Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Батцогт: Асуудал нь стандартад биш, эрх баригчид хот гэдгийг ойлгоогүйд байгаа юм DNN.mn

Нийслэлийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой ярилцлаа.


-Та АН-ын Нийслэлийн намын даргаар томилогдсоноос хойш сар гаруй ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна. Улаанбаатарт Монголын хүн амын тал хувь нь байна. Улсын эдийн засгийн 70 хувийг эзэлж байгаа учраас Улаанбаатар хотын чиглэлээрх улс төрийн шийдлүүд сонирхолтой санагдаж байна?

-Би өмнө нь Баянзүрх дүүргийн АН-ын даргын албыг хашиж байсан. НИТХ-д хоёр удаа сонгогдсон. Нийслэлийн АН-ын дэд даргаар ажиллаж байсан. Энэ мэтээр нийслэлийн ажлыг хийж байсан. Тиймээс мэдээж намын бодлогод төвлөрч ажиллаж байна. Ямар төлөвлөгөө бодлого, түүнийг бодит болгоход чиглэсэн ямар мөрийн хөтөлбөртэй байх, ямар зохион байгуулалт хийх гэхчилэнгээр. АН 2012-2016 онд анх нийслэлд засагласнаас хойш МАН найман жил тасралтгүй засаглахдаа ямар түвшинд, ямар нөхцөл байдалд хүргэв. Нийслэлийн өнөөдрийн нөхцөл байдал хүнд байна шүү дээ.

Намууд хоорондоо бодлогоор өрсөлдөх ёстой. Түүнээс мөнгөөр ч юм уу, эсвэл эрх мэдэл, албан тушаал, бусад хүчин зүйлээр биш. Бодлого бол улстөрчдийн худлаа сайхан амлалт биш. Судлаачид, инженерүүд, мэргэжлийн мэргэшсэн хүмүүсийн судалгаа тооцоо дээр тулгуурлаж менежмент хийх ёстой.

Өнөөдрийн хотын дарга инженер биш, хуулийн чиглэлийн хүн гэж ойлгосон. Тэр хүн инженерүүдийн өмнүүр орж автозамын түгжрэлийн тухай асуудлыг ярих эрхгүй. Өөрөөр хэлбэл, тэр хүн хуульч болохоос судлаач, автозамын инженер биш. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд Автозамын удирдлагын төв дээр очиж инженерүүдийнхээ үгийг сонсох ёстой. Тэд тооцоо судалгаануудаа хийгээд өглөөний ачаалал хаанаас эхэлж байна. Хүн хамгийн их төвлөрч байгаа автобусны буудал хаана нь байна. Аль хэсэг нь төвийн аль хэсэгт хамгийн их ачаалал үүсгэж байна гэдгийг инженерүүд тооцоолж гаргадаг. Түүнээс ГХЯ-ны явган хүний замыг хаа гэж хэлэх эрх Хотын даргад байдаггүй.

Нийслэлийн АН Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудал болгон дээр бодлогын зөвлөл байгуулсан. Нийт 16 бодлогын зөвлөл гарсан. Жишээлбэл, түгжрэлийн асуудал хариуцсан бодлогын зөвлөл яг энэ чиглэлээр сургуулийг нь төгссөн, олон жил судалгаа хийсэн, ажилласан хүмүүсээс бүрдэж байгаа. Ингээд яг энэ чиглэлээрх судалгаа, бодлогын шийдлүүдийг гаргаж байна. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлуудыг шийдэх энгийн хэрнээ олон шийдэл байна. Мэдээж бид метротой болох ёстой. Гэхдээ маргааш, нөгөөдөр яах вэ гэдэг өнөөдөр чухал байна. Гэтэл эрх баригчид маргааш өглөө босоод метротой болчих юм шиг төлөвлөөд, яриад байна. Бүх асуудалд ингэж хуумгай хандаж байна. Түүнчлэн утааны асуудлаарх бодлогын зөвлөл бий. Утааны асуудлыг судалдаг эрдэмтэн, судлаачид судалгаа, тооцооллыг боловсруулж байна. Тухайлбал, гэр хорооллын асуудлыг ахалж ажиллаж байгаа Нийслэлийн намын хорооны гишүүн Түмэнбаяр утаагүй шийдэл хэлэлцүүлгийг уржигдар өрнүүллээ. Уг хэлэлцүүлэгт олон эрдэмтэн ирсэн. Улаанбаатар хотын 200 янданг шийдэх олон шийдлийг тэр үеэр хэлж байна лээ. Энэ мэтээр АН бодлогоороо өрсөлдье гэж уриалж манлайлж байгаа.

Ер нь хотыг инженерүүд удирдана. Түүнээс захиргаадах аргаар удирдахгүй. Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлууд, Хотын даргын гаргаж байгаа шийдвэрүүдийг харахад хэт хүч хэрэглэж шийдэж байна. ХЗДХ-ийн сайдынхаа сэтгэхүйгээс бууж ирээгүй байна. Хот гэдэг 50 хувь нь менежмент хийх аж ахуйн ажил байдаг. 50 хувь төрийн захиргаа үйлчилгээний ажил бий. Эрх баригчид хэтэрхий захиргааны аргаар ажиллаж байна. Тэдний шийдэл болохгүй, зогсооно, хорино, нураана, буулгана.

