа тухай дурдаад, байгалийн баялгийн өгөөж, орлогыг үр ашиггүй, хууль бус, луйврын төслүүд рүү оруулж, хулгайлсны нэг хэсэг нь “нүүрсний хулгай” шүү гэсэн юм. Тэрбээр 1072 ширхэг хувьцаа хэзээ бодитой хувьцаа болох вэ гэсэн асуулт тавьж, компанийн өр шир ямар байгаа болон цаашид тогтвортой авч явах талаар ямар анхаарал тавьж байгааг асууж хариулт авсан юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал С.Наранцогт үүнд, компани жилдээ 1.0 их наяд орчим төгрөгийн өр барагдуулж байгаа талаар дурдаад, өнөөдрийн байдлаар 4.0 их наяд төгрөгийн өр төлбөртэй хэмээн хариулсан юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд авлага боловч бусад төрийн өмчит компаниудад өр төлбөр болсон 4.9 их наяд төгрөгийн асуудал байгааг дурдав.

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, тогтоолын төсөлд туссан энгийн хувьцааны асуудал нь уг хувьцааг захиран зарцуулах иргэдийн эрхийг агуулж байгаа эсэхийг асуугаад “нүүрсний хулгай”-д алдсан 5.2 сая тонн нүүрс, төмөр замын төслийг санхүүжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагын асуудлыг хөндөж, төрийн өмчит компанийн орлогыг нээлттэй, хяналттай захиран зарцуулах талаар саналаа хэлсэн юм. Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар “нүүрсний сонсгол”-ын шинжээчид ташаа мэдээлэл өгсөн талаар ярьсныг мөн тодруулж асуув. Үүнд Сангийн яамны Төрий нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариулахдаа, сонсголын үеэр 5.2 сая тонн нүүрс дутсан гэх мэдээлэл гарсан, харин дараа нь тулгалт хийж үзэхэд зөрүү гараагүй байж болзошгүй байгаа тул нягталж байгаа гэсэн хариултыг өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа халамжийн данс болсон, сонгуулийн дөхөхөөр халамжийн дансандаа мөнгө хийдэг болсон хэмээн шүүмжлээд, Үндэсний баялгийн сангийн хуулиар энэ алдаа завхралыг засаж залруулах асуудал яагаад орж ирэхгүй байгааг асуусан юм. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулган зарлаж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах ёстой гэсэн юм.

1072 ширхэг хувьцааны асуудал эмх замбараагүй болж, ойлгомжгүй олон асуудал хуримтлагдсаныг энэ тогтоолоор шийдвэрлэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам тодруулан тайлбарлаад, цаашид өмчийн харилцаанд орох боломжтой болж байгааг онцлов. Ногдол ашиг хуваарилах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлээд, үүнийг компанийн ТУЗ зөв зүйтэй шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн тэрбээр, нүүрсний хулгайн хохирлоо барагдуулах талаар өөрсдөө хөөцөлдөж, идэвхтэй ажиллах хэрэгтэйг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин мөн тогтоолын ач холбогдлыг онцлоод, “Эрдэнэс Тавантолгой” ХК цаашид тогтвортой, үр ашигтай ажиллахын тулд эхний ээлжинд захиргаадалтаар бий болсон өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, тогтоолын төсөл харьцангуй хожуу буюу Засгийн газарт чиглэл болгосон хугацаанаас хоцорч орж ирж буйг анхааруулаад, Улсын Их Хурлаас өгсөн чиглэлүүдээс ард иргэдэд ногдол ашиг олгох асуудлыг орхигдуулсны үндэслэлийг асууж хариулт авсан юм. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “…Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан тул Улсын Их Хурлын тогтоолоор шийдвэрлэх боломжгүй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс бэлтгэж, Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураалт явууллаа. Санал хураалтын үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, урьд өмнөх сонгуулиудын үед 1.0 сая гаруй иргэдийн хувьцааг мөнгөжүүлж, худалдан авсан, ахмад настны тэтгэвэр, сургалтын төлбөр зэрэгт суутгасныг буцаан олгох асуудлыг тогтоолтой хамтатган шийдвэрлэх санал дэвшүүлсэн юм. Гэвч энэ нь тогтоолын төсөлд тусгагдсан асуудалтай хамаарахгүй гэж үзэн хэлэлцсэнгүй. Мөн зарчмын зөрүүтэй саналын зургаа дахь “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолыг хүчингүй болгохтой холбоотой асуудал эрх зүйн үр дагавартай тул хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Зарчмын зөрүүтэй саналуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Төмөр замын тээврийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д өөрчлөлт оруулах тухай болон Төмөр замын тээврийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Иргэний нисэхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав. Хэлэлцүүлгийн үеэр тус гишүүдээс төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гарсангүй. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд Төмөр замын тээврийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д өөрчлөлт оруулах тухай болон Төмөр замын тээврийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Иргэний нисэхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулсан юм. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Байнгын хорооны хуралдааны үеэр нэг санал хураалт явуулахад, гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн Байнгын хорооны гишүүдийн саналаар хуулийн төслийн зарим зүйл, заалтаар хоёр санал хураалт явуулж, гишүүдийн 2/3 нь дэмжжээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар явуулсан тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу нэг санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэн талаар дурдсан юм.

Байнгын хорооны санал дүгнэлтээс Улсын Их Хурлын гишүүд асуулт асуусангүй. Байнгын хорооноос боловсруулсан зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн, мөн “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын гаргасан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хийлээ. Тогтоолын төсөлд, хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэх авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгах, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг үндэслэл, нөхцөл боломжийг бий болгож байгаа хуулийн хийдлийг судалж, түүнийг арилгах зохицуулалтыг боловсронгуй болгох, хавтаст хэргийг цахимжуулах, цахим суурьтай нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлах, түүнийг үнэлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах, Өмгөөллийн тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмж тусгах, хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг гардуулан өгөх зохицуулалтыг хуульд тусгах зэрэг асуудлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн боловсруулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт чиглэл болгожээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо, Эрүү шүүлтийн эсрэг хорооноос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийн тогтолцоог бүрдүүлэх асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авах тогтоолын төсөлд тусгах, мөн шинээр нэгтгэсэн хэрэгт цагдан хоригдсон хугацааг тусад нь тоолох зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгах нь давтан гэмт хэрэг байнга үйлддэг гэмт этгээдийг цагдан хорих хугацааг тоолох асуудлыг нэг мөр цэгцлэх зэрэг ач холбогдолтой талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр дуудан байцаалт авах, яллах дүгнэлтийг танилцуулах зэрэг ажиллагаа нь амьдрал дээр хүний эрхийг зөрчиж буй талаар, мөн тогтоолыг хэрэгжүүлэхэд уг асуудлыг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, тогтоолыг хэрэгжүүлэх хугацааны талаар, мөн тогтоолын дагуу төслийг боловсруулахдаа асуудалд бодитой хандаж хүний эрхийг зөрчихгүй байхад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан тогтоолын төсөлд туссан өмгөөлөгчийн эрх, үүргийг баталгаажуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан цахим суурьтай нотлох баримтыг үнэлэх асуудалд анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагын талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг олон хохирогчтой хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг боловсронгуй болгох талаар, мөн хэргийг тусгаарлах, нэгтгэх явцад үүсэж байгаа асуудлын талаар саналаа илэрхийлж, үг хэлсэн байна.

