Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ногоон автобусны хэргээр 26 хүнийг яллагдагчаар татжээ DNN.mn

Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийж, хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжлэх арга хэмжээ авсан байна.

Хэрэгт одоо 2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий нэг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаад улсын дөрвөн иргэн яллагдагчаар татагдсан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сайнбаяр: Ашиг сонирхолтой хэдхэн нөхөр хуурамч шатахуун шахаж байгаа нь хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа хэлбэр DNN.mn

Шатахуун хэрэглэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, инженер Ц.Сайнбаяртай ярилцлаа.

-Өнөөдөр манайд найруулсан шатахуун хэрэглэж байна. Энэ нь хүүхдийн өвчлөл болоод тээврийн хэрэгслийн эд ангиуд эвдрэх үндсэн шалтгаан болсон гэх байр суурийг хүмүүс илэрхийлэх юм. Та мэргэжлийн хүний зүгээс энэ асуудалд ямар байр суурь хэлэх вэ?

-Найруулсан шатахуун маш их хорыг агаарт ялгаруулж байдаг. Найруулах гэдгийг энгийнээр тайлбарлавал, шатахууны агуулахуудад том торхнууд байдаг. Үүнийг та мэдэх байх.

Энэ том савны талаас илүү буюу 70 орчим хувьд нь оргинал дизелийн түлш хийчихдэг. Үлдсэн хувьд нь нафта, керосин зэрэг бүтээгдэхүүнүүдийг нэмээд хольчихдог. Ингээд том торхны ёроолд нь сэнс байдаг бөгөөд тухайн сэнсний оролцоотойгоор хольдог. Холиод л шууд шатахуун түгээх станцын нөөцийн сав руу зөөдөг. Шатахуун түгээх станцын нөөцийн саванд сэнс байхгүй шүү дээ. Хольсон шатахуун хөдөлгөөнгүй удахаараа хүнд нь металл нь дороо тунаад, хөнгөн металл нь дээшээ ялгараад гардаг. Ийм түлш хэрэглэсэн машины апартур хамгийн удаандаа хагас жил болоод л эвдэрдэг. Найруулсан шатахуун хэрэглэсэн машины эд анги ч удаан тэсэхгүй, байсхийгээд л доголдоод эхэлдэг.

Хотын булан тохой бүрд авто засвар бий болоод байгаа нь нэг талаараа найруулсан шатахуунтай холбоотой. Тэд өндөр ашиг орлоготой байгаа болохоор өдрөөс өдөрт өргөжин тэлж, нэмэгдсээр байгаа юм. Манайд хуучин машин түгээмэл орж ирдэг болохоор энэ бүр ч аюултай.

-Найруулсан шатахууны хор уршиг нь ямар шинж тэмдгээр гарч байна вэ?

-Хэдхэн жилийн өмнө замын хажууд талын цахилгааны шонгийн суурь нь тортог цохиод тас хар болчихдог байлаа. Шон ч гэлтгүй хашаа ч тэр харлачихдаг. Энэ нь төрийн өмчийн нийтийн тээврийн автобуснууд хамгийн муу шатахуун хэрэглэдэгтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл найруулсан, чанаргүй шатахуунаас хүнд металлууд ялгардаг. Энэ хүнд металлаар нь хүүхдүүд амьсгалаад явж байна. Замын хажуугаар алхахад л өмхий үнэртэж, хоолой хорсдог. Энэ нь мөн л шатахуун, түлшний чанартай холбоотой.

-Энэ талаараа бага зэрэг тодруулахгүй юу?

-Агаарыг асар ихээр бохирдуулж байна л даа. Өнөөдөр такси үйлчилгээнд явдаг жижиг оврын автомашинууд керосин хольсон хуурамч шатахууныг аваад хэрэглэж байгаа. Утаа гэхлээр л гэр хороолол руу дайрдаг. Гол аюул нь хуурамч шатахуун хольсон тээврийн хэрэгслээс гарч байгаа утаа шүү дээ. Үүнд хамгийн ихээр хордож байгаа нь бага насны хүүхдүүд. Тэд жилийн дөрвөн улиралд хүнд металлаар утуулаад явж байна. Ийм байхад хүүхэд эрүүл саруул өсөх ямар ч үндэслэл байхгүй. Үндэсний аюулгүй байдлын хүрээнд л яригдах асуудал. Эрүүл мэндэд ч, эдийн засагт ч хор хохиролтой. Хүнд металлаар утуулж яваа хүүхдүүдэд хэдэн жилийн дараа ямар өөрчлөлт гарахыг таах арга байхгүй. Согогтой хүүхдүүдээр хот дүүрэх аюултай. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх бол тэр хол үлдсэн. Шатахуун найруулдаг асуудал өөр хаана ч байхгүй. Манайд аль, аль шатандаа стандарт мөрддөггүй учраас л хог новшоо ийш нь шахаж байна.