-Бүсчилж хөгжүүлснээр улс орны асуудлыг шийдэхэд түлхэц болно гэж зарим хүрээнд харж байх шиг байна. Та бүсчилсэн хөгжлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Бүсчилж хөгжүүлэхгүй бол эдийн засгийн бодлого алдагдаж байна. Улаанбаатар руу төвлөрөл үүсээд байна. Гол нь тухайн бүс нутагт хүн амьдрахад хамгийн таатай орчин байх ёстой. Ингэхийн тулд яах ёстой вэ гэдэг бодлогоо зөв гаргах хэрэгтэй. Долоон бүсийг бүгдийг нь мал аж ахуй, газар тариалангийн бүс болгож болохгүй. Бүсчилж хуваахын тулд эдийн засгийн онцлогуудыг нь гаргах ёстой. Түүнээс 2024 оны сонгуульд ялахын тулд ингэж хуваавал болох юм байна гэдэг бүсчлэл биш. Тэр бол луйвар.

-Гэхдээ бүсчилсэн хөгжил нь өнөөдөр Улаанбаатар хотын толгойны өвчин болчихоод байгаа түгжрэл бөөгнөрлийг бууруулах том гарц юм биш үү?

-Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд нийтээрээ хамгийн их хүн төвлөрүүлэх дээр анхаарлаа хандуулдаг. Тэгж эдийн засгийн хувьд төвлөрлийг бий болгодог. Гол нь тооцооллуудаа зөв хийж, оновчтой бодлоготой байх ёстой.

Бусад улс оронд би хэрвээ хотын дарга байсан бол орон нутгаас ирж байгаа хүмүүсийг авах ёстой. Учир нь миний удирдаж байгаа хотын сургууль цэцэрлэг, эрүүл мэнд, соёл харилцаа, хөгжил бүгд таатай учраас хүн ам бөөгнөрч байна. Хүн амьдрахад таатай байна шүү дээ. Хамгийн гол нь хотын дарга нар ийм таатай орчныг бий болгож, хотын хүн ам татахын төлөө зүтгэх ёстой. Манайд харин эсрэгээрээ.

-Асуудал нь юундаа байна вэ. Бодлогын гарц шийдэл нь юу вэ. Стандарт уу?

-Улаанбаатар хот анх удаа Хотын стандарт гэдэг шинэ алба нээсэн. Үүнийгээ дагаад хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх 10 гаруй төрлийн стандарт бий. Явган хүний болон автомашины зам ямар стандарттай байх ёстой вэ гэдгийг бүгдийг нь стандартжуулчихсан. Гэхдээ менежментээ хийж чадахгүй байгаа юм.

Хотын асуудал нь стандартад биш, өнөөдрийн эрх баригчид хот гэдгийг ойлгоогүйд байгаа юм. Нийслэл, хот хоёр тусдаа зүйл. Монгол Улсын Үндсэн хууль дээр ч байгаа. Хот гэдэг нь нийтийн аж ахуй чиглэл рүүгээ байх ёстой. Өөрөөр хэлбэл, автозамын түгжрэл, хог, гэрэлтүүлэг, явган болон автозам, камержуулалт, ногоон байгууламж, тоглоомын талбай зэрэг нийтийн аж ахуй.

Нийслэлийн засаг дарга, Хотын захирагч хоёр тусдаа ойлголт. Нийслэлийн засаг дарга илүү захиргааны чиглэлтэй. Тодруулбал, хурал тогтоол шийдвэр, төрийн үйлчилгээ чиглэл рүүгээ, Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх.

Харин хотын дарга нь аж ахуйн ажил. Үүнийг ойлгоогүй. Одоогийн бүтэц нь Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Хотын захирагч гэж явж байгаа. Хотын захирагч гэдэг бол олон улсын жишгээр ард түмнээсээ сонгогддог хүнийг хэлдэг. Хотын иргэдийн саналыг авч сонгогддог. “Би таныг ийм сайхан аюулгүй хотод амьдруулна. Тэгэхийн тулд замыг түгжрэлгүй байлгана. Гэрэлтүүлэгтэй, ногоон байгууламж, явган хүний замтай, үерт автахгүй. Дэлбэрэлтэд өртөхгүй. Таныг айх аюулгүй байлгана” гэдэг Хотын захирагчийн ажил. Тиймээс иргэдээс санал авч сонгогдож байгаа юм. Х.Нямбаатарыг, Д.Сумъяабазарыг хэнийг нь ч хотын иргэд сонгоогүй. Тиймээс тэд өөрсдийгөө сонгосон хүний төлөө ажиллаж байна.

МАН-ынхан үүнийгээ өнөөдрийг хүртэл ойлгоогүй байна. Эсрэгээрээ хот нийтийн аж ахуй дээрээ Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба гэдэг доод шатны бүтцийг бий болгочихсон. Хотыг авч явахад энэ хүний төсөв, эрх мэдэл нь хүрэхгүй. Адил статустай байх ёстой. Сонгогддог хүн байх ёстой. Нэг нь захиргаа, нөгөөх нь төрийн үйлчилгээний ажил байх учиртай. Энэ байхгүй учраас доголдоод, орхигдчихсон байгаа юм. Эрх баригч хот гэдгийг өнөөдрийг хүртэл ойлгохгүйн гайг бүгд хүртэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЕБС-ийн сурагчдын хичээл даваа гаригт эхэлнэ DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхэлсэн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөр дуусгавар болж байна. БШУЯ-наас сурагчдын хичээл эхлэх хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй.