“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Мөн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар эцэслэн батлах үе шаттай нэгтгэн хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, хууль батлах болгонд араас нь тогтоол гаргадаг жишиг тогтоож болохгүй гэсэн байр суурь илэрхийлэв. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил тодорхой тайлбар өгч, баталсан хуультайгаа уялдаатай, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгаад байгаа талаар тайлбарлав. Ингээд Байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын гаргасан горимыг саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй хамт эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар хийв. Тэрбээр, хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж асууж, хариулт авсан талаар дурдаад, төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэн тул гурван саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд ороцсон гишүдийн 2/3-оос доошгүй нь дэмжсэн гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, хуулийн төсөлд татварын болон гаалийн хөнгөлөлтүүд нэлээд туссан байгааг дурдаад, аливаа байдлаар төрийн байгууллагууд авилгажих нүх сүв олгосон зүйлээс хууль тогтоогчид аль болох зайлсхийх ёстойг онцолж, үүнийг хэр зэрэг хаасан талаар асууж, хариулт авав. Манай улс журмын улс болсон байгаа талаар тэрбээр сануулаад, төсөлд мөн хэд хэдэн журмын асуудал туссаныг шүүмжилсэн юм. Ялангуяа их хэмжээний хөнгөлөлт, чөлөөлөлт олгох журмын салбарын сайд гаргаж хэрэгжүүлэх талаарх заалтуудаас зайлсхийх нь зүйтэйг тэрбээр тэмдэглэсэн юм. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс олсон орлогод ногдох албан татварыг эхний таван жилд 100 хувь, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлөх зохицуулсан заалтыг тайлбарлахдаа, өнөөгийн байдлаар Монгол Улсад органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж бараг байхгүй, байгаа цөөн хэдэн аж ахуйн нэгж тун жижигхэн байгааг тайлбарласан юм. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, энэ талаарх судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг дэмжих нь зүйтэй гэж үзэн холбогох заалтыг тусгасан талаар тэрбээр ярив.

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Байнгын хорооноос боловсруулсан зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн боловсруулах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Засгийн газраас энэ сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тогтоолын төслийн 1 дэх заалтын “үе шаттайгаар нүүлгэн байршуулах арга хэмжээ авах” гэснийг “нүүлгэн байршуулах талаарх бодлого боловсруулах” гэж өөрчлөх, мөн 2 дахь дэд заалтаас “шаардлагатай бол” гэснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлд, “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ” гэж заасан талаар дурдаад, ямар байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх, үүнтэй холбоотой зардлын тооцоо, судалгаа, албан хаагчдын шилжилт, хөдөлгөөн, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуулт асууж, хариулт авав. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тайлбар өгч, эхний ээлжинд бодлогоо боловсруулж, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн асуусан нарийвчилсан зохицуулалтыг дараа нь шийдвэрлэхээр тогтоолд тусгаж байгаа талаар дурдав. Тэрбээр, тогтоолыг хэрэгжүүлэхдээ Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлж, шат дараатайгаар, зардал хөрөнгийг жил жилийн улсын төсөвт тусгах байдлаар шийдвэрлээд явна гэв.

Тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэв.

Үүний дараа Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцэх эсэхийг нь хэлэлцсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, мөн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор хийв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн болон зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаар тэд дурдлаа.

Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, Өдөр тутмын сонины холбооноос ирүүлсэн хэвлэл захиалгын зардлыг Төрийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулж өгөхийг хүссэн хүсэлтийг уламжлаад, хэлэлцэж байгаа төсөлд туссан зохицуулалттай холбоогүй тул дараагийн ээлжинд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан Байнгын хорооноос боловсруулж бэлтгэсэн зарчмын зөрүүтэй дөрвөн санал, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан гаргасан гурван саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтад хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал, дүгнэлт болон холбогдох тогтоолын төслийг хэлэлцэв. Хянан шалгах түр хорооны тайлан болон санал, дүгнэлтийг тус Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа.

Тэрбээр, Хянан шалгах түр хороо стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордод үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иудад хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийсэн талаар дурдаад, тухайн компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 3.1 сая гаруй хуудас баримт материалыг хамруулсан хяналт шалгалтыг 72 хоногийн хугацаанд хийж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсныг дэлгэрэнгүй танилцуулав.

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн хувьд, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 51 хувийн хувьцаа эзэмшигчийн төлөөллөө үр нөлөөтэй хэрэгжүүлээгүйгээс нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон түүний хамаарал бүхий этгээд компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, зарим улс төрд нөлөө бүхий этгээд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүдийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдийн компани их хэмжээний нүүрсний гэрээ, хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулж байсан, ажлын гүйцэтгэгч, бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа холбогдох хуулийг мөрдөөгүй, нүүрс худалдан авагчийг хэрхэн сонгон шалгаруулж байсан нь тодорхойгүй, ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ, их хэмжээний хэлцэлд хамаарахгүй гэрээ, хэлцэл болон ажил гүйцэтгэгч, нүүрс худалдан авагчийн жагсаалтыг баталж ирсэн, худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим бүрэн хэрэгжээгүй гэсэн дүгнэлтийг хийжээ. Архивын сан хөмрөгийн бүрдэл, бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, бүрэн хадгалагдаагүй, баримт материалаа хүлээлцээгүй, устгасан болон цаг хугацааны хязгаарлагдмал нөхцөл байдал нь хяналт, шалгалтын цар хүрээг хязгаарлахад хүргэж байсныг тэрбээр онцолсон юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш орлого, ашгаасаа Төрийн шийдвэрээр нийт 1,196.5 тэрбум төгрөгийг нийгмийн болон төсвийн шинж чанартай асуудлыг санхүүжүүлэхэд зарцуулсан, энэ нь компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ бие даан шийдвэр гаргах боломжийг хязгаарлаж, компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, компанийн үнэ цэн, олон улсын зах зээлээс санхүүжилт босгох, сайн засаглалыг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлсөн, Цанхийн хэсгийн батлуулсан ТЭЗҮ-д тусгасан нэмүү өртөг шингээх төслүүдийн хэрэгжилт хангалтгүйгээс нүүрсний III, IV давхаргын сайн чанарын коксжих нүүрсийг сорчлон (нийт олборлосон нүүрсний 92% нь коксжих нүүрс) олборлосон нь хууль зөрчсөн хэмээн дүгнэлээ.

