Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьсан 55 зөрчил бүртгэгдэж, 122 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр нийт 1993 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1574, гэмт хэргийн шинжтэй 94 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 55, хүний биед халдсан 125, эрүүлжүүлэх байранд хоносон 122 тохиолдол гарчээ.

 

Categories
мэдээ улс-төр

Вьетнам улсаас жил бүр 30 мянган тонн цагаан будаа худалдаж авна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-д хийж буй Төрийн албан айлчлалын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 01-ий өдөр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгүен Хонг Диен нар “Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол Улс БНСВУ-аас жил бүр 30,000 тонн хүртэлх цагаан будааг тогтвортой худалдан авч, Монголын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Явганаас унаж, бэртэхээс сэргийлээрэй DNN.mn

Цас орж, халтиргаа гулгаа ихсэж байгаа тул иргэд, олон нийтийг анхаарал болгоомжтой зорчихыг ГССҮТ-өөс анхааруулжээ.

Мөн халтирч унахаас сэргийлж, бага зэрэг өвдгөө нугалан, урагш бөхийж алхах, резинэн ултай гутал өмсөх, зам гарахдаа гүйхгүй байх зэргийг зөвлөлөө.

Тохойн үеийг тэнийлгэж, гараа алдалж унахад бугуйн яс хугарч, шөрмөс сунаж тасрах аюултай тул гараараа тулж унахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Галт тэрэгний тасалбарыг өдөр, шөнийн аль ч цагт буцаах боломжтой DNN.mn

Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн галт тэргээр зорчигчдын цаг завыг хэмнэх үүднээс eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ тасалбар-UBTZ ticket” апплейкшинээр худалдан авсан тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломжтой боллоо. Ингэхдээ та тухайн галт тэрэг аялахаас 24 цагийн өмнө eticket.ubtz.mn веб сайтаар дамжуулан буцаах хүсэлт илгээх ёстой юм.

Цахим тасалбарын буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 21-242472 дугаарын утсаар аваарай.

Онлайнаар буцаалт хийхэд анхаарах зүйлс:

1. Та галт тэрэг хөдлөхөөс 24 цагийн өмнө тасалбар буцаах хүсэлт илгээх боломжтой.

2. Таны буцааж буй тасалбарын үнийн дүнгээс 10%-ийг суутган ажлын 5 хоногийн дотор тасалбар дээрх зорчигчийн дансанд шилжүүлэх болно. /Жич: Таны буцааж буй тасалбар дээрх ЗОРЧИГЧИЙН НЭР нь буцаах хүсэлт дээрх дансны дугаар, данс эзэмшигчийн НЭР-тэй таарч байх ёстой/.

3. Хэрэв та 24 цаг дотор тасалбар буцаах тохиолдолд 1900-1949 лавлах утсанд холбогдох эсхүл өөрт ойр байрлах тасалбар худалдаалах газарт хандана уу /өртөөнд/.

4. Та холбогдох утасны дугаараа зөв бичнэ үү /шаардлагатай тохиолдолд холбоо барих 2 утасны дугаарыг заавал бөглөнө үү/

5. Таны тасалбар буцаах хүсэлт хүлээгдэж байгаа төлөвт байгаа тохиолдолд уг хүсэлтийг зорчигч өөрөө цуцлах боломжтой. Хэрэв хүсэлт хянагдаж байгаа төлөвт байгаа тохиолдолд буцаах хүсэлтийг цуцлах боломжгүйг анхаарна уу.

6. Насанд хүрээгүй хүүхдийн тасалбарыг эцэг эх болон асран хамгаалагчийн хүсэлтээр буцаалт хийнэ. Төлбөрийг эцэг эх, асран хамгаалагчийн дансанд нь шилжүүлнэ.

7. Тасалбар буцаалттай холбоотой мэдээллээ алдаатай оруулах, тасалбарын дугаарыг андуурч буцаах хүсэлт илгээсэн тохиолдолд гарах үр дагаврыг хувь хүн өөрөө хариуцна. Иймд буцаалт хийх гэж буй тасалбараа мөн эсэхийг сайтар нягтлан шалгана уу.

8. Санамжийг уншиж танилцаагүйгээс үүсэх эрсдэлийг зорчигч өөрөө хариуцна.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үхрийн ястай мах томоохон худалдааны төвүүдэд жижиглэнгээр 11500-14000 төгрөгийн хооронд байна DNN.mn

Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ аравдугаар сарын 30-ны байдлаар өмнөх сараас 1.7 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Харин өмнөх долоо хоногоос 0.2 хувиар өсчээ.