Бүх ангийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 29-ний буюу ирэх долоо хоногийн даваа гаригт эхэлнэ.

Харин гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс долоо хоног үргэлжлэх хуваарьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Жолооч Н.Рэнцэндоржийг хорьж, Э.Мөнхнаранг гадуур шалгаж байгаа бололтой DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны урд зам дээр хий тээвэрлэж явсан машин дэлбэрсэн осол энэ сарын 24-нд гарсан. Энэ осолтой холбоотойгоор “Дашваанжил” ХХК-иас өчигдөр олон нийтэд хандаж мэдээлэл өгөв.

Мэдээллийн эхэнд компанийн зүгээс амиа алдсан аврагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлэв. Үргэлжлүүлэн тус компанийн захирал Н.Баатаржав “Манай компанийн жолооч Н.Рэнцэндорж 1984 оноос эхэлж том тэрэг, хүнд машин механизм барьсан. “Онц тээвэрчин” тэмдэгтэй. Архи, тамхи хэрэглэдэггүй 2019 оноос хойш манай компанид ажиллаж байгаа сайн жолооч. Уг осолтой холбоотойгоор хүмүүсийн зовлон дээр дөрөөлж элдэв худал мэдээлэл тарааж байгаа тул иргэд мэдээлэлд шүүлтүүртэй хандаасай гэж хүсч байна. Манай компанийн хувьд Монголдоо анх удаа олон улсын жишигт нийцсэн хийн хангамжийн сүлжээг байгуулж 21 аймаг 30 гаруй суманд хий хадгалах байгууламжийг байгуулсан. Одоогоор манай компанийн 20 гаруй тээврийн хэрэгсэл орон нутаг болон нийслэлд үйл ажиллагаа явуулж тээвэрлэлт хийж байгаа.Хэдий амжилттай үйл ажиллагаа явуулж байсан ч уг осол бидэнд том цочрол өглөө. Маш их харамсаж байна. Бид Монгол Улс болон олон улсын стандартын шаардлага хангасан хамгийн сайн тээврийн хэрэгслийг худалдан авч ашигладаг. Манай компанийн жолооч 2019 онд Шадар сайдын баталсан аюултай ачаа тээвэрлэх маршрутын дагуу стандартын шаардлага хангасан машинаар тээвэрлэлт хийж байсан. Хот дотор тээвэр хийхэд зөвшөөрөл авдаг. Ингэхдээ хуулийн дагуу буюу тодорхой заасан чиглэл, маршрутын дагуу тээвэрлэлт хийдэг. Харин шөнийн цагаар тээвэр хийхдээ дүрмийн дагуу аюултай тээвэрлэлтийг заавал 22:00 цагаас хойш хийх ёстой гэдэг. Үүний дагуу шөнийн цагаар тээвэрлэлт хийж байсан. Мөн осолдсон машин 15.7 тонн хий тээвэрлэж явсан. Жолоочийн хувьд аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөлтэй, бүх стандарт бичиг баримттай байсан. Бид аюулгүй байдлаа сар бүр хянаж, зөвшөөрөл авч тээвэрлэлт хийдэг.

Мөн жолооч нарын дунд хяналт шалгалтын ажиллагааг тогтмол явуулдаг. Хий тархсан тохиолдолд ямар нэг газраас оч үсэрч байж гал гарна гэсэн үг. Галын шалтгаан нөхцөлийг тогтоох шалгалтын ажиллагаа яг одоо явж байгаа тул ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Мөн энэ үеэр тус байгууллагын удирдлагууд болсон асуудалтай холбоотойгоор иргэдээс уучлал хүсч, амь эрсэдсэн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлэв.

Уг осолтой холбогдуулж хоёр хүнийг 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон талаар хуулийн байгууллага мэдээлсэн. Тодруулбал, хий тээвэрлэж явсан машины жолооч Н.Рэнцэндорж болон уг машинтай шүргэлцсэн “Ниссан потрал” машины жолооч Э.Мөнхнаран нарыг 24-ний 23:00 цагийн орчимд хуулийнхан саатуулсан юм. Жолооч нарт Эрүүгийн хуулийн 27.10-ын 4.2 буюу Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан зүйл ангиар буруутгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар жолооч Э.Мөнхнаранг хориогүй гэгдэж байна. Өөрөөр хэлбэл, 24-ний 22:00 цагийн орчимд жолооч Н.Рэнцэндоржийг 48 цагийн хугацаатай саатуулах прокурорын тогтоол шүүхэд ирж, шийдвэрлэжээ. Харин Э.Мөнхнарантай холбоотой саналыг прокурорын байгууллагаас гаргаагүй бололтой.

Зарим хуульчдын зүгээс жолоочийг уг хэрэгт шууд буруутган цагдан хорьсон нь үндэслэлгүй гэж үзэж байв. Тиймээс 48 цагийн хугацаа дууссаны дараа чөлөөлөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байлаа.