Мөн 2011-2023 онд нийт 944 гэрээгээр 13.3 их наяд төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулснаас хяналт шалгалтад 500 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий нийт 11.5 их наяд төгрөгийн 92 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хамруулан нягтлахад 4.8 их наяд төгрөгийн дүн бүхий 40 төсөл, арга  хэмжээний худалдан авах ажиллагаа хуульд нийцээгүй нь тогтоогдсон байна. Үүний дотор 2011-2014 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан тус компанийн архивт байхгүй байжээ. Түүнчлэн тус компани 2011-2023 оны 10 сар хүртэл хугацаанд 398 гэрээгээр 110.1 сая тонн буюу 20.2 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд борлуулалтын нийт гэрээний сарын дундаж үнийг тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй нь харьцуульж зөрүүг тооцоход алдагдсан боломжийн зардал ойролцоогоор 826.4 сая ам.доллар байна. Засгийн газраас 2010 онд хувьцааны үнэлгээг зөвлөх үйлчилгээний компанитай хамтран тогтоох үүрэг өгсөн боловч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшиж буй Тавантолгойн ордод үнэлгээ хийж компанийн хувьцааны нэрлэсэн үнийг тогтоохгүйгээр нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцсон нь алдаатай байна гэж Хянан шалгах түр хороо дүгнэжээ. Мөн Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд “Бонд гаргаж, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ” гэж заасан боловч үнэт цаасны арилжаагаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн 42.0 хувийг гэрээт олборлогчдын төлбөрийг барагдуулахад зарцуулсан байна.

Компани, төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, кокс-эрчим хүчний үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хамаарах, нэмүү өртөг шингээх найман төсөлд нийт 5,024.7 тэрбум төгрөг, Засгийн газар, ТУЗ-ийн холбогдох шийдвэрийн дагуу компанийн үндсэн үйл ажиллагаанд үл хамаарах Богдхан төмөр зам, Газрын тос дамжуулах хоолой зэрэг төсөлд 463.2 тэрбум зарцуулж, Тавантолгой түлш ХХК-д 1,069.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-д нийт 63.3 тэрбум төгрөгийн зээл тус тус олгосон байх агаад төмөр замын таван төсөлд мөнгөн хөрөнгө болон нүүрсээр нийт 4,643.3 тэрбум төгрөгийн санхүүжилт өгснөөс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл бүрэн хэрэгжиж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд Богдхан төмөр замын төсөл судалгааны ажлын түвшинд зогсжээ. Эдгээр төслийн захиалагч болох “Монголын төмөр зам” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ууд ерөнхий гүйцэтгэгч Барилга, инженерийн цэргийн удирдах газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Бодь интернэшнл” ХХК-тай шууд гэрээ байгуулсан, холболтын төмөр замын 218.0 тэрбум төгрөгийн, Тавантолгойн нүүрс ачилтын логистикийн төвийн 217.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ЕРС гэрээг магадлалаар баталгаажуулаагүй зураг төсөл, үнийн дүнд үндэслэн байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд ТЭЗҮ-ийн дүнг үндэслэн гэрээний үнийн дүнг 95.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нийт 2.3 сая тонн ачаа тээвэрлэсэн хэдий ч зүтгүүр, вагоны тоо хангалтгүйгээс төмөр замын ашигт ажиллагаа ТЭЗҮ-д заасан хэмжээнд хүрээгүй байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар нийт 488.4  мянган тонн нүүрс тээвэрлэсэн бөгөөд одоогоор зураг төслийн ажил үргэлжилж буй хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор эхний жилд 10.6 сая тонн, хоёр дахь жилд 21.1 сая тонн, гурав дахь жилд 26.4 сая тонн, 4-20 дахь жилүүдэд тус бүр 31.9 сая тонн, 21-30 дахь жилүүдэд тус бүр 50.2 сая тонн нүүрс тээвэрлэхээр байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иас нүүрс худалдан авч, экспортолсон аж ахуйн нэгжүүдэд олгосон “С” төрлийн зөвшөөрлийн бичгийн 2010-2017 оны анхан шатны бичиг баримт төрийн байгууллагуудад хадгалагдаагүйгээс хяналт шалгалт хийх боломжгүй, “С” зөвшөөрлийн бичиг олголтын үйл ажиллагаа, түүнээс төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн зарцуулалтад дээд шатны болон хөндлөнгийн аудитын байгууллагаас хяналт шалгалт хийгдээгүй, холбогдох ажлын хэсгийн дарга нар нь ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэгдэж байсныг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулгадаа дурдав.

Тэрбээр үргэлжлүүлэн, Монгол Улсын гаалийн байгууллага экспортолсон нийт нүүрсийг бүртгэхдээ тухайн худалдан авч буй талын бүртгэлтэй улсын нэрээр статистик мэдээлэлд оруулдгийг тайлбарлаад, манай улсаас БНХАУ-аас бусад улс орнууд руу экспортолж буй нүүрс нь БНХАУ-ын хилээр гарч бүртгэгдэж байгаа бөгөөд тус улсын гаалийн байгууллага хэрхэн бүртгэж байгааг тодорхойлох боломжгүй байсныг дурдсан юм. Хятадын нүүрсний экспорт, импортын статистик мэдээллийн платформ дахь Монгол Улсаас импортолсон нийт нүүрсний хэмжээг Дэлхийн банк, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллагын статистикийн нэгдсэн мэдээллийн платформ дахь мэдээлэлтэй харьцуулахад зөрүү нь 39 мянган тонн гарчээ. Мөн манай улсын 2013-2022 оны хооронд экспортолсон нийт нүүрсний биет хэмжээг, Хятадын нүүрсний экспорт, импортын статистик мэдээллийн платформ дахь Монгол Улсаас импортолсон нүүрсний тоон мэдээлэлтэй тулган шалгаж, БНХАУ-аас бусад улс орон руу экспорт хийсэн дүнг оруулж тооцоход 980.0 мянган тонн илүү, оруулаагүй тохиолдолд 6.1 сая тонн дутуу гарсан байна.