Тодруулбал, хонины мах, бөөрөнхий сонгино, өндөгний үнэ өссөн бол цагаан будаа, төмсний үнэ бага зэрэг буурчээ. Үхрийн ястай мах томоохон худалдааны төвүүдэд жижиглэнгээр 11500-14000 төгрөгийн хооронд байгаа бол цул нь 14000-17000 төгрөгийн ханштай байна. Бөөний үнэ 10000-11000 төгрөг байгаа юм.

Тэгвэл лууван, манжин, байцаанаас гадна нарийн ногооны үнэ өмнөх сарынхаас бага зэрэг ҮСХ-ны дүнгээс харж болно.

Орон нутагт дээр дурдсан хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сарынхаас буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Бакалаврын оюутнуудад зориулсан Глобал UGRAD хөтөлбөр зарлагдлаа DNN.mn

АНУ-ын Элчин сайдын яамнаас ‪2024-2025‬ оны Бакалаврын оюутнуудад зориулсан Глобал UGRAD хөтөлбөрт өргөдлийн материал хүлээн авч эхэллээ.
Тус хөтөлбөр нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог.
Глобал ЮГРАД хөтөлбөрийг сонирхсон оюутнууд онлайн өргөдлийн материалаа 2023 оны 12 дугаар сарын 15 хүртэл өгөх боломжтой.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, онлайн өргөдлийн материалын холбоосыг Глобал ЮГРАД хөтөлбөрийн зарлал болон ЭСЯ-ны Facebook хуудсаар орж авна уу.

Global Undergraduate Exchange Program (Global UGRAD) буюу Глобал ЮГРАД хөтөлбөр нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус нэг семестрийн солилцоонд хамрагдах боломжийг олгодог.  АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчооноос хэрэгжүүлдэг тус хөтөлбөр ба өмнө нь ямар нэг байдлаар АНУ-д суралцаж байгаагүй оролцогчдыг элсүүлэхийг зорьдог. Амжилттай өргөдөл гаргагчид АНУ-ын нийгэм, соёл, эрдэм шинжилгээний байгууллагуудтай гүнзгий танилцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломжийг хүлээж болно.

Categories
мэдээ спорт

Монгол Улс даамын хоёр дэлхийн аваргатай боллоо DNN.mn

Польш улсад 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд Монголын хоёр тамирчин алтан медаль хүртлээ.

Тэмцээний 5-8 насны хөвгүүдийн ангилалд Нямбаярын Хангай, 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин нар арын өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, алтан медаль хүртэх нь тодорхой болов.

Б.Мөнхжингийн хувьд 2014 онд Эстонийн Таллинд болсон өсвөрийн ДАШТ-ий U-11 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бол залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны даамчин болж байна.

Тэрбээр энэ амжилтаараа олон улсын мастер цолны болзол хангаж байгаа юм.

Сонирхуулахад, Залуучуудын ДАШТ-ээс 2000 онд Насанбаярын Мөнхтуяа мөнгө, 2014 онд Цогтбаатарын Сүхбат хүрэл, 2015 онд Баатарсүхийн Мөнхжин хүрэл, 2019 онд Мөнхбаатарын Шийравжамц мөнгө, Баярын Мишээл хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаадын иргэд E-Mongolia-гаар үйлчлүүлж эхэллээ DNN.mn

Албаны болон хувийн зорилгоор Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд, жуулчид F-Register /бүртгэл/ ашиглан E-Mongolia-гаар өнөөдрөөс эхлэн үйлчлүүлж эхэллээ. F-Register гэдэг нь Монголд амьдран суугаа болон аялан жуулчилж буй иргэд улсынхаа код, төрсөн огноо, хүйс зэргээс бүрдсэн бүртгэлийн дугаар юм.

E-Mongolia-д Foreign цонх нээгдэж, гадаадын иргэдэд F-register-ийн тусламжтайгаар төрийн шаардагдах үйлчилгээг авах боломж нээгдлээ. Foreign цонхны онцлох хэсэг дэх бүх төрлийн виз мэдүүлэх, сунгах зэрэг мэдээлэл immigration.gov.mn-д линк хэлбэрээр шууд шилжих боломжтойгоор шийдлээ.

ЦХХХЯ, Гадаадын иргэн, харъяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, “И-Монгол академи” гадаадын иргэд Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх, аялан жуулчлахыг дэмжих, өөрөөр хэлбэл шинэ ажлын байр, цалин хөлс, татвар, төсвийн орлого нэмэхэд хөшүүрэг болох технологийн шийдлүүд боловсруулан ажиллаж байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


Гадаад улсын бүртгэлийн дугаарыг яаж авах вэ?

Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дараа бүртгэлд үндэслэн гадаадын иргэнд 13 оронтой регистрийн дугаар (F регистр) олгоно. Мөн гадаад паспортын зургаа support@immigration.gov.mn хаягаар илгээж, богино хугацаанд авах боломжтой. Зааврын дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшнээс F регистрийн дугаар авах үйлчилгээг ашиглах боломжтой. Гадаадын иргэн мэдээллээ үнэн зөв бөглөсөн бол орон зайн саадгүйгээр 13 оронтой F бүртгэлийн дугаараа шууд хүлээн авна.

Categories
мэдээ нийгэм

Цагаан даваанд осол гаргасан жолоочид таван жилийн хорих ял оноожээ DNN.mn

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Цагаан даваан орчимд 2020 оны долдугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон. Улмаар тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас таван автомашин, нэг мотоцикл шатаж, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, дөрвөн хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, найман хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл тус хэргийг аравдугаар сарын 30-ны өдөр шүүх хэлэлцээд осол гаргасан жолоочид таван жилийн хорих ял оноожээ.

Шүүх шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож долоон жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, долоон жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар хоёр жилийн хорих ялыг өршөөлд хамруулан, таван жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр;

Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгов.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Э компаниас гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ш компанийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэсэн тул Ш компаниас нэхэмжилсэн хохирол хор уршгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Ганзориг: Охиныг эсэн мэнд олно гэж бүрэн итгэж байсан DNN.mn

Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин бусдын гарт амиа алдсан хэрэг өнгөрсөн сарын 6-нд гарсан.

Охиныг эрэн сурвалжлах явцад орон нутагт камерын нэгдсэн хяналт, хүүхэд хамгаалал зэрэг олон чиглэлийн үйлчилгээ хангалтгүй байгааг нийтээрээ харцгаасан. Тэгвэл өнөөдөр энэ чиглэлд тус аймаг ажиллаж байгаа эсэх талаар аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Ганзоригтой ярилцлаа.


– Бага насны хүүхэд сураггүй алга болж, гурав хоногийн дараа амиа алдсан байдалтай олдсон хэрэг олон нийтийг цочроосон. Орон нутагт энэ төрлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажил хэрхэн хийгдэж байна вэ?

– Аймгийн ИТХ-аар Хүүхэд хамгааллын хөтөлбөр шинэчлэн батлагдаад байна.

Энэ хүрээнд “Намайг хамгаал-хамтдаа хамгаалъя” нөлөөллийн том аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж эхлээд байна. Бүх салбарт, бүх чиглэлд хөдөлж байна.

Ялангуяа ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТ, Анагаах ухааны коллежид нөлөөллийн сургалт мэдээллүүд хийгдэж эхэлсэн. Хүүхдийг гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр манай цагдаагийн байгууллагаас идэвхийлэн оролцож байгаа.

– Хяналтын камерын асуудал юу болсон бэ?

– Хяналтын камерыг иж бүрэн шинэчлэх ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэ ажил 2.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Саяхан болсон аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар төсөв санхүү нь бүрэн шийдэгдээд өнөөдөр /өчигдөр/ тендерээ зарлах гэж байна. Ажлын хэсэгт манай байгууллагаас төлөөлөл орон ажиллаж байгаа.

– Энэ төсвөөр камержуулалт аймгийн хэмжээнд бүрэн хийгдэж чадах уу?

– Бидний зүгээс эхний байдлаар хангалттай гэж үзэж байгаа. Гол нь цаашдын ашиглалт, шинэчлэлийг хаяж болохгүй. Үүн дээр жил бүр урсгал зардлыг аймгаас шийдвэрлээд явахаар болж байна. Энэ бол сайн тал шүү дээ.

– Цагдаагийн алба хаагчид бол бодит амьдрал дунд ажиллаж байгаа. Хүүхэд хамгаалалд хамгийн тулгамддаг асуудал таныхаар юу байх юм?

– Ерөөсөө ганц тулгамддаг асуудал бол эцэг эхийн хараа хяналт шүү дээ. Үүн дээр л толгой гашилж явдаг. Магадгүй саяын хэрэгт хараа хяналт сайн байсан бол гэх бодол төрж л байлаа. Нөгөө талаар хүүхэд хамгааллын асуудалд аюулгүй орчин, нөхцөл чухал.