Б.ЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт гал түймрийн гурван дуудлага бүртгэгдэж, алба хаагчид аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөр хохирохоос сэргийлэн, гэр орон сууцныхаа яндан, пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, засаж сэлбэх, ашиглах боломжгүй болсон яндан зуухыг солих, түлшийг хэтрүүлэхгүй байх, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна гэж НОБГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗТХЯ: Долоон аймаг 44 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбоно DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Тухайлбал 2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая.тонн ачаа тээвэрлэнэ. Агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ.

Мөн БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн агаарын хөлгийн тоог дөрвөөр нэмэгдүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадал, үйлчилгээг сайжруулна.

Төмөр замаар 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнбаян боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1,826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.

Автотээврийн салбарт, 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулна. БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Хавирга, Булган боомтын ачаа тээврийн терминалын барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж, зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулна.

Авто замын салбарт, долоон аймаг 44 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, үүнээс 802 км хатуу хучилттай авто зам, 284 км авто замыг у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

 

Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Яам

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хүрэлбаатар: “Японы тагнуул”, “Сэхээтний төөрөгдөл” гэсэн шошго зүүж, хэлмэгдүүлдэг байсан тогтолцоо авлига гэдэг халхавчаар буцаад ирж байна DNN.mn

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга байсан Б.Шинэбаатар, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж шүүхээс 2-4 жилийн хорих ял оноосон билээ. ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож буй Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Та Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэв үү. Ямар учраас давж заалдаж байгаа юм бэ?

-Хөгжлийн банкны захирлаар 2013-2016 онд ажиллаж байсан Н.Мөнхбатад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сард хянан хэлэлцсэн.

Энэ хурлаар прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн гурван хэргийг хэлэлцээд дөрвөн жилийн хорих ял оноосон. Шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн хангалттай үндэслэлүүд байгаа учраас хэргийн оролцогчид, тэдний өмгөөлөгчид Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаад байна.

-Түүнийг ямар гурван хэрэгт холбогдуулан шалгасан билээ?

-“Арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршиж байсан Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийг эргүүлэн татсан. “Мон Лаа” ХХК-ийн хэрэгжүүлж байсан Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн санхүүжилтэд зориулж, ТЭЗҮ-ийг эцсийн байдлаар авах гэсэн нөхцөлийг хангагдаагүй байхад зээл олгож, “Мон Лаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Энхсайханд давуу байдал олгосон. “Худалдаа хөгжлийн банкны төв байрнаас Хөгжлийн банканд 3240 мкв талбай бүхий ажлын байр, автомашины зогсоол зэргийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан” гэж прокуророос буруутгасан юм. Эндээс “Хадгаламжийн мөнгөн хөрөнгийг эргүүлэн татсан” гэх үйлдлийг нь албан тушаалаа урвуулсан гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин нөгөө хоёр хэрэгт нь Н.Мөнхбатыг дөрвөн жилийн хорих ялаар шийтгэхээр тогтоол гаргаад байна.

-Шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн хангалттай үндэслэл байгаа гэж та дээр хэллээ. Үүнийгээ дэлгэрүүлэхгүй юу?

-Шүүх бол хуульд захирагдаж, хараат бусаар шийдвэр гаргах ёстой. Гэтэл тэгж чадсангүй. Улс төрийн нөлөөллөөр асуудалд хандаж, олон нийтийн хүсэл таашаалд нийцүүлэх гэж хууль ёсыг зөрчлөө гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байгаа. 1937 онд “Японы тагнуул”, 1960-аад онд “Сэхээтний төөрөгдөл” гэсэн шошго зүүж, сонин хэвлэлээр олон нийтийн тархийг угааж байгаад гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдэг байсан тогтолцоо өнөөдрийн ардчилсан Монгол Улсад “Авлига” гэдэг халхавчаар буцаад ирж байна. Жинхэнэ хулгайч авлигачдаа намнах биш, ажлаа хийсэн гэмгүй хүмүүсээр “туг тахьж” эхэллээ гэсэн айдас төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцүүдийг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруугаар тайлбарлаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, илтэд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг зөрчиж шийдвэр гаргасан. Иймд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн Үндсэн хуулийн заалтыг сахин хэрэгжүүлж чадсангүй.

-“Мон-Лаа” компани зээлээ бүрэн төлсөн гээд байгаагүй бил үү?

-“Мон Лаа” компанид зээл олгосон гэж өнөөдрийг хүртэл буруутгадаг. Гэвч зээл өнөөдөр бүрэн төлөгдсөн, Хөгжлийн банканд бодитоор учирсан хохирол байдаггүй. Иргэний хуулийн дагуу Зээл өгсөн, авсан асуудлыг өнөөдөр нийгэмд аюултай гэмт үйлдэл болгож хувирган, авсан зээлийн дүнг гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол гэж тооцож хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Ийм үйл ажиллагаа Хөгжлийн банкаас хальж, арилжааны банкууд руу халдварлах юм бол зээл авсан, өгсөн хүмүүс, эрсдэлтэй зээлийн ангилалд орсон бүх зээл гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол болно. Бүх зээлдэгч, зээл олгох шийдвэр гаргасан албан тушаалтнууд гэмт хэрэгтэн болж хувирах юм.