Цагаан хадны бүсэд байрлах нүүрс ачих, буулгах 36 терминалын пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон Гаалийн ерөнхий газрын CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөгдлийг MS Access программ уншуулан тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээврийн “С” зөвшөөрөл бүхий 487 хуулийн этгээдээс 246 тээвэрлэгч нь нийт 52,030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байгааг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр дүгнэлтдээ онцлов.

Өмнөговь аймгийн Ханбогд суманд гаалийн хяналтын талбай, автотээврийн зогсоол, кемпийн зориулалттай газрыг 2020-2022 онд дуудлага худалдаагаар худалдаагүй бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй байхад газар олгон дараа нь нөхөн төлүүлж, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай 34 аж ахуйн нэгжид, 42 эзэмших эрхийн гэрчилгээгээр 475.3 га газар олгосон, мөн хоёр хуулийн этгээдэд 4,100 га газрыг эрчим хүчний зориулалтаар хууль бусаар эзэмшүүлснийг тэрбээр дурдлаа. “Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр гурван удаа зохион байгуулахдаа тендер шалгаруулалтын шаардлага хангаагүй этгээдийн ерөнхий нөхцөл, санхүү болон техникийн чадавхад нийцүүлэн, тендерийн бичиг баримтад өөрчлөлт оруулан шалгаруулж, гэрээ байгуулсан нь нэг этгээдэд давуу байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байгааг дүгнэв.

Дээрх бүгдийг үндэслэн Хянан шалгах түр хорооноос “Тавантолгой” ХК-ийн талаар төрийн эзэмшлийн 51 хувийн хувьцааг орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн болон хувьцаа эзэмшигчийн төрийн өмчийн төлөөллийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан үзэж, шаардлагатай арга хэмжээг авах, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтыг төлөвлөх, сонгон шалгаруулах, тайлагнах, олон нийтэд мэдээлэх, архивын баримтыг бүрдүүлэхдээ хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж ажиллах, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг мөрдөж ажиллах, нүүрс ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны анхан шатны баримт, пүүний программын мэдээллийн сангийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангуулж ажиллах зэрэг санал гаргасан юм.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар, компанийн засаглалыг сайжруулах хүрээнд компанийн засаглалын бодлого, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоо, эрх зүйн орчныг бүрдүүлэх, Тавантолгойн ордын нөөцийн зэрэглэлийг нэмэгдүүлэн, орд ашиглалтыг зохистой төлөвлөж, сорчлон ашиглахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн төлөвлөлт, удирдлагаар хангаж ажиллах, эзэмшиж буй найман тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах газар эзэмших эрхийн гэрчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч, гэрээ байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлэх, цаашид төсвийн шинжтэй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй хөрөнгө оруулалт, төслийг санхүүжүүлэхгүй байх, бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхэд шаардлагатай төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналтыг сайжруулах, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтыг төлөвлөх, сонгон шалгаруулах, тайлагнах, олон нийтэд мэдээлэх, архивын баримтыг бүрдүүлэхдээ хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж ажиллах зэрэг саналыг дэвшүүлсэн юм. Түүнчлэн, нүүрсний салбарын статистик мэдээлэл бүх шатандаа нэршил, ангилал, тоо хэмжээ, үнийн дүнгийн бүртгэл зөрүүтэй байгаа тул хоёр улсын гаалийн байгууллагуудын мэдээллийн урсгалын солилцоог сайжруулах, бүртгэлийн нэг стандартад оруулах, холбогдох бусад төрийн байгууллагуудын мэдээллийн урсгалыг нэг болгож, хяналтыг сайжруулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэлгээг хийлгэж, хөрөнгийн биржид нээлттэй арилжаалж, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан энэ удаагийн хяналт шалгалт нь шударга ёсыг тогтоож, иргэдийн мэдэх эрхийг хангах, байгалийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн, ард түмний ахуй, амьдралыг сайжруулж, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд зориулан зүй зохистой ашиглах Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, заалтыг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх арга хэмжээ болсон гэж үзэж байгаагаа Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр онцлоод, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсан юм. Тогтоолын төсөлд,

1/ Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль зөрчиж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн асуудлыг шуурхай шалгаж, холбогдох шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээг авч, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх;

2/ Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд улс төрийн нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээд ажиллах, аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд улс төрийн нам, улс төрчид оролцохыг таслан зогсоох, хязгаарлах арга хэмжээг авах;

3/ “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээдээс цаашид төсвийн шинжтэй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй хөрөнгө оруулалт, төслийг санхүүжүүлэхгүй байх, хориглох арга хэмжээг авах;

4/ Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс аливаа хэлбэрээр оролцохыг хязгаарлах, тэдгээрийн компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, үйл ажиллагаагаа, иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

5/ “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

6/ Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан, амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тус тус хуульчилсан тул ”Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн 51 хувийн хувьцааг орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолын холбогдох заалтыг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авах;

7/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн тул ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “МТАС” түншлэлтэй 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г холбогдох хуульд заасан журмын дагуу хүчингүй болгох арга хэмжээг авах;

8/ татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу зохион байгуулаагүйгээс нүүрс олборлогч зарим хуулийн этгээд татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, татварын нөхөн ногдуулалт болон алданги, торгууль ногдуулах боломжийг алдагдуулсан албан тушаалтанд холбогдох хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэж, цаашид дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

9/ Монгол Улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэх, экспортлох, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлсэн албан тушаалтанд холбогдох хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, гааль болон хилийн хяналт шалгалтын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

10/ “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтад хийсэн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг авч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын асуудлыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх талаар тусгасан байна.