– Багш, сургуулийн орчин хүүхэд хамгаалалд том хувь нэмэртэй гэдгийг харлаа. Талийгаач охины багш хоёр цагийн дотор ар гэрийнхэнд мэдэгдсэнээр эрэн хайх ажил эхэлж байсан. Та бүхэн энэ чиглэлд анхаарч байна уу?

– Тэгэлгүй яах вэ. Сургуулийн орчинд “Өсвөрийн сэргийлэгч” үйл ажиллагааг идэвхжүүлж байна.

Тухайн сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас хамгаалах зорилгоор өсвөрийн сэргийлэгчид үр дүнтэй. Нэг ёсондоо хүүхдүүдийн дундах цагдаа гэсэн үг.

Багш, сургуулийн ажилтнууд хүүхэд хамгааллыг хэрхэн анхаарах вэ, яаж ажиллах талаар сургалт хэлэлцүүлгүүд явагдаж байгаа. Манай аймагт идэвхтэн багш н.Мөнх-Эрдэнэ гээд залуу бий. Цагдаагийн байгууллагын зүгээс энэ багштай болон бусад сургуулийн багш нартай хамтран ажиллаж байна.

Мэдээж эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ авч байгаа. Эцэг эхчүүд маань өглөө ажилдаа яваад орой ядарсан хүмүүс ирээд л амарцгаадаг. Хүүхдүүдээ сонсдоггүй. Гэвч өнөөдрийн бидний амьдрал, нөхцөл байдал ямар ч үед хүүхдүүдээ сонсохыг, анхаарал тавихыг шаардаж байна. Хүүхдүүдтэйгээ түлхүү ярилцах хэрэгтэй болж байна. Энэ чиглэлд сургалт мэдээллийг эцэг эхчүүд, зөвлөлүүдэд өгч байна.

– Такси үйлчилгээг хяналттай болгож чадсан уу?

– Аймгийн Авто тээврийн төв, UBcab-тай хамтраад такси үйлчилгээг бүртгэлжүүлэх ажил эхэлсэн. Одоогоор такси үйлчилгээнд явдаг 200 орчим тээврийн хэрэгслийг бүртгэлд оруулаад байна. Орон нутаг дотор таксинд явдаг жолооч нарыг UBcab-д нэгтгэсэн. Ингэснээр найдвартай баталгаатай таксинд суух, суусан тохиолдолд хүүхдийн мэдээлэл эцэг эхийн гар утсанд ирдэг байдлаар зохицуулж байна. Такси үйлчилгээний таних тэмдэггүй машин үйлчилгээнд явахыг хориглож байна.

Үүнээс гадна бүх сургуулийн орчинд утасгүй интернэт байрлуулсан. Хүүхдүүд фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд орох боломжгүй. Зөвхөн тэндээс мэдээлэл авах, ар гэрийнх нь эцэг эх нь хүүхдээ хаана яваа байршлыг хянах боломжтой. Энэ ажил нэлээд үр дүнтэй байгаа.

– Талийгаач охиныг эрэн сурвалжилсан гурав хоног ар гэрийнхний хувьд ч, нийгэмд хүнд цаг хугацаа байсан. Газар дээр нь ажиллаж байсан цагдаагийн алба хаагчдад ч хүнд туссан байх. Эрлийн ажиллагааг зогсоож байгаа таны мэдэгдлээс л харагдаж байсан. Нийгэмд юуг анхааруулмаар байв?

– Сэтгэл маш их эмзэглэсэн. Би өөрөө гурван охинтой хүн. Талийгаач охиныг амьд олно гэсэн бүрэн итгэлтэй байсан. Мэдээж тодорхой хэмжээний хохирол амсах нь гарцаагүй. Гэхдээ л амьд олдоно гэж итгэж байсан. Маш харамсалтай явдал болсон.

Хүүхдийг зөвхөн хүүхдийн байгууллага, цагдаа анхаарна гэхээс илүү ард түмэн, нийт хүмүүс хүүхдэдээ анхаарах цаг болсон байна гэдгийг л сайн захимаар байна. Нийгэм өөр болсон. Түүнийг дагаад хүүхдийн сэтгэхүй хүртэл өөр. Тиймээс хүүхдийнхээ үгийг сонс. Тэдэнтэй ярилц. Хаана юу хийж явааг, тэд юу сонирхдогийг, гар утсанд нь ямар мэдээлэл байдаг зэргийг эцэг эхчүүд мэддэг байх хэрэгтэй. Ингэж байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм. Үүнийг л анхаараач гэж захья даа.