-Тэгвэл Худалдаа хөгжлийн банкаас ажлын байр, автомашины зогсоол зэргийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-Худалдаа хөгжлийн банкаас байр худалдан авах үйл ажиллагаа Иргэний хуулийн дагуу явагдсан. Тэр худалдан авсан байр өнөөдөр үрэгдэж, үгүй болоогүй. Банкны стандарт шаардлага хангасан уг байранд есөн жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Уг байрны үнэ цэнэ өнөөдөр огт алдагдаагүй. Тухайн байршил дахь оффисын байрны метр квадратын үнэ өссөн нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаануудаас харагддаг юм. Олон улсын санхүүгийн байгууллагад Хөгжлийн банк 27.5 тэрбум төгрөгийн үнэ өртөгтэй гэж тайлан мэдээндээ тусгасаар ирсэн. Энэ нь банканд бодитой хохирол учруулаагүй байна гэж үзэх хуулийн үндэслэл болдог.

-Шүүх яг ямар хууль зөрчив?

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбатыг ажиллаж байсан 2013-2016 онд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байлаа. Н.Мөнхбатыг буруутгаж байгаа “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааны зарчмыг шүүх зөрчлөө. Жишээлбэл, иргэн Доржийн үйлдсэн гэмт үйлдэл 2002 оны хуулиар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байсан гэж бодъё. Тэгэхэд 2015-2022 онд ялыг нь удаа дараа өөрчлөх, нэмж хүндрүүлэх замаар, хүнд гэмт хэргийн ангилал руу оруулж байгаад 10 жилийн өмнөх Доржийн үйлдэлд заавал хорих ял өгдөг байх жишгийг шүүхийн практикт тогтоож эхэллээ гэсэн үг. Энэ бол ноцтой асуудал юм. Арван жилийн өмнө болоод өнгөрсөн Доржийн гэм буруутай үйлдэлд ял оногдуулдаггүй байсан бол түүнийг заавал шийтгэж, хорихын тулд уг заалтыг хууль тогтоох байгууллагад олонх болсон нам өнөөдөр хүссэнээрээ хүндрүүлж өөрчлөөд, заавал ял оногдуулдаг маш буруу жишиг тогтоохыг эрмэлзэж байна.

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийг эргэж сэргээгээд яллаж байна гэсэн үг үү?

-Улсын дээд шүүх Хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар тайлбар гаргасан. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг агуулгаар нь зөрчсөн байна гэсэн иргэдийн гомдолд үүссэн маргааныг Цэц их суудлын хуралдаанаар хянан хэлэлцэх процесс өнөөдөр явагдаж байгаа. Цэцийн эцсийн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байна. Ийм тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг түдгэлзүүлэх нь хуулийн үндэслэлтэй байна гэж үзээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 онд Н.Мөнхбат нарт холбогдох энэ хэргийг түдгэлзүүлсэн байсан юм.

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц дээр 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн

хууль, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбоотой заалтуудын алийг нь сонгож хэрэглэх нь зүйтэй вэ, аль нь Үндсэн хууль зөрчсөн байна вэ гэсэн маргаан үүссэн байгаа. Энэ маргаанд эцсийн цэг тавигдаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүн таслах ажиллагаа явуулж болохгүй юм байна гээд хэргийг түдгэлзүүлэх тухай шүүгч захирамжаа гарган, Цэцийн эцсийн шийдвэрийг хүлээж байсан юм. Гэтэл Хөгжлийн банкны 80 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан 2023 оны тавдугаар сард явагдаж байгаатай зэрэгцүүлэн хэрэгт шинээр орж ирсэн шүүгч гэнэт хууль бусаар энэ хэргийг сэргээсэн байсан.

-Та бүхэнд мэдэгдэлгүйгээр хэргийг сэргээчихэж байгаа юм уу?

-Уг нь хэргийг сэргээхийн тулд шүүхийн хэлэлцүүлэг хийж, улсын яллагч, хэргийн оролцогчид, тэдний өмгөөлөгчдийн санал, байр суурийг сонсох ёстой байсан юм. Гэтэл тэдэнд огт мэдэгдэлгүйгээр, шүүхийн хэлэлцүүлэг хийгээгүй, улсын яллагч, хэргийн оролцогч, тэдний өмгөөлөгчдийн хүсэлт, байр суурийг сонсоогүй. Шүүгч өөрөө шууд захирамж гаргаад түдгэлзээтэй байсан хэргийг сэргээсэн нь биднийг гайхаж цочирдоход хүргэсэн. Тэр ч бүү хэл шууд л шүүгдэгчдийн гэм буруугийн шүүх хуралдаан хийх товыг нь зарлаад бидэнд мэдэгдэж байлаа.

Хөгжлийн банкны 80 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан, шүүн таслах ажиллагаа давхацсан. Энэ хэргийн нэг оролцогч нь Н.Мөнхбат болон бусад хүмүүс шүүх хуралдаанд давхардаж оролцох нөхцөл боломжгүй байна гэх үндэслэлээр уг хурлын тов тухайн үедээ хойшлогдож байсан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4-т, ”Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ…” гэсэн заалт хүчин төгөлдөр байхад үүнийг шүүгч илтэд зөрчсөн. Түдгэлзээтэй байсан хэргийг сэргээж, улмаар шүүн таслах ажиллагаа явуулж, эрх зүйн байдлыг дордуулсан хуулиар ял оногдуулсан шийдвэр гаргасан учраас шүүхийн уг тогтоолыг ч хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй юм. Тиймээс Сүхбаатар дүүргийн Анхан шатны шүүхийн хууль зөрчиж гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянан үзэж, дээрх алдаануудыг засч залруулан, Н.Мөнхбатад холбогдох хэргийг хараат бусаар, гагцхүү хуульд захирагдаж, шударгаар шийдвэрлэн Шүүх эрх мэдлээ бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.