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал, дүгнэлт болон холбогдох тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Өнөрболор, М.Оюунчимэг, С.Одонтуяа, Б.Баттөмөр, Ш.Адьшаа, Н.Учрал, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүд нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хангаж, далд мэдээллийг ил болгосон, улс төрийн эр зориг гаргасан, холбогдох талуудыг тайлбар мэдүүлгээ өгөх боломжоор хангасан, үр дүнтэй арга хэмжээ болсныг тэмдэглээд, бизнес эрхлэгчдэд хэтэрхий хатуу хандсан талаар шүүмжлэлтэй хандлаа. Хүний нэр төрд халдсан тохиолдол гарсныг сануулж, цаашид үүнд онцгойлон анхаарахыг зөвлөсөн юм. Мөн хэт олон гэрчийг дуудаж, гол хүмүүст хандах анхаарлыг сарниулахад хүргэсэн сөрөг зүйл ажиглагдсаныг дурдаж, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын чиг үүргийг улс төрийн өрсөлдөгчдөө, сөрөг хүчнээ намнах хэрэгсэл болгох вий гэсэн болгоомжлолоо ч хэлсэн юм. Шинжээчдийн гаргаж тавьсан зарим тоон мэдээлэл ташаа байж болзошгүй нь зарим ноцтой үр дагаварт хүргэх вий гэдэгт болгоомжилж буйг мөн тэмдэглэв. Түүнчлэн, гаалийн бүртгэлгүй гарсан нүүрсний хэмжээг тодорхой болгох, алдагдсан боломжийн өртгийг шинжлэн тооцох, бодит хохирлын хэмжээг гаргаж ирэх, хууль бус үйл ажиллагаа, хулгай луйвар хийсэн хүмүүст хариуцлага тооцох, төрийн байгууллагуудыг хариуцлагажуулах нь зүйтэйг хөндөж, мухар төмөр замуудын бүтээн байгуулалтыг гүйцээх, архив, баримтын бүрдэл, арилжаа, мэдээллийн нэгдсэн платформд шилжих, төрийн хяналтын тогтолцоог сайжруулах, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд зохистой оролцох асуудлыг цэгцлэн шийдвэрлэх шаардлага тулгамдсан хэвээр байгааг анхаарууллаа.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын батлах санал хураалт явуулахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолыг баталснаар Хянан шалгах түр хороо татан буугдсанд тооцов гэж Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Хүрэлбаатар: Монгол Улс бол ардчилсан улс. Хааж, боож биш нээж байж улс орон хөгжинө DNN.mn

УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг та УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор уг төслийг эсэргүүцэх улстөрчид цөөнгүй байна. Тэр дундаа гадаадынханд газар нутгаа 100 жилээр өгөх эрх зүйн зохицуулалт орж ирж байна гэх юм. Энэ талаар та тодорхой тайлбар өгөхгүй юу?

-1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон 2013 онд шинэчлэгдэн батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд газрыг ашиглуулах хугацаа 60, нэмдэг нь 40 жилээр яаж туссан байсныг эхлээд хэлье. Тухайлбал, 1993 оны хуульд “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжид 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно” гэж заасан байсан. Харин 2013 оны хуулийн “12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж заасан байдаг. Мөн 1993 оны хуулинд зөвхөн ашиглах гэж байсан бол 2013 оны хуульд эзэмшүүлэх, ашиглуулах гэж байна. Харин миний өргөн барьсан хуулиар “16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;” Эзэмшүүлэх гэдгийг хассан.

-Тэгвэл таны өргөн барьсан уг хууль батлагдсанаараа ямар ач холбогдолтой вэ?

-Тус хууль батлагдсанаараа гадаадын банкууд орж ирэх боломж бүрдэнэ. Тэгвэл Монголын банкуудын монопол задарч зээлийн хүү буурч зээлийн хүртээмж нэмэгдэнэ. Дэлхийн нэртэй их сургуулиуд орж ирнэ. Тэгвэл залуучууд эх орондоо дэлхийн боловсролыг эзэмших болно. Том эмнэлгүүд орж ирнэ.

Тэгвэл гадаадад эмчилгээ, оношилгоонд зарцуулагдаж буй олон зуун сая доллар хэмнэгдэж, өвчин эмгэгтэй олон хүнд учрах санхүүгийн дарамт буурна. Арьс ширний үйлдвэрүүдэд хөрөнгө оруулагчид орж ирнэ. Ингэснээр жалгаар нэг хаягдаж, хог болж буй арьс шир борлогдож малчдын маань орлого нэмэгдэнэ. Түүхийгээр нь шахам экспортолж буй уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрүүд орж ирнэ.

Ингэснээр нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэнэ. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалтууд нь ажлын байрыг олноор бий болгож, мянга мянган монголчууд гадаадад биш эх орондоо ажиллацгаах болно. Монгол Улс хөрөнгө оруулалтыг татаж, дэмжиж, хамгаалж байж хөгжинө. Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж буй АН-ыг хараад би харамсаж байна. Уг нь би Ардчилсан намыг ардчилал, зах зээл, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож явсан юм. Монгол Улс бол ардчилсан улс. Хааж боож биш нээж байж Монгол Улс хөгжинө.

-100 мянган ам.долларын босгыг алга болгож, нэг сая төгрөгөөр л компани байгуулчихаад хөрөнгө оруулагч болох боломж бүрдлээ гэх юм. Яагаад энэ босгыг байхгүй болгосон юм бэ. Босго байхгүй болсоноороо Монгол Улсад оршин суух гадаадын иргэд их хэмжээгээр нэмэгдэнэ гэдэг нь бодитой юу?

-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд оршин суух зөвшөөрөл, визийг хэрхэн авдаг талаарх мэдээллийг товчхон өгье. Гадуур явж байгаа шиг машин авмагц виз өгдөг болно, байр авмагц виз өгдөг болно, нэг сая төгрөгтэй бол виз өгдөг болно зэрэг нь бүгдээрээ мушгин гуйвуулалт, тархи угаалт, айлгах тактик, гүтгэлэг гэдгийг баттай хэлье. Яг бодитоор бизнесийн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг нь гурван жилийн хугацаанд төлсөн татвар, НДШ зэргийг нь хардаг л юм байна. Гадаадын иргэн харьяатын газраас гадаадын хөрөнгө оруулагчдад виз, оршин суух зөвшөөрлийг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Виз олгох журам”, 2021 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ”Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”ыг тус тус үндэслэж олгодог. Тэгэхээр энэ бол ор үндэсгүй гүтгэлэг. Нөгөөтэйгүүр энэхүү босгыг байхгүй болгосноороо гадаадын хөрөнгө оруулагч Монголд орж ирэх үүд хаалгыг нээж өгч байгаа явдал.