-Та үүнийг ямар баримтад үндэслэж ярьж байна вэ?

-Мэргэжлийн байгуулла гууд нь шалгаад тогтоочихсон асуудал шүү дээ. Шатахуун импортлогч болон үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийхэд лабораторийн шинжилгээгээр хэд хэдэн үзүүлэлт шаардлага хангаагүй дүн мэдээ гарсан. Тухайлбал, зах зээлд буй шатахууны физик, химийн үзүүлэлтүүд давсан, шатахуунд агуулагдах хүхрийн хэмжээ стандарт хэмжээнээс илүү байсан. Энэ зөрчил дутагдалтай холбоотойгоор шатахуун үйлдвэрлэгч хоёр аж ахуйн нэгжид тус бүрд нь 10 сая төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авсан шүү дээ. Би санаанаасаа зохиогоод яриад байгаа юм биш. Мэргэжлийн хяналтын байгууллага нь тогтоочихоод байхад л асуудал Үндсэн хуулийн цэц дээр очоод ямар асуудал болсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Агаарын бохирдолтой тэмцэх газраас хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэнийг тогтоосон. Энэ нь автомашины шатахуунтай холбоотойг онцолсон шүү дээ.

-Манайд шатахууныг яг ийм технологиор найруулна гэсэн заалт байдаг биз дээ. Манайхан огт мөрдөхгүй явсаар энд ирсэн юм уу?

-Батлагдсан технологи гэдэг нь Монгол Улсын эрх бүхий төрийн байгууллагаас баталж өгсөн технологи байх ёстой. Шатахуун үйлдвэрлэх түүхий эд нь дизель түлшний хувьд керосин байдаг. Цэвэр керосиныг сүүлийн жилүүдэд дотоодын бодит хэрэглээнээс хэт давсан хэмжээгээр импортолсон нь нүдэнд ил байна. Эдгээр нь дизель түлш үйлдвэрлэгдэхэд ашиглагдаж байгаа нь хяналт шалгалтын явцад тогтоогдчихсон. Ийм байхад л хяналт шалгалт хийдэг улс нь таг дуугуй явж байна. Б.Пүрэвдорж тэргүүтэй хэдхэн гишүүд энэ талаар дуу хоолой болж ирсэн ч сүүлдээ чимээгүй болсон. Үүнийг хөндөж байгаа хүн ч алга. Нөгөө талд найруулсан шатахуун хэрэглэсэн жолооч эд хөрөнгөөрөө хохирч байна. Хамгийн харамсалтай нь хүүхдүүдийн эрүүл мэнд. Дээд шатандаа энэ шийдвэрийг эргэж харж, нааштай арга хэмжээ авах байх аа. Яг өнөөдөр бол ашиг сонирхолтой хэдхэн нөхөр лоббидож хууль батлуулаад нийгэмд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна шүү. Цаашид ийм байдлаар явж хэрхэвч болохгүй.

О.ДАШНЯМ

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчид энэ сарын 28-наас нэгдүгээр сарын 28-ныг дуустал амарна DNN.mn

Сурагчдын амралтыг наашлуулахаар болсныг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

Тэрбээр “ЕБС-ын сурагчид нэгдүгээр сарын 08-наас нэгдүгээр сарын 28 хүртэл амрах хуваарьтай байсан. Энэ сарын 29-нөөс эхлэн дөрөв хоног бүх нийтээрээ амрахаар байгаа. Үндсэндээ нэгдүгээр сарын 2-ноос дөрвөн өдөр хичээллээд бага, дунд ангийнхны хоёрдугаар улирлын амралт эхлэхээр байв. Үүнийг зохицуулж .

Гэхдээ цэцэрлэг ажиллана. Сурагчид амрах хугацаанд цэцэрлэгийн хүүхдүүд чөлөө авах боломжтой. Нийтээр нь амраах боломжгүй. Ахлах ангийнхны хичээлд гуравдугаар улирал эхлэхэд зохицуулалт хийнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Их Монгол засахуй ухаан нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцаав DNN.mn

Иргэн Б.Ганзоригоос Их Монгол засахуй ухаан нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Улсын Дээд Шүүх(УДШ)-д өгчээ.

Үүнийг УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Тус хуралдаанаас Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар уг өргөдлийг шаардлага хангаагүй гэж үзэн УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагчид суудлын хуваариа өнөөдрөөс эхлэн хэвлэж авна DNN.mn

2023 оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-д хамрагдахаар бүртгүүлсэн шалгуулагчид суудлын хуваариа өнөөдрөөс/2023.12.01/ эхлэн хэвлэж авах боломжтой боллоо.