-Н.Мөнхбат гэдэг залуу сүүлийн арван жил шүүх, цагдаагаар явж байна. Түүний улс төрийн карьер нь ч дууслаа. Энэ нь ч дүүрчээ гэхэд гэр бүл нь яажшуухан амьдардаг юм бол?

-Иргэн хүн 10 жилийн турш хууль хяналтын байгууллагын хяналт доор амьдрах нь амар хялбар зүйл биш л дээ. Үүнийг биеэрээ туулж яваа, тэр хүн. Түүнтэй өдөр тутамд харилцаж, хэргийн бодит байдлыг оюун ухаанаар тунгаан бодож, сэтгэл зүрхээрээ мэдэрсэн өмгөөлөгч л ойлгодог юм билээ. Бодит бус, худал ташаа, хэтрүүлэгтэй мэдээлэл их явах тусам нийгмийн сэтгэл зүй түүнд хайрцаглагддаг юм байна. Худлыг үнэн, үнэнийг худал гэж хардаг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэнийг олж харахыг хүсэхээ больдог бололтой юм. Энэ хугацаанд Н.Мөнхбат гэмт хэрэг үйлдээгүй, хууль бус ямар нэг зүйл хийгээгүй гэдэг байр сууриа АТГ, прокурор, шүүхэд байнга илэрхийлсээр ирсэн. Бас хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байв. Биеийн болон сэтгэл санааны асар их дарамт туулж яваа, энэ залуу. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсныхаа төлөө 30 гаруй настайдаа хэрэгт холбогдож шалгагдаж байсан бол өнөөдөр 40 насны босгыг хэдүйнээ давжээ. Хууль бус зүйл хийгээгүй гэдэг байр суурь дээрээ өнөөдөр ч, ирээдүйд ч бат зогсоно гэдгээ тэр илэрхийлдэг.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Махчин динозаврын толгойн ясыг бусдад худалдан борлуулахыг завджээ DNN.mn

Эрүүгийн цагдаагийн албанаас “Э” нарын долоон иргэн хууль бусаар палеонтологийн хайгуул, малтлага хийж одоогоос 70 сая орчим жилийн өмнөх үед хамаарах махчин динозаврын төрөл Тарбозаврын толгойн ясыг хууль бусаар олж авч, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын иргэдэд худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан хууль бус үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд холбогдох этгээдүүдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, орон байранд хийсэн нэгжлэгээр 84 см х 112 см хэмжээтэй Тарбозаврын толгойн ясыг илрүүлэн хураан авч, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Архитектор Ц.Мэндбаяр: Газраа буруу олгосноос хот төлөвлөлт алдагдаж эхэлдэг DNN.mn

Хот төлөвлөлтийн зөвлөх архитектор Ц.Мэндбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн үед нийслэл хотод үүсч байгаа асуудал, осол аваар, иргэдийн эрх зөрчигдөж байгаа бүхэн хот төлөвлөлт рүү чиглэдэг болчихлоо. Тиймээс бид хот төлөвлөлт гэж юу вэ, яаж хийгдэх ёстойг анхаарах хэрэгтэй болжээ. Энэ тухай та товч тайлбарлаж өгвөл ямар вэ?

-Хот төлөвлөлт бол улс орон цаашид яаж хөгжих вэ гэдэг үндсэн гол стратеги төлөвлөгөөг боловсруулсны үндсэн дээр аймгуудыг бүсүүд болгоод хуваачихсан. Баруун, төвийн, зүүн бүс гэх мэтчилэн бий. Бүсүүдээс гадна аймгууд өөрсдөө тав, арван жилээр хөгжих стратеги төлөвлөгөө гарчихсан байдаг. Ер нь хүн амын хөгжил, тухайн орон нутгийн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай гэх мэт аль чиглэлээр хөгжиж байна вэ гэдэг бүх судалгаан дээр үндэслээд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгддэг юм. Аймгийн хэмжээнд эдийн засгийн хөгжлийн прогнозыг гаргана. Түүн дээрээ тулгуурласан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийдэг. Сумууд ч гэсэн тус тусдаа ийм байдлаар бэлддэг.

Ерөнхий төлөвлөгөө мэргэжлийн өндөр түвшинд хийгдэхээс гадна олон шат дамжлагаар орж батлагддаг эд. Тухайн орон нутгийн ИТХ, засаг захиргааны нэгжүүдээр орно, мэргэжлийн байгууллагуудын болон ард иргэдийн саналыг авна. Дээр нь мэргэжлийн болон хот төлөвлөлтийн норм нормативыг үндэслээд хот төлөвлөлтийн чиглэлээ гаргадаг. Цаашлаад мэргэжлийн зөвлөл, шинжлэх ухааны зөвлөл гэх мэт мэргэжлийн дээд байгууллагуудаар орж хянагдаж, маш олон шалгуураар дамжин гарч батлагддаг. Ингээд баталчихсан зүйлийг хэрэгжүүлэх процесс дээр манай засаг захиргааны нэгжүүд, бусад албад маш хангалтгүй ажилладаг.