-Намрын чуулган хаах гэж байна. Тэр утгаараа тус чуулганаар хэлэлцэгдсэн гол хуулиуд юу байна. Мөн та энэ намрын чуулганыг дүгнэж хэлбэл…?

-Хэд хэдэн онцлох зүйлтэй чуулган боллоо. Юуны өмнө улс орны төсвийн асуудлыг шийддэг, төсвийн бодлогыг УИХ хэлэлцэж баталлаа. Мөн хамгийн том асуудал болох сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэдгээ тодорхой болголоо. Тэр утгаараа энэхүү намрын чуулган асар том өөрчлөлтүүдийг шийдэж чадсан онцгой чуулган болсон гэж хэлмээр байна. Миний хувьд улс орны хөгжлийг хурдасгахын тулд ямар шийдэл хэрэгтэй вэ гэдгийг маш их бодсон. Ингэж бодсоны үндсэн дээр бүсчилсэн тойргоор сонгууль явуулах асуудлыг гарган ирсэн. Монгол Улсын хувьд өөрөө тийм ч баян улс биш. Тиймээс байгаа санхүүгийн боломж, хүн хүчний нөөцийг гол гол асуудал дээрээ төвлөрүүлж явах боломжийг энэхүү тогтолцоо нээж өгнө гэж ойлгож байгаа. Үүнийг УИХ-ын тогтоол болгон гар гуул сандаа тодорхой хэмжээнд талархалтай явдаг.

-Монгол Улсын төсөв ашигтай гарлаа гэдгийг Засгийн газраас зарлаж байна. Тэгвэл төсөв мөнгө ашигтай гарсных нь үр өгөөж, ач холбогдол иргэдийн амьдралд бодитоор яаж нөлөөлөх вэ?

-2018 оноос өнөөг хүртэл төсөв дандаа алдагдалтай гарч явсан нь үнэн. Харин энэ жил төсөв ашигтай гарлаа. Тэгэхээр ашиг нь дотроо хуримтлагдаад үлдчихвэл өмнөх төсвийн алдагдлуудаа нөхсөн байгаасай л гэж бодож байна. Хоёрдугаарт, төсөв ашигтай гарсан гэдэг нь эдийн засгийн төлөв байдал бидний тооцоолж байснаас илүү сайн гарсаныг л хэлээд байгаа юм шүү дээ. Монгол Улсын эдийн засаг 6-7 орчим өсөлттэй гарчих болов уу гэж бодсон. Экспортын хэмжээ бол түүхэн өндөр амжилтад хүрсэн. Энэ утгаараа хэлбэл бүс нутагтаа эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлтүүд байна.

Гэхдээ эдийн засгийн гол өсөлт бол уул уурхайн салбар байх, тийм үү?

-Мэдээж хэрэг эдийн засгийн гол өсөлт уул уурхай болон тээврийн салбарт гарч ирсэн. Харин бусад салбарт буюу тухайлбал хөдөө аж ахуйн салбарын эдийн засаг уналттай явж байна. Бүхэл бүтэн 800 мянган хүний амьдрал ахуйг шийддэг салбарт эдийн засаг найман хувиар унасан. Тэгэхээр салбараа дагаад эдийн засгийн өсөлт айл өрх бүрд янз бүрээр нөлөөлнө гэж ойлгох хэрэгтэй. Дунджаар аваад үзвэл Монгол Улсын өрхийн эдийн засгийн үзүүлэлт долоон улирлын турш тасралтгүй уруудаж байсан бол одоо буцаад өсч эхэлсэн. Тэгэхээр эдийн засгийн өсөлт гарлаа л бол тэр дороо айл өрхийн хаалгаар орно гэж байхгүй. Мэдээж үр нөлөө нь сайжирна. Тэр хүртлээ тодорхой цаг хугацаа шаардлагатай.

-Та хэллээ, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үзүүлэлт найман хувиар буурсан гэж. Энэ юунаас болов. Салбарын бодлого алдагдсаных уу?

-Энэ салбар олон жил урсгалаараа явж ирсэн. Гэтэл уг салбар маань өөрөө ингэж урсгалаараа явдаг салбар биш шүү. Арай шинэлэг, арай илүү зөв бодлого, зөв хандлага л хэрэгтэй. Ийм хандлага орж ирээсэй гэж хүсдэг салбарын нэг бол хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйн салбар бол уул уурхайн салбараас дутахааргүйгээр эдийн засагт нөлөөлөх голлох салбар шүү дээ. Тиймээс бид хүссэн хүсээгүй энэ салбараа л босгож ирэх хэрэгтэй байна.

-Сонгууль дөхсөн байна. Улс төр айхавтар явагдаж харагдах юм. Тэр утгаараа зарим улстөрчид, эдийн засагчид төсөв ашигтай гарч, эдийн засаг өслөө гэдэг бол эрх баригч намын сонгуулийн шоу. Бодит байдал дээр өсч байгаа зүйл огт байхгүй гэдгийг хэлж байна. Та үүнийг ямар байдлаар хүлээн авч байна?

-Төсөв өөрөө ил тод, шилэн байгаа. Яах аргагүй орж ирсэн орлого нь гарч байгаа зарлагаасаа илүү байна. Энэ бол төсвийнхөө гүйцэтгэлээр ил тод гараад ирэх зүйл. Төсөв ашигтай гарсан гээд худлаа яриад явах зүйл ер нь байхгүй. Бид ямар тоог худлаа зохиогоод тавилтай биш дээ. Энэ бол хуулийн хариуцлагатай болчихсон асуудал. Мэдээж улс төр хийж байгаа хүмүүс олон л байна. Гэхдээ сонгууль дөхсөн эсэхээс үл хамаараад Монгол Улсын төсвийн бодит мэдээллийг бид гаргаж танилцуулж байгаа нь л энэ шүү дээ.

-Төсөв ашигтай гарна гэдэг бол эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаагийн шинж гэж та хэллээ. Тэр утгаараа валютын нөөц нэг үеэ бодоход хэвийн түвшинд очтол нэмэгдлээ. Гэтэл өнөөдөр ам.долларын ханш яагаад сулрахгүй байна вэ?