Шалгалт өгөх байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авна.

Суудлын хуваарийг шалгалтад орохдоо авч очих юм байна.

ЭЕШ арванхоёрдугаар сарын 7-10-нд зохион байгуулагдах бөгөөд 5,645 шалгуулагч бүртгүүлжээ.

Тодруулбал арванхоёрдугаар сарын 7-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалт эхэлнэ. Шалгалт нийслэлийн зургаан байршилд явагдана.

Шалгалтын хуваарь:

Categories
мэдээ нийгэм

2024 оны Нийслэлийн орлогыг 1.9 их наяд, зарлагыг 1.1 их наяд төгрөгөөр баталжээ DNN.mn

НИТХ-ын ээлжит XX хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцуулав.

УИХ-аас нийслэлийн төсвийн суурь орлогыг 1.9 их наяд төгрөг, суурь зарлагыг 1.1 их наяд төгрөгөөр баталсан. Мөн 230.3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт татан төвлөрүүлэхээр, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 47.8 тэрбум төгрөг хуваарилахаар баталсан юм. Төсвийн төсөлтэй холбоотойгоор есөн дүүргийн 250 орчим иргэнийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахад иргэдээс 637 санал ирсэн. Эдгээр саналыг нийслэлийн санхүү, төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан төсвийн төсөлд тусгажээ.

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг дараах үндсэн чиглэл, бодлогыг баримталж боловсруулав. Үүнд:

  1. Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулна.
  2. Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг нэмэгдүүлнэ.
  3. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
  4. Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж дуусгаснаар нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Нийслэлийн 2024 оны төсөвт 2.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2023 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар өссөн дүнтэй байна.

Төсвийн төслийн тооцоогоор 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийг татварын орлогоор, үлдэх 6.9 хувь буюу 180.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн.

Нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд нийт зарлагын

  • 46.3 хувь буюу 1.1 их наяд төгрөгийг урсгал зардалд,
  • 40.3 хувь буюу 964.8 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд,
  • 3.6 хувь буюу 85.2 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд,
  • 0.3 хувь буюу 7.5 тэрбум төгрөгийг хоёр дүүргийн санхүүгийн дэмжлэгт,
  • 9.5 хувь буюу 230.3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Дүүргүүдийн суурь зарлагыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон төрөөс баримталж буй бодлогын хүрээнд хянаж, 2023 оны түвшнээс 45.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, 247.8 тэрбум төгрөг байхаар төсвийн төсөлд тусгасан. Мөн төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө нутгийн захиргааны 56 байгууллага болон иргэд, аж ахуй нэгжээс 3.4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний саналыг бичгээр болон цахим хэлбэрээр хүлээн авсан байна. Ирүүлсэн саналыг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж 983.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 214 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан юм.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлэн дөрөв хоног амарна DNN.mn

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” улс орны хэмжээнд бүх нийтээр амарч, баяр болгон тэмдэглэнэ гэж заасан.

Уг хуульд зааснаар 2023 оны арванхоёрдугаар сард: 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдөр нийтээр амарна. 29-ний өдөр баасан гарагт тохиож буй бөгөөд 12-р сард 29, 30, 31, нэгдүгээр сарын 1-нд бүх нийтээр үргэлжлүүлэн дөрөв хоног амарч, 2024 оны нэгдүгээр сарын 2-ны мягмар гарагт шинэ оны эхний ажлын өдөр болох байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний сонсгол ирэх долоо хоногт эхэлнэ DNN.mn

Урьдчилсан байдлаар Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар болсон билээ.

Тодруулбал, Нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-8-ны өдөр, хоёр дахь сонсголыг аравхоёрдугаар сарын 18-22-ны өдөр зохион байгуулахаар тогтсон.

УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хороо байгуулагдсан.

УИХ-ын гишүүн,  Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг тус хянан шалгах Түр хорооны даргаар томилсон.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 65 жолооч согтуугаар жолоо барьж, 112 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад өчигдөр нийт 1693 гомдол мэдээлэл иржээ. Зөрчлийн шинжтэй 1293, гэмт хэргийн шинжтэй 95 дуудлага ирсэн байна.

Түүнчлэн, гэр бүлийн хүчирхийллийн 58, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 тохиолдол бүртгэгджээ. Харин 112 хүн эрүүлжүүлэх байранд хоносон аж.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 21 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Дэлхий нийтээр “ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” өнөөдөр тохиож байна.

1988 онд ДЭМБ-аас “ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг гаргасан. Жил бүрийн 12 дугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилгоор тэмдэглэдэг юм.

Энэ жил манай улс “ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг “Олон нийтийн манлайллыг дэмжье” уриан дор тэмдэглэж байна.