Ерөөсөө газар олголтоос бүх алдаа эхэлдэг. Өөрөөр хэлбэл, ерөнхий төлөвлөгөөг баримтлалгүйгээр газар олголт хийгддэг. Уг нь ерөнхий төлөвлөгөөнд 1000 хүний суурьшлын бүс байгуулагдлаа гэж бодъё. Тэр хүмүүсийн цахилгааны болон дулааны даац, холбоо, цэвэр бохир ус бүх тооцоог хийгээд түүндээ тохирсон ногоон байгууламж, үер усны хамгаалалт зэрэг бүх арга хэмжээг ерөнхий төлөвлөгөөн дээр тусгаж төлөвлөнө. Угаасаа тэгж төлөвлөхгүй бол хяналт шалгалтуудаар давж батлагдана гэж байхгүй. Ингээд гараад ирчихсэн ерөнхий төлөвлөгөөг хамгийн эхлээд газар олголт дээр зөрчиж эхэлнэ. Манайхаас бусад оронд ерөнхий төлөвлөгөө батлагдлаа бол хууль. Үүнийг үндэслэж жижүүрийн ерөнхий төлөвлөгөө гэж хийгдэж явдаг.

-Жижүүрийн ерөнхий төлөвлөгөө гэдэг нь юу вэ?

-Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг, хоёрдугаар үе шат гэж бий. Үүний дагуу хөрөнгө оруулалт, газар олголтууд, барилгажилт бүгд түүн дээрээ тусгагддаг. Ингэхдээ яг тухайн үед заагдсан даац хэмжээ, нэг ёсондоо 1000 айл бол тэр тоогоороо л явах ёстой. Дээр нь гудамж замын өргөн, даацыг бодно. Замын улаан шугам гэж бий. Энэ нь замын тэнхлэгээсээ хоёр тийш барилга аль хүртэл баригдаж болох зай хэмжээг заах ёстой. Түүнээс дотогш барилга баривал дэд бүтэц татах зайгүй болно. Гэрэлтүүлэг, ногоон байгууламж байхгүй болж таарна. Тиймээс улаан шугамаа баримталж явах ёстой. Гэтэл манайхан газар олголт дээр улаан шугамаа зөрчдөг. Барилгажилтын даацаа зөрчдөг. Төлөвлөгдсөн хэм хэмжээг зөрчөөд, замбараагүй газар олгож явсаар ерөнхий төлөвлөгөөг үгүй хийчихдэг юм. Ийм зүйлээс болж л дараа дараагийн үр дагавар гарч ирдэг.

Хүмүүс бодохдоо ерөнхий төлөвлөгөө муу хийгдсэн гэж хараад байдаг. Үнэндээ ерөнхий төлөвлөгөө муу хийгдэх ямар ч боломжгүй. Муу төлөвлөгөө батлагддаггүй юм. Буцаад л байдаг. Тэгж тэгж “Энэ болох юм байна” гэсэн хэм хэмжээнд хүрч байж батлагддаг.

Бусад оронд жижүүрийн ерөнхий төлөвлөгөөг яс баримталдаг. Түүнийг ямар ч засаг захиргааны нэгж зөрчих эрхгүй. Жишээ нь, үйлчилгээний төв, эсвэл сургууль цэцэрлэг барихаар газар хүсээд ирлээ гэж үзье. Тэгэхэд “За чи энэ хүснэгтийг бөглө” гээд ерөнхий төлөвлөгөөнд заагдсан бүх зай хэмжээ, барилгын давхар, өнгө будаг, хүчин чадал тэр бүгдийг заасан хүснэгт өгчихдөг. Тэр хүснэгийг бөглөөд ирэхээр харахад ерөнхий төлөвлөгөөнөөс гажсан бүх зүйл тэнд зөвшөөрөгдөхгүй. Нэг л юм зөрчигдвөл “Зас. Таны газар олголт зөвшөөрөгдөхгүй” гээд буцаадаг. Гэтэл манайх мөнгөтэй компани, эсвэл танил талаараа, одоогийнхоор бол авлига хээл хахуулиар газар олгоод л, ерөнхий төлөвлөгөө, хэм хэмжээг алдагдуулж, улаан шугамаа зөрчөөд барилга байшин барьчихна. Дараа нь дулааны даац зөрнө. Цахилгаан, цэвэр, бохир ус бүгд зөрнө. Ингээд ирэхээр дахин төлөвлөлт гэж юм хийнэ. Ингэж эцэс төгсгөлгүй зангууны үлгэр шиг зөрчил гарч ирж байгаа юм.

-Хий тээвэрлэж явсан машин дэлбэрч, гал алдлаа. Галыг унтраах явцаас эхлээд стандарт, норм норматив зөрчигдсөн байгааг бүх нийтээрээ хэлэлцэж байна. Энэ зөв үү?