-Миний хувьд жил гаруйн өмнө Эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдсон. Яг тэр үеийн байдлыг хоёулаа эргээд нэг саная. Монгол Улсын валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар байсан. Тэр үед ОУВС-гийн суурин төлөөлөгч надтай орж ирж уулзсан. Тэрбээр “өнөөдөр 2.4 байгаа чинь оны төгсгөл гэхэд 1.4 болж буурна шүү. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөрт орох ёстой. Өөрөөр танай улсад ямар ч гарц байхгүй” гэдэг зүйлийг хэлсэн. Энэ үед төгрөгийн ханш өдөр болгон 6-9 төгрөгөөр унаж байлаа. Нэг ам.доллар 3560 төгрөг. Тэгсэн атлаа ам.доллар олддоггүй байлаа шүү дээ. Харин одоо бол ам.доллар 3410 байна уу даа. Тэгэхээр жил гаруйхны өмнөөс одоо бол төгрөг чангарсан гэсэн үг. Мөн сая төгрөгийн хязгаартайгаар гүйлгээ хийдэг байсан нь одоо больсон. Монгол Улсын валютын нөөц өнөөдөр таван тэрбум ам.долларт хүрсэн нь эдийн засаг харьцангуй тогтвортой байна гэсэн үг. Тэр чинээгээрээ төгрөг чангарна. Цаашид яахыг би хэлж мэдэхгүй. Ямартай ч энэ ондоо улс төрийн янз бүрийн тооцоолоогүй зүйл болчихгүй л бол Монгол Улсын экспорт, эдийн засаг сайн хэвээрээ байна гэж харж байгаа. Төгрөг цаашдаа чангарна.

-Яагаад чангарна гэж. Та арай дэндүү өөдрөг төсөөлөлтэй байгаа юм биш үү?

-Учир нь энэ онд болон ирэх онуудад ямар нэгэн томоохон бондын төлбөр гэж байхгүй. Сая бид маш олон бондын төлбөрийн ард гарч чадлаа. Бондын төлбөр байхгүйгээс гадна Эрдэнэс Тавантолгой дээр хийгдсэн оффтейк гэрээнүүдийн ихэнх нь энэ 2024 ондоо багтан дуусна. Ингээд бодохоор 2024, 2025 онуудад нэг цээж дүүрэн амьсгаа авч болох нөхцөл бүрдсэн гэж ойлгох хэрэгтэй. Үндсэндээ бид хамгийн амаргүй жилүүдийг ийнхүү маш сайн амжилттай дуусгаж байна.

-Тэгэхээр сонгуулийн дараа байгуулагдах парламент, Засгийн газрын хувьд эдийн засгийн боломжтой нөхцөлийг хүлээн авна гэсэн үг үү?

-Мэдээж тийм. Бидний хувьд чанга, сайн үзүүлэлттэй эдийн засгийг хүлээлгэн өгнө гэсэн үг. Төрийн сандаа үлдэгдэл ихээхэн хэмжээний мөнгөтэй. Валютын нөөцтэй, инфляци нэг оронтой тоо дээр тогтлоо. Хүзүүнд тулчихсан гадаад төлбөр тооцоо гэж алга. Ийм л эдийн засгийг бид хүлээлгэн өгөх гэж байна.

-Эдийн засгийн хувьд амьсгаа авах боломж гарч ирлээ гэлээ. Тэгвэл энэхүү сайн үзүүлэлтээ улам сайжруулах, цаашлаад жил бүр төсвөө ашигтай гаргах боломж бий юу. Нөгөөтэйгүүр амьсгаа авах болсон дээрээ томоохон үйлдвэрүүдээ барих ажилдаа орохгүй юм уу?

-Үйлдвэрүүдийг хувийн хэвшил барина. Төрийн хувьд үйлдвэр барина гэдэг бол бараг л худлаа зүйл. Тэгэхээр үүнийг хувийн хэвшлүүд манлайлан хийж таарна. Хувийн хэвшлүүд үйлдвэр барихын тулд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардагдана. Харин хөрөнгө оруулалтыг нь оруулж ирэхэд нөлөөлөх хамгийн чухал эрх зүйн өөрчлөлт бол одоо хэлэлцэгдэж байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль шүү дээ. Уг хуулиа батлаад залгаад хөрөнгө оруулагчид орж ирээд хувийн хэвшлүүд үйлдвэрүүд бариасай, бүтээгээсэй л гэж хүсч байна. Хэзээ хүртэл бид танкны үлгэрт итгээд үйлдвэрлэлээ, бизнесийн салбар бүрээ хөгжүүлэхгүй явах ёстой юм бэ. Одоо үүнд цэг тавих хэрэгтэй. Монгол Улс хөгжих болсон.

-Үйлдвэрлэгч орон болох чиглэл рүүгээ бид явах ёстой. 100 гаруй жилийн түүхтэй МАН-ын хувьд Монгол Улсыг үйлдвэрлэгч орон болгох цаг хугацаа хэдийнээ болчихсон юм биш үү. Гэтэл бид одоо ч эрчим хүч, шатахууны хараат байдлаасаа салаагүй л байна шүү дээ…?

-Эрчим хүчний хамгийн чухал шийдэл бол тус салбарыг либералчлах. Энэ либералчлах бодлогыг л бид хийх ёстой байсан. Миний хувьд сайд болсон цагаасаа эхлээд эрчим хүчнийхээ либералчлалыг хурдтай хийгээч гэдэг шаардлагыг байнга тавьж байгаа. Гэтэл бид энэ салбарт урагшаа биш хойшоо алхчихсан нь үнэн л дээ. Үнэхээр харамсалтай. Нэг жишээ бий. МИАТ-ийг либералчлах асуудлыг ярьдаг байсан. Гэтэл үүнийг маш олон хүн эсэргүүцдэг байлаа. Иргэний агаарын тээврийг либералчилж болохгүй. Тэгвэл МИАТ дампуурна гэж эсэргүүцдэг байсан. 2016 оны үед Солонгос Монголын хооронд 17 нислэг үйлддэг байв. Одоо хоёр улсын хооронд долоо хоногт 80 нислэг үйлдэж байна. Тийзийн үнэ нь хямдарсан. Нислэгийн тоо нэмэгдсэн. Тэгэхээр аливаа салбарыг либералчлах нь ийм сайн үр дүнг бий болгож чаддаг. Тэгвэл үүнтэй адил бид эрчим хүчний салбараа либералчлах шаардлагатай. Нөгөө дампуурна гэж айлгаад байсан МИАТ-ийн ашиг өнөөдөр 70 гаруй тэрбум төгрөгт хүрсэн болов уу гэж бодож байна. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр өрсөлдөөнөөс монголчууд айх хэрэггүй гэдгийг л тодорхой илтгэж байгаа юм. Өрсөлдөөн байгаа газарт л хөгжил явагддаг.