-Барилгын норм дүрэм зөрчсөнөөс гадна хот төлөвлөлтийн нормоо баримтлаагүйтэй холбоотой осол шүү дээ. Барилгаа улаан шугамын ард барих ёстой байтал зам руугаа шахаад барьчихсан байх жишээтэй. Тийм том хэмжээний урсгалтай зам дээр наанадаж 30-40 метрийн зайд барилгажилт явах ёстой шүү дээ. Газраа буруу олгохоос эхлээд даацаа хэтрүүлсэн харагдаж байна. Ийм зүйлсээс болж хатуу үр дагаврууд гарч ирж байгаа юм. Нэг ёсондоо энэ чинь маш том шийтгэл гэсэн үг.

-Хот цаашдаа өргөжин тэлнэ. Том хотод төлөвлөлт ямар байх ёстой вэ. Тэр дундаа онцгой байдал, эмнэлэг, цагдаа зэрэг хүн амын аюулгүй байдлыг хамгаалах онцгой албад ямар байх ёстой вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Энэ талын төлөвлөлт ямар байх ёстой вэ?

-Хот их, бага гэж ярих хэрэггүй. Ерөөсөө нягтрал гэж бий. Хүн амын нягтрал гэж хамгийн чухал анхаарах ёстой норм дүрэм бий. Үүнийг дэлхий нийтээрээ баримталдаг. Нягтрал хэтэрсэн тохиолдолд түгжрэл үүснэ, түүнээс үүдсэн бухимдал бий болно. Дээр нь бүх юмны даац хэтэрнэ гэсэн үг. Нягтралын норм дүрмийг баримталж хийгдсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу л хот өргөжин тэлж байх ёстой. Хотын төвдөө шаваад байх биш. Хэрэв нэмж барилга барих юм бол хотоосоо гадагшаа барина. Нягтралаараа хөөгдөөд гадагшаа дагуул хотууд болж хөгжих ёстой. Түүнээс биш хотынхоо төвд шаваад байна гэсэн үг биш.

Мөн авто замын даац, нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт бүгд ерөнхий төлөвлөгөөнд байх ёстой. Тэр хэмжээ алдагдсан учраас түгжрэл үүсээд, дараа дараагийн үр дагаврууд гарч ирээд байна. Тэр битгий хэл, хот төлөвлөхөд утаатай хэсэг нь салхиныхаа аль талд байх вэ. Утаагүй хэсэг нь яаж төлөвлөгдөх вэ гээд тусгагдчихсан байдаг. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд энэ бүхэн тусгагдсан гэсэн үг.

-Онцгой байдлын албад яаж төлөвлөгдөх талаар…?

-Замынхаа даац, орц, гарц бүхэн дээр бүгд бодогдох ёстой. Галын норм дүрэм гэж байгаа. Түүнийг сахиулж байж тэр хороолол галын газраас галын виз авна. Ерөнхий төлөвлөгөө хийгдлээ. Галын газраар орлоо. Тэнд төлөвлөгдсөн бүх зүйлийг шалгаад “За энэ болж байна” гэсэн нөхцөлд галынхан виз өгнө. Тэгтэл сая Дүнжингаравын орчимд гарсан галын үед гал команд очиход барилга нь намхан хүзүүвчтэй. Машин орж чадахгүй байсаар барилга нь шатлаа. Энэ бүхэн бүгд норм дүрмээ зөрчөөд барьчихсан байна. Газар олголтоос эхлээд барилга барьж байх явцдаа манайх дээрээсээ доошоо бүх зүйл нь буруу. Барилга байшин нь пундаметээсээ зөв байх юм бол дээшээ нурахгүй баригдана аа даа. Тэгтэл пундаметээсээ буруу баривал тэр байшин нурах нь тодорхой. Хот төлөвлөлт дээр суурь асуудлаа буруу шийдээд явчихсны үр дагавар.

-Шийдлийн тухайд та юу хэлэх вэ. Өнөөдөр нэгэнт нөхцөл байдал тодорхой болчихлоо. Засч залруулах боломж байна уу?

-Жишээ нь, галын цэг дээр онцгой байдлынхан очоод нэгд, газ тээвэрлэж явж байна гэдгийг мэддэг байх ёстой. Хоёрт, энэ тохиолдолд галынхан шууд халуун цэг рүү яваад орчихож болохгүй. Барилга нь хүзүүвчтэй, газ алдсан үед хүн очдоггүй. Дроноор гал унтраадаг болчихлоо шүү дээ. Хэрэв дронтой байсан бол түгжрэлд ч орохгүй. Хүзүүвчид ч баригдахгүй. Хүн ч эрсдэхгүй, даван туулах боломжтой байлаа. Дрон бараг нэг жийпний үнэ ч хүрэхгүй дээ. Тэгэхэд манайх жийп, автобус өчнөөнөөр нь авч төсөв завшиж байна шүү дээ. Ер нь толгой, төр засаг гэж байдаг бол ард түмнээ хуураад байх биш, хүнийхээ төлөө засаглах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 26, Сугар гариг. Билгийн тооллын 16, Үнэг одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 08:28 цагт мандан, 17:41 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна DNN.mn

 01-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -41…-46 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -33…-38 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн голын хөндийгөөр -28…-33 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -17…-22 градус, бусад нутгаар -23…-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18…-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -36…-38 градус, бусад хэсгээр -26…-28 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -33…-35 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

10