-Бодлогын хувьд ийм байж. Яг энэ онд ашиглалтад орох эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд юу байна вэ?

-Бөөрөлжүүт, Багануурын цахилгаан станцуудын ажил үргэлжлээд явах ёстой. Харин үүнээс Багануурын цахилгаан станцыг баахан жагсаал цуглаан хийдэг нөхөд очиж жагсаж байгаад л ажлыг нь зогсоочихсон. Ер нь манай иргэд энэ худлаа үнэн лоозогнож жагсдаг бүлэг хүмүүсийн цаана ямар зорилго явж байгааг ойлгох цаг нь болсон. Юутай ч энэ ондоо багтаад дээрх хоёр цахилгаан станц ашиглалтад орчих болов уу гэж бодож байна. Харин Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын зээлийн гэрээ хийгдээгүй байгаа. Үүнийг зарим хүмүүс хийгдсэн мэтээр их ярьсан. Энэ гэрээ хийгдээгүй байгаа шүү. Гэхдээ тус гэрээг тун ойрын үед хийгдэнэ. Хэрэв тэгвэл Эрдэнэбүрэнгийн УСЦын ажил эхэлнэ. Эгийн голын хувьд Байгал нуурт нөлөөлөх экологийн үнэлгээг гаргасны дараа ярих асуудал. Эхлээд энэхүү үнэлгээ, дүгнэлт нь гарах ёстой.

Таны хувьд ирэх сонгуулиар тойрогт нэр дэвших үү?

-Тэгнэ. Миний хувьд анх 2008 онд УИХ-д нэр дэвшиж байхдаа Увсын ард түмэнд “Би тойрог солихгүй” гэдгээ хэлж байсан. Увс нутгаасаа л сонгогдоно. Тухайн үед би “Увсын ард түмэн намайг дэмжихгүй бол би улс төрөөс эргэлт буцалтгүй гарна” гэдгээ хэлж байсан. Дараа нь 2012 онд намын жагсаалтаар гарч ирэх боломж бүрдсэн. Гэхдээ тэр үед жагсаалтад орохгүй гэдгээ хэлээд л тойрогтоо үзсэн. Энэ зарчмаараа цаашдаа ч тууштай явна гэж бодож байгаа. Миний өөрийн хүсэл, зарчим бол энэ. Гэхдээ шийдвэрийг нам гаргана байх. Тэр дундаа намын бага хурлаас гаргах болов уу.

Categories
мэдээ нийгэм

“Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна DNN.mn

“Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаа “Шинэ зуун айл” төвөөс бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Тус үзэсгэлэнд нийт 1500 орчим жижиг дунд аж ахуйн эрхлэгч болон хөдөө орон нутгийн малчид оролцож байна. Нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс явж эхлэх бөгөөд шинэ чиглэлд нийт 50 автобус явахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн сургалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л. Цолмонтуяа хэллээ. Баян Өлгий, Төв аймаг, Говь-Сүмбэр аймгаас бусад аймгууд оролцох хүсэлтээ гаргасан байна. Хоёр блок нь бэлэг дурсгал, хоёр блок нь хүнс ааруул сүү, зэргээр хуваарилсан байна.
“Титэм leather bag” арьсан цүнхний үйлдвэр хувиараа бизнес эрхлэгч Э. Хангал: Манайд бүх төрлийн арьсан цүнхнүүд аялал болон спорт ажил хэрэг өдөр тутамд зэргээр дөч гаран нэр төрлөөр гардаг. Цүнхний загвараа захиалгаар өгөөд өөрийн хүссэн загвараар хийлгэх боломжтой. Үнийн хувьд цэвэр арьсан цүнхнүүд загвар бүрээсээ шалтгаалаад янз бүр байна гэв.

“Энх эрхэст” тавилгын үйлдвэр нь Гурван үйлдвэр хамтран сар шинийн баярт зориулан тавгийн идээ, авдар, гүнгэрваа, гэр хийдэг байна. Гурван үйлдвэр хамтран сар шинийн баярт зориулан гаргажээ.
Ажилтан Б.Насанжаргал: Сар шинийн баярт тус үзэсгэлэнд жил бүр оролцож байна. Ууцны таваг идээний таваг хосоороо 110 мянгаас 280 мянгын хооронд байна.Хийц загвараас хамаараад гар хийцийн таваг нь наамал, найман тахил, арван хоёр жилтэй зэргээр цулгуй түмэн настай зэргээр гарч байна. Буян хишгийн авдар даллагын авдар нь жижиг 60,000 төгрөг, дунд хэмжээтэй нь 90,000 төгрөг, том авдар 580,000 гэх зэргийн үнэтэй байна гэлээ. Жижиг дунд үйлдвэрийг дэмжиж байгаад баяртай байна. Мөн үхрийн арьс, шир, элдээд 200*180 хэмжээтэй гар аргаар арьс шир элдэж гаргадаг байгаа. Үзэсгэлэн нээгдээд хоёр хонож байна. Хүмүүс сонирхож судлаад л явж байна гэлээ.

Нүүдэлчин сэрэхүй брэнд нь цэцэрлэг болон сургуулийн хүүхдэд зориулан тоглоом наадгай үндэсний өв соёл шингэсэн арьсан эдлэл үйлдвэрлэдэг байна. Дээл хувцас гар урлалын бүх зүйлийг өөрсдөө урладаг. Манай ард түмэн өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд их анхаардаг болсон. Цэцэрлэгийн анги болгонд нэг нэг оюуны наадгайтай болбол хүүхдүүдэд их хэрэгтэй гэж бодож явдаг гэж тус брэндийн ажилтан Ц.Түмэнбаяр хэллээ.

Монгол Кажуг Брэнд- 2007 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа салбартаа тэргүүлэгч компанийн нэг юм. Зуун хувийн боловсруулалттай үхрийн цэвэр ширээр хийсэн бэлгийн хайрцаг савтай бат бөх чанартай бүс,тэлээг үйлдвэрлэдэг байна.Эмэгтэй бүс үнэ 30000-35000 төгрөг, өлзий хээний билэгдэлтэй эрэгтэй бүс 35000-45000 төгрөгийн үнэтэй байна.